“Хүйтэн цаг агаар-2018”

Cold Climate HVAC 2018

The 9th International Cold Climate Conference
Sustainable new and renovated buildings in cold climates

Kiruna – Sweden 12-15, March 2018

Cold Climate-2018

4 жил тутам болдог  “Хүйтэн цаг агаар” олон улсын хурал энэ удаа Шведийн Кируна хотод ирэх 3 дугаар сард болох гэж байна.

Энэ удаагийн хуралд Швед дэх элчин сайдын яам оролцох бөгөөд хурал зохион зохион байгуулагчдын зүгээс Хөтөлбөрөө ирүүлжээ.

Хөтөлбөрт:

-Дулаан хадгалах барилгын материал

-Цонхоо хэрхэн суулгах

-Дулаалга хийх хямд өртөг бүхий арга

-Хүйтэн нөхцөл дэх барилгын архитектур

-Орон сууцны дээврийн дулаалгын шийдэл

-Байрны дулаалгыг шийдэхэд орон сууц өмчлөгчдөд үзүүлэх туслалцаа (Шведийн жишээ) гэх мэт сонирхолтой сэдвүүд оржээ.

Мэргэжлийн хүний нүдээр харвал гүнгийрүүлж үзэх ёстой бас олон сэдэв байгаа бололтой.

Ирүүлсэн Хөтөлбөрийг дараахь холбоосоор үзэж танилцана уу.

paper_session_schedule_cchvac2018_20180128 copy

Дээрх олон улсын хурлаас аль болох хэрэгтэй мэдээллийг манай мэргэжлийн хүмүүст хүргэхийг ЭСЯ хичээх бөгөөд сонирхсон сэдэв, зөвлөгөөг ЭСЯ-ны дараахь имэйл хаягаар ирүүлнэ үү.

Mail address:

stockholm2@mfa.gov.mn

 

 

YES – Нөөцийн мөнгө

Screen Shot 2018-01-28 at 11.07.48 AM

Улс орнуудын өөрсдийн гадаад валютын нөөцөө барьдаг мөнгийг эдийн засагчид нөөцийн мөнгө хэмээдэг. Тэрхүү мөнгийг гадаад төлбөр тооцоонд хэрэглэнэ. Хөрөнгө оруулалт бусад асуудлыг мөн нөөцийн мөнгөний тусламжтайгаар шийддэг.

Олон улсын харилцаанд МЭӨ 5 дугаар зуунд Грекийн драхма хэрэглэгдэж байж. Улмаар Римийн денари, Бизантины солидус, Дундат зууны үед Арабын динар, Венецийн дукато, Сэргэн мандалтын үед Флоренцийн флорин, 17 дугаар зуунд Данийн гүйлдэр, Францын франк хэрэглэгдэж байжээ.

Дээрх мөнгөнүүдийн нэгээхэн ч тогтвортой баталгаатай мөнгө болж чадахгүй байсаар Дэлхийн хоёрдугаар дайнтай нүүр тулсан байдаг.

Дэлхийн  хоёрдугаар дайны нэг чухал үр дүн бол долларыг дэлхийн санхүүгийн нөөцийн мөнгө гэж хүлээн зөвшөөрч ОУВС байгуулсан явдал юм.

Америкийн үндэсний мөнгөн тэмдэгт нь дэлхийн нөөцийн валютын үүрэг гүйцэтгэж байгаа нь АНУ-д олон давуу талыг бий болгодог.

Доллар нь нэг талаасаа америкийн үндэсний мөнгөн тэмдэгт, нөгөө талаасаа гадаад төлбөрийн хэрэгсэл нэгэн зэрэг байгаа нь сонирхлын зөрчил бий болгож байна гэж шүүмжилдэг. Гэсэн хэдий ч ноёлох байр сууриа алдаагүй байна.

Улс орнууд гадаад валютын нөөцөө ямар мөнгөөр илүү хадгалдаг болохыг дараахь зургаас харж болно.

Screen Shot 2018-01-28 at 10.20.46 AM

 

Гадаад валютын нөөцөө улс орнууд ихэвчлэн ямар мөнгөөр хадгалж байгаагаар дэлхийн санхүүг харах  нь уламжлалт арга боловч тэр нь дэлхийн санхүүгийн зураглалыг бүтэн гаргахад хангалттай биш гэнэ.

Дээрхээс өөр аргачлалаар хийсэн нэгэн судалгааг ОУВС сайт дээрээ байршуулжээ. Танилцана уу.

Title: Reserve Currency Blocs: A Changing International Monetary System?

Энэхүү судалгаагаар дэлхийн санхүүгийн систем 2 туйлаас 3 туйлтай болсон гэсэн дүгнэлт хийжээ. 

Screen Shot 2018-01-28 at 9.02.10 AM

 

Долларын блок дэлхийн нийт ДНБ-ий 40 хувийг эзэлж байгаа бол, юаны блок 30 хувь, Еврогийн блок 20 хувь байна.

Британы фунт, Японы иены үүрэг роль ихэд хумигдсан бололтой. 

 

 

 

Америкийн ололт амжилтын нууц

Screen Shot 2018-01-26 at 7.12.56 PM
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт
Америкийн ололт амжилтын нууц нь Think-tank  бодлогын судалгаанд оршдог.
Тэд 2000 гаруй бодлогын судалгааны хүрээлэндээ дэлхийн хамгийн шилдэг эрдэмтэн мэргэд судлаачдыг мөнгөөр зодон авчраад судалгаа шинжилгээ хийлгэн төрөл бүрийн салбарт бодлогоо оновчтой зөв тодорхойлсноор дэлхийг эзэгнэсэн хэвээр байна.
Screen Shot 2018-01-26 at 7.24.50 PM
Унах машин өмсөх хувцас идэх хоолоо мексик хятадуудаар  төвөггүй хямдхан хийлгэчих  тэдэнд  гол нь дээшээ сансар огторгуй доошоо электрон протон гэрлийн бөөм ДНК-г задлан нууцыг нь атгаснаар  дэлхийг төдийгүй ертөнцийг эзэмдэх санааг давхар өвөрлөж байдаг.
Ганц эрчим хүчний бодлогыг аваад үзэхэд, газрын тосны үнийг навс унаган баррелийг нь 60$ болгож зөвлөлтийн эдийн засгийг сөхрүүлэн коммунизмыг нураах, Ирак Афганы дайн болоход 60 байсан тосоо 160 болгоод зөрүүгээр нь дайны зардлаа  нөхөх,  газрын тос 160 болонгуут Европ Хятад зэрэг нефтээр  маруухан улсууд сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээнд  хамаг төсөв хөрөнгөө гарган  50 доллараас ч хямд төсөр сэргээгдэх эрчим хүч онолын хувьд гаргаж аваад яг хэрэгжүүлдэгийн даваан дээр буцаагаад 40 ногоон болгож даажигнан тэдний эхлүүлсэн хамаг төсөл хөтөлбөрийг будаа болгож хаалгыг нь бариулах зэрэг ухаалаг ухаалаг шийдлүүдийг тинк танк судлаачид л сэтгэж улстөрчид нь хэрэгжүүлж байдаг.
Мөнгө электрон болсон өнөө үед хоосон цаасан ногооныг өдөр шөнөгүй хэвлэж буурай орнуудад зээл бонд хэлбэрээр зээлдүүлээд буцаагаад жилийн дараа юутай хүүтэй нь чулуу болгоод авч байгаа нь Монголд ч  хамаатай.
Олз омог олчих санаатай гартаа хүрз барьсан, бас ч үгүй кармаандаа нэг доллартай нутгийн сайхан гүндүүгүй монгол эр, ганзага хоосон гадаад эртэй говьд таарч яриа хөөрөө өрнүүлэн мөнгө зээлэх санаагаа хэлтэл цаадах нь Бололгүй яахав, чамд барьцаанд нь тавих юу байгаа гэтэл Хүрз байна гээд нутгийн эр хүрзээ барьцаанд тавьтал, гадаад эр:
-Нэг доллар жилийн хүүтэйгээ хоёр доллар. Харин би хүүгий нь шууд суутгаж авна
-Тэгэлгүй яахав, одоо хүүгий нь төлөөд дараагийн жил үндсэн зээлээ төлөхөд надад ч амар гээд кармаанд байсан ганц доллараа хүүнд нь өгөв. Гадаад эр баруун гараараа нэг долларыг нь аваад зүүн гараараа буцаан өөрт нь зээлүүлэхийг анзаарах манатай, мөнгө зээлсэндээ бөөн баяр болсон нутгийн эр толгодын цаагуур түнш нь орохын цагт: Ингэхэд би ер нь юу хийчихвээ. Байгаа хөрөнгөө барьцаанд тавиад, байсан мөнгөө хүүнд өгөөд, дээрээс нь баахан өртэй үлдэх чинь юу билээ гээд нилээн бодов. …Бодоод бодоод бодын шийр дөрөв.., ёстой нөгөө УИХ-ын топ санхүүч, улс төрчид өнгөрдөг жил Оюутолгойг шалгаад шалгаад учир нь олдохгүй санхүүгийн махинацид нь толгой нь эргээд сүүлдээ бүүр бууж өгч байсантай л ус агаар адил нэг юм болох жишээний.
Америкийн хийж буй дайн дажинаас эхлээд хууль журмын цэг таслал хүртэл бодлогын судалгаан дээр үндэслэгдэж хэзээ хойно ч гэсэн уг судалгаа нь буруу болох нь нотлогдвоос уг тинк-танк хүрээлэн судлаачдын  нэр хүнд нь навс унаж бусад өрсөлдөгч нартаа жийгдэн бодлого судалгааны зах зээлээс арчигднаа л гэсэн үг. Тиймээс судлаачид уг асуудалдаа шинжлэх ухааны бүхий л аргыг хэрэглэн туйлын няхуур нямбай шударгаар хандана.  Асуудлыг хорь гучин жилийн өмнөөс ч эхлэн судлан алсын харааг гучин жилээр  стратегийн зорилтоо 10 жилээр үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг гурван жилээр ч гаргана. Заримдаа гурван жил Бин Ладенг судалж судалж байгаад  гуравхан минутын  дотор устгах гүйцэтгэх ажиллагаа ч үүнд хамаарна.
Социализмын үед аливаа асуудлын тооцоо судалгаа харьцангуй сайн байжээ. Улаанбаатарын хүн ам ихсэх тусам Туул голын усны түвшинг хэвийн байлгах, голын дагуух худгуудыг хөрсний усаар тэтгэх бас загас жараахай үржүүлэх амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрөөх зориулалтаар байгуулах Гачууртын хар усан тохойд усан сангийн  ТЭЗҮ-г боловсруулаад хэрэгжүүлдэгийн даваан дээр оросууд нутаг буцаад энэ асуудал орхигдсон бөгөөд цаашдаа  Улаанбаатарын усны асуудлыг судлан шийдвэрлэхгүй бол гучин жилийн дараа юу болохыг төсөөлөхийн аргагүй.
Бид далан жил коммунизмаар аялан нэг толгойлогчоос зүрхшээх болсонтой холбоотойгоор 1992 оны Үндсэн хуулиндаа тэнцвэртэй гурван толгойтой төрийг баталж орхисон ч ард түмэн төрөө дээдэлдэг зангаараа тэднийгээ хэрхэн яаж хянан шалгах хариуцлага тооцох огцруулах механизмаа орхигдуулснаар  Монгол улс өнөөдөр системийн хямралд оржээ. Гарах ганц гарц бол Үндсэн хуулиа үндсээр нь өөрчлөж төрийн гурван толгойн дээрээ ард түмэн гэсэн нэг толгойг аваачиж залах явдал юм.
Үүнийг зөвхөн бид ч хүсээд байгаа юм биш, байгалийн баялгаас авхуулаад                 /Аархусын Конвенци/ аливаа асуудлыг зөвхөн иргэдийн оролцоотойгоор шийдэж байх хөгжлийн чиг хандлагыг НҮБ-аас гишүүн орнуудад байнга шахаж шаардаж зөвлөх болсны  дагуу Үндсэн Хуулийн шинэчлэлийн гол зорилго бол өнөөгийн Парламентийн засаглалаас АРД ТҮМНИЙ ЗАСАГЛАЛ руу шилжих явдал бөгөөд энэ нь ерөнхийлөгчөөс эхлээд бүх шатны шүүгчдийг хүртэл ард түмэн сонгох ба хариуцлага алдсан төрийн ямар ч албан тушаалтаныг хянан шалгах, эргүүлэн татах, огцруулах эрх нь ард түмэнд олгогдоно гэсэн үг.
Үндсэн хууль зөрчигдсөн өөр арга байхгүй тохиолдолд босон тэмцэх эрхийг нь ч германчууд шиг ард түмэндээ баталгаажуулж өгөх нь зүйтэй. ХБНГУ-ын Үндсэн хуульд Article 20. All Germans shall have the right to resist any person seeking to abolish this constitutional order, should no other remedy be possible. “Бүх германчууд энэхүү Үндсэн хуулиар тогтоосон хэв журмыг устгахыг зорьсон хэн боловч этгээдийн эсрэг өөр арга зам байхгүй бол босон тэмцэх эрхтэй.” гэсэн заалт бий.
Дээрхи хариуцлага алдсан субъектуудыг огцруулахдаа нийт сонгогчдын 1/10-ийн гарын үсгээр ард түмний дунд санал асуулга явуулан 2/3-ын саналаар огцруулах зэргээр Үндсэн хуулийн бараг бүх заалт зүйлийг маш сайн бодлого судалгаатайгаар шинэчлэж өөрчлөж үндэсний уриа уухай хоёрдахь нийслэлээ  хүртэл нэмж оруулах нь зүйтэй. Тухайлбал,  цэргийн хүний нүдээр харахад 1992 оны Үндсэн хуульд   гадаадын цэргийг байрлуулахыг хориглосон заалт нь ган зуд гамшиг гээд гадаадын цэргийн хүчнүүд хаа сайгүй хүмүүнлэгийн үүрэг гүйцэтгэх болсон өнөө цаг үетэйгээ нийцэхгүй байгаа юм.
НҮБ-ын дүрмээр  тусгаар тогтнолоо хамгаалах зорилгоор аливаа засгийн газар НҮБ, НАТО, бусад улс орноос цэргийн тусламж авахаар хүсэлт гаргах, хамтын хүчээр эх орноо хамгаалах эрхтэй байдаг тул манайд хэдийд ч ийм шаардлага, ган зуд  гарахыг үгүйсгэшгүй. Ид дайны гал дундуур засгийн газрынх нь хүсэлтээр Кувейтыг Америк чөлөөлж  Сирийг Орос чөлөөлж байхад  мөн 1995 онд  Македони НҮБ-д яаралтай хүсэлт гарган НҮБ Энхийг сахиулагчидаа /UNPROFOR Preventive Peacekeeping/ үндэстэн хоорондын дажин болохоос өмнө тус улсад оруулснаар Македони иргэний дайнд өртөлгүй  тусгаар тогтнолоо баталгаажуулж чадсан юм.
НҮБ, НАТО нь зөвхөн тусгаар тогтнол ган зуд төдийгүй, тэдний соёл иргэншлийн үнэт зүйл болсон ардчилал эрх чөлөө хүний эрх шударга ёс чинь аюулд учраад байна хамгаалж өгнө үү хэмээн Засгийн газраас хүсэлт гаргахад л хүн төрөлхтөний нийтлэг эрх ашгийн төлөө цэрэг оруулахад бэлэн байдаг.
Уг нь Эрдэнэтийн 49 хувь бол оросын эрх ашиг, сонирхолыг Монголд тодорхой хэмжээгээр хадгалж бидний аюулгүй байдлын тодорхой хэмжээний баталгаа болгох зорилгоор Бал дарга бодлогоор үлдээсэн зүйл байсан ч алдчихлаа. Одоо Лондонгийн шүүхээр ард түмэнд бус халхын хэдэн сайн эрчүүдэд өгөх шийдвэр гарах биз.
Иймээс Монгол Улс барууны соёл иргэншлийн дээрхи үнэт зүйлс, түүний дотор ард түмний засаглалыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх нь  НҮБ, Америк, Европ, НАТО-гоос бидний тусгаар тогтнолд гаргаж буй гадаад улс төрийн ганц том баталгаа нь болно.        Эх сурвалж: sonin.mn

Туйлын Торгоны зам

 

Screen Shot 2018-01-26 at 9.23.45 AM

Дэлхийн дулаарал Хойт мөсөн далайг хайлуулж далайн тээвэрт шинэ бололцоог бий болгож байна.

Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Хойт мөсөн далайгаар зөвхөн Оросын хөлөг онгоц явж байх зохицуулалт бүхий зарлигт гарын үсэг зурсан тухай мэдээлэл явж байсан. Түүнийг нь Оросын эсрэг Барууныхны авсан хориг арга хэмжээний эсрэг авч байгаа арга хэмжээ гэж тайлбарлаж байлаа. Арай л явцуу тайлбар байсан байж магадгүй байна.

Орос, Хятад улс Хойт мөсөн далайг ашиглах талаар идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд Хятад улс энэ долоо хоногт анх удаагаа “Зам, бүсийн санаачилга”-ын хүрээнд Хойт мөсөн далайд дэд бүтэц хөгжүүлж цаашдаа “Туйлын Торгоны зам” бий болгох тухай албан ёсны бодлогын баримт бичгээ зарлалаа.

Ингэхдээ Хятад улс нь Хойт мөсөн далайд хамаарах бүх оронтой хамтран ажиллахаа мэдэгдэж Хойт мөсөн далайн Зөвлөлд ажиглагчийн статустайгаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Polar Silk Road

Хойт мөсөн далайн тээвэр нь Европ, Азийг Сүэцийн сувгаар холбосон далайн тээврийн замаас бараг 2 дахин дөт, тээвэрлэлт нь 20 хоногоор богино байх бололцоотой юм.

Төслийг “алах” яагаад хэцүү вэ

Олон оронд улс орны эдийн засгийн хөгжил нь улам бүр томоохон хэмжээний мегатөсөл хэрэгжүүлж чадах эсэхээс хамаарах болжээ.

Олон улсын практикаар  нэг тэрбум ам. доллараас илүү үнийн дүнтэй төслүүдийг Мегатөсөл хэмээн нэрийдэж байгаа боловч  Мегатөслүүдийн гуравны хоёр нь дампуурч байгаа. Тиймээс Мегатөсөл нь санхүүгийн баялгийг үржүүлэгч биш, харин түүнийг устгагч болчихоод байгааг анхаарах шаардлагатай байна.

Screen Shot 2018-01-25 at 12.02.50 PM

 

Нэгэнт Мегатөсөл асар том эрсдэлтэй тул судалгааны явцад анхнаас нь бүтэхгүй төслийг цаг тухайд нь “алах” явдал чухал гэж үздэг.

Хэрвээ ингэж чадахгүй бол хий хоосон хөрөнгө мөнгө үрэх, цаг хугацааг олон жилээр алдах аюултай.

Дээр нь ардчилсан оронд хүн амын дунд хоосон хүлээлт үүсгэх мегатөсөл дампуурах нөхцөлд шийдвэр гаргагчдийн болон аливаа төр, засгийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж улс төрийн тогтворгүй байдал бий болгодог.

Олон оронд мегатөслийн уралдаан болж байна. Дийлэнх нь хэрэгжихгүй гэдэг нь анхнаасаа ойлгомжтой.

Бүтэхгүй мегатөслөө зогсоож чаддаггүй хэд хэдэн шалтгаан байдаг гэж судлаачид үздэг.

Монголд дээрх асуудал ихэд хамаатай санагдах юм. Олон жил олон ч төсөл ярьж ирсэн. Зогсоосон, мухарласан, “алсан төсөл”  нэг ч байхгүй. Тэр хэмжээгээрээ хөрөнгө мөнгө үрэн таран хийж олон арван жил алдсан, цаашид алдахаар байна.

Яагаад, юу бэрхшээл болдог вэ? гэдгээр санаа авхуулах үүднээс дорхи зүйлийг анхаармаар санагдана.

Эго

Бүтэхгүй нь ойлгомжтой болсон мегатөслийг зогсоож чаддаггүй том хүчин зүйлд  хүний эго ордог бөгөөд хэрэв тухайн төслийг Та санаачилсан бол  “Би алдаа хийжээ” гэж хэлэх нь үнэхээр хэцүү байдаг.

Screen Shot 2018-01-25 at 12.04.43 PM

Үнэн хэрэгтээ дэмий цаг, хөрөнгө зарж буй Мегатөслөөс татгалзах нь жинхэнэ бизнес хүний мөн чанар байдаг гэнэ.

Менежмент

Зарим компани төсөл хариуцсан “төслийн менежер” хэмээх мэргэжилтэнтэй байх бөгөөд зарим нь бүхэл бүтэн “төслийн баг” гарган ажиллах явдал бий.

Хэрэв 20 хүнтэй баг бүтэн жил ажиллуулчихаад Та нар одоо ажилгүй боллоо гэж хэлэх хэцүү. Тиймээс шинэ төсөл санаачилж ажиллах явдал гардаг гэнэ.

Төслийн судалгаа нь нэлээд хол явчихсан төслийг “алах” хэцүү. Хүний сэтгэн бодох арга нь эерэг хандлагатай байдаг тул  шийдвэр гаргагчид Төслийг “алах” хэрэгтэй юу гэж бодохоосоо илүүтэй Юуг засчихвал төсөл амьд үлдэхүү гэж боддог гэнэ.

Нөхөх аргагүй өртөг (Sunk cost)

Төсөлд хэтэрхий их хөрөнгө мөнгийг нэгэнт зарцуулсан бол тэр мөнгийг эргэж олж чадахгүй байдал нь төсөл хариуцсан шийдвэр гаргагчдын  Төслөө “алах” эр зоригийг нь мохоодог.

Мэдлэг хуримтлуулах Соёл

Мегатөсөл унаж болно. Харин түүнээс юу алдав, цаашдаа юу хийх ёстой вэ гэдгийг ойлгож авч чадвал тэгээд дараа дараачийн төслийг амжилтанд хүргэх соёл бий болгож чадвал мегатөслийн уналтыг  үнэтэй ч гэлээ “том сургалт” болгож болно.

Ингэж чадвал хөгжлийн зам хүн бүрт зурайх бизээ.

 

 

 

 

 

 

Ногдол ашиг ба Санхүүгийн Хүрхэрээ

 

“Монгол улс Оюутолгойгоос ногдол ашиг авах хугацаа хамгийн багадаа 10 жилээр хойшилжээ” гэсэн нэртэй нийтлэл гарчээ.

Ногдол ашиг авах хугацаа хойшилсон нь муу мэдээ гэж. Санал нэг байна.

Ногдол ашиг авах хугацаа хойшилсон шалтгаан нь Дубайн гэрээ, буруутан нь Сайханбилэгийн Засгийн газар хэмээж. Санал нэгдэхгүй байна.

Яагаад гэдгийг ойлгуулахын тулд хэдэн санааг хэлсү.

Миний хэлэх гээд зүйл миний хувийн бодол биш, зүгээр л олон улсын практикийг хялбаршуулан ойлгуулах гэсэн тайлбар бөгөөд зөвхөн Оюу Толгой төсөлд хамаарах эд биш юм. Монгол улс цааш цаашдаа төмөр зам, цахилгаан станц, уул уурхайн болон аж үйлдврийн мегатөсөл хэрэгжүүлье, эдийн засгаа тэлье л гэж тэмүүлж байгаа бол  дараахь асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй юм.

Нэг. Мегатөсөлд Засгийн газар хувь эзэмших ёстой юу

Аливаа мегатөсөлд Засгийн газар хувь эзэмших, эс эзэмших асуудал  бол ёстой тухайн орны сайн дурын хэрэг юм. Мэдээж 51-ээс дээш хувь эзэмшинэ гэвэл хөрөнгө оруулагч тал манай Засгийн газраас тэр хэмжээний зардлаа гарга, эрсдлээ хариуц гэж хэлэх нь ойлгомжтой. Мөнгөгүйн зовлонгоос гадна мэдэхгүй, чадахгүйн зовлон байдаг тул хяналтын багц бүхий хувь эзэмшинэ гэж ярих нь зүгээр л хөрөнгө оруулагчдыг үргээсэнтэй агаар нэгэн болно.

Уул уурхайн төслүүдэд Засгийн газрын эзэмшдэг хувь  төдийлөн их байдаггүй, ерөнхий хандлага нь буурсаар ирснийг дорхи баримтаас харж болох юм. Зэсийн хувьд Төрийн оролцоо дэлхийн дундаж нь 4,5 хувь, хэрвээ Хятадыг оролцуулахгүй бол 3,3 хувь байсан (2008) байна. Хямдхан олборлож болох ордуудаа ашигласан цаашдаа олборлох Металлын хүдрийн геологийн нөхцөл хүндэрч байгаа болон дагалдах дэд бүтцийн өртөг өсч байгаа нөхцөлд уул уурхайн төслийн эрсдлээс зайлсхийхийн тулд Засгийн газрууд тухайн төсөлд оролцох төрийн оролцоог  аль болох бага байлгахыг эрмэлзэж байгаа нь доорх баримтаас бас харагдана.

Screen Shot 2017-12-13 at 7.17.02 PM

Дэлгэрэнгүйг дараахь холбоосоор үзнэ үү.  GlobalMiningIndustry-Overview

Аливаа төсөлд Засгийн газар хувь эзэмшинэ гэдэг нь тэр хэмжээгээр хариуцлага үүрнэ гэсэн үг юм. Их хувьтай бол их хариуцлага үүрнэ. Бага хувьтай бол бага л хариуцлага үүрнэ. Төрийн оролцоог их бага байлгах сонирхол хаанаас үүсдэгийг тайлбарласан Оксфордын профессор Пол Коллирын нэгэн үг санаанаас гардаггүй юм. Тэрбээр “өөрийгөө уул уурхайн баялгаар баян гээд бодчихсон  ямар ч хүнд аливаа төслөөс хүртэх ашиг үргэлж чамлалттай санагдах бөгөөд яаж ахиухан хүртэх үү гэж бодохдоо төрийн оролцоог нэмдэг. Тэр нь сүүлдээ дампуурал руу хөтөлдөг” гэсэн юм. Жишээ болгож олон орны төрийн өмчит компаниудыг нэрлэсний дотор манай Эрдэнэс… компани байж билээ.

Хоёр. Санхүүгийн Хүрхэрээ

Уул уурхайн төсөлд Засгийн газар, хувийн хэвшлийн компаниуд янз бүрийн хувь хэмжээтэй байж болно. Тэр бол тэдний хоорондын тохиролцооны л асуудал юм. ОТ төслийн хувьд 34 хувь нь Засгийн газрынх, 66 хувь нь Рио Тинто, Айванхоу болон өөр бусад компанийнх. Тэд бүгдээрээ ногдол ашиг хэзээ ирдэгийг сайн мэддэг.

Screen Shot 2018-01-22 at 12.00.36 PM

Аливаа компани тэр нь ОТ байна уу, өөр бусад мегатөсөл байна уу гэдгээс үл хамааран юуны өмнө олсон орлогоосоо үйл ажиллагааны (цалин хөлс, шатахуун, материал, түүхий эд, цахилгаан, ус  болон бусад) зардлын төлбөрийг хийнэ.

Дараа нь авсан зээлээ үйлчилнэ. Хугацаа болсон зээлээ төлнө.

Дараа нь тухайн улс оронд өгөх татвар, хураамжаа төлнө.

Хамгийн сүүлд ногдол ашиг өгөх бөгөөд ингэхдээ эрсдэл үүрээгүй хувьцаа эзэмшигчдэд хамгийн сүүлд төлбөр хийнэ.

Үүнийг санхүүгийн хүрхэрээ гэх бөлгөө. Ихэд хялбаршуулав.

Ногдол ашиг хөрөнгө оруулагч талуудын тэргүүн зэргийн зорилт биш.

Гол нь компаний ашигт ажиллагаа онцгой чухал.

Хэрэв компани ашигтай байгаа бол санхүүгийн чадвартай байж, өр зээлээ дарна, өөрсдөө дараа нь ногдол ашиг хүртэх бололцоотой байх болно.

Ингэхдээ ногдол ашгийг хэн нэг нь түрүүлж хүртэхгүй. Цаг хугацааны хувьд ногдол ашиг хойшлогдсон бол энэ нь Засгийн газар болон бүх хөрөнгө оруулагчдад мөн адил хамаарна.

Ногдол ашиг  хэзээ хүртэх, ямар хэмжээтэй байх гэдэг тооцоо нь зах зээлийн тухайн үеийн үнэ ханшнаас шалтгаална. Зэс тонн нь 10 мянган ам. доллар байх үеийн ногдол ашгийн цаасан дээрх тооцоо ойрын ирээдүйтэй харагдсан байж таараа. Суперцикл төгсөж үнэ унах үеийн ногдол ашгийн тооцоо хугацааны хувьд алсарч гарах нь гарцаагүй.

Ногдол ашиг тэргүүн зэргийн нэн яаралтай зорилт биш ч гэлээ хүртээд эхэлбэл түүнээс илүү таашаалтай зүйл хаанаас олдох билээ. Түүнийг бодиттойгоор хурдан хүртье гэвэл компанийн үйл ажиллагаа ямар нэгэн сааталгүй,  ашигт ажиллагаа нь  өндөр байх явдал чухал юм.

Дундаа ОТ гэсэн нэг компани байгуулчихаад зүйрлээд хэлбэл дэлхийн санхүүгийн их далайд нэг завин дээр гарчихаад өмнөх Засгийн газрууд, хөрөнгө оруулагч нартайгаа харилцан бие биедээ гомдол ярьсаар олон жилийг алдсан байдаг. Тэр хугацаагаар ногдол ашигаа хүртэж эхлэх хугацаагаа хойшлуулсан хэрэг.

ОТ төсөл нь нэгэн зууны турш үргэлжлэх  ирээдүйтэй төсөл гэж харагдаж байгаа. Эхний шат ил уурхайгаас эхэлсэн бол хоёрдахь шат нь далд уурхай болж байна. Нэг шатаас дараачийн шат руу орохын ач холбогдол нь ашигт ажиллагааг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн хэмжээг өсгөж байгаа юм.  Цаашдаа өөдрөгөөр харвал гурав, дөрөвдэх үе шат гэж байх бололтой юм. Яагаад гэвэл Оюу Толгой бол наад зах нь 5 биетээс бүрдсэн орд билээ.

Төсөл тойрсон бэрхшээл бий, үүнээс хэн ч зайлахгүй. Гэвч  цаг хугацаатай уралдаж хоёрдахь шатны хөрөнгө оруулалтыг эхлүүлэх нь ОТ төслийг шинэ шатанд гаргах, компаний ашигт ажиллагааг өсгөхтэй холбоотой байсан. Талууд Хөрөнгө оруулалт татах талаасаа Дубайд ОТ-н хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын талаарх баримт бичгийг үзэглээ л биз.  Ингэлээ гээд ногдол ашиг алсраагүй. Сайханбилэгийн Засгийн газрыг буруутгах үндэслэлгүй.

ОТ төслийн гурав, дөрөв дэх үе шатны хөрөнгө оруулалтын баримт бичиг дээр Улаанбаатарт гарын үсэг зурж таараа гэсэн өөдрөг үзлээр энэхүү тэмдэглэлийг цэглэе.

 

 

 

 

 

Улс төр ба Үндэсний хувцас

Монголчууд “Бие чөтгөр, хувцас бурхан” гэж ярих нь бий. Их л оновчтэй хэллэг санагдав. “Хувцас биеийг чимнэ, Иргэншил үндэстнийг чимнэ” гэвэл бүр зүгээрч юм шиг. Учир нь аливаа хүмүүн учирсан, уулзсан хүнийгээ өмссөн зүүснээр нь хаанахын хэн бэ гэж таних гэж оролддог. Нэг хэл дээр ярьж, ойлголцож бие биенийхээ зан заншлаа харилцан мэдснээр үндэсний онцлог, иргэншлээ мэдэлцдэг. Иймээс үндэсний хувцас бол тухайн үндэстний маш чухал таних тэмдэг юм.

Хувцас эрх мэдэл, эрэмбийг илэрхийлэх буюу улс төрийн хэрэгсэл болж ирсэн нь ихэд эртний түүхтэй юм. Энэ талаар бяцхан хүүрнэе.

Өрнө-Дорно

Барууны иргэншил олон орны хөгжилд нөлөөлсөн байдаг. Түүнийгээ дагаад хувцаслах соёл глобаль шинжтэй болж. Японд асар том өөрчлөлт авчирсан Мейжийн хувьсгалын залуу эзэн хаан  хааны ширээнд залрахдаа эртний япон хувцасаа өмч байсан бол жил хүрэхгүй хугацааны дараа Европжсон хувцас өмссөн байдаг. Энэ нь улс орноо барууншуулах эрмэлзлээ харуулсан улс төр байсан юм.

Screen Shot 2018-01-18 at 9.38.57 AM

Японд нэлээд “гэгээрсэн хүн”, “хагас гэгээрсэн хүн”, “харанхуй хүн” гэдгийг өмссөн зүүснээр нь ялгадаг байсан нь түүхийн зураг болон үлджээ.

Screen Shot 2018-01-18 at 9.39.13 AM

Япон улс нь газар зүйн байрлалаар дорнын улс боловч өнөөдөр Барууны их гүрэн болсон. Иймээс европ маягийн хувцас японы ард түмний өдөр тутмын хэрэглээ төдийгүй, бараг л үндэснийх нь хувцас мэт ойлгогддог болсон. Хүн ард нь хүний хувцас өмсөж байна гэдэг мэдрэмжээ аль эрт гээжээ.

Тайландад 1940-50-иад онд баруунших хүслээ жирийн хүмүүс хувцсаараа илэрхийлж тэр нь яван явсаар европжсон маягтай үндэсний хувцас бий болж хааны албан ёсны арга хэмжээнд хэрэглэгдэх болсон байна.

Индонезид бүр 1920-иод оноос европын нөлөө бүхий холимог хувцас хэрэглэж хэрэглэж эхэлсэн байна.

Screen Shot 2018-01-18 at 9.40.08 AM

Олон оронд эрэгтэй, эмэгтэй гэж хүйсээр нь ялгаварласан хувцастай байлаа.  Энэ нь эрэгтэйчүүдэд улс төрийн давуу эрхтэй гэдгээ харуулах үзүүлэлт болж байжээ. Эрэгтэйчүүд нь европ хувцас өмсөж эмэгтэйчүүд нь хуучны уламжлалт хувцсаа өмсдөг нэгэн үе өнгөрсөн байна. Эрчүүдтэйгээ адил эрхтэй байхын төлөөх янз бүрийн Феминист хөдөлгөөн хувцасны хөгжилд ул мөрөө үлдээжээ.  Үүнийг солонгосын үндэсний хувцас   hanbok (skirt-jacket combination)-ны хөгжлөөс харж болох ажээ.

 

Эрэгтэй хүнтэй ижил тэгш улс төрийн эрхтэй гэдгээ  үзэгдүйц байдлаар илэрхийлэхийн тулд эмэгтэй хүн хаа нэгтээ эрэгтэй хувцас өмсөж эхэлсэн гэх бөгөөд одоо эрэгтэй, эмэгтэй хувцасны том ялгаа нэгэнт алга болжээ.

Screen Shot 2018-01-18 at 4.39.57 PM

Олон оронд эмэгтэйчүүдийн улс төрийн эрх хожуу ч гэлээ хүлээн зөвшөөрөгдснөөр эмэгтэй хүн эрэгтэй хувцас өмссөнийг гайхан хардаг үе ард өнгөрсөн гэнэ.

Монгол-Манж- Түвд-Хятад/ Прусс-Герман-Япон-Зөвлөлт

Төв Азийн хавтгай дээр олон үндэстэн өөр хоорондоо тулж байсан эрт урдын цагт  үндэсний хувцас чухал үүрэг рольтой байжээ. Бүгдээрээ л өөр өөрийн үндэсний хувцасаа анхаардаг байж. Ялангуяа Хятадууд  умардын барбаруудаас өөрсдийгөө ялгаатай, өөрсдийгөө “иргэншсэн” гэдгээ харуулахын тулд Күнзийн ёс заншлаа дагаж нийгмийн анги давхрагаа илтгэсэн хувцас хийж өмсдөг байсан гэнэ.

Соёл иргэншлүүд хувцсаараа өөр хоорондоо тулж бие биедээ нөлөөлөх их сөргөлдөөн олон зууны настай аж. Хамгийн сонирхолтой нь Хятад хувцас Монгол хувцасны соёлд нэвтэрч чадаагүй харин Монгол дээл Хятадад нөлөөгөө үзүүлжээ. Хятад хувцасны соёлын нөлөөг Япон, Солонгос, Вьетнам хувцаснаас олж харж болно харин Монголд олж харж чадахгүй. Үүнийг тухайн үеийн зүсэн зүйлийн ард түмэнд  монгол дээл илүү өдөр тутмын амьдралын хэрэгцээнд тохиромжтой байснаар тайлбарлаж байна.

Screen Shot 2018-01-18 at 7.01.34 PM

Монгол дээл олон зуун жилээр хөгжихдөө манж, түвдийн хувцасны соёлтой нэлээд ижилссэн гэнэ.

Манжууд хятадуудыг эрхшээж байхдаа манжуудыг бусад үндэстнээс дээгүүр гэдгийг нь байнга мэдрүүлэхийн тулд өмсөх хувцасыг нь дэглэн зааварлах, “гэзэг” тавих зэрэг олон зүйл шаарддаг байж. Тогтоосон ёс журмыг зөрчвөл шийтгэж байсан нь ойлгомжтой юм. Энэ нь Күнзийн соёлтой үл нийцэж хятадын ард түмний дургүйцлийг хүргэн улмаар тэдний зүгээс үс гэзгээ тайрах, толгойныхоо үсийг хусах зэргээр эсэргүүцэл гаргадаг байсан гэж түүхэнд тэмдэглэжээ. Гэзгээ тайрах, үсээ хусах нь хятад маягийн улс төр байж дээ.

Монголын 20 дугаар зууны түүхэнд Шинэчлэл хийх нэрийн дор үс гэзгээ тайрч байсаан байсан.  21 дүгээр зуунд ч үс гэзгээ тайрах бүр толгойтоо үсээ хусахтай Та бүгд таарсан байж таараа.

Screen Shot 2018-01-18 at 6.44.24 PM

Screen Shot 2018-01-18 at 6.45.19 PM

Манж гүрэн нурж бүгд найрамдахчууд гэх гоминданынхан засгийн эрх авснаар Хятадын хувцаслах соёлд барууны иргэншлийн нөлөө ихээр орж ирсэн харагдаад байгаа юм. Монголд ч мөн адил Манж гүрний мөхөлтэй зэрэгцэн өнгөрсөн зууны эхээр барууны хувцасны нөлөө орж ирэх болсон. Гол гүүр нь Прусс-Герман- Япон-Зөвлөлтийн цэргийн хувцас байсан боловуу даа.

Хятадын дарга нарын өмсдөг хувцасны эхийг хэрхэн бэлтгэснийг тус улсыг үндэслэгч Сун Ятсентэй холбодог юм билээ. Япон цэргийн хувцас их нөлөөтэй байсан хэмээгээд бас ч үгүй ялгаатай байлгахын тул хос том хармаа хажуу талд нь хийж өгсөн гэдэг.

Screen Shot 2018-01-18 at 7.13.43 PM

АПЕК болон АСЕМ

1993 онд анх АНУ-д Ази,Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (APEC) нээлтээ хийж Ерөнхийлөгч Билл Клинтон хүрэлцэн ирсэн нийт төлөөлөгчдөд Бомбардир нисэх онгоцны нисгэгчийн формтой ижил загварын цамц бэлэглэжээ. Дараа дараачийн уулзалтуудаар зочлогч орон элдэв үндэсний болон спорт загварын  хувцсыг дэлхийн улсуудын төрийн тэргүүн нарт өмсгөдөг уламжлал ингэж бий болсон байна.

Screen Shot 2018-01-18 at 7.30.21 PM

 

Screen Shot 2018-01-19 at 6.22.03 AM

2016 онд Монгол улсад Ази, Европын уулзалт болж дэлхийн томоохон улсуудын төрийн тэргүүнүүд цуглаж билээ. Монгол улс уг арга хэмжээг хэний ч өмнө нүүр улайхааргүй зохион байгуулсан бөгөөд төлөөлөгчдийн тэргүүн нарт хэмжээ дамжаа нь таарсан монгол үндэсний хувцас бэлэглэж билээ. Харамсалтай нь тэр үеэр Европт террорист халдлага гарч, Туркэд цэргийн эргэлт хийх гэсэн оролдлого гарч зочдын тав тухыг алдуулснаас монгол дээлээр зочид маань гоёж чадаагүй. Гэвч манай үндэсний хувцсыг ирсэн гийчид ихэд шохоорхож байсныг нэгэн зураг гэрчилнээ.

Screen Shot 2018-01-18 at 7.35.41 PM

1990 оноос өмнө үндэсний хувцасны улс төрд гүйцэтгэх үүрэг рольд эрдэмтэд төдийлөн ач холбогдол өгдөггүй байсан гэнэ. Одоо бол цаг өөрчлөгджээ. Энэ бол дэлхий дээр глобальчлал эрчимтэй явагдаж байгаагийн нотолгоо юм.

Глобальчлагдан буй ертөнцөд Үндэсний хувцас нь  Монгол иргэншлийн таних тэмдэг, хөгжил дэвшлийн илэрхийлэл байгаасай билээ.

 

 

Бүдүүлэг “ХҮН СҮРЭГ” эзэнт гүрэн байгуулдаггүй юм

Г.Бадамсамбуу:

 

Үнэндээ бол Монгол ба бусад цусны ялгаа гэж үгүй, хүмүүс бүгд нэг төрөл зүйлийн амьтад. Харин соёлын ялгаа гэж бий.

Энэ нь ихэнхдээ нийгмийн антропологийн байдлаар ялгардаг гэсэн үг. Удамшлын хүчин зүйл бол харьцангуй бага ялгаа юм. Тиймээс зарим Монголчууд өөрийгөө бусдаас дээгүүр тавьж, бусдаас гайхамшигтай угсаатан гэж хөөрцөглөх нь ч буруу. Бид бол угсаатны хувьд ч, улс орны хувьд ч байдаг л нэг улс. “Монгол цус” гэж ирээд л туйлшрах нь заримдаа ажиглагдах юм.

Үндэсний үзэлгүй улс орон гэж байхгүй л дээ, харин үндсэрхэг хэрцгий үзэл бол буруу хандлага. Үндэсний үзэл, даяаршлын үнэт зүйлсийг зохицонгуй өөртөө шингээж, тэдгээрийн давуу чанаруудыг зүй зохистойгоор ашиглаж чадсан улс орон гэж бий. Эд баялаг, шинжлэх ухаан технологийн давуу талыг амжуулж, үндэсний зүйлсээ ч дээдэлж буй жишээнд Япон, Саудын Арабыг тооцсон судалгаа бий.

Даяаршилд хэт хөөрцөглөөд өөрийгөө эрчимтэй гээж алдаж буй орнуудад Өмнөд Солонгос, Тайван, Сингапурыг оруулсан нь бас байна. Тэгэхээр уламжлал, шинэчлэлийг хослуулж чадах нь сүрхий үндэстний шинж бололтой. Түүнээс биш даяаршилд хөл алдаж бусдыг сохроор шүтээд өөрсдийгөө үгүйсгэх, голж чамлах нь нэг талаасаа юм үзээгүйн шинж.

Бидэнд “айлын хүүхэд”-ээс илүү нь ч бий, дутуу тал ч байгаа Өнөөдөр Монгол маань уламжлал, шинэчлэлийн зөрчил сорилтод тулгараад байгаа. Ийм л цаг үед бид амьдарч байна. Монголоо гэх үзэл, даяаршлыг дээдлэх итгэл хоёр далдуур мөргөлдсөөр байгаа. Монголчуудыг угаас бүдүүлэг харанхуй нүүдэлчид “юу ч үгүй амьтад” гэж төсөөлдөг суурин иргэншлийн дээрэнгүй үзлийг дэмжигчид манайд ч бий. Тиймээс тэд даяаршлыг аврал гэж эндүүрдэг. Угтаа бол даяаршил нь зохицон аж төрөхүйн энгийн л үйл явц юм. Бид үндсэрхэж туйлшраад сүйд болоод байх, даяаршсан хүн болох гэж онгироод байхын аль нь ч оновчтой юм биш.

Ер нь боловсролтой хүн бол уламжлал, шинэчлэлийг хослуулах, зүй зохисыг танин мэдэх, түүнд нийцсэн шийдлүүдийг олж, хөгжлийг түүчээлэх учиртай. Барууны алдартай сургуульд суралцаж шилдэг онол, мэдлэг эзэмшсэн ч гэлээ шилжилтийн үедээ яваа бүх, зүйл нь сорилтод орсон манай улсад тэр сурсан онол, мэдлэгээ яаж ашиглах вэ гэдэг нь л хамгийн чухал ур чадвар юм.

Монгол гайхалтай орон. Олон сайн зүйл бий. Энэ цөөн хүн амын хэл соёлын дархлаа нь нэлээд хүчтэй, бие даасан иргэншлийн уг шинжтэй.

Дэлхийд ийм улс ховор. Үндэсний хэв маяг, суурь чанар, ёслол цэнгэл нь ч нэлээд өөр. Ижил төс, орлуулагдах байдлаараа бүс нутагтаа илт ялгарна. Тэгсэн хирнээ нийтлэг соёлоос цэрвэдэггүй, заримыг шингээх хирнээ өөрийнхөөрөө үлддэг байж. Бас манай ахас ихэс, нялхсыг хүндлэх, асрах заншил нь ахуй, ёс суртахууны гол хэмжүүр байв, хүнлэг тусч, шударга сэтгэл Монгол хүний уг чанар байлаа… гэх мэтээр ярьж болно. Биесээ хүндлэх, хүнлэг байх энэ сайн хэвшлүүд өдрөөс өдөрт алдагдах болсон нь эмзэглүүштэй. Бүр аав, ээжээ хүндлэхгүй, хүний эрх ярьж заалддаг үрс олширч байх шиг. Өөрчлөгдөж байна.

Шулуухан хэлэхэд соёлын эрлийзжил саармагшил ихэссэнээр бид үнэт зүйлээр бус зөвхөн эрх ашгаар харьцдаг гэр бүлүүдтэй болно. Энэ мэтээр нийгэмд хэврэгшил, элдэв бүтэхгүй ээдрээ, үл ойлголцол, явцуу итгэл үнэмшил арвижна. Ёс суртахууны үнэлэмж буурснаар зөвхөн эрх ашгаар харьцдаг цэвдэг соёл давамгайлна. Төр улсад ч эрх ашгийн бүлэглэлүүдийн эрэмгий түрэмгий шинж илрэх болсон нь энэ бүхний үр дагавар байхыг үгүйсгэхгүй.

….түүх соёлын мэдлэг бол боловсролын нэг гол хэмжүүр юм. Боловсролтой хүн бүр нийгэм-соёлын уг үндсийг өөрт шаардагдах хирээр мэдэж авах шаардлагатай. Улс орнууд уламжлал, түүхэн мэдээлэлд үндэслэж статусаа тогтоодог.

Ингэж одоогийн улс орнууд ч түүх соёлд үндэслэсэн байхад “түүх бол юу ч биш” гэж хэлж зүрхэлнэ гэдэг бол боловсролгүй бүдүүлгийн жишээ. Ийм харанхуй байдлаараа Монголын түүх соёлыг үгүйсгэдэг биз. Бүдүүлэг “хүн сүрэг” эзэнт гүрэн байгуулдаггүй. Хэсэг болхи нүүдэлчдийн аз гэнэт шовойгоод XIII зуунд нэг улсыг санамсаргүй байгуулчихсан юм шиг хялбар төсөөлөл бол инээдтэй зүйл.

Олон орны эрдэмтэд, шилдгүүд Монголын эзэнт гүрнийг ямар нэг хэмжээгээр судалжээ. Тэд монголчууд тогтолцоот төрийг тогтоож, засаглалын онцгой хэлбэр, засаг захиргааны бүтэц, хууль цааз, худалдаа арилжаа, эрдэм мэдлэгт амжилт олсон төдийгүй “дэлхийн түүхийн үзэгдэл” болсон эзэнт гүрэн гэдэг. Ийм түүхийг монгол хүн бүтээжээ.

Зүгээр нэг эмх замбараагүй арьс хөдөс нөмөрсөн малчид, цусанд цангаж илд далайсан дээрэмчид “Эзэнт улс” -ыг бүтээж чадахгүй, тийм түүх дэлхийн хаа ч байхгүй. Харин монголчуудын дунд тодорхой бодлого, оюун санаа, ёс суртахуун байсан учраас л аугаа эзэнт гүрэн бүтээгджээ.

Монголын үндэс бол их түүх. Үүнд л монгол хүний ирээдүйн хөгжил, урам дэмийн түлхэлт, алдаа оноо бий.

Бүгд түүх мэдэх албагүй. Гэвч түүх сонирхох нь таны боловсролд тустай.

 

 

 

 

Баялгийн сан уу?

Уул уурхай яалт ч үгүй манай эдийн засгийн үндсэн салбар билээ. Үндсэн гэж нэрлэхийн учир нь Монголын эдийн засаг бүхэлдээ уул уурхайн салбараас олж буй орлогоос ихээхэн хамааралтай гэсэн үг юм.

Эрдэс баялагаасаа хараат байгаа орныг ОУВС “байгалийн нөөцөөр баян” орон гэдэг. Тэр нь үнэн хэрэгтээ биднийг “баян” гэсэн хэрэг биш, харин “Байгалийн нөөцөөсөө хараат” гэсэн утгыг гоё сайхан болгож хэлсэн хэрэг юм. Харийн хүн чамайг “баян” гэхээр хоосон хэрнээ өөрийгөө баян хэмээн бодож элдэв ааш зан гаргадаггүй байх хэрэгтэй л гэж хэлмээр байна.

Өнөөдөр Монголд тулгамдаж байгаа асуудал бол УУЛ УУРХАЙН ЗАСАГЛАЛ-ыг зөв тогтоох явдал юм. Эл хэрэгт тус болж магад хэмээн Норвеги зэрэг оронд амжилттай байгаа Баялгийн сангийн тухай болон зарим санааг товч хэлсү.

Нэг. Зах зээл дээр аливаа түүхий эдийн үнэ үе үе савлаж байдагыг хүмүүн төрөлхтөн эртнээс таньж мэджээ.

Screen Shot 2018-01-15 at 9.32.09 AM

Нэгэнт үнэ савлаж байдаг тул үнэ өндөр байхад нь хуримтлал бий болгож үнэ унах үед нь хуримтлуулсан хөрөнгөө зардаг байх нь Баялгийн сангийн гол санаа юм.

Screen Shot 2018-01-15 at 9.32.44 AM

Баялгийн сан байгуулах асуудал нь  нэгэн зууны түүхтэй бөгөөд 2000 оноос хойш орон бүр Баялгийн сан байгуулах хэрэг рүү шуударч борооны дараахь мөөг мэт олширсон байдаг. Норвеги улс 1990 онд Баялгийн сан байгуулж байхдаа тэр нь 1 триллион долларт хүрнэ гэдгийг тухайн үедээ төсөөлж чадахгүй байсан гэдэг.

Хоёр. Баялгийн сан байгуулснаар бүх юм тогтвортой гоё сайхан болчихно гэсэн хэрэг биш юм байна. Эдийн засгийг урт хугацаанд тогтвортой авч явахын тулд өөр хоорондоо холбоотой олон бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд тэр нь хавтгай ширээн дээр бөмбөг тогтоох мэт хэцүү байдаг гэж Чилийн Баялгийн сангийн менежер хийж байсан нэгэн профессор ярьж билээ.

Screen Shot 2018-01-15 at 9.32.58 AM

Гурав. Чили, Монгол хоёр орон зэсийн экспортоос хараат улс юм. Чили 2006 онд баялгийн санг байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 30 тэрбум ам. доллар бүхий хөрөнгө цуглуулсан нь өнөөдөр дэлхийн эдийн засгийн хямралтай үед хэрэг болж байгаа юм байна. Монгол улс 2017 он хүрч байж “Өв сангийн тухай хууль” гаргажээ. Үүнээс өмнө Монгол улс “Хүний хөгжлийн  сан” байгуулсан боловч нэр уснаасаа болоод хүнээ хөгжүүлж байна гэж улс төржсөөр цуглуулсан хөрөнгөө үрэн таран хийгээд зогсоогүй бүр зээл аваад өртэй болсон байдаг. Тухайн үед “Зовох цагийн сан” хэмээе гэж байсан боловч дэмжлэг авч чадаагүйг энд дурдахад илүүц биш хэмээн бодож байна.

Ер нь Баялгийн сангаа хэрхэн нэрийдэхээс тухайн орны ард түмний өв хөрөнгөө хадгалах сэтгэлгээ хамаарч байна хэмээн эрдэмтэд үзээд Тэтгэврийн сан хэмээвээс үрэх сэтгэлгээ үүсдэггүй гэж зөвлөж байна.

Чили улс Баялгийн сангийн менежментийн ил тод байдлаар дэлхийд дээгүүр орж байна.

Screen Shot 2018-01-15 at 10.17.58 AM

Дөрөв. Баялгийн сан аривжах хэрээр хөрөнгө мөнгөө хэрхэн удирдах вэ гээд том асуудлууд үүсдэг бөгөөд манайд одоохондоо энэ асуудал тулгамдаагүй байна. Цаашдаа том асуудал болох буйзаа.

 

Сами болон Духа цаатнууд

Монгол болон Скандинавын орнуудад өөр хоорондоо ижилсэж болох олон зүйл байдгийн нэг нь цаатнууд юм.

Норвеги, Швед, Финландын цаатнуудыг Сами түмэн гэнэ. Тэд зөвхөн цаа буга малладаггүй мөн загас агнуурын аж ахуй эрхэлдэг. Дийлэнхдээ суурьшмал амьдралын хэв загвартай.

Манай Хөвсгөлийн тайгад байгаа цаатнуудыг Духа цаатнууд гэнэ. Тэд зөвхөн цаа буга маллаж амьдралаа залгуулна. Амьдралын хэв загвар нь нүүдлийн шинжтэй.

Норвегийн самичууд 1900 он.

Монголын духачууд

Орос ардын үлгэрт “Тахианы хөл дээр барьсан байшинд Баба-Яга амьдардаг гэж гардаг. Үлгэр нь Сами түмний ахуйгаас сэдэвлэсэн хэрэг байжээ гэдгийг харж болно.

Сами түмний эд юмаа хадгалдаг уламжлалт байшин. Швед, Скансен музей.

Screen Shot 2018-01-14 at 8.38.10 AM

Сами түмэн Норвеги, Швед, Финландад нийлээд 10 мянга орчим байна гэж ярихыг сонсов. Монголын Духачуудыг 300 гэж эд нар маань барагцаалж байна. Шашин шүтлэгийн хувьд  Самичууд ихэнхдээ нутгийн лютеран христэд итгэгчид болжээ. Духачуудад бөө шүтлэг илүүтэй бизээ. Самичууд уламжлалт бөө итгэл үнэмшлээ сэргээх гэж оролдож байгаа юм байна.

Сами түмний соёл ахуйг эндэхийн төр засаг онцгойлон хамгаалж  “Уугуул иргэдийн тухай” хууль гаргажээ. Норвеги, Швед, Финландад самичуудын өөрөөгөө удирдах ёсыг хэрэгжүүлдэг сами парламент ажилладаг.

Норвеги дэх Сами парламент

Screen Shot 2018-01-14 at 8.36.00 AM

Цаатан хүмүүс тооны хувьд бага ч тархацаараа бас  ч үгүй том юм. Ялангуяа манай хойт хөрш Орост зүсэн зүйлийн хэл соёл бүхий цаатнууд байна.

Цаатнуудын нутагт

Screen Shot 2018-01-14 at 8.46.08 AM

Орон орны цаатнууд өөр хоорондоо холбогдож соёл ахуйгаа хадгалан хамгаалах талаар ажиллаж байна.

Screen Shot 2018-01-14 at 9.45.57 AM

Монголын цаатнуудын талаарх өргөн мэдээллийг дорхи материалаас сонирхоно уу .    ChangingTaiga_mng_scr