Би Доржготов гуайн бичсэн нийтлэлүүдийг дуртайяа уншдаг нэгэн. Тэрбээр саяхан нэгэн нийтлэл бичиж. Тэрбээр нийтлэлийнхээ төгсгөлд “…өндөр насаараа түрүү бариад хатуу үг бичив… Бардам авираар баатар болдоггүй. Харин С.Зоригийг хөнөөх аллага захиалсан ландрамыг илрүүлбэл мөнх дуурсах буян болно шүү” гэжээ. (Бардам авираар баатар болдоггүй)
Миний сонирхдог сэдэв улс төр, эдийн засаг мөн боловч түүнээс дутахгүй сэдэв маань Монгол судлал. Чухамдаа Монгол судлалд холбогдох Ландрам гэдэг үг Доржготов ахмадын амнаас унасанд олзуурхаж үүнийг бичиж байгаа юм.
Хамгийн болж бүтэхгүй новшийн хүнийг Ландрам гэж, тэр байтугай хараалын үг болгон ахмад үе маань хэлж ярьж ирснийг орчин цагийн залуус тэр болгон мэдэхгүй байх. Ландрам гэж юу гэж байгаа юм гээд эргэн тойрноосоо асуулаа, хэлж өгөх хүн алга болж. Би ч өөрөө эмээ маань тэгэж хэлдэг байсныг санахаас цаашгүй.
Ландрам гэдэг нь Төвөдийн хааны нэр юм. Маш муу хаан, ахыгаа хөнөөгөөд хаан болсон гэх бөгөөд Бүддийн шашны лам хуваргуудыг үй олноор хэлмэгдүүлэн том зовлон авчирсан нэгэн аж. Түүний хэлмэгдүүлэлт Төвөд нутгаар хязгаарлагдаагүй юм байна. Тиймээс муу муухайн билэг тэмдэг болж Ландрам гэдэг нэр хараалын үг болсон түүхтэй аж.
Ландрам хаан хар хэлтэй, эвэр бүхий догшин үхэр байсан гэдэг. Хожмоо түүнийг нэгэн баатар харваж алсан байдаг.
Бүддийн шашинд хүн хойт насандаа эргэн төрдөг гэдэгт итгэдэг тул хүмүүс би Ландрамын хойт дүр биш шүү гэдгээ харуулахын тулд хэлээ гаргадаг ёс олон зуун жил тогтож, тэр нь бараг зан заншил болсон байдаг.
Монгол, Төвөдийг барууны эрдэмтэд нэгэн иргэншилд хамруулж үзсээр ирсэн бөгөөд нэг шашин шүтлэгтэй явж ирсэн түүхийг нотлох мэт нэгэн гэрэл дургийг Монголд 1930-аад онд Скандинавын судлаачид авчээ.
Иймэрхүү зураг, дүрс бичлэгтэй Та урд өмнө нь таарч л байсан байх. Хэлээ гаргаж байгаа нь би хар хэл амгүй, Ландрамын хойт дүр биш гэдгээ харуулж байгаа сайн үйл явдал юм.
Орчин цагт энэ заншил Монголд ховорхон ч санамсаргүй хэлээ гаргачихвал муу үйл биш аж.
Өнөөгийн Төвөдөд энэ нь мэндэлчилгээг орлох болсон гэнэлээ.