Монголчуудад “Соёл иргэншил хоорондын мөргөлдөөн” номоор танил болсон нэгэн эрхэмийн “Эрүүл үндэсний үзэл” нэртэй нийтлэлийг одоогоос 10 гаруй жилийн өмнө орчуулж билээ. Өнөөгийн глобаль ертөнцөд болж байгаа үйл явдлыг тольдоход тус болохуйц хэмээн бодож чадан ядан монголчилсон хэрэг.
Уншсан хүн Монголд тийм ч олон биш байх. Сошиал хөгжиж уг орчуулгыг дахин монголчуудад хүргэх бололцоо бий болжээ.
Тэрбээр:
- “эрх чөлөө тэгш эрхээс илүү эрхэм”,
- “олонхийн засаглал тун найдваргүй, дарангуйлал болох магадлал өндөр”,
- “Хүний эрх гэдэг бол заяагдмал биш олж авдаг зүйл”,
- “хувь хүнд шашны мэдрэмж байдаг бол нийгэмд шашин нь суурь ач холбогдолтой”,
- “боловсрол консерватив зорилттой байх”,
- “шударга ёс хэн ч маргахгүй оршин байдаг” хэмээжээ.
Уг нийтлэл Танд шинэ шинэ бодол төрүүлэх болтугай.
Samuel P. Huntington . Robust nationalism. (1999)
Консерватив гадаад бодлого гэсэн тийм ойлголт байдаг уу? Хүйтэн дайны үед байсан, гэхдээ одоо бол “үгүй” гэж хариулах байх. Өөрсдийгөө консерватив гэх, өрөөл бусдад тэгж харагддаг хүмүүс олон улсын харилцаанд АНУ-ын гүйцэтгэх үүрэг роль болон зарим нэг гадаад бодлогын асуудлуудаар өөр өөр байр суурьтай байдаг. Тэдний ялгаа нь Америкийн консерватив сэтгэлгээнээс үүдэлтэй классик консерватизм (classic conservatism) болон доктринжсон консерватизм (doctrinal conservatism) гэсэн хоёл үзэлтэй холбоотой юм. Зарим түлхүүр ойлголтууд болон үнэт зүйлсүүдээрээ ихэнх консерваторууд ижилхэн байдаг бол тийм зүйл либералууд болон консерватив бус үзэлтнүүдын хооронд бараг байдаггүй. Чухамдаа энэ нь консерваторуудыг Америкийн ард түмний дийлэнхэд гайхалтай таалагдах, консерватив гадаад бодлогыг либерал альтернитивээс тод ялгаж чадах эрүүл үндэсний үзэл дээр нэгдэх суурь дэвсгэрийг бий болгож байна
Хөндөж байгаа сэдвийн хувилбарууд
Өнөө цагт дэлхий дээр улс төрийн гурван үндсэн үзэл суртал байна. Либерализм – чөлөөт зах зээл, хуулийн засаглал, цомхон Засгийн газар, амьд явах, эрх чөлөө, өмчтэй байх эрхийг хангах Жон Лок, Адам Смит, Томас Жефферсон, Иммануэль Кант, Жон Стюарт Милл болон бусад 18-19 дүгээр зууны Европ ба Америкийн сэтгэгчидтэй холбоотой яригддаг индивидуализмын үзэл суртал. Нийгмийн тулах хэсэг нь дунд анги, худалдаа, үйлдвэрлэл болон үйлдвэржиж буй нийгмийн хөрөнгөтнүүд байдаг. Социализм – Марксизмын аядуу чиглэл социал-демократ реформизмаас авахуулаад, хувьсгалч Ленинизм ба Маоизмын хатуу чиглэлийн онолуудыг багтаасан үзэл суртал. Тэдгээр онолуудын өөр хоорондын ялгаа нь нийгмийн өөрчлөлтийг ардчилсан хэлбэрээр бий болгох боломжууд, социалист төрд ардчиллын гүйцэтгэх үүрэг роль болон эдийн засагт төрөөс тавих хяналт өргөн байх талаар өөр өөр байр суурьтай байдаг боловч тэд маргахгүйгээр гол салбарууд төрийн мэдэлд байх, эдийн засаг, эдийн засгийн тэгш байдлыг хангахад төр томоохон үүрэг рольтой гэж үзэж нийгмийн тулах хэсгээ ядуу, пролетариат, тариачин гэж үздэг.
Тэгвэл классик консерватизмын либерализм болон социализмаас ялгаатай нь сайхан нийгмийг бий болгох зорилгод хөтлөгддөггүй. Үүний оронд хуучинтайгаа барьцалдуулж аливаа дэг журам, өөрчлөлтөд ерөнхийлөн ханддаг. Консерватизмын зорилго бол одоо оршин байгаа нийгмийн, эдийн засгийн ба улс төрийн соёл ба институциудыг “хадгалах, хамгаалах ба өмгөөлөх” явдал юм.
Консерваторууд, хэдий тийм боловч, байгаа дэг журамд даруухан өөрчлөлтүүд хийхийг дэмждэг ба үүгээрээ оршин тогтнож буй дэг журамаа хувьсгалч өөрчлөлт юмуу , уг дэг журмыг бүрэн сүйрэх аюулаас хамгаалж байдаг. Хөрөнгөтөн дунд ангийн либерализм ба ажилчин ангийн социализм бие биенээ эсэргүүцдэг боловч, “консерватизмын яг жинхэнэ эсрэг сэдэв” нь, энэ сэтгүүлийн редакторын бичсэнээр “либерализм юмуу социализм биш, харин өөрчлөлтөд хандах хандлагыг илэрхийлэх утгаар нь хамгийн сайн тодорхойлж болох радикализм юм”
Нэгэнт тогтсон дэг журманд бодит аюул занал бий болсон нөхцөлд л оюун санааны болон улс төрийн консерватив хөдөлгөөнүүд бий болдог. Энэ нь, тодорхой соёл эсвэл институцид үзүүлж буй тодорхой заналхийлэлд хариу үйлдэл болон илэрдэг болохоор, консерватизмын нэг тунхаглал нь нөгөө нэг тунхаглалтайгаа хамаарал багатай, эсвэл бүр огт хамааралгүй байж ч болдог. Иймээс консерватизмыг нөхцөл байдлаа харгалздаг үзэл суртал гэж болох юм. Эдмонд Бурке нь үүний анхны төлөөлөгч бөгөөд аюулд орсон институцийг ямар байхаас үл хамааран хамгаалах санааг илэрхийлдэг байв. Тухайлбал, Энэтхэг дахь Хинду институц, Францын монарх, Британий холимог Засгийн газар, Америкийн ардчилал зэрэг институцид заналхийлж буй аюулаас хамгаалах консерватист саналаа тасралтгүйгээр илэрхийлж байсан юм. Өөр хоорондоо ялгаатай системүүдэд заналхийлэх хүчин зүйл ялгаатай боловч түүнийг үл харгалзан хамгаалахын тулд тэрээр үргэлж адилхан аргументууд болон логикийг хэрэглэдэг байсан.
Барууны түүхийн янз бүрийн үеүүдэд консерватизм оюун санааны болон улс төрийн хөдөлгөөн хэлбэрээр өрнөж байсан байдаг. Арванзургаа болон арвандолдугаар зуунд Европт дундад зууны плюралист үзэл тархаж тэр нь хүрээгээ тэлж байсан Эзэнт гүрнүүдэд заналхийлэх болсон, 16 дугаар зууны сүүлчээр сүм төвтэй төрд Пуританизмын үзэл заналхийлэх болсон, 18 дугаар зууны сүүлчээр Францын хувьсгал, түүнтэй холбоотой бусад үйл явдал заналхийлэх болсон, 19 дүгээр зуунд Европт сонгуулийн эрхийн төлөө тэмцсэн дунд ангийнхан болон тухайн үеийн ажилчин ангийн хөдөлгөөн нь тогтсон дэг журамд заналхийлэх болсон байдаг.
Европ дахь классик консерватизм нь Францын хувьсгалд хариу үйлдэл болж бий болсон юм. Европт консерватизм нь язгууртнуудтай нэр холбогдолтой, тэдний баялагт тулгуурласан наад зах нь үйлдвэржилт болон ардчилалд үл итгэх үзэл, цаашилбал түүнийг эсэргүүцэх үзэл санаа болсон юм. Хөрөнгөтний либериализм, шинээр төрж буй ажилчин ангийн социализмыг сөрсөн язгууртан анги Европын ихэнх оронд 20 дугаар зуун гартал хүчирхэг хүчин байлаа.
Одоо Европт газрын эзэд, язгууртнууд нүдэнд үзэгдэхгүй болсон боловч либерал индивидуализм болон өрсөлдөөнт капитализмыг эсэргүүцсэн тэдний уламжлалт консерватизмын элементүүд одоог хүртэл үргэлжилсээр байдаг. Уламжлалт консерватизм ба түүний орчин үеийн үр нахиа нь үндсэндээ Британий Консерватив Намд 1970-аад оны Тэтчерийн хувьсгал хүртэл ноёлж байсан.
Нөгөө талаар Америкийн Нэгдсэн Улсад угаас язгууртнууд байгаагүй нь, чөлөөт газар нутаг элбэг хийгээд түргэн шаламгай хөрөнгөтнүүд, худалдаачид нь консерватизмын энэхүү уламжлалт хэлбэрийг Америкийн түүхэнд хамгийн бага үр дагавартай байлгасан байдаг. Түүний нэг тод жишээ нь Өмнөдийн “ер бусын институц” -ийг хамгаалах тухай Жон К.Калхун, Жорж Фитчхью ба Жорж Фредерик Холмс зэрэг хүмүүсийн хэлж ярьж байсан үзэл санаа юм. Консерватизмын ерөнхий том санааг Америкийг үндэслэгч эцгүүд хэмээн нэрлэгддэг Адамс, Мэдисон ба Хамилтоны улс төрийн сэтгэлгээнээс харж болно. Хэдийгээр тэд тусгаар тогтнолын төлөө тулалдсан хувьсгалчид байсан ч, хаана ч байхгүй шинэ улс төрийн дэг журмыг тогтоосон ч гэсэн тэдэнд консерватизмын үндсэн санаа агуулагдаж байсан байдаг. Хуучин колони байсан орнуудад төвлөрсөн хяналт тавих, тэдэнд юуг эрх чөлөө гэж ойлгох вэ гэдгийг заах гэсэн Британы Засгийн газрын хувьсгалт оролдлогыг эсэргүүцснээрээ тэд олон талаар консерваторууд байсан төдийгүй өөрсдийгөө ч тэгж үзэж байсан юм. Тэднийг Европын консерваторууд тухайлбал, Бурке, Генц нар ч консерваторууд гэж үзэж байв.
Америк тусгаар тогтнолоо олсноос хойших зуун тавин жилд Өмнөдийн боолчлолтой холбоотой эсэргүүцлийг эс тооцвол Америкийн институцид том аюул занал байсангүй. Иймд классик консерватизм Америкийн улс төрд бараг хэрэглэгдсэнгүй.
Америкт консерватизм гэж нэрлэгддэг зүйл маш өөр ойлголт байдаг. Энэ нь либерализмын консерватив хэлбэр бөгөөд ардчилсан буюу нийтийн либерализмын эсрэг байдаг. Түүнд олон нэр хаяг зүүдэг байсан. Тухайлбал, Луис Хартц түүнийг “Whiggery” ( Британыг эсэргүүцэх санаа агуулсан) гэж нэрлэж байсан бол Оросын нэг судлаач түүнийг “зах зээлийн консерватизм” хэмээж байв. Гэвч докторинжсон консерватизм гэвэл магадгүй илүү зөв байх.
Ийм консерватизм нь чөлөөт худалдаа ба аж үйлдвэр, laissez-faire капитализм, хувийн бизнес санаачилгыг хөхүүлж, засгийн оролцоог бага байлгахтай холбоотой үзэл юм. Түүхэн талаасаа энэхүү үзэл санаа нь бизнесмэн, хөрөнгөтөн, өмчлөгчдийн эрх ашгийг ядуу ангийн ашиг сонирхолд сөргүүлэн тавьсан үзэл мөн юм. Европт энэхүү үзлийг либерализм гэж ойлгодог ба үүнийг санаачлагчид нь либерал намууд байдаг байв. Гэтэл Америкт доктринжсон консерватизм нь Хамилтонизм, Иргэний дайны дараа “Шинэ Виггери”, хамгийн сүүлд 1970-аад болон 1980-аад онд неоконсерватизм үзэлд биелэлээ олсон байдаг.
Доктринжсон консерватизм суурь үзлээрээ классик консерватизмаас ялгаатай байдаг. Классик консерватизм нь хоосон санаанд баригдахгүй, сууриар нь юмыг өөрчлөх хөтөлбөргүй байдаг. Тэгвэл доктринжсон консерватизм нь хүрэх эрхэм зорилготой бөгөөд түүнийг Гертруд Химмелфарб “консерватив хувьсгал” гэж байх нь, тэр нь мангар ухаантай зүйл болж таарлаа гэсэн байдаг.
Консерватизмын хоёр урсгал либерализмд өөр өөрөөр ханддаг. Уламжлалт, язгууртны консерватизм нь либерализмыг эрс эсэргүүцдэг. Гэвч Европт ялагдсан, Америкт амьдрах бололцоогүй байсан. Классик консерватизм нь тогтсон дэг журамд заналхийлэх нөхцөлд либериализмыг эсэргүүцдэг боловч нэгэнт буй институц болон либерал үнэт зүйлсийг хамгаалдаг.
Америкийн доктринжсон консерватизм нь Америкийн ардчилсан либерализмын ахан дүү бөгөөд хоёул Жон Локегийн хүүхдүүд юм. Доктринжсон консерватизм нь үргэлж өөрийн ахтайгаа зөрчилддөг боловч, өөрийгөө л үгүйсгэхгүй л юм бол өөрсдийнхөө нэгэн гарал үүслийг үгүйсгэж чадахгүй юм.
Хүйтэн дайн ба дараахь үе
Хүйтэн дайн нь консервативуудад зөөлөн, харин либералуудад хатуу хандсан юм. Америк гүрэн хязгааргүй их байгалийн баялагтай, өндөр технологи бүхий аварга цэргийн үйлдвэрлэлтэй, таван сая хүн бүхий арми, мянга мянган цөмийн зэвсэг, тив дамнан жагссан холбоотон ба дагуул улсуудтай, дэлхий даяар улс төрийн хөдөлгөөн болон өрнөсөн зуун зуун сая дэмжигчтэй, хүчтэй үзэл суртлаар зэвсэглэсэн супер хүчтэнтэй нүүр тулсан юм. Америкт аюул занал бий болсон энэ үед классик консерватизмд тэрхүү аюулын эсрэг бодлого болон арга хэрэгслүүдийг бодож төлөвлөх маш том даалгавар бий болсон юм. Коммунист үзэл суртал нь мөн доктринжсон консерватизм laisser faire үзлийн эсрэг туйл нь байсан юм. Энэ нөхцөлд үзэл суртал, үндэсний сонирхол нь хоёул давхцаж ЗХУ-ыг хазаарлах, коммунизмыг ялах нь цөөн хэдэн тэрс үзэлтнийг эс тооцвол Америкийн олон нийтийн ч, мөн классик болон доктринжсон консерватизмын том зорилго болсон байдаг.
Нөгөө талаар Америкийн либералууд коммунизмын муу муухайг хүлээн зөвшөөрч байсан хэрнээ коммунизмын тархалтыг дутуу үнэлж байснаараа Америкийн нийгэмд аюул учруулж байв. Тэд либерал гадаад бодлого явуулахыг шахаж, эдийн засгийн хөгжилд анхаарч тэгш бус байдлыг багасгах, дарангуйллыг устгах болон хүний эрхийг хамгаалах зэргийн чухлыг ярьдаг байсан. Тэгсэн хэдий ч, хүйтэн дайны ихэнх хугацаанд Бүгд Найрамдах Нам болон Ардчилсан намын Засаг захиргаа ярьж хэлж байгаа олон зорилтууд бүгд хууль ёсны боловч коммунизмыг хазаарлах нь тэргүүн зэргийн зорилго гэдэг дээр санал нэгдэж чадсан юм. Либерал зорилтуудыг зөвхөн Зөвлөлтийн эсрэг зорилготой нийцэж байвал хэрэгжүүлдэг байсны жишээ нь Дэвшлийн төлөөх Альянс-ын хэрэгжүүлсэн бодлого юм. Зөвлөлтийн аюул нэг талаас консерваторуудыг Америкийн либерал институцийг хамгаалагч нар болгосон бөгөөд нөгөө талаас Америкийн либералуудыг классик консерватизмын санааг илэрхийлэгч болгосон юм. Хүйтэн дайны эхэн үеийн гарамгай консерватив философич Райнхолд Ниебурыг либерал урсгалын төлөөлөгч Артур Шлезингер “тэр бол бид бүгдийн эцэг” гэж хэлсэн байдаг. “Америкийн либерализмын ололт амжилтыг хамгаалахын тулд 1957 онд би “Америкийн либералуудад консервативизмд шилжихээс өөр зам байхгүй. Ялангуяа тэдэнд өнөөдрийн Америкт консерватизмын үзэл суртлаас өөр зүйл алга” гэж хэлж байсан юм. Олон либералууд коммунизмын эсрэг консерватив бодлогыг дэмжиж байсан. Зарим либералууд, гэсэн хэдий ч, Америкийн хараахан төгс болоогүй либерал институцийг аварга мангасаас хамгаалахаас илүү “зүүн жигүүрээс эзлэгдэхээс” санаа зовдог байсан. Тэд Зөвлөлтийн коммунизмын либерал ололтуудыг эрж хайж, Зөвлөлт Холбоот Улс болон Чөлөөт Ертөнцийн хооронд үнэт зүйлсийн болон сонирхлын зөрчилдөөн тийм сүрхий эд биш гэдэг байв. Тийм либералууд ил далдаар ЗХУ-ыг дагалдан баясагчид болж Хенри Уалласын либералууд болж алга болсон. Энэ нь өөрийн гэсэн философийн логиктэй юм. Ниебур 1953 онд бичихдээ “коммунизмын муу муухай нь орчин үеийн либерал соёлоос үүдэлтэй бөгөөд зарим либералуудын хувьд хийсэн нэг алдаа дараачийн алдаа руу амархан хөтөлдөг” гэж бичиж байлаа.
Хүйтэн дайн төгсгөл болсон нь гадаад бодлогын либерал зорилтуудыг Зөвлөлтийн аюулын эсрэг үндэсний аюулгүй байдлыг хангах хэрэгцээнд захируулах нөхцөл шаардлагыг үгүй хийсэн юм. Гадаад бодлого чөлөөтэй болсноор либералууд өөрийн зорилтуудыг дэлхийд хэрэгжүүлэхээр урагш явах боломжтой болсон. Тэдний зорилтууд хэвлэл мэдээлэл болон элит группуудын анхаарлыг ихээр татаж тэдний дэмжлэгийг авч байв. Дээр нь нэмж хэлэхэд Америкийн Нэгдсэн Улс цор ганц суперхүчтэн болсноор либералуудад өөрсдийн бодлогоо хурдан дэлгэрүүлэх боломжийг нээжээ. Үүний үр дүнд “Хүрээгээ тэлэх” (Enlargement), “хүмүүнлэгийн оролцоо” (humanitarian intervention), “гадаад бодлого бол нийгмийн ажил” (foreign policy as social work) хэмээх ойлголтууд бий болов.
Харин хүйтэн дайн төгсгөл болсон нь консерваторуудыг сандаргаж эхэлсэн юм. Тэднийг нэгтгэж байсан зорилго үгүй болсон байлаа. Либералууд урт хугацааны либерал зорилгуудаа сурталчлан наагуур цаагуур гүйлдэж байхад консерваторууд консерватив зорилтуудаа ч тодорхойлж чадахгүй сууцгааж байв. Америкийн нийгэм болон институцид заналхийлсэн ямар нэгэн томоохон харагдахуйц гадаад аюул занал байхгүй байсан нь рациональ эсвэл классик консерватизмын ач холбогдлыг багасгасан юм.
1970 болон 1980-аад оны үед Неоконсерватизм доктринжсон консерватизмын шинэ хэлбэрээр бий болж тэр нь тэр үеийн консерватив сэтгэлгээний гол хэлбэр болов. Үүний оюун санааны загалмайлсан эцэг нь Мильтон Фрийдман, түгээн таниулагч нь Ирвин Кристол, харин улс төрийн бодит биелэл нь Рональд Рейган байсан юм. Нэгэнт Хүйтэн Дайн дууссан учир гадаад бодлогын тал дээр неоконсерватив болон классик консерватив байр суурийн хооронд нилээн том зөрүү байсан ба ихэнхдээ неоконсерватив хандлага нь либералуудтай давхцаж байв. Зөвлөлтийн Холбоот Улс задарсан нь неоконсерваторуудад үзэл бодлын ахан дүүсээ нэгтгэж өөрсдийн төсөөлж буй сайхан ертөнцийг бий болгоход бүх хичээл чармайлтаа дайчлах боломжийг нээсэн.
Неоконсерватизм ба классик консерватизмын ялгаа нь 1998 онд Херитэйж сангийн консерватив гадаад бодлого болон үндэсний аюулгүй байдлын экспертүүдийн судалгаагаар харагдсан юм. Судалгаанд хамрагдагсдын 50 гаруй хувь нь өөрсдийгөө “консерватист” гэж үзэж байхад дөнгөж 20 хувь нь өөрсдийгөө “неоконсерватист” гэсэн байв. Неоконсерватистууд хүний эрхийг Америкийн гадаад бодлогын тулгын чулуу гэж үзэж, гадаад орнуудад эдийн засгийн туслалцаа үзүүлэхийг дэмжиж, эдийн засгийн хориг арга хэмжээ авахыг үр дүнтэй гэж тооцож, энхийг сахиулах нь АНУ-ын цэргийн эрхэм зорилго болгож, Босни дахь АНУ-ын цэргийн байх хугацааг сунгахыг эсэргүүцээгүй юм. Эдгээр бүх асуудлууд дээр тэд нар ихэнх либералуудтай тодорхой ойлголцож харин өөрсдийгөө консерватив гэж үздэг экспертүүдтэй санал бодлын хувьд нилээн зөрчилдөж байв. Цагаачлал нь классик болон доктринжсон консерватизмын хооронд тавигддаг маргаантай нэг асуудал юм. Мөн неоконсерваторууд консерваторуудтай харьцуулбал АНУ-ын цэргийн хүч дэндүү багассан ба батлан хамгаалах зардал дэндүү бага байна гэдэгт төдийлөн итгэдэггүй.
Либералуудын нэгэн адил неоконсерваторууд Америкийн хүч чадлыг Америк мөрөөдлийг дэлхийд дэлгэрүүлэхэд ашиглахыг хүсдэг. Гэхдээ тэд либералуудын мөрөөдлөөс арай өөр элементүүдийг тодруулж хэлдэг ба энэ ялгаа нь Бүгд Найрамдахчуудын ба Ардчилсан намын салбар Ардчиллын төлөөх Үндэсний Тусламж байгууллагын гадаадад явуулж буй үйл ажиллагаанаас харагддаг юм. Бүгд найрамдахчууд зах зээл болон хувийн хэвшлийг дэмжихэд, Ардчилсан намын сан нь ардчилал болон сонгуулийг дэмжихэд ач холбогдол өгдөг. Неоконсерваторууд АНУ-ын үүргийг дэлхийн цагдаа гэж үздэг байхад либералууд дэлхийн нийгмийн ажилтан гэж тодотгохыг хүсдэг. Гэхдээ, классик консерватизм нь сайн сайхныг гэртээ хамгаалахыг чухалчилдаг бол неоконсерватууд, либералууд нь АНУ-ыг дэлхийд сайн сайхныг бий болгох эрхэм зорилготой гэж үздэг. Ийм маягаар, классик консерватизм нь өөрийн оршин тогтнох утгаа алдаж, харин неоконсерватизм нь либерализмтай “глобаль мелиоризм”-ыг (global meliorism, орч. “Америкийн мөрөөдлөөр хөгжихөд бусад улсуудад туслах үйл хэрэг”) дэлгэрүүлэхийн тулд нэгдсэнээс Консерватизмын цаг нь өнгөрсөн мэт харагдаж байлаа.
Консерватив зарчим?
Үзэл бодол хэрхэн өрнөсөн болон консерваторууд гадаад бодлогоор хэрхэн ялгагддаг талаар дээр өгүүлсэн билээ. Өөрсдийгөө консерватор гэдэг хүмүүс ингэж хэлэхдээ зөвхөн нэр төдий нэгдэлтэй л юм. Гэхдээ консерватор болон неоконсерваторууд либералуудаас эсвэл консерватив бус үзэлтнүүдээс ялгагдах нэгдмэл хандлага, зүйлтэй байж магадгүй. Тэд аливаа бодлогын асуудлаар тов тодорхой байр суурь барихгүйгээр яг л Марксизмын хүрээнд большевик, меньшивик, тройцкистүүд, каутцкистүүд, бернштейнчүүд маргалддаг шиг асуудлын хүрээ хязгаар тогтоож маргалдах зарчимтай байж болох юм.
Консерваторуудад ямар нийтлэг зүйл байж болох вэ? Энэ талаар “Америк дахь консерватизм” номондоо Клинтон Росситер онцгой анхаарал хандуулсан байдаг. Тэрбээр Консерватизм гэдэгт классик консерватизмыг, Америк консерватизм гэдэгт доктринжсон консерватизмыг агуулж тэдний хооронд ялгаа зааг байдаг ч тэд дараах асуудлаар нэг зарчимтай байдаг гэжээ. Үүнд: “эрх чөлөө тэгш эрхээс илүү эрхэм”, “олонхийн засаглал тун найдваргүй, дарангуйлал болох магадлал өндөр”, “Хүний эрх гэдэг бол заяагдмал биш олж авдаг зүйл”, “хувь хүнд шашны мэдрэмж байдаг бол нийгэмд шашин нь суурь ач холбогдолтой”, “боловсрол консерватив зорилттой байх”, “шударга ёс хэн ч маргахгүй оршин байдаг зарчим” гэжээ.
Цааш нь Росситер бичихдээ америкийн доктринжсон консерваторууд классик консерваторуудын “хүн сайнтай муутай”, “хүн байгалиасаа тэгш байх бололцоогүй”, “нийгэм анги давхрагад хуваагдах нь зайлшгүй хийгээд хэрэгцээтэй”, “төрийн эрх мэдлийг задлах нь аль болох хүсэх зүйл”, “эрх, үүрэг болон эрх чөлөө, хариуцлагыг тэнцвэржүүлэх”, “институц, үнэлэмж, зан заншил уламжлагдаж байх нь тун ач холбогдолтой”, “төр хууль ёсны байх, шударга байх, хүчтэй байх, хүндэтгэл хүлээсэн байх, үндсэн хуулиа сахих үзэлтэй байх, цомхон байх” гэсэн зарчмуудыг хүлээн зөвшөөрөх ёстой гэжээ.
Энэ бол үнэхээр консерватив зарчмуудыг сайн тодорхойлж өгсөн тодорхойлолт юм. Америкийн нийгэм дэх консерватизм болон либериализмын ялгаа зааг, маргаанд оролцохгүйгээр консерватив сэтгэлгээний бурханд итгэх итгэл, хүний мөн чанарыг таних үзэл, үндэстэндээ үнэнч байх 3 шинж тэмдэгийг чухалчлан хэлмээр байгаа юм.
Консерватизм шашнаас үүдэлтэй байдаг бол либериализм тийм байдаггүй. Хэдийгээр зарим либералууд шүтлэгтэй ч ихэнхдээ шашингүй үзэлтэн, агностик байдаг. Гэтэл консерваторууд сүмийн гишүүн мөн эсэх, эсвэл мөргөл үйлддэг, эс үйлддэг гэдгээс үл хамааран шашинд итгэхгүйгээр консерватив байж чадахгүй. Дийлэнхдээ консерваторууд бурханд итгэгч байдаг. Америкчууд жижиг боловч чухал ач холбогдол бүхий жүүд цөөнхтэй ч үлэмж дийлэнхдээ Христэд итгэгч ард түмэн. Тиймээс америкийн консерватизмын Бурхан нь хуучин ба шинэ гэрээний Бурхан юм. Орчин үеийн Америкт шашны итгэл үнэмшил ба консерватизм гар гараасаа барилцан шашингүй үзэл, релятивизм ба либерализмын эсрэг тэмцэж байна. Консерватизмд хүн гэдэг бол бүх зүйлийн хэмжигдэхүүн биш. Хүнээс гадуур Дээд оршихуй, дээд хууль, байгалийн юмуу тэнгэрлэг зүйл бий. Түүнийг үгүйсгэвэл хүний хүсэл зориг ёс суртахууны анархи чиглэл тийш уруудаж эрх мэдэл, хүч чадлаа буруугаар ашиглах болно. Т.С.Элиот 1940 онд “Хэрвээ чи Бурханд итгэдэггүй бол өөрийн итгэлээ Гитлер юмуу Сталинд өгөх хэрэгтэй болно” гэсэн байдаг. Альтернатив, шашингүй хандлагаар авч үзвэл хүн бол бүх зүйлийг хэмжигч, бүтээгч болдог тул, нэгэнт өөрсдөө хийж чадаж л байвал нийгэм болон хувь хүмүүс өөрсдөд нь юу хэрэгтэй, юу хэрэггүйг, юу нь зөв, юу нь бурууг өөрсдөө шийдэх хэрэгтэй гэж маргадаг.
Шашин бол хүний мөн чанар ба хүн хоорондын харилцааны консерватив концепцын эх үүсвэр нь юм. Консерватив сэтгэлгээгээр авч үзвэл нэг талаас, хүн бол хайрлах, өгөөмөр байх, баатарлаг үйлс бүтээх болон өөрийгөө золиослох чадвартай, нөгөө талаас бас үзэн ядах, шунах, аймхай байх, атаархах, онгирох, хүсэл тачаалдаа автах, эрх мэдэлд шунах чадвартай. Нүгэлт хорвоо бодит болж, хүнд буг чөтгөр шүглэдэгээс л хойш Мэдисоны хэлдгээр, хүн гэдэг бол нэгэнт тэнгэрийн элч биш учраас Засгийн газар (бусад нийгмийн механизмууд) тэднийг хянаж байх ёстой, мөн тэд өөрийгөө хянаж байх ёстой. Консерватив өнцгөөр харвал, буг чөтгөрийг хазаарлаж, номхотгож болно, гэвч огт устгах боломжгүй. Харин консерватизмыг эсэргүүцэгчид хүн гэдэг бол ерөнхийдөө сайн, харин муу нь буруу институци болон бодлогын үр дүн гэх юмуу, хэрвээ хүн зөвхөн зөв институци, бодлогуудыг олж чадвал тэд дайн, гэмт хэрэг, ядуурал, тэгш бус байдал зэрэг чөтгөрийг устгаж чадна гэж үздэг.
Консерватизм гэдэг бол аливаа мөргөлдөөн, цуст хүчирхийлэл бүхий мөргөлдөөнийг хүний мөн чанараас үүдэлтэй, нийгэм, бүлэглэлд сонирхлын зөрчил бодиттой байна гэж үздэг үзэл юм. Ингэж үздэг нь харалган бодол, юмыг буруу ойлгосноос гарсан дүгнэлт биш хүний хувиа хичээх үзэл, эрх мэдэл, аюулгүй байдал, баялгийн төлөө тэмцэх хүний мөн чанараас үүдэлтэй. Хэдийгээр харилцан ашигтай байх бололцоо байдаг боловч бараг л бүхий л харилцаанд хэн нэг нь илүү хожиж, алдаж хэн нэг нь бага хожиж, алдсан байдаг. Харин консерватизмыг эсэргүүцэгчид хүн, бүлэглэлийн хооронд зохицолдлогоо бий, ялангуяа улс орнуудын харилцаанд зохицол байх ёстой аливаа мөргөлдөөн нь өөрийн “үнэнхүү” эрх ашгаа ойлгоогүй юмуу, бусадтай ойлголцож чадахгүйгээс болдог гэж үздэг. Либералууд аль аль талд нь орж зохицол олохыг эрмэлздэг. Консерваторууд аль аль нь ялалт байгуулах хүсэлтэй, түүнийгээ хэрэгжүүлэх оролдлого аль аль нь хийнэ гэдэгт итгэдэг. Либералууд хүмүүс өөр хоорондоо аль болох харилцаанд орсноор тэдний эрх ашиг шинэчлэгдэнэ гэж итгэдэг бол консерваторууд үүнд итгэдэггүй.
Либералууд өнөөгийн том мөргөлдөөн дуусвал дахиж тийм том мөргөлдөөн гарахгүй гэж боддог. Тийм хөөрцөглөл 1918, 1945, 1989 онд байж л байсан. Консерваторууд нэг мөргөлдөөн дууссан бол дараагийн мөргөлдөөны эх суурь тавигдаж эхэллээ гэж ойлгодог. Тэд Робин Фоксын хэлсэнчлэн дайн гэдэг бол санаа зовох өвчин биш, энэ бол хүмүүний ердийн мөн чанар гэдэг үгтэй санал нэгдэцгээдэг байна. Дайн бол бид хэн бэ гэдгээс биш, бид юу хийсэн бэ гэдгээс дэгддэг. Дайн бол яг л шашин, янханчлал шиг хүний сайн мууд хариу үйлдэл болж дэгддэг.
Гэтэл либералууд дайныг хүмүүний харилцааг, олон улсын худалдаа наймааг хөгжүүлж, зэвсэгт хяналт тавьж, цэргийн зардлыг бууруулж, НҮБ-ыг бэхжүүлж байж чөдөрлөж болно гэж үздэг.
Консерваторууд ертөнцийн мөн чанарыг ойлгосныхоо хувьд бурханд үнэнч байхын зэрэгцээ өөрийн улсдаа үнэнч байдаг. Түүнийгээ эх оронч үзэл хэмээнэ. Тэд өөрийн орондоо, соёл, үнэлэмждээ хамгийн үнэнч байдаг. Тэд ихэнх либералуудаас ялгаатай нь олон улсын байгууллагуудыг сайн гэхгүй, зөвхөн миний үндэстний сайн сайханд тус болж байна гэдгээр л үнэлж хэмждэг. Консерватив бус үзэлтнүүд үндэстнийхээ хэв шинж гэхээсээ илүүтэй уугуул, арьс өнгө, жендер гэх аль эсвэл доод эрэмбээр хэв шинжээ тодорхойлох гэж оролддог. Тийм хүмүүс олон улсын байгууллага, шүүх гэдгээр үндэсний сувернитетийг доош хийдэг. Либералууд Марта Нуссбомын хэлсэнчлэн “үндэсний бахархал” бол “ёс суртахууны хувьд аюултай” зүйл гээд патриотизмын дээгүүр косполитанизмыг сурталддаг.
Консерваторуудаас ялгаатай нь либералууд “үндэстэн-улс”-ын хууль ёсны байдлыг хөндөх гэж оролддог. Либерал эрдэмтдийн үндэстнээ эсэргүүцэх үзэлд хил хязгаар гэж байдаггүй. Ийм зүйл бас бизнес элитийн дотор ажиглагддаг.
Эрүүл үндэсний үзэл
Дэлхийн ихэнх хэсэгт, ялангуяа АНУ-д, эдийн засгийн глобальчлал үндэсний үзэлгүй элитүүд болон үндэсний үзэлтэй олон нийтийн хооронд ангал үүсч тэр нь томорсоор байна. Бизнесмен, албаны хүмүүс, эрдэмтэд, сэтгүүлчид зэрэг байнга нааш цааш явдаг хүмүүсээс бүрдсэн олон улсын хэмжээний анги давхрага бий болж тэдгээр нь худалдаа, хөрөнгө оруулалт, ашгаа өргөжүүлэх бодлого ярьж, ардчилал болон зах зээлийн эдийн засгийг хаа сайгүй сурталчлах болжээ. Ингэхдээ тэдний тавьсан зорилтууд нь тухайн улс орон, нийгмийнхээ соёлын болон эдийн засгийн сонирхолтой тэр болгон тохироод байдаггүй. Үүнээс гарах үр дагавар нь хэрэг дээрээ глобальчлалд хариу өгөх националист, либерал бус, популист үйлдэл байж болох тухай Кофи Аннан анхааруулсан байдаг. Энэ анхааруулгад АНУ-д ч хамаатай юм. .
Америкийн баялаг, хүч чадал дээд цэгтээ хүрчихээд байна. Харин үндэсний эв нэгдэл, эдийн засгийн тэгш байдал болон соёлын хөгжил дээд цэгтээ хүрэх болоогүй байна. Өргөн утгаар нь авч үзвэл Америк үндэстний хэв шинж төлөвшиж чадаагүй, тэр нь доороосоо олон соёлын үзлээр нурж, дээрээсээ космополитанизмын үзэлд идэгдэж байна. Эх оронч үзэл бол Америкийн элитүүдийн ихэнх хэсэгт үеэ өнгөрөөжээ. Ирээдүйн Америкт Хятад, Орос, Ислам эсвэл тэдний элдэв хоршилоос гадаад аюул занал бий болж магадгүй. Гэхдээ өнөө үеийн Америкийн эв нэгдэл, соёл ба хүч чадалд заналхийлж буй гол аюулыг ойроос хайх ёстой юм. Зөв хариулт бол классик болон неоконсерваторууд нэгдэж Эрүүл үндэсний үзлээ дэмжих явдал мөн. Америк бол шүтлэгтэй орон. Эх оронч үзэл бол сайн хүнд байх чанар. Универсализм бол Американизм биш юм. Үндэсний үзэл бол явцуурах үзэл бишээ.
Энэхүү үнэн америкийн ард түмний зүрхэнд хүрнэ. Бурхан болон улс орондоо үнэнч байснаараа консерваторууд олонхи либерал элитээс ялгагдаж тэд америкийн ард түмэнтэй нэг гэдгээ харуулах болно. Америк нь шашны шалтгаанаар бий болсон бөгөөд Америкийн түүхийн туршид гадаадын ажиглагчид Америкийн ард түмний бусдаас ялгагдах хамгийн том онцлогийг шашны гүн итгэл үнэмшил гэж үзсэн байдаг. Энэ нь ч үнэн бөгөөд магадгүй өнгөрснөөс илүүтэйгээр өнөөдөр илүү үнэн болж байна. Тооцож болох бүхий л хэмжигдэхүүнээр нь харсан ч чинээлэг орнуудын дундаас Америк шүтлэгийн түвшнээрээ бусдаас хол дээгүүр байдаг. Бүх ард түмний санал асуулгаар ч Америкийн ард түмэн бусад орнуудын хүмүүсээс хавьгүй илүү эх оронч байж үндэстнээрээ бахархах сэтгэл нь илүү байдаг. Эх оронч үзэл ба шашин нь Америк хэв шинжийг тодорхойлох төв элементүүд юм.
Америкийн ард түмэн Америкийн олон элитүүдээс ялгаатай нь гадаад бодлогод илүү эрүүл үндэсний үзлээр ханддаг. 1998 онд Гадаад харилцааны Чигагогийн Консулын судалгаагаар олон нийтийн бодол ба гадаад бодлого хариуцсан гол лидерүүдийн санал нилээн зөрүүтэй байгаа нь харагдсан юм. Ард түмэн ирээдүйгээ нилээн консерватив хандлагаар харсан байсан ба 53 хувь нь хориннэгдүгээр зуун, хорьдугаар зуунаас илүү хүчирхийлэлтэй байх болно гэсэн байхад лидерүүдийн 23 нь ижил хариулж харин 40 хувь нь хүчирхийлэл багатай байх болно гэжээ. Олон нийтийн ба лидерүүдийн дийлэнх олонхи нь цөмийн зэвсгийг хорогдуулах, терроризмтэй тэмцэх, Америкийн цэргийн хүчийг хамгийн сайн байлгах нь Америкийн гадаад бодлогын “хамгийн чухал” зорилго байх ёстой гэж үзсэн байна. Гэвч лидерүүдээс хавьгүй илүүтэйгээр ард түмэн нь хууль бус хар тамхины наймааг таслан зогсоох, хууль бус цагаачдыг багасгах, Америкийн ажилдын ажлын байрыг хамгаалахыг хүссэн байсан. Олон нийтийн 60 хувь нь, гэвч лидерүүдийн 36 хувь нь л үйлдвэрүүд дахь ажлын байрыг хамгаалахын тулд тарифыг чухалчилсан. Олон нийт нь гадаад дахь эдийн засгийн тусламжийн хөтөлбөрүүд болон цэргийн ажиллагааг лидерүүдээс илүү эсэргүүцсэн ба батлан хамгаалахын зардлыг ихэсгэхийг багахан хувиар илүүтэй дэмжсэн байхад лидерүүд тийм хэмжээний санал өгөөгүй байна.
Дээрх тоонууд нь эрүүл үндэсний үзэл олон нийтээс мэдэгдэхүйц дэмжлэг авч болохыг нотолсон төдийгүй олон нийтэд таалагддаг дэндүү явцуурах үзэлд альтернитив үзэл болж болохыг харууллаа. Эрүүл үндэсний үзэл нь олон соёлын үзэл, үндсэрхэг явцуурах үзэл, универсализмыг орлуулах альтернатив үзэл мөн. Эрүүл үндэсний үзэл нь Америкийн үндэсний эрх ашгийг гадаадад хэрэгжүүлэх, дотооддоо үндэсний эв нэгдлийг хангахын төлөө консерваторуудыг нэгтгэх суурь дэвсгэр нь юм.