Канадын Торонтогийн их сургуульд докторын зэрэг горилохоор хийсэн нэгэн судалгаа эх түүхээ илүү өргөн мэдэхийг хүсч байгаа монголчуудад нэн сонирхолтой байж мэдэх юм.
Энэхүү судалгаа нь монголчуудын түүхэнд хамаарах олон тооны эх сурвалжуудад тулгуурлажээ. Уншихад сонирхолтойгоос гадна санаа аваад гүнзгийрүүлэн үзэж харах мэдээлэл манай судлаачдад их л байгаа харагдана. Монголчуудын түүхийг социал антрапологи чиглэлээр судалсан цөөхөн бүтээлүүдийн нэг байж магадгүй санагдав.
Би хувьдаа олон жил, нэг биш удаа энэ судалгааг (англи хэл дээр) уншиж байгаа. Уншигч Таны үүх түүхээ илүү мэдэх сонирхлыг өдөөх үүднээс зарим зүйлсийг хялбаршуулан ойлгож авснаа хэлюү. Алдаа мадаг гаргавал өршөөнө үү.
- Хэлний Бэрхшээл
Монголын түүх нь дэлхийн түүх учраас Монголын түүхэнд хамаарах түүхэн эх сурвалжууд монгол, орос, хятад, перс, араб, турк, япон, солонгос, армян, гүрж, латин гээд өөр зүсэн зүйлийн олон хэл дээр байдаг.
Иймээс Монголын түүхийг судлахад түүхчдэд учирдаг хамгийн том бэрхшээл бол хэл юм. Түүхчдийн хувьд эх сурвалжуудыг бүх эх хэл дээр нь олж үзэх боломж үнэндээ байхгүй. Тиймээс түүхчид өөрсдийн мэдэх, тухайлбал англи хэл дээр гарсан судалгааг хоёрдахь эх сурвалж болгон монголын түүхийн судалгаандаа өргөнөөр ашигладаг болсон байдаг.
Гадны монгол судлаачдад учирдаг бэрхшээл бидний монголчуудад мөн ялгаагүй хамаарна. Эх монгол хэлээ сайн мэдлээ гээд манай судлаачдад давуу тал бий болдоггүй. Учир нь монголчуудын бичгийн соёл харьцангуй хожуугийн түүх юм.
Дээрх шалтгаанаар өнөөгийн монголчуудад ядаж англи хэл дээр уншихгүйгээр өөрсдийн агуу түүхийг сэтгэл дотроо бүтэн зураглахад тун хэцүү гэдгийг зориуд хэлмээр байна.
Үүх түүхээ мэдэхгүй хүн бол ойд төөрсөн сармагчин лугаа гэдэг. Харин үүх түүхээ мэдэхгүй, дээр нь харанхуй хүн бол согтуу сармагчин лугаа биз гэж бодогдох үе байх юмаа.
- Эх сурвалж
Уг судалгаанд “Монголын Нууц Товчоо” (МНТ) -г нууц гэхийн учир нь олон нийтэд зориулагдаагүй хэрэг гэж тайлбарлажээ. Монголчуудын бараг 500 жилийн түүхийг өгүүлэх МНТ нь олон зуун жил ямар ч хэл дээр орчуулагдаагүй явж ирсэн нь үүний нотолгоо. Тиймдээ ч МНТ-д монголчуудын түүхийн талаар худал хуурмаг мэдээлэл оруулах шаардлага байгаагүй, монголчуудын түүхийг сайнтай муутай нь өгүүлдэг зэргээс хамгийн ихээр итгэж болох түүхийн эх сурвалж бичиг хэмээсэн байна.
- Овог, өрх, жад, худ
11-13 дугаар зууны монголчуудын нийгмийн зохион байгуулалтын нэгж нь овог байж. Эцгийн талаасаа нэг цустай овгийнхон нэг “өрх”-д хамаарна. Бусад овгийг “жад” хэмээх бөгөөд тэднийг харийнхан, хатгалдах ёстой дайсан гэж үздэг. Гэвч эхнэрийн талынхныг “жад” хэмээх нь бий, нөхрийн талыг “худ” гэдэг байсан гэнэ.
- Гэрлэх зан заншил
Овогууд өөр хоорондоо хатгалдахгүйн тулд ураг барилдаж охидоо бэр болгон өгдөг уламжлал тогтсон бололтой юм. Ургын барилдлагаа хадгалахын тулд нөхөр нь бурхан болбол эхнэрийг нь талийгаачийн ах дүү нараас эхнэрээ болгож авдаг байж.
Үүгээрээ монголчуудын гэрлэх зан заншил Европынхны төсөөллөөс тэс өөр байсан гэнэ.
Овог аймгуудыг хүч хэрэглэн нэгтгэх, эс бөгөөс эмс охидуудаа бэр болгон өгч ураг барилдах арга нь улс төрийн стратеги болтлоо хөгжсөн байна.
- Цус ойртолт
Монголчууд нэг овгийн дотор гэрлэхийг цээрлэдэг байсан. Гэвч нэг, хоёр овгийн дотор ураг барилдах нь алсдаа үр удмын доройтолд хүргэхийг төдийлөн төсөөлөөгүй бололтой юм. Европын хаадуудын дотор цус ойртолт болж эрүүл бус үр удам бий болж байсантай нэгэн адил үзэгдэл манай их хаадын үр удмуудад тохиолдож байсан гэжээ. Хаадын гэр бүл доторх “айдас” өөрийн эрхгүй тэднийг элдэв шашнаас хамгаалалт хүсэмжлэх нөхцөл байдал үүсгэж байсан байна. Сүм хийдэд ихээхэн хөрөнгө мөнгө гаргаж байснаас гадна түвдийн лам нарыг зодсон хүний гарыг тасдах, муу хэлсэн хүний хэлийг огтлох зарлиг буулгаж байсан гэнэ.
- Хатад
Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн үүрэг роль, эзлэх байр суурь Европ, Хятадтай харьцуулбал асар өндөр байж. Ингэхдээ үүнийг хэтрүүлэн үнэлэхээс зайлсхийх хэрэгтэй хэмээжээ. Жамух өөрийн ялагдлын нэг шалтгааныг ” урт хэлтэй эхнэрээс” болсон гэж байсан бол Өгөөдэй хаан “миний алдааны нэг нь эмсийн үгийг сонссон”-оос болсон гэж байсныг дурджээ.
Охид хатадыг Их Монгол Улсын улс төрийн стратегийн хэрэгсэл болгодог байжээ. Тухайлбал, Солонгосын хаадад бэр болгож өгсөн 9 хатадаас 4 нь хүүхэд төрүүлсэн бөгөөд бусад нь төдийлөн аз жаргалтай амьдралаар амьдраагүй гэж. Энэ нь өөр соёл иргэншилд манай хатад дасан зохицож чадаагүйтэй холбоотойгоос гадна тэднийг улс төрийн хувьд нь хавчиж гадуурхах тэрч байтугай алсан тохиолдол гарч байсантай холбож үзжээ.
Солонгосын хаадад өгч байсан Хатадын наслалт
- Хубилай ба Нийслэл
Хубилай хаан 2 нийслэлтэй байж. Одоогийн Бээжингийн ойролцоох нийслэлийг Grand Capital хэмээж. Монгол дахь нийслэлийг нь Supreme Capital хэмээсэн байна. 2 нийслэлтэй байх нь тухайн үедээ шинэ үйл явдал биш байсан гэнэ.
- Цэргийн ардчилал ба Хуралдайн мөхөл
Судалгаанд Хуралдайг цэргийн ардчилал гэж нэрлэсэн нь зохимжтой санагдав.
Хуралдайд анхнаасаа хатад оролцох эрхтэй байж. Хубилай хааныг насан өөд болсны дараа түүний бэр охин Хөхөчин хатан бүхий л арга хэрэглэж өөрийн хүү Өлзийт Төмөрийг хаан болгож чаджээ.
Хуралдай дээр түүнийг хаан болгосон нь маргаан болж байсан бөгөөд Өлзийт Төмөр хааны үед Хуралдай хэмээх улс төрийн институци бүрэн устаж алга болсон байна.
Дэлгэрэнгүйг дараахь холбоосоор үзнэ үү.