Монголчууд “Бие чөтгөр, хувцас бурхан” гэж ярих нь бий. Их л оновчтэй хэллэг санагдав. “Хувцас биеийг чимнэ, Иргэншил үндэстнийг чимнэ” гэвэл бүр зүгээрч юм шиг. Учир нь аливаа хүмүүн учирсан, уулзсан хүнийгээ өмссөн зүүснээр нь хаанахын хэн бэ гэж таних гэж оролддог. Нэг хэл дээр ярьж, ойлголцож бие биенийхээ зан заншлаа харилцан мэдснээр үндэсний онцлог, иргэншлээ мэдэлцдэг. Иймээс үндэсний хувцас бол тухайн үндэстний маш чухал таних тэмдэг юм.
Хувцас эрх мэдэл, эрэмбийг илэрхийлэх буюу улс төрийн хэрэгсэл болж ирсэн нь ихэд эртний түүхтэй юм. Энэ талаар бяцхан хүүрнэе.
Өрнө-Дорно
Барууны иргэншил олон орны хөгжилд нөлөөлсөн байдаг. Түүнийгээ дагаад хувцаслах соёл глобаль шинжтэй болж. Японд асар том өөрчлөлт авчирсан Мейжийн хувьсгалын залуу эзэн хаан хааны ширээнд залрахдаа эртний япон хувцасаа өмч байсан бол жил хүрэхгүй хугацааны дараа Европжсон хувцас өмссөн байдаг. Энэ нь улс орноо барууншуулах эрмэлзлээ харуулсан улс төр байсан юм.
Японд нэлээд “гэгээрсэн хүн”, “хагас гэгээрсэн хүн”, “харанхуй хүн” гэдгийг өмссөн зүүснээр нь ялгадаг байсан нь түүхийн зураг болон үлджээ.
Япон улс нь газар зүйн байрлалаар дорнын улс боловч өнөөдөр Барууны их гүрэн болсон. Иймээс европ маягийн хувцас японы ард түмний өдөр тутмын хэрэглээ төдийгүй, бараг л үндэснийх нь хувцас мэт ойлгогддог болсон. Хүн ард нь хүний хувцас өмсөж байна гэдэг мэдрэмжээ аль эрт гээжээ.
Тайландад 1940-50-иад онд баруунших хүслээ жирийн хүмүүс хувцсаараа илэрхийлж тэр нь яван явсаар европжсон маягтай үндэсний хувцас бий болж хааны албан ёсны арга хэмжээнд хэрэглэгдэх болсон байна.
Индонезид бүр 1920-иод оноос европын нөлөө бүхий холимог хувцас хэрэглэж хэрэглэж эхэлсэн байна.
Олон оронд эрэгтэй, эмэгтэй гэж хүйсээр нь ялгаварласан хувцастай байлаа. Энэ нь эрэгтэйчүүдэд улс төрийн давуу эрхтэй гэдгээ харуулах үзүүлэлт болж байжээ. Эрэгтэйчүүд нь европ хувцас өмсөж эмэгтэйчүүд нь хуучны уламжлалт хувцсаа өмсдөг нэгэн үе өнгөрсөн байна. Эрчүүдтэйгээ адил эрхтэй байхын төлөөх янз бүрийн Феминист хөдөлгөөн хувцасны хөгжилд ул мөрөө үлдээжээ. Үүнийг солонгосын үндэсний хувцас hanbok (skirt-jacket combination)-ны хөгжлөөс харж болох ажээ.
Эрэгтэй хүнтэй ижил тэгш улс төрийн эрхтэй гэдгээ үзэгдүйц байдлаар илэрхийлэхийн тулд эмэгтэй хүн хаа нэгтээ эрэгтэй хувцас өмсөж эхэлсэн гэх бөгөөд одоо эрэгтэй, эмэгтэй хувцасны том ялгаа нэгэнт алга болжээ.
Олон оронд эмэгтэйчүүдийн улс төрийн эрх хожуу ч гэлээ хүлээн зөвшөөрөгдснөөр эмэгтэй хүн эрэгтэй хувцас өмссөнийг гайхан хардаг үе ард өнгөрсөн гэнэ.
Монгол-Манж- Түвд-Хятад/ Прусс-Герман-Япон-Зөвлөлт
Төв Азийн хавтгай дээр олон үндэстэн өөр хоорондоо тулж байсан эрт урдын цагт үндэсний хувцас чухал үүрэг рольтой байжээ. Бүгдээрээ л өөр өөрийн үндэсний хувцасаа анхаардаг байж. Ялангуяа Хятадууд умардын барбаруудаас өөрсдийгөө ялгаатай, өөрсдийгөө “иргэншсэн” гэдгээ харуулахын тулд Күнзийн ёс заншлаа дагаж нийгмийн анги давхрагаа илтгэсэн хувцас хийж өмсдөг байсан гэнэ.
Соёл иргэншлүүд хувцсаараа өөр хоорондоо тулж бие биедээ нөлөөлөх их сөргөлдөөн олон зууны настай аж. Хамгийн сонирхолтой нь Хятад хувцас Монгол хувцасны соёлд нэвтэрч чадаагүй харин Монгол дээл Хятадад нөлөөгөө үзүүлжээ. Хятад хувцасны соёлын нөлөөг Япон, Солонгос, Вьетнам хувцаснаас олж харж болно харин Монголд олж харж чадахгүй. Үүнийг тухайн үеийн зүсэн зүйлийн ард түмэнд монгол дээл илүү өдөр тутмын амьдралын хэрэгцээнд тохиромжтой байснаар тайлбарлаж байна.
Монгол дээл олон зуун жилээр хөгжихдөө манж, түвдийн хувцасны соёлтой нэлээд ижилссэн гэнэ.
Манжууд хятадуудыг эрхшээж байхдаа манжуудыг бусад үндэстнээс дээгүүр гэдгийг нь байнга мэдрүүлэхийн тулд өмсөх хувцасыг нь дэглэн зааварлах, “гэзэг” тавих зэрэг олон зүйл шаарддаг байж. Тогтоосон ёс журмыг зөрчвөл шийтгэж байсан нь ойлгомжтой юм. Энэ нь Күнзийн соёлтой үл нийцэж хятадын ард түмний дургүйцлийг хүргэн улмаар тэдний зүгээс үс гэзгээ тайрах, толгойныхоо үсийг хусах зэргээр эсэргүүцэл гаргадаг байсан гэж түүхэнд тэмдэглэжээ. Гэзгээ тайрах, үсээ хусах нь хятад маягийн улс төр байж дээ.
Монголын 20 дугаар зууны түүхэнд Шинэчлэл хийх нэрийн дор үс гэзгээ тайрч байсаан байсан. 21 дүгээр зуунд ч үс гэзгээ тайрах бүр толгойтоо үсээ хусахтай Та бүгд таарсан байж таараа.
Манж гүрэн нурж бүгд найрамдахчууд гэх гоминданынхан засгийн эрх авснаар Хятадын хувцаслах соёлд барууны иргэншлийн нөлөө ихээр орж ирсэн харагдаад байгаа юм. Монголд ч мөн адил Манж гүрний мөхөлтэй зэрэгцэн өнгөрсөн зууны эхээр барууны хувцасны нөлөө орж ирэх болсон. Гол гүүр нь Прусс-Герман- Япон-Зөвлөлтийн цэргийн хувцас байсан боловуу даа.
Хятадын дарга нарын өмсдөг хувцасны эхийг хэрхэн бэлтгэснийг тус улсыг үндэслэгч Сун Ятсентэй холбодог юм билээ. Япон цэргийн хувцас их нөлөөтэй байсан хэмээгээд бас ч үгүй ялгаатай байлгахын тул хос том хармаа хажуу талд нь хийж өгсөн гэдэг.
АПЕК болон АСЕМ
1993 онд анх АНУ-д Ази,Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (APEC) нээлтээ хийж Ерөнхийлөгч Билл Клинтон хүрэлцэн ирсэн нийт төлөөлөгчдөд Бомбардир нисэх онгоцны нисгэгчийн формтой ижил загварын цамц бэлэглэжээ. Дараа дараачийн уулзалтуудаар зочлогч орон элдэв үндэсний болон спорт загварын хувцсыг дэлхийн улсуудын төрийн тэргүүн нарт өмсгөдөг уламжлал ингэж бий болсон байна.
2016 онд Монгол улсад Ази, Европын уулзалт болж дэлхийн томоохон улсуудын төрийн тэргүүнүүд цуглаж билээ. Монгол улс уг арга хэмжээг хэний ч өмнө нүүр улайхааргүй зохион байгуулсан бөгөөд төлөөлөгчдийн тэргүүн нарт хэмжээ дамжаа нь таарсан монгол үндэсний хувцас бэлэглэж билээ. Харамсалтай нь тэр үеэр Европт террорист халдлага гарч, Туркэд цэргийн эргэлт хийх гэсэн оролдлого гарч зочдын тав тухыг алдуулснаас монгол дээлээр зочид маань гоёж чадаагүй. Гэвч манай үндэсний хувцсыг ирсэн гийчид ихэд шохоорхож байсныг нэгэн зураг гэрчилнээ.
1990 оноос өмнө үндэсний хувцасны улс төрд гүйцэтгэх үүрэг рольд эрдэмтэд төдийлөн ач холбогдол өгдөггүй байсан гэнэ. Одоо бол цаг өөрчлөгджээ. Энэ бол дэлхий дээр глобальчлал эрчимтэй явагдаж байгаагийн нотолгоо юм.
Глобальчлагдан буй ертөнцөд Үндэсний хувцас нь Монгол иргэншлийн таних тэмдэг, хөгжил дэвшлийн илэрхийлэл байгаасай билээ.