“Монголчууд ба Исламын ертөнц”-2017

Ийм нэгэн нэртэй ном 2017 онд хэвлэгджээ.

 

Screen Shot 2019-05-17 at 9.13.03 PM

Монголын түүх бол дэлхийн түүх учраас өнөөгийн монголчууд өөрсдийгөө танин мэдэхийн тулд түүхээ өөр орон, өөр шашин, өөр соёл иргэншил бүхий улс орны эрдэмтэн, мэргэдийн судалгаанаас олж мэдэх хэрэгтэй болдог.  Мэдээллийн технологи хөгжсөн өнөө цагт англи хэлтэй бол асар их мэдээллийг олж авах сайхан бололцоо нээлттэй болжээ. Та бүгд цаг зав гаргаж энэхүү номыг сонирхоорой.

Таны унших хүслийг өдөөх гэж уг номоос зэрвэсхэн харсан санаагаа хуваалцья.

  • “Тамга” гэдэг нь монголчуудаас худалдаа наймаа эрхлэгчдийн бизнесийн гүйлгээнд тогтоосон татварын нэр гэнэ. Чингис хааны үед байгаагүй байх. Өгөөдэй хааны үед л “тамга” татвар үүссэн байх гэжээ.
  • Нүүдэлчид исламын орнуудыг эзлээд зогсоогүй, нүүдэлчдийн зан заншил, хууль ёсыг тулгаж зарим нөхцөлд исламын ертөнцийн тогтсон дэг журамтай сүлэлдсэн гэнэ. Тухайлбал, Монголчууд хонийг хоолойг нь хэрчиж хороохыг хориглож байсан байх юм.
  • Монголчуудын бодлого Исламыг түгээхэд түлхэц болсон гэнэ. Муслимүүд олноор Төв Азид нүүдэлж суурьших нөхцлийг бий болгосны нэг жишээ нь өнөөгийн Хятадын Шинжаан Уйгурын нутгийн хүмүүс. Тэднийг уугуул хятадууд гэж хэлж болохгүй гэнэ.
  • Торгоны зам хаагуур тогтож, ямар барааг тээж явсныг уг номоос үзэж болно.
  • Pax Mongolica, торгоны замын худалдаа наймаа цаасан мөнгө, мөнгөн зоос олноор бий болох нөхцлийг бий болгож байжээ.

Номд орсон олон санаа зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй.

Даахгүй нохой булуу хураана гэгчээр барж уншихгүй том номыг Та бүгдтэй хуваалцаж байна.

Номыг дараахь холбоосоор үзнэ үү.

Peter-Jackson-The-Mongols-and-the-Islamic-World-From-Conquest-to-Conversion-Yale-University-Press-2017-pdf

ProPublica.org: Дэлхийн шилдэг компанийг хөөсөн Монголын төмөр замын төсөл

Screen Shot 2019-05-16 at 9.53.35 AM
ProPublica.org: Дэлхийн шилдэг компанийг  хөөсөн Монголын төмөр замын төсөл

“ProPublica.org” эрэн сурвалжлах сайт дээр гарсан Монголын “Шинэ төмөр зам” төслийн талаарх нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Одоогоос есөн жилийн өмнө буюу 2010 онд Хятадын эдийн засгийн өсөлтөөс үүдэн уул уурхайн түүхий эдийн эрэлт ихэсч, үүнтэй зэрэгцэн нүүрс зэсийн асар их нөөцтэй ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлсэн Монгол Улсыг гадны томоохон компаниуд сонирхож эхэлсэн юм. Аварга том гүрэнтэй хил залгаа оршдог Монгол Улсын хувьд нүүрс, зэсээ урд хөрш рүүгээ экспортолж үлэмж хэмжээний мөнгө олох гайхалтай аз завшаан тохиосон гэж хэлж болно. Энэхүү боломжийг ашиглахын тулд монголчуудад нүүрсээ зөөх хэдэн зуун километр төмөр зам барих шаардлага тулгарсан билээ. Төмөр замаа ч барихаар болж олон улсын нэр хүндтэй банк, зөвлөх компаниудтай хамтарч ажиллахаар тохиролцож тэдгээр компаниудад олон тэрбум ам.долларын төлбөр төлсөн. Хэрэв төмөр зам баригдчихвал зарлагадсан мөнгөө хэд дахин нугалж үр шимийг нь хүртэх байв.

Ингээд Монгол Улсын Засгийн газар АНУ-ын “Mckinsey & Company” гэх зөвлөх компанийг төмөр замын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ боловсруулах, санхүүжилтийн арга зам, суурь бүтэц барих барилгын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийн баримт бичгийг боловсруулахад хөлслөхөөр болж, тус компанийн төлөөлөгч Жимми Хекстер гэгч Монгол Улсын Засгийн газартай шинэ төмөр замын талаар яриа хэлэлцээ хийж эхэлсэн. Тэрбээр Азийн олон улсуудад томоохон дэд бүтцүүдийн төсөл дээр ажиллаж байсан туршлагатай нэгэн байсан учир монголчуудад ч таалагдав.

2010 оны эхээр АНУ-ын Төрийн департментаас Монгол Улсад авлига хээл хахууль цэцэглэн хөгжиж, төрийн өндөр албан тушаалтнууд болон хувийн хэвшлийнхний дунд ашиг сонирхлын зөрчил их байна. Тиймээс шат шатан дахь авлига, ашиг сонирхлын зөрчлийг ирүүлэн шалгах хэрэгтэй гэсэн анхааруулга гаргаж байв. Тус анхааруулга гарснаас жил орчмын дараа “Mckinsey” компанийг эрсдэлд орж магадгүй гэж АНУ-ын дипломатууд сануулсан. Хэдийгээр тэд Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулсан ч Засгийн газрын зөвлөх нь хувийн компанитай байгаа нь маш том эрсдэл гэж тэмдэглэсэн юм.

Тухайн үед Зам тээвэр барилга хот байгуулалтын яаманд зөвлөхөөр ажиллаж байсан Ч.Ганбат “Шинэ төмөр зам”-ын төсөл дээр гол үүргийг гүйцэтгэсэн. Монголын төмөр зам /МТЗ/ ТӨХК нь зөвлөх Ч.Ганбатын саналаар АНУ-ын “McKinsey” компанийг  төмөр замын төслийг боловсруулахад хөлслөн авсан байна. “McKinsey” компанид төлсөн мөнгө нь гэрээний төлбөрийн стандарт 4 сая ам.доллараас их буюу 5,6 сая ам.доллар байлаа. Үүнийгээ тайлбарлахдаа энэ төсөл хэрэгжээд эхэлбэл тус компанитай илүү олон жилийн ашигтай гэрээг байгуулна гэж байжээ.

“Шинэ төмөр зам” төсөл маш хурдтайгаар буруудаж эхэлсэн. Санхүүгийн асуудал, улс төрийн тодорхой бус байдлаас болж төмөр замын ажил зогсонги байдалд орсон. Ингээд 2015 оноос төмөр замын төслөөс  их хэмжээний мөнгө шамшигдуулсан, залилан хийсэн гэх үндэслэлээр холбогдох албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн юм. Мэдээж “McKinsey” ч үүний хажуугаар зүгээр өнгөөрөөгүй. Мөндөн шалгах ажлын хүрээнд тус компанийг мөн шалгаж, шинэ төмөр замын төсөлтэй холбоотой бүх баримт сэлтүүдийг цагдаагийн байгууллагад өгөхийг шаардсан. “McKinsey” компанийг шалгаж эхлэхэд тус компанийн Азийг хариуцсан партнер Кевин Снидер  Монгол Улсын Ерөнхий сайд руу “McKinsey” компани ямар ч буруу зүйл хийгээгүй гэсэн утгатай захидал бичжээ.Тус захидалд “McKinsey” компани нь мэргэжлийн түвшинд, ёс суртахууны өндөр хэм хэмжээг баримталж ажилладаг гээд тус компанитай хамтран ажиллах нь монголын гадаад худалдааны ирээдүй маш өгөөжтэй байх болно гэдгийг тэмдэглэсэн байв. Мөн Монгол-Америкийн бизнес эдийн засгийн харилцааг өргөжүүлэн тэлж, гуравдагч хөрш орноос илүү их хөрөнгө оруулалт татах Монгол Улсын сонирхлыг ч дэмжиж буйгаа илэрхийлсэн байжээ. Захидлын төгсгөл хэсэгт монголын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсч буй “McKinsey” компанийн цаашдын зорилго зорилтын талаар нүүр тулан уулзаж хэлэлцэхийг хүсч буйгаа дурдаад захидалд ямар нэгэн зүй бус зорилго агуулаагүй гэдгээ илэрхийлсэн байлаа.

Монголын Прокурорын байгууллага “McKinsey” компанид хариуцлага тооцоогүй. Гэвч “McKinsey” компани гадны бусад улс орнуудад үйлчилгээ үзүүлэхдээ ч мөн янз бүрийн хэл ам дагуулж байсан гэх мэдээллүүд монголын хэвлэлүүдийн нүүрийг чимэх болов. Өмнөд Африкт үйл ажиллагаагаа явуулж буй “McKinsey” компанид монголынхтой төстэй зөрчил илэрсэн. Саудын Араб дахь компани нь төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүдийг ажилд авсан нь АНУ-ын авлигын эсрэг хуулийг зөрчсөн гэх мэт зөрчлүүд ил болж байсан ч “McKinsey” аль алиныг нь эрс эсэргүүцэж огт хууль бус зүйл хийгээгүй гэж мэдэгдсэн.

“McKinsey”-ийн монгол дахь төсөл нь АНУ-ын Холбооны хуулийн Хилийн чанд дахь авлигын эсрэг хуулийг  /FCPA/ зөрчсөн гэж үзэж байв. Эхний үндэслэл нь “McKinsey” –тэй хамтарсан төслийн хүрээнд Монгол Улсын өндөр албан тушаалтны хөрөнгө үлэмж хэмжээгээр өссөн явдал. Төмөр замын ТЭЗҮ-ийн гэрээний төлбөр 4 сая ам.доллар байх ёстой атал “McKinsey”-д  5,6 саяыг өгсөн гэсэн нь прокурорын байгууллагын сэжгийг төрүүлэв. Олон улсын фирм компаниудад авлигын эсрэг хууль, гуравдагч талын зөвлөгөө өгдөг “TRACE International” компанийн ерөнхийлөгч Александр Врэйж  монголын прокуроруудын таамгийг зөв гэж дүгнэв.

Гэсэн ч “McKinsey” FCPA хуулийг зөрчсөн нь батлагдаагүй. Тус компанийн төлөөлөгч “Бид ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй. Манай компанийн ажилчдаас хэн нэг нь авлига авсан, авахыг оролдсон гэсэн ямар ч нотлох баримт олоогүй.Бидний үзүүлж буй үйлчилгээ нь харилцагчдын маань хувьд маш чухал ач холбогдолтой төдийгүй тухайн улс орны хөгжилд ч эерэг үр нөлөөтэй. Энэ төсөл бараг арваад жилийн өмнө дууссан. Үүнээс хойш бид олон улсын түвшинд компанийн бодлогоо тэлж, эрсдэлийг тооцох, хувийн болон төрийн өмчит аж ахуй нэгжүүдтэй хэрхэн харилцах зэрэг бүхий л түвшинд бодлогоо шинэчилсээр ирсэн” хэмээн хэлсэн байна.

Дээрх төмөр замын төсөл дээр ажиллаж байсан тухайн үеийн Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд байсан Х.Баттулга, МТЗ ТӨХК-ийн захирал асан Б.Батзаяа, зөвлөх Ч.Ганбат гэсэн  гурван хүнд авлигын хэргээр хавтаст хэрэг үүсгэсэн. Тэднийг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж,  төмөр замын төслөөс  мөнгө завшсан гэж буруутгасан ба Ч.Ганбат нь “McKinsey”-тэй хийсэн гэрээгээр дамжуулж 1,6 сая ам.долларыг өөрийнхөө компанид шилжүүлэн авсан байдаг. Дээрх гурван албан тушаалтан нь уг хэргийг улс төрийн зохиомол явуулга хэмээн эрс няцаасан. Ч.Ганбат нэгэн ярилцлагадаа Зам тээврийн яамтай тийм ч дотно харилцаатай биш гэдгээ хэлж байсан.

Төмөр замтай холбоотой авлигын хэрэг нээлттэй хэвээр үлдсэн. Гэвч 2017 оны зун энэ хэрэгт маш том өөрчлөлт гарсан. Дээрх хэрэгт холбогдсон гурван эрийн нэг нь ч ял авч, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдов.  Шүүмжлэгчид Х.Баттулгыг хэргийг хүчээр хааж байна гэж үзсэн. Улс төрийн энэ том өөрчлөлт “McKinsey”-д сайнаар нөлөөлсөн. Төмөр замын гэх хэргээс болоод “McKinsey” компанийн монголд үйл ажиллагаа явуулах эрхийг нь  доод тал нь нэг жилээр хасаад байсан ба Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор тэднийг эрхийг тэр даруй сэргээсэн. Самбо бөхийн аварга, бадриун биетэй Х.Баттулга нь Ерөнхийлөгч болохоосоо өмнө монголын тэргүүн баячуудын эгнээнд жагсдаг төдийгүй ард иргэдийн дунд нэр хүнд ч сайтай байв. Францис Форд Копполагийн алдарт “Загалмайлсан эцэг” киноны жүжигчний өмсдөг хар шляпан малгайгаар гоёх дуртай тэрбээр тус кинон дээр гардаг “Женко” компанийн нэрээр өөрийн компаниа нэрлэсэн байна. Х.Баттулгын “Женко” компани шөнийн цэнгээний газраас хэлээд такси үйлчилгээ, зочид буудал, хүнс гээд маш олон салбарт амжилттай яваа.

Харин Ч.Ганбат гэгчийн хувьд АНУ-д найман жил амьдрахдаа их сургуульд сурч төгсөөд Нью-Йорк хотын “ Commerzbank” банканд ажиллаж байгаад эх орондоо эргэн ирсэн юм. Цэмцгэр хослол өмссөн, залуухан, царайлаг, англи хэлээр ус цас шиг ярьдаг, мэдлэгтэй залуу Ч.Ганбат эх орондоо ирээд удалгүй Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын итгэлт хүн болсон байна. Х.Баттулга 2009 онд 35 настай Ч.Ганбатыг өөрийн зөвлөхөөрөө томилж, шинэ төмөр замын төслийг хариуцуулсан. 2010 оны хавар Ч.Ганбат төмөр замын төсөлд хөрөнгө оруулагч олохоор Засгийн газрыг төлөөлөн Европ руу ниссэн. Тухайн үед тэрбээр “Liberty Partners” хэмээх өөрийн компаниа байгуулж байжээ.

Тухайн оныхоо намар нь Ч.Ганбат “McKinsey”-ийн Хекстертэй танилцсан бөгөөд тэр хоёрын ашиг сонирхол ч нийцэж төмөр замын төсөлд хамтран ажиллахаар болов. Түүнээс өмнө тус төсөл дээр ажиллахаар АНУ-ын “Pillsbury Winthrop Shaw Pittman”, Францын “BNP Paribas” компаниуд нэрээ өгсөн байсан юм.

93 жилийн түүхт “Mckinsey” компани нь олон арван жилийн турш үндэстэн дамнасан томоохон групп, корпорациудад зөвлөгөө өгч тэдгээр компаниуд нь ч амжилттай оршин тогтносоор ирсэн байдаг. Гэвч Хүйтэн дайны дараах эдийн засгийн шаардлагаар компани бодлогоо шинэчилж хүрээгээ тэлэх ёстой болсон юм. Ингээд дэлхийн 23 орны 44 хотод үйл ажиллагаагаа явуулдаг байсан “McKinsey” компани 1989 оноос 2019 оныг хүртэл дэлхийн 66 улсын 130 хотод өөрийн үйлчилгээгээ үзүүлж байна. “McKinsey”-ийн хөрөнгө өнгөрсөн оны байдлаар 10 тэрбум ам.доллар байжээ. Энэхүү бизнесийн тогтвортой байдлаа хадгалахын тулд монгол мэтийн жижиг орнуудад ч гэсэн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болсон. Аливаа улсын Засгийн газартай гэрээ хийнэ гэдэг нь илүү ил тод, нягт нямбай байдлыг шаардаад зогсохгүй хяналт шалгалт ч тэр чинээгээрээ өндөр байдаг. Монгол Улс “McKinsey” –д уул уурхай, дэд бүтэц гэсэн хоёр салбарт үйл ажиллагаагаа явуулах боломж олгосон. “McKinsey” уул уурхайн салбарыг сонгож монголын Засгийн газарт төрийн өмчит уурхайнуудын хувьчлах талаар зөвлөгөө өгч эхэлжээ. Харин дараа нь Ч.Ганбат дэд бүтцийн салбараа санал болгосон.

АНУ-ын Хууль зүйн яамны мэдэгдэлд Засгийн газрын ямар нэг албан тушаалтад хувийн компанитай байгаад түүнтэй нь гадны компани дотно түншилж байна гэдэг бол энгийн үзэгдэл биш. Ялангуяа уул уурхай хөгжиж буй орнуудад авлига хээл хахууль цэцэглэн хөгжсөн байдаг хэмээн дурдсан байжээ. Тухайн үед монголын  нэгэн албан тушаалтан Ч.Ганбатад хандаж “Монгол Улсын Засгийн газрын сайдын зөвлөхийн үүрэг гүйцэтгэнэ гэдэг бол ямар нэгэн хувийнхаа компанийг төлөөлж биш улсын нэрийн өмнөөс ажиллаж байна гэсэн үг” хэмээн хэлсэн байна.

Удалгүй “Liberty Partners” болон “McKinsey”-тэй хийсэн гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө Ч.Ганбат сайдын зөвлөхийн ажлаа өгөв. Тухайн үед Ч.Ганбаттай төмөр замын төсөл дээр ойр ажиллаж байсан хүмүүс түүнийг ажлаа хүлээлгэн өгсөн ч тус төсөл дээр зөвлөхөөр ажилласан хэвээр байгаа гэж ярьж байв. Яамны и-мэйл хаяг, утастай тэрбээр Хятадын хөрөнгө оруулагчидтай уулзахдаа өөрийгөө Зам тээврийн яамны сайд Х.Баттулгын   төлөөлөгч гэж танилцуулж байсан байгаа юм. АНУ-ын Өмнөд Иллинойсын их сургуулийн профессор Майкл Коэлер “Хэрэв тухайн хү яамны утас, и-мэйлтэй, дээр нь Засгийн газрыг төлөөлж уулзалт хэлэлцээнд оролцсон бол АНУ-ын Хууль зүйн яам түүнийг Монгол Улсын төрийн албан тушаалтан гэж үзнэ” хэмээн тайлбарласан байна.

“McKinsey” компани ч энэ том төсөл дээр ажиллах гэрээ хийхдээ Ч.Ганбатын ажил албан тушаал болон түүний хувийн компанийн талаар ямар ч хяналт шалгалт тавиагүйгээ хүлээн зөвшөөрчээ. Учир нь хамтран ажиллах явцад ямар ч таагүй зүйл тохиолдоогүйн дээр дэлхийн алдартай хуулийн фирмүүдийн нэг “Pillsbury” өмнө нь түүнтэй хамтарч ажиллаж байсан болохоор итгэлтэй байсан гэв.

Хожим хяналт шалгалтаар Х.Баттулга нь Ч.Ганбатын “Liberty Partners”-ийг төсөлд оролцуулахын тулд МТЗ ТӨХК-ийн захирлыг гэнэт сольж өмнө өөрийнх нь бие хамгаалагч байсан  Б.Батзаяаг оронд нь томилжээ. Мөн хууль зөрчин  ямар ч тендер зарлалгүй компаниудыг сонгосон байгаа юм. Эцэст нь ТЭЗҮ-ийн гэрээний 4 сая ам.долларын үнийг 5,6 сая болгон өсгөж мөнгө завшсан гэж прокурорын байгууллага Х.Баттулга, Ч.Ганбат нарыг буруутгав.

“McKinsey”-ийн зүгээс тайлбарлахдаа гэрээний үнийг ингэж ихээр нэмсэн гэх нотлох баримт байгаагүй. Ч.Ганбат бидэнд өөрөөр тайлбарласан. Тэр хэлэхдээ гэрээний үнэ хууль ёсны дагуу тодорхой хэмжээгээр буюу 400,000 орчим ам.доллараар нэмэгдсэн. Энэ мөнгийг төмөр зам тавих газрын хөрсийг судлах, гэрээт судлаачдын ажлын хөлс гэж хэлсэн.

“McKinsey” болон Ч.Ганбат нар төслийн ажлыг авахын тулд гэрээний явцад ямар нэгэн хууль бус зүйл байгаагүй гэдгийг нотлох гэж маш их хичээсэн. Гэвч эцэст нь маш олон зөрчил илэрчээ. Гэрээ ч хүчин төгөлдөр болж “McKinsey”, ”Liberty partners” шинэ төмөр замын ТЭЗҮ-г хийж гүйцэтгэх ажил эхлэв. 2011 оны дөрөвдүгээр сараас наймдугаар сар хүртэл “McKinsey”-ийн зөвлөхүүд долоо хоног бүр монголд ирж Х.Баттулга, Ч.Ганбат нар ч тэднийг хүлээн авч уулзаж байв. ТЭЗҮ ч гарч шинэ төмөр замыг хэдэн тэрбум ам.долларын өртгөөр барьж дуусгана. Харин тэрхүү мөнгөө 9,5 жил орчмын хугацаанд эргүүлэн төлөх боломжтой талаар “McKinsey” танилцуулав. Олон сая ам.доллар зарцуулж байж хийлгэсэн ТЭЗҮ-нь алдаатай болж таарч хоёрхон жилийн дотор бүх зүйл талаар болов.

“Монголд хэрэгжинэ гэсэн томоохон дэд бүтцийн төслүүдийн нэгэн адил төмөр замын төсөл ч мөн улс төр, эдийн засгийн ашиг сонирхол, алдаатай бодлого, авлигын бай болоод өнгөрлөө” хэмээн Бритиш Колумбиа их сургуулийн эрдэмтэн, Монгол судлаач Жулиан Диеркс хэлсэн байна.

2015 оны намар цагдаагийн байгууллага “McKinsey”-ийг шалгаж эхлэв. Үүнтэй зэрэгцэн МТЗ ТӨХК,Ч.Ганбатын “Liberty Partners” компанийн байруудад  нэгжлэг хийж, төмөр замын төсөлтэй холбоотой баримт бичгүүд, гэрээнүүд, Ч.Ганбатын компьютер зэргийг нь хураан авчээ.  Хэдийгээр “McKinsey” мөрдөн шалгах ажиллагааны гол объект биш байсан ч бүх зүйлийг нарийн шалгах шаардлага байсан учир тус компанийн байранд нэгжлэг явуулсан байна. “McKinsey” я мөрдөн шалгах ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, дотооддоо хяналт шалгалт явуулж хамтарч ажиллахаа мэдэгдэв.

Араншинт эдийн засаг том төслүүдийг унагадаг. Жишээ нь…

Screen Shot 2019-05-09 at 11.27.26 AM

Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб дээр  хийсэн уулзалт ярилцлага дээр сэтгүүлч Э. Мөнхцэцэг “Араншинт эдийн засаг”-тай холбоотой ярьсан асуудалд анхаарал хандуулж нийтлэл бичиж Itoim сайтад гаргасанд талархаж  байна. 

 

Screen Shot 2019-05-09 at 11.28.08 AM

 

Чикакогийн их сургуулийн профессорууд “Behavioral economics буюу зах төлөвийн эдийн засгийн тухай судалгаа”-аараа 2017 оны Нобелийн шагнал хүртжээ. Үүнийг Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Араншинт эдийн засаг” гэж монголчилсон байна лээ.

Өмнө нь уламжлалт буюу сонгодог эдийн засгийн онолд эдийн засаг нь хувь хүний зан төлөвтэй хамааралгүй гэж үздэг байв.  Тэгвэл Нобелийн шагналтнууд энэхүү судалгааны бүтээлдээ эдийн засгийн шийдвэр гаргахад ерөнхий эдийн засгаас гадна хүний сэтгэл зүй, зан төлөв нөлөөлдгийг гарган тавьсан байна.

Сэтгэл судлал, танин мэдэхүй, ёс уламжлал, сэтгэл хөдлөл болон нийгмийн хүчин зүйлсээс хамааран хүн эдийн засгийн шийдвэрийг гаргадаг талаар судалдаг эдийн засгийн нэгэн том салбар шинжлэх ухаан болж байгаа юм.

Эдийн засгийн гол шийдвэрүүд зах зээлийн үл үзэгдэх гараар биш, шийдвэр гаргах төвшнийхний зан төлөв, өөрийнхөө зөв гэж бодсон бодолд тулгуурлан шийдвэр гаргах үзэгдлийг араншинт эдийн засаг судалдаг байна. Энэ нь нийт эдийн засагт хэрхэн нөлөөлдгийг судалж, хүмүүс хүслээ барьж дийлэхгүй богино хугацаанд сэтгэл ханамж авах сонголтыг хийж, нийгмийн сонирхолд нийцсэн үйлдэл нь эдийн засгийг тодорхойлж буйг судалжээ.

Ерөнхий эдийн засгаас араншинт эдийн засгийн ялгаатай байдал нь аливаа асуудлыг эрүүл ухаанаар биш, араншингаас хамаарч шийдвэр гаргадаг гэж Ерөнхий сайд асан М.Энхсайхан тайлбарласан. Тэрээр ялангуяа том төсөл дээр эрүүл ухаан, эдийн засгийн тооцоотой хандахаас илүү тухайн шийдвэр гаргагчийн зан төлөв, араншингаас хамааралтай байгааг онцолж байв.

Манай улсын хувьд том төслүүд яагаад хэрэгждэггүй, унадаг вэ. Нэг талаар Нобелийн шагналтнуудын судалсан зан төлөвийн эдийн засаг мега төслүүд дээр илүү давамгайлж байгаатай холбоотой байж болох юм. Хэдэн жишээгээр тайлбарлая.

Өнгөрсөн сард Засгийн газар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 411 км төмөр замыг барих шийдвэр гаргасан. Учир мэдэх, төмөр замын эдийн засаг гадарладаг хүмүүс нь “Зүүнбаян чиглэлийн төмөр замаас өмнө Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын барьж дуусгах нь эдийн засгийн хувьд ашигтай” гэх.

Харин шийдвэр гаргагчдын тайлбар нь “Зүүнбаян чиглэлийн зам нь нийгэмд өөрчлөлт бий болгож, иргэд аймаг дамжиж шилжиж, солилцоо бий болно. Дорнодоос Говь-Алтай чиглэлд ч юмуу. Ингэснээр ихэсч буй цус ойртолт багасна гэх. Мөн Монголын нутгаараа аль болох олон юм төмөр замаар явбал Монголдоо өртөг шингэнэ гэх. Төмөр замын нэг дарга нь “Монголдоо аль болох тойруу явбал манай төмөр замчид ажилтай байх юм” гэж тал засах. Мөн улсын тусгаар тогтнолтой холбоотой гэх тайлбар бас бий. Энэ тайлбаруудыг харахаар эдийн засгийн тооцоолол, үр ашгаас илүү хувь хүний зан төлөв, араншин дээр тулгуурласан шийдвэр нь давамгайлж байх шиг. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам баригдахгүй 10 гаруй жил болж байгаа хувь хүмүүсийн араншинтай  л илүү холбоотой.

Өөрөөр хэлбэл, асуудалд эдийн засгийн тооцоололтой хандахаас илүү янз бүрийн ашиг сонирхол хамгаалсан араншин гаргаж байгааг эдийн засагчид онцолжээ.

Screen Shot 2019-05-09 at 11.51.34 AM

Дараагийн том төсөл бол Нефтийн үйлдвэр барих тухай. Зарим эдийн засагчид энэ төслийг “цагаан заан” төсөл нэрлэсэн байна лээ. Учир нь маш өндөр зардалтай,  бэлгэдлийн шинжтэй учир иймэрхүү төслийг дэлхийд “Цагаан заан” гэдэг аж. Хамгийн гол нь өнөөдрийг хүртэл нефтийн түүхий эдээ хаанаас авахаа шийдээгүй байгаа юм. Тамсгаас нефть авна гэж байгаа ч яаж, ямар замаар авах нь тодорхой бус байна.

Хийн хоолойн тавина гэж байгаа ч хоолойн эдийн засгаа мэддэг хүн ховор байна гэсэн шүүмжлэл гарсан. Асуудлаа мэдэхгүй хүмүүс хийн хоолойгоор ус дамжуулах юм шиг амархан юм ярьж, араншингаа гаргана гэв.

Эрдэмтдийн хийсэн судалгаагаар хотуудыг их орлоготой, бага орлоготой хот гэж хуваадаг байна. Монгол Улсын хувьд Улаанбаатарыг бага орлоготой, хөдөлмөрийн бүтээмж бага, хөдөө орон нутгаас ажилгүй, ядуу иргэд нүүдэллэн ирсэн хот гэж тодорхойлсон байдаг аж.  Улаанбаатар шиг бага орлоготой хотод метро барина гэсэн ойлголт яригдахгүй гэдгийг дурдсан. Нөгөө л манай эрх баригчид, улстөрчдөд эдийн засгийн тооцооллоос илүү ард түмэнд таалагдах, өөрийнхөө араншинтай уялдуулан эдийн засгийн шийдвэр гаргадаг байна.

Халхын гол-80

 

Screen Shot 2019-05-07 at 12.03.33 PM

Халхын голын байлдаан, заримдаа Номонханы хэрэг явдал гэж нэрлэгддэг түүхэн үйл явдлын 80 жилийн ой энэ онд тохиож байна.

1939 оны  5 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд болж өнгөрсөн үйл явдлын талаар оролцогч талуудын зэр зэвсэг, хүн хүч, учирсан хохиролын талаар хамгийн их тоо баримт бүхий нэгэн материал сонирхолтой байж магадгүй юм.

The-Khalkhin-Gol-Battle-1939

Уг материалд

  • Зөвлөлтийн талаас 9703 хүн амь үрэгдсэн буюу алга болж, 15952 хүн шархагдсан,
  • Монголын талаас 556 хүн түүний дотор 165 хүн амь үрэгдсэн гэжээ.

Японы тал  өөрийн цэргийн хохиролыг 8,440 хүн  амь үрэгдсэн, 8,766 хүн шархадсан гэдэг боловч Зөвлөлтийн тал 60 000 хүн амь үрэгдэж, шархадсан, 3000 хүн олзлогдсон гэдэг аж.

 

 

Hugh KENNEDY: Нүүдэлчдийн Парадокс

Screen Shot 2019-05-03 at 3.35.24 PM

 

Дайн тулааны түүхэнд зохион байгуулалт сайтай, эд материалаар баян орон ерөнхийдөө цэргийн хувьд давамгай байдаг.  Хэн цэргээ тэжээж, урамшуулж, сайн зэр зэвсэгээр хангаж, галт тэргээр тээвэрлэж, ар талыг нь дааж чадаж байна тэр орон ерөнхийдөө ялалтанд хүрдэг. Ийм дүгнэлт зөвхөн 16 дугаар зуунаас хойших үйл явдалд хамаарах байхаа.

Дээрх дүгнэлт монголчууд, хүннүчүүд, викинг зэрэг нүүдэлчдийн хийсэн дайн тулаанд тохирдоггүй.  Тэд өнөөгийн хүний нүдээр харвал баян байсангүй, нэгдсэн цэргийн зохион байгуулалттай ч байгаагүй гэнэ. Гэсэн хэдий ч тэд суурьшмал нутгийнхантай  тулалдахад ялан дийлж байсны ПАРАДОКС нь юундаа байсан бэ гэсэн асуулт гардаг.

Энэ асуултад хариулт олох зорилготой нэгэн ном гарсан байсныг Таны хүртээл болгож байна.

Зохиогч Нүүдэлчдийн ПАРАДОКС-ыг ингэж тайлбарлажээ.

  • Нүүдэлчид түргэн шуурхай хөдлөх чадвартай байсан нь гол хүчин зүйлс байсан гэнэ. Тэд дайсныгаа хол байгаа гэж бодож байхад нь гарч ирдэг, санаагүй байхад нь гэнэт бүсэлдэг, ирсэн шигээ гэнэт буцаад явчихдаг байлаа. Тэд асар өргөн уудам нутагтаа очоод амарчихдаг, дайснууд нь тэр нутаг руу орж цэрэг морио тэжээх нөхцөлгүй байдалд байсан гэж.
  • Нүүдэлчид бүгдээрээ дайчид байлаа. Харин суурин газарт цэрэг гэдэг нь мэргэшсэн хүн амын цөөнх байсан байна. Нүүдэлчид дайрч довтолсон газар нутгийнхны хүн амтай харьцуулбал тооны хувьд бага боловч мэргэшсэн гэх тухайн нутгийн цэрэгтэй харьцуулбал тооны хувьд хавьгүй их байсан гэж.
  • Нүүдэлчид зэр зэвсгийн хувьд илүү байгаагүй ч тэд нум сумыг илүүтэй үзэж, зайнаас тулалдах аргатай байсан гэж. Энэ нь тулалдааны арга тактикийг орвонгоор нь эргүүлсэн аж.
  • Нүүдэлчид дайн тулаанд шалгарсан нэгнээ цэргийн жанжин болгодог байсан. Түүний тод жишээ нь Сүбээдэй хэмээж. Тэгвэл суурьшмал нутагт туршлагагүй нэгэн жанжин болдог байлаа гэсэн байна.

Дээрх нөхцөл байдал нүүдэлчдэд цэргийн давуу байдал олгож байжээ гэсэн байна.

 

PS: Парадокс гэдэг нь толгойд багтамгүй үнэн зүйл гэсэн утгатай 

Номыг дараахь холбоосоор үзнэ үү.

Mongols-Huns-and-Vikings-Nomads-at-War

 

Screen Shot 2019-05-03 at 4.17.45 PMМонгол хааны дэргэд ажиллаж байсан нэгэн хятад иргэний 14 дүгээр зуунд урласан минатюрт Монголчууд морьдоо усалж, борддог байсан гэдгийг харуулжээ. 

 

Screen Shot 2019-05-03 at 2.55.53 PM

1942 онд хэвлэгдсэн Францын түүхийн номонд Атилла хааныг монгол малгайтай дүрсэлжээ.

Накаба Ямада “Японыг монголчууд довтолсон нь” 1916

 

Screen Shot 2019-04-29 at 11.05.53 AM

2019 оны  5 дугаар сарын 1-нээс Японд Эзэн хааны REIWA шинэ тоолол эхлэх гэж байна. Эзэн хаан Акихито өөрийн том хүү Нарухитод хаан ширээгээ өгснөөр Японы 126 дахь шинэ эзэн хаан тодроно.

Энэхүү томоохон үйл явдалтай холбогдуулан Монгол, Японы түүхэнд холбогдох нэгэн номыг олны анхааралд хүргэмээр санагдав.

Япон улсын түүх арвин. Түүхийн нугачаанд японы ард түмэн элдэв зовлон бэрхшээлийг  туулсан байдаг. Орос, Хятадтай олон ч жил, олон ч удаа дайтаж ялан дийлж Ази тивд нөлөөтэй том гүрэн болсон билээ.

Япон хүчирхэг орон болоход японы түмний дотоод сэтгэлийн их хүч чухал байсан хийгээд тийм хүч бий болоход 13 дугаар зууны Монголчууд үүрэг рольтой байсан бололтой юм.

Энэ талаар Накаба Ямада гэгч эрхэм “Японыг монголчууд довтолсон нь” гэсэн номондоо дэлгэрэнгүй дурдаж 1916 онд англи хэл дээр хэвлүүлжээ. Энэхүү ном ховорхон хийгээд түүхийн чухал эх сурвалж болдог байна.

Энэхүү номыг унших сонирхлыг өдөөх үүднээс ганц нэг санааг ишлэв.

  • Хубилай хааны дэргэд газар газрын элч төлөөлөгчид ажиллаж байсны дотор Солонгос эмч Чой-И гэгч байж. Эмч гэдгээс илүүтэй газар газрын сонинг үзэж харсан гэдгээрээ хааны ордонд нэртэй нэгэн байсан гэнэ. Хубилай хаан түүнээс Японы талаар сонирхож асууж байсныг дорхи зургаар харуулжээ. Хааны дэргэд Марко Поло сууж байна гэсэн тайлбартай юм.

Screen Shot 2019-04-29 at 10.28.02 AM

  • Хубилай хаан Японыг хоёр ч удаа том хүчээр довтолсон байдаг. Аль аль нь бүтэл муутай болж. Япончууд дотоод сэтгэлийн их хүчтэйгээр монголчуудтай тулалдсан аж. Дээр нь монголчуудын довтолгоог Байгаль дэлхий ч таалаагүй. Далайн их хар шуурга дэгдэж хөлөг онгоцуудыг нь живүүлжээ. Тэнгэр монголчуудыг биш, Японыг ивээжээ. Энэ нь тухайн үеийн япончуудад аугаа их дайчин чанар бэлэглэсэн байна.

Screen Shot 2019-04-29 at 10.27.03 AM

 

Японыг монголчууд довтолсны дараа Японы нийгэмд Хүн бүр хичээвээс Байгаль дэлхий ивээдэг гэсэн бат итгэл үнэмшил тогтож Японы нийгэм хөгжин дэвжих их дотоод эрч хүчтэй болсон гэж байна шүү.

 

Номын эх хувийг дорхи холбоосоор үзнэ үү.

Ghenko-The-Mongol-Invasion-of-Japan-by-Yamada-Nakaba-1916-ILLUSTRATIONS-MAPS

 

Торгоны замд хөрөнгө оруулах Зааварчилгаа. ЮНКТАД 2009

Нэгэн зүйл.

Олон олон зууны тэртээгээс  Ази болон Европ тивийг холбосон  худалдаа наймааны зам бий болж тэр нь баруун тийш сунасаар   Газрын дундат тэнгис, зүүн тийш Солонгосын хойг, Япон хүрч байжээ. Уг замаар дамжин Өрнө болон Дорнын их соёл сүлэлдэж байлаа.

Янз бүрийн орны зүсэн зүйлийн үндэстэн, овог аймаг, хаадын тэмцэл дор энэхүү зам нь нэг биш удаа жим болон жижгэрч мөр нь бүдгэрч байсан бололтой юм.  Харин Их Монгол улсын тогтоосон Монголын энх амгалан (Pax Mongolica)-ийн үед энэхүү зам тогтвортой өргөжин хөгжсөн байдаг.

Эртний торгоны зам

Screen Shot 2019-04-26 at 8.58.05 PM

Түүхэнд домог болсон энэхүү замыг олон оронд “Торгоны зам” хэмээдэг. “Торгоны зам” хэмээх нэр (“Seidenstraße” and “Seidenstraßen” = “Silk Road) анх 1877 оноос яригдсан гэх бөгөөд зохиогч нь Фердинанд вон Рихтофен гэдэг Германы газар зүйч эрдэмтэн юм.

Screen Shot 2018-01-02 at 7.42.44 PM

“Торгоны зам” гэх нэршил Хэр зөв бэ гэдэг талаар одоо ч маргаан байдаг юм. Японы эрдэмтэн Хисау Мацуда энэ замаар голчлон “торго-морины наймаа”  явагдаж байсан хэмээгээд зөвхөн “Торгоны зам” гэж нэрийдэх нь алсдаа талын нүүдэлчдийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг ролийг мартагнуулж магадгүй гэжээ.

Screen Shot 2018-01-02 at 7.41.25 PM

Нэгэн зүйл.

Энэ өдрүүдэд Бээжин хотноо “Бүс, замын форум” болж байна.  37 орны төрийн тэргүүнүүд очсоны дотор Монгол Улсын Ерөнхийлөгч байгаа.

Хятадын дарга Си Жинпин 2013 онд “Нэг бүс, Нэг зам” нэртэй стратегийг анх зарласан. Ингэхдээ эх газрын болон далайн шинэ Торгоны  зам байгуулах зорилгоо гаргасан нь Бээжингийн том стратеги байлаа.

Энэ явдлаас хавьгүй өмнө 2009 онд НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох ЮНКТАД Эртний торгоны замын орнуудад хэрхэн хөрөнгө оруулалт хийх тухай зааварчилгаа гаргаж байсан байдаг. Асар их мэдээлэл дотроо агуулсан, Бээжингийн шинэ торгоны зам стратеги зарлагдахаас өмнө бичигдсэн  болохыг анхаарна бизээ.

2013 онд зарласан Бээжингийн “Нэг бүс, Нэг зам” хэмээх стратеги нэршлийн хувьд шүүмжлэл дагуулж байсан учир  энэхүү стратегиа “Бүс, замын санаачилга” нэртэй болгосон.

Бээжинд энэ өдрүүдэд болж байгаа форумтай холбогдуулаад ОУВС-ийн захирал Лагард “Дэлхийн улс орнуудад зам харилцаа,  дэд бүтэц ихээр ДУТАГДАЖ байгаа тул Хятадын санаачилгыг дэмжиж байна” хэмээв.

Гэвч тэрбээр ийм том санаархлыг санхүүжүүлэх эх үүсвэр ДУТАГДАЖ байгаа тухай ярьсангүй.

Бүс, замын санаачилга дэлхийн 60 орчим улс орнуудад их л хүлээлт бий болгосон. Бодит хөрөнгө оруулалт нь бага байна гэсэн дуу хоолой сонсогдож байна. Тэрч байтугай Япон чимээгүй хэрнээ гадаадад хамгийн их хөрөнгө оруулалт хийснийг “Японы чимээгүй бүс, зам” гэж зарим хэвлэлд нэрлэсэн харагдана.

Япон, Хятадын гадаадад хийсэн шууд хөрөнгө оруулалтыг харьцуулсан нь. WSJ

Screen Shot 2019-04-26 at 8.46.05 PM

 

2016 онд Хятад Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкыг Азийн хөгжлийн банктай  өрсөлдөхөөр байгуулсан. Өнгөрсөн хугацаанд  АДБХӨБ 6,4 тэрбум $ зээл гаргасан байдаг. Гэтэл энэ хугацаанд АХБ 34,8 тэрбум $ зээл олгожээ.

Бээжингийн стратеги дотор Хятад, Монгол, Оросын эдийн засгийн корридор байгуулах асуудал багтаж байгаа.

Одоохондоо энэ бол улс төр төдий. Бизнес талаасаа үр ашигтай төсөл гаргах тун хэцүү. Энэ асуудлаар Орос, Хятадын сонирхол тэр болгон нийцэхгүй байгаа. Тэгээд ч 3 сая хүн амтай Монгол улс,  Сибирь болон Алс Дорнотод 6,5 сая хүнтэй Орос улс нийлээд 10 сая хүрэхгүй байгаа нь бизнес  талаасаа хөрөнгө оруулагчдын сонирхол татах нь юу л бол гэж бодож болохоор байна.

Хятад “Бүс, замын санаачилга” стратегидаа тохируулга хийж  илүү оновчтой болгох алхам хийнэ гэсэн дуу хоолой форумын индрээс сонсогдож байна.

Цаашдын өрнөлийг харах үлдлээ.

PS:

Торгоны замд хөрөнгө оруулалт хийх зааварчилгааг дорхи холбоосоор үзнэ үү.

Investment-Guide-to-the-Silk-Road-UNCTAD-2009

Хот түшиж Эдийн засаг өснө

 

Сэтгүүлч У. Сарангэрэл эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб дээр тавьсан миний лекцтэй холбогдуулан ярилцлага хийж “Үндэсний шуудан” сонинд гаргасанд талархаж байна. Бага зэрэг засвар хийж, лекцийн үеэр хэрэглэсэн презентациас зарим слайд орууллаа.

М.Энхсайхан.   2019.04.25

 

Screen Shot 2019-04-25 at 12.55.31 PM

-Таны эдийн засгийн сэтгүүлчдэд тавьсан хотын эдийн засгийн тухай лекц сонирхолтой санагдсан. Та лекц бэлдэхдээ Оксфордын их сургуулийн материалд түшиглэсэн гэж ярьж байсан. Ер нь хотын эдийн засгийг хэрхэн хөгжүүлэх ёстой вэ?

-Хотын захиргаа хот хөгжүүлэхээр ямар нэгэн санаачилга гаргавал хөдөлмөрийн бүтээмж хэрхэн нэмэгдэх вэ гэдэг шалгуурыг харах ёстой. Миний харж байгаагаар хот бараа, бүтээгдэхүүн ачиж, буулгадаг төмөр замын бүстэй болмоор санагддаг. Өнөөдөр зөвхөн Гурвалжингийн гүүрэнд контейнер ачиж, буулгадаг. Үүнтэй адилхан ачдаг, буулгадаг төмөр замын бүс байгуулаач ээ, гэдэг саналыг би хотын захиргаанд тавьсан.

Тэгээд тэр бүс дээр экспортын үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг нүүж очооч гэж хэлээд байгаа юм. Компаниуд бол дуртай нүүж очно. Яагаад гэвэл үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ вагонд ачаад явуулахад амар болно шүү дээ. Эдийн засагт ч ашгаа өгнө. Бас импортын бараа оруулж ирдэг бүс байгуулах нь зөв шийдэл гэж бодоод байгаа юм. Ер нь хот түшиж эдийн засаг өсдөг.

Дээрээс нь хотыг хэтэрхий их төлөвлөж болохгүй. Хамгийн ойрын жишээ гэвэл Хятадын эдийн засаг сайжирч, томоохон хотуудыг байгуулсан боловч тэнд нь суух хүн олдохгүй болчихсон.Одоо Хятадад 65 сая орон сууц эзэнгүй байна.

Тиймээс төлөвлөлтөөс илүү хөдөлмөрийн бүтээмж дээр тулгуурлаж, хот хөгжих ёстой гэж хэлээд байгаа юм. Бидний гол алдаа бол “Зах зээлийн үл үзэгдэгч гар”-ыг ашиглахгүй байгаад байгаа юм. “Зах зээлийн үл үзэгдэгч гар” гэдэг зүйлийг ашиглахгүй бол уул уурхай түшсэн хотжилт цаашдаа явахгүй байдалд хүрнэ. Уул уурхайн орлого түшсэн хотжилтоос газар, үл хөдлөхийн үнэ цэнэ дээр түшсэн хотжилт нь зөв санаа.

-Манайд бас зарим зүйлийг хэт төлөвлөдөг. Жишээ нь, орон сууц байна. Өнөөдөр дөрвөн мянга орчим орон сууц эзнээ хүлээгээд хоосон хэвтэж байгаа. Тэрийг нь худалдаж авах чадалтай хүмүүс ховор байна шүү дээ. Энэ юутай холбоотой гэж та бодож байна вэ?

 

Screen Shot 2019-04-25 at 12.41.09 PM

-Банкууд хэзээ ч ипотект хөрөнгө гаргаж байгаагүй. Арилжааны банкаар дамжуулаад Монголбанк л мөнгө гаргаж байсан. Монголбанк мөнгө гаргана гэдэг чинь төгрөг үйлдвэрлэж байна гэсэн үг.

Барилгын компаниуд орон сууц барихын тулд банкнаас авсан зээлээ ам.доллар болгоод урдаас материал авдаг. Өөрөөр хэлбэл, валютын нөөцөө ипотект зарсаар байгаад улс орон уначихсан шүү дээ. Тэгээд өрөнд орсон.

ОУВС Монголбанкыг ипотек санхүүжүүлдгээ зогсоо гэдэг шаардлага тавьсан. Тэр бол зөв шийдвэр. Сүүлийн үеийн мэдээгээр дөрвөн мянган орон сууц зарагдаагүй байгаа юм билээ. 30 мянган орон сууц дутуу баригдсан байгаа. Иргэдэд нь мөнгө байхгүй. Ингээд ипотек зогсохоос өөр аргагүйд хүрч маш жижигхэн болж хувирсан. Хотын хөгжилд шинээр хандахгүй бол болохгүй гэдгийг ипотекийн өнөөдрийн нөхцөл байдлаас харж болно.

Хүмүүс ингэж бодсон. “Тэртээ тэргүй орон сууцаа зараад банкны зээлээ төлнө” гээд л авчихсан. Гэтэл эдийн засгийн хямрал давхцаад орон сууцны үнэ доошоо унаад эхэлсэн.

Зээл нь тэр хүнд дарамт болж хувирсан. Дагаад банкууд нь хүндэрсэн. АНУ-д энэ үзэгдэл 2005 онд болсон. Үүнийг “Үй олноор сүйтгэх санхүүгийн зэвсэг” гээд олон жилийн өмнө нэрлэчихсэн юм. Би энийг нэлээд дээр үед анхааруулж л байсан. Гэхдээ өнөөдөр ипотекийн зээл, уул уурхай түшсэн орлого, цуглуулсан валютын нөөцөө цацдаг асуудал байхгүй болчихсон учраас хотын хөгжлийг шинээр бодож олохгүй бол болохоо байж ээ гэдэг талаас нь үүнийг хэлээд байгаа юм.

-Хотын хөгжилд таван төрлийн “хавх” тээг болдог гэж та хэлсэн. Тодруулбал, хэт шавааралдан түгжрэх хавх, газар өмчлөлийн сул эрхийн хавх, дэд бүтцээ босгоогүй суурьшуулах хавх, албан бусын хавх, гадаадад зарах барааны өндөр өртгийн хавх гэх мэтчилэн. Эдгээр хавх манай Улаанбаатарт бүгд байх шиг байна. Тийм үү?

 

Screen Shot 2019-04-25 at 12.43.26 PM

-Тийм. Хэт шавааралдан түгжрэх хавх гэдэг нь нутагтаа ажиллаж, амьдрах аргагүй болоод хот суурин газар бараадан ирсэн хүмүүсийн нүүдлийг хэлж байгаа юм. Тэд хотод ирээд орон сууц худалдаж авч чадахгүй учраас гэр хорооллыг үүсгэнэ. Үүнийг хэт шавааралдан түгжрэх хавх гэж нэрлээд байгаа юм. Хоёрдугаарт, газар өмчлөлийн сул эрхийн хавх. Жишээлбэл, Улаанбаатарт газар өмчилсөн хүмүүст нэг зовлон бий.

Хэзээ ч хураан авч мэднэ. Тодорхой хугацаа өгнө. Байшин сав барихгүй бол хурааж авна. Газар өмчлөгч газраа хураалгахгүйн тулд хашаа татна. Ямар ч хамаагүй байшингийн суурь цутгадаг ч байшингаа босгож чаддаггүй. Газар өмчлөлийн сул эрхээс болж энэ мэтээр газраа үнэгүй болгочихдог. Газрын зөвшөөрөл өгөхдөө юу барихыг нь асуудаг. Гурван давхар байшин дэлгүүрийн зориулалттай гээд авчихсан хүнд зургаан давхар эмнэлэг барих боломж гарч ирдэг.

Гэвч өөр зориулалтаар авчихсан учраас боломж нь хумигддаг. Өөрөөр хэлбэл, газар өмчлөлийн эрх нь сулраад байдаг. Нэг талаас газар өмчлөгчид нь газраа ашиглаж чаддаггүй. Нөгөө талаас төр нь өмчлүүлж өгсөн газраа авч болдоггүй энэ хөгийн байдлыг сул эрхийн хавх гэж нэрдээд байгаа юм. Бид энэ хавханд уначихаад байна.

Би хотын захиргааныханд ярихдаа зориуд ард нь улаанаар тэмдэглэсэн юм. Учир нь мөнгөгүйгээр асуудлыг шийдэх гарц байж магадгүй гэсэн дохиог илэрхийлсэн. Гурав дахь нь дэд бүтцээ босгоогүй суурьшуулдаг хавх. Хятад ийм замаар яваагүй. Дэд бүтцээ барьж цахилгаан, усаа шийддэг. Тэгээд газруудаа зараад явдаг. Ингэхгүйгээр суурьшуулчихаар хэцүү. Дэд бүтэц татах гэхээр бусдын өмчилж авсан газар руу орчих гээд байдаг.

Хурааж авах боломжгүй. Ингээд дэд бүтцээ босгоогүй суурьшуулах хавханд унадаг. Манайд ийм жишээ олон. Дөрөв дэх нь албан бусын хавх. Эдийн засаг албан, албан бус сектортой. Албан бус нь татварт өртдөггүй, ер нь бол сүүдрийн эдийн засаг. Гэр хороололд ямар нэг дэлгүүр, жижиг аж ахуй эрхэлж байгаа хүмүүс томрох бололцоогүй болчихдог. Томрох бололцоогүй учраас банк, татвартай харилцах ямар ч сонирхолгүй.

Тэгээд асар том сүүдрийн эдийн засаг үүсгэдэг. Энэ нь хот өөрөө зохицуулалт хийхгүй яваад байгаагийн хар гай юм. Ер нь бол нэг зүйлийг ойлгох ёстой. Хотын хөгжил бол УИХ, Засгийн газрын асуудал гэж ойлгох хэрэгтэй. Хотын хөгжил бол хотын захиргааны асуудал гэж харж болохгүй. Тэгвэл мухардчихна. Гэхдээ хотын засаг захиргааны өндөр идэвх шаардах асуудал.

Тэд санаачилга гаргадаг, тэрийг нь УИХ, Засгийн газар дэмжиж явах ёс-той юм л даа. Түүнчлэн хотод иргэдийн оролцоог өндөр хангаж өгөхгүй бол болохгүй. Мэдээлэл бүхий иргэд бий болохоос нааш хот ажлаа хийхэд хэцүү гэж бий Хотын захиргааныханд хэлсэн.

-Та бас дунд орлогын хавхнаас эдийн засаг нь хөгжсөн орнууд гарч чаддаггүй гээд Хятадыг жишээ болгон ярьж байсан. Яагаад гарч чаддаггүй юм бэ?

-Би Хятадын томоохон эдийн засаг хариуцсан хүмүүстэй нь уулзсан юм. Тэд юу хэлж байсан бэ гэхээр манай эдийн засаг хавханд орчихлоо гэж ярьж байсан. Дунд орлогын хавх гэж байдаг гэнэ ээ. Үүнд Хятадууд орчихсон байгаа юм. Нэг хүнд ногдож байгаа ДНБ 10 мянган ам.доллар хүрэхээр эдийн засаг өсөж, дундаж давхаргынхны орлого өсөөд ирдэг. Ингээд дунд орлогын хавханд уначихдаг.

Нэг хүнд ногдох ДНБ Монголд 4 мянга, Хятадад 10 мянга, Орост 10 мянга байгаа. Дунд орлогын хавханд орчихоор эдийн засгаа цааш хөгжүүлэхэд асуудал гарч ирдэг. Гаднын хөрөнгө оруулалт орж ирдэггүй. Гайгүй орлоготой болчихоор хүмүүсийн цалин өсчихдөг. Жишээ нь, Хятадын ажилчдын цалин сүүлийн таван жилд хоёр дахин өссөн. Өмнө нь Хятадад хямд ажиллах хүчийг нь харж гаднын хөрөнгө оруулагчид орж ирж байсан бол орохоо больчихсон. Ажилчдынх нь цалин өндөр, тоолуур өндөртэй хурдны зам нь өртөг их шаарддаг гэх мэт олон асуудал үүссэн. Нэг талаас нь харахад хөгжил ирсэн юм шиг мөртлөө урагшилж, тэлж чадахаа больчихсон. Үүнийг хавх гээд байгаа юм.

Энэ хавхнаас гарах их хэцүү юм билээ. Дэлхийн банкны судалгаагаар жараад онд хавханд орсон 101 орноос 40 жилийн дараа 13 орон дундаас өндөр  орлоготой болж хувирсан байгаа юм. Тэгэхээр улс орнууд дунд орлогын хавхнаас гарахад хэцүү юм байна.

 

-Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Майдар хот” байгуулахаар болсон. Энэ төсөл хэрэгжсэнээр Ази тивдээ анх удаа эко хот болно гэж байгаа. “Майдар хот” байгуулах нь хэр зөв санаа вэ?

-Аль нэг хүний хүсэл, зоригоор элдвийн хот байгуулах гэж оролдвол буруу. Би Ордосын Кан баши хотод хэд, хэдэн удаа очсон. Тэнд очоод барилга, байгууламж, хөшөө дурсгалыг нь үзвэл Монголын түүх бүхлээрээ байдаг. Маш гоё. Гэхдээ тэр хотод хүн бага, сүнстэй хот гэдэг.

Бас ЮНЕСКО-д бүртгэгдсэн Латин Америкийн Brasilia гэж хот байдаг юм. Энэ хот төлөвлөлт сайтай гээд ЮНЕСКО-д бүртгэгдсэн байдаг. Гаргасан зардал их ч бодсон хэмжээгээр нь хүмүүс ирж суурьшаагүй. Хотод суурьшина гэдэг бол хэн нэг хүний зааснаар суудаг юм биш.

Майдар бол яахав хөшөө нь гоё байх л даа. Миний хэлэх гээд байгаа санаа бол төлөвлөлт хэрэгтэй. Бас тэнд ямар үйлдвэрлэл байх юм, тэр нь хөдөлмөрийн бүтээмж хэр байх вэ гэдгийг харах нь чухал.

Хөдөлмөрийн бүтээмж дээшлэх замаар улс орон хөгжинө.

Хөдөлмөрийн бүтээмж дээшлэх замаар хотжилт явагдана.

-Багануур дүүрэгт оюутны цогцолбор хотхон барих асуудлыг олон жил ярьж байгаа. Санхүүжилт нь тодорхой хэмжээнд ший-дэгдсэн гэдгийг холбогдох албаныхан хэлдэг. Ер нь хотын алслагдсан дүүрэгт оюутны цогцолбор барих асуудлыг та юу гэж харж байгаа вэ?

-АНУ, Европ, Хятадад хотжилт явж байгаа процесс Африк, Монголд явж байгаа процесс хоорондоо ижил биш. Бүтээмжтэй холбоотой учраас. Хөгжилтэй орнуудад оюутны байр барихдаа мөнгөө шийдээд шинжлэх ухааны бааз байгуулах маягаар явдаг. Харин манайх тийм зүйл хийж чадахгүй. Ний нуугүй хэлэхэд бидэнд тийм мөнгө нь байхгүй.

МУИС-ийн оюутны байрыг хотоос алслагдсан дүүрэгт барихаар болбол оюутнуудын сургалтын чанар доошоо унах д байх. Интернеттэй холбогдож чадахаа болино. Хүмүүстэй холбогдож чадахаа болино. Ер нь оюун ухааны бэлтгэл хангах дэд бүтцийн нөхцөл байхгүй учраас доош нь унагааж байгаа хэрэг.

-Хэдэн жилийн өмнөөс л метроны замыг хотын төвөөр газар доогуур 20 метрийн гүнд, хотын захаар газар дээгүүр буюу гүүрэн хэлбэрээр ил барина гэж төлөвлөсөн. Гэвч энэ ажил одоо болтол эхлээгүй. Манайд метро барих нь хэр зөв шийдэл вэ?

-Оксфордынхны өгч байгаа зөвлөгөө дээр хотуудыг их орлоготой, бага орлоготой хот гэж хуваадаг юм. Манайх бол бага орлоготой хотдоо орно. Яагаад гэхээр хөдөлмөрийн бүтээмж бүрдээгүй өөрсдийгөө ядуу гэж хэлэхэд хэцүү ядуу хүмүүсийн нүүдэл хүрч ирээд хот байгуулсан. Тэгэхээр бага орлоготой хотод метро байгуулах асуудал байхгүй шүү дээ. Бүр метро байгуулна гэж ярьж байгаа яриа нь хотын хөгжлийг алж байгаатай адилхан. Яагаад гэвэл сэтгэлгээг буруу тийш нь залдаг. Бид Америк, Европоор сэтгэх гэж оролдоод зорилгодоо хүрч чадахгүй дуусаж байгаа юм.

ТОМООХОН МЕГА ТӨСЛҮҮД ДЭЭР “АРАНШИНТ ЭДИЙН ЗАСАГ” ИЛРЭЭД БАЙДАГ ЮМ 

-Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайтын 267 км төмөр замаас өмнө Тавантолгой-Зүүнбаянгийн 414 км төмөр замыг цэргүүдээр бариулах шийдвэрийг гаргаад байгаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Эдийн засгаас илүү нийгмийн тооцоолшгүй үр ашигтай. Хүмүүс аймаг дамжин шилжиж, солилцоо бий болно. Цус ойртолтод нөлөөлөх, улсын тусгаар тогтнолтой холбоотой, ач холбогдолтой зам” гэж тайлбарласан. Үүнийг олон нийт “Нөхөн үржихүйн төмөр зам” гэж яриад байгаа. Үүн дээр та ямар байр суурьтай байна?

-Төмөр зам зөвхөн далан шороо биш. Дээр нь рельс төмөр тавина. Төмөр дээр төмөр дугуйтай эргэнэ гэдгийг тооцох ёстой юм. Том төсөл хэзээ эхэлдэг вэ гэхээр бүтэн бодож дууссаны дараа эхэлдэг. Мегатөсөл хийхдээ  “Эхнээс нь төгсгөл хүртэл бод” гэдэг шүү дээ. Ингээд эхнээс нь төгсгөл хүртэл бодчихсон зүйл дээр хөрөнгө, мөнгө гаргаж төслийг эхлүүлдэг.

Гэтэл манайд эхнээс нь төгсгөл хүртэл бодсон зүйл байхгүй. Төмөр зам өөрөө тээврийн эдийн засаг. Түүнд юу тээвэрлэх гээд байгаа юм бэ гэдгийг бодох ёстой. Нэг зүйлийг онцлон хэлэхэд ерөнхий эдийн засгаас илүү “Араншинт эдийн засаг” гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй болж байна. Хүний эрүүл ухаанаас биш араншингаас хамаардаг эдийн засаг гэж байдаг юм. Ялангуяа том төсөл, хөтөлбөрүүд эрүүл ухаанаар бус араншингаар удирдагдаад байдаг тал бий.

Сүүлийн төмөр зам дээр гарсан яриа бол хүний араншин гарч байгаагаас биш эрүүл ухаан гарч байгаа юм биш байхгүй юу. Цус ойртолт гэж балайрна гэдэг бол араншин л даа.

“Араншинт эдийн засаг” гэдэг зүйл байдаг юм байна гэдгийг анх ярьсан хүмүүс нь хэдхэн жилийн өмнө Нобелийн шагнал авсан шүү дээ. “Араншинт эдийн засаг” томоохон мега төслүүд дээр илүү тодрон гарч ирдэг.

Сэтгэл хөдлөлөөр худлаа зүйл ярьцгаадаг . “Араншинт эдийн засаг” гэдгээ ялгаж, салгаж яривал арай шинжлэх ухаан ч сонсогдоно. Тиймээс манай улс макро эдийн засаг олон жил ярьж байгаа ч микро эдийн засаг руу орж асуудлыг гүнгийрүүлэн ойлгох өгөх хэрэгтэй байгаа юм.

-Өмнөговийн Ханбогдод зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барихаар болсон. Энэ үйлдвэр жилд нэг сая тонн баяжмал боловсруулах хүчин чадалтайгаар 2020 он гэхэд ашиглалтад орно төлөвлөж байгаа?

-Зэсийн үйлдвэр барихад хамгийн том технологийн асуудал бол асар их хэмжээний хүхрийн хүчил ялгардаг юм. Жишээлбэл, манай “Эрдэнэт”, “Оюутолгой”-н зэсийг хятадууд түүхийгээр нь аваад боловсруулж байгаа шүү дээ. Тэд хүхрийн хүчлээ хаашаа хийхээ мэдэхээ байчихсан. Том том саванд хүхэр хийж хадгалаад л байдаг.

Хүхрийн хүчлийг бусад химийн бодистой хольж байж газар тариалангийн бордоо болгож хувиргадаг. Тэр процесс нь маш удаан явж байгаа. Тиймээс манайх эхлээд технологийн асуудлаа шийдэхгүй бол цэвэр зэс гаргаж авна гэж ярих бол амархан шүү дээ. Гаргасан хүхрийн хүчлээ яах уу. Говийн нутгууд руу булах уу.

Хадгалах сав байх уу зэрэг асуудлаас болоод өртөг, зардлууд нь хамаагүй өндөр болно. Тэгэхээр бид зэсийн үйлдвэр барих гэж зүтгэх нь зөв үү, гэдэг асуудал үүснэ. Ингээд зөв, буруу гээд л улс төр болоод явчихдаг нь төвөгтэй л дөө. Хамгийн гол нь хүхрээ дараагийн боловсруулалт оруулах чадалтай л байх хэрэгтэй.

-Тавантолгойд 300 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих асуудлыг мөн ярьж байгаа. Тавантолгойн цахилгаан станцыг 2023 оны зургаадугаар сард ашиглалтад оруулна гэж байгаа. Цахилгаан станц баригдах нь манайд ямар ашигтай вэ?

-Цахилгаан станц дээр цахилгааны эдийн засгийн бизнес гэдэг зүйлийг ярих ёстой. Жишээлбэл, зэсийн баяжмалын үйлдвэр зэсээ гаргаад, баяжмалаа хийгээд хүн авахгүй бол агуулахад хадгалж болно шүү дээ. Тэгээд зах зээлд хэрэгтэй болбол агуулахаасаа зарж, борлуулж болно. Цахилгааныг хадгалж болдоггүй. Цахилгааныг үйлдвэрлээд гялгар хүүдийнд хийгээд хадгалдаг бол хамаа байж уу.

Тэгэхээр цахилгаан станцын бизнес дээр хамгийн том шаарддаг зүйл нь юу вэ гэхээр мотороо асаалаа, цахилгаанаа гаргалаа Хэн хэрэглэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хэн хэрэглэхээс хамаараад цахилгаан станц дээр мөнгө босгодог. Тавантолгой цахилгаан станц төслийн хэрэглэгч нь Оюутолгой.

“Рио Тинто”компани Засгийн газар хоёр нийлээд цахилгаан станц барих гэрээ байгуулсан нь Цахилгаан станцын цахилгааныг худалдан авагч нь ОТ гэдгийг баталгаажуулсан.  Гэтэл хэдэн популистууд гарч ирээд нөгөө гэрээг нь хүчингүй гээд  зарлачихсан.  Одоо тэгээд дахиад гэрээ байгуулах шаардлага үүсчихээд явж байна. Дахиад гэрээ байгуулахдаа өмнө нь хийж байсан нөхцөлүүд нь буураад явчихсан байдалтай байгаа.

 

Төрөө шатаах тоглоомд том үүрэг гүйцэтгэдэг нь Ерөнхийлөгчийн институци

 

1140FE09-8BA5-4D5F-8994-6DB901AD93F3

Экс Ерөнхий сайд М.Энхсайхан “Эрдэмтэд, сэтгүүлчдийн клуб”-ын урилгаар Төрийг урлах сэдвээр лекц уншсан тухай “Ардчилал таймс” сонин өмнө нь мэдээлсэн. Лекцийн дараа “хөшигний ар”-д өрнөсөн яриаг үргэлжлүүлэн хүргэж байна. М.Энхсайхан сонсогчдын асуултад ийнхүү хариуллаа.

Screen Shot 2018-10-20 at 11.57.36 AM

-Одоо төр удирдаж байгаа хүмүүс нийгмийн бухимдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. Шинэ үеэ хэрхэн бэлтгэх вэ?

-Бид шинэ нийгэм рүү шилжиж ороод, дэлхийг таньж мэдээгүй, алдаж онож явж байгаа. Дараачийн үеэ бэлтгэх ухаан байхгүй тавиад туучихсан байхгүй юу. Түүн дээр биднийг буруутгаж болно. Яагаад гэхээр бид өөрсдөө мэддэг юм бас байхгүй байсан. Одоо бид тодорхой түвшинд хүрсэн учраас эргээд шинэ үеэ сайн бэлтгэх хэрэгтэй байна. Шинэ үе одоо бараг ирж яваа байх гэж бодож байна.

Тэдэн оноос хойш шинэ үе гэж ялгахад хэцүү шүү дээ. Улс үндэстнийг устгах шилдэг арга сэхээтнийг нь устгах байдаг. Сэхээтний давхарга яасан гэхээр манжийн үед алтан ургийнхныг устгасан. Дараа нь коминтерний үед хэлмэгдүүлээд, үлдэгдэл дээр нь байгаа мань мэт нь сэхээтэн болох гээд үйл тамаа үзээд явж байгаа. Өөрсдийгөө сэхээтэн гэж ойлгож байгаа юм дуулсан улсууд хүчээ нэгтгэж босч ирэх учиртай. Түүнээс биш энд тэндээс хүн хүлээгээд байж болохгүй. Сэхээтнийг устгаж байж үндэстнийг устгадаг гэж үздэг хоёр том гүрний хавчуурганд үрэгдсэн улс байхгүй юу, бид. Социализмын үед ч сэхээтний төөрөгдөл гэх мэтээр үе үе “цавчаад” байсан шалтгаан юу гэхээр бидний бие даах чадамжуудыг унагаж байсан хэрэг. Үлдээд байгаа сэхээтнүүд нь хүчээ нэгтгэх учиртай.

-Өмнө нь төр барьж байсан улсуудаа буруутгаад байгаа мөртлөө одоо байгаа улсууд нь өмнөхөөсөө өөр гэдгээ харуулж чадахгүй. Яг яах гээд байгаа нь тодорхойгүй. Бүрхэг байдал үүсээд байгаа юм биш үү?

-Асуудал хүндээ бус тогтолцоо олон юманд бий. Өөрсдийгөө сэхээтэн гэж үзэж байгаа хэсэгт эхлээд гэгээ авчрах хэрэгтэй гэж үздэг. Миний жиргээг та бүхэн хардаг бол сэхээтнүүд сэр гээд л бичээд байгаа. Яагаад тэгж бичээд байгаа гэхээр өөрийгөө сэхээтэн гэж тоож байгаа хүмүүс босч ирэхгүй л бол болохгүй нь ээ. Нийгэм давхаргатай байх нь гарцаагүй. Тасарсан бүлэг улс байдаг юм аа гэхэд дунд давхарга байж таараа. Доод давхарга байж таараа. Сэхээтнүүд нь бүгд хаалгаа түгжээд чих амар, хоол хүнсээ аваад, гэр лүүгээ ороод суудаг болсон. Тэр бол дэлхий нийтийн үзэгдэл. Тэр давхарга босч ирэхгүй бол доод давхаргадаа идэгдээд дуусахаас биш яах юм. Та нар сэрэхгүй бол өөрсдөө ч, улс нь ч дуусах нь байна гээд орилоод байгаа шүү дээ. Намайг зарим нь ямар гэмт хэрэг хийчхээд сандраад байгаа юм гэдэг. (инээв)

-Сэр гэхээр зарим нь тэмцэх дайтах гээд ойлгоод байдаг?

-Би бол өөдрөг байгаа. Монголын нийгэм маш зөв зам дээр гарсан. Ихэнх хүмүүс завгүй гүйж байна. Ер нь дэлхийн дундаж үзүүлэлт байдаг. Жагсаал цуглаанд хамрагдагсдын тоо эдийн засгийн үзүүлэлттэй холбоотой байдаг. Оксфордынхон нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 2700 -гаас доош байвал тогтворгүй байдал үүсч, жагсаал цуглаан тэмцэл хөдөлгөөн өрнөнө гэж тодорхойлсон. Тэр үзүүлэлтээр баримжаалж хараад, манайд бол олныг хамарсан жагсаал болохгүй юм байна гэж үзэж байгаа. Гэхдээ жагсаалыг хүчээр зохион байгуулж болно. Хэр барагтай юман дээр цуглахгүй, жагсахгүй байна гэдэг нийгэм эрүүл байгаагийн шинж. Хүмүүс жагсах цуглах завгүй гүйлдээд байна. Гэхдээ тэр завгүй гүйлдээд байгаа хүмүүс хаалгаа түгжээд, амиа хичээж суудгаа боль.

-Өөрөө сайт ажиллуулдаг юм байна. Сайтаар яаж мөнгө олох вэ?

-Сайтаар мөнгө олно гэж байхгүй. Би Pax Mongolica гэдэг сайт ажиллуулж байгаа. Гадаадын компаниас домэйн нэр авсан. Тэднийг рекламтай нь холбосон. Миний сайт сайн ажиллаад байвал тэд реклам явуулах эрхтэйгээр холбосон юм. Одоо эргээд балансаа харсан чинь нэг долларын орлоготой явж байна. Сайтаар мөнгө олох гэхээсээ гэгээ түгээх зорилготой.

-Та бас энд тэнд дуудагдаад байгаа. Ардчиллыг авчирсан хүмүүс ч бас төрийн мөнгөнөөс шамшигдуулсан юм биш байгаа гэж эргэлзэхээр үйл явдлууд өрнөлөө. Яг юу болоод байгаа юм бэ?

-Надаас олон юм асуухгүй байгаа. Тавантолгойн гэрээ байгуулах гээд зүтгэсэн ч энэ гэрээ дэмжигдэхгүй, уначихсан шүү дээ. Түүнийг нөгөө талаас Хятадад зуун жилээр үнэгүй өгөх гэсэн энэ тэр гээд балайраад байдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ ямар ч тийм юм байхгүй юм чинь. Ерөнхийлөгч өөрөө “Шалгаад аль” гээд байхаар нөгөөдүүл нь хөөрхий шалгасан болохгүй бол болохгүй. Намайг дуудаад “Энэ нь яг яагаад байгаа юм бол” гэдэг. Та нар өөрсдөө мэдэж байгаа шүү дээ гэдэг. Юмны балансыг бариулах гээд тэнд ч нэг шалгасан болж харагдахгүй бол болохгүй. Нөгөө нь шалгуулсан болж харагдахгүй бол болохгүй.

-Хэрэг хаагдсан уу, хоёр удаа дуудсан гэсэн?

-Үгүй ээ. Хаагдаагүй. Жишээлбэл прокурор ч юм уу хаавал хаачихаар л байгаа юм л даа. Хаачихаар прокурор нь өөрөө буруу болж харагдах гээд бас зовлон байдаг. Би юу гэж хэлдэг гэхээр та нарт хардаж сэрдэхээр юм байгаа л бол бүгдийг нь шалга. Гэхдээ хуулийн дагуу шалга. Түүнээс биш салхи шуурга шиг юм битгий яваад бай гэдэг. Тэдэнд бараг хичээл заагаад хаячихдаг шүү дээ. Хөөрхий нөгөөдүүл маань ч сайн ойлгодог учраас сүүлдээ сонсч байснаа “Энэ хэсгийг нь биччих үү дээ” гэдэг.

-Манай төр шийдвэр гаргаж чадахаа байлаа. Том төслүүд Оюутолгойг эс тооцвол хөдөл­сөнгүй. Манайхнаас өөрсдөөс нь болоод байдаг юм уу, эсвэл их гүрнүүдийн нөлөөнөөс болоод хөдөлж чаддаггүй юм уу?

-Үгүй яах вэ. Бид ерэн онд өөртөө тохирсон засаглал, төрийн тогтолцоог авсан. Тэр бол бидний нүүдэлчин соёлд их таарсан. Тийм учраас сайн бөхчүүд төрсөн, морь уралддаг, нум харвадаг болсон. Айраг цагаа ихтэй наадмаа сайхан хийдэг болсон. Гиннесийн номонд бүгдээрээ орцгоосон. Тэр бас нэг ололт гэдэг нь үнэн. Гэхдээ цаашаа энэ ресурс дууссан. Тийм юмаар цаашаа явахгүй. Жаахан босоо удирдлага руу явахгүй бол болохгүй. Босоо удирдлага руу явна гэхээр Ерөнхийлөгчийн засаглал гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ Ерөнхий сайд Элит агентлагаа командалж, эдийн засгийн бодлого, төслүүдийг явуулах бүрэн чадалтай байх учиртай. Ахуйгаа анхаардаг байгууллагаа Азийн орнуудад элит агентлаг гэж үздэг. Элит агентлагтаа илүү ач холбогдол өгдөг. Элит агентлагаас гарсан шийдвэрийг бусад нь хэрэгжүүлэхийн төлөө явдаг гэж би өмнө нь хэлсэн. Манайд жишээлбэл Таван толгой төсөл хэрэгжүүлэх гээд явж байхад ингэж байсан. Дөрвөн байгууллагаас би зөвшөөрөл авах ёстой. Гадаад яамнаас зөвшөөрөл авах ёстой. Нөгөөхөө ойлгуулах гээд ухуулаад, хичээл заагаад өчнөөн юм болно. За за ойлголоо маргааш зөвшөөрөл хийгээд өгье гэж байтал нөгөөдөр нь болохоо байна. Яасан гэхээр нэг нь буруу ойлгочихно. Жишээлбэл хүний их мөнгө авч бид юм хийх гээд байгаа. Хүний мөнгө авчхаад мөнгөө өгөхгүй луу унжвал нөгөө тал Арбитрын шүүхэд өгөх ёстой шүү дээ. Нөгөөдүүл чинь Монголын Засгийн газар мөнгө авчхаад өгөхгүй байна гээд Арбитрын шүүхэд өгөхөөр “Чи тусгаар тогтносон Монголыг шүүхэд дуудаад байхдаа яадаг юм” гээд сууж болохгүй биз дээ. Олон улсад үүнийг зохицуулсан байдаг. Би “sovereign rights”-аасаа татгалзаж байна гэж Засгийн газар гэрээндээ тусгадаг. Шүүхэд дуудагдвал би томроод байхгүй гэсэн утгатай. Тэр үгийг хараад sovereignty гэж байна. М.Энхсайхан тусгаар тогтнолоосоо татгалзах гэж байсан юм байна гээд тэнэгтээд эхэлдэг байхгүй юу. Гадаад яам намайг тэгж гацааж байгаа юм.

Хууль зүйн яаманд ойлгуулах гээд сүүлдээ бүр өгчхөөч дээ гэсээр байгаад нэг юм авсан. Байгаль орчны яам байгаль сүйтгэх нь гээд баахан юм ярина. Байгаль орчны яамныхан стандарт тогтоосон юм байна л даа. Стандарт тогтоохдоо шинжлэх ухааны сэтгүүл уншиж байгаад, амьдрал дээр байхгүй шинжлэх ухааны стандартыг аваад тогтоочихсон. Цахилгаан станцаас гарах утаа 2030 онд дэлхийн түвшин ийм байдалд хүрнэ гэсэн чинь түүнийг аваачаад стандарт болгоод баталчихсан. Хөрөнгө оруулагч мөнгө өгөх гэж байгаа хүн “Танай дотоодын стандарт ийм байхаар бид яаж тэрийг чинь биелүүлэх юм бэ” гэдэг. “Хөөе, стандартаа өөрчлөөч. Наадах чинь болохоо байлаа“ гээд ахиад зөндөө ажил болж байгаа юм. Иймэрхүү зүдэргээтэй замаар ажил бүтэхгүй юм байна лээ. Дээр нь юмаа ойлгохгүй, харддаг улсууд олон. Хардаад, муу хэлээд салахгүй юм билээ. Тэгэхээр төрийн тогтолцоогоо янзлахгүй бол болохгүй. Янзлах арга нь Ерөнхий сайд эдийн засгийн бодлогоо барьдаг. Ахуй төр гэж ярьж байгаа бол ахуйгаа шийддэг эрх мэдлээ авахгүй бол болохоо байсан.

-2020 оны сонгуулийг яаж харж байна?

-Ер нь хэцүү. Попролт оргилдоо хүрнэ. Ахиад тав, арван жил бид зовно оо. Гэхдээ зөв зам дээр гарна. Үүнд би эргэлзэхгүй байна.

-Эвслийн Засгийн газар гарах байх гэсэн таамаглал бий. Та үүнийг яаж харж байна?

-Оюун ухаанаараа хүчилж бодвол попроод хоёр туйл руу явчихгүйн тулд эвсэх л хэрэгтэй. Тодорхой түвшинд попорч байгаа боловч экстремизм болж хувирахаас зайлсхийх учиртай. Зайлсхийх зөвлөмж нь манайхан, танайхан гэхгүйгээр хамтдаа улсаа авч явах.

-Та Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьдаг. Үндсэн хуульд оруулахаар санал болгож байгаа өөрчлөлтүүдийг хэр зөв гэж үзэж байгаа вэ?

-Бид 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталсан. Нүүдэлчин тархай бутархай сэтгэлгээгээр хийсэн, бидэндээ таарсан эд л дээ. Гэхдээ тэгж хийх нэг шалтгаан нь юу байсан гэхээр бид Москвагаас хамааралтай байсан учраас тусгаар тогтносон улс болсон гэдгээ мэдрэхийн тулд яаруу хийсэн юм. Өөрөөр хэлбэл төвөөс зугтах хүчээр хийсэн. Төвөөс зугтах гэдэг нь Оросоос, Кремлиэс зугтах хүчийг хэлж байгаа юм. Тийм ч учраас хуучин социалист гэгдэж байсан орнуудаас Үндсэн хуулиа түрүүлж баталсан орнуудын тоонд ордог юм. Түрүүлж баталсан яг тэр хэмжээгээрээ алдаа нь бас байдаг. Унгар, Польш бол Үндсэн хуулиа батлахдаа яарч сандраагүй. Өмнө нь капиталист системд байсан учраас хуучин Үндсэн хуулиудаа сэргээж хэрэглэсэн. Манайд сэргээх юм байгаагүй. Үндсэндээ Үндсэн хууль өнгөрсөн хугацаанд үүргээ биелүүлсэн. Одоо жаахан шинэ төлөв байдалд орох хэрэгтэй. Ерөнхий сайддаа эрх мэдэл өгөх хэрэгтэй. Улс орны асуудлыг шийдэх боломжийг нь өгөх хэрэгтэй. Тэгж байж урагшилна. Түүнээс биш нэг юман дээр гацчихаад бие биенийгээ зовоогоод байх нь буруу. Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэж би үздэг. Өөрчилнө гэхээр манайхан Ерөнхийлөгчийн засаглал уу, парламентын засаглал уу гэж ярьдаг. Тэр нэр томьёо буруу. Ямар ч ардчилсан оронд хууль ёс л засаглаж байгаа. Хууль ёс засаглаж байгаа бол парламент засаглаж байна гэсэн үг л дээ. АНУ-д ч Трамп засаглаад байгаа юм биш. Конгресс засаглаж байгаа. Ерөнхийлөгчийн парламентын гэж зохиомлоор хувааж байгаа нь огт буруу ойлголт. Монголын Үндсэн хуулийн байгууламж нь төрөө шатаах тоглоомоор явж байна. Төрөө шатаах тоглоомоос зайлсхийх арга нь хэн нь юугаа хийхээ тодорхой болгох ёстой. Төрөө шатаах тоглоомд том үүрэг гүйцэтгэдэг нь Ерөнхийлөгчийн институци. Ерөнхийлөгчийн хутган үймүүлдэг институтцийг нэгмөсөн нэг талд нь гаргах хэрэгтэй гэж боддог. Гүйцэтгэх засаглал талд нь гаргаач. Ерөнхий сайд нь засгаа авч явдаг юм уу, Ерөнхийлөгч нь засгаа авч явдаг юм уу. Хамаа алга. Гол нь нэг талдаа гарах ёстой. Тэгэхгүй бол бусниулагчийн үүрэг гүйцэтгээд байна. Яагаад гэвэл 1992 онд монгол сэтгэлгээгээрээ манайхан эзэн хаан, Чингис хаан гэдэг талаас нь бодоод байсан тал бий. Мангас ч болоогүй л дээ хөөрхий. Бусниулагч болоод байна.

-Өргөн барих гээд байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл таны санаа зовж байгаа асуудлыг шийдэх үү?

-Хийгээд үз. Амьд организм байна. Хөдөлгөөнд орохгүй бол үхлээ. Тийм учраас хөдөлгөөнд ор. Үндсэн хуулиа өөрчлөх гээд оролд. Тэнэг биш олон хүн сууж байгаа юм чинь бас нэг юм зохицуулна байлгүй дээ.

Б.Янжмаа

ОТ, Ногдол ашиг, Попролт

Screen Shot 2019-04-03 at 11.49.01 AM

ОТ төслийн хувьд 34 хувь нь Засгийн газрынх, 66 хувь нь Рио Тинто, Айванхоу болон өөр бусад компани, хувь хүмүүсийнх.

Ногдол ашиг чухал уу? Төслийн үр ашиг чухал уу?

Энэ асуудлыг зөв ойлгох явдал чухал болж байна. Учир нь НОГДОЛ АШИГ гэсэн асуудал манай улс төрчдийн дуртай ПОПУЛИСТ сэдэв болох хандлагатай байна. Хэд хэдэн асуудлыг эхлээд онцлох нь зүйтэй юм.

  • Ногдол ашгийг ОТ төсөлд хөрөнгө оруулсан хэн нэг нь түрүүлж хүртэхгүй.
  • Цаг хугацааны хувьд ногдол ашиг хойшлогдсон бол энэ нь Засгийн газар болон бүх хөрөнгө оруулагчдад мөн адил хамаарна.
  • Ногдол ашиг  хэзээ хүртэх, ямар хэмжээтэй байх гэдэг тооцоо нь зах зээлийн тухайн үеийн үнэ ханшнаас ихэд шалтгаална. Зэс тонн нь 10 мянган ам. доллар байх үеийн ногдол ашгийн цаасан дээрх тооцоо ойрын ирээдүйтэй харагдсан байж таараа. Суперцикл төгсөж үнэ унах үеийн ногдол ашгийн тооцоо хугацааны хувьд алсарч гарах нь гарцаагүй.
  • Ногдол ашиг хөрөнгө оруулагч талуудын тэргүүн зэргийн зорилт биш юм.Гол нь компаний ашигт ажиллагаа онцгой чухал байдаг. Үүнийг дор Санхүүгийн хүрхэрээгээр тайлбарласан байгаа.
  • Ногдол ашиг тэргүүн зэргийн нэн яаралтай зорилт биш ч гэлээ хүртээд эхэлбэл түүнээс илүү таашаалтай зүйл хаанаас олдох билээ. Түүнийг бодиттойгоор хурдан хүртье гэвэл компанийн үйл ажиллагаа ямар нэгэн сааталгүй,  ашигт ажиллагаа нь  өндөр байх явдал чухал юм.
  • Хэрэв компани өндөр ашигтай байгаа бол санхүүгийн чадвартай байж, өр зээлээ дарна, өөрсдөө дараа нь ногдол ашиг хүртэх бололцоотой байх болно.
  • Хэрэв компанийн үйл ажиллагаа популист улс төр, эдийн засаг, техник, технологийн шалтгаанаас гацвал ногдол ашиг хүртэх хугацаа хойшилно.

Үр ашиг нь Ногдол ашгаас илүү чухал үзүүлэлт

Үүнийг ойлгохын тулд Санхүүгийн хүрхэрээ гэсэн ойлголтыг мэдэх явдал чухал байх шиг. Энэ асуудал бол ганц ОТ-д хамаарах бус бусад бүх бизнесийн байгууллагад нэгэн ижил хамаарах тогтсон стандарт гэж хэлж болох ойлголт юм.

Аливаа компани олсон орлогоо ямар ээлж дараалалтайгаар зарцуулдаг вэ гэдгийг сонирхьё.

Screen Shot 2018-01-22 at 12.00.36 PM

  • Аливаа компани юуны өмнө олсон орлогоосоо Opex буюу үйл ажиллагааны (цалин хөлс, шатахуун, материал, түүхий эд, цахилгаан, ус  болон бусад) зардлын төлбөрийг хийнэ.
  • Дараа нь Debt Service буюу авсан зээлийнхээ хүүг төлнө. Хугацаа болсон зээлээ төлнө.
  • Дараа нь Taxes буюу тухайн улс оронд өгөх татвар, хураамжаа төлнө.
  • Гэх мэтчилэн олсон орлогоо зарцуулсаар Хамгийн сүүлд Equity Return буюу Ногдол ашиг өгөх бөгөөд ингэхдээ эрсдэл үүрээгүй хувьцаа эзэмшигчдэд хамгийн сүүлд төлбөр хийнэ.

Үүнийг САНХҮҮГИЙН ХҮРХЭРЭЭ гэдэг байна.

Санхүүгийн хүрхэрээний хамгийн сүүлчийн дамжлага дээр байгаа ногдол ашгаа хоосон улс төржүүлж ТӨСЛӨӨ БУРУУШААЖ ЭХЭЛБЭЛ ХӨЛӨӨРӨӨ ТОЛГОЙ ХИЙСЭНТЭЙ АГААР НЭГЭН БОЛНО.

ПОПУЛИЗМ хийж болно. ЭДИЙН ЗАСАГТ ДАЙСАГНАДАГГҮЙ байх явдал өнөөгийн Монголын том асуудал болж байна.

Анхааран уншсан явдалд талархаж байна.