Ганц танхимтай парламентийн нөхцөлд төрийн дээр нам гардаг, супер хүмүүс бий болдог

 

79274e45-8b72-40ce-87af-f0ce2060a33a

Шинэ оны мэнд хүргэе, сайхан баярлав уу?

-Ерөөл бодож сайхан л гэнэ шүү дээ. Яг үнэндээ бол 2019 он хэцүү л жил болох төлөвтэй. Санаа зовж байна.

-Өнгөрсөн 2018 он Монголын улс төр болоод дэлхийн улс орнуудад нэлээд ширүүн байсан. Энэ онд ч байдал дээрдэхгүй, санаа зовж байгаагаа та хэллээ. Яагаад, ямар үндэслэлээр хүнд хэцүү жил болно гэж дүгнэж байна вэ?

-Юуны өмнө дэлхийн байдлаас эхэлж ярья гэж бодож байна. АНУ-ын “Стратфор” гэх нэгэн судалгааны байгууллагаас саяхан 2019 оны төлөв байдлын тухай гаргасан судалгааг үзлээ. Уг судалгаагаар их гүрнүүдийн зодоон 2019 онд эрчимжинэ гэж байна. Ялангуяа АНУ, Хятадын хоорондох худалдааны дайн даамжирна гэжээ. Шалтгаан нь дэндүү гүнзгий бөгөөд эрс тэс хоёр өөр тогтолцооны мөргөлдөөн учир тэгэх ч болов уу гэж бодож сууна. Геополитик бизнест саад тотгор болно гэсэн байна лээ. Энэ судалгааны Монголтой хамаарах зарим хэсгийг монголчилж өөрийн paxmongolica.org сайтад тавьсан байгаа, уншаарай.

Өөр бас нэгэн судалгааг харахад дэлхийн эдийн засгийн өсөлт мэдэгдэхүйц саарах төлөвтэй байна. Түүхий эдийн зах зээлийн хандлагыг ажвал нүүрсний хувьд үнэ 5-10 хувиар буурах төлөвтэй. Манай хувьд нүүрсний үнэ гэхээсээ илүүтэй аль болох нүүрс их хэмжээгээр гаргаж орлого олох зорилттой байгаа. Төсөвт 42 сая тонн гаргана гэж төлөвлөсөн санагдаж байна. Гол худалдан авагч Хятад нүүрсний хэрэглээгээ 2019 онд 50 орчим хувиар бууруулна гэж байгааг бодолцвол бидний тавьсан зорилго дэндүү өөдрөг болсон байж магадгүй. Муугаар бодвол олох орлого нэлээд тасалдаж мэдэхээр. Алт, зэсийн үнэ өсөх төлөв харагдахгүй байгаа. Ер нь түүхий эдийн үнийн өсөлтийг горьдох хэрэггүй байх. Энэ нөхцөлд аль болох үйлдвэрлэлийнхээ хэмжээ, үр ашигт илүү анхаарах хэрэгтэй байх гэж бодож байна.

-Тавантолгойг эргэлтэд оруулах улс төрийн шийдвэр гаргах эрхээ У.Хүрэлсүхийн засаг УИХ-аас авчихсан. Одоо IPO-г нь олон улсын хөрөнгийн биржүүдэд арилжаалах асуудал яригдаж байгаа. Гэтэл дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаж, Хятад импортын хэмжээгээ хумиж байгаа нөхцөлд Тавантолгойн IPO-г гаргах нь ашиггүй юм биш үү?

-Монголын дотоод нөхцөл байдал ний нуугүй хэлэхэд гадаадын хөрөнгө оруулагчдад тааламжтай харагдахгүй байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах биш харин үргээх популист бодлого ил байгаа учир шинээр хөрөнгө оруулагчид ирэхгүй л болов уу.  Энэ бол гоё сайхнаар яригдаж байгаа бүх том төслүүдэд хамаарах юм. Том төслүүдийн хувь заяа ганцхан Засгийн газрын насаар хэмжигдэхгүй. Хэрвээ Засгийн газрууд өмнөх Засгийн газрынхаа хийсэн ажлыг үгүйсгэдэг, бодлогын уламжлал байхгүй нөхцөлд бүх том төсөл булшлагдлаа гэсэн үг. Манай алдаанаас гадна олон улсын нөхцөл байдал муудаж байгаа нь ийм дүгнэлтийг зоригтой хийх нөхцөл болж байгаа юм.

-АНУ болон Хятадын худалдааны дайн үргэлжилнэ гэлээ. Энэ дайн Монголд ашигтай юу эсвэл хохиролтой юу. Дэлхийн их гүрнүүдийг зөрчлийг улс орныхоо эерэг боломж болгох сонирхол олон оронд байна. Тэгэхээр монголчууд ч бас сөрөг гэхээсээ эерэг боломж харах ёстой юм биш үү?

-АНУ, Хятадын худалдааны дайн бидэнд шууд сөрөг нөлөө үзүүлсэн гэж хараахан хэлж болохгүй. Харин асуудал даамжирвал манайд шууд сөрөг нөлөөтэй байж болно. Тухайлбал, АНУ, Хятадын хоорондох маргаантай асуудлыг цэгцлэх яриа хэлэлцээгээр манай экспортын барааны зах зээлд нөлөөлөхүйц зүйл яригдахыг үгүйсгэхгүй. Жишээ нь, коксжих нүүрс өгч авалцах тухай тэд ярилцаж тохиролцож болно.

Энэ дайнаас зэргэлдээ орнууд бүгд хожоо гаргах гэж оролдож байх шиг байна. Ялангуяа Хятадаас хөрөнгө оруулагчид Зүүн өмнөд Азийн орнууд руу үйлдвэрээ шилжүүлэх үзэгдэл байгаа. Өндөр технологийн зарим үйлдвэр Сингапурт шилжих магадлалтай байгаа тухай яригдаж байгаа. Энэ бүгд улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтад зам гаргаж, угтаж авах  гэсэн бодлоготой холбоотой юм.

Манай хувьд гадаад хөрөнгө оруулалтыг хамгаалах эрх зүй муутай, заримдаа гадаадын хөрөнгө оруулагчдыг үзэн ядах байдалтай байгаа нөхцөлд үүнийгээ арилгах нь  эхний арга хэмжээ болох байх.

-Эрх баригчид эдийн засгийн тогтворгүй байдлыг гадаад шалтгаантай гэж тайлбарлах болсон. Өөрсдөөсөө болж байгаа гэж огтхон ч бодохгүй байгаа. Тухайлбал, валютын ханш болоод шатахуун, мах сүү, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч байна. Энэ болгоныг гадаад шалтгаантай холбодог.?

-Өөрсдөөсөө хамаарах бүхнээ хийчихээд болохгүй байгаа бол бүх бурууг гадаад тал руу чихэж болох юм. Харамсалтай нь эдийн засаг урсгалаараа явж байна даа.

-Монголд хэрэгжиж буй ОУВС-гийн хөтөлбөр ирэх онд дуусна. Санхүүжилт нь зогсоно. Тиймээс Монгол цаашдаа ямар бодлого хэрэгжүүлэх ёстой вэ. Өнөөдрийн тухайд хүнээр бодлогоо заалгаад өөрсдөө хоорондоо улстөржөөд л байна. Жилийн дараа ирсэн гийчин буцна. Бид асуудалтайгаа л үлдэх шинжтэй?

-ОУВС бидэнд бодлого заагаагүй. Харин санхүүгийн сахилга тогтооход тусалж байгаа. Олсноо үрэн таран хийдэг эрх хүүхэд шиг Монгол удаан явж болохгүй. ОУВС-гийн хөтөлбөрийн богино хугацаанд бид мундаг сахилга баттай болчихно гэж бодохгүй байна. ОУВС Монголтой цаашид хамтарч ажиллаасай гэж хүсч байна. Өөрөөр бол хөршүүд маань л манай хэрэгт оролцож бодлого зааж эхлэх байх шүү.

-Хөршүүд бодлого заана гэснээс өнгөрсөн онд ШХАБ-ыг тойрсон асуудал нийгмийг хоёр талцуулсан. ҮАБЗ энэ асуудлаар эсрэг тэсрэг байр суурьтай байгаа. Энэ сэдэв мэдээж, хуучрахгүй. Ирэх хавар юм уу намар дахиад л хөндөгдөх байх. Тэгэхээр Монгол Улс ШХАБ-д элсэх нь ер нь зөв үү, буруу юу. Элсэх шаардлага байна уу?

-Монгол энэ байгууллагад элсэх гэж яарах шалтгаан байхгүй гэж бодож байна. Тэр тусмаа энэ байгууллага бүс нутгийн эдийн засгийн интеграцид том ач холбогдолтой эсэх нь эргэлзээтэй. Том гүрнүүдийн геополитикийн зодоонд энэ байгууллагын нэр байнга гарч байдаг нь монголчууд бидний хувьд аль нэг эвсэлд нэгдэхгүй энхтайванч гадаад бодлогоо тогтвортой авч явахын тулд ШХАБ руу яарах хэрэгцээ байхгүй байхаа.

-Монголын улс төрд өрнөж байгаа үйл явдлыг харахад намуудын дунд задрал эрчимтэй өрнөж байна. Эрх барьж байгаа МАН болоод сөрөг хүчин АН хүртэл хоёр хуваагдсан. Нам доторх хуваагдал нь төрийн хуваагдал болчихлоо. Энэ тэгээд сайны шинж үү, муугийн дохио юу?

-Улс төрийн ухаанд улс төр шинээр форматлагдах үйл явц болж байна гэдэг юм билээ. Ганц Монголд болж байгаа үйл явдал биш юм. Хуучин шинийн зөрчил хурцдаж улсаа унагаасан орон байхад гацаанаас гарсан жишээ байдаг л юм билээ. Гол нь улс төр нь эдийн засгийн хямрал дуудаад байвал тун буруу зүйл болно. Хямрал биднийг доош нь эргэлт буцалтгүй чирчих аюул байгаа.

-Ингэхэд Монголд нам гэж байна уу. Үзэл баримтлал гэхээсээ эрх ашиг, халаасны нэгдэл болсон бүлэглэлүүд дээр л намуудын бодлого явж байна. Намуудыг яаж төлөвшүүлэх ёстой юм бэ. Төлөвшсөн гэх хоёр нам нь бараг мөхөл, сэхлийнхээ ирмэг дээр ирлээ?

-Улс төрийн намын төлөвшил төрийн тогтолцоотой маш их холбоотой. Би энэ талаар олон жилийн өмнөөс хэлж ярьж байгаа. Жишээ нь, ганц танхимтай парламент байх нөхцөлд төрийн дээр нам гардаг, супер хүмүүс бий болдог, өнгөрсөн түүхээ гишгэдэг, уламжлал, шинэчлэл алддагддаг гэж Черчиль гэдэг нөхөр бүр 1949 онд айлдсан байдаг. Энэ сэдвээр ярьвал дэндүү урт. Миний хувьд олон жил ярьсаар залхсан. Одоо нийтээрээ зовж үзэх л үлдсэн санагдаад байх болсон.

-Монголын төр өнөөдөр бүхэлдээ гацсан. Төрийн зовлон, хямрал, тэг зогсолт хувь хүмүүсийн араншинтай  холбоотой  байна уу, аль эсвэл нөгөө тогтолцооных нь гажуудал уу?

-Тогтолцооных. Дахин хэлье, тогтолцооных.

-Тэгвэл тогтолцоогоо яаж өөрчлөх ёстой вэ. Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээндээ “эрс шинэчлэл”-ийн тухай ярьсан. Энэ нь Үндсэн хуулийн өөрчлөлт гэж ойлгогдож байгаа. Үндсэн хуулийг өөрчлөх цаг  одоо мөн үү. УИХ-ын үйл ажиллагааг гацааж байгааг гишүүд Төр-Ард түмний хоорондын гэрээг төгс өөрчилж чадах уу?

-Үндсэн хууль өөрчлөх ёстой гэж байгаа бол дэмжиж байна. Эрс шинэчлэл нэртэй хувийн эрх ашиг гүйцэлдүүлэх төдий зүйл байхыг бас үгүйсгэхгүй. Нэг үгээр хэлбэл, би Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд нь итгэхгүй байна.

-Тэгвэл Монголд өрнөж буй улс төрийн зодооны гол буруутан нь Үндсэн хууль юм байна. Үндсэн хуулийг өөрчилчихвөл Монгол асуудалгүй болчих юм байна, тийм үү?

-Мажоритар ардчиллаас пропорциональ ардчилал болох хэрэгтэй байна. Үндсэн хууль болон Сонгуулийн хууль чухал гэж улстөрчид хараасай билээ. Хэрэлдэж зодолдож байхдаа ч ийм гарц байгаа гэж бодох ёстой байх.

 -Та сүүлийн үед нийгмийн сүлжээнд нэлээд идэвхтэй харагддаг. Магадгүй улс төрд орохоор шийдэв үү. Эсвэл үнэхээр эрх баригчдын зодоон үгээ хэлэхээс өөр аргагүйд хүргэв үү?

-Би шинэ үеийн улстөрчдийг бэлтгэх хэрэгт оролцьё гэж бодож байгаа. Сошиал дээр ч идэвхтэй байж хүмүүсийн сонголтод тусалъя гэж бодож байгаа. Миний хувьд хэн нэгний төлөө санал өгснөөрөө улс төрч хэвээр үлдэнэ шүү дээ. Саналаа өгч байгаа хүн бүр л улстөрч шүү дээ.

-2019 он бол өвөрмөц жил. Ирэх онд сонгууль болно. Гэтэл парламентад суудалтай намуудын рейтинг нийлээд 50 ч хүрэхгүй хувьтай байна. Гуравдагч намын эрэлт улс төрд нэмэгдсээр байгаа. Харамсалтай нь, Монголд үзэл баримтлалыг нь дэмжих гуравдагчид алга, яагаад?

-Нам төвтэй улс төр, нэр дэвшигч төвтэй улс төр болж хувирч байна. Энэ нөхцөлд том, жижиг намуудын үүрэг роль бараг адилхан болох байх аа. Яагаад ийм байдал бий болсон бэ гэдэг нь мэдээллийн шинэ, шинэ технологи хөгжиж байгаатай холбоотой юм.

-Сүүлийн үед Монголын дарга нар шударга ёсны тухай багагүй ярих болсон. Ерөнхийдөө дарга болгон шударга ёс гэсэн ганц үгтэй болж. Эсрэг талд нь хууль сануулах хүмүүс ч цөөнгүй байна. Хувь хүний яриад байгаа шударга ёсноос илүү хууль чухал аа гэж. Өөрөөр хэлбэл, шударга ёс ба хууль хоёрыг хооронд нь зөрчилдүүлээд байна л даа. Гэтэл нь Монголын төрд аль, аль нь үгүйлэгдэж, аль, аль нь ус агаар мэт хэрэгтэй байна?  

-Философид нийгмийн харилцааг хоёр зүйл зохицуулна гэдэгсэн. Хүмүүсийн харилцаанд ёс зүй, зан заншил маш чухал. Таны хийж байгаа үйлдэл бусдын хүлээлтэд нийцэж байвал таныг хүмүүс ёс зүйтэй байнаа гэж үнэлнэ. Нийцэхгүй бол ёс зүйгүй байна л гэнэ. Амьдралын ихэнх харилцаа ёс зүй, зан заншлаар зохицуулагддаг. Төр хууль гаргаж зарим харилцааг хуулиар зохицуулдаг. Түүнийг мөрдөхийг хууль ёс хэмээнэ. Хууль, ёс зүйг эрхэмлэж байгаа бол шударга ёс хангагдана. Шинжлэх ухаан энэ ойлголтуудыг маш сайн тодорхойлоод өгсөн байдаг юм. Энэ ойлголтуудын ялгаж салгаж чадахгүй хүмүүс бүгдийг бантагнуулах бөгөөд тийм улс төр нийгмийг бүр л бохирдуулахаас өөр үр дүнгүй.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s