Импортын татварыг тэглэсэн нь

Номын хэсгээс: Түлхүүр санаанууд

  • 1997 он. Монголчууд дэлхийгээс, дэлхий нь ч Монголоос хол байв.
  • Монголын газарзүйн байрлал өөрөө “импортын татвар” байлаа.
  • Газарзүйн байрлал эдийн засгийн утгаараа өөрөө “импортын татвар” болчихоод байхад төрөөс нэрмээс болсон импортын татварыг хуулиар тогтоох нь стратеги зорилтод нийцэхгүй гэж үзсэн юм.
  • Нүүдэлчдийн ахуй хэзээ ч өөрөө өөрийгөө бүрэн хангах эдийн засгийн систем тогтолцоо биш. Үүнийг түүхээс харж болно.
  • Түүхэн он жилүүд өнгөрсөн ч гадаад худалдаа хийх хэрэгцээ, нөхцөл байдал өөрчлөгдөөгүй л байна.

1997 он. Монголын хүн ам 2.5 сая дахь иргэнээ өлгийдөн авч байлаа. Бүхэлдээ монголын нийгэм хуучин социалист эдийн засгийн хэв загвар, сэтгэлгээнээсээ бүрэн ангижирч чадаагүй, дэлхийд Монгол нээгдээгүй, монголчууд дэлхийгээс, дэлхий нь ч Монголоос хол байв.

1990-ээд оны эхэн үед үнэ ханшны жилийн өсөлт 300 хувь хүрч байсантай харьцуулбал үнэ ханшны өсөлт нэлээд буурсан ч жилдээ 50-60 хувьтай байв. Гадаадын хөрөнгө оруулалт гэх юм байсангүй. Нэг хүнд ногдох гадаадын хөрөнгө оруулалт 10 доллар хүрдэггүй байв.

Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унаж байв. Ийм л нөхцөлд өөр хоорондоо уялдаатай угсраа олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь импортын татварыг тэглэх явдал байлаа. Урт болон богино хугацааны асуудлаа шийдэх гэсэн хэрэг байв.

Урт хугацааны бодлогын стратеги чиглэл бол Гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол руу татах явдал байв. Монгол улс газар зүйн байрлалынхаа хувьд Орос, Хятад том гүрний дунд байршсан, тэдгээр нь ДХБ-д ороогүй (Монгол 1997 онд гишүүн болсон, Хятад 2001 онд, Орос 2005 онд), протекционист бодлого нь хэвээр байв.

Дээр нь монголын дэд бүтцийн хөгжил сул дорой байсан нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад бэрхшээлтэй байв. Өөрөөр хэлбэл, Монголын газарзүйн байрлал, хөрш орнуудын нөхцөл байдал монголын хувьд өөрөө “импортын татвар” болсон хэрэг. Газарзүйн байрлал, бодит нөхцөл байдал эдийн засгийн утгаараа өөрөө “импортын татвар” болчихоод байхад төр, засгаас нэмж нэрмээс болсон импортын татварыг тогтоох нь стратеги зорилтод нийцэхгүй гэж үзсэн юм. Тийм ч учраас импортын татварыг тэглэх шийд гарч билээ.

Импортын татварыг тэглэх шийдэл гэнэт нэг өдөр бий болчихоогүй. Миний зөвлөхүүд тал талаас нь сайтар бодсоны үндсэн дээр санал болгосон хэрэг.

Нэг өдөр Цагаан сайд Их тэнгэрт ирлээ. Тэрбээр импортын татварыг тэглэх санал ярьж эхэллээ. Би сонссон дүртэй сууж яаж үйл хэрэг болгох улс төрийн алхмуудыг дотроо бодож байсан юм. 1997 онд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль тохиож байв. АН-аас сонгуульд П.Очирбат Ерөнхийлөгч, МАХН-аас Н.Багабанди нэр дэвших нь тодорхой байв. Улс төрийн энэ моментумыг ашиглах санаа тээж байсан юм.

Дараах өдрүүдэд би П.Очирбат ерөнхийлөгчтэй уулзаж дахин нэр дэвшихдээ Сонгуулийн хөтөлбөртөө импортын татварыг тэглэх амлалт авахыг санал болгож байсан. Очирбат ерөнхийлөгч нэр дэвших мөрийн хөтөлбөртөө импортын татварыг тэглэх санал оруулж билээ. АН-аас нэр дэвшигчийн хөтөлбөрт импортын татварыг тэглэх санал орсон, түүнийг эсэргүүцэх нь улс төрийн том алдаа болно хэмээн Ардчилсан Холбоо эвслээс УИХ-д сонгогдсон олонхын бүлгийн гишүүдэд ярьж ухуулж эхэллээ. Тэдний олонх нь энэ үйл явдлын эдийн засгийн ач холбогдлыг ойлгоогүй ч МАХН хэмээх хүчтэй сөрөг хүчнийг эсэргүүцлийг хамтдаа давах ёстой гэсэн улс төрийн мэдрэмжтэй байсан тул төдий л удалгүй Импортын татварыг тэглэх шийдвэрийг УИХ-аар гаргуулсан юмдаг. Гэвч АН-ын олон гишүүн хуучинсаг сэтгэлгээнээсээ ангижирч чадаагүй байсан тул дотроо гомдолтой үлдэх шиг болсон. Тиймдээ ч намайг Ерөнхий сайдаас зайлуулсны дараа Ардчилсан Холбоо эвслийн олонх импортын татвар тэглэсэн шийдвэрээсээ ухрах шийдэл гаргасан байдаг.

Импортын татвар тэглэсэн богинохон хугацаанд гадаад худалдаа идэвхжиж монголын зах зээл бараа таваараар дүүрч, хамгийн гол нь инфляц мэдэгдэхүйц буурч, гадаадын хөрөнгө оруулагчдад Монголд хөрөнгөө оруулах идэвхийг нь ихээр өдөөж чадсан юм.

Нүүдэлчдийн ахуй хэзээ ч өөрөө өөрийгөө бүрэн хангах эдийн засгийн систем тогтолцоо биш юм. Үүнийг түүхээс харж болно. Мал аж ахуйд түшиглэсэн амьдрал байгалийн хатуу араншингаас хараат, хүмүүний тал бүрийн хэрэгцээ болсон хөдөлмөр, гэр ахуйн багаж хэрэгслээс авхуулаад өмсөж зүүх хувцас, хоол тэжээл, ногоо жимсийг заавал ч үгүй гадаадтай худалдаа наймаа хийж олж авах шаардлагатай байдаг. Энэ нь түүхийн их аян дайнуудын эдийн засгийн шалтгаан байсан байдаг.

Угаас монголчуудад гадаад худалдаа бол амин хэрэгцээ байж ирсэн. Тиймдээ ч Их Монгол улсын үед Ази, Европыг холбосон Торгоны замыг бий болгож аюулгүй байдлыг нь хамгаалж байсан биз ээ.

Суурин аж ахуй эрхэлж амьдарч байсан хятадууд нүүдэлчдээс үргэлж болгоомжилж өөр зуураа амгалан амьдрах гэж Цагаан хэрэм байгуулж хамжлагын тариачдаа хашиж, тэднээсээ татвар авч амьдрахыг зорилгоо болгож байсан бололтой. Монголчууд Бээжинг түүхэндээ хоёр удаа довтолсон гэдэг бөгөөд эхний удаа Хятадыг захирах гэж, дараачийн удаа Алтан хааны үед бидэнтэй наймаа худалдаа хий, эс бөгөөс Бээжинг довтолно гээд хэлсэндээ хүрч хэд хоног Бээжинг галдан шатаагаад буцаад явсан байдаг. Худалдаа наймаа нүүдэлчин иргэншлийн хувьд амин хэрэгцээ байсан гэдэг нь түүхээс харагдана.

Түүнээс хойш олон зуун жил өнгөрсөн ч гадаад худалдаа хийх хэрэгцээ, нөхцөл байдал өөрчлөгдөөгүй л байна.

Танктай тэмцсэн үзэл суртал

“Социализмаас Капитализм руу” нэртэй нэгэн ном шоронд орохынхоо өмнө яаран бичиж билээ. Яарсан шалтгаан нь ердөө л намайг улс төрийн зорилготой шоронд хийхийг мэдэж байсан хэрэг. Их л холоос явуулсан бодлого байсан. Юмыг яаж мэдэхэв гээд хойч үедээ юу болсныг хэлчихье гэж яарсан хэрэг юм л даа.

Энэхүү номынхоо нэгээхэн хэсгийг Бат-Үүлийгээ шоронгоос гарсан гэрэлтэй өдөрт зориулан толилуулья

– Наранцацралтаа, Ерөнхий сайд болсонд тань баяр хүргэе.

Ерөнхий сайд байхдаа хийж амжуулаагүй чухал том ажлаа чамд захих гэсэн юм.

Тэрбээр над руу гайхширан харлаа. Би хэлэв.

– Зөвлөлт Орос үзэл суртлаа Монголд явуулахдаа хамгийн үзэгдэхүйц газруудад хөшөө, ухуулгын объектоо барьсан байдаг. Богд хааны маань өвлийн ордны ард байрлах Танктай хөшөөг буулгаж шилжүүлээрэй, миний захих зүйл, чадаагүй ажил маань тэр шүү гэлээ.

Тэр маань “За, би хийнээ” гэж амласан юм. Харамсалтай нь улс төрийн салхи шуурга дэгдэж түүнийг Ерөнхий сайдаас огцруулснаар түүнд энэ ажлыг амжуулах бололцоо олдсонгүй. Уул нь Дэлхийн II дайны үед Зөвлөлтийн ард түмэнд бэлэг болгон өгсөн “Хувьсгалт Монгол” танкийн цуваанд зориулсан хөшөө л дөө. Байх ёстой газраа байвал байж болох л хөшөө. Түүхийг хэн ч үгүйсгэхгүй. Гэтэл тэгэхээс тэгэх гэсэн юм шиг Монголын сүүлчийн хааны ордны ард бууны амыг нь гол лаврин руу харуулсан хөшөө цаанаа л колоничлолын бодлогын илэрхийлэл шиг санагдаад байсан юм.

Хожмоо АН засаглаж байх үед Р.Амаржаргал ерөнхий сайд уг хөшөөг буулгаж шилжүүлэх шийдвэр гаргалаа. Манай Засгийн газарт Үйлдвэр, хөдөө аж ахуй сайд байсан Нямсамбууд уг хөшөөг буулган шилжүүлэх ажлыг гүйцэтгүүлэхээр болжээ. Нямсамбуу ирж уулзлаа. Тэрбээр хэлж байна. Хөшөөг мөнхийн зогсоолд тавих гэж байгаа юм шиг битүү төмөр бетоноор суурийг нь цутгажээ. Буулгах гээд үйл тамаа эдэлж байна. Зөвхөн оросууд л ингэж хийж чадна гэв.

Гэсэн хэдий ч монголчууд буулгаад шилжүүлээд барьчихсан л юм. Үндэсний хувьсгал хийж Богд хааны Өвлийн ордны өмнө Тусгаар тогтнолоо зарлан баярлаж байсан монголчуудын өмнө бид түүхэн үүргээ гүйцэтгэх шиг санагдаж, баярлаж байсан шүү.

Танктай хөшөө нүүж Зөвлөлтийн дайчдын цогцолбор дурсгалтай нийлэв. В.И.Лениний хөшөөний байранд орчин үеийн монголын утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж ирлээ.

Сталины дурсгалын орыг билгүүн номч Б.Ринчений хөшөө эзлэх цаг ирэв. Б.Ринчен бол ХХ зууны монголын үндэсний сэргэн мандлын үзэл санааны бэлгэдэл болсон эрдэмтэн билээ.

Колоничлол, колонийн сэтгэлгээг нэгэнт хүний тархинд мэс засал хийгээд авчихгүй. Иймээс худал хуурмаг шүтээнүүдийг түүхийн тавцангаас зайлуулах нөр их ажил Монголд тэртээ 30 жилийн өмнөөс эхэлсэн байдаг. Баабарын Бүү март, мартвал сөнөнө хэмээх туурвил нь үхширмэл үзлийн мөсийг хагалан гар бичвэр, тэр үед хүчтэй тарж байлаа.

Коммунизмын бэлгэ тэмдэг болсон хөшөөнүүдийг буулгахаа ч ардчилагчид мартаагүй. Э.Бат-Үүл, МоАХ-ныхон В.И.Ленин, И.Сталины хөшөөг буулгахыг шаардаж байв. Сталины хөшөөг буулгаж оронд нь Б.Ринченгийн хөшөө сүндэрлэлээ. Лениний хөшөөг буулгаж оронд нь их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг залав. Нэг өдөр болоод өнгөрсөн ажил биш, цаг хугацаа шаардсан тамтай улс төрөөр дамжин байж цаг үе өөрчлөгдөж эхэлсэн.

Төрийн ордны өмнөх Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн бунхныг зайлуулах ээлж ирэв. 2004 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа түүхэн шийд гаргаж Сүхбаатар, Чойбалсан нарын шарилыг буддын шашны уламжлалын дагуу чандарлаж, бунханг буулгаад оронд нь 2005 онд Чингис хааны дурсгалд зориулан, Төрийн хүндэтгэлийн цогцолбор барьсан юм. Тэр үед ЗГХЭГ-ын дарга хийж байсан С.Баярцогтыг би олон талаас нь үнэлдэг ч миний хувьд бунханг буулгаж Чингисийн цогцолбор барих шийдвэр гаргахад гүйцэтгэсэн том үүрэг рольд нь тусгайлан баяр хүргэсэн юм. Тэрбээр хэрхэн бунхныг буулгасан, хэрхэн үжирсэн авс өргөхөд ёроолоороо нурж ирсэн, хэрхэн маршалын хувцастай цогцсыг шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд гар дээрээ тосож авсан хийгээд бүхий л үйл явдлуудыг түүхийн бичлэг болгон архивласан тухай ярьсан юм.

Тэрбээр болсон явдлыг хараад бид Д.Сүхбаатар, Х.Чойбалсанг хүн ёсоор оршуулах зөв алхам хийсэн гэдэгтээ итгэлтэй болсон хэмээж билээ. Үзэл суртлын энэ тулаан одоо ч үргэлжсээр. Төв талбайгаа нэг бол Чингис хааны гэх, нэг бол Сүхбаатарын талбай гэсээр байгаа. Төрийн ордны танхимуудыг хэрхэн нэрлэх үү гэдгээр одоо ч маргаан дэгдсээр л байгаа. Энэ бол шинэ хуучны зөрчил тийм ч амархан арилдаггүйн жишээ юм.

Чингис хааны цогцолбор баригдсаны дараа хуучин уламжлал нь хэвээр үлдэж “Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөдөг” заншлаараа Чингисийн цогцолборт цэцэг өргөдөг байв. Үндэсний өв уламжлалаа сэргээх гэж байгаа ард түмэнд Чингис хааны хөшөөнд цэцэг өргөдгөө болимоор байнаа гэсэн санал өвөртлөөд Ерөнхийлөгч Н.Энхбаярт энэ тухайгаа хэллээ. Тэрбээр “нээрээ тийм шүү” гээд хэрхэн хүндэтгэл үзүүлэх журам боловсруулах ажлын хэсэг гаргахаар юм боллоо. Ажлын хэсэгт урлаг соёлын зүтгэлтнүүд ороод зан үйл бодож олсон нь эхэндээ бараг л бүжиг хийдэг болгосон байж билээ. Амьдрал өөрөө аливаа журмыг бас зохицуулдаг хойно сүүлд бүжиггүй болж бүгд л мэхийдэг болсон байна лээ.

Коммунист үзэл сурталтай тэмцэхэд юм юм л хэрэг болдог байсан. Социалист нийгэмд “Байгаа юм болгон үзэл суртал” байсан юм. 1996 оны гуравдугаар сарын 1-нд МАХН 75 жилийнхээ ойг тэмдэгдэглэхээр шийдэж намын дарга Б.Даш-Ендон гуайг төрийн одонгоор шагнуулах саналаа П.Очирбат ерөнхийлөгчид ирүүлж билээ.

ХХ зууны эхэнд Монголд улс төрийн анхны нам байгуулагдсан нь гарцаагүй дэвшилтэт үйл явдал байв. Гэвч МАХН-ын бодсоноор тэмдэглэсэн бол ах нам, дүү намууд гэсэн эрэмбийг Ерөнхийлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрсөнтэй адил болох байлаа. Миний бие ЕТГ- ын даргын хувьд зөвлөхүүдтэйгээ ярилцаад тус баярыг нийт улс төрийн намуудын тэмдэглэлт өдөр байх ёстой хэмээн үзэж ганцхан МАХН-ын дарга Б.Даш-Ёндон гуайг шагнах биш, мөн АН-ын үүсгэн байгуулагч Э.Бат-Үүл, С.Зориг, МСДН-ын анхны дарга Баабар, МҮДН-ын анхны дарга Да.Ганболд нарыг Алтангадас одонгоор шагнуулахаар Ерөнхийлөгчид танилцуулав. П.Очирбат ерөнхийлөгч асуудлын улс төрийн ач холбогдлыг өлгөн авч биднийг дэмжсэн юм.

Шагнал гардуулах ёслол болж хэргийн эздийг цөмийг урилаа. Гэтэл Даш-Ёндон гуай эвтэйхэн шалтгаан хэлээд шинэ намуудын дарга нартай зэрэгцэж шагналыг аваагүй. Даш-Ёндон гуай алсын хараатай том сэтгэгч, түүний философи баримтлалаас Киевт байхдаа суралцаж л явсан. Гэвч тэр ирсэнгүй. Бодвол тэр үед хэзээ ч ялагдаж үзээгүй байсан МАХН-ын дотоод байдал мань хүний гар хөлийг хумичихсан байсан биз ээ.

Шинэ намуудын дарга нар Ерөнхийлөгчийн гараас Алтангадас одон авна гэж бодоо ч үгүй явсан байх. Гэхдээ улс төр, үзэл суртлыг нь бүгд ойлгож байгаа бололтой баярлаад байсныг нь би сайн санадаг юм. Хожмоо “С.Зоригийг одонгоо угаа гэж нөхөд нь шаардлаа. С.Зориг агсан нөхдийнхөө хийсэн бяцхан угаалган дээр нөгөө Алтангадас одонгоо пиджакныхаа энгэрийн ард зүүчихсэн, үзье гэсэн нөхөддөө эргүүлж байгаад харуулж сууж байсан” гэдэг.

Одон медаль социализмын том үзэл суртлын хэрэгсэл байсан юм. Одоо бол хэн эрх барина тэр нь өөрийнхөө талдаа илүү төрийн шагналын хур буулгадаг болж. Бас л үзэл суртлын хэрэгсэл мэт ашигласан хэвээр.

Айдаг тусгаар тогтнол гэж байхгүй шүү (Д.Монголхүү)

Ж.Нямсүрэн

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай цаг үеийн сэдвээр ярилцлаа. 2022.03.31. NEWS.MN

Түлхүүр санаа

  • Орос өнөөгийн дэлхийн дэг журмын хохирогч гэж өөрийгөө үзэж дэлхийн дэг журмыг үндсээр нь өөрчлөхийг хүсч байгаа бол  Хятад өнөөдрийн дэг журмаас хожоо гаргаж чадаж байгаа учир дэлхийн дэг журмыг өөрчлөх биш, боловсронгуй болгох ёстой гэсэн хандлагатай
  • Эдийн засгаар бус, зөвхөн цэргийн хүчээр супер гүрэн байхад хэцүү гэдгийг Путины ялагдал харуулах бизээ
  • Оросын хувьд хөрш орнууддаа халдаж баталгаатай “ялалт” байгуулж болох цөөхөн орнуудын нэг нь Монгол
  • Монголд бүр 1924 оноос хойш Зөвлөлт Оросын цэрэг их бага хэмжээгээр байж байгаад 1989 онд хамгийн сүүлчийн цэргүүд нь Монголоос гарсан
  • Орост тавьсан хоригийн хохирогч нь Монгол биш байгаасай
  • Шинээр үүсч байгаа нөхцөл байдалд хэрхэн түргэн зохицохоос манай эдийн засгийн амжилт хамаарна

-Сүүлийн гурван жил дэлхий дахинд хүнд хямрал нүүрлэж байна. Цар тахлын айдас хүйдэс дээр дайн самуун ч дэгдлээ. Дайны дараа дэлхийн улс төр, эдийн засагт том өөрчлөлт гарах шинжтэй. Үүнийг та хэрхэн харж байна?

-Дэлхий ертөнц сүүлийн жилүүдэд асар хурдтай өөрчлөгдөж байна. Үүнд том түлхэц үзүүлсэн нь цар тахал гэж хэлж болно. Удаах нь Орос улсаас Украинд өдөөсөн дайн болох байх. “Covid-19”-өөс  илүүтэй том асуудал бол дайн ба энхийн асуудал юм. Болж байгаа үйл явдлаас нэгэн зүйл ойлгогдож байгаа нь дэлхий ертөнц үнэхээр глобальчлагдаж нэгэн организм болжээ гэж хэлж болно. Цар тахлыг даван туулах, дайныг зогсоох асуудал дэлхийн хамтын нийгэмлэгийн хамтарсан ажлын үр дүн байх юм байна. Монголчууд бидний оруулах хувь нэмэр даруухан байх биз ээ. Харин хоёр том хөрш асуудалд хэрхэн хандаж байгааг ойлгох явдал чухал байх болов уу. Ялангуяа дайн ба энхийн асуудалд хөршүүд маань ялгаатай байр суурьтай байгаа.  Өөрөөр хэлбэл, дэлхийн II дайны дараа тогтсон олон улсын дэг журамд хөршүүд маань хэрхэн хандаж буйгаараа ялгарч байна.

1950-иад онд Орос, Хятад хамтарч ажиллахад тэднийг  нэг коммунист үзэл суртал нэгтгэж байсан. Тэрнээс хойш олон жил өнгөрчээ. Аль, аль нь коммунист үзэл суртлаас салсан. Хуучин сэтгэлгээний инерци хадгалагдаж байгаа ч олон олон асуудал дундаас эдийн засгийн хөгжлийн асуудал тэргүүн зэргийн ач холбогдолтой болсон байдаг. Хятадын эдийн засаг өнгөрсөн 40 жилд дунджаар 6-8 хувиар, Оросын эдийн засаг 1-2 хувиар өссөн. Энэ нь эдийн засгийн хөгжлийн хувьд Орос, Хятад орон улам бүр холдож тасарч байна гэсэн хэрэг. Энэ нь олон улсын дэг журамд хоёр орон өөр өөр байр сууринаас хандах байдлыг бий болгож байгаа юм.

-Тэгэхээр дэлхийн улс төрийн өрөг дээр Хятад хожиж, Орос хожигдож байна гэсэн үг үү?

-Тийм. Орос өнөөгийн дэлхийн дэг журмын хохирогч гэж өөрийгөө үзэж дэлхийн дэг журмыг үндсээр нь өөрчлөхийг хүсч байгаа бол  Хятад өнөөдрийн дэг журмаас хожоо гаргаж чадаж байгаа учир дэлхийн дэг журмыг өөрчлөх биш, боловсронгуй болгох ёстой гэсэн хандлагатай явж ирсэн. Хэн хоцрогдож байна тэр илүү ууртай уцаартай байх биз. Тиймдээ ч Орос талаас олон улсын дэг журмыг үл ойшоон хүчийг үзүүлэхийг хүсч байгаа. Тэр нь Украинд дайн өдөөх хэлбэрээр илэрч байгаа байх. Эдийн засгаар бус, зөвхөн цэргийн хүчээр супер гүрэн байхад хэцүү гэдгийг Путины ялагдал харуулах бизээ.

-Монголын хувьд хойноо дайн самуунтай, урдаа цар тахлын хоригтой. Өнөөдрийн бодит байдлыг нь харвал жинхэнээсээ хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага болчихсон байна л даа. Жижиг улсын хувьд бид үүнээс яаж хохирол багатай гарах ёстой вэ. Та  Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд юу гэж харж байна?

-Глобаль ертөнцөд жижиг орон жижигдэхгүй гэдгийн жишээг Украинчууд үзүүлж байна. Энэ бол асуудлыг том цонхоор харвал шүү дээ. Украинд болж байгаа дайн олон улсын дэг журам, аюулгүй байдлыг хамгаалах тогтолцоонд асар их шинэчлэл авчрах байх. Тэр болтол монголчууд бид хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага гээд өөрсдийгөө өхөөрдөөөд, хариуцлагагүй байдлаа зөвтгөөд суухгүйгээр идэвхтэй гадаад дотоод бодлоготой байх хэрэгтэй байнаа.

-Та нэгэнтээ Оросын цэрэг орж ирж магадгүй гэж сэрэмжлүүлсэн байсан. Яагаад ингэж сэрэмжлүүлэх болов. Тийм хандлага, хардлага байна уу?

-Орос улс “Бид Украиныг дайрахгүй” гэж илт худлаа хэлж байгаад цэргийн их хүчээр Украин руу довтолсон энэ үйл явдал бол олон улсын тогтсон дэг журамыг зөрчсөн, хүн төрөлхтний эсрэг хийж байгаа гэмт хэрэг шүү дээ. Украины ард түмний зориг тэвчээр, хатуужил бол ердөө гайхамшиг. Хөрш хэчнээн том ч эх орноо, үндэс угсаагаа хамгаалах ард түмний хүч чадал үнэхээр агуу юм. Монголчууд бидэнд том хичээл болж байна. Томоор харвал Орос энэ дайнд аль хэзээнээ ялагдсан. Ялагдал Орос оронд өөрчлөлт, түргэн хөгжлийн бололцоо авчирна. Энэ утгаараа Путины дэглэм ялагдаж байгаа болохоос Оросын ард түмэн ялагдаж байгаа биш юм. Дарангуйллаас салах амархан ажил биш. Оросын түүх тэр чигээрээ царь уламжлал бөгөөд нэг нь нөгөөдөө эрхээ шилжүүлэхийн тулд байнга л ороо бусгаа замаар явсан байдаг. Путин мөн л тэр замаар явж байгаа. Шаналгаатай зам. Өөр сонголт байхгүй.

-Оросын энэ заналхийллээс Монгол яаж холуур тойрч гарах ёстой юм бэ. Элчин сайд нь хүртэл монголчуудыг элдвээр өдөөн хатгаж эхэллээ?

-Царь-Дарангуйлагч түүхийн насаа уртасгахын тулд, дотооддоо ард түмнийхээ тархийг угаахын тулд өчүүхэн боловч “ялалт” түүнд хэрэгтэй. Тиймээс ч Орос хөрш орнууддаа ил тодоор заналхийлж байгаа. Хөрш орнуудаа фашистуудаас чөлөөлнө гэж хийрхэж байгаа. Манайд хэд гурван фашистууд байгаа. Тэднээс манийгаа чөлөөлөх юм гэвэл бид юу ч хэлж чадахгүй. Орос хэлтэй иргэдээ хамгаална гэж дайнаа зөвтгөж байгаа. Орос хэлтэй хүн бүрийг “эх орон нэгт” гэж үзэх хууль Төрийн думд хэлэлцээд сууж байна. Эх орон нэгтээ хамгаална гэвэл бид юу хэлж чадах юм. Тэгээд ч манайд чамгүй тооны орос иргэд бий. Оросын хэвлэлд Монгол Америк нийлээд биологийн лабратори байгуулсан гэж иргэдээ айлгаж байгааг зүгээр нэг эндүүрэл гэж харж болохгүй. Цэрэг хөдөлгөх түмэн шалтгаан өөрсдөө зохиогоод байгаа шүү дээ. Оросын хувьд хөрш орнууддаа халдаж баталгаатай “ялалт” байгуулж болох цөөхөн орнуудын нэг нь Монгол. Монголд бүр 1924 оноос хойш Зөвлөлт Оросын цэрэг их бага хэмжээгээр байж байгаад 1989 онд хамгийн сүүлчийн цэргүүд нь Монголоос гарсан байдаг. Түүхээ харвал болгоомж илүүдэхгүй. Хэлдэг ярьдаг байх хэрэгтэй.

-Монголд Оросын гар хөлүүд, Путины шүтэн бишрэгч олон. Зарим улстөрчид ил цагаан үүнийгээ илэрхийлдэг. Тэгэхээр Орос цэрэг орж ирэх аюул байнгын дагаастай, бид үүнд байнгын сэрэмжтэй байх ёстой байх.

-Монголд Оросыг сохроор шүтэгчид бий. Цаазын ял сэргээж улс төрийн өрсөлдөгчидөө хэлмэгдүүлэх аян эхлүүлэх гэж оролдсон Ерөнхийлөгчтэй байсан, Казакстанд цэрэг оруулсан эрх зүйн үндэс болсон Төв Азийн орнуудын хооронд байгуулсан гэрээнд элсэх өргөдлөө бариад гүйж явсан зэргийг бодолцвол Монголд Орос цэрэг ороод ирэх аюул одоо ч байгаа л санагдаад байгаа.

Өөрийгөө хамгаалах арга нь болгоомжлолоо ил тод л хэлэх, иргэд нь ийм үйл явдлыг гаргуулахгүй байх шүү дээ.

-Украин руу хийсэн Оросын дайны эсрэг улс төрийн намууд ямар нэгэн үг, үйлдэл гаргах хэрэггүй гэх байр суурийг зарим улс төрчид илэрхийлэх болсон. Энэ нь магадгүй Орос Монголд шатахуун, эрчим хүчний хориг тавьчих вий гэсэн айдаснаас болсон байх. Үнэхээр оросууд бидэнд эрчим хүч, шатахууны хориг тавих болов уу?

-Айдаст өөрсдийнхөө үйл хөдлөлийг уях хэрэггүй гэж бодож байна. Тиймээ, Монгол олон Ерөнхий сайдаа Москвад Оросын шүүхээр цаазлуулж байсан. Хэдэн арван мянгаар сэхээтнүүдээ хэлмэгдүүлж байсан. Тиймээ, сэхээтний төөрөгдөл гээд олноор нь шоронд хийж, хөдөө цөлдөг байсан. Айдас монголчуудад гүн шигдээстэй. Оросоос айх айдсаа нуухын тулд Оросыг шүтэж амьдрах үзэл дэлгэрүүлсэн. Айдаг тусгаар тогтнол гэж байхгүй шүү гэж Д.Монголхүү жиргэсэн байсан. Би тун товч онож хэллээ гэж бодож байгаа. Украины асуудлаар хэн ямар байр суурь илэрхийлж байгаагаар монголчууд хоорондоо бие биенээ хэмлэх хэрэггүй. Манай иргэний нийгэм дайныг сайн эсэргүүцэж байгаа. Төр засаг ч дайныг дэмжсэн юм байхгүй. Гал зогсоохын төлөө байна гэдгээ Гадаад харилцааны сайдаараа дамжуулж илэрхийлсэн. Дотроо хэрүүл тарихгүй, болчимгүй дуугарч Монголын эдийн засагт гай учруулахгүй гэсэн Засгийн газрын байр суурийг ойлгож хандаж болно. Орос орон дэлхийн улс орнуудыг найрамдалт, найрамдалт бус гэж дотроо ангилж ялгаатай харилцах бодлого барьж байна. Тэдний ангиллаар хоёр улсын хоорондын түвшинд хориг тавих нөхцөл байхгүй. Харин ч хилээ нээгээд байгаа. Бидний хувьд олон улсын хоригтой зөрчилдөхгүйгээр хэрхэн харилцаагаа хадгалан хөгжүүлэх вэ гэдэг асуудал бий. Төлбөр тооцоо, тээвэр харилцаагаа хөгжүүлэхдээ Олон улсын хамтын нийгэмлэгээс тавьсан хоригийг зөрчихгүй байх нь чухал. Ингэхийн тулд хоёр талын болон олон талын хамтарсан үйл ажиллагааг идэвхжүүлэх шаардлага үүссэн боловуу гэж бодож байна. Тэр тусмаа Барууныхан Орост тавьсан хоригийн хохирогч нь Монгол биш байгаасай гэж хичээж байгаагаа хэлж байна.

-Олон Улсын шинжээчид Орос задарч магадгүй талаар ярьж, бичих болсон байна. Оросын задрал Монголд ямар үр дагавар авчрах вэ. Сайн уу, муу юу?

-Энэ талаар худлаа худлаа янз бүрийн үлгэр яримааргүй байна. Орос орон ардчилагдаж хүн ард нь хангалуун амьдралтай, найрамдалт хөрш байгаасай гэж хүсэх байна. Путин анх гарч ирэхдээ Оросыг Европ руу чирсэн тэр үедээ Монгол гэдэг улс байдаг эсэхийг үл ойшоосон. Дэлхийн худалдааны байгууллагад элсэхэд нь Монгол татварын нөхцлөө ярьж тохирох ёстой байсан боловч нөгөө л Оросын өмнө хулчигнадаг зангаараа Оросын зүгээс тавьсан хориг мэт өндөр татварыг үг дуугүй авсан байдаг. 10-аад жилийн дараа Путин Европ бол Орос орны хань биш гээд өөрийн Евроазийн бүс байгуулж эхэлсэн. Монгол гишүүн биш тул өндөр татвар ногдуулдаг орон болсон. Болсон явдлыг хойш тавиад одоо Оросын зах зээлийг Монголд нээлгэх талаар ажиллах хэрэгтэй. Оросуудын хувьд Монголын зах зээл нээлттэй. Энэ нь Оросын ард түмэнд, хоёр орны цаашдын ирээдүйд хэрэгтэй.

-Тэгвэл Хятад Улс хилээ хаагаад бараг таван сар боллоо. Цар тахал шалтаг болохоос жинхэнэ шалтгаан нь биш байх. Яагаад урд хөрш хилээ нээхгүй Монголыг “хориглоод” байгаа юм бол?

-Албан тайлбар нь covid-19, цар тахал гэх. Магадгүй өөрсдөөсөө буруу хайвал бидний бизнес хийж байгаа соёл олон улсын стандартад хүрдэггүй, гадаадын оруулсан хөрөнгө оруулалтыг нь хамгаалдаггүй, тэр ч байтугай төрийнхөнтэй нийлээд дээрэмддэг, зоддог, хүнийг угсаа гарлаар нь ялгаварлан гадуурхдаг зэрэг дутагдлууд нийлсээр ийм байдал бий болгосон биз. Арбитр дээр маргалдаж яваа кэйсүүдээ харчих. Юу тарина, түүнийгээ хураана гэсэн үг байдаг даа. Барууныхан бол чимээгүйхэн гараад явчихна. Дорныхон бол шалтаг олоод гацаачихна.

-Монголд усан цахилгаан станц, төмөр зам барих гээд томоохон мега төсөл хэрэгжүүлэх бүрт гадаад,дотоодын улс төрөөс болж нурдаг талтай. Та өөрөө ч зовлонг нь хамгийн сайн мэдэрсэн хүн. Өнөөдөр ч эрчим хүч, төмөр замын төслүүдийг эсэргүүцдэг монгол хүн олон. Ингэхэд монголчууд боловсрол, мэдлэггүй байна уу, мэдээллээ ойлгуулж чадахгүй байна уу?

-Путин хөршүүдээ эрчим хүчний хараат байлгах бодлого хэрэгжүүлж байсан. Тийм бодлогын том хохирогч нь Европ, түүний дотор том нь Герман. Одоо ийм бодлого хүндхэн үр дагавартай байсныг ойлгоод Меркель хатагтайг зүхэж байгаа дуулдана. Байгалийн хийг хоолойгоор ганц нийлүүлэгчээс авахын аюулыг Хятад улс ч бас ойлгож байгаа байхаа. Өөрөөр хэлбэл манайхны байгалийн хийн хоолой тавина гээд Хятадгүйгээр зөвхөн Оростой наадаж байсан нь зүгээр  суртал нэтрүүлэг байсан гэдгийг ойлгох байхаа гэж бодож байна. Төмөр замын хувьд бол Монголд өргөн төмөр зам тавина гэж хөрөнгийг нь үр ашигггүй зарцуулах бодлого нь Оросын тоглоом байсан. Энэ талаар урд нь зөндөө ярьж байсан. Хээр тал дээр хайрга зулаад төмөр зам тавьсан чинь ачаалал даахгүй осол болж байна. Гайхаад байх зүйл биш.

Төмөр зам бол инженерийн нарийн барилга байгууламж түүнийг барихад авто зам барьж байгаа шиг хандаж болохгүй гэж би өмнө нь хэлж байсан. Дэгэн догонтой авто зам дээр тойроод ч болов машин явж болдог. Дэгэн догон төмөр зам дээр галт тэрэг онхолдоно, тойрох аргагүй. Бүр түүнээс ч илүү муу юм болно гэдгийг хэлэх хэрэгтэй. Рельс төмөр шил мэт хагарахыг үзэхэд би нэг их гайхахгүй. Харин хайран мөнгө, хүн хүч, хөдөлмөр, алдагдсан цаг хугацаа, боломж яанаа гэж бодох болно.

-Тэгвэл том төслүүдийг хэрэгжүүлэхэд юу анхаарах ёстой вэ. Ерөнхий сайд “Шинэ сэргэлт”-ийн бодлогодоо том төслүүдээ хөдөлгөнө гэж амалсан. Бүтэх болов уу?

-Шинэ нөхцөл байдал үүсч байгаа учраас бодлогоо чамбайруулах бизээ гэж харж байна. “Алсын хараа” гэж байх үед цар тахал ч байгаагүй, Украины дайн ч байгаагүй санагдах юм. Том төслүүд том мөнгө шаардана. Санхүү босгох асуудал таван жилийн өмнөхтэй харьцуулбал улам л хэцүү болсон. Төсөл том байх тусам бүтэх магдлал бага байна. Төсөл боловсруулж хэрэгжүүлэх хандлагадаа өөрчлөлт хийх цаг болсон санагдаад байх юм. Жишээлбэл, Цахилгаан станцын хувьд модулар жижиг станц руу анхаарлаа хандуулмаар байна. Жижиг хэрэгцээ хангаж, инженерчлэл, боловсон хүчнээ шинэ технологид сургах хэмжээгээр хүчин чадлаа нэмэх бодлого руу явмаар байна. Агуу юм чимхлүүр ажлаас эхэлдэг гэж хэлмээр. Популизм дагаж шийдэл гаргадаг төрийн бодлого дампуурна. Гэвч дураараа загнахгүй байхын тулд зөв мэдээлэл бүхий иргэдтэй болох тал дээр засаг ажиллах ёстой. Ингэхгүй бол том дарга том алдаатай шийдвэр гаргаад дараа нь дампуурна.Ер нь бол манай өнөөгийн дүр зураг шүү дээ.

-Засгийн газар  “Шинэ сэргэлт”-ийнхээ бодлогын хүрээнд жишээ нь,  хамгийн түрүүнд ямар салбарт сэргэлт хийх ёстой гэж та зөвлөх вэ?

-Тээвэр ложистик. Худалдаа. Монголчууд үүнийг хийж чадна.

-Ам.долларын нөөц багасч, зарим төрлийг тансаг хэрэглээнд хязгааралт тавихаа төв банк илэрхийлсэн. Энэ нь хэр зөв үйлдэл гэж дүгнэж байна?

-Дайн, Оросын хоригтой холбоотой үүсч байгаа шинэ нөхцөл байдлаа ойлгож амжаагүй хүмүүс л харагдаад байгаа.

-Засгийн газраас шатахууны үнийг чөлөөлсөн. Одоо эрчим хүчний үнийг чөлөөлөх ёстой гэсэн саналыг зарим эдийн засагчид хэлэх болсон байна лээ. Эрчим хүчний үнийг чөлөөлөх нь зөв үү?

-Шинээр үүсч байгаа нөхцөл байдалд хэрхэн түргэн зохицохоос манай эдийн засгийн амжилт хамаарна. Шатахууны үнийг нэмэгдүүлэхдээ нэг удаадаа 100 төгрөг гэсэн хязгаарлалт тогтоосон юм билээ. Тодорхой хугацаа өнгөрөөд 100 төгрөгөөр. Хугацаагаа болохоор дахиад 100 төгрөгөөр өсөх бололтой. Оростой төлбөр тооцооны аргачлалаа тохироогүй байгаа гэсэн. Монгол Оросын “найрамдалт” улс ангилалд багтвал доллараар төлөх байх. Үгүй гэвэл рубль юмуу алтаар төлбөр хийх шаардлага гарна. Оросын Төв банк 5000 рублийг нэг грамм алттай уялаа гэсэн. Үүнийг анхааралдаа авбал шатахууны үнэ 20-иос доошгүй хувиар өсөхөөр байгаа. Ганц шатахуун биш гээд бодчих. Эрчим хүчний үнийн хувьд үнэ өртөгөө нөхсөн байх ёстой гэдэгтэй санал нэг байна. Эрчим хүчний үнийг чөлөөлнө гэхээсээ илүүтэй үнийн олонлог бий болгооч гээд олон жил ярьж байна. Дөрөвдүгээр цахилгаан станцын цахилгааны үнэ шинэчэлийн өртөгөө шингээсэн нэг үнэтэй байх, элэгдэл хорогдлоо нөхчихсөн цахилгаан станцын цахилгааны үнэ арай хямд байх гээд бодох хэрэгтэй. Дулааны үнэд энэ асуудал мөн хамаарна. Зах зээл ажиллаж бодит үнэ дээрээ очихгүй бол шинэчлэлгүй, хөрөнгө оруулагчгүй бахь байдгаараа байх болноо. Тэр нь эрчим хүчний хязгаарлалт хэлбэрээр илрэнэ.

Путины дотор Сталин ч байна, Гитлер ч байна

Монгол Улсын Ерөнхий Сайд асан Мэндсайханы Энхсайхан АН-ын ээлжит бус XIII их хуралд хүндэт зочноор уригдан оролцох үеэрээ ОХУ, Украины дайнтай холбоотой байр сууриа илэрхийлснийг Sonin.mn сайт сийрүүлэн хүргэж байна.

Ер нь Орос, Украины асуудлаар Монголын нийгэм хуваагдмал байдалтай байгаа. Энэ бол амьдрал. Гэхдээ хоёр хуваагдсан байдлыг ялгаж харах юм бол нэг хэсэг нь айдсаараа ялгарсан байгаа. Нөгөө хэсэг нь үнэт зүйлээрээ ялгарсан байгаа. 1990 оны ардчилсан хувьсгалаа эргээд сана. Бид айдсыг давж байсан. Энэ айдас Монголын нийгэмд гүн шигдээстэй байгаа.

Монголчууд бид Ерөнхий сайд нараа Зөвлөлт улсад цаазлуулж байсан. Олон мянган лам хуварга, сэхээтнүүдээ хэлмэгдүүлж байсан. Тийм учраас энэ айдас гүнзгий суусан гэдгийг би ойлгож байна. Гэхдээ 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалаар бид айдсаа давж, эрх, эрх чөлөөнийхөө төлөө босож байсан шүү гэдгийг хэлмээр байна.

Өнөөдөр шалгалт өгөх болчихжээ. Хувь хүн ямар үнэ цэнтэй юм? Ямар үнэлэмжтэй юм гэдгээрээ шалгалт өгөх болчихож. Түүнтэй адилхан улс төрийн намууд, байгууллагууд шалгалт өгөх болчихсон байна. Улс орон юуны төлөө байгаа вэ? гэдгээрээ шалгалт өгөх болчихсон байна. Харамсалтай нь өнөөдөр Орос цэргийн хамаг хүчээрээ хөрш орнууд руугаа заналхийлдэг болж.  Түүнийгээ ч үзүүлж, Украин руу дайрч, энгийн номхон иргэдийг устгаж байгааг та бүхэн нүдэн дээрээ харж байгаа. Энэ бол нэг өдөрт болчихсон зүйл биш ээ. Их урт, удаан хугацаанд энэ могойн үр бойжиж байсан.

Энэ халдан түрэмгийллийг үйлдэж байгаа Путины дотор Сталин ч байна, Гитлер ч байгаа гэдгийг хэлмээр байна. Гадаад бодлого талаасаа бусад орныг эзлэн түрэмгийлэх асуудлыг Гитлер сэдэж байсан бол өөрийн ард түмнээ хавчин гадуурхаж, устгадаг, сөрөг хүчнээ дардаг Сталинч байр суурь Путины дотор бий болжээ. Дарангуйлагч бий болсон газар амьдрал сайхан байх боломжгүй.

Дарангуйлагч бий болох хоёр нөхцөл байдаг гэж эрдэмтэд бичдэг. Тахин шүтдэг ард түмэн байх ёстой. Мөн тэр удирдагч параной өвчтэй байх ёстой. Энэ хоёр шинж тэмдэг хоёулаа цогцолчихоод байна. Өнөөдөр Оросын ард түмэн дайныг эсэргүүцэж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ дайныг эсэргүүцсэн хүн бүр баривчлагддаг, шоронд ордог. Төрийн дум нь албан ёсны мэдээллээс өөр, Кремльд таалагдаагүй мэдээ цацсан болгоныг 15 жил хорих ял өгөх хууль баталлаа. Энэ бол дарангуйлал тогтсон гэдгийг харуулж байна. Урт ширээний ард гадны удирдагчдыг хүлээж авдаг шинж тэмдэг бол параной өвчтэй гэдгийг харуулж байгаа юм. Украинд болж байгаа үзэгдэл Монголд бий болохыг үгүйсгэхгүй. Тийм учраас үүнийг хатуу эсэргүүцэж, байр сууриа ил тодоор хүчтэй илэрхийлэх ёстой. 

Энэ дайны эцсийн үр дүнгээс Монголын ирээдүй ч шийдэгдэнэ

Сэтгүүлч Ж.Нямсүрэн

-Дэлхийн улс төр, эдийн засаг, Украин-Оросын дайны талаар ярилцах гэсэн юм. Дэлхийн геополитик тун эвгүй болчихлоо шүү дээ?

-Ойрд жаахан ажил ихтэй, цаг зав багатай байна. Чамтай товчхон ярилцъя.

-Украин-Оросын дайны нөхцөл байдал улам хүндэрч байна. Энэ дайн дэлхийн улс төр, эдийн засагт багагүй өөрчлөлт авчрах нь гарцаагүй боллоо. Дайнд хэн нь ялах бол, Путин үү, Зеленский юу?

-Энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу довтлох Путины тушаал гарснаар энэхүү дайн эхлээд, 10 дахь өдөртэйгээ золгож байна. Орос орон дайн хийх нь гэхэд олон хүн итгэхгүй байсан. Украинд ч дайн болно гэдэгт итгэхгүй хүмүүс цөөнгүй байлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден дайн болох талаар, дайны өдрийн товыг хүртэл зарлаад байхад итгэхгүй л байсан. Миний харснаар АНУ-ын зүгээс Путины дайны төлөвлөгөөг ил тодоор хэлж, дайны галыг эхлүүлэхгүй байхыг оролдож байжээ. Ингэснээр Путины  төлөвлөгөө хоног хоногоор хойшилж, тэр нь Украинд дайнд бэлтгэх бага ч гэсэн цаг хугацаа өгч байсан юм байна. Өнөөдөр бид дайны гэрчүүд боллоо. Орос бол эзлэн түрэмгийлэх, эвдэн сүйтгэх, орос украин ахан дүүсийн цусыг урсгасан, тэрхүү дайндаа балчир залуу хүүхдүүдийг, Оросын бага ястнууудыг, түүний дотор буриад, тува, халимаг зэрэг угсаа нэгт ахан дүүсийг минь золиосолсон, жирийн иргэдээ алсан гэмт хэрэг үйлдэж байгааг харж байна. Болж буй үйл явдлыг зүрх салгалахгүйгээр, нулимс дусаахгүйгээр үзэж чадахгүй байна. Хэн ялагч байх нь гол биш, дэлхийд хүний эрх, эрх чөлөө, энхтайван ялах ёстой юм. Монголын ирээдүй Украинаас хамаарахаар байна. Тиймээс Украин битгий ялагдаасай гэж залбирч байна.

-Энэ дайныг эсэргүүцэгчид, дэмжигчид Монголд аль аль нь байна. Таны хувьд дайныг эсэргүүцэж байгаагаа нүүр номдоо байнга илэрхийлдэг.

-Бид яагаад дайныг эсэргүүцэх ёстой вэ гэвэл аливаа дайн хүмүүний, тэр дотроо залуусын амь нас, амьдралыг бусниулдаг хамгийн адгийн үйл явдал. Дайныг эсэргүүцэх үзлээр аав, ээж маань биднийг бага насанд хүмүүжүүлсэн. “Дайн үгүй шүү”, “Даян дэлхийд энхтайван” гэдэг зураг зуруулдаг, уриа бичүүлдэг байсан. Гэтэл өнөөдрийн Орос оронд “Дайн үгүй шүү” гэдэг бичиг барьсан ахмад настан, балчир хүүхдүүдийг хүртэл баривчилж байна. Путин бол Оросын ард түмэн биш, Оросын ард түмнийг Путин төлөөлж чадахгүй. Дайныг Оросын ард түмэн зогсоох учиртай. Тэдэнд хамаг найдлагаа тавьж байна. Энэ бол коммунизм нь фашизм хэлбэрээр биежсэн болохын нотолгоо. Угтаа коммунизм, фашизм мөн чанараараа адилхан, энэ талаар уртын урт ярьж болно. Гэвч тийм юм яриад суудаг цаг биш байна. Путин Украины фашистуудыг буруутгаж, Украиныг тэднээс чөлөөлөх юм гэнэ ээ. Украины фашистууд тоо хэмжээгээрээ Москва, Петербургийн фашистуудаас ихгүй. Монголыг фашизмаас чөлөөлнө гээд манайх руу цэрэг оруулъя гэвэл болохоор л байна. Манайд ч эргүү малууд мундахгүй их. Угтаа тийм хүмүүс Оросын цэргүүд хөрш орнууддаа түрэмгийлэл үйлдэх шалтаг бий болгогчид юм.

-Ингэхэд энэ дайн хэр хугацаа хамарч, дэлхий хэр их хохирол амсана гэж та харж байна. Ер нь дайны дараах дэлхийн геополитикийг хэрхэн таамаглаж байна вэ?

-Оросын түрэмгийллийг харахад олон улсын дэг журам нь дарангуйлал байх уу, ардчилсан байх уу гэдгийг хөндөж байгаагаараа, дайны эцсийн үр дүнгээс хамаарч Монголын ирээдүйн хувь тавилан шийдэгдэхээр байна. Орос оронд дарангуйлал тогтсон нь илт байна. Дарангуйлал биежихэд хоёр нөхцөл бүрэлдэх учиртай гэж судлаачид бичдэг юм. Нэгд, ард түмэн дарангуйлагчаа тахин шүтэгчид байх, хоёрт, дарангуйлагч параной өвчинд нэрвэгдэх. Энэ хоёр нөхцөл Орост бүрэлджээ. Та нар ямар ч орос хүнээс асуугаарай. Орост амтай болгон бүгдээрээ төрийн дээр хулгайч, луйварчид гарсан гэх хэрнээ тэднийг өөрчлөх тухай бодол ч байхгүй, сохроор Владимир Владимирович хэмээцгээдэг. Энэ бол тахин шүтэх үзэл ноёлсны шинж тэмдэг. Нөгөө талаас уртын урт ширээний ардаас улс орнуудын удирдагч нартай болон өөрийн ойрын хүмүүстэйгээ харьцаж байгааг харвал Путин параной өвчтэй нь илэрхий байна. Гитлер ийм л байсан. Муссолини ийм л байсан. Дараа дараагийн дарангуйлагчид бүгд л ийм байсан. Төгсгөл нь гунигтай. Зэвсэг барьсан дайн орчин үед богинохон бөгөөд сайндаа л сар болно биз. Түүнээс илүү хугацаанд байлдъя гэвэл эдийн засгийн хүчин чадалтай байх ёстой болдог. Өөрөөр хэлбэл, урт хугацаандаа дайн бол эдийн засгийн дайн юм. Богиохон хугацааны дайнд ч оросууд амжилт олоогүй л байна. Урт хугацаанд нь авч үзвэл Украин ялж байна. Яагаад гэвэл бүх дэлхийгээр Украиныг дэмжиж байна. Украины ард түмэн Ерөнхийлөгч Зеленскийн хэлдгээр “Харанхуйг эзэмдэх гэрэл” байгаасай.

Бүх дэлхийгээрээ Орост хориг тавьж байгаа учраас Украин ялах ёстой гэлээ. Нөгөө талдаа нэг дарангуйлагчаас болоод Оросын гэмгүй иргэд ч дайнд өртөж байна. Өөрөөр хэлбэл, Оросын дайны хохирогчид Оросын энгийн иргэд өөрсдөө болсон?

-Юуны өмнө дайныг зогсоох нь чухал зорилт бөгөөд ингэхийн тулд Оросын түрэмгийллийг зогсоохын тулд тэдний цэргийн машины санхүүжилтийг зогсоох арга хэмжээ авч байна. Ийм том хэмжээний эдийн засаг, санхүүгийн хориг авчихна гэж В.Путин бодоогүй байх. Зөвхөн хориг арга хэмжээ аваад зогсоогүй Украинд зэвсэг, хүмүүнлэгийн болон санхүүгийн тусламж үзүүлж байна. Нийлбэр дүнгээр 100 тэрбум ам.доллар давж байна. Украины санхүүгийн чадвар эрчтэй нэмэгдэж, Орос сулрах нөхцөл бий болчихоод байна. Тиймээс Украин хохирол амсч байгаа ч урт хугацаандаа ялах нь ойлгомжтой байна. Монголчууд бид болж байгаа үйл явдлаас сургамж авах хэрэгтэй. Олон улсын парадигм өөрчлөгдлөө. Системтэй өөрчлөлт хийх шаардлага үүсэх нь гэж бодож байна. Юу ч гэсэн дайн эцэс болох нь чухал. Хориг зөвхөн Оросын ард түмний амьдралд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй. Хөрш бидэнд ч сөрөг нөлөөтэй. Дайныг зогсоохын тулд тэсэхээс өөр арга зам байхгүй. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Гитлерийн фашизмын удирдагчдыг шүүсэн Ньюренбергийн шүүх хүн төрөлхтнийг аймшигт унагасан фашизм газар авч, дэлхий дайнд хүргэсэнд Германы ард түмэн буруутайг төгсгөлд нь тэмдэглэн хэлсэн байдаг. Түүх давтагдаж байгаа бололтой.

-Путины дайнд буриад, тува, халимаг зэрэг ахан дүүсийг маань золиослож байна гэж та түрүүнд хэлсэн. Энэ нь их гүрний цөөнхөө цөөлөх гэсэн давхар бодлого байж болох уу?

-Тийм бодлоготой эсэхийг Гаагийн олон улсын шүүх тогтоож өгөх биз. Ямар ч байсан тэргүүн фронтод дайсныхаа байлдааны нөөцийг барах бууны маханд бага ястнуудыг явуулж байна гэх сэтгэгдэл төрж байна. Кремлийн олигархиудын хүүхдүүдээс дайнд явлаа гэж сонсоогүй.

-Монгол Улсын хувьд албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй, төвийг сахисан, түдгэлзсэн байдалтай байгаа шүү дээ. Гэхдээ төвийг сахина гэдэг дуугүй, чимээгүй байна гэсэн үг биш биз дээ?

-Монгол улс төвийг сахиагүй. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс галыг зогсоох байр суурьтай байгаа гэсэн байна лээ.  Мөн дайныг зогсоохыг шаардсан НҮБ-ын төслийг эсэргүүцээгүй. Ийм асуудлаар болгоомжтой байгаа нь өөрийн дотоод дахь нөхцөл байдлаа харгалзсан хэрэг гэж ойлгож байна. Харин иргэд дайныг эсэргүүцэж, дуу хоолойгоо гаргаж байгаа нь сайхан байна.

-Хятад улс одоогоор Оросыг дэмжинэ, дэмжихгүй гэдгээ илэрхийлээгүй. Цаашдаа тэд ямар улс төр хийнэ гэж та дүгнэж байна. Орос барууны эдийн засгийн хоригт хэр удаан тэсэх нь Хятадаас бас хамаарахаар болж байгаа учраас асууж байна?

-Харин ч Хятад улс Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, олон улсын дэг журмыг мөрдөнө гэдгээ хэлсэн. Орос оронтой стратегийн түншлэгч болохоос холбоотон биш гэсэн. Хориг зөв биш зам гэдгийг ч хэлсэн. Хятадын байр суурь тодорхой байна.

-Үймээн самуунтай гээд нутаг, усаа аваад нүүж чадахгүйгээс хойш хоёр хөршийн явуулж байгаа улс төрд монголчууд болгоомжтой хандах ёстой байх л даа. Жишээ нь, Москва крантаа хаавал Монголын эдийн засагт багагүй цохилт ирэх болохоор. Манай нэг сайд Оросын дайн Монголын эдийн засагт эерэгээр нөлөөлж магадгүй гэх маягтай юм ярьчихсан харагдсан.

Бусдын зовлон дээр хожоо хийнэ гэж бодож, ярьж ёстой болохгүй шүү. Ийм яриаг цэглэх хэрэгтэй. Ёс суртахуунаа ч бодсон тэр нь зөв. Бизнес бизнесээрээ л яваг. Олон улсын харилцаанд айдас ноёлдог байж таарахгүй. Бид бензингүй болчихвол яана гэсэн наад айдсаа толгойноос авч хаясан нь дээр.

-Буфер улсын хувьд Монгол Улс цаашдаа гадаад харилцаандаа ямар бодлого баримтлах ёстой вэ. Хэрэвзээ танаас зөвлөгөө хүсвэл та эрх баригчдад юу гэж зөвлөх байсан бол?

-Гадаад бодлого идэвхтэй, цэргийн хэлээр давшилттай байх ёстой. Мэргэжлийнхэн бодно биз.

-Орос-Украины дайнтай зэрэгцээд хийн хоолойг Монголоор дайруулах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ ер нь цагаа олсон үйлдэл мөн үү. Магадгүй Оросыг дэмжсэн үйлдэл болчих вий, эдийн засгийн хоригт дагаад орчих вий гэсэн айдас, болгоомжлол нийгэмд байна?

-Бодит байдал дээр Кремльд хэрэгтэй, Монголын талаар сөрөг сэтгэгдэл төрүүлэх сурталчилгаа л болчих шиг болсон доо.

-Ер нь хийн хоолойг Монголоор дайруулахын ач холбогдол юу вэ. Эсрэгээрээ эрсдэл нь бас юу байх бол. Товчхондоо байгалийн хий эдийн засаг уу, улс төр үү?

-Дайн дуустал, хориг зогстол  хийн хоолойн талаар монголчууд маргалдаад хэрэггүй дээ. Бүтэхгүй.

-Та эдийн засагч хүн. Тиймээс танаас шуудхан асууя. Эдийн засгийг сэргээх Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого” реформ болж чадах уу. Эсвэл популизм болж үлдэнэ гэж бодож байна уу?

-Зөв, буруу нь хамаагүй хөгжлийн чиг баримжаатай байх ёстой шүү дээ. Улам боловсронгуй болгох талаас нь бодохгүй, шүүмжлээд эсэргүүцээд Монголд тус болохгүй шүү дээ. Хөрш Орос орон дайн хийж байна, хоригт орчихоод байна. Хохирлыг дэлхийн бүх улс их багагүй амсана. Хориг тавьсан барууныхан ч өөрсдөө маш их  хохирол амсана. Хөрш Монгол ч багагүй хохирол амсана. Ийм цаг үед зөвийг дэмжих сэтгэлгээтэй байх нь зөв гэж бодож байна.

-Улаанбаатарын түгжрэлийг шийдэхэд оролцооч гэж хотын дарга Д.Сумъяабазар хэвлэлийнхнээс гуйсан. Та саналыг нь хүлээж авсан уу?

-Хотын дарга Цагаан сарын өмнөхөн мэнд дэвшүүлж, дараа нь цаг гаргаж, хүлээн авч уулзсан. Урд өмнө нь тухтай уулзаж байгаагүй л дээ. Уул уурхайн сайд байхаас нь хэлж ярьж байгааг нь харж байсан. Зөвлөхийн багаа сайн сонсдог хүн шиг санагдаж байлаа. Тиймээс ч хотын хөгжлийн талаар дэлхийн практикийг нэгтгэсэн материалаа бариад уулзсан юм. Дайчин чанар нь таалагдсан. Хот болон уул уурхай гэсэн Монголын эдийн засгийн том зовлонг туулж яваа, туршлага хуримтлуулсан байж л таараа гээд уулзсан. Санал бодлоо солилцсон. Миний хувьд мэддэг юмаа хэлэх нь Монголдоо туслах сэтгэлээс үүдэлтэй. Авч, гээх нь хотын даргын шийдэх асуудал. Миний чадах юм тэр.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Капитализмын Ирээдүй: Зах зээлийн “үл үзэгдэх гар”-ыг “төрийн хүнд гар”-аас хэрхэн аврах вэ

“Социализмаас Капитализм руу” гэсэн нэртэй нэгэн бяцхан ном бичиж билээ. Номын нэг хэсгээс Та бүгдэд толилуулья.

Номын анхны хувилбарыг бичиж дуусгаад нооргоо намайг Ерөнхий сайд байх үед зөвлөхөөр ажиллаж байсан, одоо Нью-Йоркт Нэгдсэн Үндэсний Байгууллагад эдийн засагч хийж байгаа Ц.Батболдод “Нэг гүйлгэж харах зав байна уу” гээд явууллаа. Бидний реформ хийж байх үеэс хаягдаж, гээгдсэн, мартагдсан том зүйл байвал сануулаарай гэв. Тэр маань хариу бичиж байна. Өөрийг тань нэг л их капитализм шүтэн биширсэн амьтан гээд гөвж эхлэх байхдаа гэнээ.

Би номын нэрийг өгөхдөө монголчууд бүгд мэдээд ч байгаа юм шиг, мэдэхгүй ч байгаа юм шиг, хаанаас хааш ирснээ, хаашаагаа явах тухайгаа тов тодорхой хэлчихэж чадахгүй байдалтай байгаа сэтгэлгээний саад тотгорыг эвдэж; байгаа нөхцөл байдлыг академик хүрээнийхэн хэрхэн томьёолох байсан бэ гэдгийг бодож; “Социализмаас Капитализм руу” гэсэн нэр өгсөн юм. Маргаан тарих нь ойлгомжтой. Тэгээсэй билээ. Угаасаа миний зорилгод нийцэж байгаа юм. Монгол социализм гэдэг зогсоолоос капитализм гэдэг зогсоолд ирсэн юм байна. Цааш төгс төгөлдөр болгох тухай бодохын оронд буцаад явнаа гэж бодоод байвал цаг алдаж, хөгжлөөс хоцорчих юм шиг санагдаж номоо ингэж нэрлэсэн юм.

Капитализм шүтлэг биш л дээ. Гэвч өнөөдөр дэлхий ертөнц дээр капитализм ялчихаад байна. Капитализм дэлхий дээр бараг л бүх оронд нэвтрэхдээ цагаан морин жилээс хойш өдөрт $1.90-оос доош орлоготой үгээгүй ядуу хүмүүсийн тоог 2 тэрбумаас 700 сая болтол хоёр илүү дахин багасгаж чадсан байна. Тэдгээрийн ихэнх нь Хятад, Энэтхэгт хамаарч байна. Эрүүлийг хамгаалах шинжлэх ухаан, технологи хөгжсөнөөр эхийн эндэгдэл эрс буурч 100 сая хүүхдийн амь нас энэ хугацаанд аврагдлаа гэсэн тоо баримт гарчээ. Капитализм олон оронд эдийн засгийн өсөлт авчирч хүмүүсийн амьдралын чанарыг дээрдүүлжээ. Гэсэн хэдий ч капитализм төгс биш л дээ. Түүнийг социалистууд шүүмжилдэг ч капитализмыг боловсронгуй болгох түлхүүр нь уг системд өөрт нь байгаад хэргийн учир оршиж байгаа юм.

Өнөөдөр дэлхий даяар капитализмыг сайн муугаар тал талаас нь ёстой нэг гөвшиж, шүүмжилж байна. Шүүмжилж чадаж байгаа боловч капитализмыг хэрхэн боловсронгуй болгох вэ гэдэг талаар ончтой санал ховорхон сонсогддог.

2015 он шиг санагдаж байна, Оксфордын профессор Пол Коллиерын нэгэн лекцэнд оролцох завшаан тохиосон юм. Тэрбээр миний бүх ирэх буцах зам хоног, зочид буудлын зардлыг минь даалаа. Тал талаас авчирсан “сурагчид”-аа 4 одтой зочид буудал оруулж билээ. Тэр нь хуучны шоронгийн барилга байсан бөгөөд шоронг зочид буудал болгож болдогийг Африкийн орнуудын экс сайд, Мьянмар, Монгол зэрэг Азийн орнуудын экс сайд нарт үзүүлсэн нь мөн л эрх чөлөө хэрхэн хөгжил авчирдаг гэдгийг биетээр нь харуулах шиг болсон.

Профессор Пол Коллиер нь амьдралынхаа ихэнх хугацааг ядуу буурай орнуудын асуудлыг судалж, тэдний байдлыг дээрдүүлэх гэж элдэв асуудлыг сөхөж тавьдаг том эрдэмтэн хүн. Тэрбээр монгол хэлнээ орчуулагдсан Адагт унасан тэрбум (Bottom Billion) номын зохиогч юм. Тэрбээр 2019 онд Капитализмын Ирээдүй гэсэн ном гаргажээ. Энэ талаар Билл Гэйтс бичихдээ “Би Пол Коллиерын том фен. … Насан туршдаа ядуу орнуудыг судалж ирсэн тэрбээр энэ удаа ядуурлын тухай ном бичээгүйд бяцхан гайхсан. Гэвч тэрбээр баян орнуудад бий болсон капитализмын бэрх асуудалтай тулж байна. (Капиталист) Систем хямралд байгаа гэдэг нь ойлгогдож байгаа мэдрэмж юм. Түүний хэлж ярьж байгаатай бүгдтэй нь санал нийлэхгүй ч гэсэн хэлж ярьж байгаа зүйлийн ихэнх нь зөв байдаг” гэжээ.

Коллиер номдоо капитализмыг хямрал руу түлхэж байгаа гурван том тектоникийн хагарлыг дурджээ. Нэгд, Хэт шавааралдан томорч буй хот нэг талаас, нөгөө талаас нүүдэл суудалд өртөж эзгүйрч байгаа хөдөө, орон нутгийн хоорондох хагарал; Хоёрт, Хүмүүсийн коллежийн боловсрол эзэмшсэн хэсэг, ямар ч боловсрол эзэмшээгүй давхаргын хоорондын хагарал; Гуравт, Өндөр болон дунд орлоготой улс орнууд болон хөгжлөөс хоцрогдсон, төр засаг нь бүтэлгүйтэж байгаа улс орнуудын хоорондох хагарал гэж байна.

Капитализмын үндсэн асуудал “Яаж ёс суртахууны үнэлэмжийг системийн хөдөлгөгч хүч болгох вэ” гэдэг дээр очиж байгаа бололтой юм. Ингэхийн тулд яаж

  • хүмүүсийг ёс суртахуунтай болгох вэ,
  • яаж улс төрийг ёс суртахуунтай болгох вэ,
  • яаж хэвлэл мэдээллийг ёс суртахуунтай болгох вэ,
  • яаж төр, засгийг ёс суртахуунтай болгох вэ,
  • яаж компаниудыг ёс суртахуунтай болгох вэ,
  • яаж өрх гэрийг ёс суртахуунтай болгох вэ,
  • яаж олон улсын харилцааг ёс суртахуунтай болгох вэ

гээд түм түмэн салбар асуудал гарч байгаа.

Монголд тулгамдаж байгаа том асуудал нь зах зээлийн “үл үзэгдэх гар”-ыг “төрийн хүнд гар”-аас хэрхэн аврах вэ тухайд орших шиг харагдаж байгаа.

Монгол энэ том хэлэлцүүлгээс өөрийн арга замыг л олох шаардлагатай юм. Нэрлэх ёстой нэршлээс битгий зугтаа. Капитализмыг боловсронгуй болгох дэлхийн тэмцээнд Монгол оролцог гэж бодож зарим хүмүүсийн уур уцаарыг хөдөлгөсөн номынхоо нэрийг “Социализмаас капитализм руу” гэж зориуд томьёолсон юм.

Шүүмжил, бод, дайр.


Үр дүнд нь Монгол урагшлах л ёстой.

Ном дэлгүүрт дуусссан байна. Гэвч дижитал хэлбэрээр дараахь сайтаас авч үзэж болохоор юм байна.

https://www.mplus.mn/sotsializmaas-kapitalizm-ruu

Дарья Навальная хэлсэн үг

Европарламентын 2021 оны Сахаровын нэрэмжит шагналыг Оросын шоронд хоригдож байгаа Алексей Навальныйд олгосон билээ. Шагналыг охин нь гардаж авсан бөгөөд түүний хэлсэн үг олон хүмүүсийн анхаарал татаж байна.

Хэлсэн үг өргөн асуудлыг хөндсөн бөгөөд Та бүгдэд санаа болох буйзаа хэмээн утгачилсныг толилуулж байна. Алдаа мадаг байвал уучилна бизээ.

Сайн байцгаана уу, Маш их баярлалаа. Энэ бол үнэхээр итгэмгүй үйл явдал болж байна.

Би үгээ эхлэхээс өмнө нэг зүйл хэлмээр санагдлаа. Би аавынхаа өмнөөс энэ шагналыг авна гэдэгтээ үнэхээр их баярласан тэгсэн хэрнээ ихэд айсан. Би улс төрийг маруухан мэдэх 20 настай оюутны хувьд Та бүгдийн өмнө зогсож байгаагаа том нэр төрийн хэрэг гэж үзэж байгаа ч ямар нэг юм буруугаар эргэчихвий гэж санаа зовж байна.

Энэхүү том шагналыг миний аав-Алексей Навальныйд- гардуулах нь гэдгийг сонсоод би хоёр шалтгаанаар үхтлээ баярласан. Нэгдүгээр шалтгаан нь энэ бол түүний болон хамтран зүтгэгчдийн хийсэн болон хийж буй ажлыг өндрөөр үнэлсэн, гавьяа зүтгэлийг нь хүлээн зөвшөөрсөн, том нэр төрийн хэрэг байсан. Хамгийн гол нь Орос оронд сайн сайхныг хүссэн, түүний төлөө тэмцэж байгаа хэдэн арван сая Оросын иргэдэд дэмжлэг хайрласан дохио байсан.

Хоёрдахь шалтгааныг хэлэхэд жаахан барьц алдмаар л даа. Хм… миний аав Европарламентын шагнал авч, шагналаа аваад Европарламентын индэр дээрээс үгээ хэлэх ховорхон боломж түүнд тохиох байсан, гэвч ойлгомжтой шалтгаанаар аав маань ирж чадахгүй тиймээс хэн нэг нь Страсбург орох билет авах гэж гүйх хэрэгтэй болсон юм!

Миний хувийн болон манай гэр бүлийн зовлон бэрхшээлтэй харьцуулбал энд ирэх нь мэдээж гайхалтай  гэдгийг би сүүлд ойлгосон юм. Янз бүрийн арга хэмжээнд оролцож би аавынхаа нэрийн өмнөөс үг хэлдэг.  Заримдаа аавыг үе үе ямар нэг юмаар шагнаж л байдаг. Би түүнийг нь гардаж авдаг. Хэлэх зүгээ бэлддэг. Би үгээ заавал ямар нэг инээдтэй зүйлээс эхэлдэг л дээ. Аав шоронд. Би явдал дундаа ямархуу зэрлэг нөхцөлд хоригдож байгаа тухай ээлжит нийтлэл уншдаг. Өөрөөр яах ч билээ. Би яваад л үг хэлээд л. Тэрбээр шоронд суугаад л.

Энэ бүгд зөвхөн Алексей Навальный асуудал биш юм. Өнгөрсөн жилийн шагналтнууд болох Белоруссын сөрөг хүчин хаана байна вэ? Ихэнх нь шоронд. 2010 оны энхтайваны Нобелийн шагналт Лю Сяобо хаана байна вэ? Шоронд нас барсан.

Би асуумаар байна. Хүний эрхийг хамгаалан тэмцэгчдийг яагаад суллаж авахад тэгтлээ хэцүү байгаа юм бэ? Яагаад тийм хүмүүсийг бүх дэлхийгээр шоронд хийсэн хэвээр байгаа юм бэ,тэр ч байтугай 21 дүгээр зууны Европт, газар зүйн хувьд Европт хамаарах орнуудад яагаад энэ үзэгдэл гарсаар байгаа юм бэ?

Европ бол агуу, бас хүчтэй. Европын оршин суугчдын хүсэл эрмэлзэл Европарламентын шийдвэр болж байдаг. Тийм учрааас шийдвэр нь оновчтой, зөв, шударга байдаг. Түүнийг нь АНУ, Их Британи, бас  Австрали, Шинэ Зеланд болон бүх чөлөөт ертөнц дэмжиж байдаг.

Гэвч миний аавтай адил олон хүн шоронд суусаар, хойноос нь хамтран зүтгэгчдийг нь хорьсоор байгаа.

Би нэг хариулт байнга сонсдог. Одоо ч энэ танхимд дахин сонсох байх.

“Даша минь дээ” “Бид чиний эмоцийг ойлгож байна. Танай гэрийнхэнд  хэцүү ч өнөөгийн ертөнцөд бид прагматик ажиллах хэрэгтэй байна” гэдгийм.

Би толгой дохиод “за за тэгэлгүй яахав” гээд хэлдэг. Юу ярихэв дээ. 20 настай оюутан туршлагатай, хариуцлагатай прагматик хүмүүстэй маргаан дэгдээх эвгүй юм.

Надад микрофон олдсон дээр нь, хэн ч надаас булааж авахгүйг мэдэж байгаа ч, хэн нэгтэй хувийн маргаан дэгдээхгүйгээр, надад тааламжгүй байгаа хэдий ч би прагматизмын эсрэг үгээ хэлмээр байна. Эцсийн эцэст энэ шагнал Сахаровын нэрэмжит, Сахаров бол энэ дэлхийн хамгийн прагматик бус хүн байсан байхаа.

Дарангуйлагч нартай прагматик харилцаатай байх хэрэгтэй гэж ярьдаг хүмүүс түүхийн сурах бичгийг нээж хардаггүйг би ойлгохгүй байна. Сурах бичгийг нээх нь прагматик алхам. Хэрвээ энэ үйлдлийг хийвээс нэг хөдлөшгүй зүй тогтлыг амархан харж болно. Тэр нь Дарангуйлагчид болон  Тиранууд хэзээ ч тайвширна гэж байхгүй.

Эрх мэдэлтэй үхэн хатан  зууралдсан ээлжит  ухаангүй нэг нь хэн нэгний буулт хийж тохирох саналын өөдөөс ухаалаг хариу үйлдэл хийнэ гэж өөрсдийгөө хуурах хэрэггүй. Тийм юм хэзээ ч болохгүй. Авторитар засаглалын мөн чанар нь хүслээ өндөрсгөх, түрэмгийллээ өсгөх, шинэ шинэ дайсныг хайх явдал байдаг

Жагсагчдыг зодож, шоронд хийж байх үед “Лукашенког түлхээд хэрэггүй, яриа хэлэлцээ үргэлжлүүлье” гэж ярьж байсан хүмүүс дарангуйлагчийг  хүссэн хүнээ барьж авахын тулд онгоц хулгайлах хэмжээнд хүргэсэн.

Зардал, эдийн засгийн хохирлыг анхааралдаа авах ёстой гэж уриалдаг прагматик хүмүүсийн тухай бас нэг юм хэлье. Гартаа калькулятор барьж байгаад прагматизм Европын татвар төлөгчдөд ямар үнэтэй тусч байгааг тооцоод үзээрэй

Путинтэй муур хулгана болж тоглосон он жилүүд түүнийг дайн өдөөх хэмжээнд хүргээд байна.

Украинтай хийх дайн Европт ямар үнэтэй тусах бол?

Сөрөг хүчний нэгэн удирдагч Борис Немцовыг Кремлийн ойролцоо нуруунд нь буудаж алсан . Тэр дороо нэгэн прагматик хүн гарч ирээд гараа дэлгээд “ бид юу хийж чадах билээ. Чангахан үгээр эсэргүүцлээ илэрхийлье, цаашдаа хэлцэл хийе” гэж билээ. Дараа нь хоёр дахь, гуравдахь хүнийг алсан. Дөрөвдэхийг нь Берлины төвд. Тав дахь нь Их Британид. Дараа нь хаа нэгтээ Европт зэвсгийн агуулах дэлбэлсэн.  Дараа нь химийн зэвсэгээр хордуулсан. Миний ээжийг бараг алан алдсан. Аавыг минь бараг алсан.

Та бүгд цагдаагийн төсвөө нэмж байгаа. Шинэ шинэ хорт бодис илрүүлэх арга хэмжээнд мөнгө зарж байна. Энэ бүгд прагматизмын үр дагавар юм.

Европын хил дээр цагаачдыг зөөж авчираад хямралыг өдөөж байна. Польш, Литва, ЕХ-д ямар эдийн засгийн хохирол авчирч байгааг прагматикууд хэлэх биз.

Диктаторыг уурлуулахгүй байх, болж өгвөл тайван байлгах, хийж буй гэмт хэргийг нь аль болох анзаарахгүй мэт явах нь прагматик бус хандлага юм. Прагматизм хэмээх лозунгын цаана увайгүй үзэл, хоёр нүүр, коррупци нуугдаж байгааг шулуухан хэлэх цаг боллоо.

Би аавдаа “ Европарламентад намайг юу хэлээсэй гэж хүсэж байна?” гэж бичсэн юм. Тэрбээр хариулахдаа “Орос орон, Путины дэглэмийн  хооронд тэнцэтгэлийн тэмдэг тавьж хэн ч бүү зүрхлээсэй гэж хэлээрэй. Орос бол Европын хэсэг, бид түүний хэсэг байхыг эрмэлзэж байна. Европ ч өөрийнхөө үндэс болсон зарчим руугаа тэмүүлээсэй. Бид үзэл санаа, хүний эрх мандсан, ардчилал болон эрхэмсэг орших Европ руу тэмүүлж байна. Бидэнд оросын олигархиудын усан онгоцоор зугаалсан, Путины төрийн компаниудын захирлын зөвлөлд ажиллахыг мөрөөдсөн сайд, дарга нарын Европ огтоос хэрэггүй” гэж бичсэн.

Өнөөдөр би энэ тайзнаа аавынхаа өмнөөс энэ шагналыг гардан авахдаа Та бүгдэд, та бүгдээр дамжуулан үзэл санаа, зарчимдаа үнэнч Европт талархаж байна. Европын Холбоо бол тоолж баршгүй дайн тулаанд бие биентэйгээ алалцаж байсан ард түмэн, улс орнуудын байгуулсан гайхамшиг билээ. Хэзээ нэгэн цагт Орос нэг хэсэг нь болно гэдэгт итгэж байна.

Энд хэн Европарламентийн гишүүн, хэн оюутан гэдгээс үл хамааран бидэнд том хариуцлага ногдож байна. Дэлхийн цаг агаарын өөрчлөлтөөс эхлээд , ардчилал амьдрах чадвартайг харуулах эсэх асуудал  бол бидний шийдлээс хамаарна.

Энэ шагналыг миний эх орон нэгт агуу хүний нэрэмжит болгосон байдаг. Түүний хэлсэн үгээр хэлэх үгээ өндөрлөе. Тэрбээр  “Худлаа даруу харагдах гэсэндээ биш, илүү зөв байх хүсэлдээ хөтлөгдөөд хэлэхэд миний хувь тавилан хувь хүн надаас том байлаа. Би зөвхөн хувь тавиландаа эзэн байх гэж хичээж байсан” гэж хэлсэн.

Би хүн бүрт хувь тавиландаа эзэн байх эрч хүчийг  ерөөж байна.

Алексей Навальныйг сулла

“Эзэнт гүрний бяцхан туслах”

Монгол судлал миний сонирхдог сэдэв боловч энэ талаар өөртөө цаг гаргаж чадахгүй уджээ. Ковид хэмээх зовлонт сэдвээс түр холдох санаатай  жаал зугаа юм түүвэрлэн унших гэсэн боловч Яалт ч үгүй пандемик хэмээх сэдвээр дамжаад манай их түүхэнд холбогдох “Empire’s Little Helper” гэсэн өгүүлэлтэй таарчихлаа. Түүнийг бичигч нь Елийн Их сургуулийн профессор PETER C. PERDUE юм. Тэрбээр “Төв Евроазийг Манж эзэлсэн нь” нэртэй номын зохиогч бөлгөө.

Түүний бичсэн өгүүлэлэл бэсрэгхэн ч агуулга том тул утга хөөж буулгаснаа Та бүгдэд толилуулья.

Empire’s Little Helper

Эзэнт гүрэн том, микроб жижигхэн. Гэвч хоёулаа түүхийг бүтээж хүн болон газар нутгийг эзэлж, үхэл хагацал, өвчин зовлонг тарьж ирсэн байдаг.

Ром, Британи, Монголчуудын аян дайнаас  өмнө вирус, бактери, микробууд шинэ газар нутаг, хүн ардыг эзэлж байлаа.  Нутгийн иргэд дунд өвчин тарж тэд  их хэмжээгээр нас барж туйлдан доройтож байсан байдаг. Өвчинд “дархлаа”-гүй нь  үхэж үрэгдэж байсан нь шинэ эздэд шинэ дэг журам алба гувчуур тогтооход нь тусалж байсан биз.

Өвчин зовлон болон эзэнт гүрэн хамт л хөл нийлүүлэн алхаж байсан байдаг.  Энэ талаарх түүхэн баримтууд их байдаг аж.

17 дугаар зуун хүртэл Төв Ази болон Хятадад цагаан цэцэг өвчин маш их байсан байна. Манжууд энэ талаарх мэдлэг өндөр байсан бөгөөд өөрийн холбоотон монголчуудыг урьж уулзахдаа Бээжинд биш Манжуур дахь зуны ордонд уулзаж. Хэрэндээ зай барих ёс журамтай байсан байна.

Түвдүүд, монголчууд энэ өвчний эсрэг дархлаагүй байлаа. Түвдийн Далай лам мөн энэ өвчний талаар мэдлэгтэй байсан тул Бээжинд очсон лам нарыг сүм хийддээ тусгаарладаг байсан гэнэ.

Манж гүрний эсрэг тэмцэгч Амарсанаа 1757 онд өвчний улмаас нас барсан бөгөөд нэгэн түүхчийн тэмдэглэснээр түүний харьяат ардуудын 40 хувь нь цагаан цэцэг өвчнөөр нас баржээ. Энэ нь дайн тулаанд алдсан хүний тооноос нь их аж. Газар нутаг нь эзгүйрсэн нь манж хятадууд  тэнд орж ирэх бололцоог бий болгож байж дээ.

Европд үхэл тарьсан Хар тахал 18 дугаар зуун хүртэл Хятад Бирмийн хил орчмын уулархаг нутагт их байсан байна.

1910 онд Манж улсад халдварт өвчин дэгдэхэд Малайз гаралтай Wu Lienteh гэгч эмч даавуун маск анх удаа зүүхийг санал болгож байсан байдаг. Хожмоо ДЭМБ үүнийг хөгжүүлжээ.

Нян бактеритай холбоотой мэдлэг хүний амь насыг аврахад ч,  эзэнт гүрнийг бэхжүүлэхэд ч хэрэглэгдэж байсан байна. Түүхээс харахад зарим орон пандемикийг эрх баригчдын ноёлох байр суурийг бэхжүүлэхэд ашиглаж байсан бол зарим нь өөр хоорондоо хамтарч ажиллах нөхцөл гэж үзэж байж.

Түүх давтагддаг л юм байна.

Co-operative Governance буюу Хамтын ажиллагаатай Засаглал руу …

Цэцэгмаагийн БААСАНСҮРЭН

Улс төр хэмээх халуун сэдвээр ярилцлага хийж нийтэлсэн Өдрийн сонинд талархаж байнаа

Энхсайхан


-Шоронгоос суллагдсанаас чинь хойш анх удаа нүүр тулж ярилцаж суугаагийнх нэг асуултыг онцолж сонирхмоор байна. Манайд авторитар дэглэм, дарангуйлал тогтчихлоо гэсэн шүүмжлэлтэй та санал нийлэх үү?

-Популизм хавтгайрахаар нийгэм өөдрөг сэтгэлээ гээдэг. Бүгд гутранги болчихдог. Өөрийн чинь Р.Амаржаргалтай хийсэн ярилцлагыг харахад тэр чигээрээ гутранги үзэл мэдрэгдсэн. Тэр бол нийгмийн толь. Хоёулаа ингээд ярилцаад сууж байгаа нь нийгэмд гэрэл авчрах гэж оролдож яваагийн л нэг илрэл. Тийм учраас өөдрөг үзэл дээр тулгуурлаж ярих ёстой байх. Манайд авторитар дэглэм, дарангуйлал тогтчихов уу гэдэг асуултад би “Ардчилсан нийгэм хэвээрээ байгаа” гэж хариулна. Янз бүрийн зовлон, ухралт байгаа ч гэсэн ардчилал бий. Тэр ухралтууд хүмүүсийн араншингаас болж л үүссэн. Ардчилсан орон гэж нэрлэгдэх нэг том шинж нь Үндсэн хуулиараа төрийн эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэлд заагласан явдал.

-Өөдрөг хариулт байна. Гэхдээ талбай дээр үзлээ илэрхийлээд жагсахаар л барьж хорьчихоод байна шүү дээ?

-Ардчилсан тогтолцоо өөрийгөө хамгаалахын тулд өөрийнхөө институцийг бий болгодог. Тэр институци нь Монголын Үндсэн хуулин дахь төрийн эрх мэдэл. Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг гурав хуваасан. Шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдэл гэж. Энэ гурван эрх харилцан тэнцвэртэйгээр биенээ хянаж ажилладаг байх ёстой. Харамсалтай нь ийм үүрэгтэй гурван эрх хэцүүхэн байдалд орсон. Төрийн салаа мөчир болгон хоорондоо тэмцэлдэгч болчихсон. Засаг нь Их хуралтайгаа, Их хурал нь Ерөнхийлөгчтэйгөө тэмцэлдэх болсон. Тэгж тэмцэлдэх явцдаа шинэ үеэ бэлдээгүй. Бэлдээгүй учраас асуудал үүссэн.

-Шинэ үеэ бэлдээгүй гэдэг нь… Ардчилал, засаглалын тухай нарийн ойлголтгүй олонхыг хэлээд байна уу, та?

-Ер нь тийм. Монголд ардчилал анх хийгдэхдээ сэхээтний хувьсгал хэлбэртэй дээрээсээ доош чиглэсэн хөдөлгөөн байсан.

Хойч үеэ ардчиллын үнэлэмжээр бэлдэх ажлаа орхигдуулж ирснээс дээрээс хийсэн хувьсгал шинэ залуу үетэйгээ залгагдахдаа илүү мөнгө, албан тушаал шүтдэг тогтолцоо руу гулгажээ гэж харж байгаа. АН нэг намын засаглалыг легитим байлгахаас хэтрэхээ больчихсон нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн. Энэ бол түүхээ сулхан мэдэж байгаа болон шинэ цаг үе хэрхэн бий болсон тал дээр анализ хийж, гарах гарцаа олохгүй яваатай холбоотой. Популизм бол ардчиллын бүтээгдэхүүн, популист төр байгаа бол тэр нь ардчилал гэхээс өөр замгүй. Ийм хөрсөн дээр эрх мэдэл булаацалдаж байгаа талуудын зөрчилдөөн улс төрийн эрхийн булаацалдаан болчихож байгаа юм. Сая болоод өнгөрсөн бяцхан хэлмэгдүүлэлт цаанаа ийм шалтгаантай.

-Бяцхан гэж хэлэхэд хэцүү л дээ…?

-Жил гаруй хориход суусан гээд бодоход бяцхан гэж хэлэхэд хэцүү байх л даа. Ганц би ч биш, их олон хүн бүтэн жилээр суусан. Энэ хэлмэгдүүлэлтийг том өнцгөөр харвал шүүх эрх мэдэл Их хурал, Засгийн газрын шийдвэрийг шүүдэг болсонтой холбоотой. Улс төрийн эрх мэдлийг шүүх авчихсан юм. Үнэн хэрэгтээ шүүх яг авсан уу, эсвэл шүүхэд ингэж тэгж болохгүй гэсэн цочрол өгөөд байсан уу гэдэг нь эргэлзээтэй.

-Экс Ерөнхийлөгчөөс шүүхэд үзүүлсэн дарамт шахаа гэж харах ёстой байх. Шүүх эрх мэдлийн энэ гажуудал одоо ямар байна. Энэхүү гажуудал засрах зүгтээ орох нь уу, эсвэл дахиад ч илүү том эрсдэл биднийг угтаж байна уу?

-Яг одоо гээд харвал өөрийн чинь асуусан гажуудал амьд байгаа. Гэхдээ одоо өөр өнгө анзаарагдаж байна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч, МАН засаглаж буй энэ үедээ шүүх эрх мэдлийг хууль дээдэлдэг байлгах зарчим руу нь түлхэж өгч байна. Мэдээж зүдэргээтэй. Нэг өдөр хийчих ажил биш. Гэхдээ хийж явааг нь харах юм бол Монголын нийгэм ардчилсан хэвээрээ байна. Дундаа ухрал, бэрхшээл амсаад яваа гэж хэлмээр байна. Дахиад онцлоход, төрийн эрх мэдлийг гурав хуваасан нь дарангуйллаас хамгаалах хамгийн шилдэг зохион байгуулалт. Том зургаар нь харвал, дэлхийн хамгийн шилдэг зохион байгуулалт. Харин төрийн эрх мэдлүүдийн хооронд харилцан ойлголт, хяналт тэнцвэрийг хангаж чадаж байна уу гэдэг нь асуудал болчихоод байна. Төр өөрөө нэгдмэл байгаад, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлүүд нэгдмэл стратегитай, түүнийгээ хэрэгжүүлэхдээ бие биенийхээ үйл ажиллагаанд хутгалдахгүй байх явдал их чухал. Дахиад хэлэхэд, Монгол дахь ардчиллын ухралт бол дээрх эрх мэдлүүдийг хэрэгжүүлэхдээ тэнцвэр хадгалаагүйтэй холбоотой. Ойрмогхон хэсэг хугацаанд шүүх эрх мэдлийн байгууллагууд эрхээ хэтрүүлж УИХ, Засгийн газрын онцгой бүрэн эрхэд халдаж, ганц нэг хүний заавраар хэлмэгдүүлэлт зохион байгуулж, тэр ч байтугай УИХ, Засгийн газрын явуулж байсан бодлогыг буруутган улс төрийн эрхтэй мэт аашилсан нь бол ардчиллын ухралт. Эрх баригч МАНэнэ бодлогоос татгалзахаа янз бүрийн хэлбэрээр илэрхийлж ирсэн, тэр хандлага нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөтөлбөрт тусгалаа олсныг бас хэлэх хэрэгтэй.

– Эрх мэдлийг гурав хувааснаар нийгэмд үүсэх сөрөг үзэгдлүүд гэж бас бий байх…?

– Эрх мэдлийг гурав хуваачихаар нийгэмд болдог сөрөг үзэгдэл гэж бий. Энэ гурвыгаа дагаад нийгэм задралд ордог. Шүүх эрх мэдлийнхэн буруу ажиллачихаар тэр хавьд нэг өөр орчин бүрдэнэ. Үүнээс гадна гэр бүлсэг байдал үүсээд эхэлдэг. Төрийн эрх мэдэл нийгмийг задралд оруулахаас гадна шашны задрал, намуудын задрал гэх мэт бэрхшээл үүсгэдэг. Тодруулж хэлбэл, эрх мэдэл хуваасан нь оюун санаа олонлог болоход нөлөөлж эв дүйгээ олохгүй байх явдлыг өдөөдөг. Монголд өнөөдөр коммунист, фашист, социалист, либерал, оппортунизм, популизм гээд зүсэн зүйлийн үзэл чөлөөтэй яригдаж байна. Дээр нь оюун санаагаа нэгтгэхийн оронд эрх мэдэл, албан тушаалд улайрсан хүмүүсээр улс төрийн намууд дүүрсэн.

Нийгэмд юу болж байна вэ гэдэгт анализ хийх хүчин мөхөсөөс бие биенээ харлуулахаас өөрийг хийж чадахгүй байдалтай яваа нь бодитой үнэн. Энэ бүхэн ардчиллаас ухрах нөхцөлийг бүрдүүлж байгаа том шалтгаан болоод байгаа юм. Бүр онцолж яривал оюун санааны ихээхэн задрал явагдсан. Мөнгийг шашин мэт шүтэж Монголын эдийн засаг гэх нэгэн бялууг тал талаас нь хэмлэх том дайн явагдаж байна. Оюун санааны агуу задралтай нийгэм харанхуй харагдахаас гадна төр энэ харанхуйд тэмтчихээс өөр аргагүй. Тэр нь төрийг сул дорой харагдуулах нөхцөл болдог. Ийм задралаар нийгэм нэг хэсэг явж болно. Гэхдээ удаан явбал болохоо байна.

-Задрал хэсэг яваад болохоо байсан цаг үе нь одоо мөн үү?

-Мөн. Нэгтгэх гэсэн ажлыг хүчээр хийх гэж оролдсон л доо.

-Яаж?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ямар ч хамаагүй асуудлыг хэлэлцдэг болсон. Тэнд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн удирдлагаас гадна Ерөнхийлөгч бий. Манайд төрийн гурван толгой гэдэг. Яг үнэн хэрэгтээ зөв томьёоллоор явбал шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх гэсэн гурван эрх мэдлийн тэргүүн нь төрийн гурван толгой л доо. Ингээд харахаар төрийн гурван толгойны нэг нь Дээд шүүхийн дарга байх ёстой. Гэтэл тэрийгээ үргэлж “паасалдаг”. Тэр үйлдэл нь нөгөө талд мэдрэгдэж байгаа шүү дээ. Ингээд нөгөөдүүл улс төрийн эрх булаацалдаж эхэлж байгаа юм. Нэгтгэх гэсэн оролдлого нь ҮАБЗ дээр асуудлыг аваачихаар илэрсэн. Ямар л бол ямар асуудлыг хэлэлцдэг болсон.

-Сав л хийвэл ҮАБЗ-өөр асуудлыг хэлэлцдэг болсон хандлага хэзээнээс эхлэлтэй вэ?

-Өмнөх Ерөнхийлөгчийн үеэс эхэлсэн.

-Энэ Ерөнхийлөгчийн үед ямархуу байна?

-Харьцангуй гайгүй байх шиг байна. Юуг үндэсний аюулгүй байдал гэх вэ гэдгийг ойлгох ёстой. Аюулгүй байдалжих гэсэн ойлголт байдаг. Хүмүүний нийгэмд асуудлыг энгийн ба иргэд хоорондын, улстөржсөн буюу заавал төрийн оролцоотойгоор хэрэгжүүлдэг, аюулгүй байдалжсан асуудал гэж гурав ангилдаг. Асуудал аюулгүй байдалжина гэдэг нь ерөөсөө л улстөрийн хэт улстөржилт. Хэт улстөржилт ардчилсан зарчмыг гишгэх гэж оролдоод байдаг. Бүгдийг аюулгүй байдал гэдгээр айлган дарамтлах гээд, заавал шийд гэж зааварлах гэж улайраад эхэлдэг. Социалист орнуудын туулсан зам л даа. Аюулгүй байдал гээд хэт улстөржүүлж, дайсны аюул юм шиг ойлгуулаад ирэхээр Аюулаас хамгаалах яам байгуулагддаг юм. Аюулаас хамгаалах яам байгуулагдахаар хэлмэгдүүлэлтийг хийгээд өгдөг. Улс төрийн сөрөг хүчнийг дараад өгдөг. Түүн дээр параной удирдагч нэмэгдчихвэл бүр балардаг.

-Таныг, өөр бусад улстөрчдийг хэлмэгдүүлж хорьсон өнгөрсөн зурвас хугацаанд ийм үзэгдэл болоод өнгөрчихлөө, тийм ээ?

-Богино хугацаанд иймэрхүү байдал үүссэн. Эргээд бурангуй нийгэм рүү уначихгүй байхын тулд асуудал бүрийг улстөржүүлдэг, бүр хэт улстөржүүлж аюулгүй байдалчлах нь зөв биш. ҮАБЗ дээр бүх асуудал яригддаг болчихвол УИХ, Засгийн газар нэр төдий Шүүх эрх мэдэл параной удирдагчтайгаа нийлээд хэлмэгдүүлэх болно.

-Одоо тэр аюул багассан гэж бодох гэхээр эргэлзэх сэтгэл давамгайлаад байх юм?

-Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш болж байгаа үзэгдлийг би өөдрөгөөр харж байна. Буруу явж байсан үзэгдлээс татгалзсан. Ингэснээрээ ардчиллыг аварч байгаа. Үүнд онцгой гавьяа байгуулсан хүн гэвэл би зориуд У.Хүрэлсүхийг, С.Эрдэнийг нэрлэмээр байна. Энэ хүмүүс, МАН болон АН, ардчилалд том гавьяа байгуулсан. Харин цаашдын өрнөл хэрхэн явагдах вэ гэдэг нь улстөрчдийн авираас хамаарахаар байна.

-Одоо тэгээд бид яах ёстой вэ, та тодорхой гарц санал болгооч?

-Co-operative Governance буюу хамтын ажиллагаатай засаглал руу алхах хэрэгтэй. УИХ, Засгийн газар, Ерөнхий сайд, шүүх эрх мэдэл нь томроод байхгүй, хувийн хэвшлийнхэн томроод суухгүй нэгдмэл ажиллахыг л хамтын ажиллагаатай засаглал гээд байгаа юм. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хурал боллоо гэж төсөөлье. Хувийн хэвшлийг төрийн засаглалд оруулж байгаа л хэлбэр. Хамтарч засаглая гэсэн үг. Гэтэл үүнийг манайхан хамтарч засаглая гэж уншиж чаддаггүй.

-Төр нь хувийн хэвшлээ командлах л гэж харагдаад байдаг даа, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэх мэт агуулгатай мэдээ сэлтийг уншихаар…?

-Би уг нь нэг удаа төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэхгүй, хувийн хэвшил, төрийн хамтын ажиллагаа гэчихвэл бидний толгойд их том өөрчлөлт гарна гэж хэлж байсан удаатай. Хамтын ажиллагаатай засаглалын замыг бусад улс орнууд аль хэдийнэ туулаад өнөөг хүрсэн. Бид араас нь л мөлхөж байна. Төрийн салаа мөчир болгоныг нэгдмэл бодлоготой болгохын тулд төрийн тэргүүн нь бодлогын асуудлаар нийт ард түмэнд хандаж үг хэлдэг (АНУ, Европ, Хятадын жишгэээр) тодорхой боловсруулалт шаардагдах хугацааны дараа Засгийн газар нь хийж ажлаа зарладаг, төрийн эрх мэдлийн төлөөллүүд үндэсний болон орон нутгийн түвшинд байнга уулзалдаж бодлогоо ойлголцдог, төрийн бодлогын нэгдмэл чанарт Ерөнхийлөгчийн зөвлөхийн танхим судалгаа шинжилгээтэйгээр ажилладаг бусад орнуудын туршлагыг авч хэрэгжүүлмээр байгаа юм. Өмнөд Африк төрийн эрх мэдлүүд өөр хоорондоо мэдээлэл солилцож бие биенээ дэмжих үүргийг хүртэл Үндсэн хуулиндаа заалт болгон 1996 онд оруулсан байдаг. Бидэнд тулгарч буй асуудлыг 25 жилийн өмнө шийдэж байжээ гэж бодохоор бидэнд хийх ажил их байна аа.

-Нэг намын засаглал тогтчихлоо, энэ тийм сайн хандлага биш гэсэн байр суурийн тухайд та юу хэлэх вэ?

-Монголд нэг намын засаглал тогтсон нь зүй тогтолт үйл явц. МАН-ыг алдаа оноогоо засаад явж чаддаг институци тогтолцоо гэж харж байна.

-АН-ын хувьд юунд анхаарах хэрэгтэй гэж та харж байна вэ?

-АН-ын хувьд шинэ нөхцөлд эхлээд институци тогтолцоо болж өөрөө өөрсөдтэйгөө илүү их ажиллах шаардлагатай гэж харж байна. МАН, АН хэрхэн дотоод ардчилалтай институци тогтолцоо болж төлөвшихөөс Монголын улс төр, ардчиллын ирээдүй хамаарч байгаа. Эцэст нь давтаад хэлэхэд, улсаараа хамтын ажиллагаатай засаглал руу л алхах хэрэгтэй. Шүүх эрх мэдлийн зовлонг хууль тогтоогчид, гүйцэтгэх эрх мэдэлтнүүд нь мэдэж байдаг хамтын ажиллагаа их чухал. Хамтын ажиллагаагаа явуулахдаа ардчилсан зарчим дээр үргэлжлүүлэхээс өөр зам байхгүй. Өөр муу арга замаар явна гэвэл богинохон настай. Үүнээс гадна хор хохирол нь асар их. Сая тийм зам руу уначихаагүй нь яамай даа гэж бодож байна. Монголд хангалттай сэхээтэн бий. Юм уншдаг улс олон байгаа. Харамсалтай нь бүгд дуугарахаа больчихоод байна л даа. Хоёулангийнх нь өнөөдөр ярьсан шиг гарц яриад эхэлбэл тэд дуугарч эхлэх байх. Жаахан халиад хэлэхэд, одоо шүүмжлүүлээд байгаа эрх мэдэлтнүүд цугаараа шинэ үеийн төлөөлөл. Ардчиллыг дээрээс нь хийж байсан улс шинэ үеэ бэлдээгүй учраас шүүмжлүүлээд яваа хэрэг. Шинэ үеийнхэн гарч ирээд чадах хэрээрээ л ажиллаж байгаа нь энэ. Ингэж томоор нь харвал ардчилал хэвээрээ л байж байна.

-Баруун, зүүн гээд талцаад байгаа анзаарагддаг. АН барууных хэрнээ зүүний юм ярилаа, МАН зүүнийх хэрнээ ийм байр суурь барьдаг нь ямар учиртай юм гэх мэт маргаан их дуулддаг. Энэ хэр зөв талцал юм бол оо?

-Баруун, зүүн гэж талцах шаардлага байхгүй. Баруун, зүүн гэж талцах хэрээр хагаралдах шалтгаан болно. Ямар ч нийгэм урагшаа явахын тулд эрх чөлөө хэрэгтэй. Эрх чөлөөний үзлийг баримтлахыг анх, дээр үед либерал үзэл гэж ярьж байсан юм. Цаг өнгөрөх хэрээр тэр нь гуйвсаар танигдахаа больж либерал гэдэг нь эрх чөлөөний үзэл шиг сонсогдохоо больчихсон. Тэгэнгүүт улстөрчид шинэ юм сэдэж, либертари үзэл гэсэн тодотгол гаргаж ирсэн хэрэг. Эрх чөлөө рүүгээ л зүтгээд яваа гэсэн үг.

-Ардчилал үгүй болохгүй, авторитар дэглэм рүү гулсчихгүй гэсэн өөдрөг мессэж өгсөн ярилцлага боллоо. Ардчилал ямар ч эргэлзээгүйгээр оршин тогтноно гэсэн хамгийн том шалтгааныг хэлээч гэвэл та юуг онцлох вэ?

-Түүхээ харсан ч тэр “Яагаад ардчиллыг сонгох ёстой вэ” гэдэг асуултад угаасаа өөдрөг хариу гарна. Монголчууд нүүдэлчид. Нүүдэлчид бие дааж ахуй амьдралаа аваад явчихдаг хүмүүс. Уламжлалаа харсан ч тэр хаанаа сонгочихдог байсан ард түмэн. Хаад ноёдын ардчиллыг олон түмний ардчилал болгоод хувиргачихсан улс. Иргэншлийнх нь хувьд харвал, нүүдэлчин иргэншилд ардчилал л зохино. Түүнээс биш Европ, Орос, Хятад гэх мэт улсынх шиг хаант сэтгэлгээ зохихгүй.

Борогшуу нийгэм, Зомби компани..

Ж. НЯМСҮРЭН
Ж. Нямсүрэн

Ярилцлага хийж түмэнд түгээсэн news.mn сайтад талархаж байнаа.

Амжилт хүсье.

М.Энхсайхан


-Жил гаруйн дараа тантай ярилцаж суух таатай байна. Ингэхэд гэр зуураа л байна уу?

-Гэр зуур гэх үү дээ. Ямар ч байсан нарснаас наранд гарч ирсэн чинь дэлхий ертөнц орвонгоороо эргэлдчихэж. Хямралтай монголчууд нүүр тулж байна. Хэдий хүртэл үргэлжлэхийг таашгүй. 5-10 жилийн асуудал гэж уншлаа. Яах вэ, би яаж Монголдоо тус нэмэр болох вэ гээд элдэв судалгааны материал уншиж, өөрийгөө л зовоож явна.

-Таны хүссэнээр зөвхөн төслийн эдийн засаг тойрон ярилцъя. Яагаад гэвэл Монголын хөгжлийн гарц нь мөрөөдлийн биш төслийн эдийн засаг болчхоод байна л даа?

-Тэгье, тэгье.

-“Төслийн эдийн засаг” сэдэвт олон улсын хуралд тавьсан лекцийг тань сонссон. Та “Бялуугаа томруулъя” гэсэн байна лээ. Тэгээд бидэнд бялуугаа томруулах боломж байна уу. Цаг сайхан үед томруулж чадаагүй бялууг цар тахлын үед томруулна гэхээр итгэл төрөхгүй л байна, үнэндээ?

-Санамсаргүй байтал ийм нэртэй хуралд онцлох илтгэгчээр оролцох урилга ирсэн. Үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж үзье гээд хэд гурван санаа эвлүүлэх аядаж “Төсөл хэрэгжүүлж, бялуугаа томруулъя” гэсэн илтгэл тавьсан юм. Хүмүүс гайгүй л хүлээж авах шиг болсон. Гол санаа нь төслийн эдийн засгийг ойлгуулах юмсан гэж бодсон. Ямар ч том бодлого байлаа гээд хар аяндаа үйл хэрэг болно гэж байдаггүй. Бодлого төсөл боловсруулж байж хэрэгжинэ. Манай ДНБ-д төслийн эдийн засгийн хувь хэмжээ өсвөл эдийн засаг гэх бие организм улам л эрүүл болдог. Хүнээр төсөөлбөл хүч тамир муутайхан хүнээс эрүүл чийрэг хүн болох тухай юм. Төсөл боловсруулж хэрэгжүүлэхийг хүүхдэд хар багаас нь зааж сургах нь тухайн нийгэмд их үр дүнтэй гэдэг юм билээ. Нэгэн судлаач “Хэрвээ энэ дэлхийд хэзээ нэгэн цагт ядуурал уствал тэр нь төсөл хэрэгжүүлсний үр дүн байх болно” гэж хэлсэн байдаг. Сэтгэлд хүрэм сайхан хэлсэн байна лээ. Энэ тухай л цухас ярьсан.

-Монголд маш олон төсөл цаасан дээрээ, мөрөөдөл төдий үлддэг. Хайран мөнгө, цаг хугацаа, яриа хөөрөө болоод хоцордгийг та юу эс андах билээ?

-Миний бодоход юуг мөрөөдөл, юуг бодлого, юуг хөтөлбөр, юуг төсөл гэдгээ манайхан ялгаж салгаж ойлгохгүй явж ирсэн. Тиймдээ ч мөнгө, цаг хугацаа, хамаг хүчээ үр дүн муутай тарамдаж хаях явдал гардаг. Төсөлд тавигдах шаардлага олон байдаг. Санхүүгээ яаж босгох вэ, боловсон хүчний нөөц байгаа бил үү, технологи нь орчин үедээ таарч байгаа юу, тоног төхөөрөмжөө хаанаас авах вэ, банкууд төсөл санхүүжүүлэх нөхцөлүүд хангагдсан уу гээд үй түмэн асуудал бий. Тэр бүгдийг тооцоогүй бол төсөл хоосон мөрөөдөл болно. Гашуун ч гэсэн манайхан туршлага хуримтлуулж байгаа гэж бодож байна.

-Тэгвэл яг үүнийг л ажил хэрэг болгочихоосой, бүтчихээсэй гэх ямар төсөл байна?

-Том төслүүдийн тухайд хөрөнгө оруулагч, банкуудыг татах хэмжээний стандарт хангачихсан гэх төсөл харагдахгүй байгаа. Хөрөнгөө яаж босгохоо мэдэхгүй мөрөөдлүүд байгаа, байгаа. Жишээ нь, Богд уул тойруулаад төмөр зам барина гэнэ. УБТЗ-ын магистраль шугамд эхлэл, төгсгөл нь залгагдсан төмөр зам бизнес утгатай байж чадахгүй. Оросын тал ч энэ талаар дургүйцлээ илэрхийлсэн харагдсан. Тэгээд ч 10-20 км туннель ухна гэж байгаа бол бүр ч бүтэхгүй. Ер нь бол дэд бүтэц тээвэрлэлтийг нэмэх тийм шинэ, шинэ төслүүдийг бодож олж боловсруулах хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөдөр юу ч хийсэн түүнийгээ урагш, хойш хоёр том зах зээлд гаргах бололцоогүй хавчигдаж, эдийн засаг тэлж болох хязгаартаа тулчихаад байна.

-Дэд бүтэц тээвэрлэлтийг шийдэх шинэ төсөл гэснээс Ерөнхийлөгч “Транзит Монгол” болно гэлээ. Энэ төсөл бүтэх магадлал хэр өндөр бол?

-Миний мэдэхийн Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүх “Транзит Монгол” бодлогыг ойрмогхон хоёр том арга хэмжээнд зарласан. Нэг нь Владивостокт болдог Дорнын эдийн засгийн форум дээр, удаах нь НҮБ-ын индрээс Монгол “Транзит Монгол” болохыг зорьж байна гэсэн. Одоохондоо бодлого томъёологдлоо. Монголын хувьд эдийн засаг хэмээх бялуугаа томруулах хамгийн том бодлого гэж бодож байна. Хоёр том гүрний дунд, хоёр том зах зээлийн дунд орших Монголын хувьд том бололцоо байгаа. Транзит тээвэрт ямар бараа байх бол хэмээн бодвол байгалийн хий, газрын тос, уул уурхайн түүхий эдээс авхуулаад бүх төрлийн бүтээгдэхүүн байж болох юм. Томоос нь нэрлэвэл Орос дахь эрчим хүчний илүүдлийг тогтмол гүйдлийн шугамаар Хятадад хүргэж болмоор. Урд, хойд хөрш аль аль нь сонирхох боловуу. Улаанбаатар төмөр замыг хос болгочихвол жинхэнэ утгаар Монгол транзит орон болно. Автозамаа сайжруулж, хурд нэмбэл бас ч үгүй сайхан бололцоо байгаа. Оросоос Алтайн чиглэлээр хийн хоолойг Хятадын Шинжан чиглэлд тавихын тулд манай баруун нутгаар дайруулах нь илүү ашигтай гэсэн орос эрдэмтдийн судалгааг харж байлаа. Юутай ч бодлого байна. Санал санаачилга байна. Одоо том асуудал яаж бодлогыг төсөлд хөрвүүлэх вэ гэдэг явдал юм. Юуны өмнө хоёр талтайгаа сайтар бодлогоо зохицуулах, манай хууль тогтоомжуудыг “Транзит Монгол” бодлогод нийцүүлэх, дутууг хууль болгох ажлууд эхлээд хийгдэх ёстой байх. Үүнтэй зэрэгцээд олон төсөл боловсруулж, ашигтай төслүүдэд хөрөнгө мөнгө босгох хэрэгтэй болно. Энд ёстой төр, хувийн хэвшлийн өндөр хамтын ажиллагаа хэрэгтэй болно.

-УБТЗ-ыг хос замтай болгохыг Орос зөвшөөрөх болов уу даа. Орос зөвшөөрөхгүй бол монголчууд “Их санасан газар есөн шөнө хоосон хононо” гэгч болох биз?

-Яагаад оросууд зөвшөөрөхгүй гэж. Хятад хэмээх том зах зээлд дөт замаар хүрэх сонирхол тэдэнд байгаа. Хятадын үйлдвэрүүдэд түүхий эд хэрэгтэй. Ярьж ойлголцох асуудал шүү дээ. Ярвигтай нь эхлээд Монгол Орос, Монгол Хятад, Орос Хятад гэсэн хоёр талын яриа хөөрөө болж таараа. Удаад нь гурван талын уулзалт тохироо хийгдэх байх. Бодлогоо тохирчихвол төслүүд боловсруулах Орос, Хятадын компаниуд зөндөө байгаа. Харин надад монголчууд төсөл боловсруулах хоосон яриатай үлдэх вий гэсэн болгоомжлол байна шүү.

-Монголд хэрэгжиж чадаагүй төслүүд хэрэгжсэнээсээ их. Төсөл нурах гол шалтгааныг тодорхойлооч. Дотоодын энэ их улстөржилт нөлөөлж байна уу. Эсвэл хөрөнгө мөнгө, эдийн засгийн боломж бололцоотой холбоотой юу?

-Төсөл шинжлэх ухаан, бизнес, тухайн төслийн онцлогоос үүдэлтэй гурван хэсгээс бүрддэг. Миний ажиглалтаар бидний монголчууд шинжлэх ухаан талыг алгасч давхиад юу юугүй л бизнес яриад эхэлдэг. Том төсөл сэтгэл их хөдөлгөдөг учир түүндээ хөтлөгдөөд, жижигхэн мэт асуудлыг дараа шийдье гэсэн хандлагаар ажилладаг нь төслийг явуургүй болгочихдог гэмтэй. Шинжлэх ухааныг орхигдуулсан ямар ч төсөл сүйрнэ. Бодлогоо нэгдмэл болгож цэгцлээгүйгээс төсөл тойрч нам, иргэний нийгэм, орон нутагт улс төржих явдал гарна. Тэр нь төслийг шил мэт хагалж орхидог. Үүнийг улс төржилт гэхээсээ төрийн удирдлагын системийн доголдол гэж үзмээр санагдаад байгаа.

-Ерөнхийлөгч тэрбум мод тарихаа дэлхий нийтийн өмнө амалчихлаа. Энэ төсөл мөн үү. Эдийн засгийн үр дагавар нь юу байх бол. Олон нийт янз бүрээр хүлээж авч байгаа болохоор стратегич хүний хувьд танаас асууж байгаа юм шүү?

-Одоохондоо том амбицитай том бодлого зарлагдлаа гэж харж байна. Хойч үедээ эрүүл байгаль үлдээнэ гэсэн хүсэл эрмэлзлээ Ерөнхийлөгч хүчтэй илэрхийллээ. Хэрвээ урдын адил цөлжилттэй тэмцэнэ, мод тарина гэсэн бол нөгөө монголчууд чинь жижүүрийн үгээ л хэллээ гэх байсан биз. Бид ч тэгж хандах байсан байх. Гоё зорилгыг гоё том хэлж чадсан нь сайхан. Харин одоо ахиад бодлогыг хэрхэн төсөл болгож хөрвүүлэх үү гэх асуудал байна. Ер нь хөгжил өөд өөдөө шат шатаар дэвжих хэлбэртэй байдаг. Бодлого зарлаад таг болдог байснаасаа бодлогыг төсөлд хөрвүүлдэг шинэ шат Монголд ирж байгаа болов уу гэж бодож байна. Монголд төсөл боловсруулах мэргэшил эзэмшсэн гэрчилгээтэй 60-аад хүн байдаг гэсэн. Тэднийгээ дайчлахаас их ажил хамаарна.

-Цар тахал хүн төрөлхтний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн байна гэж та түрүүнд хэлсэн. Үнэхээр жижиг орнуудад хүндхэн цохилт болж байна. Монголын Засгийн газар энэ хүнд цохилтоос улс орноо, иргэдээ, эдийн засгаа хэр хамгаалж чадаж байна?

-Шинэ гамшиг байсан учир улс орон болгон ямар хариу үйлдэл хийхээ мэдэхгүй самгардсан. Бидний монголчууд ч адил. Муу мэдээ нь хэдэн хүний амь эрсэдсэнээр ковидыг үнэлдэг болчихлоо. Сайн мэдээ нь манай бүс нутгийн орнууд Латин Америк, Африктай харьцуулбал харьцангуй гайгүй гэж хэлж болно. Манай Засгийн газар эхэндээ хатуу хөл хорио тогтоож үзсэн. Ингэхийн тулд бэлэн мөнгө тараасан. Энэ нь хүмүүст эхний цохилт амсахад нь арай зөөлөвч болсон гэж Дэлхийн банкны судалгаанд дурдсан байна лээ. Удаах цохилтуудад өмнөх шигээ хариу үйлдэл хийх нь зөв биш гэсэн бололтой. Тэр нь ч зөв байсан байх. Дээрх судалгаанд хөл хорио хөгжиж байгаа орнуудад үр дүн муутай гэсэн байна лээ. Эрүүл мэндээ аврах уу, эдийн засгаа аврах уу гэдэг асуудлын өмнө бид байна. Хоёуланг нь авармаар байна л даа. Ингэхийн тулд эрүүл мэндээ хамгаалах тал дээр засаг төрд найдах биш иргэд илүү хариуцлагатай байх хэрэгтэй болж. Маскаа зүү, зайгаа барь. Сонирхолтой нь энэ хялбархан дүрмийг Японд иргэд нь хэнээр ч шахуулж шаардуулахгүй мөрддөг, Америкийн зарим мужид цэрэг цагдаагаар албадаж байна. Монголчуудын хэнэггүй зан заримдаа тус, заримдаа ус болох юм.

ХЯТАДАД ХҮНСНИЙ ХОМСДОЛ НҮҮРЛЭЖ МЭДЭХЭЭР БОЛСОН, МАНАЙД Ч ЯЛГААГҮЙ

-УИХ-ын намрын чуулганаар ковидын үеийн дараах эдийн засгийн сэргэлтийн бодлого хэлэлцэнэ гэлээ. Тэгэхээр хууль тогтоогчид маань ковид хэзээ мөдгүй дуусна гэж тооцож байх шиг. Гэтэл цар тахал хүн төрөлхтөнтэй зэрэгцэж оршино гээд байгаа шүү дээ?

-Судалгаагаар ковид мөнхөд хүн төрөлхтөнтэй байх юм гэнэ. Одоо хэрхэн яаж мутацилагдах нь таамаг төдий бөгөөд шинэ вирус гарч магадгүй гэнэ, улс орон болгонд вакцинжуулалт харилцан адилгүй байгаа, тиймээс хэн нь яаж эдийн засгаа сэргээх нь ихэд ойлгомж муутай тул ковидын дараах сэргэлтийн тухай ярих эртдэнэ гэж байсан. Би ийм мэргэжлийн дүгнэлттэй санал нэг байгаа.

-Засгийн газар цахилгаан, дулааны үнийг дааж, 10 их наядын зээл гаргаж, эдийн засгаа дэмжиж байна л даа. Микро төвшиндөө “гал унтраах” хэрэгсэл болсон байх. Гээд макро эдийн засагт илүү сөрөг үр дагавартай байж мэдэх юм?

-Ковидыг түр зуурын үзэгдэл, сайн цаг ирнээ гэж үзвэл таны асуултад дурдсан арга хэмжээнүүд зөв байлаа гэж хэлмээр. Яагаад гэхээр бид махаа муутгахгүй байхын тулд хөргөгчинд хийдэг. Яг л тийм хариу үйлдэл байсан. Ковидоос хойш хоёр жилийн дараа энэ вирус мөддөө устахгүй юм байна гэж үздэг болсон үед дурдсан арга хэмжээнүүдийг зөв байж гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл хэрэг дээрээ хөргөгчинд хийсэн мах удахаараа бас мууддаг. Шинэ оноос зах зээлийнх нь жам ёсоор үнэ нь тогтдог, хэрэглэгчид нь төлбөрөө өөрсдөө төлдөг болох нь ковидын дараах эрүүл эдийн засагт хэрэгтэй.

-Монголд хомсдол хэдийнэ нүүрлэлээ. Үүнээс болоод эдийн засагт маш том цохилт ирэх нь тодорхой болчихлоо. Мэдээж, энэ нь дан ганц манайд болж буй үзэгдэл биш байх. Бидэнд дараагийн хомсдол нь юу байх бол, бэлтгэлээ хэрхэн базаах ёстой вэ?

-Хүн гэдэг амьтан түмэн юм хэрэглээд сурчихаж. Түүнтэй харьцуулбал юм юм л дутагдах байх. Ихэвчлэн том орнуудаас хамаарна. Хятадад эрчим хүчний хямрал тохиоход бордооны үйлдвэрүүдэд хүчин чадал дутаж, бордооны үйлдвэрлэл багассан тухай, үүнээс улбаалаад хүнсний хомсдол бий болж магадгүй гээд бичээд байна лээ. Бараа таваарын хомсдолоос гадна ажиллах хүчний хомсдол нүүрлэхээр байгаа. Манайд ч мөн ялгаагүй. Ажил хийдэг хүн алга боллоо гэж байна. Яагаад гэдгийг зөвхөн цалин мөнгөөр тайлбарлахын аргагүй юм. Ковидоос улбаатай хийсэн ажлынхаа хөлсийг аваагүй, хэсэгчлэн авсан ажилчид ямар ч ажил хийх сонирхолгүй болж байгаа тухай, мөн Дэлхийн банкны судалгаанд дурдсан байсан шүү. Ковид хүний эрүүл мэнд, амь зуух орлогоос гадна хүний сэтгэхүйд хүртэл өөрчлөлт оруулж байгаа бололтой юм.

-Аливаа эрсдэлийг хохирол багатай давахад бодлого чухал уу, төсөл чухал уу?

-Би дээр хэлсэн. Цэгцтэй, системтэй бодлого байх ёстой. Бодлого дангаараа үйл хэрэг болчихгүй тул түүнийг төсөлд хөрвүүлдэг арга зүйд суралцах тийм цаг үе Монголд ирсэн байх гэж бодож байна. Ковид бидэнд сургамж өглөө. Эм, эмнэлгийн наад захын хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэж, гадаад зах зээлийн өрсөлдөөнөөс хамгаалах хэрэгтэй юм байна. Найман нэрийн барааны дэлгүүр гэдэг шиг Монголд зайлшгүй үйлдвэрлэж байх барааны жагсаалт гаргаж авмаар санагдсан. Эдийн засгийн уян хатан хувьсах чадварыг дээшлүүлэхийн тулд тээвэр, ложистикийг тусгайлан анхаармаар юм байна. Нэг үгээр хэлбэл хямралын жижиг цохилтуудыг даадаг, улам хэрсүүждэг борогшуу эдийн засаг бүхий нийгэм рүү зоримоор санагдаж байна.

-Борогшуу эдийн засгийн тухай та ярьж байна. Энэ ямар учиртай тодорхойлолт вэ?

-Ургаа мод бургастай харьцуулбал гоё харагдана. Асар хүчтэй салхи дэгдвэл мод хугарна, дахин сэргэхгүй, бургас бол тэсч үлдэнэ, буцаж сэргэнэ гээд бодохоор манай нийгэм ургаа мод шиг байх уу, бургас мэт байх уу гээд бодох хэрэгтэй болно. Цэвэр орчинд байсан организм жижигхэн вирус бактерид амархан үхдэг. Харин элдэв бактери дунд өссөн организм илүү тэсвэртэй байдаг. Үүнээс санаа аваад, ер нь жижигхэн хэмжээний цохилтыг манай нийгэм, эдийн засаг үе үе амсч байх нь харин ч алсдаа тустай. Ер нь борогшуу эдийн засаг, борогшуу нийгэм гэсэн нэр томъёог эргэлтэд оруулбал яасан юм бэ гэж бодсон юм. Энэ талаар мэргэжлийн тинктанкуудад гоё гоё хэлэлцүүлгүүд явагдаж байгаа. Би дуртайяа сонсдог юм.

-УИХ-аар ирэх жилийн төсвийн болон мөнгөний бодлогыг хэлэлцэх цаг ойртож байна. Хууль тогтоогчид яг энэ чиглэлд анхаараасай, бодлогодоо тусгаасай гэж ямар асуудлыг та зөвлөх бол?

-Хямрал удаан урт хугацааны үр дагавартай гэдгийг янз бүрийн судалгаа харуулсаар байна. Хямралын үед мөнгө хэвлэнэ гэж ярих хүн олноор гарч ирэх байх. Үүнтэй холбогдуулаад, бидний түүхэнд холбогдох нэгэн сонирхолтой фактыг нэгэн лекцээс сонссон юм. Хубилай хаан цаасан мөнгөн дэвсгэртийг анх санаачилсан гэх бөгөөд сүүлдээ цаасан мөнгө хэвлэсээр байгаад Юань гүрнийг мөхөөсөн гэж байна лээ шүү. Үүнийг мөнгө хэвлэнэ гэж бодож байгаа хүмүүст зориулж хэлж байгаа юм. Үүнийхээ оронд үр ашиггүй, алдагдал гаргадаг зомби компаниудаа өөрчлөн байгуулах хэрэгтэй юм. Тухайлбал, төрийн өмчийн компаниудын 70 хувь нь алдагдагдалтай ажилласан гэх бөгөөд тэднийг хямд зээлээр санхүүжүүлэх нь зомби компани, зомби банк бий болгодог, энэ нь инфляци, гипер инфляцийг өдөөдөг гэж анхааруулж байгаа. Үүнийг манай мэргэжлийнхэн, шийдвэр гаргагчид анхааралдаа авна биз ээ.

-Тантай уулзахдаа асууя гэж бодож явдаг байсан юм. Та Ерөнхий сайд байхдаа үнэ чөлөөлсөн. Чөлөөт эдийн засгийн “загалмайлсан эцэг” гэхэд буруудахгүй байх. Гэхдээ тэр үед цахилгаан, дулаан, шатахууны үнийг яагаад чөлөөлөөгүй юм бэ?

-Тэртээ 90-ээд онд Улаанбаатар хотод жидээ 300 гаруй удаа гэрэл цахилгаан тасалдаг байлаа. Техникийн шинэчлэл хийх хөрөнгөгүй хэцүү байсан. Өвөлжилт хаяанд тулсан, хот хөлдөхөөс болгоомжилж цахилгаан дулааны үнийг Ерөнхий сайд болонгуутаа чөлөөлсөн байдаг. Тэглээ гээд асуудал бүрэн шийдэгдээгүй. Япон улс тусламжийн гараа сунгаж, засвар хийж өгснөөр гэрэл цахилгаан тасрах гэдгийг монголчууд мартацгаасан юм шүү. Төдий л удалгүй дараа дараачийн Засгийн газрууд цахилгааны үнийг хянах сонирхолтой болсон. Үнэ бүрэн чөлөөлөгдөж чадаагүйгээс энэ салбарт хувийн хэвшлийнхэн орж ирсэнгүй, тэр үед манай хувийн хэвшлийнхэнд чадал чансаа байгаагүй ч байх. Эрчим хүч зөвхөн төрийн мэдэлд байх гэдэг хуучирсан ойлголтоосоо салж чадахгүй байгаа нь эрчим хүчний үнийг чөлөөлөөгүй, зах зээл энэ салбарт хөгжөөгүйтэй холбоотой. Цаашид гарах хүндрэлүүдээс зайлсхийе гэвэл гал унтраах маягаар биш, зах зээлд нь найдах нь алсын хараатай бодлого байх болно гэж бодож байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.