Цар тахлын үед буруу үзлүүд сэрж магадгүй, гэхдээ популизм, фашизмд орон зай байхгүй – Өдрийн Сонин

Авч хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээгээ хоёр цонхоор харах учиртай.

    • Нэгдүгээрт, авч буй арга хэмжээнүүд цөмөөрөө хууль ёсных байна уу гэдэгт анхаарахХууль ёсны байж гэмээ нь гаргасан шийдвэрт нь хүн бүр итгэнэ. Хүн бүр тэр шийдвэрийн төлөө зүтгэнэ
    • Хоёрдугаарт,  Засгийн газрын шийдвэр хэдэн хүний амьдралыг сайжруулж, хэчнээн аж ахуйг хамгаалж байна вэ гэдэг шалгуураар харах шаардлагатай.

Screen Shot 2020-03-31 at 7.13.30 PM

Сэтгүүлч Ц.Баасансүрэнтэй хийсэн Ярилцлага

-Коронавирусийн цар тахлын дараа дэлхий яаж өөрчлөгдөх вэ гэсэн яриа хөөрөө, таамаг дүгнэлт ид хөвөрч байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Коронавирусийн дараа дэлхий өөрчлөгдөнө гэж яриад байгаа. Гэхдээ ертөнц бүтнээрээ эргэчихнэ гэж байхгүй. Гиперглобалчлал гэж ярьдаг даа. Биесээсээ хэт хамааралтай эдийн засгуудыг байгуулахаас зайлсхийх хандлагыг ингэж тодотгодог. Тийм хандлага гарч магадгүй. Арьсны үзэл, үндсэрхэг үзэл гарч болно. Улс орнууд хил хязгаараа хаагаад протекционизмийн дүр зураг анзаарагдаж мэднэ. Гэхдээ глобалчлал бодит процесс учраас дэлхий бие биетэйгээ худалдаа наймаа хийхгүйгээр аж төрж чадахгүй ертөнц хэвээр үлдэнэ.

-Популизм гэх мэт хэт туйлширсан хандлагууд идэвхижих эрсдэл бий юу?

-Энэ цаг үед чоно борооноор гэгчээр буруу үзлүүд сэрж магадгүй. Барууныхан хүртэл дайны өмнөх байдал гэж хэлээд байгаа нь бас шалтгаантай. 1929-1933 онд дэлхийн эдийн засаг хямарч, депресс болсон юм.

Тэр үед гол хөрөнгө оруулагчид байсан америкууд Европ, Германаас хөрөнгө оруулалтаа татсан түүхтэй. Хөрөнгө оруулалтаа татангуут Европ, Германы байдал муудаж таарна. Эдийн засаг муудсан тэр орчинд популизм хүчтэй босч ирсэн юм, дайны өмнө. Зүгээр нэг популизм төдийгөөр өнгөрөөгүй. Дараа нь фашизм болж хувираад дэлхийн дайн дэгдсэн. Дэлхийн дайны тэр гашуун туршлага эдийн засгийн хувьд хэрхэн өрнөсөн процессийг барууныхан ойлгож байгаа. Тийм учраас бүгд хаалгаа хаагаад суухгүй. Эдийн засгаа идэвхжүүлэх чиглэлд асар их мөнгө цутгах хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлсэн. Товчхондоо популизм, фашизмд орон зай байхгүй.

-Ерөнхийлөгч саявтар сонгуулийг хойшлуулах, удирдлагыг нэг гарт төвлөрүүлэх гэсэн агуулгатай уриалга гаргалаа. Засаглалд нөлөөлөх оролдлого, хэцүү цагт гаардаг популизмын илрэл гэх мэтээр шүүмжилж байна. Таны хувьд ямар байр суурьтай яваа бол?

-Ерөнхийлөгчийн уриалгыг сайн талаас нь харвал пандемик гэж айхавтар юм болж байна шүү гэж анхаарууллаа. Муу талаас нь харвал эрүүл мэнд, эдийн засгийн асуудал дээр дахиад улс төрийн асуудал нэмж толгой эргүүлээд байх хэрэггүй л дээ. Засаглал өөрчлөх, эрх мэдэл төвлөрүүлэх гэдэг дээр эрт дүгнэлт хийх хэцүү. Гэхдээ энэ бүх асуудлыг ардчилсан тогтолцоо л шийдэж чадна.

-Коронавирусийн эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл рүү оръё. Дайны байдал, эдийн засгийн хямрал гээд янз бүрээр л тодотгож байна…?

-Коронавирус дэлхийн хувьд эдийн засгийн бодит хямрал болж хувирна гэдэг дээр ихэнх эдийн засагч санал нийлчихлээ. Дайны байдал гэж тодотгоод яваа нь ч учиртай. Үзүүлж буй нөлөөллийн хувьд эрэлт болон нийлүүлэлт аль аль талдаа сөргөөр нөлөөлж байгаа. Байгалийн гамшиг шиг тодорхой орон нутаг, улс, бүсэд биш дэлхий нийтийг хамарлаа л даа. Байгалийн гамшиг тохиосон улсад тал бүрээс нь очиж туслаад асуудлыг шийдчихдэг. Гэтэл энэ тахлаас үүдсэн хямрал бүх улсыг хамарч байгаа учраас маш их хүндрэл үүсч байна. Үргэлжлэх хугацааны хувьд 18 сараас дээш гэсэн ойлголттойгоор бэлтгэл ажлуудаа хийж байна, улс орнууд.

-Коронавирусийн тархалт эхэлснээс хойш жил хагасын хугацаанд хямрал үргэлжилнэ гэсэн үг үү, эсвэл өнөөдрөөс тоолох ёстой хугацаа юу?

-Өнөөдрөөс гээд ойлгочих хэрэгтэй. Хятад эхнийхээ давлагааг даваад дуусч байна. Гэтэл одоо коронавирусийг буцаагаад импортлоод эхэллээ. Импортлохгүйн тулд хүний урсгалаа хааж байна. Хүний урсгал тасарчихаар эдийн засаг царцахаас аргагүй. Хүний урсгалаа хаагаад хэдий хүртэл тэсэх вэ гэдэг нь өөрөө том асуудал. Вирустэй дайтах дайн эхэлчихлээ. Дайны цагт бүгд хариу довтолж давшдаг. Дайн учраас дандаа ялах боломжгүй. Хямрал таван үе шаттай. Эхэлдэг, хариу арга хэмжээ авдаг, үер мэт хүчинд автдаг, фронт жигдэрдэг, эцэст нь эдийн засаг өсч эхэлдэг. Хямралын үеэр шийдвэр гаргагчдын төсөөлөөгүй ч байж болох үер шиг хүчтэй хүндрэл бэрхшээл орж ирдэг. Бүр үер гэсэн нэршил хүртэл бий. Жишээ нь, халдвар нийт олны дунд тараад эхэлбэл эрүүл мэндийн хүчин мөхөсдөнө. Эдийн засгийн чадал ч хэцүүднэ. Ийм хэцүү бүхний өөдөөс асар их хохиролтойгоор фронт болж жигдэрдэг. Эрх баригч, ард түмэн нэг бодлого дээр нэгдэж тэмцэх шаардлагатайгаа ойлгодог. Үүний дараа тэмцэлдэж байж хямралыг давдаг жамтай. Товчхондоо хямрал явдаг шат дарааллыг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, долоон арга хэмжээнд санаа амарч болохгүй.

-Та бид хоёрын яриа Засгийн газрын гаргасан шийдэл, арга хэмжээ рүү орчихлоо. Ерөнхий сайдын мэдэгдэлд дурдсан ажлууд цагаа мэдэрсэн шийдлүүд мөн үү?

-Манай Засгийн газар, холбогдох хүмүүс арга хэмжээ авч байна. Авч буй арга хэмжээнүүдийг нь сайшаан магтмаар байна. Тус бүрдээ чаддаг зүйлсээ хийх нь вирустэй хийж буй чухал тэмцэл. Гэхдээ хийж буй бүр арга хэмжээгээ хоёр цонхоор харах учиртай. Нэгдүгээрт, авч буй арга хэмжээнүүд цөмөөрөө хууль ёсных байна уу гэдэгт анхаарах ёстой. Жишээ нь, Ерөнхий сайд саявтар олон сайхан арга хэмжээ авна гэж мэдэгдлээ. Заримыг нь Засгийн газар дангаараа биш УИХ-тай хамтран шийдэхээр харагдаж байна лээ. Тэгэхээр Ерөнхий сайд ярьж байгаа асуудлуудаа УИХ руу бариад орох байх. Хууль ёсны байж гэмээ нь гаргасан шийдвэрт нь хүн бүр итгэнэ. Хүн бүр тэр шийдвэрийн төлөө зүтгэнэ. Түүнээс биш хэн нэг даргын мэдэгдлээс итгэл үүсэхгүй. Тэр утгаараа эдийн засагт авах арга хэмжээ хүн бүрийн итгэлийг хүлээж байж ажил цааш өрнөнө. Хоёр дахь цонх нь бас их чухал. Засгийн шийдвэр хэдэн хүний амьдралыг сайжруулж, хэчнээн хүний аж ахуйг хамгаалж байна вэ гэдэг шалгуураар харах шаардлага бий.

-Засгийн дэмжлэг бага хүрээг хамрах нь гэсэн шүүмжлэл бас дуулдаад байна?

-Хэрвээ таны асуусанчлан хамрах хүрээ хумигдмал харагдсан бол цаашид өчнөөн арга хэмжээ авах шаардлага Засгийн газрын өмнө байгаа гэсэн үг. Жишээ нь, 300 тэрбумыг ноолуурын бизнест хийнэ гээд ярьж байна. Хэвийн нөхцөлд бол ноолуурын хойноос хөөцөлдөх худалдан авагчид дэлхийд өчнөөн бий байх. Гэтэл өнөөдөр бүгд хэмнэлтийн горимд орчихсон, эрэлт бий юу гэдгээ тооцох хэрэгтэй. Дэлхийн эдийн засаг хямарна гэж байхад үнэтэй ноолуурт мөнгөө зараад явах хүний тоо хэд байх бол? Ноолуурын бизнесээ бодсон уу, эсвэл ноолуур гаргадаг малчдаа дэмжиж байгаа юу, хүндээ яг яаж хүрэх вэ гэх мэт тов тодорхой шалгуурууд байхгүй бол шийдвэрийн агуулга буруугаар эргэх эрсдэлтэй.

-Төсөв тодотгохгүй гэдэг дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Дэлхийн эдийн засаг хямарч байхад шаардлагагүй хөрөнгө оруулалтаас аль болох татгалзах шаардлага бий. Тэгэхийн тулд төсвийн тодотгол хэрэгтэй.

-Дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч байна вэ, жишээ нь төсөв дээр ямар бодлого барьж байгаа бол?

-Улс орнууд янз бүрийн арга хэмжээ авч эхэлсэн. Өвчинд яаж, ямар байдлаар нэрвэгдэж буйгаасаа хамаараад арга хэмжээнүүдийнх нь түвшин янз бүр байна. Гэхдээ нэг зүйл тов тодорхой байгаа. Нэгэнт дайны байдал үүссэн учраас бүх улс төсөвтөө тодотгол хийж, хэрэггүй хөрөнгө оруулалтуудаа чадах хэрээрээ багасгаж, өвчинтэйгөө тэмцэх ажилд асар их мөнгө зарцуулж яваа. Дээр нь эдийн засгаа дэмжих чиглэлд эрэлт, нийлүүлэлт хоёулантай нь ажиллаж байгаа. Дэлхийн зураг ийм байна. Бид ч гэсэн дэлхийтэй хөл нийлүүлэх хэрэгтэй.

-Дэлхийн улс орнуудыг анзаарах нь ээ гаргасан шийдвэрүүдээ тухай бүрд нь нийцүүлэн өөрчилж, шинэ шийдлүүд гаргаж хурдтай ажиллаж байгаа харагдах юм. Бид ч тэгж ажиллах шаардлагатай юу, эсвэл жижиг эдийн засаг учраас өөр арга тактик хэрэглэх ёстой юу?

-Хурд маш чухал. Эдийн засагчдын зүгээс “Цаг битгий алдаач” гэж шаардаад байсны гол зорилго нь тэндээ байгаа юм. Манай Засгийн газраас гаргасан шийдлүүдийн хувьд нэг зүйл нэмж хэлмээр байна. Би команд өгсөн, тиймээс биелэх ёстой гэж авторитар дэглэмээр хандвал алдаа болно. Учир нь ардчилсан, хууль ёсны механизм бол нийтээрээ фронт болж, итгэлээ нэгтгэж тэмцэлдэх юм. Дайн гэдэг бол ухардаг, давшдаг, алдаагаа засдаг процесс болохоос биш зургаа, долоон юм хэлчихээд санаа амарч, бие биедээ баяр хүргэдэг эд биш.

-Вирусийг анх хэн дэгдээсэн бэ гэдэг дээр АНУ, Хятадын удирдлага зөрчилдсөн үгс унагаад яваа анзаарагдах юм. Эхлэл үүсгэл нь хаанаас бол гэдэг асуултад эцсийн хариу гэж бий юү?

-Үл үзэгдэх вирустэй дэлхийн дайн болж байна. Хуучин сэтгэгдлээрээ буруутныг бие биенээсээ хайх нь гарцаагүй. Хэзээ нэгэн цагт вирусийг ялсан ялалтын түүх бичигдэнэ. Товчхондоо түүхийг ялсан улс нь бичнэ. Тэгэхээр вирусийн түүх яаж бичигдэх нь хэн ялахаас хамаарна. Нэг зүйл нэмээд хэлэхэд өнөөдөр дэлхий даяар вирустэй хийж буй тэмцлийг харахаар тодорхой хэдэн улс маш амжилттай байлдаж байна. Өмнөд Солонгос, Сингапур, Хонконг, Тайвань, Япон амжилттай байлдаж байгаа. Эд бүгд ардчилсан улсууд. Итали хүнд байдалд орсон нь үнэн. Европын холбоо бүх хүчээ тийшээ дайчилж эхэлсэн. Италид яагаад халдвар газар авав гэдэг ч цаанаа шалтгаантай. Аль ч улсын хувьд халдвар авагчид нь залуус байна. Нэгдүгээрт, залуус нийгмийн харилцаанд идэвхтэй ордог онцлогтой. Хоёрдугаарт, эдийн засгийн хямралд хамгийн түрүүнд цохиулдаг. Залууст ажил хайгаад гүйхээс аргагүй нөхцөл үүссэн гэсэн үг. Залуус халдвар авч аав, ээждээ очиж халдаагаад байна л даа. Италичууд манайхан шиг гэр бүлсэг хүмүүс. Аав, ээжтэйгээ маш ойр харилцаатай. Ийм учраас хөгшчүүл нь хүүхдүүдээсээ халдвар авч олноороо амь эрсдээд байгаа юм.

-Италиас гадна Америк бас хэцүүдэж байна шүү дээ…?

-Популист Ерөнхийлөгчтэйгөө цаг алдсан байж магадгүй. Гэхдээ би америкчуудыг энэ өвчнийг цаг алдахгүй ялна гэдэгт эргэлзэхгүй байна.

-Хөл хорио хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байна. Олон бизнес хаалгаа барьж байгаа. Байдлыг улам муутгахгүйн тулд ямар тактик баривал тахлын үеийн эдийн засгийг хохирол багатай давах бол?

– Хөл хорио тогтоож байгаа нь халдвар тархаахгүй гэдэг талаасаа сайн. Нөгөө талаас нь харвал эдийн засгийг царцааж байгаагаараа муу нөлөөтэй. Ийм зөрчилтэй, хүнд үед гадныхан өнөөдрийн хүрсэн түвшнээ эвдэж нураачихгүй, муутгачихгүйхэн шиг яаж хөргөгчинд хийгээд хадгалах вэ гэдэг бодлого хэрэгжүүлж байна. Эдийн засаг бол амьд организм. Тэр амьд организм өнөөхөндөө царцчихсан байгаа. Царцсан хэвээрээ удвал компаниуд нь сөхөрч таарна. Сөхөрсөн компаниуд нь зомби компани болж хувираад эргэж сэхэхээргүй унадаг. Тэгүүлэхгүйн тулд сайн цаг иртэл хадгалах бодлого явуулж байна л даа. Түүнийг би хөргөгчинд хийх гэж тодотгосон юм. Ажилчдыг нь тарааж бутраахгүйн тулд цалин орлогыг нь хамгаалахаас эхлээд тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээс аргагүй.

-Ерөнхий сайдын эдийн засгаа дэмжих шийдлүүдэд таван их наяд төгрөг ойрын хугацаанд шаардагдах нь гэж ойлгосон. Төсвийн орлого хэцүүхэн байгаа. Мөнгө хаанаас босгох юм бол гэсэн асуултыг эдийн засагчид тавиад эхэлчихлээ…?

-Өөрсдөд нь тооцоо, төлөвлөгөө бий байх.

-Хямд өртөгтэй зээл олдох боломж бидэнд бий юү?

-Тийм хялбар зээл амар олдохгүй. Хямд зардалтай бэлэн зээл өгөх улс орон байхгүй. Гэхдээ коронавирустэй тэмцэхийн тулд улс орон тус бүрдээ хар чадлаараа зүтгээд асуудлыг шийдэх боломжгүй хүнд байдалд дэлхий нийтээрээ орчихсон. Хүчирхэг гүрнүүд ч улсынхаа асуудлыг дангаараа шийдэж хүчрэхгүй байдал үүссэн. Тийм учраас улс орнууд бие биедээ тусалъя гэцгээж байна. Харилцан биендээ туслахын тулд дэлхийн томоохон төв банкууд хамаг хөрөнгөө дайчилъя, улс орнуудын пандемик бондыг худалдаж авъя гэж байгаа. Пандемик бондыг худалдаж авах хөтөлбөрт маш хурдан залгагдах хэрэгтэй.

-Пандемик бондыг худалдаж авах хөтөлбөрт хамрагдахын тулд яах ёстой вэ?

-Тэгэхийн тулд бид дотроо төлөвлөгөөтэй, хөрөнгө мөнгөө зөв дайчилсан байх хэрэгтэй. Саарал жагсаалтад ортлоо замбараагүйтсэн санхүүгийн асуудлаа шийдэхгүйгээр бусдаас тусламж авна гэдэг хялбар биш. Тийм тусламж үхэл хагацалтай тулсан үед л ирж магадгүй.

-Тэгэхээр эхлээд санхүүгийн сахилга батаа сайжруулах шаардлагатай нүүр тулах нь ээ?

-Тэгнэ. Өөрийнхөө мөнгийг зөв зарцуулах талд анхаараагүй байж хүнээс мөнгө авна гээд очих хэцүү шүү дээ.

Ц.ОЮУНБААТАР  Яллаж буй гэмт хэргийн зүйлчлэл 1937 оны ангийн дайсан, хувьсгалын эсэргүү  гэдэг шиг л сонсогдож байна

 

 

  • Энэ бол цэвэр мэргэжлийн хандлага. Би М.Энхсайханыг нэг зүйл дээр үнэлж харсан удаатай. Эрдэнэтийн 49 хувийн асуудал Засгийн газрын нууц хуралдаанаар орж ирсэн юм. Гэнэтийн асуудал байсан. Оросын эзэмшлийн хувийг Монголд авч ирж байгаа нь маш чухал ажил. Би тэр өнцгөөс нь харж дэмжсэн. Ерөнхий сайд “Одоо энэ залуус явж гэрээ хийгээд ирнэ. Ирснийх нь дараа асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулна” гэсэн. Яг тэгж хэлэхэд нь би хуульч хүний хувьд, ахмад хүний тухайд “Энэ бол УИХ-ын харьяалах асуудал шүү” гэж сануулж протоколд тэмдэглүүлсэн.  М.Энхсайхан бас ийм байр суурь барьсан. Тухайн үед би М.Энхсайханыг ямар ч байсан хуулийг хүндэлдэг хүн юм байна гэж анзаарч байсан.

Screen Shot 2020-03-25 at 10.05.14 AM“Хүний эрх шударга ёс” төвийн захирал, хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар

Ц.ОЮУНБААТАР : М.Энхсайханыг яллаж буй гэмт хэргийн зүйлчлэл 1937 оны ангийн дайсан, хувьсгалын эсэргүү  гэдэг шиг л сонсогдож байна

Өдрийн Сонин

-Оюу толгой, Таван толгойтой холбоотой асуудлаар улстөрийн сөрөг хүчний  хүмүүст хэрэг үүсгээд эхэллээ. Заримд нь бүр хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэсэн урьд хожид дуулдаагүй ял тулгаж байна. Хүний эрхийн хуульчийн тань хувьд асууя. Та сүүлийн үед өрнөж байгаа энэ үйл явдлуудыг анзаарч байгаа юу?

-Мэргэжлийнхээ хувьд анхааралтай харж суугаа. Ганц өнөөдөр үүссэн асуудал биш л дээ. Н.Энхбаяр, З.Баянсэлэнгэ гээд яривал олон кейс бий. М.Энхсайханыг яллаж буй гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд би сошиалаар байр сууриа илэрхийлсэн юм. “Арай ч хэтэрч байна” гэж бичсэн л дээ.

 -Та олон жил өмгөөлөл хийхдээ өндөр эрх мэдэлтэй цөөнгүй хүмүүсийг өмгөөлж явсан. Таны өмгөөлж явсан хүмүүсээс өнөөдөр гэхэд л төрийн өндөрлөгт бий.  Сүүлд өрнөсөн асуудлуудын тухайд та ганцхан М.Энхсайханы хувьд л ийм байр суурьтай байгаа юу?

-Үйл явдал болгонд тус тусад нь эрх зүйн дүгнэлт өгөх ёстой. Бүгдийг нь хэлмэгдүүлж байна гэж шууд хэлэх аргагүй. Миний хувьд М.Энхсайханы ялын дүгнэлтийг авч үзэж судалсан юм. Бусдынхыг нь холбогдсон хэргийн байдлыг би уншиж, судлаагүй учраас хэлж мэдэхгүй байна. Таны асуултад хариулахын өмнө жижиг оршил хийх нь зөв байх. Та бид хоёрын хөндөж байгаа асуудал ганц нэг хүний тухай жишээ төдийгөөр хязгаарлагдахгүй л дээ. Илүү өргөн хүрээнд харах ёстой асуудал. Хүний эрх, шударга ёс  төв Монгол улсын хүний эрхийг хангах, хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, Хүний эрхийн түгээмэл тунхаг, Үндсэн хуулийн заалтуудыг сахин мөрдөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой ажилладаг ашгийн бус байгууллага.

-Ингэхэд та яг хэзээнээс хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн юм бэ?

 -Би 1983 онд хүний эрхийн сэдвээр оюутны дипломын ажлаа бичиж гадаадын оюутны конференст илтгэл тавьж байсан юм. 1990 онд Улсын прокурорт газрын дарга байхдаа 1937-1940 оны хэлмэгдлийн асуудал дээр ажиллаж байлаа. Тэр үед гучаад оны завхралын тухай нарийн мэдээлэл рүү ороод зүрх шимширсэн. Нэгийг нь нөгөөгөөр нь гэрчлүүлээд хэдэн мянгаар нь буудаж хороосон гашуун түүх шүү дээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь ямар ч баримт нотолгоогүй, гүтгэгдсэн, хэлмэгдсэн. Хэлмэгдэгсэд, тэдний  үр хүүхдийн эрх ашгийг хамгаалах чигийн ажлыг ч манай төв хийдэг.

-Та түрүүн ерээд оноос хойшхи дуулиант хэргүүдэд үнэлэлт дүгнэлт өгөх гээд үзээд байна гэсэн утгатай үг унагасан. Төвийнхөө хүрээнд хийж байгаа ажил уу?

-Тэгж хэлж болно.Үйл ажиллагааныхаа хүрээнд ерэн оноос хойшх Монголын дуулиант хэргүүдэд дүгнэлт өгөх оролдлогуудыг хийж байгаа юм. Хорьдугаар тогтоол, алт дилерийн хэрэг, Зоригийн аллагаас эхлээд өнөөдрийн дуулиант хэргүүд ч хамрагдана. Өнөөдөр гэхэд л төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдэл албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн, улсын өмч завшсан, улс оронд хохирол учруулсан гэх мэт шалтгаантай олон хэрэг дуулдаж байна. Энэ хэргүүд дотор зохих хэмжээний хохирол учруулсан, хуулийн дагуу шалгах ёстой зүйл олон бий нь ойлгомжтой. Гэхдээ ямар ч тохиолдолд хүний эрх зөрчиж хэлмэгдэл явуулж болохгүй. Тэр тусмаа улстөрийн зорилгоор сөрөг хүчнийхээ улстөрчдөд зохиомол хэрэг үүсгэж хэлмэгдүүлж хэрхэвч болохгүй.  Эрх баригчид хэнийг ч хэлмэгдүүлж болохгүй, бас хийсэн хэргээс нь ялгүй авч үлдэж болохгүй. Наад захын жишээ нь ЖДҮ байна. Аж ахуй эрхлэгчдэд, иргэдэд очих ёстой төсвийн мөнгийг завшсан УИХ-ын гишүүд эрүүгийн хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Хуулийг буруу хэрэглэх ёсгүй. Хувийн өш хонзонгийн үүднээс хуулийг гуйвуулж болохгүй.

-Иймэрхүү хэлмэгдүүлэлт яг хэзээнээс эхэлсэн гэж та хардаг вэ?

-Н.Энхбаяр гэж хүнийг 2012 онд хэлмэгдүүлснээр эхэлсэн. Н.Энхбаярын үйл ажиллагаа, үйлдэлд Монгол Улсын хууль, Эрүүгийн хууль зөрчсөн гэмт хэргийн шинж чанартай зүйл нэг ч байдаггүй. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан нэг ч үйлдэл тогтоогдоогүй. Нэг ч гэрч, нэг ч бичгийн нотолгоо байдаггүй юм. Энэ бол улстөрийн хэлмэгдэл. Тийм үйл явдал өнөөдөр ч давтагдах хандлагатай байна. Тухайлбал улстөрийн хувьд эрх барьж байгаа МАН-ын зүгээс ийм үйлдэл хийж байна. Нэг угшилтай, намынхаа буйрыг сахиад үлдсэн Н.Энхбаярыг өнөөдрийг хүртэл хэлмэгдүүлсээр яваа. З.Баянсэлэнгэ ч хэлмэгдүүлэлтийн жишээ. Би энэ хүнийг сайн, муу хүн гэж хэлээгүй, хэлмэгдүүлэлт гэдэг утгаар нь онцолж байгаа юм. 223 айлын орон сууцыг 15 тэрбум төгрөгөөр “Бэрэн” компаниас ав гэсэн Засгийн газрын тогтоол гарсан, түүнийг нь л хэрэгжүүлсэн хүн. Тэр тогтоолын хүрээнд мань хүнийг АТГ, прокурорын байгууллагаас гурван удаа яллаж  шүүхэд шилжүүлсэн боловч шүүхээс гурав дахь удаагаа АТГ-т буцаж байна. Нэгэнт гаргачихсан тогтоолыг хэрэгжүүлснийг гэмт хэрэг гэж үзээд байвал өнөөгийн Засгийн газрын гаргаж байгаа хөрөнгө мөнгө зарцуулсан шийдвэрүүд нь эрүүгийн хэрэг үүсгэх жишиг практик болж үлдэх эрсдэлтэй.

-За одоо М.Энхсайханд холбогдох хэргийн зүйлчлэл үндэслэлгүй, хэрээс хэтэрсэн талаарх яриандаа эргээд орох уу?

-Оюу толгой, Таван толгой шүүмжлэлд орсон, нийгэм бүхэлдээ сэжиглэнгүй буруутган хандаж байгаа. Би ч энэ талд нь ойр байдаг. Учир нь Өмнөговь миний нутаг. Гэхдээ энэ асуудалд хэтэрхий туйлширч хандаж болохгүй. Нийгмийн сэтгэл зүй дээр дөрөөлж, тодорхой зорилгоор албаар харлуулсан мэдээлэл сошиалаар цацаж цацчихаад эцэст нь тодорхой хүнийг хэрэгт холбогдуулж болохгүй л дээ. Юуны өмнө нэг зүйлийг онцолъё. Би М.Энхсайхан гэж хүнтэй албаны, хувийн ямар ч харилцаагүй. Цэвэр мэргэжлийн хуульчийн үүднээс байр сууриа хэлж байгаа юм. Монгол улсын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэж буруутгасан тухай мэдээлэл сонсоод  ялын дүгнэлтийг нь авч уншсан юм. Үнэхээр Монгол улсын Эрүүгийн хуулийн төрийн эсрэг онц ноцтой хүнд гэмт хэрэг болох 19.6-д заасан хорлон сүйтгэх ажиллагаа гэдгээр буруутгасан байна.  Хорлон сүйтгэх ажиллагаа гэдгийн үйлдэл нь яг юу  вэ гэдгийг хуулиас хараад үнэхээр тийм үйлдэл хийж үү гээд харахаар ялын дүгнэлтэд нь нэг ч үг, өгүүлбэр алга.

Эрүүгийн хуульд хорлон сүйтгэх ажиллагааны үйлдлүүдэд яг ямар зүйлсийг багтаасан байдгийг хоёулаа уншигчдадаа эргэж сануулах уу?

-Эхлээд Эрүүгийн хуулийн талаар байр сууриа хэлье. Эрүүгийн хуулийг ер нь их шүүмжилдэг л дээ. Энэ Эрүүгийн хуулийг хийхэд би байлцсан. Байлцсан ч гэлээ би шүүмжлэлтэй ханддаг. Саяхан Ц.Нямдорж Эрүүгийн хуулийг Ц.Элбэгдоржийн залуус барууны хуулийг хуулах маягаар хийсэн гэж хэлнэ лээ. Зарим нэг дэвшил байгаа ч хуулийн хувьд мэргэжлийн бус, Монголын нөхцөлд тохиромж муутай байсан. Жишээ нь  аж ахуйн нэгжийг  48 зүйл ангиар эрүүгийн хэргийн субьект болгосон. Аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг  эрүүгийн хэрэгт татаад дарамтална гэсэн үг.  Бизнесүүдийг ангуучилдаг гэдэг шиг. Тухайн үед хуульчид нэгдэж Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын чуулганыг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хүртэл хийж байсан. Эсэргүүцлийг миний УИХ-ын гишүүний  бланкан дээр бичиж  өргөн барьсан юм. Тэгж эсэргүүцсэний дараа 20 гаруй зүйл болсон. 20 гаруй нь хасагдсан гэсэн үг. Энэ мэтээр яривал Эрүүгийн хууль муу хууль. Гэхдээ ямар ч хуулийг хэрэглэхдээ гуйвуулж завхруулж, өөрчлөн тайлбарлаж хэрэглэж болохгүй. Одоо хуулийн заалт руугаа оръё. Эрүүгийн хуулийн 19.6-д хорлон сүйтгэх ажиллагааг “Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах обьектийг сүйтгэх, гэмтээх, үйл ажиллагааг нь доголдуулах, хүн амьтан ургамлын гоц халдварт өвчин тараасан бол…” гэж томъёолсон байна. Өөрөөр хэлбэл сая хэлсэн дөрвөн төрлийн үйлдлийг хийсэн бол хорлон сүйтгэх үйл ажиллагаа болно. М.Энхсайхан гэж яамгүй сайдад тухайн үед Засгийн газар ямар эрх өгсөн, өгсөн эрхээ хэтрүүлсэн үү, урвуулсан уу гэдгийг тогтоогоогүй байж юун хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэж буруутгаж байгаа юм бэ. 1937 оны ангийн дайсан, хувьсгалын эсэргүү  гэдэг шиг л сонсогдож байна. Дахиад хэлье, энэ бол мэргэжлийн хуульч, прокурор, мөрдөн байцаагчаар ажилласан хүний хувьд л байр сууриа илэрхийлж байна.

-Харь хамаагүй зүйлээр буруутгаж ял оноох гэж улайрч байгаа нь МАН-ын улстөрийн захиалгат үйл ажиллагаа гэж харж болох нь ээ?

-Ерөөсөө л тийм.  Эрх баригчдын улстөрийн бохир үйл ажиллагаа гэж харж байна. Эрх баригч  улстөрийн хүчнийхэнд тал зассан АТГ-ын үйл ажиллагаа гэж харагдаж байна. Гэхдээ харамсмаар нь юу гээч, Н.Энхбаярыг тэгж хэлмэгдэж байхад хэн ч юм хэлээгүй. Коммунистуудыг барилаа би коммунист биш учраас үлдлээ, үйлдвэрчнийхнийг барилаа би тэдний нэг биш болохоор үлдлээ, еврейчүүдийг барилаа би еврей биш учраас үлдлээ, сүүлдээ намайг барилаа, гэтэл хамгаалах хэн ч байсангүй гэсэн үг байдаг даа. Монгол яг л ийм юм болж байна. Нийгэм маань ийм бохир, гажуудсан зүйл рүү явж байна. Асуудлын гол гогцоо нь энд байгаа юм. Эмч хуульч хоёр нарийн мэргэжлийн төвшинд өндөр ур чадвартайгаар зарчмаа баримталж ажиллах ёстой. Түүнээс биш бохир  улстөрийг дагаж, гар хөл нь болж явах ёсгүй. 1937 оны хэлмэгдүүлэлтийн гол шалтгаан нь энэ шүү дээ. Тэр хэлмэгдүүлэлтийг захиалсан хүмүүс төдийгүй гардан гүйцэтгэсэн хүмүүсийг ярихгүй дарсаар өнөөг хүрсэн. Сайндаа маахуур Дамба, мангас Дорж гээд хоёр гуравхан хүний нэр дуулддаг. Энэ нь өнөөгийн улстөрийн захиалгат хэлмэгдүүлэл, хуулийн завхарлын шалтгаан болж байна. Эзнийхээ даалгавраар хэлмэгдэл, завхарлыг хуулийн нэр барьж гардан гүйцэтгэж байгаа шүүгч, прокурор, мөрдөн байцаагчдын нэрсийг хэвлэл мэдээлийн хэрэгслээр цацаж, олон нийтэд зарлах ёстой. Ингэснээр тэд түүхийн өмнө, ирээдүй хойч үеийн өмнө, гэр бүл дотны хүмүүсийнхээ өмнө хариуцлага хүлээнэ гэдгээ ойлгож алдаа завхрал гаргахгүйгээр шударга ажиллана. Бас нэг харамсмаар зүйл нь сүүлийн жилүүдэд бохир улстөрийг дагаж хүн хэлмэгдүүлж ажилласан хууль шүүхийнхэн ажлаа хийсээр яваа. Мэргэжлийн зарчмаа дагаагүй, хүн хэлмэгдүүлж шийтгэснийхээ төлөө хууль, шүүхийн ажилтнууд хариуцлага хүлээдэггүй. Хариуцлага хүлээдэггүй тогтолцоо байсаар байгаа учраас хэлмэгдүүлэлт үргэлжлээд байна л даа.

-М.Энхсайхан гэж хүнийг өмгөөлж дуугарах болсон нь цэвэр хуульчийн мэргэжилтэй холбоотой, өөр шалтгаан байхгүй нь ээ?

-Би түрүүн хэлсэн шүү дээ, энэ бол цэвэр мэргэжлийн хандлага. Нэмж хэлэхэд би М.Энхсайханыг нэг зүйл дээр үнэлж харсан удаатай. Эрдэнэтийн 49 хувийн асуудал Засгийн газрын нууц хуралдаанаар орж ирсэн юм. Гэнэтийн асуудал байсан. Оросын эзэмшлийн хувийг Монголд авч ирж байгаа нь маш чухал ажил. Би тэр өнцгөөс нь харж дэмжсэн. Ерөнхий сайд “Одоо энэ залуус явж гэрээ хийгээд ирнэ. Ирснийх нь дараа асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулна” гэсэн. Яг тэгж хэлэхэд нь би хуульч хүний хувьд, ахмад хүний тухайд “Энэ бол УИХ-ын харьяалах асуудал шүү” гэж сануулж протоколд тэмдэглүүлсэн.  М.Энхсайхан бас ийм байр суурь барьсан. Тухайн үед би М.Энхсайханыг ямар ч байсан хуулийг хүндэлдэг хүн юм байна гэж анзаарч байсан.

Ч.Сайханбилэгийг олдохгүй байгаа гэх шалтгаанаар УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрийг гүйцэтгэсэн төдий хүмүүсийг яллах гээд байна л даа. Таны түрүүн дурдсан З.Баянсэлэнгийн асуудалтай төстэй өнцөг. Энэ тохиолдолд АТГ, прокурор, шүүх буруу ажилласан гэдэгтэй та санал нийлэх үү?

-Нэгдүгээрт тэр хүмүүс надад хандаагүй. Хоёрдугаарт би яллах дүгнэлтийг нь хараагүй. Тэгэхээр байр сууриа илэрхийлэх боломжгүй. Ер нь Оюу толгойн гэрээг би Монголд асар хохиролтой гэж үздэг. Дубайн гэрээ хохиролтой нь үнэн. Гэхдээ тэр гэрээг Ч.Сайханбилэг ганцаараа хийгээгүй. АН, МАН-ын Засгийн газрын үед хийсэн. Таван толгойн асуудал ч ялгаагүй. АН, МАН-ын хамтарсан Засгийн газрын үед яригдсан зүйл. Эцэст нь хэлэхэд би бүгдийг мэдэж, бүх зүйл дээр дүгнэлт хэлэх боломжгүй, үүрэг ч үгүй.

-Оюу толгойн гэрээг ашиггүй гэдэг байр суурь чинь улстөрийн өнцгөөс харсан дүгнэлт биш үү?

-Би эдийн засагчийнхаа тухайд ч, хуульчийнхаа хувьд ч ингэж хардаг. Монголын ард түмний хангалуун амьдрах боломжийг алдагдуулсан шийдвэр гэж боддог.

Сэтгүүлч Ц.БААСАНСҮРЭН

 

 

 

 

 

 

 

Стратегиа шинэчлэхэд туслах 2 ном

Монголчууд коронавирустэй тулгарахад нэг талаас эрүүл мэндээ хамгаалах, нөгөө талаас эдийн засгаа аврах хоёр зөрчилтэй ч юм шиг зорилтын дунд сонголт хийх шаардлагатай болно гэж гадны судлаачид бичиж байсан. Ёсоор боллоо л гэхээс.

Screen Shot 2020-03-21 at 11.42.03 AM

Аз болоход Монгол өвчлөл талаасаа дөнгөж эхлэлийн шатанд байгаа. Бидэнд өвчлөлтэй тэмцэх нарийвчилсан стратеги гаргах цаг бага боловч байна. Түүнд тус болохуйц Гарын Авлага ном гарчээ. ЖакМа сангийн дэмжлэгтэйгээр яаран байж гаргасан гэж. Түргэн монголчилбол их л юм бодогдуулахаар. Дараахь холбоосоор үзнэ үү-Handbook of COVID-19 Prevention and Treatment

 

Screen Shot 2020-03-21 at 11.38.53 AM

Эдийн засгаа аврах талаасаа манайх ер нь бодлогогүй гэж хэлж болохоор байна. Чадах чадахгүй нь хамаагүй өөрийн гэсэн Стратеги гаргах нь үйл хөдлөл, зохион байгуулалтыг жигдрүүлэхэд хэрэгтэй. Хамгийн тус болохуйц байж мэдэх нэгэн номыг чирээд ирлээ. Дараахь холбоосоор үзнэ үү-COVIDEconomicCrisis (1)

 

Коронавирус: “Хар Хун”-March 2020

Screen Shot 2020-03-19 at 6.47.12 PM

 

Коронавирустэй холбоотойгоор бид нэгэн шинэ ойлголттой болох шаардлагатай боллоо.  Тэр нь “Хар Хун” гэгч ойлголт аж. “Хар Хун” гэдэг нь урьдчилан таахын аргагүй, үр дагавар ихтэй үзэгдэл  юм байна.

Коронавирус бол тийм нэгэн үзэгдэл бөгөөд дэлхийн эдийн засагт асар их сөрөг нөлөө үзүүлж, дэлхийн дэг журмыг шинэ зохион байгуулалтад оруулж мэдэхээр байгаа юм.

Хар Хунг  хар биш Саарал Хун болгохын төлөө оюун санаагаа чилээж суудаг хямрал, циклт эдийн засгийг судалж зөвлөгөө өгдөг судалгааны байгууллагууд байдаг аж.

Тийм нэгэн судалгааны байгууллагаас ирүүлсэн Ковид19-тэй холбоотой дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тухай  “Хар Хун” нэртэй тайланг англи хэл дээр сонирхуулж байна.

Screen Shot 2020-03-19 at 7.10.38 PM

 

Дорхи холбоосоор татаж үзнэ үү.

Black Swan. March 2020

Коронавирус: Эрүүл мэнд, Эдийн засгийн уулзах цэг – ХҮН

 

Коронавирус гарсан цагаас монголчууд нэг талаас эрүүл мэндээ хамгаалах, нөгөө талаас эдийн засгаа аврах хоёр зөрчилтэй асуудалтай тулгарна гэж Барууны судлаачид бичиж байсан юм. Цагийн өрнөл үүнийг нотлоод байна. 

Цаг хожих санаа өгөх үүднээс товчхон бичлээ. Буруу бол уучилна биз.

Screen Shot 2020-03-19 at 3.11.51 PM

 

Миний ажиглалтаар коронавирусын аюулыг харилцан адилгүй, бүхэлдээ дутуу үнэлж байгаа байдал харагдаж байна.

Дээрх дүгнэлт эмч, онцгойгийнхонд төдийлөн хамаарахгүй. Гэвч тэдний  хувьд гоц халдарт өвчин гэдэг талаас нь хугацааны хоцрогдолтой боловч бас ч үгүй мэдээлэлтэй байгаа харагдана. Гэвч вирустэй тэмцэхэд энэ тал дээр Мэдээлэл цуглуулж, анализ хийх Төв байх хэрэгтэй юм. Тэр нь бодлогын арга хэмжээний ЗАМЫН ЗУРАГ гаргахад нэн чухал ач холбогдолтой. Тэгээд ч энэ асуудал хурдан арилахгүй бололтойдог.

Коронавирусын аюулыг дутуу үнэлж байгаа гэх дүгнэлт улс төрчдөд, УИХ болон Засгийн газрын гишүүдэд илүү хамаарч байгаа.

Коронавирус нь байгалийн гай гамшгаас илүүтэй том эрсдэл бөгөөд хүн төрөлхтөнд нэгэн зуунд тохиодог ховорхон үзэгдэл тул бүгд л барьц алдаж байгаа.

Коронавирусын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл богинохон хугацааны асуудал биш гэдгээс хийх ажлын дараалал гарах учиртай. Дэлхийн эдийн засаг төд өчнөөн хувиар буурна гэдэг тооцоонууд нь зөвхөн макро эдийн засгийн үзүүлэлтээс харж хийж байгаа шулуухан хэлэхэд “өнгөцхөн” дүгнэлт байж магадгүй. Энэ талаар нуршаад яахав.

Эдийн засгийн Стратеги ямар асуудал дээр төвлөрөх ёстой вэ гэдгийг товчхон хэлье.

Нэгдүгээрт, Коронавирус бол “давагдашгүй хүчин” зүйл гэдэгт хамрагдахгүй л боловуу. Учир нь коронавирусын сөрөг нөлөөг төр засаг нь, төр, хувийн хэвшлийн бүх үйлдвэр аж ахуйн газар, компаниуд бүгд өөр дээрээ цохилт болгон авч байгаа. Хэн нь хэндээ “давагдашгүй хүчин” зүйл гэж гомдоллох билээ дээ.

  • Тиймээс Засгийн газар дээр хэдэн банкуудыг цуглуулаад “ сэтгэл гаргаад” аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт үзүүлээч гэдэг замаар хол явахгүй.
  • Монголбанк, банкууд, аж ахуйн нэгжүүд бие биедээ хөнгөлөлт үзүүлээд байдлыг дээрдүүлэхгүй гэж харагдаж байгаа.
  • Ер нь макро эдийн засгийн уламжлалт хэрэгсэл төдийлөн үр дүнгээ өгөхгүй.

 

Хоёрдугаарт, Коронавирусын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бүгд л амсана.

  • Төр Хүнээ хамгаалах ёстой.
  • Бүх үйлдвэр аж ахуйн газрууд мөн л ажиллагсадаа эцсийн дүндээ Хүнээ хамгаалах ёстой.
  • Эдийн засгаа хамгаалах үр дүнтэй арга нь Хүнээ хамгаалах болчихоод байна.

Эрүүл мэнд, Эдийн засгийн бодлогын уулзах цэг ХҮН болчихоод байна.

ХҮНээ хамгаалж ЭЗ-гаа аврахын тулд төрөөс олгож байгаа цалин, тэтгэвэрийг баталгаатай өгөх нь тэргүүн зорилт.

Түүнээс дутахгүй том зорилт бол мөн хувийн хэвшлийн үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс ажиллагчиддаа өгч байсан цалинг тасалдуулахгүйгээр, бууруулахгүйгээр 2020 оны турш өгөхийг Төсвөөс дэмжих хууль эрх зүй, санхүүжилтийг батлахыг УИХ, ЗГ-т санал болгомоор байна.

УИХ, ЗГ, үйлдвэр аж ахуйн газар, компаниудын коронавирусын үед баримтлах ЭЗ-ийн бодлогын төвд ХҮН байхыг хүлээн зөвшөөрвөл Стратеги хаана хаанаа ойлгомжтой болно.

Коронавирустэй тэмцэх ЭЗ-ийн бодлого 2020 оны Төсвийг тодотгохоос эхлэнэ.

Тэр тусмаа бизнес, эдийн засгийн харилцаа гацснаас 450 мянган хүн ядуурал руу гулсаж эхэллээ. Арга зүйн зөвлөмж болгож дорхи слайдыг бэлтгэв.

Screen Shot 2020-03-21 at 11.28.21 AM

 

 

 

“Хонгил” яаж үүсдэг вэ?

Нэгэн зүйл.

2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа Прокурор яаж хэсэг бүлэг хүмүүсийн зохион байгуулалттай бүлэглэлд хууль завхруулах “хонгил” бий болгодог тухай цухас дурдсан юм.

Тэрхүү ярилцлагаас:

-Таныг ерөнхий прокурорт гомдол гаргасан гэж сонслоо. Прокурорын шатанд бас л улстөржжээ дээ?

-Тэглээ. Нийслэлийн прокуророос шууд шүүх рүү оччихлоо. Манай өмгөөлөгч өнөөдөр (өчигдөр) ерөнхий прокурорт гомдол гаргасан. Гэхдээ ерөнхий прокурор энэ нөхцөлд ямар хариу өгдгийг би гадарлаж байна.

-Хүлээж авахгүй гэж үү?

-Тэгнэ байх. “Нэгэнт шүүхэд шилжсэн учраас би авч үзэх боломжгүй” гэсэн хариу өгдөг. Бараг тэгэх байх. Прокурорын дээд шат хүртэл гомдол тавиад дууссаны дараа шүүхэд шилжих ёстой материалыг яаран сандран өгч байгаа нь өөрөө том асуудал. Албан тушаалтан, ер нь хэн ч байсан хүн. Эрхээ эдлэх ёстой. Хэний ч шударга шүүхээр орох бололцоог ингэж хааж болохгүй. Би хонгил гэж хэлэх дургүй. Гэхдээ хонгил гээч юмны ажиллах нүхийг прокурор гаргачихлаа.

-Таны өнөөдөр (өчигдөр) өгсөн гомдлыг ерөнхий прокурор хүлээж авахгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна уу?

-Ер нь тэгэх байх. Өмнө нь олон тохиолдолд ерөнхий прокурор “Нэгэнт шүүхэд шилжсэн хэргийг үзэхгүй” гэж хойшоо сууж байсан.

Ярилцлага бүтнээр

Нэгэн зүйл.

Дээрх ярилцлагаас хойш бараг долоо хоногийн дараа миний өмгөөлөгчийн гаргасан гомдолд Ерөнхий Прокурорын газраас хариу ирүүлжээ. Яг л урьдчилж харж байсан шиг “хэрэг” нэгэнт Шүүхэд шилжсэн тул хянах боломжгүй” гэж.

Доод шатныхаа прокуроруудын хууль бус үйл ажиллагааг хянах үүрэгтэй Ерөнхий прокурорын газар зөв ажиллаж байна уу гэдгийг асуумаар байна. Яг ийм аргаар олон хүнийг “хэлмэгдүүлсэн” байгаа даа.

Хүний эрх энээ тэрээ гэхээ больё, “Хорлон сүйтгэх” зүйл ангиар орчин цагийн Монголд ял төлөвлөсөн прокурорын ажиллагаа зөв буруу эсэхэд Ерөнхий прокурор хариулах л учиртай. Хожмоо ирэх хариуцлагаа ч бодох хэрэгтэй.

Screen Shot 2020-03-15 at 11.55.18 AM

Нэгэн зүйл.

Өнгөрсөн зун АТГ-ын нэгэн мөрдөгчийн хууль бус шийдвэрээр намайг 461 дүгээр анги руу ачсан юм.

Шударга шүүгч таарч АТГ-ын мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосон байдаг. Дураар баривчилдаг энэхүү байдлыг засахын тулд Та тултал маргалдаж байдлыг засуулж өгөөч гэж надад олон хүмүүс хандсан. Тэр дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргаж билээ. Сураг алдарсан боловч энэ үйл явдлаас 6 сарын дараа Хүний эрхийн Үндэсний Комиссоос Ерөнхий Прокурорт шаардлага явуулж байсныг олж мэдлээ. Тэд ёс төдий хариу өгөөд ширээн доогуураа “дарсан” байжээ. Төрийн ажлыг хэлбэрджээ.

Хүний эрхийн Үндэсний комиссын Ерөнхий Прокурорт хүргүүлсэн ШААРДЛАГА-д

“..эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих эрх бүхий прокурорын хариуцлага хангалтгүй байгааг тодорхой  харуулж байна” “… АТГ-ын мөрдөгч нь иргэн М.Энхсайханы дотоодын болон олон улсын гэрээ конвенцоор баталгаажуулсан түүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг ноцтой зөрчиж шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан байна” гээд ШААРДЛАГА хүргүүлжээ.

Ерөнхий Прокурорын газраас хэлбэрдсэн хариу өгчээ.

Хууль хяналтын байгууллагууд зөвхөн хуульд захирагдах ардчилсан зарчмыг цөөхөн хэдэн хүмүүс ингэж зөрчиж байгаа нь мөрөөрөө ажлаа шударга хийж байгаа хууль сахиулагчдын нэр хүнд, тэдэнд итгэх итгэлд  халгаатай.

Ийм явуургүй Төрийн ажлыг хэлбэрдэх, Хүний эрх, эрх чөлөөг үл ойшоох нь  улс орны ирээдүйд маш хортойг залуу хуульчид, улс төрчид ойлгоосой билээ.

 

Screen Shot 2020-03-15 at 12.50.02 PM

Screen Shot 2020-03-15 at 12.50.14 PM

Screen Shot 2020-03-15 at 12.50.24 PM

Коронавирус: Оношилгоо ба Эмчилгээ (Хятад)

 

Screen Shot 2020-03-14 at 10.21.22 AM

Эмчийн мэргэжилтэй хүмүүст зориулж энэхүү материалыг чирээд ирлээ. Та бүгдийн үнэт цагийг хэмнэх гэсэн юмаа.

Ямар эм тан хэрэглэж байгаа, ямар тунгаар өгч байгаа гээд мэдээллүүд харагдана

Амжилт хүсье

Дорхи холбоосоор үзнэ үү

China-CDC-Covid-19-Diagnosis-and-Treatment

Коронавирус: Бид юу мэдэж байх ёстой вэ?

 

Screen Shot 2020-03-14 at 8.54.47 AM

 

 

Вирусыг тараахгүй өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалахын тулд

  • Гараа байнга бүхэл өдрийн турш угаах
  • Ариутгалын бодис хэрэглэх
  • Олон хүн цугласан газраас холуур байх
  • Маск зүүх, бусдыг маск зүүхийг шаардах
  • Ажлын байр, гэрт Цэвэрлэгээ тогтмол хийх
  • Нийтийн тээврээр зорчихдоо бариулд гар хүрэхээс болгоомжлох
  • Нийтийн 0-д орохоос зайлсхийх
  • Нийтийн хоолны газарт хоол идэхгүй байх
  • Өмсөж буй хувцсаа байнга цэвэрлэж угааж байх

 

Коронавирусын халдвар авсны шинж тэмдэг

Нууц үе нь 14 хүртэл хоног. Халдвар авснаас 2-3 хоногийн дараа шинж тэмдэг илрэнэ. Шинж тэмдэг нь дараахь дарааллаар өрнөнө.

Эхний өдөр: Халуурч эхэлнэ. Өвчтөн ядрах, булчин өвдөх, хуурай ханиалгана.

5 дахь өдөр: Амьсгалын дутагдалд орно. Ялангуяа нас өндөр, суурь өвчтэй хүнд энэ шинж тэмдэг илрэнэ

7 дахь өдөр: Өвчтөнд эмнэлэгийн туслалцаа хэрэгтэй болно. Эмнэлэгт хэвтэнэ.

8 дахь өдөр: Амьсгалын хурц дутагдалд орно, уушиг нь усжиж үхэлд хүргэж болно.

10 дахь өдөр: Шинж тэмдэгүүд хурц болж амьсгалын аппараатад холбогдох, эрчимт эмчилгээ шаардагдана.

17 дахь өдөр: Эмчилчлүүлэгчийг  дунджаар 2,5 долоо хоногийн дараа эмнэлэгээс гаргана.

 

 

Арай дэлгэрэнгүй мэдээллийг дорхи холбоосоор англи хэл дээр үзнэ үү.

The-Ultimate-Coronavirus-Survival-Manual