Шведэд монголчууд олон. Албан бусаар 5000 гаруй. Албан ёсны тоо статистик гэж сонсоогүй. Мэдэх ёстой Шведийн байгууллага нь мэддэг л байх. Гэвч цагаачдыг тоогоор ялгаварлахгүй гэдгээс энэ тоо статистикийн тухай ярьдаггүй бололтой юм. Тайландын элчинтэй уулзахад Шведэд амьдарч буй тайчууд албан бусаар 80 мянга гэж байсантай харьцуулбал монголчууд бага.
Асуудал тоондоо бус гэж бодож байна. Монголчууд Шведэд ажил хөдөлмөр хийж амьдарч байгаа. Нутгийн ёс заншлийг дагаж амьдардаг. Нэр хүнд сайн шүү. Монголын нэрийг өндөрт өргөх гэж хичээж явдаг хүмүүс.
Тэдний нэг Батнасангийн Одгэрэл гэдэг бүсгүй ЭСЯ-ыг зориуд зорин ирж яриа өрнүүллээ.
Тэрбээр энэ оны 6 дугаар сард зохион байгуулагдсан Стокхолмын марафон гүйлтэд 42 км гүйж барианд орж шагнуулжээ. Ганцаараа Монголоо төлөөлж оролцож. Спортын амжилт гэхээс илүүтэй Монголоо сурталчилсан гэнэ. Улам олон олон монгол хүмүүсийг энэ төрлийн арга хэмжээнд оролцуулах юмсан гэсэн сэтгэлийн үгээ ярьлаа.
Марафон гүйлтэд оролцохын тулд 500-1000 крон төлдөг бөгөөд цугларсан мөнгө хүүхэд, эхчүүдийн төлөө, хорт хавдартай хүмүүсийн эмчилгээ, Цусны доноруудыг дэмжих зэрэг нийгэмд тустай үйл хэрэгт зарцуулагддаг байна. Хүмүүст туслаж буян хийхийн зэрэгцээ Монголоо сурталчилж олон хүмүүстэй нөхөрлөснөөр жинхэнэ аз жаргалын гормоныг олж авдаг хэмээв.
Түүний “Цусаа хандивласантай тэнцэх марафон” гүйлтын шагнал гайхамшигтай.
Тэрбээр мөн тулааны спортыг сонирхдог бөгөөд орон нутгийн сонинд энэ талаар бичжээ.
Одгэрэл бүсгүй “Шведийн монгол охин” гэж орчуулж болох фэйсбүк хаягтай юм байна. Ирэх жилийн Стокхолмын марафонд эгч, дүү нараа дагуулаад 4-үүлээ оролцохоор төлбөрөө хийжээ.
Түүнд мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө их хэрэгтэй байгаа гэнэ.
Спортоор урагш ахисан ах, эгч нар энэ бүсгүйтэй холбогдож туслаарай.
Яагаад гэхээр тэрбээр цаашдаа олон олон оронд марафон гүйлтэд оролцох мөрөөдөл тээж яваагаа хэлж 2018 онд зохион байгуулагдах марафоны хуваарийг үзүүлсэн шүү.
Монголын маань залуу үе ирээдүйтэй байна. Одгэрэл бүсгүйдээ баяр хүргэж, амжилт хүсэж, бусдад үлгэр дууриал болж явахын ерөөл дэвшүүлье.