news.mn сайтад өгсөн ярилцлагаасаа товчлов. Сайтад талархал илэрхийлж байна.
- Хүн төрөхдөө л сошиал ертөнцтэй учирдаг.
Цэцэрлэг, сургууль бол нэг төрлийн сошиал юм. Нүүр нүүрээрээ учирдаг сошиал ертөнц мэдээллийн эрин үед компьютер, утасны дэлгэцээр учирдаг сошиал болчихоод байгаад ялгаа нь бий. Технологи хөгжөөд сошиал ертөнц хүний амьдралын нэг хэсэг нэгэнт болжээ. Фэйсбүүк, твиттер миний өдөр тутмын хэрэглээ. Тэр ч байтугай би өөрөө paxmongolica.org сайтаар дамжуулж үзсэн харснаа монголчуудтайгаа хуваалцдаг. Энэ сайтаас Монголын их түүхтэй холбоотой ховорхон материал, түүний агуулгатай танилцах боломжтой бөгөөд уул уурхай, мега төслийн талаарх үндсэн ойлголтуудыг олны хүртээл болгохыг эрмэлзэж байгаа. Мөн Нордикийн орнуудад болж байгаа үйл явдал, монголчууд бидний амьдралд хэрэгтэй асуудлаарх илтгэл, судалгаа, тэмдэглэлийг ил тавьж байгаа.
Хүн төрөлхтний мэдээллийн технологийн гайхамшиг яагаад хүмүүжилгүй хүмүүсийн гарт ашиглагдах ёстой гэж. Тиймээс энэ чиглэлд идэвх гарган эерэг мэдээллийг интернетийн монгол орчинд илүү болгох талаар ажиллаж байна.
- Манай эдийн засаг эмзэгхэн хэвээр байгаа.
Эдийн засгийн уналтыг аргамжиж чадсан нь сонгуулиас хойш байгуулагдсан хоёр ч Засгийн газрын ажлын маш чухал үр дүн. Гэвч манай эдийн засаг эмзэгхэн хэвээр байгаа.
Улс төрийн тогтворгүй байдал, зах зээлийн санаанд оромгүй салхи шуурга манай эдийн засагт аюул занал бий болгоно. Эрсдэлээ байнга бодолцож анхааралтай ажиллах шаардлагатай.
- ОУВС-гийн хамгийн хүнд хөтөлбөр маш зөв шийдвэр
Өр зээлийн төлбөрт унаж, Монгол Улс дефольтод орох аюулаас түр зайлсхийж чадсан. ОУВС бидэнд урд өмнөх алдаагаа засаж, санхүүгийн сахилга тогтоож, эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлэх бололцоог өгч байгаа юм. Энэхүү бололцоог ашиглах эсэх нь монголчууд бидний хэрэг. Өөрийн бурууг олж харж чадахгүй хүндрэл бэрхшээлээ ОУВС руу чихвэл монголчууд дэлхийд нэр хүндээ алдана. Нэр хугарснаа яс хугар гэдэг ардын маань үг бий дээ. Тийм юм болохгүй байх гэж бодож байна.
- Монгол урагш хөгжсөөр байгаа орон
Асуудалд бодитой хандах хэрэгтэй. 15-20 жилийн өмнө Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 400 ам.доллар хүрдэггүй байлаа. Одоо 4000 гаруй доллар болж. Манай эдийн засаг 10 дахин өссөн. Саяхан хойд хөршид Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Манай зарим хүмүүс Путин Орос орны ДНБ-ийг эрх барьж байх 20 орчим жилдээ 10 дахин өсгөсөн гээд жигтэйхэн бурханчилсан харагдсан.
Хөгжлийн хурдцаар Монгол Улс Оросоос хоцроогүй юм шүү. Монголд нэг л юм байгаагүй. Тэр нь бурханчилсан хүн байгаагүй.
Хөгжил илүү хурдтай байгаасай гэж нийтээрээ хүсэх нь гарцаагүй ч хувь хүн дээр болохоор тэр нь хүний хүртсэн мөнгөө голох, эсвэл бусдаас илүүг хүртэх шунал болж хувирдаг нь тун хэцүү асуудал юм. Асуудлыг бодлогын түвшинд харах нэг өөр, хувь хүний түвшинд харах бас нэг өөр. Хольж хутгамааргүй л байгаа юм.
- Монголд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй.
Эдийн засгийн өсгөхөд санхүү, техник, технологи хэрэгтэй. Өөрсдөө бэлэн мөнгөтэй байсан сан бол зах зээл дээрээс худалдаад авах сан. Харамсалтай нь, тийм бололцоо Монголд байтугай том орнуудад ч байдаггүй. Тиймээс бүгд л гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд өрсөлддөг. Хамгийн их гадаадын хөрөнгө оруулалт татаж чаддаг улс нь АНУ, Хятад, Хонконг, Сингапур байдаг. Очиж үзэхээрээ шагширчхаад яагаад гэдгийн хариултыг мэддэггүй нь бидний монголчууд л байх. Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулалт өр үүсгэдэггүй. Гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй гэвэл гоё сайхан нэртэй зээл, бонд авах шаардлага үүснэ. Түүндээ хүү төлөхөөс гадна хөрөнгөө буруу зарцуулбал бүр санхүүгийн дампуурал руу улс орноороо орно гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалтын үед эрсдэл үүсвэл төр биш хөрөнгө оруулагч нь өөрөө эрсдэлээ хариуцдаг. Уул нь эдийн засгийн хувьд ойлгоход энгийн боловч түүхийн урт хугацаанд бий болсон харийнхнаас айж болгоомжлох сэтгэл, дээр нь мэдэхгүйн зовлон бидэнд садаа болж байгаа биз ээ. Та
- Оюутолгойн гэрээг дахин өөрчилнө гэж мунхаглах хэрэггүй.
-Д.Сумъяабазар сайд гэрээг дахин өөрчилнө гэж мунхаглаж болохгүй гээд түс тас хэлсэн байсан. Зөв гэж бодож байна. Цаг нь биш. Оюутолгойн төсөл олсноосоо хамаагүй илүүг зарцуулсан байгаа. Харин хэдийг олж хэдийг зарж байна гэдгийг хэчнээн ч удаа шалгаж байхад юу нь буруу байх вэ гэж бодох юм.
- Цахилгаан станцад хөрөнгө босгох онцлог
Цахилгаан станцын төсөлд олон улсын санхүүгийн зах зээл дээрээс хөрөнгө мөнгө босгоход бусад салбарын үйлдвэрүүдээс онцгой ялгарах нэг нөхцөл байдаг юм. Жишээлбэл, зэсийн үйлдвэр зэс нь борлогдохгүй нөхцөлд үйлдвэрлэлээ тасалдуулахгүй ажиллуулаад бүтээгдэхүүнээ агуулах саванд хадгалж болдог. Дараа нь үнэ тааламжтай бол агуулахаасаа зардаг.
Цахилгаан станцын хувьд цахилгаан үйлдвэрлээд агуулах саванд хийх бололцоо байхгүй. Цахилгаан үйлдвэрлэсэн л бол түүнийг тэр даруйд нь хэрэглэсэн байх ёстой болдог. Ингэхээр цахилгаан станцын төсөлд банк, санхүүгийн байгууллагууд мөнгөө өгөхийн тулд үйлдвэрлэсэн цахилгааныг хэн нэн даруй хэрэглэх юм бэ, хэрэглэгч нь байгаа юм уу гэдэг.
Тавантолгойн цахилгаан станцын хувьд юуны өмнө хэрэглэгч нь Оюутолгой байх юм. Үүнийг баталгаажуулахын тулд Засгийн газар, Оюутолгой төслийн хооронд Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ зурагдсан байдаг.
Гэрээг цуцалснаар Тавантолгойн цахилгаан станцын хэрэглэгч нь Оюутолгой байх юм гэдгийг болиулсан харагдана.
Оюутолгой өөрийн талбай дээрээ цахилгаан станц барих хувилбарыг судалж байгаагаа зарласан нь Тавантолгойн цахилгаан станц төсөл дээр хөрөнгө мөнгө босгох ажлыг зогсоосон гэсэн үг юм.
Эрчим хүчний яам Тавантолгойн цахилгаан станцын төслөөс татгалзаагүй гэж хариу барьж байгаагаас үзэхэд маргалдагч талууд “халуурлаа“ хойш тавиад хэлэлцээний ширээний ард суух биз гэж бодогдож байгаа.
- Манай эрчим хүчний салбар өндөр эрсдэлтэй он жилүүд рүү орсон
-Монголын хамгийн залуу дөрөвдүгээр цахилгаан станц хэдэн жилийн өмнө 30 жилийн ойгоо тэмдэглээд баярын арга хэмжээний урилга ирүүлж билээ. 30 жил гэдэг бол уул нь цахилгаан станц тэтгэвэрт гарах цаг нь болжээ гэсэн дохио юм л даа. Юу хэлэх гэсэн юм гэхээр манай эрчим хүчний салбар өндөр эрсдэлтэй он жилүүд рүү орсон гэдгийг хэлмээр байна.
Энэ салбар сайн инженер, гагнуурчны хөдөлмөр дээр тогтож байгаа салбар.
Хэчнээн сайн инженер байгаад техник, тоног төхөөрөмжийг, “металлын ядаргаа”-наас хамгаалахад хэцүү. Онцгойлон анхаармаар байгаа гэдгийг хэлэх байна.
- Лидер гэж хэн бэ?
Лидер гэдэг хүнийг заавал эрх мэдэлтэй хүнтэй хольж ойлгох шаардлагагүй байдаг. Ардчиллын талаарх нэгэн судалгаанд “Нүүдлийн шувуудын дунд холын аянд гарахад нь зүг чигийг нь заадаг лидер шувууд цөөхөн байдаг гэсэн. Тэр шувууд бусдаас илүү эрх дарх эдэлдэггүй гэж байсан”. Хүмүүний ертөнцөд энэ ажиглалт хол зөрөхгүй. Монголын нийгмийн зүг чигийг тодорхойлдог лидерүүд өнөөдөр бидний дунд зөндөө байгаа байх аа. Ялангуяа шинэ залуу үе маш өөр болсон шүү гэж хэлмээр байна.
- Алаагүй баавгайн арьс булаацалдав
-Алаагүй баавгайн арьс булаацалдав гэгчээр аливаа бүтээгүй асуудлаар тэгэх байсан ингэх байсан гэсэн маргаан өөрөө утга учир муутай юм. “Хэрвээ Тавантолгойн төсөлд гарын үсэг зурагдсан бол Монгол Улс хохирох байсан, Эрдэнэс Тавантолгой компани 450 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаа” гэсэн жиргээ олон нийтийн сүлжээнд явж байгаа харагдсан. Гэтэл хэдхэн хоногийн өмнөхөн Эрдэнэс Тавантолгой компанийн захирал өөрөө сүүлчийн өр, зээлээ дарлаа гэсэн ярилцлага өгсөн байна лээ.
Тухайн үед Тавантолгой төсөл бол дөрвөн тэрбум ам. долларын хөрөнгө оруулалттай мегатөсөл байсан. Монголын эдийн засагт үзүүлэх эдийн засгийн нөлөө нь эхний 2-3 жилдээ 5-8 тэрбум ам. доллараар хэмжигдэнэ гэж ярьж байснаа дахин хэлэхэд л хангалттай. Төсөл бүтээгүй.
- Мегатөсөл шил мэт хагарахыг үзлээ
ТТ төсөл дээр Харамсаад суух биш мегатөсөл ямар хэцүү, улс төрийн болон эдийн засгийн ямар олон ашиг сонирхлын огтлолцол дээр хийгддэг, шил мэт хагарахад амархан байдгийг бидэнд харуулж өгсөн.
Дараа дараагийн ямар ч мегатөсөл яг л ийм бэрхшээлтэй тулна. Тавантолгой төсөл дээр хуримтлуулсан туршлагаараа дараачийн мегатөсөлд ухаалаг, хэрсүү ханддаг болчихвол их зүгээр сэн. Би урд өмнө нь хэлж байсан даа. Манай төрийн залуу халаа зохион байгуулалтыг нь хийгээд зөв баримтлалаар зангидаад өгөхөд асар чадалтай болсон юм байна гэсэн бахархалтайгаар бүтээгүй Тавантолгой төслийн бүх материалуудыг архивт тушаасан гэдгээ хэлмээр байна.
- Мегатөсөл сэтгэлийн хөөрөл дагуулдаг аюултай
Мегатөсөлд шинжлэх ухааны үндэстэй, судалгаа, тооцоотой, сэтгэл хөөрөлд автахгүй хүйтэн толгойгоор хандах ёстой . Казинод ямар ч шинжлэх ухаан байхгүй, хувь хүнийг том мөнгөтэй болчихож магадгүй гэсэн шунал, сэтгэл хөдлөл жолооддог. Мегатөсөл мөн адил хүний сэтгэлийн хөөрөлтэй холбоотой байдаг. Харамсалтай нь, дэлхий дээр мегатөсөл одоохондоо санхүүгийн баялгийг бүтээгч гэхээсээ илүүтэй устгагч болчихоод байгаа. Гэсэн хэдий ч мегатөсөл хэрхэн хийж сурах вэ гэдгээс улс орны цаашдын хувь заяа хамаардаг болсныг бодолцож ажиллах хэрэгтэй байгаа юм.
- Зөн билгийн улс төрөөс -боловсрол төвтэй улс төр лүү
-Улс орноо хааш нь авч явах зүг чигийн баримжаагүй, зөвхөн амин эрх ашиг дээр тогтвортой нэгдэл бий болж чадахгүй шүү дээ. Тиймээс үндэсний үзэл санаа, хүсэл зорилгыг бий болгох хэрэгтэй гэсэн хүмүүстэй би санал нэг байна. Зөн билгийн улс төрийг боловсрол төвтэй улс төр болгох хэрэгтэй байна, хамтарч ажиллая гэж нэгэн эрхэм энэ өдрүүдэд над руу утсаар ярьсан. Их сонсголонтой байсан шүү.
- Монголын хоёр том намын нэр хүнд унасан тухайд
АН, МАН том намууд. Тэр хэмжээгээрээ улс төрийн болон төр барихуйн том зовлонг амсаж байгаа. Зовлонгоос туршлага бий болдгоос хойш энэ хоёр нам ач холбогдолтой хэвээр байх болно. Бусад нам үзэл санааны эерэг хувь нэмэр болбол сайн хэрэг. Дээр хэлсэнчлэн зөн билгийн улс төрийг өргөжүүлэх нэг, хоёр, гурав дахь хүч хэрэггүй байх аа.
- Парламентын чадамж муудаж байгаа юу?
Энэ үзэгдэл гэнэт өнөөдөр бий болчихсон эд биш. Либерал үзлээр зэвсэглэсэн глобалчлалын нөлөөн доор дэлхийн олон улс оронд төрийн чадамж сүүлийн 20-30 жилд ихэд суларлаа гэж байгаа. Хүн өөрөөсөө бурууг хайхаас илүүтэй бусдад бурууг нялзаах хандлагатай байдаг. Нэг нэгээр байхдаа бие биеэ буруутгана. Нийт массаараа болохоор төрөө буруутгана. Газар сайгүй ижилхэн хандлага ноёлж байгаа. Дээр нь глобалчлал, мэдээллийн технологи хөгжөөд худал мэдээлэлд автамтгай, эргэцүүлэн бодох чадамжгүй масс туг даган намирдаг болчихсон. Энэ байдлаас гарах арга замууд байдаг бололтой юм билээ. Энэ талаар улстөрчид санаа тавьдаг болоосой. Буруу зүйл таг дуугай байснаар засардаггүй. Буруугийн эсрэг дуу хоолойгоо гарга гэж Шведийн улстөрчид бусдад уриалж байхыг харсан.
- Суперциклийн тухай,
Ердийн цикл суперцикл болсон хоёр том шалтгаан байдаг юм. Нэг нь ЗХУ задарсан, хоёрдахь нь Хятад улс зах зээлээ нээсний үр дүнд дэлхийн зах зээл ер бусын их хэмжээгээр томорсон байдаг. Одоо дахин ийм том үйл явдлууд тохиохгүй, дээр нь худалдаа, эдийн засгийн дайн шаталж байгаагаас харвал супкерциклийг ойрдоо мөрөөдөх хэрэггүй байх.
Ер нь бэлэнчлэх сэтгэлгээ хэрэггүй. Суперциклийн үеийн бэлэн мөнгө хүнийг байтугай үндэстнийг хорлох аюултай санагдсан шүү.