Сэдэв өдөөх үг
Би бээр саяхан “Хотжилт ба Хотын бодлогод юу анхаарах вэ” гэсэн нэртэй нэгэн нийтлэл бичсэн юм. Монголчуудын өмнө тулгамдаж байгаа болон манай хөгжлийн алсын ирээдүйг тодорхойлоход нэн чухал гэж бодож уг асуудлыг хөндсөн юм. Дараахь холбоосоор үзэж болно. (Хотжилт ба Хотын бодлогод юу анхаарах вэ?)
Монголын нийгэмд тулгамдаж байгаа чухал асуудлыг сэтгэл дотроо тээж судалж явдаг нэгэн эрхэм нь профессор Намсрай болой. Тэрбээр миний нийтлэлийг үзэж өөрийн бичсэн зүйлсээ ирүүлж, “Хотын эдийн засаг” сэдвээр хамтран ажиллах санал тавьсанд нэн талархалтай байна.
Ирүүлсэн материалуудаас түүний нэгэн нийтлэлийг эрхэм профессорын зөвшөөрснөөр өөрийн сайт дээр тавьж байна. Болгооно уу.
М. Энхсайхан (РхМ)
Б.Намсрай, профессор
“Хотын эдийн засаг ба Монголын түүхэнд холбогдох зарим эх сурвалжийн тухай”
Монголчуудын хувьд хотын үүрэг роль ямар байсан талаар эрдэмтэн судлаачдын санал бодол зөрүүтэй байдаг.
- “Монголчууд нүүдэлчид байсан, тэд хот, хотын амьдралыг үзэн яддаг байсан” гэж Энэтхэгийн нэрт удирдагч Ж.Неру 1949 онд Лондонд нийтлэгдсэн охиндоо бичсэн захидлын номондоо бичсэн байдаг. (Джавахарлал Неру. Взгляд на всемирную историю. М., 1981, с. 306)
- Нэрт монгол судлаач Б.Я.Владимирцов монголчуудын аж төрөхөд хотууд төдий л гойд үүрэг гүйцэтгэж байгаагүй гэж үзэж байжээ. (Х.Пэрлээ, Монгол ард улсын эрт, дундад үеийн хот суурины товчоон, УБ, 1961, 9 дэх тал)
- Харин өөр бусад судлаачид, тухайлбал, японы түүхч Янай Ватари Чингис хаан наад зах нь 4 ордонтой байсныг судлан тэмдэглэсэн байна.
Монголчуудын голлох аж ахуй нь нүүдлийн мал аж ахуй байсан болохоор хотууд европын юмуу, дэлхийн бусад орных шиг байгаагүй нь мэдээж юм.
1235-1260 онд Монголын эзэнт гүрний нийслэл, 14-15 дугаар зууны үед Умарт Юан гүрний нийслэл болж байсан Хархорумын талаар европын жуулчид гайхан биширч бичиж байсан боловч эдүгээ энэ хот туурь балгас төдий байгаа билээ.
Дундат эртний үед монголчуудын амьдралд шашин их нөлөөтэй байсан болохоор сүм хийд олноор баригдаж байсан. Энэ нь хотын эдийн засаг, байршилд үлэмжийн нөлөө үзүүлж байсан.
1921 оны хувьсгалаас өмнө Монголд наад зах нь 800 орчим сүм хийд байсан гэдэг. Түүнийг устгасан нь хот сууринаа устгасантай адил утгатай юм.
Сүм хийдийг хэрхэн нурааж сүйтгэсэн тухай гэрчлэх хүмүүсээс өөрийн сонссон нэгэн тохиолдлыг энд сийрүүлье. 1970 –аад оны үед МУИС-ийн декан агсан Г.Ринчиндоржийн хамт миний бие бидэнд герман хэл заасан багш Крюгерийг гэргий Тони, хүү Томасын хамт Монгол орноор арваад хоног аялах аялал зохион байгуулсан юм. Тийнхүү аялахдаа хуучны сүм хийдийг хэрхэн нурааж сүйтгэсэн талаар зүрх шимшрэм яриа сонсож билээ.
Бид эхлээд Г.Ринчиндорж гуайн аав ээжийнх нь шүтэж байсан Амарбаясгалант хийдийн туурь балгасыг үзсэн юм. Хийдийн гол сүмийн барилга эвдэрч хэмхэрсэн, бороотой юмуу халуун өдөр адуу мал хоргодож, зогсдог газар болсон байв. Бидний тэрэг голын усанд суухад ирж тусалсан, сүм хийдээ сахиж үлдсэн хэдэн өвгөн лам нар энэ хийдийг хэрхэн сүйтгэсэн талаар дурсахдаа, мухар тэрэгтэй оросууд ирж, агент хаана байна гэж асуугаад тэндээс архи авч уугаад ажилдаа орсон доо гэсэн нь санаанаас гардаггүй юм. Алт мөнгө, торго дурданыг тэргэндээ ачаад, шавар бурхныг хэмхэлж хаясны ул мөр нь энэ байна гэж зааж байсан юм. Гол сүмийн дээрээс орсон бороо дөрвөн баганаар нь дамжин урсдаг байсныг тайлбарлаж байснаас үзэхэд сайн төлөвлөж хийсэн уран барилга байжээ. Гучин хэдэн оны үед бага залуу байсан эдгээр өвгөд өөрсдийн хямгадаж авч үлдсэн ном судар бурхан шүтээнээ жижиг модон пиндээ хадгалж үлдсэнээ бидэнд харамгүй үзүүлж билээ.
Амарбаясгалант хийдийн гол дуганы тааз нь дөрвөлжин хэлбэртэй модон чимэглэл байсан нь хоёр гурван зуун жилийн өмнө биш, ердөө л өчигдөр будсан мэт гялалзаж байсныг бид гайхан биширч билээ. Тэр дөрвөлжин самбараас уран барилгын бидний мэдэх нэгэн эрхэм авч явсан гэж тэндэх хүмүүс өгүүлж байсан юм. Энэ аялалаар бид бас Орхоны хөндий Хар Хорины туурь, Эрдэнэ зуугаар орсон юм. Тэндхийн нэгэн залуу халхын гол шүтээн Гомбогүр бурхныг энд чандлан хадгалдаг юм гэж яриад Автай сайн хааны өргөөг болоогүй байна гээд л дөрвөн удаа шатаасан юм гэж өгүүлж билээ. Эвдэн сүйтгэх нь ямар их бусармаг зүйл болохыг бид яс махандаа хүртэл мэдэрсэн билээ.
Монголын нэрт эрдэмтэн Б.Ринчен цамын багийн тухай германд хэвлүүлсэн номондоо сүм хийд бол уран барилга байсан, соёл, шинжлэх ухааны төв, ядуусыг халамжлах газар байсан гэж бичсэн байдаг нь аргагүй үнэн зүйл юм.
Өнөөгийн Улаанбаатарын түрүүч Их Хүрээний түүхийг эрдэмтэн С.Пүрэвжав , Л.Дүгэрсүрэн нар тусгайлан судалж байсан юм. (С.Пүрэвжав, Хувьсгалын өмнөх Их Хүрээ, УБ, 1961, 161 тал, Л.Дүгэрсүрэн, Улаанбаатар хотын түүхээс, УБ, 1956)
Тэр үеийн хүрээ нь хэдийгээр орчин үеийн хотууд шиг нүсэр том байгаагүй боловч хотод байх худалдаа арилжаа, хот суурин газар гол ус барааддаг, хөдөө газрыг бодвол хүн олон бөөгнөрсөн газарт гэмт хэрэг элбэг тохиолдож, асуудал болж байдгийг тэр үеийн нэгэн шүлэгт хошигнон өгүүлснийг судлаачид эш татсан байдаг. Тэр шүлэгт:
“Араараа урссан Туултай
Араг саврын чавганцтай
Алан тонилгох яргачинтай
Аваад зугтах луйварчинтай” гэсэн байдаг.
Энд хэрэглэж буй яргачин гэдэг нь мал төхөөрдөг хүнийг хэлж байна.
Өнөөгийн нийслэл Улаанбаатарын хувьд аюулгүйн баталгаатай байдлын хувьд нэн хангалтгүй байгаа юм.
Дэлхийн 338 хотыг эрүүл мэнд, дэд бүтэц, цахим аюулгүй байдал, хувь хүний аюулгүй байдал зэрэг гол үзүүлэлтээр жагсаахад Улаанбаатар 288 дахь байранд оржээ. Энэхүү жагсаалтанд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу- Даби тэргүүн байранд, харин Венесуэлийн Каракас сүүл мушгижээ.
Ийм болохоор бид өнөөгийн хотын асуудлыг судлах нь цаг үеийн байж болох юм. Өнөөгийн хотын тулгамдсан асуудлыг судлахад зөв төлөвлөлт, зөв ухаалаг бодлого нэн чухал юм. Наад зах нь гэхэд Улаанбаатарын утаа, түгжрэлийн асуудал гэхэд л хүн бүрийн сэтгэлийг зовоож байна шүү дээ.
Хотын төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэстэй болгоход хотын эдийн засгийг тусгайлан судлах нь чухал юм.
Хотын эдийн засгийн онолын сайн мэдлэг чадвартай байвал асуудал шийдэх нэг гарц болно гэж итгэж байна.
Өнөөдөр дэлхийн хүн амын тал нь буюу 3,5 тэрбум хүн хотод аж төрж, энэ тоо улам нэмэгдэх хандлагатай байгаа юм. Монголчууд ч гэсэн энэ түүхт хандлагад татагдан оржээ.
Хотуудыг аюулгүй баталгаатай, хүртээмжтэй, амьдрах чадвартай, тогтвортой, ухаалаг болгох нь гол зорилго болж байна. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд эдийн засгийн онолын үндэс, арга зүй нь болсон хотын эдийн засгийг судлах нь чухал хэрэгцээ шаардлага болж байна.