Адам Смит хоёр чухал ном бичсэний нэг нь “Үндэстний баялаг” (The Wealth of Nations) хэмээх бүтээл бөгөөд тэр нь 1776 онд хэвлэгджээ. Тэрбээр энэхүү бүтээлдээ хэрхэн “үл үзэгдэх гар” компаниудыг залж байдаг тухай, компаний эзэд олох ашигаа аль болох ихэсгэхийн төлөө зөвхөн хүмүүст хэрэгтэй бараа, үйлчилгээг хийдэг тухай, зах зээл нь эцэстээ эдийн засгийн баялаг бий болгодог тухай тайлбарласан байдаг. Нөгөө нэг ном нь дээрхээс 17 жилийн өмнө бичигдсэн бүтээл бөгөөд ” Ёс суртахуунтай холбоотой сэтгэл хөдлөлийн онол” (The Theory of Moral Sentiments) нэртэй аж. Энэхүү бүтээлдээ тодорхой ёс суртахууны норм, хэм хэмжээ аливаа нийгэмд байдаг тухай, тэр нь эдийн засгийн аливаа шийдвэр гаргахад хувь хүмүүсийн дотор амин хувиа хичээх үү, аль эсвэл бусдыг бодохуу, өнөөдрийн төлөө юу, аль эсвэл ирээдүйн төлөө юу, ойворгон байх уу аль эсвэл хариуцлагатай байх уу, бүр хялбарчилбал тэнэгтэх үү аль эсвэл ухаалаг байх уу гэсэн зөрчил бий болгодог тухай юм.
Эдийн засаг дахь хүмүүний зан араншинтай холбоотой энэ асуудал өнгөрсөн 250 жилд үе үе асуудал болон дуншсаар Behavioral Economics буюу Зан төлөв, зан араншингийн эдийн засаг гэдэг бие даасан шинжлэх ухааны салбар бий болжээ.
Энэхүү бие даасан эдийн засгийн ухаан нь олон орны хөгжлийн бодлого тодорхойлоход бодит хувь нэмэр болж, хүмүүсийн хадгалах зан төлөвийг хөхүүлэн тэтгэврийн санг зөв чиглэлд хөгжүүлэхэд тус болж, хямрал бэрхшээлийн үед компаниуд бусдын зовлонгоор ашиг хийдэггүй байх үйл хөдлөлийн хэм хэмжээг тогтооход тус болж байна.
Адам Смитын үлдээсэн оюуны оньсогыг тайлж өгснийх нь төлөө америкийн эдийн засагч Ричард Тэйлерт Шведийн хаан 2017 оны Нобелийн шагналыг гардууллаа.