БАЯНЖАРГАЛЫН ЦОГТГЭРЭЛ
ҮНДСЭН ХУУЛИЙН ТҮГЭЭМЭЛ БА ҮНДЭСНИЙ ОНЦЛОГТ ЗОХИЦУУЛАЛТ
Дэлхийн улс бүхэн өөр өөрийн хөгжлийн арга замыг хайж даяаршилд өөрсдийн өнгө төрхтэйгээр зохицохыг чармайж байгаа юм. Ийм хөгжлийн суурь тулгуураа улс үндэснийхээ онцлог, аж ахуй амьдралын хэв маяг, соёл, хүн ардынхаа ёс заншил, шүтлэг хөгжлийн түвшин, түүхэн уламжлал зэрэгтэй холбох хандлага давамгай байна.
Миний бие та бүхэнд толилуулах илтгэлдээ үндсэн хуулиар үндэстэн төрөө бэхжүүлэх үүднээс зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай суурь зарчмууд болоод харилцаануудын талаар өгүүлж, манай улсын үндсэн хуулинд огт тусгалаа олоогүй эсхүл хангалттай зохицуулж амжаагүй, шийдлээ хүлээж буй асуудлуудад чиглүүлж, зарим ойлголтуудыг тодруулахыг хичээлээ. Дэлхийн улс бүрийн Үндсэн хуулинд ордог төрийн байгууламж, хүний эрх, шүүх засаглал, Үндсэн хуулийн хяналт зэрэг суурь зарчмууд байдаг. Мөн Үндэсний уриа, тэмүүлэл, билэгдэл, шүтлэг бишрэл, сүлд, далбаа, засаглалын онцлог, байгалийн баялаг, газар, өмчийн харилцаа, мөнгө, зээл, төсөв, гэр бүл зэргээ өөрийн онцлогт нийцүүлэн хуульчилсан үндэсний онцлогтой зохицуулалтууд байна. Манай Үндсэн хуулинд чухамдаа ийм үндэсний зохицуулалт, амин сүнс дутагдаж байгаа юм.
Нэг. 1992 оны Үндсэн хуулийн 26 жилд нийгэм, эдийн засаг, хүмүүсийн амьжиргаа, байгал орчны тэнцвэртэй, зохист хөгжлийг хангаж чадсангүй. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллаа баталгаажуулж чадах эдийн засгийн баталгаа бүрдсэнгүй.
Нийгэмд хамгийн олон ажлын байр бий болгож, жижиг дунд үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг цогцоор хөгжүүлэх чадвартай, монголын үндэсний онцлог харьцангуй давуу талыг шингээсэн хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрүүд, эдийн засгийн бодит секторуудын хөгжил туйлын хангалтгүй байгаа юм.
Боловсрол, эрүүл мэндийн салбарууд хүн амын өсөлт, нягтрал, нийгмийн хөгжлөө гүйцэхгүй байгаа бөгөөд үндэсний хэмжээний урлаг, соёлын цогцолборууд, музей үзмэрийн газрууд баригдсангүй.
Олон арван жилийн өмнө төлөвлөж байсан цахилгаан станц, төмөрлөг, зэс хайлуулах, газрын тос боловсруулах үйлдвэрүүд, төмөр зам, чөлөөт бүсийн бүтээн байгуулалтууд царцаад байна.
Энэ бүхэн нь үндсэн хуулинд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтворгүй болгодог 20, 25.5, 25.6, 27.6, 29.1, 30.1, 39.2 зэрэг заалтуудаас үүдэж байгаа нь тодорхой бөгөөд Засгийн газар 15 удаа солигдож, бүтэц, бүрэлдэхүүн, боловсон хүчин, бодлогын хувьд тогтворгүй явж ирсэний шууд үр дагавар юм. Үндсэн хууль нийгмээ хөгжүүлэх баримт бичиг болж чадаагүй бөгөөд Хөгжүүлэгч төрийг бүтээх чадваргүй байгаа юм. Хөгжүүлж чадахгүй төрд Нураах шид хурдаг тухай АНУ-ын Калифорнын их сургуулийн эрдэмтэн Чалмер Жонсон, Польшийн Пол Баран, Шведийн Гуннар Мурдал, Кембриджийн солонгос доктор Чанг Ха Жүүн нарын Хөгжүүлэгч төрийн онол, практикийн судалгаанууд байдаг.
Хоёр. Манайд үйл явц, өрнөлийг дотооддоо болон хөрш орнууд, бүс нутаг, дэлхийн хэмжээнд судалдаг, харьцуулж, дүгнэлт хийдэг, бодлого стратеги гаргадаг судалгааны болон гүйцэтгэх хөгжлийн хөтөч байгууллага байхгүй, цөөн бүр судлаач байвч тэдний ажлыг анхаардаг, сонсдог, ажил хэрэг болгодог чадамж Монгол төрд алга бөгөөд 2 жил хүрэхгүй настай засагт тийм боломж байхгүй юм.
Азид хурдтай хөгжлөөрөө гайхагдаж ирсэн орнуудын судалгаа, бодлого стратегийг Хөгжлийн хөтөч байгууллагууд нь гаргаж, түүнийгээ тогтвортой мөрдүүлж ирсэн байна. Үүнийг дараахь Business government and leadership consensus
- Japan MITI
- Singapore Ministry of Trade
- Korea Economic Planning Board, Ministry of Finance and the Economy
- Taiwan Council of Economic Planning and Development and Industrial Structure Bureau in the Ministry of Economic Affairs
- Malaysia Economic Planning Unit in the Prime Minister’s cabinet
жишгээс харж болно.
Хөгжлийн хөтөч байгууллагуудын бодлого нь тогтвортой байхын тулд чадварлаг, боловсон хүчин, албан хаагчид маш чухал байсан бөгөөд сургалт, мэргэшүүлэлт, дадлагжуулалтыг тогтмол хийж хөгжүүлж, насан туршид нь зүтгүүлж байж үр шимийг нь хүртдэг байна.
Харин манайд сонгуулийг ардчилсан аргаар явуулахын чухлыг мэдэрч байснаас бус аль муухайгаа дэлгэлцэж, айл хотоороо талцан хэрэлдсээр, эцэстээ оюунлаг хэсэг нь хоёр фронтод хуваагдаж, 25 жил тамираа бартал тэмцэлдэхыг хэн ч мэдээгүй.
Гурав. ЭДИЙН ЗАСАГ
Монгол улсын үндсэн хуулинд УИХ нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого боловсруулж, Засгийн газар хэрэгжүүлэх тухай маш ерөнхий 3-4 заалтаар эдийн засгийн үүргийг тодорхойлсон байдаг. Гэтэл олон орны үндсэн хуулиар тухайн улсынхаа санхүү, төсөв, хөрөнгө оруулалт, эдийн засгийн суурь салбаруудаа хэрхэн хөгжүүлэх, монополыг хянах, Төв банкуудын үүрэг, гадаад зээл, зүй ёсны нийтийн баялаг болох байгалийн баялагийн удирдлага, гадаад худалдаа, тусгай сангуудын зохион байгуулалт зэргийг хуульчилсан байдаг. БНСУ, бүлэг IX. Эдийн засгийн бүлгийн 119-р зүйл
- Орлогыг зохистой хувиарлах, зах зээлийн давуу эрхээс болон эдийн засгийн хүчтэй давуу байдал бий болохоос урьдчилан сэргийлэх, Үндэсний эдийн засгийг тогтвортой, тэнцвэртэй өсөлтөөр хангах зорилгоор төрийн зохицуулалт хийнэ.
123-р зүйлийн 1. Хөдөө аж ахуй, загасчилалыг дэмжин хамгаалахын тулд, аж ахуй эрхлэх, загасчилах иргэдэд дэмжлэг үзүүлэн, уг салбарт цогц хөгжлийн бодлого хэрэгжүүлнэ.
125-р зүйл. Төр нь гадаад худалдааг дэмжин зохицуулалт хийнэ.
Герман: 104-115-р зүйл : Санхүү, төсөв, татвар, эдийн засгийн монопол, автомашины татвар, зээл, төсвийн хяналт
Финлянд: Төсөв, зээл
Ботсван улс: Бүлэг 8: Нэгдсэн сан
Сингапур: Хөгжлийн сан, Төсөв
Өмнөд Африк: 25-р зүйл: Нийтийн болон үндэсний эрх ашгийн үүднээс хувийн газар, байгалийн баялгийг нөхөн олговортойгоор хураан авч болно.
Венесуел: 301-р зүйл: Төр хувийн хэвшил болон үндэсний эрх ашгийн үүднээс гадаад худалдааг төр хяналтандаа байлгана. Нефть болон стратегийн үйлдвэрлэл төрийн хянал танд байна.
Гондурас: 328-р зүйл: Улсын нийгэм эдийн засгийн урт, дунд хугацааны төлөвлөлтийг батална. Энэ төлөвлөлтийн хэрэгжилтийг чадварлаг төрөөр хангана
БНХАУ: 7-р зүйл: Улсын өмч нь бүх ард түмний өмчлөл дахь социалист үндсэний эдийн засгийн хөдөлгөгч хүч юм. 14-р зүйл: Улсаас хуримтал, хэрэглээний зохист харилцааг нийтийн, хувийн болон улсын эрх ашгийг өсөн нэмэгдэж буй үйлдвэр лэлтэй уялдуулан нийт ард түмний ахуйн болон соёлын амьдралыг дээшлүүлнэ
Иран улс 6. Хэрэглээ, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ, хувиарлалт зэрэг эдийн засагтай холбоотой үрэлгэн байдлыг хориглох; 8. Улс орны эдийн засгийн байдалд гадаадын эдийн засаг давамгайлахаас урьдчилан сэргийлэх; 44-р бүлэг: Исламын Бүгд Найрамдах Иран улсын ЭЗ нь: Чанартай төлөвлөлт бүхий “Төр, хамтрал болон хувийн хэвшил” гэсэн баганат системд түшиглэнэ. Төрийн өмчийн мэдэлд: Томоохон хэмжээний анхдагч үйлдвэрлэл, гадаад худалдаа, томоохон ашигт малтмал, банк, даатгал, эрчим хүч үйлдвэрлэл, далан бүхий том хэмжээний усалгааны сүлжээ, радио телевиз, шуудан, цахилгаан холбооны үйлчилгээ, агаарын, усан замын болон авто тээвэр, авто зам, төмөр зам зэрэг багтах ба эдгээр нь бүх нийтийн өмч бөгөөд төр удирдана.
Хувийн сектор нь: хөдөө аж ахуй, мал аж ахуй, аж үйлдвэр, худалдаа үйлчилгээ гэх мэт улс орны эдийн засгийг болон хоршооллын секторыг хангах үйл ажиллагаа юм.
Тайван улс 13 бүлэг. Эдийн засаг
Дөрөв. Газар ба байгалийн баялгийн удирдлага, зохицуулалт.
Мөнхийн маргааны сэдэв, хэрүүлийн алим болсон газар, түүний хэвлий дэх баялагийн менежментийг ухаалгаар зохицуулж чадсанаар гадаад, дотоодын шуналыг хязгаарлаж, авилга, хууль бусын үүдийг хааж, ёс бусаар хөрөнгөжих зэрэг хортой хандлагуудыг арилгаж, баян хоосны ялгааг багасгаж, харьцангуй чинээлэг олонхийн давхаргыг бий болгох боломжтой нь Скандинав, Бенелюксийн орнууд болон шинэ тутам хөгжиж буй орнуудаас харж болно.
Дэлхийн түүхийг харвал, дайн байлдаан, тэмцэл, маргаан байдаг. Маргааны объект нь мөнхөд газар, байгалийн баялаг байсан, байх ч болно.
Үндэсний хөрөнгөтнүүд баялгийн нөөцийг хяналтандаа авахын тулд хэнийг ч худалдан авахад бэлэн байдаг бол, үндэстэн дамжсан корпорациуд хүнтэй нь, компанитай нь болохгүй бол төрийг нь ч худалдан авдаг.
Төр нь болохгүй бол улсыг нь самарна. Хуваан захирна.
Нийтийн баялгийн тухай, нийтийн өмчийн тухай ойлголт
Өмчгүй төр бол өлгөөтэй чийдэн мэт юм. Төр баян бол иргэд аюулгүй, эрсдэлгүй байна. Иргэд баян бол улс баян. Харин иргэн баян бол төрөө худалдаж авна. Ирланд, Норвеги, Канад, Бразил, Индонези, Малайз, Сингапур, Хятад, ОХУ гээд олон улс оронд чухамдаа байгалийн баялагт суурилсан томоохон компаниуд төрийн өмчит байдаг байна.
Энэ нь нэгд хүний хөдөлмөр, зүтгэлээр бий болоогүй тухайн улсын нийт ард түмний төдийгүй хойч үеийнхний өмч, амьдралын баталгаа гэж үздэг. Хоёрт улс төрийн болоод үндэсний тусгаар тогтнолд аюултай гэж үздэг учир хэсэг бүлэгт асар их хөрөнгийн төвлөрөл үүсэхээс сэргийлдэг. Гуравт үндэсний баялгийн тэгш хуваарилал, баян хоосны туйлшралыг багасгах, нийгмийн тэгш байдлыг хадгалах зорилгыг агуулдаг.
Төрийн өмчит компани нийгэмд хүртээмжтэй байдлаараа харьцуулашгүй ашиг тустай гэж үздэг. Манай жишээн дээр гэхэд Эрдэнэт үйлдвэр Монголын олон зуун компаниудтай хамтран ажиллаж, хөл дээр нь босгож, тэтгэж, тэжээж, улс төрийн лидерүүд, намуудыг, удирдлагынхаа нутаг усныхныг, монголын спорт, соёл, урлагийнханыг, Эрдэнэт хотыг олон арван жил тэжээж явна. Хэрвээ Эрдэнэт хэн нэгний хувийн өмч болсон бол тэр л гэр бүлийг тэжээж, улс төрийг худалдан авахад илүүтэй хөрөнгө зарцуулж, улсад төлдөг татвар нь багасч, ажилчдынх нь тоо цөөрч, гэр бүлд нь хамаагүй Эрдэнэт хот болон бусад тэжээдэг аж ахуй, байгууллагуудын крантыг хаах нь дамжиггүй юм.
Ирландын 1947 оны үндсэн хуулийн 10-р зүйл
- Олон нийтийн материаллаг нөөцийн эзэмшил ба хяналтын эрхийг хувь хүн болон бусад нийгмийн давхаргынхан нийтлэг эрх ашгийнхаа төлөө тэгшээр эдэлнэ.
- тухайлбал, Чөлөөт зах зээлийн өрсөлдөөн нь уг бизнесийг тэргүүлэгчдийн ашиг сонирхолд нийцүүлэх, чухал бараа түүхий эдийг хэдхэн хувь хүний хяналтад шийдэх ёсгүй. БНСУ 120-р зүйлийн 2. Газар, байгалийн баялгийг төр хамгаалж, тэнцвэртэй хөгжил, хувиарлалтын төлөвлөгөө гаргана.
ОХУ Газар байгалийн бусад баялаг нь тухайн нутаг дэвсгэр дэх амьдрал ахуйн суурь болохынхоо хувьд ОХУ-ын арчлал, хамгаалалтанд байна. Газ, нефть зэрэг стратегийн бүтээгдэхүүнээ гадаад, дотоод зах зээлийг маш нарийн төлөвлөлттэйгээр удирддаг.
Израйл 1958 (2013 шинэчилсэн найруулга) Гол хууль: израйлийн газар нутаг (1960)
- Өмчлөх эрх шилжүүлэхийг хориглох Израйлын газар өмчлөгч, израйлын төрийн газрыг эзэмшигч, хөгжлийн төрийн байгууллага болох- керен кейемет ле израйл нь газрын өмчлөл, эзэмшлээ зарахаар болон бусад зорилгоор шилжүүлэхийг хориглоно.
- тодорхойлолт Уг хуулинд, “газар” гэдэг нь, газар нутаг, барилга байшин гэх мэт газар дээр байгуулагдсан бүхий л зүйлийг хэлнэ.
Тайван улсын үндсэн хуулийн 143.2 Эдийн засгийн талаар. Ашигт малтмалын орд газар, байгалийн нөөц баялаг бүхий газар нь хувь хүний эзэмшилд байсан ч төр нь ард иргэдийн сайн сайхны төлөө, эдийн засагт хувь нэмэр оруулахын тулд, өөрийн өмчлөлд байлгана.
3. Хэрэв газрын үнэ цэнэ нь, төрийн капитал болсон хөдөлмөр ажил эрхлэлтийн нөлөөтэйгөөр өссөн бол энэхүү өсөлтөөс орлогын татвар оногдуулж, ард нийтийн ашиг болгоно.
Газар ба байгалийн баялгаа хэрхэн ашиглахаа үндсэн хуулиар зохицуулж эс чадаваас авилга, тэгш бус байдал, далд эдийн засаг, шударга бус байдал, гадны шуналын бай, эрх мэдлийн тэмцэл, баян ядуугийн ялгаа, байгаль орчны доройтол, лицензийн наймаагаар дамжсан гадны нөлөөлөл, хууль хяналтын байгууллагууд авилгад идэгдэх, мөнгөний өмнө хүчин мөхөсдөх, валютын гадагш урсгал \ казино, оффшор, хар тамхи, хууль бус наймаа улам цэцэглэж, аажмаар үндэсний тусгаар тогтнолд заналхийлнэ.
Ашигт малтмал дахь хувийн өмчлөл. Асар том ордтой гээд олон зуун сая, тэрбумаар доллар ярьсан залуус их болж, лиценз зарна гээд л явааг бид бүгд мэднэ. Нүүрсний, алтны, төмрийн бүх ордын мэдээлэл урд хөршид тоотой газар цугларч, бодлого гарч байгаа. Өөрсдөө хэрэглэж, өөр орон руу онгоцоор зөөхөөс бусад бүх тохиолдолд авах эсэх, зогсоохыг хүртэл худалдан авагч шийднэ. Төрийн маш өндөр төлөвлөлт, зохион байгуулалттай, зохицуулалттай зах зээлтэй манай хувийн компаниуд эн тэнцүү харилцах ямар ч боломжгүй юм. Хөрөнгө оруулалт, дэд бүтэц, зах зээл борлуулалт, үнэ, өртөг бүгдэд тэгш харилцаа үүсэхгүй. Том мөнгөний хаялага өрх гэр бүл, нэг компанид ашигтай мэт харагдавч, эдийн засгийн утгаараа нийгэмд хамгийн хохиролтойгоор хэрэгжинэ.
Бид хувь хүмүүсийн эзэмших, ашиглах эрхэд байгалийн баялаг олгосоноор нийгмээ эдийн засгийн хувьд асар ихээр хохироож, далд эдийн засаг, дагалдах олон сөрөг үр дагаврыг бий болгож, байгал орчноо сүйтгээд зогсохгүй орд эзэмшигч иргэдээ эрсдэлд оруулж байгааг анхаарч нийтийн баялагт хандах харилцааг үндсэн хуулиар зохицуулах асуудал дээр цаг алдаж болохгүй юм.
Чадварлаг хүмүүс, хувийн компанийн менежментийг төрийн өмчит компаниудад нэвтрүүлэх нь зарчмын хувьд тэс өөр бөгөөд дэмжүүстэй хандлага юм. Эм Си Эс, МАК, Дорнын говь менежмент хийж чадаж байна. Харин ордуудын ашиглах эрх, борлуулалтын орлого нийтийн сайн сайхны тусын тулд л зориулагдах учиртай.
Чухам ийм учраас хүн амаар цөөн, эрдэс баялаг арвинтай Ирланд, Финлянд зэрэг дэлхийн хамгийн чинээлэг иргэдтэй улс орнууд байгалийн баялагийг үндсэн хуулиараа зохицуулсан байдаг байна. Канадын МкГилл их сургуулийн дэргэдэх зохицуулалттай аж үйлдвэрийн судалгааны төвийн “Байгалийн нөөцийн үндсэн хуулийн зохицуулалт”, Үндсэн хууль ба байгалийн нөөцийн хамгаалалт Жамес Рэй, Күэнс их сургуулийн “Үндсэн хууль ба байгалийн баялгийн орлого” зэрэг судалгааны материал хангалтай байгаа билээ.
Тав. Манайд ардын хянан шалгах хороо шиг хяналтын тогтолцоо үгүй болоод удаж байна. Үндсэн хуулийн бүтцийн хяналтын хараат бус байгууллагагүйгээс аудитын ерөнхий газар бол ялсан намын бодлогын хяналтын нэгж болж хувирдаг. Хөрөнгө мөнгө зүй бусаар зарцуулах, ашиглах, шамшигдуулахаас урьдчилан сэргийлэх, хянаж, зааварлах, алдааг засаж залруулах үе шаттай хяналтын, давхар хяналтын тогтолцоо үгүйгээс төрийн байгууллага, төрийн өмчит компаниудад намын хамгаалалтын дор хяналтгүй идэж, уух, хөрөнгө завших явдал хавтгайрч эцэст нь цагдаа, АТГ, прокурорын байгууллагатай халз тулан дээлээ нөмрөх эсвэл олсноо хуваах сонин жигтэй харилцаа бий болоод байна. Үр дүнд нь төртэй холбоотой болгоны нэр хүнд навс унаж, хувьчлахын дон тусгаж байгаа нь хам шинж мөн.
ИРЛАНД 33-р зүйл: Хянан шалгагч, ерөнхий аудитор
БНСУ Үндсэн хуулийн 97-р зүйл: Аудит, хяналт шалгалтын зөвлөл
Ботсван 114-р зүйл: Ерөнхий хянагч
Финлянд 90-р зүйл, 91-Финляндын банк, 92-Төрийн өмч
Сингапур Ерөнхий аудитор
Тайвань 1947 бүлэг IX, 91-р зүйл: хяналт
Гондурас 368-371
Зургаа. Өрх гэр бүл – Төр улсын амин эрдэнэ
Олон үндэстнээс бүрдсэн цоохор иргэншилтэй улсад үндэсний эрх ашиг ярих боломжгүй байдаг учир “Хүний эрх” гэсэн үзэл санааг номлодог. Харин нэгдмэл үндэстэн хүний эрхэд түшиглэвэл нийгмээ задалж, цоохор болгодог. Хүний хийгээд улс, нийгмийн хөгжил нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс, тэдний дундаас төрөх хүүхэд дээр сууриладаг. Иймд байгалаасаа өрх гэр бүл анхдагч, Төр улсын амин эрдэнэ юм.
Бүрэн эрхт хүүхэд эхээс төрдөг ч
Бүгдээрээ тэгш чадвартай байдаггүй
“Айл”-ын нэүрит засагт адилхан захирагдавч
Авъяас нь ижилхэн болж хөгждөггүй
Авъяасанд нь тохирсон эрхийг
Айл дотор нь бүрэн эдлүүлтүгэй
Хаа явахыг иргүний ертөнц тэнгэр мэддүгэй
Хазгай явбаас “айл” хариуцтугай
Айл хариуцахгүй иргүнд үнэ байхгүй
Анд хариуцахгүй бол нөхөр байхгүй
Төр нь хариуцахгүй бол түүнд улс байхгүй
Засаг нь хариуцахгүй бол төрд үнэн байхгүй гэх зэргээр Хөх Монголыг төрөөр бадраах “Алтан дээд үнэний аялгууд” дурьдсан нь Монголчууд эрт дээр үеээсээ хүн ба улсын иргэн хоёрыг ялгаатай үзэж, хүмүүсээ иргэншүүлэх ажлыг гал, отог, аймагт нь хариуцуулж байсны тод жишээ юм.
Казакстан “Гэрлэлт ба гэр бүл, эх эцэг байх эрх, хүүхэд ахуй нас төрийн хамгаалалтанд байна.” Азербайжен Family and State (Art 17) гэсэн бүлэгтэй, Узбекстан 14-р бүлэг
Эцэг эх нь хүүхдүүдээ насанд хүртэл нь, хүүхдүүд ахмад настай эцэг эхээ асарна.
Ирландын Үндсэн хуулийн 41-р зүйл “1. 1. Төрөлхийн анхдагч, нийгмийн үндсэн бүлэг-нэгжийг гэр бүл гэх бөгөөд ёс суртахуун талаасаа, ямар ч аргаар булаагдашгүй, бүх эерэг хуулиас дээгүүр тавигдах эрх юм. 2.1. Тухайлбал, эмэгтэй хүн өөрийн гэр бүлдээ зориулсан амьдралаараа улс эх орондоо дэмжлэг болоход бидний сайн сайханд хүрэх нийтлэг зорилго биелнэ” гэж тус тусын үндсэн хуулинд заасан байна.
Долоо. Сонгууль
Сонгууль бол өөрчлөлт, шинэчлэлт. Харин хөгжил дэвшил байх баталгаа байхгүй. Өөрчлөлт, шинэчлэл урагшилдаг байхад ухардаг бас байна. Ийм учраас сонгуулийн циклийг холдуулж, тоог цөөрүүлэхэд анхаарах замаар болж, бүтэж байгаагаа аль болох удаан тогтвортой хадгалах, болохгүйг солих нөхцлийг бүрдүүлсэн байдлаар хуульчилахад анхаарах хэрэгтэйг бусад орны жишгээс харж болно. Хаант засгууд мөнхөд хадгалдаг бол хязгааргүй ардчилал мөнхөд бужигнаж, дээр дороо орж байдаг гэдгийг харгалзан хэмжээгүй эрхт Хаант, хязгааргүй ардчилал хоёрын жигнэсэн дундаж бол сайн засаглалд хүргэх зохист хувилбар гэж хандах нь зүйтэй болов уу.
- Ерөнхийлөгч, Парламентаа 4 жилээр сонгодог орнууд:
Молдав, Исланд, Нигери, Румын, Босни-герцеговина, Бразил, Гана, Эквадор, Гватемали, Доминикан, Гондурас, Коста-рика, Гвиней-биссау, Кирибати, Монгол
Эдгээр орноос зөвхөн Монгол, Кирибати арал хоёр л можаритар сонгуулиар парламент, ерөнхийлөгчөө 4 жил тутам сонгосон байдаг ба дээр дурьдсан ихэнх орнууд нь олон намын тогтолцоотой, намын засаглалтай байна.
- Ерөнхийлөгчөө 7 жилээр сонгодог орнууд:
Франц, Турк, Иемен, Узбекстан, Казакстан, Таджикстан, Ирланд харин Чили, Сингапур, Финлянд, Австри зэрэг орнууд 6 жилээр сонгодог байна.
Олон орны үндсэн хуулийг харьцуулан судалж, дүгнэлт, ажиглалт хийсний эцэст үндсэн хуулиа өөрчлөх шалтгаан хангалттай байна гэж үзэж, үр дүнтэй өөрчлөлт хийхийн тулд хүрч, болох үр дүнд суурилсан дараахь зорилгыг удирдлагаа болгох шаардлага гарч байна.
Нэг. Намчирхлыг саармагжуулах
- Сонгуулийг цөөлж, сонгуулийн цикл \орчил\, мөчлөгийг холдуулах, зөрүүлэх
- ОНӨУЁ-ны байгууллагын сонгуульд УТН оролцдоггүй болох
Хоёр. Засгийн газар тогтвортой ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэх
- Парламентийн бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох
- Засгийн газрын бүтцийг хуульчлах
Гурав.Эдийн засгийн бүлэг бий болгох
- Хөгжлийн хөтөч байгууллагыг үндсэн хуулиар бий болгох \ТЭЗХ, ҮХЯ, ҮХГ, ҮХШХ, ЭЗХЯ, ҮХГ\
- Үндсэн хуулинд эдийн засгийн бүлэг бий болгох \төсөв, том хөрөнгө оруулалт, төв банк, гадаадын зээл, газар, байгалийн баялаг\
Дөрөв. Төрийн албаны мэргэшсэн, чадварлаг, тогтвортой тогтолцоо бүрдүүлэх
- Үндэсний боловсон хүчний нэгдмэл тогтолцоо бий болгох
- Төрийн албаны зөвлөлийн даргыг Их Хурилдайгаас /бүх шатны ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдэх/ томилох
Тав. Хяналт шалгалтын үндсэн хуулийн институт байгуулах
- Хараат бус хяналт шалгалтын институтыг намын оролцоогүй, үндэсний Их хурилдайгаас /бүх шатны ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдэх/ байгуулах
Зургаа. Гэр бүлийн бүлэг бий болгож, иргэний үүргийн хэсэг нэмэлт өөрчлөлт оруулах
- Байгаль, дэлхийгээ хамгаалах
- Хөдөлмөрлөх, өрх гэрээ тэтгэх
- Өрхийн тэргүүний өрх гэрийн өмнө үүрэг хүлээх, өрхийн гишүүдийн өрх гэртээ болоод нийгмийн өмнө хүлээх үүргүүдийг хуульчилна.
Олон нийтэд нэг биш удаа ярьж хэлэлцүүлж ирсэн байр сууриудад түшиглэн дээрхийг толилууллаа.
Анхааралдаа авч болгооно уу.
Презентацийг дараахь линкээр үзнэ үү