Pax Mongolica сайтад тавтай морилно уу.

Сайтын нэр нь монголын буурал түүхтэй холбоотой юм. Монголчууд бид өвөг дээдсийнхээ хийсэн их аян дайнаар бахархдаг. Ингэхдээ хийж бүтээж явсныг нь биш, устгаж сөнөөж явсныг нь илүүтэй ярих нь элбэг. 13 дугаар зуунд нүүдэлчин монголчуудын өмнө дэлхийн олон улс, үндэстэн өвдөг сөхөрч байсан нь түүхийн үнэн юм.

Гэвч түүнээс илүүтэй нэгэн чухал үнэнийг өнөөгийн монголчууд мэддэг, үүгээрээ бахархдаг баймаар байгаа юм.  Энэ бол Их Монгол Улс байгуулагдсны дараа энэ дэлхий дээр Энхтайван, энх амгалан үе ирж, тэр нь бараг 100 жил үргэлжилжээ. Энэ цаг үеийг түүхчид латинаар Pax Mongolica буюу Mongol Peace-Монголын энх амгалан гэж нэрийддэг.

Pax Mongolica хэмээх энэ цаг үед Европ Азийг холбосон сүлжээ өргөжиж худалдаа наймаа цэцэглэж, мэдлэг, мэдээлэл, технологи дэлхий дахинаа түгэн, дэлхий ертөнц хөгжих нөхцлийг бүрдүүлсэн гэх бөгөөд өнөөгийн глобаль ертөнцийн дүр төрх чухамдаа тэр үед бүрэлдсэн гэдэг.

Түүхэнд домог болсон энэхүү сүлжээг олон оронд “Торгоны зам” хэмээдэг. “Торгоны зам” хэмээх нэр томъёо анх 1877 оноос яригдсан гэх бөгөөд зохиогч нь Фердинанд вон Рихтофен гэдэг Германы газар зүйч эрдэмтэн юм.

“Торгоны зам” гэх нэршил Хэр зөв бэ гэдэг талаар одоо ч маргаан байдаг. Японы эрдэмтэн Хисау Мацуда энэ замаар голчлон “торго-морины наймаа”  явагдаж байсан хэмээгээд зөвхөн “Торгоны зам” гэж нэрийдэх нь алсдаа талын нүүдэлчдийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг ролийг мартагнуулж магадгүй гэжээ.