1991 оны 12 дугаар сард нэг шөнө унтаад босоход Зөвлөлт Холбоот Улс задарсан байж билээ. Энэхүү үйл явдлыг Путин “20 дугаар зууны “Геополитикийн хамгийн том сүйрэл” хэмээн нэрлэсэн байдаг.
Зөвлөлт холбоот Улс нь Финландаас Монгол хүртэл дэлхийн хуурай газрын зургааны нэгийг хянаж жолоодож байсан юм.
Саяхан Трамп, Путин нарын уулзалт Хелсинкид болж өнгөрсөнтэй холбоотойгоор сонирхолтой нийтлэл олноор гарлаа. Эдгээрээс дорхи нэр бүхий өгүүлэл анхаарал татсан бөгөөд тэмдэглэж авсан зарим санааг хуваалцья.
Russia’s Turn to Its Asian Past
By Yaroslav Trofimov
- 10 хүрэхгүй жилийн өмнө Германы нэгэн сонины буланд Путин Орос орон бол Барууны ертөнцийн нэг хэсэг гэдгийг зарлаж “Европ Лисбоноос Владивосток” хүртэл чөлөөтэй худалдаа эрхэлж, нэг үнэлэмжийн дор амьдрах ухааны юм ярьж байж.
- Өнөө цагт Орос орон Дорно зүг рүү илүүтэй харах болсон байна. Олон шалтгаантай бизээ.
- “2014 он хүртэл Орос орон Барууны ертөнцийн хамгийн зүүн талын автобусны зогсоол” мэт байсан гэж Москвад төвтэй Карнегийн төвийн захирал Тренин ярьж байна. Барууны ертөнцийн нэг хэсэг болсноор санасан үр дүндээ хүрэхгүй гэж Оросын элитүүд үзэж Дорно зүг рүү илүүтэй харах болсон нь өмнөх Оросын ерөнхийлөгч Горбачев, Ельцины бодлогыг үгүйсгэсэн хэрэг биш гурван зууны тэртээх Агуу Петр хааны бодлогыг эргэж сэргээсэн явдал байв гэнэ.
- Тэрч байтугай Алтан орд, Чингис хааны өвийн тухай ч ярих болж. Оросын үндэсний үзэлтнүүд Алтан ордын улс нь Оросын эзэнт гүрний суурь дэвсгэр байсан гэх болж.
- Оросын албан ёсны түүхчид, Ортодокс шашныхан Москваг Алтан ордынхон захирч байсныг зэрлэгүүдийн Иго (дарлал) байсан, Оросыг барууныхнаас хоцрогдоход хүргэсэн хэмээгээд энэ түүхийг 1944 оноос судлахыг хориглосон байсан байна.
- Гэтэл өнөөдөр 20 сая муслимтай Орос оронд өөрийгөө христ-муслим уламжлалтай гэх хэрэгцээ байгаа аж.
- Оросын евроазийн хөдөлгөөны нэртэй эрдэмтэн А.Дугин “Чингисээс өмнөх оросууд бол ердөө л Европ болон Византийн зах хязгаар төдий байсан. Чингисийн дараахь оросууд бол Ертөнцийн эзэнт гүрний төв, бүх дэлхийн геополитикийн тэмцлийн үнэмлэхүй төв” болсон гэх болж. Энэ баримтлал нь өнөөгийн Оросын засаг төрөөс том дэмжлэг авахгүй ч Барууныхныг эсэргүүцэх утгаараа тэдэнд хэрэгтэй юм.
- Путины зөвлөх Сурков “Орос орон дөрвөн зууны турш Дорно зүг рүү хараад ахин дөрвөн зууны турш Өрнөд рүү харж явсан хэмээгээд бид мөнхийн “хагас үүлдэр” дахин олон зуун жилийн геополитикийн ганцаардалд орших байх” гэж бичжээ.
- Орос болон Барууны харилцаа муудсны шалтгааныг зөвхөн Орос юм уу, Баруунаас хайх хэрэггүй. Иргэншлийн болон соёлын ойлголт их зөрүүтэй байгааг аль аль тал нь анхаарах ёстой гэнээ.
- Орос орон хүрээгээ тэлэх, газар нутгаа томруулах нь Путины хувийн амбиц биш Орос хүний цусанд шингэсэн үйл хөдлөл болон Зөвлөлтийн түүхээс улбаатай гэж Брукины институтийн оросын эксперт Полякова хэлж байна.
- Өнөөгийн Орос оронд экспортлох үзэл санаа, хөгжлийн загвар байхгүй. Гэвч Оросын эзэнт гүрэн шиг, Зөвлөлт Холбоот Улс шиг том байх хүсэл Путинд байгаа гэж Иргэншлийн яриа хэлцэл гэдэг нэртэй судалгааны байгууллагын түүхч Малашенко ярьж байна.
- Тэрбээр намайг оюутан байхад татар, монголын иго гэдэг байсан дараа нь монголын иго гэдэг байснаа Алтан ордын иго гэх болсон, одоо Иго гэж байгаагүй гэх болсон гэв.
Дэлгэрэнгүйг дараахь холбоосоор үзэж болно