Популизмын үнс нурам доороос өндийж буй Аргентин

 

Screen Shot 2018-04-08 at 9.20.55 AM

М.ДАГВА


QMC компанийн захирал

Дэлхийн уул уурхайн бизнесийнхэн Торонтод жил бүрийн гуравдугаар сард Канадын хайгуулч, олборлогчдын холбооны (PDAC) чуулга уулзалтад цуглах үеэр улс орнууд хөрөнгө татах өрсөлдөөнд орж, өөр өөрийн сурталчилгааг хийцгээдэг. Энэ жил Монголын багт гишүүнээр ажилласны хувьд өрсөлдөгч орнуудын арга хэмжээнүүдийг сонирхож, өөрийнхтэйгөө харьцуулахыг оролдов.

Аргентинчууд холбооны улсын Уул уурхайн яамныхаа бодлогыг танилцуулаад, араас нь гол мужуудынхаа онцлогийг тайлбарлаж байлаа. 08.30 цагт эхлэх хөтөлбөрийн дагуу очиход хүмүүс цуглаж байсан бөгөөд биднийг урьдчилан бүртгүүлээгүй гэдгийг сонсоод түр хүлээхийг хүсэв. 09.00 цаг дөхөж зочид дотогш танхим руу орох үеэр бид бүгд багтахгүй болсон нь тодорхой болсон тул би үлдэж, бусад маань өөр арга хэмжээ рүү явцгаалаа.

Арга хэмжээ эхлэнгүүт нэг нөхөр шууд испаниар яриад явчихаар нь гайхаад байсан чинь синхрон орчуулгатай юм санж. Танхимын үүднээс орчуулгын төхөөрөмж аван, буцаж орлоо. Орчуулга хийж буй эмэгтэй бол түгдрэлгүй “урсгадаг”, эрэгтэй нь үл ялиг түг таг гэдэг юм байна. Танхимд орж багтаагүй хүмүүс үүдээр шавсан, нийт 100 гаруйхан хүн байгаа ч их өндөр хүлээлттэй хурал гэхээр уур амьсгал бүрдэж байв.

Аргентин улсын талаарх миний мэдлэг тийм ч их биш. Хүүхэд байхад “Ахмад Грантын хүүхдүүд” гээд сонирхолтой номд Пампасын үржил шимт газар нутгийн талаар уншиж байсан минь санагдах. Дэлхийд наймдугаарт эрэмбэлэгдэх, манайхаас тав дахин том газар нутагтай, бөмбөрцгийн долоо дахь баян тансаг улс байж байгаад 1930-аад оноос эхлэлтэй популизмын балгаар эдийн засгаа баллаад хаячихсан, гадаад, дотоод өрөө төлж чадалгүй улсаараа 10 гаруй удаа дефолт болж байсан гэх. Хамгийн сүүлийн дефолтоо 2014 онд зарлажээ.

Өмнөх өдөр нь бид Монголын уул уурхайн салбарыг сурталчлах арга хэмжээгээ зохион байгуулсан юм. Төр, хувь, дотоод, гадаадгүй мэрийн зүтгэсний хүчинд 200 гаруй хүний суудалтай танхим дүүргэж, сайн арга хэмжээ боллоо гэх үгийг олонтаа сонссон ч нэг л зүйл дотор тээглээд байсан. Өнгөрсөн жилийн энэ арга хэмжээнд монголчууд мөн л хичээн оролцсон юм билээ. “Бид гаргасан алдаандаа дүгнэлт хийсэн. Одоо Монголд ирж ажиллацгаа, хөрөнгө оруулалт хий” гэсэн мессежийг маш хүчтэй өгч байсан.

Энэ удаагийн арга хэмжээний бэлтгэлийг хангаж, ямар мессеж өгөх вэ гэдэгт дүгнэлт хийж байхад өмнөх жилийн амлалтуудын ихэнх нь сарниж одсон байгааг харах амар байгаагүй. Монголын хөрөнгө оруулалтын орчин, уул уурхайн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, баримталж буй бодлого, хөтөлбөрийг сурталчлан, мэдээлэл өгсөн арга хэмжээний дараах коктейль уулзалтын үеэр манайд олон жил ажиллаад одоо Перу хавьцаа хайгуул хийж буй австрали залуу надад шууд “…Худлаа ш дээ. Яг очоод ажил хийх гэхээр энд ярьсан шигээ байдаггүй шүү дээ…” гэж хэлэхэд няцаах үг үнэндээ олдоогүй.

Эхний илтгэгч Аргентины Уул уурхайн сайд байв. “…Гурван жилийн өмнөөс бид PDAC-д тогтмол оролцож эхэлсэн. Анх ирэхдээ бид та бүхэнд ойрын хугацаанд бүх бодлогоо тодорхой болгоно гэдгээ амлаж байсныг санаж буй байх. Уул уурхайн хөрөнгө оруулагчдыг урьчихаад, том орд олчихоор нь “новшроод”, “заваараад” байдаг нийтлэг зовлонг яаж тойрч гарах вэ гэдэг дээр ажиллалаа. Ерөнхийдөө бид улсаараа ярилцлаа.

Бид популизмын намагт дэндүү удаан тэлчилсэн. Уул уурхайд популизм орох зай өгөхгүйн тулд яах вэ гэж хэлэлцлээ. Тэгээд ингэж тохирлоо. Бид дэлхийд томд орох нутагтай атлаа эрхий дарам газартаа шавааралдан амьдарцгааж байна. Төвлөрлийг задлах бодлоготойгоо уул уурхай хөгжүүлэх бодлогоо уячихъя. Тэгвэл энэ улсын иргэн бүрт уул уурхайг дэмжих бодлого ойлгомжтой болно.

Иргэд дэмжчихсэн байхад ямар ч улстөрч популизм хийж чадахгүй…” гэх маягийн юм ярьж байна. Монголд уул уурхайн талаар гурван сая иргэн нь бараг гурван сая өөр үзэл бодолтой, улстөрчид нь бүгд өөр өөрийн өнцөгтэй шүү дээ гэж бодохоор худалч хүнд бараг л нүдний нулимс гарах шиг.

Сайдын яриа цааш үргэлжилсээр. “…Мэдээж хүрээд ир, хөрөнгө оруул гэхээр л хүрээд ирдэг хөрөнгө оруулагч гэж хаа байх вэ. Сонирхлыг нь татах зүйл байх ёстой. Тэгэхээр та бүхний сонирхлыг татах зүйл юу вэ гэвэл манай улсын Чилитэй хиллэх газар нутаг хэдэн мянган километр үргэлжилдэг. Андын нурууны нэг тал нь Чилийнх, нөгөө тал нь манайх. Бурхан Чилид хайртайдаа бүх баялгийг нь нэг талд гаргаад овоолчихоогүй л бол манайд асар их баялаг байх ёстой. Та бүхэн л очиж нээж өгөх юм шүү дээ…”. За ёстой өөр яаж ийм энгийн бөгөөд ойлгомжтой сурталчлах билээ л гэж бодогдож байлаа.

Сайдын араас Кукуй гэх мужийн Уул уурхайн сайд нь “Аргентин бол холбооны улс. Мужийн яам холбооны яамтайгаа яг нэг байр суурьтай байгаа. Мужийн маань ард иргэд ч үүнтэй санал нэгддэг. Бид алт, зэс, никель зэрэг баялагтай. Манай мужаас ашигт малтмал олборлоод Атлантын далай руу гарна гэвэл асар хол тээвэрлэх болно. Тиймээс бид Андын нуруугаа нүхлээд Чилийн боомтуудаар дамжиж гарах хувилбарыг ярилцаж байгаа. Чиличүүд үүрдийн хөршийн хувьд тохирч болно гэдгээ хэлсэн. Та бүхэн хайгуул хийгээд орд илрүүлтэл хэдэн жил зарцуулна. Тэр хооронд бид энэ асуудлуудаа шийдэж амжина…”.

Мөн Сан Хуан гэх мужийн захирагч гарч ирээд “…Манай сайд нарын ярьсантай засаг захиргааныхан нэг байр суурьтай байгаа. Би байгаль орчны үнэлгээнд зөвшөөрөл өгдөг. Энд ирэхийн өмнө гурван ч компанийн байгаль орчны үнэлгээг мэргэжилтнүүдээрээ шуурхай хянуулаад, гарын үсэг зурсан. Нөгөө компаниуд “Дэлхийд ийм хурдан гарын үсэг зурдаг юм байхгүй ш дээ, та тоглоогүй биз” гээд гайхаад л үлдсэн. Бодлого, үнэлгээ тодорхой байхад саатуулаад байх юу байх вэ…” гэж ярина лээ.

Сонссон бүхэндээ итгэж ядах ч шиг, англи хэлний багахан мэдлэгтээ эргэлзэх ч шиг. Хурлаас гарч, буудлын өрөөндөө ирээд ойр зуур судалгаа хийв. 23 мужтай, тэдгээр нь ашигт малтмалын нөөцөө эргэлтэд оруулах, эсэхээ шийддэг, тус бүртээ өөрийн хуультай, ихэнх нь хориг тээг тавьсан, үндсэрхэг бодлоготой, эдийн засаг нь өөдөлдөггүй энэ улсад Маурисио Макри гэж Ерөнхийлөгч 2015 онд сонгогдож гарч ирээд эдийн засгаа сэргээх, хөрөнгө оруулалт татах том шинэчлэл хийсний үр дүн нь ийнхүү гарч байгаагийн гэрч нь би болж байгаа юм байна.

Энэ хүний засаглал дор Аргентин улс сүүлийн 15 жилд анх удаа олон улсын зах зээлд бонд гаргажээ. Түүнчлэн хөрөнгө оруулагч олсон ашгаа тус улсаас авч гарахад тавьдаг хориг саадууд, эрдэс баялгийн экспортын орлогын татварын дарамтыг бууруулж, уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл импортлоход тавьдаг хязгаарлалтуудыг арилгасан юм байна. Улмаар салбар тус бүрт шинэчлэл хийж, эрчим хүчний татаасыг байхгүй болгож. Төсөвтөө ч реформ хийжээ.

Бүх муж улсдаа хэлэлцүүлэг өрнүүлж, ашигт малтмалын нөөц ашигласны татварын дээд хязгаарыг дээд тал нь гурав, дэд бүтэц хөгжүүлэх санд авах татаасыг хамгийн ихдээ нь 1.5 хувь байхаар тогтжээ. Түүнчлэн байгаль орчны менежментийн талаарх олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, олон нийттэй зөвлөлдөж шийдвэр гаргах үйл явцыг сайжруулах, дотоодоосоо бараа бүтээгдэхүүн худалдан авах, ажиллах хүчээр хангах зарчмыг нийтлэг шаардлага болгож, эрчим хүчинд хэмнэлттэй, аль болох сэргээгдэх эрчим хүч ашиглах шалгуур тавьж өгсөн байна. Мужууд нь уул уурхайг ямар нэг байдлаар хориглосон хууль гаргахгүй гэж тохирчээ.

“Glencore”, “Barrick gold” зэрэг компани төслүүдээ буцаан “хөдөлгөж” эхэлсэн, бодлого нь тууштай байгаад байвал бүр олон томоохон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах гээд харзнаж байгаа тухай мэдээллүүд байна. Чили, Болив, Аргентиныг литийн гурвалжин гэж нэрлэдэг, эдгээрт дэлхийн литийн нөөцийн 13 хувь тогтоогдоод буй аж.

Одоогоор Аргентинд зөвхөн литийн төслүүдэд нь хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулчихаад байгаа бөгөөд 2020 он гэхэд дээрх тоо 7.7 тэрбум болж өсөх таамаг гарчихаж. Аргентины литийн хайгуул, олборлолтод давуу байдал олж авахаар Америк, Канад, Франц, Австрали, Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг улс дипломат сувгуудаа ашиглан хөөцөлдөж байгаа гэнэ. Нэг сонирхолтой мэдээлэл нь оросууд Аргентинд ураны хайгуулд 250 сая ам.доллар оруулах эрх авч байгаа бөгөөд хариуд нь “Росатом” Аргентинд атомын цахилгаан станц гурвыг барьж өгч байгаа, тэдгээр станцын төслүүдийн нийт хөрөнгө оруулалт 13 тэрбум ам.доллар болж буй аж. Үүний дийлэнхийг хятадууд санхүүжүүлж буй юм байна.

Уул уурхай популизмын сэдэв болчихсон, гурван сая иргэн нь энэ салбарын талаар бараг бүгд өөр бодолтой, улстөрч бүр шахуу өөр өөрийн өнцгөөр улс төр хийдэг улсад ажиллах хэцүү. Уул уурхайн засаглалын талаар зөв ойлголт өгч, популизмын намагт живэхээс сэргийлэх юм сан, энэ салбарт тулгуурласан хөгжлийг үзчих юм сан гэж бодож явдаг хүний хувьд аргентинчуудын зохион байгуулсан арга хэмжээнээс гараад явж байхад популизм гэдэг бол тойроод гарах биш, туулаад гарах ёстой балчиг, намаг юм байна, гагцхүү бид наад эрэг дээр нь, тэд харин цаад эрэг дээр нь зогсож буй юм байна гэх бодол тархинаас салахгүй байлаа.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s