ТРИФОНОВ Евгений Ефимович
1962 онд Москва хотод төрсөн. 1988 онд Москвагийн түүх архивын институтийг төгссөн. 1979-1990 онд Зөвлөлтийн армийн Улсын төв Архивт ажиллаж байсан. 1990-1996 онд хараат бус сэтгүүлч, 1996 оноос төрөл бүрийн байгууллагад хэвлэл мэдээлэл хариуцсан ажлууд хийж байсан. Нийтдээ 400 гаруй өгүүлэл, нийтлэл бичжээ.
“Боловсрол төвтэй Улс төр” ТББ-ийн урилгаар дээрх эрхэм “Халх голын түүхийг тодруулахуй” сэдвийн хүрээнд Орос, Монголын ээдрээт харилцааны талаар сонирхолтой лекц хийв. Түүний ярьсан олон зүйлээс цөөн хэдэн санаануудыг нь тэмдэглэж авснаа Та бүгдэд хүргэж байна.
Түүний хэлсэн үгийг хэрхэн ойлгосноо буулгасан тул алдаа байвал тэр алдаа нь минийх гэдгийг хэлэх нь зүйтэй байхаа.
- Оросын ард түмэн монголчуудын талаар хэрхэн төсөөлөл гаргадаг тухай
Монголчуудын тухай Оросын ард түмэн тун дулимагхан мэдээлэлтэй байдаг . Монголчуудыг төсөөлөхдөө цөөхөн хэдэн томоохон түүхийн үйл явдлаар сэтгэдэг гэв. Чингис хаан, Бат хааны аян дайнаар монголчуудыг төсөөлөх ажил нь эхэлдэг. Дараа нь хэдэн зууны тухай монголчуудын тухай огтын ойлголтгүй явж байгаад ХХ зууны эхэнд гэнэт л тээр алс бөглүү нутагт малчин ард түмэн Хувьсгалт Нам зохион байгуулж, Ардын хувьсгал хийсэн тухай алаг цоог мэдээлэлтэй болсон. Тэгснээ 1939 онд Халх голд зөвлөлтийн цэргүүдтэй мөр зэрэгцэн байлдсан тухайгаар, Дэлхийн П дайнд монголчууд Зөвлөлтийн ард түмний бат ар тал нь байснаар монголчуудыг төсөөлдөг. Дараа нь монголчууд социализм байгуулж байгаа Зөвлөлт орон том том тусламж үзүүлдэг гэсэн ойлголттой болсон гэнэ. Эдгээр түүхэн үйл явдлууд нь цаг хугацааны хувьд өөр хоорондоо алс, бутархай мэдээллүүд учир Монголын талаар бүтэн зураглал гаргаж чаддаггүй хэмээв.
- Монгол обьект уу, субьект үү?
Зөвлөлт Орос 1921 онд Монголыг зөвшөөрсөн мэт боловч тэр нь зөвхөн хоёр талын шинжтэй, олон улсын тавцан дээр 1945 он хүртэл хэзээ ч тусгаар улс гэдгийг нь хүлээн зөвшөөрдөггүй байсан байна.
Тиймээс Зөвлөлтийн коммунист удирдагчид Монголыг обьект болгон ашиглаж байсан болохоос Монголыг эн тэнцүү эрх бүхий субьект гэж үздэггүй байсан гэнэ.
Дэлхийн П дайнд зөвлөлтийн ард түмэнд монголчууд “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх эскадриль бэлэглэж байсан. Түүнээс илүүтэй нь дулаан хувцас, оймс бээлий, хоол, хүнсийг хэрэгтэй хэн нэгнээс нь аваад нийлүүлж байсан нь Оросын ард түмний хувьд сэтгэл зүйн аугаа дэмжлэг болж байсан. Монголчууд бидний найдвартай ар тал юм байна гэсэн сэтгэгдэл Оросын ард түмэнд төдийгүй, Зөвлөлтийн удирдагчдад бий болж байсан нь Монгол эн тэнцүү субьект мөн юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөхөд тустай байсан гэнэ.
- Халх гол
Халх гол тухайн үеийн том гүрнүүдийн геополитикийн мөргөлдөөн байсан. Зөвлөлт улс Японтой байлдсан. Монгол мөн Японтой байлдсан гэж ойлгож болно. Хамгийн хожсон орон бол Монгол. Монголыг дэлхий мэддэг болсон, Монгол тусгаар улс гэдгээ олон улсын тавцанд зөвшөөрүүлэхэд хэрэгтэй болсон. Зөвлөлтийн удирдагчид ч Монголыг хүлээн зөвшөөрсөн гэнэ. Энэ зуур хэлмэгдүүлэлт аймшигтай байсан. Хар цагаан аль нэг өнгөөр нь түүхийг будахад хэцүү хэмээв
- Орос Монголын харилцааны тухай
Монгол социализм байгуулж Зөвлөлт Орос асар их тусламж өгдөг гэсэн ойлголт дээр Монголчуудыг төсөөлдөг төсөөлөл гацсан. Мэдээж ийм биш, Хоёр ард түмэн эрх тэгш харьцаж мэдээлэл солилцдог байх явдал чухал хэмээв.