“Төслийг буруу хийвэл түүнийг засах нь бүр илүү зардалтай”

"Төслийг буруу хийвэл түүнийг засах нь бүр илүү зардалтай"

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай уулзаж ярилцлаа.


-Ардчилал ялснаас хойш Монголд 33 жил өнгөрчээ. Та АН-ын анхны Ерөнхий сайд. Өнгөрсөн 33 жилд Монголын ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулж ирсэн хүн. Тиймээс танаас шулуухан асууя, Монгол Азийн ардчиллын баян бүрд байж чадаж байна уу?

-1990 оны цагаан морин жилийн хувьсгалаар монголчууд ардчилал, зах зээл рүү шилжсэн. Тухайн цаг үед хойд, урд хоёр хөршид ч нийгэм, эдийн засгийн өөрчлөлт явагдсан. Аль аль нь хөгжлийн асуудалдаа илүү төвлөрч байсан тул Монголын ардчилал алдаа оноотой ч “амьд” байж ирсэн. Гэвч өнгөрсөн жилүүдэд гадаад нөхцөл байдал аажмаар хувьсан өөрчлөгдлөө. Авторитари чиг хандлага хоёр хөршид бэхжлээ. Орос, Хятадад төрийн капитализм хөгжив. Ардчилал уу, аль эсвэл авторитари дэглэм үү аль нь дээр вэ гэдэг асуулт гарч ирнэ. Алсаа харвал, тогтвортой хөгжил гэж бодвол бэрхшээлтэй ч ардчилал нь чухалчлагдана гэж бодож байна. Энэ бол хөгжлийн гадаад орчинтой холбоотой асуудал юм.
Сүүлийн үед дэлхийн гео улс төрийн нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж байна.

Орос-Украины дайны үр дүнгээс хамаарч дэлхийн дэг журамд өөрчлөлт гарна, гарцаагүй. Улс орнууд энэ өөрчлөлтийг урьдчилан харж, бэлтгэж, шинэ сонголтод хэний талд, аль талд байх вэ гэсэн ухаалаг бодлого хэрэгжүүлж байна.

Монголчууд бид түүхэн сонголтоо зөв хийж чадвал ирээдүйд илүү амьдарна. Буруу хийвэл өнөөдрийнхөөс ч илүү зовлон, бэрхшээл бидний өмнө бий. Таны асуултад шулуухан хариулахад, би Монголын ардчиллын баян бүрд ширгэж хатаж байна гэж хэлнэ. Бүх үзүүлэлтээс харвал Монгол арагшаа улам ухарч байна. Авлигын индексээр 16 байр, ардчиллын индексээр зургаан байр, хэвлэлийн эрх чөлөөгөөр 22 байр ухарчээ. Их хэмжээгээр итгэл үнэмшил, ёс суртахууны доройтолд орсон байна. Их хэмжээгээр хувь хүний эрх, эрх чөлөө хумигдсан байна. Их хэмжээгээр хууль сахиулагчид, шүүх нь ялзарсан байна. Их хэмжээгээр төр засаг жонхуурсан байна. Чөлөөт эдийн засаг чөдөртэй морь шиг догонцож байна. Энэ бүхэн ардчилалд харшилтай.

ХУУЛЬ, ШҮҮХИЙН БОЛОВСОН ХҮЧИНД ӨӨРЧЛӨЛТ ХИЙХГҮЙ БОЛ АВЛИГАТАЙ ХИЙХ ТЭМЦЭЛ БҮТЭХГҮЙ БОЛНО

-Тэгвэл энэ бүхэн юунаас болов. Яагаад Монгол ардчиллаас ухрав?

-Нэгд, хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал нь өөр хоорондоо холион бантан болвол ардчиллаас ухарсан үзүүлэлт болно. Жишээ нь, Засгийн газрын сайд нарын дийлэнх нь “давхар” дээлтэй. Үүнээс болоод УИХ нь Засгийн газартаа хяналт тавих үүргээ гүйцэтгэж чаддаггүй. Хариуцлага задгайрдаг. Хоёрт, хууль, шүүх нь Төрийн ордноосоос захиалга, даалгавар авч, хэрэг үүсгэдэг болохыг хуулийн сайд нь өөрийн амаараа баталсан шүү дээ. Гуравт, эрх баригч намаас бусад намуудын улс төрийн оролцоо хумигдаж, УИХ-ын сонгуульд амжилт гарах магадлал тэгтэй тэнцвэл ардчилал үгүй болж байгаа шинж болно. МАН дангаар засаглаад долоон жил болж байна. Энэ долоон жил жижиг намууд бүрмөсөн дуугаа хураасан. Сөрөг хүчин гэгддэг АН нь гурав хуваагдчихсан. Нэгэнд нь тамга байхгүй, нөгөөд нь гэрчилгээ байхгүй, сонгуульд оролцох эсэх нь эргэлзээтэй болсон байна. Сөрөг хүчингүй болсон хагас ардчилалд эрх баригч МАН дотроо дайтахаас өөр сонголтгүй байна. Авлига, хулгайн том хэргүүд ар, араасаа гарч, эцэс төгсгөл нь харагдахгүй байна. Товчхондоо Монгол ардчиллаас ухарч байна.

-Шүүх, прокурорын хэлмэгдүүлэлтэд өртсөний хувьд шүүхийг хэрхэн шинэчлэх ёстой вэ?

-Би зөвхөн өөрийнхөө жишээн дээр хэдэн үг хэлье. Монгол их бага хэмжээгээр олон улсын стандартад нийцсэн хуультай юм шиг санагдсан шүү. Харамсалтай нь, тэрийгээ ойлгодог, хэрэгжүүлдэг шүүгчид надтай таарсангүй, ер нь тэд ноль байсан. Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенцийг бүр ч мэдэхгүй хүмүүс учирсан даа. Тэр нь ч аргагүй юм билээ, Төрийн ордны 3 давхраас заавараа авчихсан олон хүний хувь заяагаар тоглосон шүүгчид байсан. Шүүх ялзарсан гэж Хууль зүйн сайд Х.Нямбаатар бас хэлсэн. Шүүх ялзарсан бол боловсон хүчний өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Шүүх, прокурорын боловсон хүчинд чанар болон тооны хувьд ихээхэн өөрчлөлт хийхгүй бол Монгол Улсын Засгийн газрын авлигатай хийх тэмцэл бүтэмж муутай хоосон үг болно шүү.

-Тэгэхээр ардчиллыг бэхжүүлэхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой юм уу, хүнээ өөрчлөх ёстой юм уу?

-Аль алиныг нь шинэчлэх хэрэгтэй байх аа. Тогтолцоо нь Үндсэн Хуульд бичээстэй байгаа. Ер нь бичмэл Үндсэн хуулийн дэлхийн дундаж нас 19 жил байдаг гэж нэгэнтээ уншиж байсан. Тэгвэл манай ардчилсан Үндсэн хуулийн насжилт аль хэдийнэ 2011 онд дууссан гэсэн үг. Тухай үедээ ҮХНӨ-ийг хийх ёстой гэсэн яриа хөөрөө гарч байсан ч дэмжигдээгүй. 2019 онд МАН дутуу өөрчлөлт хийсэн. Харамсалтай нь, ҮХНӨ-ийг хийх ёстой юм байна гэсэн нийгмийн хүлээлт дээр намууд улс төрийн тоглолт хийгээд эхлэхээр эцэг хуулийг зөв өөрчилж чадах уу гэсэн эргэлзээ төрүүлэх болсон. Тэр тусмаа сөрөг хүчингүй нэг нам давамгайлсан үед Үндсэн хуулийг өөрчлөх ёстой эсэх дээр нягт, нямбай хандах учиртай.

АРДЧИЛСАН НАМЫН ХАМГИЙН ТОМ АЛДАА НЬ ДАРАНГУЙЛАГЧ ТӨРҮҮЛЭХ ШАХСАН

-Сөрөг хүчин улс төрийн тоглоом болсон гэж та түрүүнд хэлнэ билээ. Гэхдээ өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг. Үнэндээ АН-ыг “алсан” хүмүүс нь АН-ынхан өөрсдөө. Ардчилсан нам байгуулагдсан цагаасаа зөрчил, талцал дундуур туучиж ирсэн шүү дээ?

-Нийгмийн хүнээр төсөөлбөл хоёр нүд нь харж байж холыг харна, хоёр гар нь хөдөлж байж ихийг хийнэ, хоёр хөл нь явж байж холыг туулна, хоёр тархи нь ажиллаж байж зөв чиглүүлнэ. Аль нэг нь буруу ажиллаад байвал ямар нэгэн доголдол, бэрхшээл үүснэ. Эмчлэхгүй, оношоо зөв тогтоохгүй яваад байвал цаашаад саажилттай болох эрсдэлтэй.
АН, МАН хоёр адилхан оролцоотой байж холыг туулна, холыг харна, ихийг бүтээнэ, улсаа зөв чиглүүлнэ. Гэтэл зүүн тархи нь огт ажиллагаагүй, баруун тархи нь байнга ажиллаад байвал ухаалаг шийдвэр гаргах боломжтой юу.

Сөрөг хүчинд асуудал бий. Сөрөг хүчинд буруу бий. Бурууг АН-ынхан өөрсдөөсөө хайх нь зөв. Ардчилсан нам өнгөрсөн 33 жилд гавьяа зөндөө байгуулсан, гай чирж ирсэн. Ялангуяа сөрөг хүчнийг тарамдуулах гадны нөлөөнд автсан. Гадны гар хөлөөр ардчиллын хөлийг тайруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Үнэндээ АН-ыг тарамдуулах ажлыг МАН-аас илүү оросууд хийсэн гэж би хувьдаа дүгнэдэг.

Оросын суртал ухуулагч нь АН өөрөө болсон. Оросын эрх ашгийн төлөө ажилладаг “агент”-ыг төрүүлсэн. Энэ нь Ардчилсан намын хамгийн том алдаа. Ардчилсан намаас бараг дарангуйлагч төрчих шахсан шүү дээ. Үүнээс гарах гэж АН хамгийн их зовж, хамгийн хүнд хэцүү үеэ туулж байна. АН өөрөө өөрийгөө засахын тулд хамгийн түрүүнд монгол тархитай байх ёстой. Түүнээс Орос тархитай, Оросын эрх ашгийг гүйцэлдүүлдэг байж болохгүй.

-Орос тархи гэж Х.Баттулгыг хэлэв үү?

-Хэн нэгний тухай ярихаас илүү АН-ын асуудал нь Оросын агент нам байх уу, Монголын эрх ашгийг хамгаалдаг нам байх уу гэдгээ шийдэх ёстой.

-Ингэхэд Х.Баттулга та хоёрын зөрчил их эртнээс эхэлсэн. Бүр нарийн хэлбэл, өргөн, нарийн царигийн асуудлаас болж. Эргээд харахад М.Энхсайханы зөв байжээ гэдгийг их олон зүйлээ алдаж байж нийгэм одоо л ойлгож байх шиг?

-Ерөнхий сайд, Хууль зүйн сайд хоёулаа өнгөрсөн хугацаанд төмөр замаа бариагүйгээс 80 их наяд төгрөгийг Монгол Улс алдсан гэсэн байсан. Энэ миний тооцоо биш, өнөөдрийн эрх барьж байгаа хүмүүсийн хийсэн тооцоо шүү. Монголын эдийн засаг 1990 оноос тэлсэн, өссөн. Уул уурхайн олборлолт, экспорт нэмэгдсэн. Гэвч тэр тэлэлт тодорхой цэгт тулаад зогссон. Өнөөдөр тэр тодорхой цэгээсээ цааш хөдөлсөнгүй. Тэр цэг нь юу вэ гэвэл тээвэрлэлтийн гацаа, саад бэрхшээлтэй тулгарсан. Орос, Монголын хамтарсан нийгэмлэг УБТЗ-аар тээвэрлэлт хийгээд юу шалих вэ дээ. Монгол уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай байсан бол сүүлийн арав гаруй жил төмөр замаас хамааралтай эдийн засаг руу шилжсэн. Тиймээс төмөр зам, тээвэрлэлтийнхээ асуудлыг шийдвэрлэхийн тулд олон улсын зах зээл рүү гарах экспортын төмөр зам хэрэгтэй болсон. Монголын хувьд олон улсын зах зээл рүү баялгаа зарах хамгийн дөт төмөр зам бол Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам. Гэтэл Х.Баттулга төмөр замын төсөл, гарц ярьж эхэлсэн цагаас л Монголын эрх ашгийн эсрэг байсан, санаатайгаар эсэргүүцсэн. Оросын эрх ашигт үйлчилсэн. Монгол Улс олон сая ам.долларын алдагдал хүлээж, мухар төмөр зам барьж байхад Орос, Хятад нарийн царигтай төмөр замаар холбогдлоо. Шулуухан хэлэхэд, Монголын эдийн засагт Монгол ялах биш алах бодлого явагдсан. Тэр хорлол олон жил үргэлжилнэ. Наян их наяд цаашаа хохирол яригдана.

-Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг та хариуцсан. Сүүлдээ терроризм хийсэн гэж буруутгагдсан. Уг нь таны боловсруулсан төслөөр Тавантолгой эргэлтэд орсон бол өнөөдрийн нүүрсний хулгай, оффтейк гэрээний луйвар яригдахгүй байсан байх?

-Хэрвээ тэр үед Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан бол Монголын эдийн засаг хэд дахин тэлэх байсан. Нүүрсээ биржээр зарснаас хойш эдийн засаг өсөлттэй гарлаа л гэж байна. Гэтэл үүнээс илүү өсөлтөө бид овоолсон шороо, төмрийн сэг болгоод дуусгасан шүү дээ. “Тавантолгой”-н төсөлд хөрөнгө оруулагчдын гарын үсгийг зуруулчихсан бол бид биш тэд мөнгөө үрэх ёстой байсан. Гадныхны мөнгөө үрэх ажлыг Монгол өөрийнхөө мөнгөөр хийгээд үр ашиггүй төсөл болголоо. Тэр мухар төмөр замаар нь хэзээ нүүрс тээвэрлэхийг мэдэхгүй. Тээвэрлэлээ гэхэд эдийн засаг, хүн, малын эрүүл мэндэд асар их хохиролтой.

-Яагаад?

-Төмөр замаар нүүрсээ зарахын тулд Хятадын төмөр замтай нийлэх ёстой шүү дээ. Гэтэл өргөн, нарийн, өндөр намаараа зөрчихсөн. Газар зүйн байрлалаараа хүртэл зөрчихсөн. Хооронд нь нийлүүлсэн байгууламж барихад дахиад 300 сая ам.доллар хэрэгтэй гэсэн. Монгол мөнгөөр бол их наяд гаруй төгрөг.

Төслийг буруу хийвэл түүнийг засах нь бүр илүү зардал шаарддаг, дороос нь өндийх хэцүү. Тиймээс мухар төмөр замыг холбоно гэж байхаар бараг шинэ төмөр зам барьчихсан нь илүү амар. Зардал нь бараг ижил тусна. Барьсан төмөр замаа Хятадын төмөр замтай холбох байгууламж барилаа гээд асуудал бүрэн шийдэгдэхгүй.

Өргөн царигтай төмөр замаар явах вагоныг Оросоос авна. Орос өнөөдөр дайн байлдаантай байна. Нүүрс тоосрох чанараараа гурил, цементтэй адилхан байдаг юм. Тиймээс төсөл боловсруулахдаа энэ асуудлыг тооцоод нарийн царигтай төмөр зам барих нь байгаль экологи, хүний эрүүл мэнд талаасаа зөв юм байна гэж шийдэж байсан юм. Цариг зөрвөл нүүрсээ заавал буулгана, буцааж ачна. Тэр бүхэнд тоос үүснэ. Байгальд маш хортой. Говийн бүс нутагт нүдэнд үл үзэгдэх тоосжилт бий болно. Хүн малын асар том гарз учирна гээд урьдчилан сануулаад байхад зөрүүдэлсэн. Тэр зөрүүдэлсний үр дагаврыг цаашдаа олон жил амсана.

-Тэгээд л та “Би чамаар Монголоо тоглуулахгүй” гэсэн юм уу?

-Тэрнээс өмнө. “Монголын төмөр зам”-ын даргаар ажиллаж байтал нэг өглөө ТӨХ хуралдаад намайг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргуулсан. Юу болоод байгаа учрыг нь Х.Баттулгаас асуутал “Би чамайг танихгүй” гэсэн мессеж ирүүлсэн. Хариуд нь “Би чамаар Монголоо тоглуулахгүй” гэсэн мессеж бичээд бид хоёрын харилцаа тасарсан. Үнэндээ Х.Баттулга Монголоор хангалттай тоглолоо.

-Таныг өөрөө урьж авчирсан гэдэг биз дээ?

-Тэгсэн, би ирсэн, бодлоготой нь танилцсан. Буруу явж байгааг нь хэлсэн. АНУ-ын “Маккензи”-аар төмөр замын ТЭЗҮ-г хийлгэсэн л гэдэг юм. Үнэндээ “Маккензи” бол алдартай компани, тиймээс гадаад орнуудад хийсэн ажлаа бүгдийг нь вэб сайт дээрээ жагсааж тавьдаг байхгүй юу. Тэр жагсаалтад Монголд ийм юм хийсэн гэж байгаагүй.

НЭГ ЗӨВЛӨГӨӨГ ХЭЛЬЕ, ГҮНЗГИЙ ӨРӨНД ОР

-Гашуунсухайтын төмөр замын төслийн гүйцэтгэгч “Самсунг Си энд Ти” хуурамч нь байсан тухай ярьдаг. Тэрэн шигээ хуурамч “Маккензи”-гаар ТЭЗҮ хийлгэчихсэн гэсэн үг үү?

-“Самсунг Си энд Ти” хуурамч эсэхийг сайн хэлж мэдэхгүй.

Миний хувьд “Маккензи”-гийн ТЭЗҮ гэдэг нь Москвагийн ТЭЗҮ байсан гэж харсан. “УБТЗ”-ын санхүүжилтээр хийсэн, нарийндаа бол УИХ-аас баталсан Төрөөс баримтлах төмөр замын баримт бичиг бол оросуудын боловсруулж өгсөн америк шошготой бодлого байсан. Тэр Оросын төмөр замын бодлого өнөөдрийг хүртэл Монголд хэрэгжиж байна.

Үүнийгээ УИХ, Засгийн газар нь өөрчилдөг ч үгүй. Тэгэхээр яаж Монголын төмөр замын төслүүд амжилттай хэрэгжих юм бэ. Төмөр замын бодлогоо эргэж хараач гэж би сошиалдаа хэлээд байгаа. Анхаарч үзэхгүй яваад байна л даа. Одоо ч мөнгөгүй болсон биз. Гэлээч бодлогоо өөрчлөх хэрэгтэй.

-Тэгээд одоо яах ёстой юм бэ, шинэ төмөр зам дахиад барих шаардлагатай болж байна уу?

-Нэг зөвлөгөөг хэлье, гүнзгий өрөнд ор. Гүнзгий өрөнд орохын тулд Түүхийн зөв талд гарахаас өөр аргагүй. Харин ахиад өр тавихдаа үр ашигтай байх ёстой. Гэхдээ төрд итгэж хөрөнгө оруулагчид зээл өгөхгүй байх. Хувийн хэвшилд магадгүй. Тиймээс төр хувийн хэвшилтэйгээ зөв түншлэх ёстой.

-Төр, хувийн хэвшилтэй түншилнэ гэж нэг амаараа яриад нөгөө амаараа хувийн хэвшлээ дээрэмдэж байна гэсэн шүүмжлэл тасардаггүй. Жишээ нь, “Эрдэнэт”-ийг төр зуун хувь өөрийн мэдэлд авсны цаад шалтгаан нь дарга нар шахаа хийх, ёндоо хуваах байсан юм биш үү?

-Зах зээлийн үл үзэгдэгч гар гэж байна. Эсвэл төрийн хүнд гар гэж байна. Хэрвээ зах зээлийн үл үзэгдэгч гарыг илүү түшвэл төрийн хүнд гар хөнгөн гар болж хувирдаг. Харин төрийн хүнд гарыг илүүд үзвэл зах зээлийн үл үзэгдэгч гар алга болдог. Манайд төрийн оролцоо эдийн засагт 50 хувьтай яваа. Хаана арвич, хямгач байдаг вэ гэвэл хувийн хэвшил дээр байдаг. Төрийн өмч дээр авлига, хулгай, луйвар л яригдаж байгааг энэ олон дуулиант хэргүүдээс харж байгаа биз дээ.

-Ч.Сайханбилэгийн Засгийн газарт та ажиллаж байсан. Танай Засгийн газар “Эрдэнэт”- ийн 49 хувийг Монголд авчирсан, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг баталсан. Үүнээс үүдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг интерполоор эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтэн болсон шүү дээ?

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг батлах нь зөвөө гэдэг би санал нэгдсэн. Оюутолгойн газар дор байгаа баялгийг хэрхэн мөнгө босгож авах вэ гэдэг компанийн төлөвлөгөө юм шүү дээ, уг нь. Мэдээж, эргэлзсэн хүмүүс байсан. Монгол үр ашгаа өгөх төслийн төлөө буруу зөвөө туулаад явах нь зөв байсныг өнөөдөр бүгдээрээ харж байна шүү дээ. Аливаа асуудалд сайн, муу тал байгаа. Зарим асуудлыг нь сайжруулсан тал бий байх, цаашдаа ч сайжруулаад явах ёстой. Гэрээний сайн, муу гэх асуудал үргэлж яригддаг асуудал. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг батлаагүй байсан бол Рио Тинто Монголоос гарч явсан байхыг ч үгүйсгэхгүй. Цаашдаа далд уурхайн бүтээн байгуулалтаас Монгол хожно уу гэхээс алдаагүй. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авахад яарлаа гэж тухайн үед харж байсан. Гэхдээ өнөөдрийн дэлхийн улс төрийн нөхцөл байдлыг үнэлээд хэлэхэд яарсан нь зөв байж, Монгол хожсон юм байна. Түүхэн жишээ хэлэхэд Америк Оросоос Аляскийг авахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн Сангийн сайдыг тухайн үедээ буруутгаж байсан. Цаг явах тусам л “Эрдэнэт” Монголд ирсэн нь хамгийн зөв шийдвэр байжээ.

БИЗНЕСИЙН НЭГ ХЭЛТЭЙ БОЛООГҮЙ ЦАГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ОРЖ ИРЭХГҮЙ

-Та гүйцэтгэх засаглалын тэргүүн байхдаа өмч хувьчлалыг эхлүүлсэн гавъяатай. Үүний үр дүнд Монголын эдийн засаг тэлсэн, өссөн, хөгжсөн. Харин өнөөдөр төрийн өмчийн оролцоо улам томорч байна. Үүний сөрөг тал нь юу вэ?

-Авлига, хулгай. Төрийн капитализмын цаана хавтгай хулгай, авлига явагддаг. Тиймээс хувьчлалыг гарцаагүй хийх шаардлагатай. Хувьчлалыг хийх арга нь орчин үед өөрчлөгдсөн. Хувьцаагаа бирж дээр зарахаас эхлээд. Үүнийг дагаад шинэ технологи, шинэ бодлого, хамгийн гол нь хяналт тооцоо орж ирнэ. Монгол том төсөл хийж сураагүй. Оюутолгойгоос өөр. Том төсөл хийхэд бизнесийн хэл хамгийн чухал.

Бизнесийн хэл гэдэг нь нягтлан бодох бүртгэл юм. Нягтлан бодох бүртгэл нь олон улсынхтай ижил болчихоор гадаадын хөрөнгө оруулагчдад тоглоомын дүрэм нь ойлгомжтой, хялбар болно. Татварын маргаан элдэв зарга хэрүүл гарахгүй. Бизнесийн хэл зөрөхөөр татварын маргаан тасардаггүй. Хөрөнгө оруулагчдын ганц дургүй юм энэ.

Оюутолгой дээрх татварын маргаан бол бизнесийн хэл зөрснөөс болсон байх гэж би дотроо таамаглаж байгаа. Нягтлан бодох бүртгэлээ олон улсын стандартад нийцүүлэхгүй бол хөрөнгө оруулагчид орж ирэхгүй.

-Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд нягтлан бодох бүртгэлээ шинэчлэх ёстой юм байна, тийм үү. Х.Нямбаатар сайд бол гадаадын хөрөнгө оруулагчдыг “бурхан мэт хүндэлнэ” гэсэн байсан.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд нягтлан бодох бүртгэлээ шинэчлэх хэрэгтэй. Түүнээс мянга сайхан амлалт өгөөд хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Хөрөнгө оруулагчдын хүсч байгаа гол зүйл бол бизнесийн нэг хэл.

-Төр хувийн хэвшлийнхэнтэйгээ зөв түншлэх ёстой гэлээ. Жишээ нь, яаж?

-Төр хувийн хэвшлийн түншлэл гэхээр хүмүүст төр давамгайлаад байгаа юм шиг сэтгэгдэл төрнө. Тиймээс хувийн хэвшлийн төрийн түншлэл гэвэл ядаж хөрөнгө оруулагчдад итгэл төрнө. Үнэнийг хэлэхэд, гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг өнөөдөр төдийлөн сонирхохгүй. Улс төр, эдийн засгийн байдал, гадаад хүчин зүйлс нөлөөлж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид мөнгөө хийгээд үйл тамаа эдлэж байж ашгаа авч чадахгүй бол юу гэж Монгол руу ирэх юм бэ. Хөрөнгө оруулагчдын хүсч байгаа юм хөрөнгө, мөнгө.

Бусад улс орнууд бизнесийн нэг хэлээр яриад байхад бизнесийн боловсролгүй, улс төрийн соёлгүй улсад хэн хөрөнгө оруулах вэ дээ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг төр гуйгаад ирэхгүй. Харин хувийн хэвшил-төрийн түншлэл гуйвал бас өөр байж магадгүй. Дээрээс нь Монгол Улсын улс төрийн шийдвэр нь маш бөөрөнхий, ойлгомжгүй, тодорхойгүй байдал ч хөрөнгө оруулалтад нөлөөлнө.

-Төвийг сахих бодлогыг хэлж байна уу. Үнэндээ Монгол Улс газар нутгаа аваад нүүхгүйгээс хойш төвийг сахихаас өөр аргагүй юм биш үү. Орос цоргоо, Хятад хилээ хаавал монголчуудын амьдрал дуусна.

-Олон улсын дэг журмыг дэндүү хялбаршуулж харахаар айдастаа хүлэгдчихдэг. Одоо Оростой муудалцвал шатахуун өгөхөө больчихно, Хятадтай муудвал хилээ хаана гэж ойлгодог. Бие даасан бодлого явуулахаас эмээх нь өөрөө буруу. Нэг зүйлийг сонирхуулахад өмнө нь зах зээл дээр түшиглэсэн даяаршлал явагдаж байсан бол Украины дайны дараа үнэт зүйл дээр түшиглэсэн хөрөнгө оруулалт хийгдэх болно. Тиймээс удаан хугацаанд төвийг сахиад явах боломжгүй. Жаахан муухай амьдаръя гэвэл түүхийн буруу талыг, хөгжиж дэвшье гэвэл түүхийн зөв талыг сонгох хэрэгтэй. Тиймээс гадаад бодлогоо идэвхтэй болгох хэрэгтэй. Би бол гадаад бодлого идэвхтэй байна гэж хэлж чадахгүй.

-Нэг үеэ бодвол олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого хэрэгжүүлэхэд  Ерөнхийлөгч болон эрх баригчдын зүгээс нэлээд анхаарч байх шиг байна?

-Удаан хугацаанд төвийг сахиад яваа учраас түүхийн өмнө сонголт хийх шаардлагатай болсон. Би түрүүнд хэлсэн Монгол сайн явах уу, муу явах уу гэдгээ сонгох цаг бидний өмнө ирсэн байна. За ингээд ярилцлагаа дуусгая даа.

-Баярлалаа, танд.

SPEAK OUT: Монгол Улс тооцоотой, прагматик байх ёстой

NEWS.MN

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.ЭНХСАЙХАН:

-Дэлхийн геоулстөр, тэр дундаа хоёр хөршийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед Монгол Улс ямар бодлого хэрэгжүүлэх нь зөв бэ. Өнөөдрийг хүртэл төвийг сахисан байр байр сууриа хадгалж байгаа нь зөв үү?

-2022 оны хоёрдугаар сарын 24-нд манай хойд хөрш Орос улс Украинд түрэмгийлэл хийж дайн өдөөсөн. Уг нь эхэндээ гурав хоног, хамгийн ихдээ долоо хоног болно гэж төлөвлөсөн юм шиг байгаа юм. Бүгд л тийм байх болов уу гэж тооцоолж байсан.

Бодит байдал дээрээ жил гаруй сунжирч Орос стратегийн хувьд ялагдах нь тодорхой болчихоод байна.

Дайн дуусаагүй оргил үе дээрээ явж байгаа тул дайнаас үлдэж гарах үр дагаврыг урьдчилан хэлэх хэцүү. Гэвч нэг юм тодорхой. Энэ бол дайны дараах дэлхийн дэг журам ихэд өөрчлөгдөнө. Дэлхийн геоулстөрийн дүр зураг ч ихэд өөрчлөгдөнө. Бизнес, худалдаа, хөрөнгө оруулалт ч шинэ маягаар глобалчлагдана. Товчхондоо зах зээлийн хөдөлгүүртэй глобальчлал супер гүрнүүдийн хөдөлгүүртэй глобалчлал болно гэж байгаа. Хятадын хувьд Оросын өдөөсөн дайн сунжирч том асуудал болно гэж бодоогүй. Ямар сайндаа Украинд сурч байсан 6000 оюутнаа татаж амжаагүй байснаас үзэхэд Путины дайны товыг Хятад урьдчилан мэдэж байгаагүй бололтой юм.

Украинд болж байгаа үйл явдал сунжрах нь Хятадын геоулстөрийн эрх ашгийг хөндөж байгаа тул бараг нэг жил таг дуугуй суусан. Цаашид дуугүй суух нь олон улсын тавцан дээр Хятадыг улам бүр ганцаардуулах нөхцөл байдал руу түлхэж байгаа тул “Энхтайвны төлөвлөгөө” гэгчийг санаачилж зуучлагчийн үүрэг роль гүйцэтгэх оролдлого хийж байна.

Тэр хүрээндээ Ши Жиньпин Москвад айлчилж байгаа. Нөгөөтэйгүүр, хөрш Орос оронтой тогтоосон харилцаагаа хадгалахыг эрмэлзэж байгаа. Орос-Хятадын гадаад худалдаа 150 тэрбум ам.доллар бөгөөд энэ нь Хятадын хэмжигдэхүүнээр их биш, Хятадын нийт худалдаа эргэлтийн гурван хувиас хэтрэхгүй. Тиймээс эдийн засаг гэхээсээ илүүтэй “хязгааргүй найрамдал”-аа хөгжүүлж байна.

Монгол Улс НҮБ-ын талбар дээр Украины асуудлаар үргэлж түдгэлзсээр ирсэн. Монгол Улс АНУ, ОХУ, Хятад улстай стратегийн түншлэлийн гэрээтэй. Алив огцом гадаад бодлогын өөрчлөлтөө түншүүдтэйгээ зохицуулах бэрхшээлээс болоод түдгэлзэх дипломаси явуулсан бизээ гэж бодож болох юм.

Гэвч дайн сунжирч үргэлжлэх тусам Монгол Улс дэлхийн дийлэнх олонхоос холдон хүнийсвэл ирээдүйд учрах хохирол нөхөж баршгүй.

Дайн хэзээ нэгэн цагт дуусна. Украин Европын хүчтэй гүрэн болно. Дэлхийд нөлөөтэй болно.

Европын хөрөнгө оруулалт, санхүүгийн хаб болно. Ийм үзэл баримтлалтайгаар жижиг улс орнууд гадаад бодлогодоо өөрчлөлт хийж байгаа харагдана. Судалгаатай, тооцоотой ажиллах цаг тулчхаад л байна гэсэн үг.

-Хятадын зүгээс Монголын нүүрсийг зах зээлээс шахах гэсэн албан бус мэдээлэл цацагдаж байна. Энэ нь юутай холбоотой вэ?

-Албан бус мэдээллийг тойрч  ярилцаж суух хэрэг байна уу даа. Зах зээл талаас нь харвал ойрын үед нүүрснээс дэлхий тэр тусмаа Хятад тийм хурдан татгалзах болоогүй байгаа. Хүлэмжийн хийг багасгах, байгаль цаг агаарын өөрчлөлттэй холбоотой  хязгаарлалтууд бол харин илүү бодитой байх. Монголчууд экологид ээлтэй олборлолт, ачилт, буулгалт, тээвэрлэлтээ анхаарч суусан нь дээр.

-Хятадын удирдагч ОХУ-д айлчилж байна. Монгол Улсад энэ хэр нөлөөлөх бол?

-Айлчлал дуусаагүй байна. Үр дүнг хэлэлцэх болоогүй. Би дээр хэлсэн Хятадын хувьд Орос бол авч болохгүй, хаяж болохгүй орон. Тэр хүрээндээ айлчлал хийж байгаа бизээ. Тэглээ гээд Орос, Хятад тас тэврэлдэхгүй. Учир нь, хамтын ажиллагаа нь үзэл суртлаар биш өөр өөрсдийн эрх ашгаар хөгжиж ирсэн.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа тогтсон олон улсын дэг журмаас Хятад өөрийгөө хожигч гэдэг бол Орос өөрийгөө хохирогч гэж төсөөлдөг. Суурь сонирхлоороо зөрүүтэй тул Оросын дайныг санхүүжүүлэгч болох хэмжээнд асуудал очихгүй гэж бодож байна.

Тэр тусмаа Хятад улсын эдийн засаг тийм ч сайн биш байгаа. Гадаад өр нь бараг гурван триллион ам.доллар. Монгол Улсын хувьд хөрш орнуудаас бэлэнчлэх биш харилцан ашигтай байх төсөл, хөтөлбөрүүдийг санаачилж хэрэгжүүлэхээс бидний амьдралын чанар хамаарна.

Ч. Отгочулуу: Монголд “хэрэггүй” неолиберализм

Дэлхий нийтэд либерал гэдэг үгийг их олон янзаар тайлбарлаж ирлээ. Зарим нь дураараа дургихын нэр гэнэ. Зарим нь баячууд нь улам баяжихыг өөгшүүлдэг систем л гэнэ. Мөн хартай нэгэн нь ядуу орнуудыг колоничлох гэсэн хөрөнгөтөн гүрнүүдийн бодлого л гэнэ. Зарим нь цаг хугацааны шалгарлыг давж, ирээдүйд үлдэж болох дэлхийн хэмжээний цор ганц шинжлэх ухаанч үзэл баримтлал л гэнэ.

Энэ үгийн гарал үүслийг хайхаар Францын иргэний хувьсгал руу хөтөлдөг юм. Харгис хааны дарангуйллын эсрэг хувьсгал хийж, чөлөөт иргэдийн нийгэм байгуулсан хүмүүсээ либерал гэж нэрлэдэг байж.

Шашны хувьд либерал сүсэгтэн гэдэг нь хатуу догма баримталдаггүй хэр нь бурхан тэнгэртээ итгэдэг хүмүүсийг хэлдэг аж. Жишээ нь зарим урсгалд эхнэр авахыг хориглодог бол либерал урсгалд нь зөвшөөрдөг.

Эдийн засагт либерал үзэл гэдэг нь төрийн оролцоог зөвхөн “шөнийн манаачийн” хэмжээнд хязгаарлахыг хэлдэг. Эдийн засгийн амьдралд оролцож буй хүмүүс маань өөрсдийн эрхээр шийдвэр гаргана. Зах зээлд үнэ бүрдэхдээ цэвэр эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр тогтож байх ёстой.

Сүүлийн үед неолиберал гэсэн үгийг их хэрэглэх болсон. Ингэхдээ доромж, муу утгаар нь төлөөлүүлэн хэрэглэх нь түгээмэл.

Элдэв сурталд авталгүйгээр, зөвхөн түүхэн бодит байдлаас авч үзвэл, шинэ либерал үзэл гэдэг маань эдийн засагт гуравдагч замын онол гэдэгтэй их дүйнэ.

Нийлүүлэлтийг хэт шүтсэн классик либерал урсгал гэж бий. Мөн эрэлтийг дэмжсэн социалист маягийн үзэл буюу зүүний урсгал бий. Тэгвэл энэ хоёр урсгалын давуу талыг нэгтгэх буюу зах зээлийн эрүүл хүчийг, нийгмийн зөөлөн бодлоготой уялдуулах зорилгоор энэ урсгал анх Германд үүсжээ.

Гэвч 1970 аад оноос эхлэн неолиберал гэдэг үгэнд сөрөг утга нааж, улмаар үндэстэн дамнасан корпорацуудыг илт дэмжсэн суртлын нэр гэж гажуудуулан үзэх болжээ.

Үнэндээ бол неолиберал урсгалын үндсэн санаа нь манай үндсэн хуульд байдаг “нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг” гэсэн байгууллын онолын суурь гэж хэлж болно.

Неолиберал урсгал амьдрал дээр хэрхэн биеллээ олж ирэв?

Улс төрийн салбарт гэхэд, ихэнх орнуудад саяхныг хүртэл эмэгтэй хүн сонгуульд ордоггүй байлаа. Тэгвэл улс төр дэх неолиберализмын нөлөөгөөр эмэгтэйчүүд сонгуульд оролцох хөдөлгөөн дэлхий даяар өрнөсөн юм.

Мөн том зээл, санхүүжилтийг хуучин цагт зөвхөн том компаниуд авдаг байлаа. Тэгвэл ядуурлын эсрэг нэг том зэвсэг гэгдэж ирсэн бичил зээл бол мөн л неолиберализмын биелэл болно.

Либерал үзлийн нэг том ялалт бол ЗХУ нуран унасны дараа хуучин “соц” орнуудын дийлэнх нь чөлөөт зах зээлийн эдийн засгийг сонгосон юм.

Энэ шилжилтийг манлайлагчдын нэг нь Монгол Улс байлаа. Яагаад байлаа гэвэл манай либерализмын түүх их сонин, дундаа тасалдаж ирсэн байдаг.

1990-1992 онд өмч хувьчлал, үнэ чөлөөлөлт гээд алхмыг зоригтой хийсэн. Гэтэл тэр үед энэ алхмуудыг хийж чадаагүй, хуучин байгууллаасаа шуудхан салж зүрхлээгүй орнууд өнөө хэр нь хүндрэлтэйгээ зууралдсаар байна. Узбекстан, Тажикстан, Украин, Беларус гэх зэрэг цөөнгүй орныг дурдаж болно.

Гэтэл тэр үед либерал реформыг зоригтой хийсэн Зүүн хойд Европын орнууд өнөөдөр Баруун Европын орнуудыг гүйцэж очиход тун ойрхон байна.

Гэвч манай монголын шинэчлэл 1992-1996 онд, мөн 2000-2004 онд зогссон бас царцсан. Энэ хэрээр манай улсын хөгжил хойшилсон.

Шалтгаан гээд олон зүйлийг тооцож болно. Магадгүй сонгогчид огцом өөрчлөлтөд бэлэн биш байсан. Мөн шинэчлэгчид маань ч реформын ач холбогдлыг олон нийтэд зөв ойлгуулж, итгэлийг нь хүлээж чадаагүй байж болох.

Болоод өнгөрсөн түүхийг ямар ч өнгө будаггүйгээр харвал, малыг малчдад, орон сууцыг оршин суугчдад нь хувьчлаагүйсэн бол өнөөдөр манай эдийн засаг, банк санхүүгийн нөхцөл байдал ямар байх байсан бол?

Малын тоо толгой өнөөдөр олон арван саяд хүрэх байсан уу? Банкнуудын нийт актив эдийн засагтай бараг тэнцэхээр болж өсөж чадах уу?

Мал сүрэг, орон сууцыг эдийн засгийн төдийгүй санхүүгийн эргэлтэд оруулснаар монголчууд бид бүгд хожсон.

Бидний хэлж заншсанаар улаан буюу гадаад паспортыг иргэддээ олгосноор ганзагын наймааг эхлүүлсэн. Эдийн засаг хүнд байх үед гадаадад ажилладаг монголчууд жилдээ л олон зуун сая ам.долларыг Монгол руу гуйвуулдаг.

Либерализм манай эдийн засагт сайнаар нөлөөлсөн жишээ салбар бүрд байна. Дөнгөж 2000 онд байгуулагдаж байсан банкнууд өнөөдөр хэдэн зуу, хэдэн мянга дахин томорсон байна.

Өнөөдөр томхон аймгийн нийт эдийн засгийг 20, 30 дахин томруулснаас ч илүү их хөрөнгийг удирдаж буй банкнууд цөөнгүй болжээ.

Уул уурхайн салбарт 1997 онд харьцангуй либерал Ашигт малтмалын тухай хуулийг батлаагүй бол өнөөдөр бид Оюутолгой, Тавантолгой гээд хэрэлдээд сууж байх уу? Нөгөө 2011 оны эдийн засгийн алдарт 17 хувийн өсөлт гарах байсан уу? Үгүй.

Өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харахад бидэнд алдсан нь ч байна, оносон нь ч бий. Гэхдээ бид ямар азаар 1990-1992 оны бас 1996-2000 оны тэр үүлэн чөлөөний нар шиг зурвасхан үед либерал реформуудыг эхлүүлж чадав аа? Хагас дутуу хэрэгжиж буй ч гэсэн эдгээр реформын ачаар л бид өдий зэрэгтэй явж байна.

Бас энэ 30 жилийн ихэнхийг нь унтаад, хэт алгуурлаад өнгөрөөсөн нь юутай харамсалтай вэ? Монголын нийгмийг хүн гэж авч үзвэл нэг эмчилгээгээ дуустал хийлгэж чаддаггүй тэвчээр муутай өвчтөн шиг, эсхүл нэг зохиолоо нямбай бичиж дуусгаагүй байж дараагийнх нь шүүрч авдаг зохиолч шиг л байлаа.

Уг нь бол, Монголчууд бидний амьдралын хэв маяг, нийгэм төрд хандаж буй хандлага, шинэ юмыг хүлээж авах чадвар, бие дааж бизнес эрхлэх дайчин зан чанар зэргээс харахад бид неолиберал суртал, бодлогод ойр хүмүүс гэж би хувьдаа боддог.

Нүүдэлчин удам маань ч нөлөөлдөг биз.

Гэвч бид буруу ойлгосон “неолиберализм”-аас жигшсээр, ухралт хийсээр…

Төрийн дээр нам биш намуудын дээр төр байх систем рүү орох ёстой (2019)

НИЙТЭЛСЭН:   ADMIN

3 ЖИЛИЙН ӨМНӨ

Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ярилцлаа.

-Монгол Улс дэлхийтэй хөл нийлж, хөгжиж, урагш алхаж чадаж байна уу?

-Би эдийн засагч хүн, тэгэхээр эдийн засгийн нүдээр Монгол Улсын хөгжлийг харж тайлбар хийж таарна. 1990 оноос хойш манай эдийн засаг 10 гаруй дахин өссөн. Өнөөдөр хүмүүсийн амьдралын түвшинг 1990 онтой яаж харьцуулах вэ дээ. Хүмүүсийн хэрэглээ маш өндөр болсон.

Ер нь дэлхийн бусад орноос хэрэглээгээрээ дутахааргүй болсон шүү дээ, манай улс. 30 жилийн өмнө ядуу буурай орны тоонд орж явсан бол, өнөөдөр бид хөгжлөөрөө тэргүүн эгнээнд ирээгүй юм гэхэд дунд орлоготой орон болчихсон явж байна. Энэ нэг үзүүлэлт биш гэж үү. Мэдээж дэлхийд эхний хэдэд жагсч орох боломж хомс. Бусад орнуудтай харьцуулахад асар олон зүйлээр дутуу байгаа. Гэхдээ бид урагшилсаар хөгжсөөр л явна. Тэгэхээр бид дунд орлоготой орны тоонд хүрчихсэн учраас хэр барагтай зүйлд жагсаал цуглаан болохгүй байгаа юм.

Өнөөдөр олон жагсаал цуглаанууд бүтэлгүйтээд байгаа биз. Яагаад гэхээр амьдрал дээшилсэн учраас тэр. Хэрэв ядуу буурай байсан бол жагсаал цуглаан аяндаа үүсээд эхэлнэ. Энэ нь өөрөө нэг талаасаа бас үзүүлэлт юм. Тийм учраас таны асууж байгаа Монгол Улс хөгжсөн үү гэдэг асуудалд би хөгжсөн гэж хэлнэ.

Яах вэ, өнөөдөр хүмүүсийн материаллаг хэрэглээ өндөр хэдий ч, эсрэгээрээ оюун санааны ухамсар төдийлөн өндөр хөгжсөн гэж хэлэхгүй. Бид сэтгэлгээгээ өөрчлөхгүйгээр бас хол явахад хэцүү. Тиймд бид сэтгэлгээний хувьсгал хийх цаг аль хэдийн болсон. Алив асуудалд голч, зөв байр сууринаас хандаж суръя л даа. Ингэсэн цагт бид дэлхийн хөгжилд хүрч чадах байх.

-Монгол Улсын ирээдүй биднээс шалтгаална, гэхдээ хонгилын үзүүрт гэрэл байна уу?

-Монгол Улс хөгжинө гэдэгт би итгэлтэй байна. Монгол Улсын хөгжлийн төлөө зарчмын зарим нэг асуудал дээр үзэл бодол өөр байлаа ч нэг үндэстэн. Мэдээж, бид явсаар нэг үндэстэн, нэг л үзэл суртал дээр төвлөрнө. Тэгэхээр энэ хөгжлийн гарц юунаас болоод байна гэхээр Монгол Улс үндэсний үзэл суртлаа олоогүй байгаа юм. Ийм учраас бид олон хэсэг, фракц энэ тэр гээд нэг үгээр хэлбэл олон овог аймаг болоод яваад байна. Үүнийг тодруулж хэлбэл, Их Монгол Улсаас хойш бага хаадын задрал явагдсан. Одоо ч энэ үзэгдэл хэвээрээ л яваад байна гэж үзэж болохоор байгаа юм.

-Ардчилал эв нэгдлийн бэлгэ тэмдэг мөн үү?

-Шударга ёс хаана байна тэнд эв нэгдэл бий болдог гэж өвөг дээдсийн үг бий. Бид эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгийг сайн мэддэг, бараг хүн бүр мэднэ. Би Узбекстанд Доголон Төмөр хааны бунханд очсон юм. Тэр бунханд хааны хэлсэн үгийг англиар ханан дээр нь сийлчихсэн байдаг. Би нэг үгийг хараад цочсон. Тэр ямар үг вэ гэхээр шударга байхдаа хүчтэй гэсэн байв. Тэгэхээр эвтэй байхдаа хүчтэй биш, шударга байхдаа хүчтэй байдаг гэдгийг өвөг дээдэс бидэнд бичиж үлдээсэн юм байна шүү дээ.

Ингээд бодохоор шударга ёс хадгалагдахгүй, тогтоогдохгүй бол эв, хүч байхгүй. Бидний эвтэй байхдаа хүчтэй гэж хэлдэг үгийг үндэснийхээ лоозон болгочихсон улс орон байдаг. Энэ бол Америк тивд оршдог Гаити гэж орон. Тэгсэн мөртлөө хамгийн ядуу орон. Америктай хаяа дэрлээд сууж байна. Тэнд цэвэр ус гэдэг ойлголтыг мэдэхгүй. Усыг анхнаасаа шар өнгөтэй гэж л ойлгодог, ард түмэн. Тэгэхээр таны сая хэлсэн ардчилал эв нэгдэл мөн үү гэдэгт хариулахад шударга ёс байна уу гэдгийг л харах хэрэгтэй гэж бодож байна. 

-Бид шилжилт гэдэг үгийг анх ардчилалтай золгохдоо ярьж байсан. Одоо шилжиж л байгаа юу эсвэл шилжилт дуусчихсан уу?

-Нэг тогтолцооноос нөгөө тогтолцоо руу шилжих гэдэг өөрөө тодорхой үе шат хугацаа байдаг юм байна. Тэр хугацаа үе шатыгаа шилжилт гээд байгаа юм. Юунаас шилжиж байгаа юм гэхээр ерөөсөө 100 хувь төрийн өмч давамгайлсан эдийн засгийн удирдлага нь захиргаадалтын арга давамгайлсан тогтолцоог зах зээл өөрөө мэддэг, хувийн хэвшлийнхэн өөрийнхөө асуудлыг мэддэг, эдийн засгаа хувийн хэвшил нь аваад явдаг ийм тогтолцоо руу шилжүүлэх тухай асуудал юм. Энэ шилжилт бол манайд аль хэдийнэ хийгдээд дуусчихсан. Одоо харин бид бий болгосон зах зээл, ардчилсан нийгмээ улам төгөлдөржүүлж, сайжруулах зорилтын өмнө байна.

-Бид эдийн засгийн эрх чөлөөнд хүрч чадсан уу?

-Үүнийг аль утгаар нь ойлгохоос шалтгаална. Хүний хэрэгцээг 100 хувь хангах зүйл хэзээ ч, хаана ч байхгүй. Эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь чи өмчтэй байж чадаж байна уу, өмчөө түшээд эдийн засгийн эрх чөлөөнд хүрч чадаж байна уу гэдэг зүйл. Хэрэглэгчийн биш үйлдвэрлэгчийн хувьд өмчтэй байх гэдэг тухайд бол эдийн засгийн эрх чөлөөнд хүрч чадсан. Хуучин тогтолцоонд өмчтэй байж болдоггүй байлаа шүү дээ.

-Та жаахан тодруулаач?

-Дэлгүүрт дөрвөн ширхэг хөргөгч зарна гэж байхад 400 хүн оочерлодог байсан шүү дээ. Солонгос нусны алчуур 10 ширхгийг нэг хүн авах эрхтэй байхад хавиргаа хугалуулах шахан их дэлгүүрт оочерлодог байсан. Хятад халуун сав бэлгийн дээд нь байлаа. Ер нь эдийн засгийг нээлттэй болгох нь хамгийн тулгамдсан зорилго байсан. Яагаад гэвэл бид өөрийгөө социалист орон гэдэг зүйлд хашчихсан, социалист орон нь нураад уначихсан, жаахан үйлдвэр аж ахуйн газрууд нь зах зээл дээрээ гарч чадахаа больчихсон үндсэндээ ажилгүй болцгоосон ийм хүнд үед байсан л даа. Тийм учраас аль болох нээлттэй эдийн засаг руу шилжих шаардлага үүссэн.

Тэгэхээр тэр нээлттэй эдийн засаг руу түргэн алхах нэг том арга хэмжээ авсан. Тэр нь юу гэхээр импортын татварыг тэглэж өгсөн. Тэр үед бас мөнгөний ханш унаж жилдээ 60 хувь болж байсан. Юмны үнэ жилдээ 60 хувь унаж байсан гэхэд одоогийн хүмүүс төсөөлж чадахгүй. Тэгэхээр тэр үнийг тогтоох хоосорсон зах зээлийг дүүргэх гадаад зах зээлд нээлттэй болгоход импортын татварыг тэглэсэн нь маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Нөгөө нэг асуудал мөнгө яаж олж болох вэ гэдэг.

-Тэгээд мөнгө босгох шийдэл олсон уу?

-Олсон. Уул уурхайгаас мөнгө олъё гээд ажиллах гэтэл, геологийн судалгаа материалууд ЗХУ-ын гарт байдаг. Яагаад гэхээр бидэнд өөрсдийн мэддэг юм гэж байхгүй. Хуучин тогтолцоонд ЗХУ-ын геологийн анги манай хилээс дотогшоо 100 км дотор чөлөөтэй нэвтэрч геологи хайгуулаа хийдэг. Тэгээд бүх мэдээллүүд нь зөвхөн ЗХУ-д байдаг. Түүнээс гадна геологи маш их мөнгө зардаг, зовлонтой ажил. Ашигт малтмалын хууль гэж чөлөөт зах зээлд гаргачхаад хэн дуртай нь Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авч хайгуул хийж, хайгуулынхаа мэдээллийг бидэнтэй хуваалцаж, өөрсдийнхөө хөрөнгийг зардаг тогтолцоонд оруулах шаардлага үүссэн юм.

Яагаад ийм шаардлага үүссэн гэхээр мэдээлэлд үндэслээд Монгол Улс алс холынхоо хөгжлийн ирээдүйг төлөвлөх, асуудлаа шийдэх шаардлага гарсан. Тэгээд Ашигт малтмалын тухай анхны либерал хууль гарсан. Тэр либерал хуулиуд дэлхийд тавд орох хэмжээний хууль боллоо гэж тухайн үед үнэлж байсан. Үүний хүчинд бид Оюу толгойг олсон байхгүй юу. 1997 онд гарсан “Ашигт малтмалын тухай хууль”-ийн үйлчлэлийн үр дүнд Оюу толгойг бид олсон. Өнөөдөр Оюу толгой Монголын эдийн засагт том үүрэгтэй болж хувирсан. Мэдээж сайны хажуугаар саар гэгчээр буруу зөрүү ойлголт бий. Гэхдээ засч захирамжлах тухай асуудал байгаа болохоос биш ерөнхий бодлогоо өөрчлөх шаардлага байхгүй. Нураах шаардлага ч байхгүй.

-Америк улс бидэнд тусалсан уу. Ер нь тэр хандивлагчдын зөвлөгөөн яаж явагдсан юм?

-Улс орнууд ойлгохдоо Монгол Улсыг Америк, ЗХУ-аас амлаж авч хүнд байдлаас нь гаргахаар тохирцгоосон гэж ойлгоод байдаг юм. ЗХУ өөрөө задарч, нэг хоногийн дотор бүх тусламж зээл зогссон шүү дээ.

-Хөшиг хааж байгаа юм шиг үү. Цахилгаан станц хамгийн их аюулд өртөж байсан гэж ярьдаг юм билээ?

-Яагаад гэхээр тэд бас хүнд байдалд орчихсон. Юун хүнд туслахтай манатай. Хамгийн түрүүнд бидэнд учирсан том зовлон цахилгаан станцаа ажиллуулж чадахгүй байдалд очсон юм. Одоо ч нэг юм алдаг оног ажиллуулаад өөрийн инженер техникийн ажилтнуудтай болчхож. Тухайн үед дандаа Зөвлөлтийн мэргэжилтнүүд ажиллаж байсан. Бидэнд хамгийн түрүүнд учирсан асуудал юу гэхээр дөрөвдүгээр цахилгаан станц шиг санаж байна. Үнсний асуудлаа шийдэж чаддаггүй, үнс нь хоолой, яндангуудаа иддэг ийм хүнд бэрхшээлтэй учирсан. Тэгээд хамгийн түрүүнд гар сунгасан орон бол Япон. Ингээд бид гал алдчихгүй ажлаа Япон улсын туслалцаатайгаар хийсэн.

Тэгсэн ч гэсэн тог тасардаг байв. Жилд 300 удаа тог тасардаг үе байсан гэдэг юм билээ. Ингээд Япон, Америк, Солонгос зэрэг бусад орон нийлээд хандивлагчдын зөвлөгөөн гэдгийг хийж эхэлсэн юм. Тэгж байж бид санхүүгийн дэмжлэг авч, бодлого аажимдаа жигдэрч, өнөөдрийн төлөв байдалд орж ирсэн түүхтэй.

-Хандивлагчдын зөвлөгөөн 10-аад жил болсон гэж ярьдаг, үнэн үү?

-Удсан. Маш олон туслалцаа авсан. Түрүүн би бас хэлэхээ мартсан байна. Бид эдийн засгаа нээлттэй болгоход хамгийн түрүүнд Олон Улсын Валютын сангийн гишүүн болох шаардлага байсан юм. Бид анхалж орсон орнуудын тоонд ордог. 1996 онд Олон Улсын Валютын сангийн гишүүн болсон, манай улс.

Энэ нь Монгол Улс дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсон гэсэн үг. Ингээд биднээс хойш олон жилийн дараа Орос, Хятад элссэн. Биднээс асууж байж шахуу оруулдаг ийм хэлбэртэй байсан.(инээв) Өөрөөр хэлбэл Монголын эдийн засгийг нээлттэй болгоход бидний гуравдагч хөрш орнууд хамгийн түрүүнд гараа сунгасан байдаг.

-Дэлхийн худалдааны нийгэмлэгт Хятадыг хэдхэн жилийн өмнө оруулна, оруулахгүй гээд яриад байсан биз дээ?

-2001 онд Хятад улс дэлхийн худалдааны байгууллагад орсон. Нэлээн гуйж байж орсон гэдэг. Одоо ч Хятадыг зах зээлийн орон гээд дэлхийд хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм билээ.

-Тэгэхээр бид толгойлоод явчихсан юм уу?

-Тийм. Бид энэ талаасаа бол түрүүлж орсон. Өөрийгөө нээлттэй болгож чадсан. Түүний хүчинд зах зээл бараагаар хангагдсан. Яах вэ, хуучин социалист зах зээл рүү хандаж байсан үйлдвэрүүд бүгд хаалгаа барьсан байж болно. Түүнээс дутахгүй олон үйлдвэр аж ахуйн газрууд Монголд бий болсон.

-Социализмын үед баригдсан Эрдэнэт, Дархан, Бор-Өндөр, Багануур зэрэг том том хот, үйлдвэрийн газрууд баригдсан, ихийг бүтээсэн, хийсэн гэдэг. Ардчиллын 30 жилд түүнтэй зүйрлэх зүйл яагаад хийсэнгүй вэ гэж?

-Хуучин тогтолцоонд байгуулсан үйлдвэр аж ахуйн газрууд, түүхий эдийн дагавар үйлдвэрүүд байсан. Тэгэхээр нөгөө зах зээл нь нураад унахаар тэр үйлдвэр аж ахуйн газруудад хийгдэж байсан бүтээгдэхүүнүүд зарагдах ямар ч бололцоогүй болсон. Хүмүүс ардчилал гарч ирээд энэ үйлдвэрүүдийг нураачихсан юм шиг буруу ойлгодог.

-Та эдийн засагч хүний хувьд тайлбар хийвэл?

-Өнөөдөр хувийн хэвшилд түшсэн жижиг үйлдвэр аж ахуйн газрууд олон болсон шүү дээ. Бид хуучин тогтолцоонд хүнсний үйлдвэр гэж ярихдаа, мах, гурил, талхны үйлдвэрийн тухай ярьдаг байсан. Өнөөдөр энэ чинь бүүр эсрэгээрээ олон чиглэлээр босоод ирчихсэн. Түүнийгээ бид харин үйлдвэр хөгжиж байна гэж олж харахгүй байгаа нь харамсалтай санагддаг.

-Үйлдвэржилтийн үйл явцыг заавал том үйлдвэрээр харах ёстой юу?

-Заавал томоор харах шаардлага байхгүй. Жижиг олон үйлдвэрүүд бий болчихсон, энд тэндгүй. Үүнээс гадна Монголын эдийн засаг өөрөө жижиг. Хүн ам нь бага, зах зээл нь жижигхэн шүү дээ. Бид гадаад зах зээл рүү түүхий эдээ гаргахын тулд өөрсдийнхөө чаддаг зүйлийг хийх хэрэгтэй. Томоос нь яривал ардчиллын жилүүдэд байгуулагдсан Оюу толгойг нэрлэж болно. Үүнтэй адил уул уурхайн олон үйлдвэр аж ахуйнуудыг нэрлэж болно.

-Бид ардчиллаас ухарч, буцаад социализм руу эргэж болох уу?

-Ардчилалд хүрч, ардчиллаа буцаагаад алдсан орон зөндөө байдаг. Гэхдээ үүнд хамгийн их санаа зовох ёстой гэж хэлмээр байна. Бид ардчиллаас буцах биш улам төгөлдөржүүлж цаашаа явах хэрэгтэй.

-Бид цаг үед нь хувьсгалыг хийж чадаагүй бол ер нь яах байсан бэ?

-Ойлгомжтой. Хэн нэгний хараат байдалд орох байсан. Хэн нэгнээр удирдуулсан, хэвээрээ. Ямар ч өөрийн толгойгүй. Тэгэхээр ардчиллын хамгийн том ололт өөрөө өөрсдөө засаглаж байна. Өөрийн эрхээр зовж ч, жаргаж ч байгаа.

-Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов гэдэг шиг үү?

-Монголчууд өөрийн гэсэн улсаа байгуулсан. 1990 онд хийсэн ардчилсан хувьсгалын утга учир энэ юм. Мөн зах зээл. Зах зээл байж гэмээнэ нийгмийн асуудлууд шийдэгдэж байх учиртай. Тэгэхээр хоёр хөршөө дуурайж төрийн өмчид ач холбогдол өгч, тэр нь өөрөө үрэлгэн тогтолцоо болж хувираад байна. Тийм учраас ардчилал, зах зээл хоёр яг ижилхэн ойлголт биш. Зах зээлээ хамгаалах асуудал хамгийн чухал. Ер нь эрх чөлөөг сонгох уу? Авторитари дэглэм сонгох уу? Ардчиллыг сонгох уу гэдэг асуудал болж хувирч байгаа юм.

-Яагаад монголчууд гуравдугаар зэргийн мах иддэг байсан юм, тэр үед?

-Ер нь бүгдийг нь гадагш нь ачуулдаг байсан. Жилдээ есөн сая малыг гадагш нь ачуулдаг байсан шүү. Өөрсдөө үйлдвэрүүдээ мэддэг юм байхгүй. Дандаа Зөвлөлтийн мэргэжилтэн зөвлөхүүд ирчихсэн. Тэр үеийн ханшаар хамаг юмаа өгдөг байсан. Бидний өгч байгаа юм хямдхан, тэднээс авч байгаа юм үнэтэй. Гэхдээ түүнийгээ ах дүүгийн тусламж гэдэг нэрээр зөрүүг нь хааж явдаг байсан. Дараа нь бүр зах зээлийн нийгэмд орчхоод бараг 10 тэрбум долларын зээлийг нь тэглүүлэх гэж гүйлээ шүү дээ. Тэгж байж нэг юм тэглүүлж хуучин социализмынхаа өрийг бүгдийг цайруулж өөрсдийгөө чөлөөлж чадсан.

-Та хүссэн нийгмээ бүтээлцэж чадсан уу, эргээд харвал?

-Бүхэл бүтэн төсөөлөл, гоё сайхан зүйлийг бодож, мөрөөдөөд түүнийгээ гүйцэд ойлгоод хөдөлж байсан хүмүүс биш л дээ, бид чинь. Тэр үед нас залуу байж. Түүнийгээ дагаад хүсэл мөрөөдөл, тэмүүлэл дүүрэн явжээ. Ардчилсан хувьсгал хийх болсны хамгийн гол зүйл нь бидний амьдарч байгаа нийгэм буруу, хүний амьдралд байх ёстой тэр бүх эрх чөлөө байхгүй, мэдээлэлгүй орчинд амьдарч байсан нь гол түлхэц болсон. Ерөөсөө тэр 1990 оны хөдөлгөөний үр дүнд бид эрх чөлөөг хүсч бий болгосон үйл явц юм. Тэгэхээр тэр эрх чөлөөндөө хүрсэн гэж боддог. Харин энэ эрх чөлөөгөө хамгаалах ёстой гэж бодож байна. Ардчилал бол хүний ертөнцийн амин сүнс, зүрх нь юм шүү.

-Та эрх чөлөөг юу гэж ойлгодог вэ. Таны хувьд эрх чөлөө гэж юуг хэлэх вэ?

-Философийн хувьд нь яривал асар том асуудал. Нийгэм талаас нь яривал мэдээлэл олж авах гэж хэлж болно. Чиний эрх бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэдэг зарчмыг сайн мэддэг байх ёстой. Чөлөөтэй сэтгэж, бодож, ярьдаг энэ бүх зүйлийг л эрх чөлөө гэх байх. Түүнээс би эрх чөлөөт нийгмийн эрх чөлөөт иргэн гээд энд тэнд очиж хэрэг тарьж, хашхирч бархираад байхгүй л болов уу. Хувь хүний үзэл бодол зөв байж нийгэм улс орон хөгждөг. Түүнээс биш хэрэлдэж, зодолдож гэмээнэ нийгэм урагшлахгүй.

Эрх чөлөө гэдэг зүйл өөрөө юугаар ч сольшгүй, юутай ч харьцуулшгүй эрдэнэ юм. Эрх чөлөөг эдлэхийн тулд тогтолцоо маш чухал. Тогтолцоо яагаад үүсдэг, хүн төрөлхтөн ардчилал гэх тогтолцоог яагаад сонгох ёстой юм гэдгийг ойлгоод ирэхээр хүн эрх чөлөөгөө хамгаалах ёстой юм байна өөр сонголтгүй гэдгийг аяндаа мэднэ л дээ. Тэгэхээр эрх чөлөө гэдэг маань том асуудал, өөрөө.

-Ардчилал нийгэм болон хувь хүнд ямар өөрчлөлтийг бий болгосон бэ?

-Ардчилал өөрийгөө боловсронгуй болгож байдаг үйл явц. Хүмүүс өөрсдөө төрөө байгуулаад өөрсдөө удирдаад явах нь ардчиллын зорилго байсан. Тухайлбал бид машинаа бүтээчихсэн. Харин энэ машин нь сайн байх ёстой.

-Тэгэхээр дэлхий нийтэд ардчилал хаанаас яаж үүссэн юм бэ?

-Өнөөдөр ардчиллыг өмчлөх гэж үздэг орон нэлээн байдаг. Би ч бас Монгол ардчиллыг өмчилж болно гэж үздэг. Яагаад гэхээр түүхээс харахад бид Их хааныгаа дандаа хуралдайгаас сонгож байсан.Тэгэхээр их хуралдайгаар хаанаа сонгож байсан түүхтэй орон дэлхийд өөр байхгүй шүү дээ. Тал талаасаа цуглаад тэндээ хуралдайгаа хийгээд саналаа солилцож байсан уламжлалтай орон байхгүй. Энэ утгаар нь аваад үзвэл манай энэ түүхийг цэргийн ардчилал гэж үзэх тохиолдол байдаг.

Тэгэхээр цэргийн ардчиллыг нийтийн ардчилал болгож хийгдэж байгаа алхам болохоос биш энэ чинь өөрөө манай түүхэнд байсан үзэгдэл байхгүй юу. Дээр нь ардчилал хуулиар засаглах гэж хэлдэг. Бид их засаг гэж хуультай явж ирсэн. 1206 онд Их засаг хууль гарсан. Дэлхийн хамгийн анхны Үндсэн хууль 1216 оноос эхэлдэг Ирландын нэг хууль байдаг. Тэгэхээр монгол бол сонгуулийн байгууллагаар анхны элементүүдийг оруулж ирж байсан орон мөн байгаа биз.

Тийм учраас ардчиллыг бид амархан өөр дээрээ хүлээж авсан. Энэ нь нүүдэлчин ард түмнээс гадна бид өөрсдөө түүхэн уламжлалтай явж ирсэн учир ингэж хүлээж авсан гэж хэлж болно. Гэтэл бусад орон өнөөдөр ардчиллыг хүлээж авч чадахгүй явдал зөндөө л байна шүү дээ. Тийм учраас ардчиллыг гаднаас орж ирсэн гэдэгтэй санал нийлдэггүй. Ардчилал бол өөрийн төрийг байгуулах арга хэрэгсэл түүнээс зорилго нь биш.

-Ардчилал цаашид 90 жилийн дараа хэр өөр болох бол?

-Энэ талаар эрдэмтдийн бичсэн олон зүйл байдаг. Ардчилал өөрөө өөрийгөө боловсронгуй болгоод явж байгаа. Ардчилал бол өөрөө өөрийгөө боловсронгуй болгоод цаашлаад явдаг машин гэж хэлж болно. Энэ машинаа улам боловсронгуй болгох нь 1990 онд тавьж байсан зорилго. Машин маань муу байж магадгүй гэхдээ л ажиллах ёстой. Бүр төгс боловсронгуй болсон тогтолцоог юу гэж хэлдэг вэ гэхээр нээлттэй нийгэм гэж хэлдэг.

-Аливаа зүйл алдаа оноотой явж ирдэг. Ардчиллын гол алдаа оноо нь гэвэл та юуг хэлэх вэ?

-Өөрийгөө хүн гэж мэдрэх мэдрэмжийг ардчилал хүн бүрт өгч чадсан. Энэ бол маш чухал. Өмч гэдэг зүйлийг бий болгож хүмүүсийг өмчтэй болгосон. Хувийн өмч дээр суурилсан эдийн засгийн суурь бий болгосон. Энэ бол бидний хамгийн том амжилт. Дутагдал гэх юм бол хүнд эрхийг нь мэдрүүлэх гэж явахдаа бусдын эрхийг хүндэлдэг үүргийг дутуу олгосон байж магадгүй. Дээр нь зах зээлийг хамгаалж хэлмээр байна. Зах зээл гэдэг нь хувийн хэвшил дээр түшиглэж зогсохоос гадна төрийн өмчийг хүсэмжлэх байдал нь бас нэг алдаа болчхоод байна.

-Өнөөгийн соёлт нийгэмд бид дэлхийтэй хөл нийлүүлэн, хүссэн газраа очиж, сурч, боловсорч, газар үзэж, нүд тайлж байгаа нь яалтчгүй эрх чөлөө мөн биз?

-Мөн байлгүй яах вэ. Хүн болж төрж орчлон хорвоо ертөнцтэй танилцаж газар үзэж нүд тайлна гэдэг чинь том эрх чөлөө. Хаана ч очоод мэдээлэл олж авахаас илүү юм гэж байхгүй шүү дээ. Ардчилсан нийгмийн хүнд зайлшгүй байх ёстой эрх чөлөөнүүдийн нэг мөн. Тийм учраас бид үүнийг авчирч чадсан юм байна гэж өөрсдийгөө үнэлэх хэрэгтэй.

-Та ардчилалд хэдий үеэс эхэлж гар бие оролцож эхэлсэн бэ?

-1984 онд Москвад хуучин социалист орнуудын эдийн засгийн хүрээлэн гэдэг байгууллага байсан. Тэр хүрээлэнд эрдмийн зэрэг хамгаалахаар сурч байлаа. Тэгээд ерөнхийдөө үзэж хараад судалж байх явцдаа социалист орнууд буруу замаар явж байгааг анзаарч эхэлсэн гэх үү дээ. 1987 онд эрдмийн зэргээ хамгаалаад ирсэн. Ирээд Эрдэнэт үйлдвэрийн талаар нэлээн шүүмжлэнгүй үг хурал дээр хэлснээс болж банга хүртэж явлаа. Харин тэр үед Л.Түдэв гуай миний хэлж ярьж бичсэнийг “Үнэн” сониндоо тавьдаг байсан. Энэ нь ухаандаа ахмад үеийнхэн шинэ залуу үеэ дэмжиж байсан нэг хэлбэр гэж боддог. Ингэж явж байгаад 1990 онтой золгосон.

-Ардчиллын түүхэнд Элсний 13 хаанаас юунаас болоод гарч ирэв?

-Ардчилсан нам холбоо эвсэл анхны Засгийн газраа байгуулсан эрчимтэй реформ хийгдсэн, үнэ чөлөөлсөн. Үнэ чөлөөлөх шалтгаан бол ялангуяа эрчим хүчний салбарт үнэ чөлөөлсөн жилдээ 300 гаруй удаа тог цахилгаан тасардаг байсан. Ийм цаг үе шүү дээ. Сонгууль зургаан сард болоод өнгөрчихсөн. Өвөл хаяанд ирчихсэн. Энэ асуудлаа хурдан шийдмээр байдаг. Реформын шинжтэй олон арга хэмжээнүүд аваад эхлэхээр нийгэм өөрөө бас ойлголтынхоо хамт бүрэн бэлтгэгдээгүй байсан үе.

Тэгээд зөрчил тэмцэл үүссэн. Бас энэ үед анхныхаа ардчилсан Засгийн газрын Ерөнхий сайдыг буулгая гээд хэл ам гараад эхэлчихсэн. Ингээд олон юм давхацсан л даа. Тэр үед нэг хэсэг хүмүүс үүнийг эсэргүүцэж байсан. Тэр эсэргүүцээд байсан хүмүүстээ элсний 13 гэсэн цол хайрлачихсан ийм л үзэгдэл.

-Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг. Тэгэхээр ардчиллын түүхийг бид үнэн зөвөөр нь мэдэж байж урагшилна. Ардчилалтай салшгүй холбоотой хүн бол яахын аргагүй талийгаач С.Зориг агсан, түүний тухай эргэн дурсвал?

-Бид хатуу, захиргаадалтын нийгмээс шилжилт хийж байсан. Тэгэхээр шилжилтийг хийж буй үйл явц хэн нэгэн лидергүйгээр явагдах бололцоогүй байдаг. Угаасаа бидний дунд гарцаагүй нэг лидер байсан. Тэр хүн нь С.Зориг юм. Тийм учраас тэр хийж чадсан. Бидний туг нь болж явсан хүн. Бидний үлгэр дуурайл, зоригжуулагч байсан. Мэдээж үүний араас нийгмийг хөдөлгөх маш олон хүмүүс нэгдэж цуглаж байж нийгэм өөрчлөгдөх бололцоо бий болсон юм. Би түүнийг гайхалтай хүн гэж хэлнэ.

-Залуучуудад ардчиллыг хэрхэн зөв ойлгуулах ёстой бэ?

-Бид шинэ нийгэм рүү тэмүүлж амьдрах улс. Тэгэхээр шинэ үеийг бүтээх гэж босч явахдаа, дараачийн үе, юуг ойлгож мэдэж байна вэ гэдэг дээр тун бага анхаарсан юм шиг. Тийм ч учраас тэр нь өнөөдөр бидэнд алдаа болжээ. Зарим залуучууд ардчиллын үнэ цэн, эрх чөлөөг асар их үнээр олдсоныг мэдэхгүй байгаа нь нэг талаасаа бидний буруу, нөгөө талаасаа үүнийг ойлгоё гэвэл ойлгохоор үйл явц зөндөө болж байна. Монголын жишээ биш юм гэхэд олон улсад болж байгаа үйл явцыг харж болно. Тухайлбал, Хонконгийн жишээ байна шүү дээ. Хүмүүс эрх чөлөө, эх орныхоо төлөө хэрхэн тэмцэж байгааг харж болохоор байгаа юм.

Яг л үүнтэй агаар нэг зүйл. 30 жилийн өмнөх зүйлийг мэдэхгүй байж болно. Харин эргэн тойронд болж байгаа үйл явцыг анзаарах ёстой юм. Хэрэв тэгж чадвал ардчилсан хувьсгалыг ойлгох байх аа. Товчхондоо хэлбэл эрх чөлөө гэдэг хэн нэгний балмад үйл явдлыг чимээгүй өнгөрөөдөг гар, ам хоёроо үдээд өөрийгөө хамгаалдаггүй, сууж байдаг зүйл биш юм гэдгийг сайн ойлгох ёстой шүү дээ. Өнөөдрийн залуучуудын эдэлж хэрэглэж байгаа эрх чөлөө хямдхан олдсон юм биш. Түүнийг нь мэдрүүлэхэд бид илүү сайн ажиллах болчхоод байна.

-1998 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр хуралдсан Монголын Ардчилсан намын анхдугаар их хурлын илтгэлд үндэсний соёл, зан заншлаа хуучны үлдэгдэл хэмээн ад үзэж, үндэсний бичгээ орхиж монгол төрхөө улам алдсаар байна гэж шүүмжилж, түүгээр зогсохгүй үндэсний соёлын үнэт зүйлийг арвижуулах, монголын түүх соёлыг өргөн дэлгэр сурталчлах гэсэн зорилтот хэдэн санаа байсан. Та энэ санаан дээр тулгуурлаж ярих уу, бид хоёрын өмнөх ярьсантай л уялдуулах гээд байна л даа?

-Одоо яг энэ зорилтыг бүтэн хэрэгжүүлсэн зүйл байхгүй шүү дээ. Дэлхий тэр чигтээ глобалчлагдаж байна. Ер нь амьдралын бүхий л хэвшил глобалчлагдаж байна. Үүнд өөрсдийнхөө үнэт зүйлийг тод томруун харах ёстой. Тэр дундаа үндэсний уламжлал, ёс заншлыг илүү анхаарах хэрэгтэй, бас авч үлдэх ёстой. Сая өөрийн чинь хэлж байгаа зүйл дотор гэр бүл байна. Монголчууд гэр бүлээ эрдэнэ гэж хэлдэг байсан. Өрх гэр бүл төрийн амин эрдэнэ гэж хэлж болох зүйл.

Бид хувь хүний эрх чөлөөний асуудлыг харахдаа аль болох өрх гэр бүл дээр төвлөрч харвал илүү зөв болно. 1990 онд ярьж байсан зүйл өнөөдөр шинэ маягаар сонсогдох болчхоод байгаа цаг үе дээр ирчхээд байгаа юм. Би энэ хуралд сууж байсан хүн шүү дээ. (инээв) Анх нам байгуулах асуудал Их сургуулийн байранд, харанхуй шөнөөр, цөөхөн хэдэн хүн уулзалдаад, ярилцаад явж байсан, би дотор нь оролцоод явж байв. Ингээд бодохоор ардчилал, эрх чөлөө тийм амархан бидэнд ирээгүй олон зовлон дундуур ирсэн юм гэж л хэлмээр байдаг.

-1989 оны арван хоёрдугаар сарын 10-нд МоХ-ын анхны цуглаанаар Ардчилсан Холбоо албан ёсоор байгуулагдсан байдаг. Та энэ үед хаана нь явж байсан бол. Анхны улс төрийн шаардлага тавьж байсан үеэ эргэн санавал?

-Нийгэм өөрчлөлтийн өмнө тулаад ирсэн, үе. Ардчилсан Холбоо улс төрийн шаардлагаа хүргүүллээ. Тухайн үед МАХН бас өөрчлөгдөх ёстой гэдэг байр суурь дээр ирчихсэн үе шүү дээ. Би МАХН өөрчлөгдөх ёстой гэдэг анхны хэдэн эрдэмтдийн нэг нь юм. Тэр эрдэмтдийн дотор цор ганц намын харьяалалгүй нь би байсан. Тийм ч учраас хамгийн их өөрчлөлтийн үзэл санааг илэрхийлж чадаж байсан гэж өөрийгөө үздэг. Тэгэхээр өөрчлөх ёстой гэдэг байр суурь дээр эрх баригчид нь ч байсан шинэ байгуулагдаж байгаа залуу хүчин нь байсан. Тийм ч учраас тайван замаар өөрчлөлт хийх бололцоо үүссэн юм.

-Иргэн рүүгээ буу шагайдаг төр байлаа. Хувь хүний өмч гэх зүйл үгүй. Эхнэрээ төрөх үед нэг хонь дур мэдэн гаргах эрхгүй л нийгэмд бид олон жил явж?

-Энэ бол үнэн. Тийм л нийгэмд бид амьдарч ажиллаж ирсэн. Яалт ч үгүй тухайн цаг үе тийм л байсан. Та бод л доо эхнэр нь амаржихад хотонд нь мал байвч нэгдлийн даргаасаа зөвшөөрөл авдаг байсан. 1932 оны их хэлмэгдүүлэлт бол зөвхөн лам хуврага гэдгээр нь устгасан юм биш монголын сор болсон сэхээтнүүдийг хоморголон устгах бодлого байсан гэдгийг одоо л бид ойлгох хэмжээнд ирж байна.

-Хатуу хяналт хорионд хүн яаж оршин тогтнодог юм бэ. Эргэн тойронд мэдээлэгч байдаг байсан шиг байгаа юм. Үүнийг бид эргэж сэргээж хэзээ ч болохгүй?

-Ардчилал тогтоод 30 жил болчхоод байна. Ийм байдал эргэж сөхөгдөхгүй байх гэж хувьдаа боддог. Хэрэв тэгвэл энэ 30 жилийн чинь хугацааны хүмүүс эргэж босно биз дээ. Гэхдээ санаа зовохгүй орхиж болохгүй үүний төлөө харин ажиллах ёстой.

-Соёлт нийгэмд амьдарч байгаа юм болохоор шууд бие биеэ алахгүй юм аа гэхэд өшөө авч, бие биенийхээ арыг ухаж заавал нэг зүйл гаргаж үнэн, худал нь бүү мэд шүүхэд өгч шүүхийг дайны талбар болгоод байгаа юм л даа. Хорьдог, шоронд хийдэг. Энэ тогтолцоо чинь эргээд нөгөө их хэлмэгдүүлэлт рүү орж байгаагийн нэг хэлбэр биш үү?

-Тантай санал нэг байна. Үнэн. Тийм учраас үүнийг анхааралтай харж сөрж зогсох хэрэгтэй байна.

-Тэр үеийн төр нэг нам байсан. Мэдээж намын үзэл баримтлалаа төрөөр дамжуулан хэрэгжүүлэх нь зүй ёс л байх. Нам, төрийн дээр гарна гэж байдаг уу. Тэр үеийн хурлаар бүгд ярсхийтэл гар өргөн тогтоолууд баталдаг байжээ. Энэ эргэж ирсэн үү үлдсэн үү, тэр тогтолцоондоо. Харин өнөөдөр асуудалд олон ургальч байр сууринаас хандмаар юм гэтэл?

-Төр төвтэй олон намууд байх ёстой. Харамсалтай нь төрийн дээр нам гарчихсан тогтолцоо аажим аажмаар явсаар байгаад бүрэлдээд байна уу гэж санаа зовохоор зүйл бий болчихсон байгаа. Тэгэхээр бид ардчиллын төлөө тэмцье гэвэл тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Төрийн дээр нам биш намуудын дээр төр байх систем рүү орох ёстой.

-Тэгэхээр төр, нам хоёрыг салгах боломжтой юу?

-Төр, нам хоёрын байр суурийг сольё гэвэл Үндсэн хууль руугаа орно. Их зовлонтой л доо. Тухайлбал парламент бол хоёр танхимтай байх шаардлагатай байдаг. Дээд, доод гэсэн хоёр танхимтай. Олон оронд ийм байдаг. Доод танхим нь намын шалгуураар намын нэр дэвшигчдээс бүрдсэн одоогийн парламент шиг үйл ажиллагаатай гэсэн үг.

Их танхим нь болохоороо намыг төрийн дээр гаргуулахгүйн тулд байгууллагддаг. Дээд танхимд намуудын шалгууруудаас гадна олон түмэнд хүндлэгдсэн, үнэлэгдсэн, их дээд сургуулийн профессор, шашны төлөөлөгчид гэх мэт томилолтоор шахуу байгуулагддаг байх ёстой. Тэгж байж дээд танхим үүргээ гүйцэтгэх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар тэр хүртэл хэмжээнд сэтгэж бодож чадахгүй л байна даа.

-Үндсэн хууль гэснээс, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар таны байр суурийг сонсъё?

-Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах цаг нь болсон. Өмнөх Үндсэн хууль Монголын нийгэмд гүйцэтгэх үүргээ биелүүлчихсэн. Бид Үндсэн хуулиа шинэчлэх л шаардлагатай. Зөв, буруу гээд маргалдаад байвал дуусахгүй. Чухам ямар өөрчлөлтийг оруулбал зөв гольдролд нь хийж байна вэ гэдэг асуудал. Тэгэхээр намуудын дээр төрийг бий болгохын тулд яг ямар өөрчлөлт хийж, юуг хийх ёстой юм. Үндсэн хууль хэн нэг хүний хүслээр хийгддэг зүйл биш л дээ. Цаг үе нийгмээ дагаад өөрчлөгдөж болно.

Олон том хөгжингүй орнуудын парламент хоёр танхимтай байдаг. Бид өнөөдөр явж ирсэн түүхээ нэг сайн харах хэрэгтэй. Өнөөдөр эргээд харахад төрийн дээр нам гарсан байгаа. Ингээд зогсохгүй супер хүмүүс, супер сармагчингууд бий болсон. Нэг танхимтай парламентад супер сармагчингууд бий болдог шүү гэдэг анхааруулга яг нарийндаа 1949 онд Английн парламентад Черчиль анх хэлсэн байдаг. Англид хоёр танхимтай парламентыг нэг танхимтай болгоё гэсэн яриа гарах үед Черчиль “Ардчилал адгийн засаглал” гэж хэлсэн удаатай.

Черчилийн хувьд нэг танхимтай болбол уламжлал алдагддаг, төрийн дээр нам гардаг, супер хүмүүс бий болдог гэдэг утгаар энэ үгээ хэлж, анхааруулга өгч байсан юм. Тэгэхээр Ерөн­хийлөгчийн засаглалын тухай ярих шаардлага байгаа бол парламент хоёр танхимтай байх зайлшгүй шаардлагатай. Хоёр танхимгүй парламентын дээр нам гарч болж байгаа юм чинь төрийн дээр нэг хүн мордоход ямар ч асуудал байхгүй.

-Тэгэхээр нэг намын үед үндсэн хуулинд өөрчлөлт орж байгаа нь эргээд хэр сөрөг зүйлтэй нүүр тулах бол. Ядаж зөвшилцөх ёстой нөгөө намуудтайгаа сайн үр дүнд хүрэхгүй л байгаад байна л даа?

-Үндсэн хууль нийгмийн зөвшилцөл. Тийм учраас одоо хийх гэж байгаа төсөл дээр явж байгаа зүйлс санал асуулгаар шийдэгдэх ёстой гэдэгтэй санал нэг. Олон нийтийн санал асуулга бол зайлшгүй байх ёстой. Тэгээд өөрчлөөд явах ёстой. Миний байр суурь ийм л байдаг.

-1992 онд баталсан Үндсэн хуулинд Монгол Улсад засгийн бүх эрх нь ард түмний мэдэлд байна гэж. Монголын ард түмэн төрийн эрх барихад шууд оролцоно гэж заасан байдаг. Гэтэл одоо бид яг энэ замаар явж байгаа юу?

-Үндсэн хуулийн энэ заалт өнөөдөр хэвээрээ байгаа. Хамгийн гол нь бид сонголт хийж сурах хэрэгтэй. Сонголтоо зөв хийгээгүйгээс эрхээ эдэлж чадахгүй алдаа гарч байгаа юм.

П.Оюунсувд

Friedrich A. Hayek: Нийгэмд Мэдлэг Ашиглах Байдал. 1945

Түүний нэрийг Намхайнямын Жаргал (1975) гэдэг. Инженер, геологич, геофизикч.

Бид хоёр уулзалдаж байгаагүй байх. Мэйлээр харилцав. Тэрбээр над руу Фрийдрик Аугуст фон Хаекын 1945 онд бичсэн нэгэн өгүүллийг монгол хэл дээр орчуулснаа хэд хоногийн өмнө ирүүллээ.

Ийм ярвигтай өгүүллийг эдийн засагч биш мэргэжилтэй хүн орчуулж монголчуудад хүргэх гэж оролдож байгаа нь гайхамшигтай сэтгэгдэл төрүүллээ. Нобелийн шагналт Хаекийн энэхүү өгүүлэл нь 20 дугаар зуунд хамгийн их ишлэл авч дурдагдсан өгүүлэлд ордог юм. Тэрбээр чөлөөт зах зээлийг хамгаалж, социализмыг буруутгасан юм.

Тэртээ 1945 оноос хойш олон жил өнгөрсөн ч олон оронд чөлөөт зах зээлийг хамгаалах дуу хоолой үгүйлэгдсээр байгаа. Тийм орнуудын тоонд Монгол маань багтах бизээ. Сүүлийн үед улс төрчид “мэдлэгт тулгуурласан эдийн засаг” гэх болсон. Гоё хэллэг боловч философи утгаараа мэдлэгт тулгуурласан эдийн засаг чөлөөт зах зээлгүйгээр бий болохгүй гэдгийг Хаек бүтээлдээ хэлсэн байдаг.

Мэдлэг бол нийгэмд гэрэл юм. Гэвч тэрхүү гэрэл нь олон одуудаас бүрдэх бөгөөд нэгдэн нийлж байж харанхуйг таягдах том гэрэл болох учиртай гэнэ билээ. Тэр одууд нь нийгмийн гишүүд хүмүүн Та бүгд билээ. Од гэрлээ нэмж байхын тулд 4 зүйл бүрдсэн байх учиртай гэж. Нэгдүгээрт, хувь хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэй байх, Хоёрдугаарт мэдээлэл авах, мэдлэгт хүрэх эрхтэй байх, гуравдугаарт бүх хүмүүст чанартай боловсрол хүртээмжтэй байх, дөрөвдүгээрт хэл соёлын зөрүүг хүндэтгэн авч үздэг байх явдал гэнэ.


Мэдлэг анхнаасаа нийгмийн гишүүдэд тархмал учир төлөвлөгөөт төвлөрсөн эдийн засаг орших үндэс байхгүй, тийм нийгэм хөгжих бололцоогүй.

Дээрх өгүүлэл гарснаас хойш дэлхий ертөнцөд юм юм л боллоо. Зөвлөлтийн Эзэнт гүрэн, Социализм нурж хүйтэн дайн дуусахыг үзэв. Гэвч түүхэн энэ үйл явц нь хэдэн арван жилээр үргэлжилж шаналгаатай өрнөж байгаагийн гэрч бид болцгоож байна. Харанхуй цаг үе, балар нийгэм ирэх аюул байнауудаа гэж бодогдох үе гарах юм. Энэ цаг мөчид Гэрэл болсон Мэдлэг өөд бүгдээрээ тэмүүлцгээе гэж Хаекийн энэ бүтээлийг Жаргал эрхэм орчуулсан байхаа гэж бодож байна.

Гэрэл харанхуйг ярнаа

Амжилт хүсье

Фрийдрик Хаек “Нийгэмд мэдлэг ашиглах байдал” 1945

Oлена Зелинска АНУ-ын Конгресст хандаж үг хэлэв

Украины тэргүүн хатагтайн АНУ-ын Конгресст хандаж хэлсэн үг энэ долоо хоногийн хамгийн том үйл явдал бөгөөд түүхэн үйл явдал гэж хожмоо бичигдэнээ. Сэтгэл хөдлөлөөр дүүрэн үг богинохон хэрнээ хүн бүрийн зүрхэнд хүрэхээр байлаа.

Олена Зелинскагийн хэлсэн үгнээс сэтгэлийн утас чангаасан хэсгүүдийг нь утгачлан орчуулсан болой.

Хүндэт Хатагтай Спикер, Хүндэт Конгрессын гишүүд ээ

Хатагтай ноёдоо

Надад энд ирж АНУ-ын Конгресст хандаж үг хэлэх бололцоо өгсөн явдалд талархаж байна. Гадаад улсын Ерөнхийлөгчийн эхнэр энэ танхимд анх удаагаа үг хэлж байгааг би мэдэж байгаа. Үүнийг хүндэтгэн хүлээж авч байна. Энэ бол надад болон миний эх оронд үнэхээр чухал ач холбогдолтой юм. Өнөөдөр би Та бүгдийг улс төрчид гэдгийнхэн хувьд гэхээсээ, зүгээр л аав, ээжүүдийн чинь хувьд хэн нэгний эмэг эх, өвөг эцэг, бусдын охин, хүү болохын чинь хувьд хандаж Тэргүүн хатагтай гэдгээр биш би бас хэн нэгний охин, ээж болохын хувьд  үг хэлэхийг хүсч байна.

Бид ажил албандаа ямар амжилт гаргахаас үл хамааран бид өрх гэрийнхээ нэгэн хэсэг байдаг билээ. Бид эцэг эхдээ хүүхэд байдаг. Бид нас үл харгалзан хүүхдүүдээ хайрлаж байдаг. Тэдэнд юу ч тохиолдсон бай тэд бидний хүүхдүүд хэвээр байдаг. Өрх гэр гэдэг бол бидний хувьд бүхэл бүтэн ертөнц мөн билээ. Энэ ертөнцийг хадгалан хамгаалах гэж бид амьдардаг. Амжилт гарвал баярлан хөөрч, алдаж эндвэл зовж уйлдаг. Энэ ертөнц дайнд сүйрвэл  бид бүрэн нурахад хүрдэг.

Хэдэн арван мянган ийм ертөнц Украинд сүйрээд байна…..

Ердийн нөхцөлд Ерөнхийлөгчийн эхнэр хүн боловсрол, хүний эрх, тэгш байдал, тэгш оролцоо гэх мэт энх амгалан ажил хийдэг байх. Тийм сэдвээр намайг ярих байх гэсэн хүлээлт байж магадгүй. Гэвч  миний эх орны эсрэг ямар ч шалтгаангүй өдөөсөн террорист дайныг ярихгүйгээр яахан дээрх сэдвээр би ярьж чадах билээ.  Орос манай ард түмнийг сүйрүүлж байна…..

Сая сая украинчуудыг хамгаалж, дайсны эсрэг зогсоход минь Америкийн ард түмэн, америк айл өрх гэр бүр, Конгресс, Ерөнхийлөгч Байден асар их туслалцаа үзүүлсэн. Та бүгдийн тусламж маш хүчтэй. Орос алж устгаж байгаа бол Америк аварч хамгаалж байна. Бид тусалж дэмжиж хийсэн бүхний төлөө талархаж байна. Үүнийг Та бүгд мэдээсэй билээ гэж хэлж байна.

Харамсалтай нь дайн дуусаагүй байна. Террор үргэлжилсээр байна.

Би амь үрэгсдийн нэрийн өмнөөс Та бүгдэд хандаж байна. Би хөл, гараа алдсан хүмүүсийн нэрийн өмнөөс, өнөө хүртэл амьд бүтэн байгаа болон фронтод тулалдаж байгаа хүмүүс, тэднийг фронтоос ирэхийг тэсч ядан хүлээж байгаа ахан дүүсийнх нь нэрийн өмнөөс хандаж байна. Би хэзээ ч гуйхыг хүсэхгүй зүйлээ Та бүгдээс гуйж байна.

Зэвсэг өгөөч. Харийн нутагт дайн хийх биш өөрийн эх орноо хамгаалах, орон гэртээ амьд сэрэх эрхээ хамгаалахын төлөө зэвсэг өгөөч гэж гуйж байна…..

Намар миний хүү сургуульдаа орж чадах эсэхийг би сая сая украин эхчүүдийн нэгэн адил мэдэхгүй байна. Миний охин  Их сургуульдаа энэ намар явж чадах болуу? Би хариулж чадахгүй байна. Украин багш нар сургуулийн анги танхимын сургалтад бэлтгэх юмуу аль эсвэл хорогдох байранд хичээлээ бэлдэхүү гэдгийг мэдэхгүй байна. Бидэнд агаараас эсэргүүцэн хамгаалах систем байдагсан бол хариулт гаргаж болохоор байна.

Үнэндээ энэ бүгдийн хариулт Вашингтонд бий. Харамсалтай ч террор дайралт гэдгийг Америк өөрийн бие дээр амсаж байсны хувьд украинчуудыг устгах  террорыг таслан зогсоох чадал энд байна. Энэ бол бидний хамтын ялалт байх бөгөөд хүн бүр, айл өрх бүрийн сайн сайхан, эрх чөлөө, аз жаргалын төлөө, амьдралын төлөөх ялалт байх болно. Би үүнийг гуйж байна. Миний нөхөр мөн үүнийг гуйж байна. Ерөнхийлөгчийн гэр бүл гэдгээр биш, хүү болон охиныхоо аав, ээж, өөрсдийн эцэг эхийн хүүхдүүд болохын хувьд гуйж байна.

Яагаад гэвэл бүх аав ээж нар хүүхдүүдээ унтахад нь одоо агаараас дахин довтлохгүй ээ, дахин пуужин нисч ирэхгүй ээ гэж хэлж чаддаг болохыг бид хүсч байна.

Энэ тийм биелэгдэшгүй том хүслэн гэж үү?

GLORY TO UKRAINE

Амар сайдын гэгээн дурсгалд

            Юуны өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Агданбуугийн Амарын гэгээн дурсгалыг хүндэтгэх гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулж буй DENS.MN мэдээллийн сайтад гүнээ талархаж байна.

            Ардчиллын он жилүүдэд миний мэдэхийн ийм арга хэмжээ урд өмнө болж байгаагүй. Анхных нь болж байна. Юугаараа онцлог, юугаараа чухал арга хэмжээ вэ гэдэг талаар цөөн бодлоо хэлье.

            Нэгдүгээрт, Ардчиллын үед Хэлмэгдүүлэлтийн үнэн бодит түүх түмэн олноо ил болсон нь үнэн. Гэсэн хэдий ч шинэ залуу үедээ энэхүү түүхэн үнэнийг ой тойнд нь ортол, ягштал ойлгож, мэдрүүлэх, ийм хэлмэгдүүлэлт дахин давтагдахгүй байх нийгмийн нөхцөл байдал бүрдүүлэх тал дээр төр болон иргэний нийгэмд хийх ажил асар их байгааг олон хүмүүст шинэ өнцгөөс ойлгуулахад тустай арга хэмжээ болж байна гэж харж байна. Хэлмэгдүүлэлт бол түүнд өртсөн олон хувь хүмүүс, гэр бүл, үр хүүхдүүдэд нь учирсан хувийн зовлон. Бусдын зовлон өвдөлтийг өөрөө дээрээ болж байгаа мэт мэдрэх мэдрэмж бол ардчилсан Монголын иргэн бүрийн өөрийгөө таних нэгэн шинж тэмдэг байх учиртай юм. 

            Хоёрдугаарт,  Энэхүү арга хэмжээг  Ерөнхий сайд Амарт Зөвлөлт Оросын Дээд Шүүхээс буудан алах ял өгсөн 7 дугаар сарын 10-ны өдөрт тохиолдуулан хийж байгаа нь тун шинэлэг юм. Манай төрийн зүтгэлтнүүдийг Зөвлөлт Орос хэлмэгдүүлэхдээ Монгол Улсыг тунхагласан эсвэл Монголын баяр наадам зэрэг тэмдэглэлт өдрөөр шүүж цаазалж байсныг сануулж байгаагаараа шинэлэг харагдаж байна.  Урд нь энэ өдрүүдэд түүхээ мэдэх цөөн хүмүүс дотроо битүүхэн өвөг дээдсдээ залбираад  бусдын адил баяр наадмын нүргээнд умбадаг байлаа. Энэ нь Коммунист Оросоос айх айдас, колони орны сэтгэлгээгээ таягдан хаяж чадахгүй байснаас тэр бизээ.  Тэгвэл энэ жил тэгсэнгүй. Анх удаа баяр наадмын өмнө олны анхаарал татахуйц хэлбэрээр Хэлмэгдүүлэлтэд өртсөн Ерөнхий сайдынхаа дурсгалыг хүндэтгэж гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдаж байна. Би шинэ үеийн залуусаараа, энэ санаачилга гаргасан сайтын хамт олон, сэтгүүлч дайчин бүсгүй Шинэбаяраар бахархаж байна.

            Гуравдугаарт, дэлхийн өнөөгийн нөхцөл байдлыг ажваас Ерөнхий сайд Амарын коммунист Оросын Дээд Шүүхийн хуралдаан дээр хэлсэн үг өнөөгийн бидэнд хандаж хэлсэн үг хэмээн болгоохоор байна. Тэрбээр Монгол төрд арван гэр, багийн бичээчээс авхуулаад Ерөнхий сайд хүртлээ 30  гаруй жил зүтгэхдээ асар их туршлага хуримтлуулж, манж, түвд, орос хэл эзэмшсэн, Монголынхоо буурал түүхийг дэлхийн түүхтэй жишиж судлан таньсан холийн хараатай төрийн зүтгэлтэн байжээ гэж өөрийн эрхгүй бодогдуулдаг.

            Ерөнхий сайд Амарын бодлого, үйл ажиллагаа тухайн үед Коминтерн, Зөвлөлтийн бодлоготой зөрчилдөж, 1939 оны 3 дугаар сарын сүүлчээр Сталины тусгай удирдамжаар “ангийн дайсны ашиг тусыг өмгөөлөн хамгаалагч”, “Японы тагнуул, төлөөлөгч” хэмээх хилс ял тулган баривчилсан байдаг.

            1941 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ЗСБНХУ-ын Дээд шүүхийн хаалттай хуралдаан дээр Ерөнхий сайд Амар:

            “Би бол хэрэгтэн биш. …БНМАУ хэрэв тусгаар тогтносон улс юм бол яагаад намайг Зөвлөлтийн шүүх шүүж байгаа юм бэ?… Би Монголын ард түмэндээ хайртай, би Оросын ард түмэнд элэгтэй, харин “улаантан”, тэдний засагт дургүй… хэтээсээ том улс үндэстэн бага буурай улс үндэстнийг түрэмгийлэн эзэлж, удирдагчдыг нь барьж хорьдог. Яг ийм маягаар ЗХУ Монгол Улсад хандаж байна. Түүний тод жишээ нь миний бие буюу” гэж хэлжээ.

            Өнөөдөр ч түүний хэлсэн үг Зөвлөлт гүрнийг шинэ маягаар сэргээх гэсэн Хойт хөршийн Украинд хийж байгаа түрэмгийллийн өнгөн дээр онцгой ач холбогдолтой сонсогдож байна.

            “Үндэстнийг мөхөөе гэвэл сэхээтнийг нь устга” гэсэн үг бий. Энэ бол Их Гүрнүүдээс яагаад Хэлмэгдүүлэлт зохион байгуулдагын хураангуй томьёолол юм.

            Тусгаар Монголын төлөө Их Гүрний өмнө өвдөг сөхрөөгүй Коммунизм болон Их Гүрний дээрэнгүй үзлийн шуурганд амиа өргөсөн Амар сайд, мянга мянган хэлмэгдэгсдээ эргэн дуурсаж байна.

            Үзэсгэлэн Монголын эрх ашгийг ухаарсан, сэхээрсэн үндэстний сэхээтнүүдэд урам хайрлах болтугай

                              М.Энхсайхан 2022.07.09

АРДЧИЛСАН НАМ ОРОСЫН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛДЭГ БИШ, МОНГОЛЫН НАМ БОЛОХ ЁСТОЙ

Маргааш АН-ын Их Хурал болно гэнэ. Хуралд оролцогчдод шууд хамаарах асуулт, хариултыг хэд хоногийн өмнөх Isee.mn сайтын редакцийн уулзалт дээрх ярилцлагаас онцолж Танд хүргэж байна.

-Таны энэ хүртэл явж ирсэн түүхтэй холбоотой Ардчилсан нам сүүлийн үед уналтад орчихлоо. Энэ ойлгомжгүй нөхцөл байдлыг засахын тулд хэн нь ямар үйлдэл хийх ёстой юм бэ? 

-Ардчилсан намын тухай ярихаар нэг зэрэг олон зөрчилтэй бодол орж ирдэг. Энэ нам Монголд золтой л дарангуйлагч төрүүлчихээгүй. Төрөнгөө алдсан ч төрж чадаагүй. Энэ үйлдлийг Ардчилсан нам хийсэн учраас эмзэг ханддаг юм. Нэмж хэлэхэд, би Ардчилсан намаас гарч байсан юм биш. Намайг хөөж байсан. Яагаад хөөж байсан бэ гэхээр Ардчилсан нам сонгуулиар “Хүүхдийн мөнгө өгнө” гэж амлаж байсан. Энэ санаачилгыг би гаргаж сонгуульд Ардчилсан намыг удирдаж байсан юм. Тэгэхээр “Хүүхдийн мөнгө өгнө” гэж амалчихаад ажил хийхгүй удаад огцорч байлаа. Дараа нь М.Энхболдын Үндэсний зөвшилцлийн Засгийн газрыг байгуулаад хүүхдийн мөнгийг өгч байсан юм. Өгөх бололцоог хангахын тулд би Үндэсний зөвшилцлийн Засгийн газарт Шадар сайдын ажлыг хийсэн. Гэтэл манай Ардчилсан намынхан “Засгийн газраа огцруулаад бусадтай хуйвалдаад явчихлаа” гэж буруу ойлгоод намаасаа хөөсөн. Гэтэл үнэн хэрэгтээ өөрсдийнхөө амласан хүүхдийн мөнгийг хэрэгжүүлэхтэй холбоотой байсан юм.

Эерэг талыг яривал Ардчилсан нам Монголд ардчиллыг авчирч туг нь болсон. Энэ намын үед шийдвэртэй томоохон реформууд хийгдэж байсан. Ардчилсан нам нийгмийг эрх чөлөөтэй болгох, оюун санааг авчрахад томоохон үүрэг гүйцэтгэсэн. Энэ утгаараа эерэг, сөрөг ажлыг аль алиныг нь хийсэн хүчтэй нам. Хожмоо Ардчилсан нам бараг Оросын бодлогыг хэрэгжүүлдэг нам болчихоо алдсан. Оросын бодлогыг хэрэгжүүлдэг Монголын нам байж болохгүй. Тиймээс дотоод тэмцэл энэ чиглэлд өрнөсөн.

С.Эрдэнээ даргын хувьд Монголынхоо эрх ашгийг хамгаалдаг нам байлгах байр, сууринд хатуу зогссон гэж харж байгаа. Гаднынхан Монголыг үймүүлэхдээ Ардчилсан нам, лидерүүд рүү нь чиглэсэн. Ингэж Монголын ардчиллыг устгах  гэж оролдсон юм. Ардчилсан нам жигдэрч босож ирэх нь Монголын эрх ашиг.

-Яагаад дарангуйлагч гэж та тодорхойлж байна вэ? 

-Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж эхлэнгүүтээ хамгийн түрүүнд шүүх эрх мэдэл рүү халдсан. 17 шүүгчид дарамт үзүүлж, халсан. Шүүхийг чадваргүй болгож далимд нь улс төрийн өрсөлдөгчдөө шоронд хийж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл , шүүх эрх мэдлийг зангидах гэж оролдсон. Энэ бол дарангуйлал руу шууд явж буй алхам. Миний хувьд үүнийг эсэргүүцэж байгаагаа хэлээд шоронд орсон.

Оросын бодлогыг хэрэгжүүлэгч хүмүүс Монголд чамлахааргүй их бий. Энэ талаар буруу ойлголттой холбоотой бол ойлголтоо өөрчил.

Харийн агент болон ажиллаж буй хүмүүс рүү тусгай байгууллагууд анхаарч ажлаа хийж Монголын эрх ашгийг хамгаал.

Бүрэн эхийг нь дорхи холбоосоор үзнэ үү

http://isee.mn/n/37750

Хэн хэн УИХ-д сонгогдсон бэ? Жад ба Худ

Сонгогчид өөрийн тойргоос хэн хэн УИХ-д сонгодсон бэ гэдэг асуултад ихэвчлэн бүдэрдэг. УИХ-ын гишүүн Таны төлөө юу хийсэн бэ гэвэл энэ асуултад бүр ихээр бүдэрч ойчино.

Сонгосон УИХГ нь юу хийж байгааг мэдэхгүй, хянахгүй байгаа бол Тэд амин хувийнхаа асуудлыг урьтал болгож довоо шарлуулах эрхтэй л гэсэн үг юм.

Тиймдээ ч ЖДҮ сангийн хулгай бий болдог. Тиймдээ ч хээл хахууль задгайрдаг.

Ардчилал бол шашин биш. Ардчилал бол зөвхөн санал өгөх төдийгөөр хязгаарлагдах ёсгүй юм. Сонгогдсон гишүүд нийтийн эрх ашгийн төлөө хариуцлагатай ажиллаж байна уу гэдэг асуулт чухал болж байна. Энэ асуултад зөв хариу олохын тулд сонгогчид яагаад буруу хүмүүсийг олноор нь сонгодог вэ гэдэг асуулт шинжлэх ухааны ч, мөн практик ач холбогдолтой асуулт болж хувирдаг.

Энэ талаар олон зүйл ярьж болох боловч арай хялбаршуулсан хариулт өгөхийг оролдье.

Хүн угтаа бол амьтан нэг талаас, нөгөө талаас оюун ухаантай учир өөр хоорондоо харилцаанд орж нийгэмшсэн амьтан болохыг зорьдог.

Хүний эрх, эрх чөлөөг хангахын хэрээр хүн “амьтан” болтлоо хувиа хичээгч болчихоо юу даа гэж бодох үе заримдаа гарах юм. Хүн дандаа л “амьтан” байж чадахгүй учир найз нөхөд, санаа нэгтнээ хайж овог аймаглах шаардлагатай болдог. Хамгийн анхдагч томхондуу хэлбэр нь Нутгийн Зөвлөл байсан юм боловуу гэсэн бодол орж ирж байна. Увс, Ховд, Архангайн… цаашлаад том том жалга довны сэтгэлгээ өрнөсөн байдаг. Би овог, аймгаараа нэгдэхийг буруушаагаагүй шүү. Энэ бол байгалийн жам ёсны үзэгдэл гэдгийг хэлэх гээд байна. Сонирхлын бүлгээрээ овог аймаг болох нь ардчилсан нийгэмд байх ёстой үзэгдэл юм.

Өнөөдөр Монголын нийгэм улс төрийн намууд гэхээсээ илүүтэй нутгийн зөвлөл, бөх, уяачид, хошин шог, МУСТА, мото, мотоцикл, сүүлд сошиал дээрх нэгэн зургийг хараад туяалзуур жад зэрэг овог аймагт задарсан юм шиг санагдсан. Бүгдээрээ улс төрийн өнгө аястай учир төрөл бүрийн улс төрийн овог аймаг болсон юм шиг .

Монголчууд эртнээс өөрийн овог аймагт харьяалагдахгүй хүмүүсээ Жад гэдэг байсан. Ураг барилдвал Худ гээд нэрлэчихдэг. Энэ сэтгэлгээ Монголд давамгайлсан юм боловуу гэж бодож байна.

Монголын ардчиллаас суралцах гээд Африкаас бишгүй л хүмүүс ирдэг байлаа. Тэд биднээс Та нар овог аймгийнхаа зөрчлийг хэрхэн шийддэг вэ гэж асуухаар нь дотроо инээж манайд овог аймаг байдаггүй, энэ асуудлаа бараг 12-13р зуунд шийдчихсэн юм шиг бардам хариулт өгдөг байсан. Одоо бодохнээ ичмээр дамшиг. Бид хүний мөн чанар болох овог аймгархдаг сэтгэлгээг таньж мэдээгүй л явсан юм байна гэж бодох боллоо.

Овгийн сэтгэлгээ давамгайлж буй нийгэмд юун том улс төр ярих. Тийм юм ярьж байгаа хүмүүс бүгд тэнэг, сэтгэлгээний өвчтэй болж харагддаг……

2019 он

Дэлгэрэнгүйг дорхи холбоосноос

Ярих Өнцөг

  1. Дайн уу, Цэргийн тусгай ажиллагаа юу ? – 1′ 25”
  2. НАТО заналхийлж байна уу? – 3’27”
  3. Дайны өнөөдрийн байдал – 8′ 00″”
  4. Хориг арга хэмжээ үр дүнгээ өгч байна уу? – 9′ 30″
  5. Давшилтын зэвсэг өгч байна. – 13’30 “
  6. ЛендЛийз – 14’50 “
  7. Хятад болон Энэтхэгийн байр суурь – 17’25 “
  8. Нефтэнд тавьж байгаа хориг – 20’10 “
  9. Хувь хүмүүст тавьж буй хориг – 22′ 50″
  10. Молдов, Гүрж – 24’30 “
  11. Дайны Монголд учруулах хохиролын тухай – 26’00 “
  12. Европ, АНУ, Канадын Элчингүүдийн ХБХ – 28’40 “
  13. Биолабраторын тухай – 30’30 “
  14. Хийн хоолой ба Цэрэг – 33’21 “
  15. Дайн болон алдаа, сургамж – 35’15 “
  16. Путин цөмийн бөмбөг хэрэглэх үү – 41’20 “
  17. Энэ дайн хэзээ дуусах вэ – 44’08 “
  18. ОХУ задрах уу- 46′ 12″
  19. Хятадын удирдлагын зөрчлийн тухай – 50′ 20″
  20. Хятад Тайваныг дайрах боловуу? – 52′ 05″