Олигархид Бичсэн Ил Захидал

Screen Shot 2020-04-22 at 4.57.55 PM

 

“Социализмаас Капитализм руу” нэртэй номыг жаахан яаран байж  бичиж билээ. Яарсан шалтгаан нь номын зохиогчийг АТГ, Прокурор хэрэг зохиож буруутан болгох гэж байгааг мэдэрсэн тул тэдэнтэй уралдсан хэрэг байлаа. Яарснаас бичиж үлдээмээр олон санааг орхидуулжээ. Хожмоо дараачийн дэвтрийг бичих бололцоо олдох байлгүй гэж бодном.

Уг номд орсон нэгээхэн хэсгийг товчилж Уншигч Таны анхааралд хүргэе.

 Олигархийн Төмөр Хууль

Олигархийн Төмөр хууль гэж нэрлэгддэг нэгэн нийгмийн үзэгдэл байдаг. Ер нь аливаа байгууллага өсч торних замдаа зүгээр нэг томорчихдоггүй, цөөн тооны бүлэг этгээдийн мэдэлд хөрөнгө мөнгө төвлөрч бие биенээсээ хамааралтай болж олигархижиж, ёс бус ажиллах нөхцөл бий болдог аж. Энэ үзэгдлийг тайлбарлахын тулд олигархийн Төмөр хууль гэгчийг судлаачид хэрэглэдэг. Өнөөдрийн Монголд болж байгаа олон зүйлсийг энэ өнцгөөр харвал бас ч үгүй олон зүйл ойлгогдоно. Өнгөрсөн 30 жилд биеэ даасан гэх төрийн эрх мэдлүүд тус тусдаа олигархижсан байгаа юм. Зүгээр байхгүй өөр хоорондоо эрх мэдэл, хөрөнгө мөнгө булаацалдан хэмлэлдэнэ. Энэ үзэгдэлд хамгийн түрүүнд өртсөн төрийн нэг чухал институци нь улс төрийн намууд байлаа. Үзэл баримтлал алсарах, итгэл үнэмшил холдох хэмжээгээр улс төрийн намууд олигархиудад эрх мэдлээ худалдаж эхэлсэн байгаа юм.

Нийгэм урагш ахих тусам нийгмийн шинэ төлөв байдал, үзэгдлийг тайлбарлан ойлгох шинэ шинэ ухагдахуун хэрэгтэй болдог. Шинэ зүйлийг хуучин категориор тайлбарлаж болдоггүй. Хэрвээ ингэхийг оролдвол оюуны санааны хоцрогдолд уяагдана гэсэн үг л дээ.

Одоогоос 13 жилийн өмнө Монголын нийгэмд олигархийн тухай шинэхэн ойлголт оруулах гэж эрмэлзсэн боловч энэ гадаад нэр томьёог ойлгох хүмүүс тун бага байв. Тэр байдал дээр нь улс төр хийж Орос маягийн олигархи засаглал мөрөөдсөн нэг том эх оронч мэндэлсэн нь Х.Баттулга байлаа. Тэрбээр өөрөө чамгүй баян хүн л дээ. Гэсэн хэдий ч баян байхад хязгаар байх биш Женко хочит маань баян хүнийг үзэн ядах коммунист сэтгэлгээг ашиглаж ардчилагчдын эсрэг, үйлс нь амжилттай явж байгаа бизнесменүүдийн эсрэг нийгмийг турхирч эхэлсэн юм.  Популистууд улс төрийг хийхдээ ярьж байгаа зүйл нь хагас үнэн, хагас худал зүйл дээр тулгуурладаг бөгөөд хамгийн гол нь олны дургүйцлийг төрүүлж түүнээс улс төрийн хонжоо гаргахыг эрмэлздэг.

“Олигархи Баттулгад илгээх ил захидал”

2007 оны 8 дугаар сарыни 13-ны өдрийн “Өнөөдөр” сонинд миний бие  ийм нэгэн нэртэй ил захидал нийтлүүлж байсан. Хүмүүс интернэтээс хайгаад олж үзэж болно. Захидал нь тэр үед Баттулгын бусдыг дайрч гүтгэж, Монгол төрийн өндөрлөг рүү ёс бусаар, яг олигархи маягаар зүтгэж байгаад олны анхаарал хандуулах гэсэн байжээ.

Тэрхүү захидалд “ Чоно борооноор… Ухаантай нь дуугаа хурааж, эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй харааж зүхсэн хүмүүсийн дуу хоолой хүчтэй болсон энэ цаг үед гэнэт нэгэн “ухаантан” бий болсон нь Баттулга Та билээ. Ухаантан гэж цоллох шалтгаан нь УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга бичиж байна гэсэн хөмсөг гарчигтайгаар Таны нэрээр үе үе төлбөртэй “том том” өгүүлэл өдөр тутмын зарим сонинд гарах боллоо. 

Олигархиуд төрийг гартаа авахыг санаархаж, нийгмийн бухимдлыг зохиомлоор дэгдээхэд чиглэсэн өгүүлэл бичиж, элдэв хөдөлгөөнийг санхүүжүүлж, тэдэндээ нэр нүүрээ алдахгүйн тулд “онол”-ын үндэслэл мэт ядмаг өгүүллүүд Таны нэрээр гарч байгаад олны анхаарлыг хандуулах цаг болжээ.

Та саяхан “Архи зарах нь алсын хараа биш” гэсэн ээлжит төлбөртэй явуулгаа хийжээ. Ингэхдээ ухаантай юм бичээд байгаа шүү гэдгээ нотлох гэж бичлэгээ алсаас “Forbes сэтгүүл өнгөрсөн долоо хоног дэлхийн хамгийн баян хүнээр Мексикийн иргэнийг тодруулсан тухай хэлээд Монгол Улс маань “14 гэр бүлийн хяналтад орох цаг айсуй хэмээн олон түмнийг айлгажээ.

Ийм явуулгын зорилго нь Баттулга ажаа олигархи биш юм байна, олигархуудтай тэмцэгч “цогтой баатар” нь Халтмаагийн банди Баттулга юм байна гэж хүмүүст итгүүлэх гэсэн хэрэг……  Монгол төрөөр тоглохыг, Монголын төр рүү иймэрхүү этгээд асаж байгааг зүгээр харж болохгүй санагдаад байгаа юм” гэж бичиж байлаа.

Харамсалтай нь үүнээс хойш 10 жилийн дараа Баттулга тавьсан зорилгодоо хүрчээ. Өс зангидах, үргүй зардал гаргах үлгэр жишээнээс өөрөөр юу хийсэн бэ гэж асуух цаг нь ойртож байна.

Баттулга сайн бөх байх, хөдөлмөрч гэдэг нь ч үнэн байх. Гэхдээ төрийн сэнтийд боловсролыг эрхэмлэх хэрэгтэй. Эв эеийг бүрдүүлэх хэрэгтэй. Бөх барилдаж, амжилт гаргахын тулд асар их хүч хөдөлмөр гаргадагтай адил мэдлэг боловсрол хуримтлуулах, ном унших, ганц хүнтэй тулж ялан дийлэх биш, олон хүнтэй нүүр тулж баг бүрдүүлж Монголыг ялуулах гэдэг түүнээс дутахгүй хөдөлмөр шаарддаг ажил юм.

Миний энэ бичсэн номыг хамгийн том олигархийг тойрон хүрээлэгчид нь үзээд матаас маягийн аман танилцуулга хийж таараа.

Тэрбээр шоронд явуулчих юмсан гэсэн хүслээ л хэлнэ биз.

Харин Монгол орон олигархи тогтолцооноосоо ардчилал руу юу, аль эсвэл дарангуйлал руу явах гэж байна уу үгүй юу бүгдээрээ харцгаая.

Х. Баттулгад хандаж бичсэн ил захидал нь түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч болохоос 10 жилийн өмнө 2007 онд бичиж байсан,  үйл явдал нь 13 жилийн өмнө болсон явдал  юм шүү.

Төрийн өндөр албан тушаал хүнийг улам л эвдээд байхаас биш сайжруулахгүй байгааг харж байна. Уул нь хариуцлага ихсэх тутам хувь хүн  чамбайрдаг гэж би ойлгодог. Таны хувьд тийм биш байна. Таны улаан нүүрэн дээр чинь үнэнийг хэлэх хүн одоохондоо цөөхөн ч, далдуур эсэргүүцэгч их байгааг амьдрал дээр түвэггүй олж харж байна. Таны өсөрхөж төрийн машиныг авилгын эсрэг биш, ардчиллын эсрэг хөдөлгөх гэж мугуйдалж байгаа чинь харж байнаа.

Цаг хугацаа ээлжтэй байдаг нь хорвоогийн жам. Хууль ёс, эрх, эрх чөлөөг бид тууштай хамгаалах болно. Үе үеийн төрийн түшээдийг шороотой хутгадаг нь Манж болон Оросоос монголчуудад үлдээсэн колонийн сэтгэлгээний өв шүү.  Ийм үхширмэл сэтгэлгээ тийм ч хурдан алга болохгүй.

Баттулгыг ерөнхийлөгч байхын цагт дэргэд нь далдаганах тойрон хүрээлэгчид их мэт боловч ажлаа өгмөгц тал талаас нь барьж идэх хүмүүс бас хангалттай гарна.  Тэр нэгэн цаг Энхбаярыг баривчлах гэж сүржигнэж байхад дэргэд нь  зогсоод өмгөөлж байсан шигээ, өөрийг чинь хамгаалаад зогсох нь гарцаагүй.

Яагаад гэвэл тэр нь хувь хүмүүсийг гэмт хэргээс хаацайлах гэсэн явдал биш Монголчуудын төрөө хүндлэх, өмнөх удирдагчидаа муулдаг колонийн сэтгэлгээнээс нь салгах, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалж үлдэх үйл явдал болох юм.

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s