Социализмаас Капитализм руу (2020)

Номын хэсгээс.

1989-1990-ээд оны үед социализмаас шилжилт хийсэн орон олон байсан. Зүүн Европын социалист орнуудад эдийн засаг нь зогсонги байдалд орж хямарч байсан бол  Монголын эдийн засаг бодитойгоор унаж, картын бараанд орж, гудманд тэнэмэл хүүхдүүд олширч, траншейнд амьдрагчдын бүхэл бүтэн арми бий болж, төр нь шоронгийн хоригдлуудаа дутуу хооллож, өвчинд нэрвэгдүүлж тэнд хүний амь олноор эрсдэж байсан онцгой түвэгтэй үеийг туулсан байдаг.

ЗХУ 15 улсаас бүрдэж улс бүрд Казакстаны Коммунист Нам, Узбекстаны Коммунист Нам, Татарстаны Коммунист Нам зэргээр үндэстэн тус бүр өөрийн коммунист намуудтай байлаа. Хамгийн сонирхолтой нь Оросын Коммунист Нам гэж байгаагүй. Яагаад гэвэл бүгдээрээ өөрсдийгөө Оросын Коммунист Нам гэдэг хий үзэгдлийн бодит үргэлжлэл, колониуд байсан юм. Ельцин Оросын Коммунист Намыг байгуулснаар хий үзэгдэл бодит явдал болж төвөөс зугтаах хүчний нөлөөлөл дор ЗХУ задран унасан байдаг. Хуучин Зөвлөлтийн улс байсан орнуудад тухайн тухайн коммунист намуудаар дамжин авторитар маягийн дэглэмүүд үүсэх нөхцлийг бий болгосон шиг байгаа юм. 

Зүүн Европын орнуудад  хуучин коммунист намуудыг хориглож Зөвлөлтийн талын баримтлагчдыг  төр, засгийн удирдлагаас зайлуулах зэргээр хурц хурц тэмцэл хийж байсан хийгээд  эдгээр орнууд нь хуучин капиталист замналынхаа түүхээс төдийлөн холдож чадаагүй байсан нь тэдэнд илүү ардчилагдах, зах зээлд хурдтай шилжих шилжилтийг харьцангуй зовлон багатай хийх  бололцоо бий болгосон. 

Монголын байдал хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд юм уу, Зүүн Европын орнуудаас ялгаатай байсан. Монгол бол Зөвлөлт Оросын шоовдорлогдсон колонийн орон, социализмын алс бөглүү, хаалттай, хоцрогдсон орон байсан бөгөөд ард түмэн шилжилтийн өмнөх хүнс, бараа таваарын хомсдол, эрчим хүчний тасалдал, Зөвлөлт Оросын их гүрний дээрэнгүй хандлагыг бодитойгоор бие дээрээ мэдэрч байсан нь шилжилт хийх урьдач нөхцлийг бүрэлдүүлж байсан. Ингэхдээ эрх баригч МАХН-ыг Зүүн Европын орнууд шиг тараахыг шаардсангүй. Аль эсвэл Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудын ард түмэн шиг коммунист намаа тахиж тойрч яваад авторитар дэглэм рүү уначихаагүй. 

Монголд шилжилтийг хийхэд бусад орнуудаас онцгойлох ялгаатай байдлыг нөхцөлдүүлэгч гол хүчин зүйл нь монголчууд тусгаар тогтнолоо хувийн амьдралаасаа илүүд үзэж байсантай холбоотой. Өөр хоорондоо хагаралдаж болохгүй, хамтдаа шинэ нийгэм рүү шилжих гэдэг бол бичигдээгүй оюун санааны тунхаг байсан. Тиймээс ч шинэ, хуучин үзэл бодол сүлэлдэн, шинэ хуучин намууд дангаар болон эвсэлдэн засаглах байдлыг бий болгосон бөгөөд хожмоо МАНАН хэмээх үзэгдлийг бий болгосон байдаг. Би энэ талаар зөвхөн цухас дурдаад орхих нь зүйтэй байх.

20 дугаар зууны Монголын түүх ээдрээтэй, баярлаж хөөрөх, гутарч гуних түмэн үйл явдлуудаар дүүрэн зуун байсан юм. 

Монгол орон бараг 300 жил Манж гүрний эрхшээл дор байж өнгөрсөн зууны эхэнд тусгаар улс гэдгээ зарласан боловч төдий л удалгүй  Зөвлөлт Оросын эрхшээлд орж коммунизмын колончлолын дор хамаг цаг хугацаагаа өнгөрөөсөн байдаг. Энэ хугацаанд цаг үеэ дагаад орчин үеийн эмнэлэг сургууль баригдаж, шинэ шинэ үйлдвэрүүд бий болж, дэлхийн хөгжлөөс дэндүү алсран тасарсан Монголын нийгэм орчин үеийн хөгжил дэвшил рүү бага ч гэсэн алхам хийснийг үгүйсгэх аргагүй. 

20 дугаар зуун бол социализм, капитализмын нийгмийн байгууллын ширүүн өрсөлдөөн, сөргөлдөөний зуун юм. Дэлхийн нэг, хоёрдугаар дайн, ялангуяа дэлхийн хоёрдугаар дайны дараа урт хугацаагаар үргэлжилсэн Хүйтэн дайн тэрхүү зууны уур амьсгал, сэтгэлгээний чигийг жолоодон байв. Эдийн засгийн хувьд аль тогтолцоо нь илүү амьдрах чадвартай вэ гэсэн өрсөлдөөн эцсийн дүндээ капитализмын ялалтаар төгссөн юмдаг. Монголчууд бидний буруу гэж юу байхав. Нэг л өдөр, бидний өмөг түшиг мөнхийн гэх Зөвлөлт Холбоот Улс задран унаж түүнийгээ дагаад социалист систем гэж нэгэн лагерь болж байсан орнууд бүгд харанхуй нүх рүү унаж билээ. 

Монгол бол бусад социалист гэгдэж явсан орнуудаас шилжилтийн өмнөх нөхцлөөрөө тун хүнд  байсан. Социалист гэгдэж байсан орнуудын дунд Монгол нь хөгжлийн хувьд ихээхэн хоцрогдсон байлаа. Бараа таваар, хүнсний  хомсдол Монголд бодитой нүүрлэсэж хүн амын хүнсний хэрэглээний илчлэг  архины хэрэглээгээ илчлэгт оруулж тооцон байж дэлхийн стандарт үзүүлэлтэд хүргэдэг хэцүү үе байсан юм. 

Монголд олон үйлдвэр, аж ахуйн газрууд хаалгаа барьж амьдрахын эрхшээлээр хүмүүс аажмаар уламжлалт мал аж ахуйгаа дагаж амьдрах хандлагатай болж байв. 1989 оноос 1998 оны хооронд малчдын тоо 135 мянгаас 410 мянга болтлоо өсөв. Малчин өрхийн тоо 65 мянгаас 190 мянга болтлоо өслөө. Уламжлалт мал аж ахуй хямралыг зөөлөвчлөхөд хэрэгтэй байсан ч энэ үзүүлэлт өөрөө хөгжил дэвшлийн үзүүлэлт биш байсан юм. Монголын нийгэмд гүнзгий реформ хийх хэрэгтэй байлаа. 

Социализм балран унангуут эрх баригч нам гадаад өмөг түшиггүй болов. Гол нь сэтгэлгээний гүн хоцрогдолд байсан учир хямралын эсрэг түргэн шуурхай арга хэмжээг авч чадахгүй байлаа. 1992 онд Шинэ Үндсэн хуулиа баталж, 1996 онд сонгуулиар эрх баригч МАХН цөөнх боллоо.

Монголчуудад социализмаас капитализм руу түүхэн шилжилт хийх моментум бий боллоо……..

Leave a comment