Бяцхан Түүх
Шведүүд түүхэндээ архин далайд нэг удаа живээд үзсэн ард түмэн юм.
1766 онд Шведийн хаан Адольф Фредерик архидалттай хийх тэмцэлд залхаад сүүлдээ бүх хориг саадыг хүчингүй болгосон гэдэг. Айл болгон гэртээ архи нэрж гэртээ идэх төмсгүй болж байсан үе байж. 1850 онд анхны архины төрийн мэдлийн дэлгүүр нээсэн гэнэ. 1860 онд айл гэрт архи нэрэхийг хориглосон байна. 1860 оноос Шведийн төр архины худалдаанд монополь тогтоожээ.
Дэлхийн 1 дүгээр дайны үед 3 сарын хэрэглээ болгож 2 литр архи зарах хязгаар тогтоож байсан байна. Дайны дараа төрийн мэдлийн Systembolaget компани нь архины худалдааны төрийн монополийг хэрэгжүүлэгч болжээ.
Systembolaget
Тус компани эхэн шатан дээр элдэв зүйл сэдэж байсны нэг нь ажилгүй хүмүүст архи зарахыг хориглож байж. Мэдээж тэдний дургүйцлийг төрүүлсэн нь гарцаагүй.
1955 оноос тус компани нь шинэ дэг журам тогтоосон бөгөөд тэр нь өнөө хүртэл мөрдөгдөж байгаа гэх.
Шведэд 3,5 хувиас дээш алгоколь агуулсан бүхий л төрлийн архи, вино, пиво зөвхөн энэ компаниар борлуулагддаг.
21 нас хүрсэн хүмүүс уг компанийн дэлгүүрээр үйлчлүүлэх эрхтэй. 30 настай боловуу гэж харагдвал заавал үнэмлэх шалгана. Бүтэн сайн, баярын өдрүүдэд ажилладаггүй. Хүүхэд, залуус дагуулж явбал Та архи худалдаж авч чадахгүй.
Тус компани Шведэд 400 орчим дэлгүүртэй бөгөөд хамгийн том хот болох Стокхольмд 10 хүрэхгүй дэлгүүртэй гэнэ. Нэр төрөл бол 3000 гаруй.
Татвар
Татварыг “нэг литр архин дэх нэг градуст” гэсэн хэмжигдэхүүнээр тогтоодог байна. Пивоны татвар нэг литр дэх нэг градус нь 250 орчим төгрөг, архинд нэг литр дэх нэг градус нь 800 төгрөг бололтой.
Нийгмийн үр дагавар
Архины жижиглэн худалдааны монополийг сайн муу гээд зөндөө маргалддаг.
Хэрвээ Systembolaget байгаагүйсэн бол Шведэд
- долоо хоног тутам нас барж байгаа хүний тоо 38 -аар ,
- өдөрт гарч байгаа хүнд гэмт хэрэг 55-аар,
- өдөрт өвчтний тоо 30 000 -аар нэмэгдэх байлаа гэсэн тооцоо гарчээ.
Эрүүл нийгэм байгуулах Шведийн туршлагаас санаа авах зүйлс бидний монголчуудад байгаа байхаа.