“Социализмаас Капитализм руу” гэсэн нэртэй нэгэн бяцхан ном бичиж билээ. Номын нэг хэсгээс Та бүгдэд толилуулья.

Номын анхны хувилбарыг бичиж дуусгаад нооргоо намайг Ерөнхий сайд байх үед зөвлөхөөр ажиллаж байсан, одоо Нью-Йоркт Нэгдсэн Үндэсний Байгууллагад эдийн засагч хийж байгаа Ц.Батболдод “Нэг гүйлгэж харах зав байна уу” гээд явууллаа. Бидний реформ хийж байх үеэс хаягдаж, гээгдсэн, мартагдсан том зүйл байвал сануулаарай гэв. Тэр маань хариу бичиж байна. Өөрийг тань нэг л их капитализм шүтэн биширсэн амьтан гээд гөвж эхлэх байхдаа гэнээ.
Би номын нэрийг өгөхдөө монголчууд бүгд мэдээд ч байгаа юм шиг, мэдэхгүй ч байгаа юм шиг, хаанаас хааш ирснээ, хаашаагаа явах тухайгаа тов тодорхой хэлчихэж чадахгүй байдалтай байгаа сэтгэлгээний саад тотгорыг эвдэж; байгаа нөхцөл байдлыг академик хүрээнийхэн хэрхэн томьёолох байсан бэ гэдгийг бодож; “Социализмаас Капитализм руу” гэсэн нэр өгсөн юм. Маргаан тарих нь ойлгомжтой. Тэгээсэй билээ. Угаасаа миний зорилгод нийцэж байгаа юм. Монгол социализм гэдэг зогсоолоос капитализм гэдэг зогсоолд ирсэн юм байна. Цааш төгс төгөлдөр болгох тухай бодохын оронд буцаад явнаа гэж бодоод байвал цаг алдаж, хөгжлөөс хоцорчих юм шиг санагдаж номоо ингэж нэрлэсэн юм.
Капитализм шүтлэг биш л дээ. Гэвч өнөөдөр дэлхий ертөнц дээр капитализм ялчихаад байна. Капитализм дэлхий дээр бараг л бүх оронд нэвтрэхдээ цагаан морин жилээс хойш өдөрт $1.90-оос доош орлоготой үгээгүй ядуу хүмүүсийн тоог 2 тэрбумаас 700 сая болтол хоёр илүү дахин багасгаж чадсан байна. Тэдгээрийн ихэнх нь Хятад, Энэтхэгт хамаарч байна. Эрүүлийг хамгаалах шинжлэх ухаан, технологи хөгжсөнөөр эхийн эндэгдэл эрс буурч 100 сая хүүхдийн амь нас энэ хугацаанд аврагдлаа гэсэн тоо баримт гарчээ. Капитализм олон оронд эдийн засгийн өсөлт авчирч хүмүүсийн амьдралын чанарыг дээрдүүлжээ. Гэсэн хэдий ч капитализм төгс биш л дээ. Түүнийг социалистууд шүүмжилдэг ч капитализмыг боловсронгуй болгох түлхүүр нь уг системд өөрт нь байгаад хэргийн учир оршиж байгаа юм.
Өнөөдөр дэлхий даяар капитализмыг сайн муугаар тал талаас нь ёстой нэг гөвшиж, шүүмжилж байна. Шүүмжилж чадаж байгаа боловч капитализмыг хэрхэн боловсронгуй болгох вэ гэдэг талаар ончтой санал ховорхон сонсогддог.
2015 он шиг санагдаж байна, Оксфордын профессор Пол Коллиерын нэгэн лекцэнд оролцох завшаан тохиосон юм. Тэрбээр миний бүх ирэх буцах зам хоног, зочид буудлын зардлыг минь даалаа. Тал талаас авчирсан “сурагчид”-аа 4 одтой зочид буудал оруулж билээ. Тэр нь хуучны шоронгийн барилга байсан бөгөөд шоронг зочид буудал болгож болдогийг Африкийн орнуудын экс сайд, Мьянмар, Монгол зэрэг Азийн орнуудын экс сайд нарт үзүүлсэн нь мөн л эрх чөлөө хэрхэн хөгжил авчирдаг гэдгийг биетээр нь харуулах шиг болсон.
Профессор Пол Коллиер нь амьдралынхаа ихэнх хугацааг ядуу буурай орнуудын асуудлыг судалж, тэдний байдлыг дээрдүүлэх гэж элдэв асуудлыг сөхөж тавьдаг том эрдэмтэн хүн. Тэрбээр монгол хэлнээ орчуулагдсан Адагт унасан тэрбум (Bottom Billion) номын зохиогч юм. Тэрбээр 2019 онд Капитализмын Ирээдүй гэсэн ном гаргажээ. Энэ талаар Билл Гэйтс бичихдээ “Би Пол Коллиерын том фен. … Насан туршдаа ядуу орнуудыг судалж ирсэн тэрбээр энэ удаа ядуурлын тухай ном бичээгүйд бяцхан гайхсан. Гэвч тэрбээр баян орнуудад бий болсон капитализмын бэрх асуудалтай тулж байна. (Капиталист) Систем хямралд байгаа гэдэг нь ойлгогдож байгаа мэдрэмж юм. Түүний хэлж ярьж байгаатай бүгдтэй нь санал нийлэхгүй ч гэсэн хэлж ярьж байгаа зүйлийн ихэнх нь зөв байдаг” гэжээ.
Коллиер номдоо капитализмыг хямрал руу түлхэж байгаа гурван том тектоникийн хагарлыг дурджээ. Нэгд, Хэт шавааралдан томорч буй хот нэг талаас, нөгөө талаас нүүдэл суудалд өртөж эзгүйрч байгаа хөдөө, орон нутгийн хоорондох хагарал; Хоёрт, Хүмүүсийн коллежийн боловсрол эзэмшсэн хэсэг, ямар ч боловсрол эзэмшээгүй давхаргын хоорондын хагарал; Гуравт, Өндөр болон дунд орлоготой улс орнууд болон хөгжлөөс хоцрогдсон, төр засаг нь бүтэлгүйтэж байгаа улс орнуудын хоорондох хагарал гэж байна.
Капитализмын үндсэн асуудал “Яаж ёс суртахууны үнэлэмжийг системийн хөдөлгөгч хүч болгох вэ” гэдэг дээр очиж байгаа бололтой юм. Ингэхийн тулд яаж
- хүмүүсийг ёс суртахуунтай болгох вэ,
- яаж улс төрийг ёс суртахуунтай болгох вэ,
- яаж хэвлэл мэдээллийг ёс суртахуунтай болгох вэ,
- яаж төр, засгийг ёс суртахуунтай болгох вэ,
- яаж компаниудыг ёс суртахуунтай болгох вэ,
- яаж өрх гэрийг ёс суртахуунтай болгох вэ,
- яаж олон улсын харилцааг ёс суртахуунтай болгох вэ
гээд түм түмэн салбар асуудал гарч байгаа.
Монголд тулгамдаж байгаа том асуудал нь зах зээлийн “үл үзэгдэх гар”-ыг “төрийн хүнд гар”-аас хэрхэн аврах вэ тухайд орших шиг харагдаж байгаа.
Монгол энэ том хэлэлцүүлгээс өөрийн арга замыг л олох шаардлагатай юм. Нэрлэх ёстой нэршлээс битгий зугтаа. Капитализмыг боловсронгуй болгох дэлхийн тэмцээнд Монгол оролцог гэж бодож зарим хүмүүсийн уур уцаарыг хөдөлгөсөн номынхоо нэрийг “Социализмаас капитализм руу” гэж зориуд томьёолсон юм.
Шүүмжил, бод, дайр.
Үр дүнд нь Монгол урагшлах л ёстой.

Ном дэлгүүрт дуусссан байна. Гэвч дижитал хэлбэрээр дараахь сайтаас авч үзэж болохоор юм байна.