Одоохондоо уул уурхайн түүхий эдээс зөвхөн газрын тос, байгалийн хий л улс орнуудын хэрүүлийн алим болж байна. Зэс, нүүрс, бусад уул уурхайн нөөц бол цаашаа л байна даа.
Ойрхи Дорнот, Иран, Ирак, Сири тойрсон элдэв дайн дажины цаана газрын тос, байгалийн хий байгаа. Сири Ирантай нийлж хийн хоолой барих санаархлынхаа төлөө иргэний дайнтай золгосон гэх. Үнэнд тун ойрхон байж мэдэх хувилбар юм.
Байгалийн хий бүхий орнууд бүгд л Европын зах зээл дээр гарах гэж эрмэлзэж буй. Тэдний нэг нь Орос орон.
Байгалийн хийн нөөцөөр Орос орон дэлхийг тэргүүлж буй.
Орос орон Европт болон Хятадын зах зээлд байгалийн хийгээ нийлүүлэх хүсэлтэй. Түүний илрэл нь “Nord Stream 2”, “Сила Сибири” гэх мэт төслүүд.
Төслүүдийн хувь заяа нь тодорхойгүйгээс гадна Өрсөлдөгчид нь садаа болох нь нэн их. Геоулстөр болон геоэдийн засаг жинхэнэ утгаараа энд бантагнаж байгаа. “Сила Сибири” төслийн талаар мэдээлэл бараг гарахаа байж. Манай төмөр замын төсөл шиг замхарч байж мэдэш.
Хельсинкт Путин, Трамп “Nord Stream 2” төслийн талаар ярилцлаа гэнэ. Жаахан тодруулбал санал зөрөлдөөнтэй байгаагаа бие биедээ дуулгасан бололтой юм. Өнгөн дээрээ үг хэлээрээ зөөлөн харагдавч цаанаа том эрх ашиг зөрчилдөн буй.
Геоулстөр болон геоэдийн засгийг тодорхойлогч гол хүчин зүйл нь байгалийн хийн тээвэрлэлт бололтой юм.
Байгалийн хийг хэрэглэгчид хүргэх тээвэрлэлтийн үндсэн 2 арга байна гэнээ.
- Шууд хийн хоолойгоор дамжуулж хэрэглэгчдэд хүргэх.
- Байгалийн хийг шингэрүүлж савлаад, тээвэрлээд, буцаагаад хийн төлөв байдалд шилжүүлэн хэрэглэгчид хүргэх.
Хийн хоолойгоор байгалийн хийг Европ руу тээвэрлэх нь алсдаа Европыг Оросын монопольт байдлаас хараат болгоно гэсэн болгоомжлол байдаг. Хэрүүлийн гол сэдэв боловуу.
Байгалийн хийг шингэрүүлэн тээвэрлэх нь АНУ-д Европын зах зээлд гарах бололцоо бий болгож байгаа бөгөөд энэ талын технологи улам бүр хөгжиж хийн хоолойтой өрсөлдөхүйц үнээр байгалийн хийг хэрэглэгчид хүргэх бололцоо нээгдэж байгаа юм байна. Мөн л маргааны сэдэв юм.
Европ болон Хятадын хувьд тэдэнд байгалийн хийг шууд хоолойгоор авах уу, шингэрүүлэн авах уу гэдэг том асуулт тавигдаж байна.
Дэлхийн ирээдүйн дүр зураг олон талаар байгалийн хийн төслүүдийн хувь заяанаас ихээхэн хамаарч байна.