
Дэлхий нийтэд либерал гэдэг үгийг их олон янзаар тайлбарлаж ирлээ. Зарим нь дураараа дургихын нэр гэнэ. Зарим нь баячууд нь улам баяжихыг өөгшүүлдэг систем л гэнэ. Мөн хартай нэгэн нь ядуу орнуудыг колоничлох гэсэн хөрөнгөтөн гүрнүүдийн бодлого л гэнэ. Зарим нь цаг хугацааны шалгарлыг давж, ирээдүйд үлдэж болох дэлхийн хэмжээний цор ганц шинжлэх ухаанч үзэл баримтлал л гэнэ.
Энэ үгийн гарал үүслийг хайхаар Францын иргэний хувьсгал руу хөтөлдөг юм. Харгис хааны дарангуйллын эсрэг хувьсгал хийж, чөлөөт иргэдийн нийгэм байгуулсан хүмүүсээ либерал гэж нэрлэдэг байж.
Шашны хувьд либерал сүсэгтэн гэдэг нь хатуу догма баримталдаггүй хэр нь бурхан тэнгэртээ итгэдэг хүмүүсийг хэлдэг аж. Жишээ нь зарим урсгалд эхнэр авахыг хориглодог бол либерал урсгалд нь зөвшөөрдөг.
Эдийн засагт либерал үзэл гэдэг нь төрийн оролцоог зөвхөн “шөнийн манаачийн” хэмжээнд хязгаарлахыг хэлдэг. Эдийн засгийн амьдралд оролцож буй хүмүүс маань өөрсдийн эрхээр шийдвэр гаргана. Зах зээлд үнэ бүрдэхдээ цэвэр эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр тогтож байх ёстой.
Сүүлийн үед неолиберал гэсэн үгийг их хэрэглэх болсон. Ингэхдээ доромж, муу утгаар нь төлөөлүүлэн хэрэглэх нь түгээмэл.
Элдэв сурталд авталгүйгээр, зөвхөн түүхэн бодит байдлаас авч үзвэл, шинэ либерал үзэл гэдэг маань эдийн засагт гуравдагч замын онол гэдэгтэй их дүйнэ.
Нийлүүлэлтийг хэт шүтсэн классик либерал урсгал гэж бий. Мөн эрэлтийг дэмжсэн социалист маягийн үзэл буюу зүүний урсгал бий. Тэгвэл энэ хоёр урсгалын давуу талыг нэгтгэх буюу зах зээлийн эрүүл хүчийг, нийгмийн зөөлөн бодлоготой уялдуулах зорилгоор энэ урсгал анх Германд үүсжээ.
Гэвч 1970 аад оноос эхлэн неолиберал гэдэг үгэнд сөрөг утга нааж, улмаар үндэстэн дамнасан корпорацуудыг илт дэмжсэн суртлын нэр гэж гажуудуулан үзэх болжээ.
Үнэндээ бол неолиберал урсгалын үндсэн санаа нь манай үндсэн хуульд байдаг “нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг” гэсэн байгууллын онолын суурь гэж хэлж болно.

Неолиберал урсгал амьдрал дээр хэрхэн биеллээ олж ирэв?
Улс төрийн салбарт гэхэд, ихэнх орнуудад саяхныг хүртэл эмэгтэй хүн сонгуульд ордоггүй байлаа. Тэгвэл улс төр дэх неолиберализмын нөлөөгөөр эмэгтэйчүүд сонгуульд оролцох хөдөлгөөн дэлхий даяар өрнөсөн юм.
Мөн том зээл, санхүүжилтийг хуучин цагт зөвхөн том компаниуд авдаг байлаа. Тэгвэл ядуурлын эсрэг нэг том зэвсэг гэгдэж ирсэн бичил зээл бол мөн л неолиберализмын биелэл болно.
Либерал үзлийн нэг том ялалт бол ЗХУ нуран унасны дараа хуучин “соц” орнуудын дийлэнх нь чөлөөт зах зээлийн эдийн засгийг сонгосон юм.
Энэ шилжилтийг манлайлагчдын нэг нь Монгол Улс байлаа. Яагаад байлаа гэвэл манай либерализмын түүх их сонин, дундаа тасалдаж ирсэн байдаг.
1990-1992 онд өмч хувьчлал, үнэ чөлөөлөлт гээд алхмыг зоригтой хийсэн. Гэтэл тэр үед энэ алхмуудыг хийж чадаагүй, хуучин байгууллаасаа шуудхан салж зүрхлээгүй орнууд өнөө хэр нь хүндрэлтэйгээ зууралдсаар байна. Узбекстан, Тажикстан, Украин, Беларус гэх зэрэг цөөнгүй орныг дурдаж болно.
Гэтэл тэр үед либерал реформыг зоригтой хийсэн Зүүн хойд Европын орнууд өнөөдөр Баруун Европын орнуудыг гүйцэж очиход тун ойрхон байна.
Гэвч манай монголын шинэчлэл 1992-1996 онд, мөн 2000-2004 онд зогссон бас царцсан. Энэ хэрээр манай улсын хөгжил хойшилсон.
Шалтгаан гээд олон зүйлийг тооцож болно. Магадгүй сонгогчид огцом өөрчлөлтөд бэлэн биш байсан. Мөн шинэчлэгчид маань ч реформын ач холбогдлыг олон нийтэд зөв ойлгуулж, итгэлийг нь хүлээж чадаагүй байж болох.
Болоод өнгөрсөн түүхийг ямар ч өнгө будаггүйгээр харвал, малыг малчдад, орон сууцыг оршин суугчдад нь хувьчлаагүйсэн бол өнөөдөр манай эдийн засаг, банк санхүүгийн нөхцөл байдал ямар байх байсан бол?
Малын тоо толгой өнөөдөр олон арван саяд хүрэх байсан уу? Банкнуудын нийт актив эдийн засагтай бараг тэнцэхээр болж өсөж чадах уу?
Мал сүрэг, орон сууцыг эдийн засгийн төдийгүй санхүүгийн эргэлтэд оруулснаар монголчууд бид бүгд хожсон.
Бидний хэлж заншсанаар улаан буюу гадаад паспортыг иргэддээ олгосноор ганзагын наймааг эхлүүлсэн. Эдийн засаг хүнд байх үед гадаадад ажилладаг монголчууд жилдээ л олон зуун сая ам.долларыг Монгол руу гуйвуулдаг.
Либерализм манай эдийн засагт сайнаар нөлөөлсөн жишээ салбар бүрд байна. Дөнгөж 2000 онд байгуулагдаж байсан банкнууд өнөөдөр хэдэн зуу, хэдэн мянга дахин томорсон байна.
Өнөөдөр томхон аймгийн нийт эдийн засгийг 20, 30 дахин томруулснаас ч илүү их хөрөнгийг удирдаж буй банкнууд цөөнгүй болжээ.
Уул уурхайн салбарт 1997 онд харьцангуй либерал Ашигт малтмалын тухай хуулийг батлаагүй бол өнөөдөр бид Оюутолгой, Тавантолгой гээд хэрэлдээд сууж байх уу? Нөгөө 2011 оны эдийн засгийн алдарт 17 хувийн өсөлт гарах байсан уу? Үгүй.
Өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харахад бидэнд алдсан нь ч байна, оносон нь ч бий. Гэхдээ бид ямар азаар 1990-1992 оны бас 1996-2000 оны тэр үүлэн чөлөөний нар шиг зурвасхан үед либерал реформуудыг эхлүүлж чадав аа? Хагас дутуу хэрэгжиж буй ч гэсэн эдгээр реформын ачаар л бид өдий зэрэгтэй явж байна.
Бас энэ 30 жилийн ихэнхийг нь унтаад, хэт алгуурлаад өнгөрөөсөн нь юутай харамсалтай вэ? Монголын нийгмийг хүн гэж авч үзвэл нэг эмчилгээгээ дуустал хийлгэж чаддаггүй тэвчээр муутай өвчтөн шиг, эсхүл нэг зохиолоо нямбай бичиж дуусгаагүй байж дараагийнх нь шүүрч авдаг зохиолч шиг л байлаа.
Уг нь бол, Монголчууд бидний амьдралын хэв маяг, нийгэм төрд хандаж буй хандлага, шинэ юмыг хүлээж авах чадвар, бие дааж бизнес эрхлэх дайчин зан чанар зэргээс харахад бид неолиберал суртал, бодлогод ойр хүмүүс гэж би хувьдаа боддог.
Нүүдэлчин удам маань ч нөлөөлдөг биз.
Гэвч бид буруу ойлгосон “неолиберализм”-аас жигшсээр, ухралт хийсээр…
2 thoughts on “Ч. Отгочулуу: Монголд “хэрэггүй” неолиберализм”