“Эстони 100” – тэмдэглэл

БНЭстони улс тусгаар тогтнолоо тунхагласны 100 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэв.

Түүхэндээ Эстоничууд Герман, Дани, Шведийн нэг хэсэг байж иржээ. Хамгийн сүүлд Оросын эзэнт гүрний нэг хэсэг байсан бөгөөд 1918 онд Тусгаар тогтнолоо зарласан юм. Төдий л удалгүй зөвлөлт Оросын дагуул улс болсон байдаг.

1991 он хүрч байж  Монгол улс, Эстони улсын хооронд дипломат харилцаа тогтжээ.

Эстони тусгаар тогтнолоо зарлах хүртэл ямар улсын харьялалд байсныг дорхи слайдаар сонирхолтой үзүүлжээ.

Screen Shot 2018-02-26 at 11.45.31 AM

Хүн ам нь 1,3 сая.

Газар нутгийн хувьд Монголоос 35 дахин бага.

Нэг сонирхолтой баримт байдаг нь Монголын түүхэнд холбогдох Барон Унгерн бага, идэр насаа Эстонид өнгөрүүлжээ.

Screen Shot 2018-02-26 at 11.57.37 AM

Дэлхийн 2 дугаар дайны үед хүн амтай нь харьцуулбал хамгийн их хохирол амссан үндэстний тоонд эстончууд хамрагддаг. Бараг 10 хүний нэг нь амь үрэгджээ.

Өнөөгийн Эстони улс өндөр хөгжилтэй, нэг хүнд ногдох ДНБ нь Монголынхоос 5 гаруй дахин илүү.

Screen Shot 2018-02-26 at 12.40.50 PM

Эстони улс тусгаар тогтнолын 100 жилийн ойн албан ёсны арга хэмжээгээ нийслэл Таллин хотноо, мөн хоёрдахь том хот Тарту-д тэмдэглэв. Сонирхолтой нь Тарту хотод Эстонийн Дээд шүүх, Боловсрол, шинжлэх ухааны яам нь байрладаг.

Туг мандуулах, цэцэг өргөх, цэргийн парад зэрэг үйл явдал болж өнгөрөв. Энэ үеэр бидний монголчуудад санаа авмаар олон зүйл байсан. Чухал хэмээн тэмдэглэсэн цөөн боловч чухал санааг хуваалцья.

 

  • Эстони улсыг газар нутгийн хувьд жижигхэн, цөөхөн хүн амтай гэдэг. Гэвч энэ бол биднийг улам үнэ цэнэтэй болгож байна. Эстони бол ховорхон улс, Эстоничууд ховорхон ард түмэн.
  • Эстони улсын амжилтын түлхүүр нь эстончуудын боловсролын чадамж мөн.
  • Эстончууд цөөхөн. Гэвч бид нэгэн том өрх гэр.
  • Эстончууд бид тусгаар тогтнолынхоо төлөө  зэвсэг барьж явсан, гэвч түүнээс илүүтэйгээр Европдоо хамгийн эртнийд тооцогдох, соёл, уламжлалаа хадгалан хамгаалж ирсэн.
  • Эстони бол хаагдмал түгжигдмэл улс биш. Эстони бол нээлттэй нийгэм. Ингэхдээ бид оюун ухаанд түшиж байна. Оюунлаг нээлттэй байх нь бидний өнгөрсөн түүх, өнөөгийн амжилт, ирээдүйдээ итгэлтэй байгаагаас үүдэлтэй юм.
  • Эстони бол  дэлхийд төрийн шилдэг засаглалтай орны нэг гэж тооцогддог. Тиймдээ ч Эстони улсыг “и-засаглал” гэсэн нэрээр таньдаг.
  • Бид баян тансаг орон байх албагүй. Бид хүн арддаа анхаарал тавьдаг орон байх ёстой. “Бусдаас илүү чухал нэг ч хүн байх ёсгүй”
  • Эстони улс шинэ зуунтайгаа золгож байна. Эх эстони хэл, соёл, боловсролд тулгуурласан бидний явах чигийг заах луужин бидний гарт байна.

Эстони улсын тусгаар тогтнолын 100 жилд зориулж 13 дугаар зуунд суурь нь тавигдаж олон дахин сүйтгэгдэж байсан Пайде хотноо нэгэн сүмд залбирал үйлдсэн бөгөөд энэ үеэр Ерөнхийлөгч, парламентын гишүүд, Засгийн газрын гишүүддээ зориулж залбирч байгаа нь өнөөгийн монголчуудад тунчиг содон харагдахаар байлаа.

 

 

 

Өнөөдөр БНЭстони улсын тусгаар тогтнолын 100 жилийн ойн өдөр

 

Screen Shot 2018-02-21 at 11.10.16 AM

Эстони улсын тусгаар тогтнолын түүхт энэ өдөр Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Бүгд найрамдах Эстони улсын Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Кершти Калюлэйд болон Эстонийн найрсаг ард түмэнд монголын ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, хөгжил цэцэглэлтийн ерөөл дэвшүүлсэн захидал ирүүллээ.

 

 

Screen Shot 2018-02-23 at 9.47.19 AMScreen Shot 2018-02-23 at 9.47.45 AM

СЭМЮЭЛЬ П. ХАНТИНГТОН :   Эрүүл Үндэсний үзэл

Монголчуудад “Соёл иргэншил хоорондын мөргөлдөөн” номоор танил болсон нэгэн эрхэмийн “Эрүүл үндэсний үзэл” нэртэй нийтлэлийг одоогоос 10 гаруй жилийн өмнө орчуулж билээ. Өнөөгийн глобаль ертөнцөд болж байгаа үйл явдлыг тольдоход тус болохуйц хэмээн бодож чадан ядан монголчилсон хэрэг.

Уншсан хүн Монголд тийм ч олон биш байх. Сошиал хөгжиж уг орчуулгыг дахин монголчуудад хүргэх бололцоо бий болжээ.

Тэрбээр:

  • “эрх чөлөө тэгш эрхээс илүү эрхэм”,
  • “олонхийн засаглал тун найдваргүй, дарангуйлал болох магадлал өндөр”,
  • “Хүний эрх гэдэг бол заяагдмал биш олж авдаг зүйл”,
  • “хувь хүнд  шашны мэдрэмж байдаг бол нийгэмд шашин нь суурь ач холбогдолтой”,
  • “боловсрол консерватив зорилттой байх”,
  • “шударга ёс хэн ч маргахгүй оршин байдаг” хэмээжээ.

Уг нийтлэл Танд шинэ шинэ бодол төрүүлэх болтугай. 

 

Screen Shot 2018-02-22 at 10.34.23 AM

 

Samuel P. Huntington . Robust nationalism. (1999)

Консерватив гадаад бодлого гэсэн тийм ойлголт байдаг уу? Хүйтэн дайны үед байсан, гэхдээ одоо бол “үгүй” гэж хариулах байх. Өөрсдийгөө консерватив гэх, өрөөл бусдад  тэгж харагддаг хүмүүс олон улсын харилцаанд АНУ-ын гүйцэтгэх үүрэг роль болон зарим нэг гадаад бодлогын асуудлуудаар өөр өөр байр суурьтай байдаг. Тэдний ялгаа нь Америкийн консерватив сэтгэлгээнээс үүдэлтэй классик консерватизм (classic conservatism) болон доктринжсон консерватизм (doctrinal conservatism) гэсэн хоёл үзэлтэй холбоотой юм.  Зарим түлхүүр ойлголтууд болон үнэт зүйлсүүдээрээ ихэнх консерваторууд ижилхэн байдаг бол тийм зүйл либералууд болон консерватив бус үзэлтнүүдын хооронд бараг байдаггүй. Чухамдаа энэ нь консерваторуудыг  Америкийн ард түмний дийлэнхэд гайхалтай таалагдах, консерватив гадаад бодлогыг либерал альтернитивээс  тод ялгаж чадах эрүүл үндэсний үзэл дээр нэгдэх суурь дэвсгэрийг бий болгож байна

Хөндөж байгаа сэдвийн хувилбарууд

Өнөө цагт дэлхий дээр улс төрийн гурван үндсэн үзэл суртал байна. Либерализм – чөлөөт зах зээл, хуулийн засаглал, цомхон Засгийн газар, амьд явах, эрх чөлөө, өмчтэй байх эрхийг хангах Жон Лок, Адам Смит, Томас Жефферсон, Иммануэль Кант, Жон Стюарт Милл болон бусад 18-19 дүгээр зууны Европ ба Америкийн сэтгэгчидтэй холбоотой яригддаг индивидуализмын үзэл суртал. Нийгмийн тулах хэсэг нь дунд анги, худалдаа, үйлдвэрлэл болон үйлдвэржиж буй нийгмийн хөрөнгөтнүүд байдаг. Социализм – Марксизмын аядуу чиглэл социал-демократ реформизмаас  авахуулаад, хувьсгалч Ленинизм ба Маоизмын хатуу чиглэлийн онолуудыг багтаасан үзэл суртал. Тэдгээр онолуудын өөр хоорондын ялгаа нь нийгмийн өөрчлөлтийг ардчилсан хэлбэрээр бий болгох боломжууд, социалист төрд ардчиллын гүйцэтгэх үүрэг роль болон эдийн засагт төрөөс тавих хяналт өргөн байх талаар өөр өөр байр суурьтай байдаг боловч  тэд  маргахгүйгээр гол салбарууд төрийн мэдэлд байх, эдийн засаг,  эдийн засгийн тэгш байдлыг хангахад төр томоохон үүрэг рольтой гэж үзэж нийгмийн тулах хэсгээ ядуу, пролетариат, тариачин гэж үздэг.

Тэгвэл классик консерватизмын либерализм болон социализмаас ялгаатай нь сайхан нийгмийг бий болгох зорилгод хөтлөгддөггүй.   Үүний оронд хуучинтайгаа барьцалдуулж аливаа дэг журам, өөрчлөлтөд ерөнхийлөн ханддаг.  Консерватизмын зорилго бол одоо оршин байгаа нийгмийн, эдийн засгийн ба улс төрийн соёл ба институциудыг “хадгалах, хамгаалах ба өмгөөлөх” явдал юм.

Консерваторууд, хэдий тийм боловч, байгаа дэг журамд даруухан өөрчлөлтүүд хийхийг дэмждэг ба үүгээрээ оршин тогтнож буй дэг журамаа хувьсгалч өөрчлөлт юмуу , уг дэг журмыг бүрэн сүйрэх аюулаас хамгаалж байдаг.  Хөрөнгөтөн дунд ангийн либерализм ба ажилчин ангийн социализм бие биенээ эсэргүүцдэг боловч, “консерватизмын яг жинхэнэ эсрэг сэдэв” нь, энэ сэтгүүлийн редакторын бичсэнээр “либерализм юмуу социализм биш, харин өөрчлөлтөд хандах хандлагыг илэрхийлэх утгаар нь хамгийн сайн тодорхойлж болох   радикализм юм”

Нэгэнт тогтсон дэг журманд бодит аюул занал бий болсон нөхцөлд л оюун санааны болон улс төрийн консерватив хөдөлгөөнүүд бий болдог. Энэ нь, тодорхой соёл эсвэл институцид үзүүлж буй тодорхой заналхийлэлд хариу үйлдэл болон илэрдэг болохоор, консерватизмын нэг тунхаглал нь нөгөө нэг тунхаглалтайгаа хамаарал багатай, эсвэл бүр огт хамааралгүй байж ч болдог. Иймээс  консерватизмыг нөхцөл байдлаа харгалздаг үзэл суртал гэж болох юм.  Эдмонд Бурке нь үүний анхны төлөөлөгч бөгөөд аюулд орсон институцийг ямар  байхаас үл хамааран хамгаалах санааг илэрхийлдэг байв. Тухайлбал, Энэтхэг дахь Хинду институц, Францын монарх, Британий холимог Засгийн газар, Америкийн ардчилал зэрэг институцид заналхийлж буй аюулаас хамгаалах консерватист саналаа тасралтгүйгээр илэрхийлж байсан юм. Өөр хоорондоо ялгаатай системүүдэд заналхийлэх хүчин зүйл ялгаатай боловч түүнийг үл харгалзан хамгаалахын тулд тэрээр үргэлж адилхан аргументууд болон логикийг  хэрэглэдэг байсан.

Барууны түүхийн янз бүрийн үеүүдэд консерватизм оюун санааны болон улс төрийн хөдөлгөөн хэлбэрээр өрнөж байсан байдаг. Арванзургаа болон арвандолдугаар зуунд Европт дундад зууны плюралист үзэл тархаж тэр нь хүрээгээ тэлж байсан Эзэнт гүрнүүдэд заналхийлэх болсон, 16 дугаар зууны сүүлчээр сүм төвтэй төрд Пуританизмын үзэл заналхийлэх болсон,  18 дугаар зууны сүүлчээр Францын хувьсгал, түүнтэй холбоотой бусад үйл явдал заналхийлэх болсон, 19 дүгээр зуунд Европт сонгуулийн эрхийн төлөө тэмцсэн дунд ангийнхан болон тухайн үеийн ажилчин ангийн хөдөлгөөн нь тогтсон дэг журамд заналхийлэх болсон байдаг.

Европ дахь классик консерватизм нь Францын хувьсгалд хариу үйлдэл болж бий болсон юм. Европт консерватизм нь язгууртнуудтай нэр холбогдолтой, тэдний баялагт тулгуурласан наад зах нь үйлдвэржилт болон ардчилалд үл итгэх үзэл, цаашилбал түүнийг эсэргүүцэх үзэл санаа болсон юм. Хөрөнгөтний либериализм, шинээр төрж буй ажилчин ангийн социализмыг сөрсөн язгууртан анги Европын ихэнх оронд 20 дугаар зуун гартал хүчирхэг хүчин байлаа.

Одоо Европт газрын эзэд, язгууртнууд нүдэнд үзэгдэхгүй болсон боловч либерал индивидуализм болон өрсөлдөөнт капитализмыг эсэргүүцсэн тэдний уламжлалт консерватизмын элементүүд одоог хүртэл үргэлжилсээр байдаг. Уламжлалт консерватизм ба түүний орчин үеийн үр нахиа нь үндсэндээ Британий Консерватив Намд 1970-аад оны Тэтчерийн хувьсгал хүртэл ноёлж байсан.

Нөгөө талаар Америкийн Нэгдсэн Улсад угаас язгууртнууд байгаагүй нь, чөлөөт газар нутаг элбэг хийгээд түргэн шаламгай хөрөнгөтнүүд, худалдаачид  нь консерватизмын энэхүү уламжлалт хэлбэрийг Америкийн түүхэнд хамгийн бага үр дагавартай байлгасан байдаг. Түүний нэг тод жишээ нь Өмнөдийн “ер бусын институц” -ийг хамгаалах тухай Жон К.Калхун, Жорж Фитчхью ба Жорж Фредерик Холмс зэрэг хүмүүсийн хэлж ярьж байсан үзэл санаа юм. Консерватизмын ерөнхий том санааг  Америкийг  үндэслэгч эцгүүд хэмээн нэрлэгддэг Адамс, Мэдисон ба Хамилтоны улс төрийн сэтгэлгээнээс харж болно. Хэдийгээр тэд тусгаар тогтнолын төлөө тулалдсан хувьсгалчид байсан ч, хаана ч байхгүй шинэ улс төрийн дэг журмыг тогтоосон ч гэсэн тэдэнд консерватизмын үндсэн санаа агуулагдаж байсан байдаг. Хуучин колони байсан орнуудад төвлөрсөн хяналт тавих, тэдэнд юуг эрх чөлөө гэж ойлгох вэ гэдгийг заах гэсэн Британы Засгийн газрын хувьсгалт оролдлогыг  эсэргүүцснээрээ тэд олон талаар консерваторууд байсан төдийгүй өөрсдийгөө ч тэгж үзэж байсан юм.  Тэднийг Европын консерваторууд тухайлбал, Бурке, Генц нар ч консерваторууд гэж үзэж байв.

Америк тусгаар тогтнолоо олсноос хойших  зуун тавин жилд Өмнөдийн боолчлолтой холбоотой эсэргүүцлийг эс тооцвол Америкийн институцид том аюул занал байсангүй. Иймд классик консерватизм Америкийн улс төрд бараг хэрэглэгдсэнгүй.

Америкт консерватизм гэж нэрлэгддэг зүйл маш өөр ойлголт байдаг. Энэ нь либерализмын консерватив хэлбэр бөгөөд ардчилсан буюу нийтийн либерализмын эсрэг байдаг. Түүнд олон нэр хаяг зүүдэг байсан. Тухайлбал, Луис Хартц түүнийг “Whiggery” ( Британыг эсэргүүцэх санаа агуулсан) гэж нэрлэж байсан бол Оросын нэг судлаач түүнийг “зах зээлийн консерватизм” хэмээж байв. Гэвч докторинжсон консерватизм гэвэл магадгүй илүү зөв байх.

Ийм консерватизм нь чөлөөт худалдаа ба аж үйлдвэр, laissez-faire капитализм, хувийн бизнес санаачилгыг хөхүүлж, засгийн оролцоог бага байлгахтай холбоотой үзэл юм.  Түүхэн талаасаа энэхүү үзэл санаа нь бизнесмэн, хөрөнгөтөн, өмчлөгчдийн эрх ашгийг ядуу ангийн ашиг сонирхолд сөргүүлэн тавьсан үзэл мөн юм.  Европт энэхүү үзлийг либерализм гэж ойлгодог ба үүнийг санаачлагчид нь либерал намууд байдаг байв. Гэтэл Америкт доктринжсон консерватизм нь Хамилтонизм, Иргэний дайны дараа “Шинэ Виггери”, хамгийн сүүлд 1970-аад болон 1980-аад онд неоконсерватизм үзэлд биелэлээ  олсон байдаг.

Доктринжсон консерватизм суурь үзлээрээ классик консерватизмаас ялгаатай байдаг. Классик консерватизм нь хоосон санаанд баригдахгүй, сууриар нь юмыг өөрчлөх хөтөлбөргүй байдаг. Тэгвэл доктринжсон консерватизм нь хүрэх эрхэм зорилготой бөгөөд түүнийг  Гертруд Химмелфарб  “консерватив хувьсгал” гэж байх нь, тэр нь мангар ухаантай зүйл болж таарлаа гэсэн байдаг.

Консерватизмын хоёр урсгал либерализмд өөр өөрөөр ханддаг.  Уламжлалт, язгууртны консерватизм нь либерализмыг эрс эсэргүүцдэг. Гэвч Европт ялагдсан, Америкт амьдрах бололцоогүй байсан. Классик консерватизм нь тогтсон дэг журамд заналхийлэх нөхцөлд либериализмыг эсэргүүцдэг боловч нэгэнт буй институц болон либерал үнэт зүйлсийг хамгаалдаг.

Америкийн доктринжсон консерватизм нь Америкийн ардчилсан либерализмын ахан дүү бөгөөд хоёул Жон Локегийн хүүхдүүд юм. Доктринжсон консерватизм нь үргэлж өөрийн ахтайгаа зөрчилддөг боловч, өөрийгөө л үгүйсгэхгүй л юм бол өөрсдийнхөө нэгэн гарал үүслийг үгүйсгэж чадахгүй юм.

Хүйтэн дайн ба дараахь үе

Хүйтэн дайн нь консервативуудад зөөлөн, харин либералуудад хатуу хандсан юм. Америк гүрэн  хязгааргүй их байгалийн баялагтай, өндөр технологи бүхий аварга цэргийн үйлдвэрлэлтэй, таван сая хүн бүхий  арми, мянга мянган цөмийн зэвсэг, тив дамнан жагссан холбоотон ба дагуул улсуудтай, дэлхий даяар улс төрийн хөдөлгөөн болон өрнөсөн зуун зуун сая дэмжигчтэй, хүчтэй үзэл суртлаар зэвсэглэсэн супер хүчтэнтэй нүүр тулсан юм. Америкт аюул занал бий болсон энэ үед классик консерватизмд тэрхүү аюулын эсрэг бодлого болон арга хэрэгслүүдийг бодож төлөвлөх маш том даалгавар бий болсон юм. Коммунист үзэл суртал нь мөн доктринжсон консерватизм laisser faire үзлийн эсрэг туйл нь байсан юм. Энэ нөхцөлд  үзэл суртал, үндэсний сонирхол нь хоёул давхцаж ЗХУ-ыг хазаарлах,  коммунизмыг ялах нь цөөн хэдэн тэрс үзэлтнийг эс тооцвол Америкийн олон нийтийн ч,  мөн классик болон доктринжсон консерватизмын том зорилго болсон байдаг.

Нөгөө талаар Америкийн либералууд коммунизмын муу муухайг хүлээн зөвшөөрч байсан  хэрнээ коммунизмын тархалтыг дутуу үнэлж байснаараа Америкийн нийгэмд аюул учруулж байв. Тэд либерал гадаад бодлого явуулахыг шахаж, эдийн засгийн хөгжилд анхаарч тэгш бус байдлыг багасгах, дарангуйллыг устгах болон хүний эрхийг хамгаалах зэргийн чухлыг ярьдаг байсан. Тэгсэн хэдий ч, хүйтэн дайны ихэнх хугацаанд Бүгд Найрамдах Нам болон Ардчилсан намын Засаг захиргаа ярьж хэлж байгаа олон зорилтууд бүгд хууль ёсны боловч коммунизмыг хазаарлах нь тэргүүн зэргийн зорилго гэдэг дээр санал нэгдэж чадсан юм. Либерал зорилтуудыг зөвхөн Зөвлөлтийн эсрэг зорилготой нийцэж байвал хэрэгжүүлдэг байсны жишээ нь Дэвшлийн төлөөх Альянс-ын хэрэгжүүлсэн бодлого юм. Зөвлөлтийн аюул нэг талаас консерваторуудыг Америкийн либерал институцийг хамгаалагч нар болгосон бөгөөд нөгөө талаас Америкийн либералуудыг классик консерватизмын санааг илэрхийлэгч болгосон юм. Хүйтэн дайны эхэн үеийн гарамгай консерватив философич Райнхолд Ниебурыг   либерал урсгалын төлөөлөгч Артур Шлезингер “тэр бол бид бүгдийн эцэг” гэж хэлсэн байдаг. “Америкийн либерализмын ололт амжилтыг хамгаалахын тулд 1957 онд би “Америкийн либералуудад консервативизмд  шилжихээс  өөр зам байхгүй. Ялангуяа тэдэнд өнөөдрийн Америкт консерватизмын  үзэл суртлаас өөр зүйл алга” гэж хэлж байсан юм.  Олон либералууд коммунизмын эсрэг консерватив бодлогыг дэмжиж байсан. Зарим либералууд, гэсэн хэдий ч, Америкийн хараахан төгс болоогүй либерал институцийг аварга мангасаас хамгаалахаас илүү “зүүн жигүүрээс эзлэгдэхээс” санаа зовдог байсан. Тэд Зөвлөлтийн коммунизмын либерал ололтуудыг эрж хайж, Зөвлөлт Холбоот Улс болон Чөлөөт Ертөнцийн хооронд үнэт зүйлсийн болон сонирхлын зөрчилдөөн тийм сүрхий эд биш гэдэг байв. Тийм либералууд ил далдаар ЗХУ-ыг дагалдан баясагчид болж Хенри Уалласын либералууд болж алга болсон. Энэ нь өөрийн гэсэн философийн логиктэй юм. Ниебур 1953 онд бичихдээ “коммунизмын муу муухай нь орчин үеийн либерал соёлоос үүдэлтэй бөгөөд зарим либералуудын хувьд хийсэн нэг алдаа дараачийн алдаа руу амархан хөтөлдөг” гэж бичиж байлаа.

Хүйтэн дайн төгсгөл болсон нь гадаад бодлогын либерал зорилтуудыг Зөвлөлтийн аюулын эсрэг үндэсний аюулгүй байдлыг хангах хэрэгцээнд захируулах  нөхцөл шаардлагыг үгүй хийсэн юм.  Гадаад бодлого чөлөөтэй болсноор либералууд өөрийн зорилтуудыг дэлхийд хэрэгжүүлэхээр урагш явах боломжтой болсон. Тэдний зорилтууд хэвлэл мэдээлэл болон элит группуудын анхаарлыг ихээр татаж тэдний дэмжлэгийг авч байв. Дээр нь нэмж хэлэхэд Америкийн Нэгдсэн Улс цор ганц суперхүчтэн болсноор либералуудад өөрсдийн бодлогоо хурдан дэлгэрүүлэх боломжийг нээжээ. Үүний үр дүнд “Хүрээгээ тэлэх” (Enlargement), “хүмүүнлэгийн оролцоо” (humanitarian intervention), “гадаад бодлого бол нийгмийн ажил” (foreign policy as social work) хэмээх ойлголтууд бий болов.

Харин хүйтэн дайн төгсгөл болсон нь консерваторуудыг сандаргаж эхэлсэн юм. Тэднийг нэгтгэж байсан зорилго үгүй болсон байлаа. Либералууд урт хугацааны либерал зорилгуудаа сурталчлан наагуур цаагуур гүйлдэж байхад консерваторууд консерватив зорилтуудаа ч тодорхойлж чадахгүй сууцгааж байв. Америкийн нийгэм болон институцид заналхийлсэн ямар нэгэн томоохон харагдахуйц гадаад аюул занал байхгүй байсан нь рациональ эсвэл классик консерватизмын ач холбогдлыг багасгасан юм.

1970 болон 1980-аад оны үед Неоконсерватизм доктринжсон  консерватизмын шинэ хэлбэрээр бий болж тэр нь  тэр үеийн консерватив сэтгэлгээний гол хэлбэр болов. Үүний оюун санааны загалмайлсан эцэг нь Мильтон Фрийдман, түгээн таниулагч нь Ирвин Кристол, харин улс төрийн бодит биелэл нь Рональд Рейган байсан юм. Нэгэнт Хүйтэн Дайн дууссан учир гадаад бодлогын тал дээр неоконсерватив болон классик консерватив байр суурийн хооронд нилээн том зөрүү байсан ба ихэнхдээ неоконсерватив хандлага нь либералуудтай давхцаж байв. Зөвлөлтийн Холбоот Улс задарсан нь  неоконсерваторуудад үзэл бодлын ахан дүүсээ нэгтгэж өөрсдийн төсөөлж буй сайхан ертөнцийг бий болгоход бүх хичээл чармайлтаа дайчлах боломжийг нээсэн.

Неоконсерватизм ба классик консерватизмын ялгаа нь 1998 онд Херитэйж сангийн консерватив гадаад бодлого болон үндэсний аюулгүй байдлын экспертүүдийн судалгаагаар харагдсан юм. Судалгаанд хамрагдагсдын 50 гаруй хувь нь өөрсдийгөө “консерватист” гэж үзэж байхад дөнгөж 20 хувь нь өөрсдийгөө “неоконсерватист” гэсэн байв. Неоконсерватистууд хүний эрхийг Америкийн гадаад бодлогын тулгын чулуу гэж үзэж, гадаад орнуудад эдийн засгийн туслалцаа үзүүлэхийг дэмжиж, эдийн засгийн хориг арга хэмжээ авахыг үр дүнтэй гэж тооцож, энхийг сахиулах нь АНУ-ын цэргийн эрхэм зорилго болгож, Босни дахь АНУ-ын цэргийн байх хугацааг сунгахыг эсэргүүцээгүй юм. Эдгээр бүх асуудлууд дээр тэд нар ихэнх либералуудтай тодорхой ойлголцож харин өөрсдийгөө консерватив гэж үздэг экспертүүдтэй санал бодлын хувьд нилээн зөрчилдөж байв. Цагаачлал нь классик болон доктринжсон консерватизмын хооронд тавигддаг маргаантай нэг асуудал юм. Мөн неоконсерваторууд  консерваторуудтай харьцуулбал АНУ-ын цэргийн хүч дэндүү багассан ба батлан хамгаалах зардал дэндүү бага байна гэдэгт төдийлөн итгэдэггүй.

Либералуудын нэгэн адил неоконсерваторууд Америкийн хүч чадлыг Америк мөрөөдлийг дэлхийд дэлгэрүүлэхэд ашиглахыг хүсдэг. Гэхдээ тэд либералуудын мөрөөдлөөс арай өөр элементүүдийг тодруулж хэлдэг ба энэ ялгаа нь Бүгд Найрамдахчуудын ба Ардчилсан намын салбар Ардчиллын төлөөх Үндэсний Тусламж байгууллагын гадаадад явуулж буй үйл ажиллагаанаас харагддаг юм. Бүгд найрамдахчууд зах зээл болон хувийн хэвшлийг дэмжихэд, Ардчилсан намын сан нь ардчилал болон сонгуулийг дэмжихэд ач холбогдол өгдөг. Неоконсерваторууд АНУ-ын үүргийг дэлхийн цагдаа гэж үздэг байхад либералууд дэлхийн нийгмийн ажилтан гэж тодотгохыг хүсдэг. Гэхдээ, классик консерватизм нь сайн сайхныг гэртээ хамгаалахыг чухалчилдаг бол неоконсерватууд, либералууд нь АНУ-ыг дэлхийд сайн сайхныг бий болгох эрхэм зорилготой гэж үздэг. Ийм маягаар, классик консерватизм нь өөрийн оршин тогтнох утгаа алдаж, харин неоконсерватизм нь либерализмтай “глобаль мелиоризм”-ыг (global meliorism, орч. “Америкийн мөрөөдлөөр хөгжихөд бусад улсуудад туслах үйл хэрэг”) дэлгэрүүлэхийн тулд нэгдсэнээс Консерватизмын цаг нь өнгөрсөн мэт харагдаж байлаа.

Консерватив зарчим?

Үзэл бодол хэрхэн өрнөсөн болон консерваторууд гадаад бодлогоор хэрхэн ялгагддаг талаар дээр өгүүлсэн билээ. Өөрсдийгөө консерватор гэдэг хүмүүс ингэж хэлэхдээ зөвхөн нэр төдий нэгдэлтэй л юм. Гэхдээ консерватор болон неоконсерваторууд либералуудаас эсвэл консерватив бус үзэлтнүүдээс ялгагдах нэгдмэл хандлага, зүйлтэй байж магадгүй. Тэд аливаа бодлогын асуудлаар тов тодорхой байр суурь барихгүйгээр яг л Марксизмын хүрээнд большевик, меньшивик, тройцкистүүд, каутцкистүүд, бернштейнчүүд маргалддаг шиг асуудлын хүрээ хязгаар тогтоож маргалдах зарчимтай байж болох юм.

Консерваторуудад  ямар нийтлэг зүйл байж болох вэ? Энэ талаар “Америк дахь консерватизм” номондоо Клинтон Росситер онцгой анхаарал хандуулсан байдаг. Тэрбээр Консерватизм гэдэгт классик консерватизмыг, Америк консерватизм гэдэгт доктринжсон консерватизмыг агуулж тэдний хооронд ялгаа зааг байдаг ч тэд дараах асуудлаар нэг зарчимтай байдаг гэжээ. Үүнд: “эрх чөлөө тэгш эрхээс илүү эрхэм”, “олонхийн засаглал тун найдваргүй, дарангуйлал болох магадлал өндөр”, “Хүний эрх гэдэг бол заяагдмал биш олж авдаг зүйл”, “хувь хүнд  шашны мэдрэмж байдаг бол нийгэмд шашин нь суурь ач холбогдолтой”, “боловсрол консерватив зорилттой байх”, “шударга ёс хэн ч маргахгүй оршин байдаг зарчим”  гэжээ.

Цааш нь Росситер бичихдээ америкийн доктринжсон консерваторууд классик консерваторуудын  “хүн сайнтай муутай”, “хүн байгалиасаа тэгш байх бололцоогүй”, “нийгэм анги давхрагад хуваагдах нь зайлшгүй хийгээд хэрэгцээтэй”, “төрийн эрх мэдлийг задлах нь аль болох хүсэх зүйл”, “эрх, үүрэг болон эрх чөлөө, хариуцлагыг тэнцвэржүүлэх”, “институц, үнэлэмж, зан заншил уламжлагдаж байх нь тун ач холбогдолтой”, “төр хууль ёсны байх, шударга байх, хүчтэй байх, хүндэтгэл хүлээсэн байх, үндсэн хуулиа сахих үзэлтэй байх, цомхон байх” гэсэн зарчмуудыг хүлээн зөвшөөрөх ёстой гэжээ.

Энэ бол үнэхээр консерватив зарчмуудыг сайн тодорхойлж өгсөн тодорхойлолт юм. Америкийн нийгэм дэх консерватизм болон либериализмын ялгаа зааг, маргаанд оролцохгүйгээр консерватив сэтгэлгээний бурханд итгэх итгэл, хүний мөн чанарыг таних үзэл, үндэстэндээ үнэнч байх 3 шинж тэмдэгийг чухалчлан хэлмээр байгаа юм.

Консерватизм шашнаас үүдэлтэй байдаг бол либериализм тийм байдаггүй. Хэдийгээр зарим либералууд шүтлэгтэй ч ихэнхдээ шашингүй үзэлтэн, агностик байдаг. Гэтэл консерваторууд сүмийн гишүүн мөн эсэх, эсвэл мөргөл үйлддэг, эс үйлддэг гэдгээс үл хамааран шашинд итгэхгүйгээр консерватив байж чадахгүй. Дийлэнхдээ консерваторууд бурханд итгэгч байдаг. Америкчууд жижиг боловч чухал ач холбогдол бүхий жүүд цөөнхтэй ч үлэмж дийлэнхдээ Христэд итгэгч ард түмэн. Тиймээс америкийн консерватизмын Бурхан нь  хуучин ба шинэ гэрээний Бурхан юм. Орчин үеийн Америкт шашны итгэл үнэмшил ба консерватизм гар гараасаа барилцан шашингүй үзэл, релятивизм ба либерализмын эсрэг тэмцэж байна.  Консерватизмд хүн гэдэг бол бүх зүйлийн хэмжигдэхүүн биш. Хүнээс гадуур  Дээд оршихуй, дээд хууль, байгалийн юмуу тэнгэрлэг зүйл бий. Түүнийг үгүйсгэвэл хүний хүсэл зориг ёс суртахууны анархи чиглэл тийш уруудаж эрх мэдэл, хүч чадлаа буруугаар ашиглах болно. Т.С.Элиот 1940 онд “Хэрвээ чи Бурханд итгэдэггүй бол өөрийн итгэлээ Гитлер юмуу Сталинд өгөх хэрэгтэй болно” гэсэн байдаг. Альтернатив, шашингүй хандлагаар авч үзвэл хүн бол бүх зүйлийг хэмжигч, бүтээгч болдог тул, нэгэнт өөрсдөө хийж чадаж л байвал нийгэм болон хувь хүмүүс өөрсдөд нь юу хэрэгтэй, юу хэрэггүйг, юу нь зөв, юу нь бурууг өөрсдөө шийдэх хэрэгтэй гэж маргадаг.

Шашин бол хүний мөн чанар ба хүн хоорондын харилцааны консерватив концепцын эх үүсвэр нь юм. Консерватив сэтгэлгээгээр авч үзвэл  нэг талаас, хүн бол хайрлах, өгөөмөр байх, баатарлаг үйлс бүтээх болон өөрийгөө золиослох чадвартай, нөгөө талаас бас үзэн ядах, шунах, аймхай байх, атаархах, онгирох, хүсэл тачаалдаа автах, эрх мэдэлд шунах чадвартай. Нүгэлт хорвоо бодит болж, хүнд буг чөтгөр шүглэдэгээс л хойш Мэдисоны хэлдгээр, хүн гэдэг бол нэгэнт тэнгэрийн элч биш учраас Засгийн газар (бусад нийгмийн механизмууд) тэднийг хянаж байх ёстой, мөн тэд  өөрийгөө хянаж байх ёстой. Консерватив өнцгөөр харвал, буг чөтгөрийг хазаарлаж, номхотгож болно, гэвч огт устгах боломжгүй. Харин консерватизмыг эсэргүүцэгчид   хүн гэдэг бол ерөнхийдөө сайн, харин муу нь буруу институци болон бодлогын үр дүн гэх юмуу, хэрвээ хүн зөвхөн зөв институци, бодлогуудыг олж чадвал тэд дайн, гэмт хэрэг, ядуурал, тэгш бус байдал зэрэг чөтгөрийг устгаж чадна гэж үздэг.

Консерватизм  гэдэг бол аливаа мөргөлдөөн, цуст хүчирхийлэл бүхий мөргөлдөөнийг хүний мөн чанараас үүдэлтэй,  нийгэм, бүлэглэлд сонирхлын зөрчил бодиттой байна гэж үздэг үзэл юм. Ингэж үздэг нь харалган бодол, юмыг буруу ойлгосноос гарсан дүгнэлт биш хүний хувиа хичээх үзэл, эрх мэдэл, аюулгүй байдал, баялгийн төлөө тэмцэх  хүний мөн чанараас үүдэлтэй.  Хэдийгээр харилцан ашигтай байх бололцоо байдаг боловч бараг л бүхий л харилцаанд хэн нэг нь илүү хожиж, алдаж хэн нэг нь бага хожиж, алдсан байдаг. Харин консерватизмыг эсэргүүцэгчид хүн, бүлэглэлийн хооронд зохицолдлогоо бий, ялангуяа улс орнуудын харилцаанд зохицол байх ёстой аливаа мөргөлдөөн нь өөрийн “үнэнхүү” эрх ашгаа ойлгоогүй юмуу, бусадтай ойлголцож чадахгүйгээс болдог гэж үздэг. Либералууд аль аль талд нь орж зохицол олохыг эрмэлздэг. Консерваторууд аль аль нь ялалт байгуулах хүсэлтэй, түүнийгээ хэрэгжүүлэх оролдлого аль аль нь хийнэ гэдэгт итгэдэг. Либералууд хүмүүс өөр хоорондоо аль болох харилцаанд орсноор тэдний эрх ашиг шинэчлэгдэнэ гэж итгэдэг бол консерваторууд үүнд итгэдэггүй.

Либералууд өнөөгийн том мөргөлдөөн дуусвал дахиж тийм том  мөргөлдөөн гарахгүй гэж боддог. Тийм хөөрцөглөл   1918, 1945, 1989 онд байж л байсан. Консерваторууд нэг мөргөлдөөн дууссан бол дараагийн мөргөлдөөны эх суурь тавигдаж эхэллээ гэж ойлгодог. Тэд Робин Фоксын хэлсэнчлэн дайн гэдэг бол санаа зовох өвчин биш, энэ бол хүмүүний ердийн мөн чанар гэдэг үгтэй санал нэгдэцгээдэг байна. Дайн бол бид хэн бэ гэдгээс биш, бид юу хийсэн бэ гэдгээс дэгддэг. Дайн бол яг л шашин, янханчлал шиг хүний сайн мууд хариу үйлдэл болж дэгддэг.

Гэтэл либералууд дайныг хүмүүний харилцааг, олон улсын худалдаа наймааг хөгжүүлж, зэвсэгт  хяналт тавьж, цэргийн зардлыг бууруулж, НҮБ-ыг бэхжүүлж байж чөдөрлөж болно гэж үздэг.

Консерваторууд ертөнцийн мөн чанарыг ойлгосныхоо хувьд бурханд үнэнч байхын зэрэгцээ өөрийн улсдаа үнэнч байдаг. Түүнийгээ эх оронч үзэл хэмээнэ. Тэд өөрийн орондоо, соёл, үнэлэмждээ хамгийн үнэнч байдаг. Тэд ихэнх либералуудаас ялгаатай нь олон улсын байгууллагуудыг  сайн гэхгүй, зөвхөн миний үндэстний сайн сайханд тус болж байна гэдгээр л үнэлж хэмждэг. Консерватив бус үзэлтнүүд үндэстнийхээ хэв шинж гэхээсээ илүүтэй уугуул, арьс өнгө, жендер гэх аль эсвэл доод эрэмбээр хэв шинжээ тодорхойлох гэж оролддог. Тийм хүмүүс олон улсын байгууллага, шүүх гэдгээр үндэсний сувернитетийг доош хийдэг. Либералууд Марта Нуссбомын хэлсэнчлэн  “үндэсний бахархал” бол “ёс суртахууны хувьд аюултай” зүйл гээд патриотизмын дээгүүр косполитанизмыг сурталддаг.

Консерваторуудаас ялгаатай нь либералууд  “үндэстэн-улс”-ын хууль ёсны байдлыг хөндөх гэж оролддог. Либерал эрдэмтдийн  үндэстнээ эсэргүүцэх үзэлд хил хязгаар гэж байдаггүй. Ийм зүйл бас бизнес элитийн дотор ажиглагддаг.

Эрүүл үндэсний үзэл

Дэлхийн ихэнх хэсэгт, ялангуяа АНУ-д, эдийн засгийн глобальчлал үндэсний үзэлгүй элитүүд болон үндэсний үзэлтэй олон нийтийн хооронд ангал үүсч тэр нь томорсоор байна. Бизнесмен, албаны хүмүүс, эрдэмтэд, сэтгүүлчид зэрэг байнга нааш цааш явдаг хүмүүсээс бүрдсэн   олон улсын хэмжээний анги давхрага бий болж тэдгээр нь худалдаа, хөрөнгө оруулалт, ашгаа өргөжүүлэх бодлого ярьж, ардчилал болон зах зээлийн эдийн засгийг хаа сайгүй сурталчлах болжээ.  Ингэхдээ тэдний тавьсан зорилтууд нь  тухайн улс орон, нийгмийнхээ соёлын болон эдийн засгийн сонирхолтой тэр болгон тохироод байдаггүй. Үүнээс гарах үр дагавар нь хэрэг дээрээ глобальчлалд хариу өгөх националист, либерал бус, популист үйлдэл байж болох тухай Кофи Аннан анхааруулсан байдаг. Энэ анхааруулгад АНУ-д  ч хамаатай юм. .

Америкийн баялаг, хүч чадал дээд цэгтээ хүрчихээд байна. Харин үндэсний эв нэгдэл, эдийн засгийн тэгш байдал болон соёлын хөгжил дээд цэгтээ хүрэх болоогүй байна. Өргөн утгаар нь авч үзвэл Америк  үндэстний хэв шинж төлөвшиж чадаагүй, тэр нь  доороосоо олон соёлын үзлээр нурж, дээрээсээ космополитанизмын үзэлд идэгдэж байна. Эх оронч үзэл бол Америкийн элитүүдийн ихэнх хэсэгт үеэ өнгөрөөжээ. Ирээдүйн Америкт Хятад, Орос, Ислам эсвэл тэдний элдэв хоршилоос гадаад аюул занал бий болж магадгүй. Гэхдээ өнөө үеийн Америкийн эв нэгдэл, соёл ба хүч чадалд заналхийлж буй гол аюулыг ойроос хайх ёстой юм. Зөв хариулт бол классик болон неоконсерваторууд нэгдэж Эрүүл үндэсний үзлээ дэмжих явдал мөн. Америк бол шүтлэгтэй орон. Эх оронч үзэл бол сайн хүнд байх чанар. Универсализм бол Американизм биш юм. Үндэсний үзэл бол явцуурах үзэл бишээ.

Энэхүү үнэн америкийн ард түмний зүрхэнд хүрнэ. Бурхан болон улс орондоо үнэнч байснаараа консерваторууд олонхи либерал элитээс ялгагдаж тэд америкийн ард түмэнтэй нэг гэдгээ харуулах болно. Америк нь шашны шалтгаанаар бий болсон бөгөөд Америкийн түүхийн туршид гадаадын ажиглагчид Америкийн ард түмний бусдаас ялгагдах хамгийн том онцлогийг шашны гүн итгэл үнэмшил гэж үзсэн байдаг. Энэ нь ч үнэн бөгөөд магадгүй өнгөрснөөс илүүтэйгээр өнөөдөр илүү үнэн болж байна. Тооцож болох бүхий л хэмжигдэхүүнээр нь харсан ч чинээлэг орнуудын дундаас Америк шүтлэгийн түвшнээрээ бусдаас хол дээгүүр байдаг. Бүх ард түмний санал асуулгаар ч Америкийн ард түмэн бусад орнуудын хүмүүсээс хавьгүй илүү эх оронч байж үндэстнээрээ бахархах сэтгэл нь илүү байдаг. Эх оронч үзэл ба шашин нь Америк хэв шинжийг тодорхойлох төв элементүүд юм.

Америкийн ард түмэн Америкийн олон элитүүдээс ялгаатай нь гадаад бодлогод илүү эрүүл үндэсний үзлээр ханддаг. 1998 онд Гадаад харилцааны Чигагогийн Консулын судалгаагаар олон нийтийн бодол ба гадаад бодлого хариуцсан гол лидерүүдийн санал нилээн зөрүүтэй байгаа нь харагдсан юм. Ард түмэн ирээдүйгээ нилээн консерватив хандлагаар харсан байсан ба 53 хувь нь хориннэгдүгээр зуун, хорьдугаар зуунаас илүү хүчирхийлэлтэй байх болно гэсэн байхад лидерүүдийн 23 нь ижил хариулж харин 40 хувь нь хүчирхийлэл багатай байх болно гэжээ. Олон нийтийн ба лидерүүдийн дийлэнх олонхи нь цөмийн зэвсгийг хорогдуулах, терроризмтэй тэмцэх, Америкийн цэргийн хүчийг хамгийн сайн байлгах нь Америкийн гадаад бодлогын “хамгийн чухал” зорилго байх ёстой гэж үзсэн байна. Гэвч лидерүүдээс хавьгүй илүүтэйгээр ард түмэн нь хууль бус хар тамхины наймааг таслан зогсоох, хууль бус цагаачдыг багасгах, Америкийн ажилдын ажлын байрыг хамгаалахыг хүссэн байсан. Олон нийтийн 60 хувь нь, гэвч лидерүүдийн 36 хувь нь л үйлдвэрүүд дахь ажлын байрыг хамгаалахын тулд тарифыг чухалчилсан. Олон нийт нь гадаад дахь эдийн засгийн тусламжийн  хөтөлбөрүүд болон  цэргийн ажиллагааг лидерүүдээс илүү эсэргүүцсэн ба батлан хамгаалахын зардлыг ихэсгэхийг багахан хувиар илүүтэй дэмжсэн байхад лидерүүд тийм хэмжээний  санал өгөөгүй байна.

Дээрх тоонууд нь эрүүл үндэсний үзэл олон нийтээс мэдэгдэхүйц дэмжлэг авч болохыг нотолсон төдийгүй олон нийтэд таалагддаг дэндүү явцуурах үзэлд альтернитив үзэл болж   болохыг харууллаа. Эрүүл үндэсний үзэл нь олон соёлын үзэл, үндсэрхэг явцуурах үзэл, универсализмыг орлуулах альтернатив үзэл мөн. Эрүүл үндэсний үзэл нь Америкийн үндэсний эрх ашгийг гадаадад хэрэгжүүлэх, дотооддоо үндэсний эв нэгдлийг хангахын төлөө консерваторуудыг нэгтгэх суурь дэвсгэр нь юм.

 

Стратегийн орд уу? Стратегийн түүхий эд үү?

 

Уул уурхай Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд асар их боломжийг бий болгож байсан, одоо ч ач холбогдол нь хэвээр байгааг зөвхөн Эрдэнэт, ОТ төслөөр жишээ болгож болно. Уул уурхайгаас олсон хөрөнгөөр бусад салбараа өөд татах санхүүгийн бололцоог бий болдог. Энэ бол дэлхийн жишэг. Тиймээс улс орнууд уул уурхайн салбарт  цогц шинэчлэлт хийхийг зорих болжээ.

Энэ салбарт цаашид хийх нөр их ажлыг нэг үгээр илэрхийлбэл “Уул уурхайн Засаглал”-ыг зөв тогтоох явдал бөгөөд тэр нь

  • байгалийн нөөцийг хайж олох,
  • олборлох,
  • ашиглах,
  • уул уурхайн орлогыг эдийн засгийн бусад салбарыг хөгжүүлэхэд зарцуулах
  • уул уурхайн орлогоос сан бүрдүүлэх, түүнийгээ  хойч үедээ зөв хөрөнгө оруулалт болгон үлдээх гээд өргөн цогц асуудал юм.

Уул уурхайн засаглал тогтооход иргэний нийгэм, орон нутгийн оролцоо чухал байдаг.

Уул уурхайн салбарт томоохон өөрчлөлт хийхийн  тулд энэ салбарт өнгөрсөн 10-15 жилд  хийсэн алдаа оноогоо дэлхийн стандарт ойлголтоор шүүн тунгаах хэрэгтэй гэж бодож байна.

Уул уурхай чухал нь чухал. Гэхдээ уул уурхайн ач холбогдлийг суперциклийн нөлөөн дор хэтрүүлэн үнэлж бүр улс төржүүлсний үр дүнд бидний монголчууд 2007 оноос  “Стратегийн орд” хэмээх улс төрийн сэдэвтэй болсон байдаг.

“Стратегийн ордын талаар ойлгомжгүй зүйл их. Тодорхойлолт нь ч өөрөө бүрхэг, зөрчилтэй. Дээрээс нь хэрхэн ашиглах талаар  бодлого, чиглэл байхгүй. Тиймээс тодорхой ажил хийхэд бэрх гэсэн тайлбарыг мэргэжлийнхэн хийдэг”.   Линк

Улс орноо хөгжүүлэхэд ихэд чухал хэмээн зарим ордыг стратегийн орд гэж нэрлэсэн байж таараа. Тэглээ гээд Монголын стратегийн ордод хөрөнгө оруулалт орж ирсэнгүй.  Олон шалтгаантай хэдий ч яагаад  гэдэгт хариу олоход дараахь мэдээлэл тус болж магадгүй юм.

Интернэтээр Стратегийн орд (Strategic Deposits) гэсэн үг бичээд хайлт хийвэл голчлон Монголын талаар, хааяа нэг Оросын хуучирсан мэдээлэл гарч ирнэ. Цааш нь лавшруулаад байвал “Стратегийн орд” гэсэн ойлголт Монголоос өөр оронд байхгүйг анзаарч харин дэлхий дээр уул уурхайн “Стратегийн болон Критикал түүхий эд” (Strategic and Critical minerals) гэсэн ойлголт байдаг тухай мэдэж болно.

Уул уурхайд дэлхий ертөнц юуг “стратеги” гээд байна вэ,  Стратегийн болон Критикал түүхий эд гэж юу вэ?

  1. Стратегийн түүхий эд гэж голчлон цэрэг, дайны зориулалттай зайлшгүй нөөцлөх түүхий эдийг нэрлэж иржээ. Дэлхийн 1,2 дугаар дайны үеэс үүдэлтэй тогтсон нэр томьёо юм. Анх 1918 онд АНУ-д Харбордын жагсаалт гэдгийг гаргаж байж. 1939 онд “Стратегийн түүхий эдийн хууль” гэдгийг гаргаж байсан байна.
  2. Зах зээл дээр нийлүүлэлт нь хэзээ ч тасалдаж мэдэх түүхий эдийг Эрэлт ихтэй буюу Критикал түүхий эд гэдэг.
  3. Стратегийн түүхий эд мэдээж эрэлт ихтэй Критикал түүхий эд гэдэгт хамаарна. Эрэлт ихтэй Критикал түүхий эд заавал Стратегийн түүхий эд байх албагүй байдаг.

Өнөө цагт стратегийн түүхий эд  гэдэгт газрын тос, байгалийн хий хамаарч байгаа харагдана.

Уул уурхайн бусад түүхий эд стратегийн түүхий эд гэдэгт үндсэндээ хамрагдахгүй байна даа.  Учир нь:

  • металл болон метал бус эрдэс түүхий эд геологийн хувьд дэлхий дээр тархац сайтай.  Нөөц элбэг. Шинэ шинэ ордууд нээж болох нь тодорхой, энэ нь зөвхөн геологи хайгуульд хийх хөрөнгө оруулалтаас хамаарч буй гэж үздэг. Европт гэхэд геологийн салбарт оруулж байгаа нийт хөрөнгө оруулалт Европын сансар судлалын санхүүжилтээс 5-6 дахин бага байгаа.
  • Нийлүүлэлт нь тасалдаж мэдэх Критикал түүхий эдийн олдоц нь орд газрууд ховордсноос бус харин тухайн түүхий эдийг нийгэм улс төрийн тогтворгүй орчинд байгаль, экологид ээлтэй бус технологиор, үнэ өртөгийн хувьд үр ашиггүй олборлохоос  шалтгаалж  байгаа гэж үздэг.

Критикал түүхий эд  нь 20 гаруй нэр төрөл байна. 

Европын Холбоо Критикал түүхий эд гэдэгт дараахь 20 элементүүдийг хамруулж байна.

(2014) Линк

Screen Shot 2018-02-15 at 9.55.43 AM

 

АНУ критикал түүхий эд гэдэгт дараахь 23 элементүүдийг  хамруулж байна.

(2017) Линк

 

Screen Shot 2018-02-15 at 11.04.02 AM

 

Критикал түүхий эдийн талаар АНУ-Европын Холбоо-Япон нь  гурвалсан уулзалтуудыг идэвхтэй байнга хийдэг, нэгдсэн нэг жагсаалттай болох тухай ч яригддаг. Критикал түүхий эдийн жагсаалт нь түүнийг орлуулагч материал, технологийг хөгжүүлэх шинжлэх ухааны чиглэл, санхүүжилтийг шийдвэрлэхэд хэрэгтэй байдаг байна.

Хүн төрөлхтөн өдөр тутмын амьдралаа авч явахын тулд хэрэглэдэг химийн элемент 1980-аад онд 10 гаруй байж. Одоо техник технологи хөгжихийн зэрэгцээ хүмүүсийн амьдралын дундаж түвшин өссөнтэй холбоотойгоор  хэрэглэдэг химийн элементийн тоо төрөл ихээр нэмэгджээ. Иймээс критикал түүхий эдийг ихээр анхаардаг болсон байна.

1980-аад  онд хэрэглэж байсан элементүүдийг ногоон өнгөөр, өнөөдөр хэрэглэгдэж буй нэмэлт элементүүдийг шар өнгөөр үзүүлжээ.

Screen Shot 2018-02-13 at 5.00.32 PM

 

Ялангуяа тогтвортой ногоон хөгжил чухалчлагдаж байгаа өнөө цагт хамгийн их эрэлттэй байх түүхий эд гэдэгт дараахь эрдэс түүхий эд орж байна. 

screen-shot-2018-02-13-at-5-20-42-pm.png

Критикал түүхий эдийг олборлогч-үйлдвэрлэгч орнуудыг үзүүлбэл 

Screen Shot 2018-02-13 at 8.42.12 AM

 

Дээрхээс уул уурхайн салбарт юуг “Стратеги” гэж үзэх дэлхийн ойлголт бидний монголчуудын “стратеги”  хэмээн улс төржихөөс тэс өөр гэдгийг мэргэн уншигч Та олж харсан гэж найдаж байна. 

Монголд критикал түүхий эдийн ордууд олдож л таараа. Тусгайлсан төрийн бодлого (геологи хайгууль болон хөрөнгө оруулалт татах зэрэг ) хэрэгтэй болсон санагдана. Мэддэгээр нь алт, зэс, төмөр, нүүрсээ улс төржүүлээд “стратеги” хэмээн андуураад байна уу даа гэж санаа зовох юм.

Уул уурхай дахь “стратеги”-ийн тухай ойлголтоо дэлхийн жишэгт ойртуулж, ижилсүүлэхгүйгээр, өөрөөр хэлбэл стратеги нэрийн дор улс төржсөн хэвээр үлдвэл Монгол улс хөгжлийн асар их бололцоог алдсаар байх болов уу даа.

 

 

 

 

 

 

 

Харсан бүхэн чинь зөв байх албагүй

 

Screen Shot 2018-02-11 at 10.04.34 AM

Аливаа хүн ертөнцийн зүй тогтлыг ойлгохын тулд бүхий л мэдэрхүйгээ ялангуяа харах мэдэрхүйгээ ажиллуулах нь зүй. Гэвч харсан бүхэн чинь зөв төсөөлөл бий болгох албагүй байдаг. Тухайлбал дэлхий бөмбөрцөг хэлбэртэй боловч дэлхийн хавтгай газрын зураг улс орнуудын үнэн зөв хэмжээг өөр хооронд нь зөв харьцуулах бололцоо өгдөггүй.

Дорхи харьцуулалтууд өөрт чинь шинэ бодол өгөх боловуу гэж бодож байна.

  • АНУ-ыг Австралитай зэрэгцүүлбэл тэр нь тийм ч том биш

Screen Shot 2018-02-11 at 10.10.53 AM

 

  • Энэтхэгийг Оростой харьцуулбал тийм ч жижигхэн биш

Screen Shot 2018-02-11 at 10.14.21 AM

 

  • Хятадыг Оростой зэрэгцүүлбэл бас нэгэн өөр дүр зураг бууна

Screen Shot 2018-02-11 at 10.18.52 AM

 

  • Оросыг том нутагтай гэх боловч Африктай зэрэгцүүлбэл ингэж харагдана

Screen Shot 2018-02-11 at 10.20.50 AM

 

  • Индонезийн арлууд Оросын дайтай газар сунаж тогтдог

Screen Shot 2018-02-11 at 10.23.58 AM

 

  • Монголыг Орос болон Африктай зэрэгцүүлбэл нэг иймэрхүү

Screen Shot 2018-02-11 at 10.27.05 AM

Screen Shot 2018-02-11 at 10.27.29 AM

 

  • Африкийн газар нутгийг зөв төсөөлье гэвэл дараахь зураг тус болох байх

Screen Shot 2018-02-11 at 10.31.42 AM

Африкт нээгээд ашиглаж байгаа уул уурхайн нөөц нь маш өчүүхэн. Нээж олоогүй нь түүнээс олон дахин их гэдэг нь ойлгомжтой.

Хүн төрөлхтөн байгалийн нөөцөө дөнгөж л нээж ашиглаж байгаа эхний үе дээрээ байна. 

Уул уурхайгаа хөгжлийн хурдасгуур болгоё гэвэл олон улс оронд, түүний дотор Монголд хийх ажил их,  авах арга хэмжээ нь Африктай асар их өрсөлдөхүйц чадвартай байж л хэмээн амжилт олж болох юм.

Улс орнуудын газар нутгийн үнэн төрхийг харьцуулья, зөв төсөөлөлтэй больё гэвэл дараахь сайтыг санал болгож байна.

the true size

 

 

 

Нордик-2018

“Нордикын бүс нутгийн нөхцөл байдал 2018”  гэсэн нэртэй товхимолыг Шведын ГХЯ  олон нийтэд ил болгож байгаагаа зарлав.

Бүс нутгийн талаарх сонирхолтой олон мэдээлэл уг товхимолд оржээ.

Нийгэм, эдийн засгийн асуудлыг тоймолж байгаа арга зүй нь монголчууд бидэнд тустай байх боловуу гэсэн бодол орж ирж билээ. Англи хэл дээрх эх хувийг дараахь холбоосоор авч үзэж болно.

State of Nordic Region 2018

Screen Shot 2018-02-09 at 9.23.41 AM

Нордикын бүс нутагт Дани, Финланд, Исланд, Норвеги, Швед, Гринланд болон зарим арлууд хамаардаг бөгөөд нийлбэрээрээ дэлхийн 12 дахь том эдийн засаг гэнэ.

Газар нутгийн хувьд Монголоос 2 илүү дахин том.

  1. Хүн ам
    • Өнгөрсөн 10 жилд хүн амын хөгшрөлт хурдтай явагдаж байгаа
  2. Хотжилт
    • Хүн ам нь эргийн хотуудаар төвлөрч байгаагаас хүн амын нягтрал багасаж байгаа
  3. Цагаачлал
    • Цагаачдад болгоомжтой хандаж байгаа ч бүс нутгийн хүн амын өсөлтөд цагаачид голлох байр суурь эзэлж байгаа
    • Хүн амын дотор гадаадад төрсөн хүмүүсийн эзлэх хувь хэмжээ өсч байгаа
    • Screen Shot 2018-02-09 at 10.04.05 AM
  4. Ажиллах хүч
    • Нийт ажиллах хүчний ихэнх нь хотод төвлөрсөн байгаа
    • Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт бусад орнуудынхаас харьцангуй өндөр
  5. Хөдөлмөрийн зах зээл
    • Ажилгүйдлийн түвшин буурч байгаа
    • Швед, Финланд нь залуучуудын ажилгүйдлийн түвшингээр Европын дунджаас дээгүүр байгаа
  6. Боловсрол
    • Финланд тэргүүлэх байр суурьтай байгаа
    • Математик, шинжлэх ухааны сургалтын үр дүн доошилж байгаа
    • Хөдөө нутагт залуус сургуулиа орхих эрсдэл өндөр байгаа
    • Ажиллах хүчний наснаас хамаараад боловсролын ялгаа ихэссэн байгаа
  7. Эдийн засаг
    • Европын Холбоотой харьцуулбал эдийн засаг сайн байгаа
    • Нэг хүнд ногдох ДНБ Норвегид буурч байгаа, бусад Нордикын оронд өсөлттэй байгаа
    • Screen Shot 2018-02-09 at 10.18.13 AM
    • Эдийн засгийн өсөлт голчлон хот, хүн ам бөөгнөрсөн газруудад ажиглагдаж байгаа
  8. Инноваци
    • Инноваци тал дээр Стокхольмын бүс тэргүүлж байгаа
    • Мэдлэг шаардсан салбаруудад ажиллах хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа
    • Эко-инновацийн паркууд ногоон хөгжлийг дэмжиж байгаа
    • Нордикын орнууд ногоон хөгжлөөрөө тэргүүлж байгаа
  9. Гадаадын шууд хөрөнгө оруулалт
    • ГХО-ыг татах талаар Европын орнуудаас эхний 10-т багтаж байгаа
    • Screen Shot 2018-02-09 at 10.27.50 AM
    • Швед жил бүр 20 хүртэл тэрбум евро-той тэнцэх гадаадын хөрөнгө оруулалт татаж байна. Орон бүрээр….
    • Screen Shot 2018-02-09 at 10.30.52 AM
  10. Нордикын Биоэдийн засаг хурдтай хөгжиж байгаа
  11. Амьдралыг Дижиталжуулах үйл явц хүчтэй байгаа
    • Төрийн дижитал үйлчилгээ авдаг хүмүүсийн тоо мэдэгдэхүйц өссөн
  12. Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал
    • Финланд дундаж наслалтыг 12 жилээр нэмж чаджээ
    • Дундаж наслалт өндөр байгаа
    • Screen Shot 2018-02-09 at 10.38.49 AM
    • Зүрх судасны өвчлөл үхлийн гол шалтгаан хэвээр байгаа
    • Жилд 3500 хүн амиа хорлодог
    • Эрүүл мэндийн салбарт Дижиталжуулалт нэвтрүүлснээр хүртээмж нэмэгдэж байгаа
  13. Соёл урлаг
    • Кино үзвэр өргөн дэлгэр хөгжсөн
    • 10000 хүнд ногдох киногоор Исланд тэргүүлж байгаа
    • Финүүд хамгийн их номын санд ордог. Норвеги хүмүүсээс 2 дахин их байгаа
    • Нийслэл хотын дүүргүүдэд музей үзэх хүмүүс их байгаа

Суперцикл ба Боломж

Уул уурхай бол ямарч улс оронд хөгжлийн хурдаа нэмэх сайхан боломж байдаг. Тэр тусмаа суперциклийн үед энэ боломж олон дахин нэмэгддэг.

Суперциклийг ашиглаж хөл дээрээ боссон орон байхад, суперциклийг бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй улс орон мөн байна.

Суперциклийн үед улс орнууд гол нь юунаас хөрөнгө санхүүгээ олж байсныг дараахь слайдаас харж болно.

Screen Shot 2018-02-02 at 8.53.32 AMСуперциклийн үед газрын тос, байгалийн хий ихэнхи орны орлогын гол эх сурвалж байсан гэдгийг дээрхээс харж болно.

Зөвхөн уул уурхайн түүхий эдээс хамгийн их орлого олсон орнуудыг Ботсвана улс тэргүүлж байна.

Ботсвана улсын экспортын орлогын эх сурвалж

Screen Shot 2018-02-08 at 11.31.51 AM

Ботсвана уул уурхайг өргөжүүлж, Уул уурхайн засаглалыг хөгжүүлсний үр дүнд нэг хүнд ногдох ДНБ нь  18 000 ам. доллар (Монгол – 4000 ам. доллар) болсон байна.

Ботсвана улсын   Gini   индекс     60.5 very high, Монгол улсын Gini   индекс 36.5 medium байна.

Уул уурхайн Засаглал тогтоох асуудал нь

  • байгалийн нөөцийг хайж олох,
  • олборлох,
  • ашиглах,
  • уул уурхайн орлогоос сан бүрдүүлэх,
  • түүнийгээ зөв хөрөнгө оруулалт болгож хойч үедээ үлдээх гээд өргөн цогц асуудал юм.

Уул уурхайн засаглал тогтооход иргэний нийгэм, орон нутгийн оролцоо чухал байдаг.

Уул уурхайн Засаглалын асуудлыг зөвхөн уул уурхайн мэргэжилтнүүд бус мөн эдийн засаг, санхүү, байгаль орчны бодлого тодорхойлогчид болон иргэний нийгмийн байгууллага, орон нутгийнхан иж бүрнээр нь нэгдмэл байдлаар харж чадах эсэхээс Монголын хөгжил цаашдаа хамаарна.

Эл хэрэгт тус болохуйц 14 долоо хоног үргэлжлэх нэгэн сургалтыг Дэлхийн банк, Байгалийн нөөцийн засаглалын институт,  Тогтвортой хөрөнгө оруулалтын Колумбын Төв хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Болгооно уу.

“Уул уурхайн Засаглал” онлайн сургалт

 

 

Монгол ба RAND think tank

 

Screen Shot 2018-02-06 at 8.57.14 AM

RAND Corp.  өөрийн сайт дээр “Залуусын бололцоог дээшлүүлж Монголын хөдөлмөрийн зах зээлийг сайжруулах нь” гэсэн нэртэй нэгэн судалгааг байршуулжээ. Уг судалгааг 2015 онд хийсэн байх бөгөөд Монгол хэл дээрх хувилбар нь хэрэгтэй хүндээ байгаа гэж ойлгож байна.

Ер нь бодлого тодорхойлогчдод зөвлөмж болохоор тул анхаарал хандуулав.

“Монголд ажилгүйдэл дэлхийн стандарттай харьцуулбал тийм ч их биш, гэвч гол асуудал нь ажил эрхлэгчдийн ихэнх нь хөдөлмөрийн бүтээмж муутай салбарт ажиллаж байна” гэсэн дүгнэлт хийжээ. 

Дэлхий болон Монгол дахь ажилгүйдлийн түвшний харьцуулалт

Screen Shot 2018-02-06 at 8.59.21 AM

Монгол болон Шилжилтийн орнуудын ажилгүйдлийн түвшний харьцуулалт

Screen Shot 2018-02-06 at 8.59.50 AM

RAND Corp. -ийн өгч байгаа зөвлөмжийн хэсгээс:

  •  Боловсролыг ялангуяа ажилгүй болон сургалтаас хөндий хөдөөгийн залуучуудад хүртээмжтэй болгох
  • Сургалтын хөтөлбөрт сэтгэх болон эргүүцэн сэтгэх чадварыг хослуулах
  • Сургуульд хүүхдүүдэд мэргэжлээ сонгох чиглэл байнга өгч байх
  • Ажил олгогч болон боловсролын байгууллагын хоорондох дадлага хийлгэх харилцааг албажуулах, бэхжүүлэх
  • Мэргэжил үйлдвэрлэлийн сургалтыг олон улсын стандартад ойртуулах
  • Хувийн хэвшлийн байгуулагуудтай мэргэжил үйлдвэрлэлийн сургалт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтээр хамтарч ажиллах
  • Алсдаа мэргэжил үйлдвэрлэлийн сургалтын байгууллагуудыг нэгтгэх
  • Мэргэжил үйлдвэрлэлийн төвүүд дэх  богино хугацааны  дадлага сургалтыг сайжруулах
  • Ажилгүй, сургалтаас хөндий явах эрсдлийг залууст анхнаас нь ойлгуулах ажлыг сургуулиар дамжиж зохион байгуулах
  • Нийгмийн хамгааллын тогтолцоог хөдөлмөрийн зах зээлийн үр дүнтэй уялдуулан боловсронгуй болгох
  • Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг хялбаршуулах
  • Ажилд янз бүрийн бүлэг хүмүүсийг авах мотивацийн талаар судалгаа хийх
  • Гэх мэт

Дэлгэрэнгүйг дараахь холбоосоор үзнэ үү

Improving the Mongolian Labor Market and Enhancing Opportunities for Youth

 

 

Дэлхийн санхүүг зураглах нь

Screen Shot 2018-02-01 at 10.04.22 AM

 

Дэлхийн эдийн засгийг 170 триллион ам. доллар гэж байгаа. Бараг мөн хэмжээний (150 триллион) өр, зээл байгаа. Нийлбэрээрээ 350 триллион ам. доллартай тэнцэх хэмжээгээр дэлхийн эдийн засаг, санхүү хэмжигдэж байна.

Банкуудад байгаа бүх харилцах, үнэт цаас, даатгал, тэтгэврийн сан зэрэг санхүүгийн бүх ассетийг нийлүүлээд Улс орнуудаар  нь гаргавал дорхи байдалтай байна.

Screen Shot 2018-02-01 at 9.20.23 AM

Хятадын санхүү  Оросоос  32 дахин том. АНУ-ын санхүү Хятадаас 3 дахин том. Ийм л ертөнцөд бид амьдарч байна.

2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа Америкийн Төв Банк дэлхийн эдийн засаг руу их хэмжээний мөнгө цутгасан. Уламжлалт бус энэ аргыг шүүмжлэх нь олонтаа.

Screen Shot 2018-02-01 at 9.21.55 AM

Дэлхийн санхүүгийн зах зээл дээрх энэ цаг үеийг “Хялбар мөнгө” (Easy money)-ний үе гэж нэрийддэг. Энэ цаг үед олон  орон Засгийн газрын бонд гаргаж дэлхийн өр их хэмжээгээр нэмэгджээ. Манай Чингис бонд болон дараа дараачийн бонд, зээл “хялбархан” бүтсэн үндсэн шалтгаан нь АНУ-ын Төв банкны “хялбар мөнгө” бий болгосон бодлогын үр дүн байсан гэж харагдахаар байна. Гэвч бонд гаргаж өрөнд орохыг хэн ч албадаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй юм.

АНУ энэ бодлогоосоо өнгөрсөн хугацаанд аажмаар татгалзсан хэдий ч Европын Холбоо, Япон, Хятад зэрэг орнуудын Төв банк америкийн бодлогыг буухиалж байгаа.

Дэлхийн санхүүгийн зах зээл дээрх “хялбар мөнгө”-ий үе хэзээ мөдгүй дуусах нь гарцаагүй. Тэр цагт бодит хүндрэлүүд бий болох бөгөөд урдчилан харж бодлогоо чамбайруулж чадах эсэхээс улс орны хөгжил тогтвортой байх эсэх хамаарч байна. 

 

Торгоны зам судалгаа: Гүрж дэх Оросын гибрид тактик

Screen Shot 2018-01-31 at 8.55.31 AM

Ийм нэгэн нэртэй судалгааг Төв Ази, Кавказын институт Торгоны зам судалгааны хөтөлбөрийн хүрээнд гаргажээ.

1991 онд тусгаар тогтнолоо зарласан Гүрж улс Оросын гибрид тактикийг өөрийн бие дээр хамгийн их мэдэрсэн орон гэнэ.

Оросын нөлөөллөөс гарч Барууныхантай ойртох гэсэн эрмэлзэл нь яван явсаар хурцадмал байдал бий болгож 2008 онд Орос, Гүржийн хооронд дайн гарчээ. Дайны үр дүнд Өмнөт Осет, Абхаз гэсэн улс бий болсон бөгөөд Орос тэднийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Монгол улсыг эдгээр улсыг хүлээн зөвшөөрөхийг Оросын талаас санал болгож байсан нь нууц биш юм.

Screen Shot 2018-01-31 at 9.18.20 AM

Дайны дараа Гүржид “мөрөөдлийн Засгийн газар”-ынхан Оростой худалдаа, эдийн засгийн харилцаагаа сайжруулсан хэдий ч Баруунтай ойртох үндсэн стратеги баримтлал нь өөрчлөгдөөгүй байгаа гэнэ.

Орос Украины харилцаа хурцадаж байгаа болон Орос, Барууны орнуудын хооронд сөргөлдөөн даамжирч байгаа нь Оросын гибрид тактикийг тусгайлан судлах шаардлагыг бий болгожээ.

Ер нь том гүрнүүд бусад улс орнуудыг өөрийн нөлөөллийн хүрээнд байлгахын тулд ижилдүү гэж хэлж болохоор бодлогын арга хэмжээ авдаг. Гэвч гибрид тактик нь Орост илүүтэй хамаарах цэрэг, дипломат, эдийн засгийн зэрэг олон төрлийн арга гэнэ. Нэр томьёог нь хүртэл Оросын цэргийнхэн гаргасан бололтой юм.

Олон улсын байдал хурцдаж байгаа нөхцөлд Оростой хил залгаа байгаа Балтийн орнууд, төв Азийн орнууд, хуучин Оросын нөлөөллийн хүрээнд байсан орнуудад гибрид тактикийг танин мэдэх явдал чухал гэж үзэж байгаа юм байна.

Гибрид тактик нь: Нэгд, тухайн орны Баруунтай тогтоосон харилцааг сулруулах, Хоёрт, Оросын нөлөөллийг бий болгох хоёр үндсэн чиглэлээр хэрэгждэг бололтой.

Дэлгэрэнгүйг дараахь холбоосоор үзнэ үү.

Russian-Hybrid-Tactics-in-Georgia (1)