- Энэ бол цэвэр мэргэжлийн хандлага. Би М.Энхсайханыг нэг зүйл дээр үнэлж харсан удаатай. Эрдэнэтийн 49 хувийн асуудал Засгийн газрын нууц хуралдаанаар орж ирсэн юм. Гэнэтийн асуудал байсан. Оросын эзэмшлийн хувийг Монголд авч ирж байгаа нь маш чухал ажил. Би тэр өнцгөөс нь харж дэмжсэн. Ерөнхий сайд “Одоо энэ залуус явж гэрээ хийгээд ирнэ. Ирснийх нь дараа асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулна” гэсэн. Яг тэгж хэлэхэд нь би хуульч хүний хувьд, ахмад хүний тухайд “Энэ бол УИХ-ын харьяалах асуудал шүү” гэж сануулж протоколд тэмдэглүүлсэн. М.Энхсайхан бас ийм байр суурь барьсан. Тухайн үед би М.Энхсайханыг ямар ч байсан хуулийг хүндэлдэг хүн юм байна гэж анзаарч байсан.
“Хүний эрх шударга ёс” төвийн захирал, хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар
Ц.ОЮУНБААТАР : М.Энхсайханыг яллаж буй гэмт хэргийн зүйлчлэл 1937 оны ангийн дайсан, хувьсгалын эсэргүү гэдэг шиг л сонсогдож байна
Өдрийн Сонин
-Оюу толгой, Таван толгойтой холбоотой асуудлаар улстөрийн сөрөг хүчний хүмүүст хэрэг үүсгээд эхэллээ. Заримд нь бүр хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэсэн урьд хожид дуулдаагүй ял тулгаж байна. Хүний эрхийн хуульчийн тань хувьд асууя. Та сүүлийн үед өрнөж байгаа энэ үйл явдлуудыг анзаарч байгаа юу?
-Мэргэжлийнхээ хувьд анхааралтай харж суугаа. Ганц өнөөдөр үүссэн асуудал биш л дээ. Н.Энхбаяр, З.Баянсэлэнгэ гээд яривал олон кейс бий. М.Энхсайханыг яллаж буй гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд би сошиалаар байр сууриа илэрхийлсэн юм. “Арай ч хэтэрч байна” гэж бичсэн л дээ.
-Та олон жил өмгөөлөл хийхдээ өндөр эрх мэдэлтэй цөөнгүй хүмүүсийг өмгөөлж явсан. Таны өмгөөлж явсан хүмүүсээс өнөөдөр гэхэд л төрийн өндөрлөгт бий. Сүүлд өрнөсөн асуудлуудын тухайд та ганцхан М.Энхсайханы хувьд л ийм байр суурьтай байгаа юу?
-Үйл явдал болгонд тус тусад нь эрх зүйн дүгнэлт өгөх ёстой. Бүгдийг нь хэлмэгдүүлж байна гэж шууд хэлэх аргагүй. Миний хувьд М.Энхсайханы ялын дүгнэлтийг авч үзэж судалсан юм. Бусдынхыг нь холбогдсон хэргийн байдлыг би уншиж, судлаагүй учраас хэлж мэдэхгүй байна. Таны асуултад хариулахын өмнө жижиг оршил хийх нь зөв байх. Та бид хоёрын хөндөж байгаа асуудал ганц нэг хүний тухай жишээ төдийгөөр хязгаарлагдахгүй л дээ. Илүү өргөн хүрээнд харах ёстой асуудал. Хүний эрх, шударга ёс төв Монгол улсын хүний эрхийг хангах, хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, Хүний эрхийн түгээмэл тунхаг, Үндсэн хуулийн заалтуудыг сахин мөрдөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой ажилладаг ашгийн бус байгууллага.
-Ингэхэд та яг хэзээнээс хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн юм бэ?
-Би 1983 онд хүний эрхийн сэдвээр оюутны дипломын ажлаа бичиж гадаадын оюутны конференст илтгэл тавьж байсан юм. 1990 онд Улсын прокурорт газрын дарга байхдаа 1937-1940 оны хэлмэгдлийн асуудал дээр ажиллаж байлаа. Тэр үед гучаад оны завхралын тухай нарийн мэдээлэл рүү ороод зүрх шимширсэн. Нэгийг нь нөгөөгөөр нь гэрчлүүлээд хэдэн мянгаар нь буудаж хороосон гашуун түүх шүү дээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь ямар ч баримт нотолгоогүй, гүтгэгдсэн, хэлмэгдсэн. Хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхдийн эрх ашгийг хамгаалах чигийн ажлыг ч манай төв хийдэг.
-Та түрүүн ерээд оноос хойшхи дуулиант хэргүүдэд үнэлэлт дүгнэлт өгөх гээд үзээд байна гэсэн утгатай үг унагасан. Төвийнхөө хүрээнд хийж байгаа ажил уу?
-Тэгж хэлж болно.Үйл ажиллагааныхаа хүрээнд ерэн оноос хойшх Монголын дуулиант хэргүүдэд дүгнэлт өгөх оролдлогуудыг хийж байгаа юм. Хорьдугаар тогтоол, алт дилерийн хэрэг, Зоригийн аллагаас эхлээд өнөөдрийн дуулиант хэргүүд ч хамрагдана. Өнөөдөр гэхэд л төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдэл албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн, улсын өмч завшсан, улс оронд хохирол учруулсан гэх мэт шалтгаантай олон хэрэг дуулдаж байна. Энэ хэргүүд дотор зохих хэмжээний хохирол учруулсан, хуулийн дагуу шалгах ёстой зүйл олон бий нь ойлгомжтой. Гэхдээ ямар ч тохиолдолд хүний эрх зөрчиж хэлмэгдэл явуулж болохгүй. Тэр тусмаа улстөрийн зорилгоор сөрөг хүчнийхээ улстөрчдөд зохиомол хэрэг үүсгэж хэлмэгдүүлж хэрхэвч болохгүй. Эрх баригчид хэнийг ч хэлмэгдүүлж болохгүй, бас хийсэн хэргээс нь ялгүй авч үлдэж болохгүй. Наад захын жишээ нь ЖДҮ байна. Аж ахуй эрхлэгчдэд, иргэдэд очих ёстой төсвийн мөнгийг завшсан УИХ-ын гишүүд эрүүгийн хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Хуулийг буруу хэрэглэх ёсгүй. Хувийн өш хонзонгийн үүднээс хуулийг гуйвуулж болохгүй.
-Иймэрхүү хэлмэгдүүлэлт яг хэзээнээс эхэлсэн гэж та хардаг вэ?
-Н.Энхбаяр гэж хүнийг 2012 онд хэлмэгдүүлснээр эхэлсэн. Н.Энхбаярын үйл ажиллагаа, үйлдэлд Монгол Улсын хууль, Эрүүгийн хууль зөрчсөн гэмт хэргийн шинж чанартай зүйл нэг ч байдаггүй. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан нэг ч үйлдэл тогтоогдоогүй. Нэг ч гэрч, нэг ч бичгийн нотолгоо байдаггүй юм. Энэ бол улстөрийн хэлмэгдэл. Тийм үйл явдал өнөөдөр ч давтагдах хандлагатай байна. Тухайлбал улстөрийн хувьд эрх барьж байгаа МАН-ын зүгээс ийм үйлдэл хийж байна. Нэг угшилтай, намынхаа буйрыг сахиад үлдсэн Н.Энхбаярыг өнөөдрийг хүртэл хэлмэгдүүлсээр яваа. З.Баянсэлэнгэ ч хэлмэгдүүлэлтийн жишээ. Би энэ хүнийг сайн, муу хүн гэж хэлээгүй, хэлмэгдүүлэлт гэдэг утгаар нь онцолж байгаа юм. 223 айлын орон сууцыг 15 тэрбум төгрөгөөр “Бэрэн” компаниас ав гэсэн Засгийн газрын тогтоол гарсан, түүнийг нь л хэрэгжүүлсэн хүн. Тэр тогтоолын хүрээнд мань хүнийг АТГ, прокурорын байгууллагаас гурван удаа яллаж шүүхэд шилжүүлсэн боловч шүүхээс гурав дахь удаагаа АТГ-т буцаж байна. Нэгэнт гаргачихсан тогтоолыг хэрэгжүүлснийг гэмт хэрэг гэж үзээд байвал өнөөгийн Засгийн газрын гаргаж байгаа хөрөнгө мөнгө зарцуулсан шийдвэрүүд нь эрүүгийн хэрэг үүсгэх жишиг практик болж үлдэх эрсдэлтэй.
-За одоо М.Энхсайханд холбогдох хэргийн зүйлчлэл үндэслэлгүй, хэрээс хэтэрсэн талаарх яриандаа эргээд орох уу?
-Оюу толгой, Таван толгой шүүмжлэлд орсон, нийгэм бүхэлдээ сэжиглэнгүй буруутган хандаж байгаа. Би ч энэ талд нь ойр байдаг. Учир нь Өмнөговь миний нутаг. Гэхдээ энэ асуудалд хэтэрхий туйлширч хандаж болохгүй. Нийгмийн сэтгэл зүй дээр дөрөөлж, тодорхой зорилгоор албаар харлуулсан мэдээлэл сошиалаар цацаж цацчихаад эцэст нь тодорхой хүнийг хэрэгт холбогдуулж болохгүй л дээ. Юуны өмнө нэг зүйлийг онцолъё. Би М.Энхсайхан гэж хүнтэй албаны, хувийн ямар ч харилцаагүй. Цэвэр мэргэжлийн хуульчийн үүднээс байр сууриа хэлж байгаа юм. Монгол улсын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэж буруутгасан тухай мэдээлэл сонсоод ялын дүгнэлтийг нь авч уншсан юм. Үнэхээр Монгол улсын Эрүүгийн хуулийн төрийн эсрэг онц ноцтой хүнд гэмт хэрэг болох 19.6-д заасан хорлон сүйтгэх ажиллагаа гэдгээр буруутгасан байна. Хорлон сүйтгэх ажиллагаа гэдгийн үйлдэл нь яг юу вэ гэдгийг хуулиас хараад үнэхээр тийм үйлдэл хийж үү гээд харахаар ялын дүгнэлтэд нь нэг ч үг, өгүүлбэр алга.
–Эрүүгийн хуульд хорлон сүйтгэх ажиллагааны үйлдлүүдэд яг ямар зүйлсийг багтаасан байдгийг хоёулаа уншигчдадаа эргэж сануулах уу?
-Эхлээд Эрүүгийн хуулийн талаар байр сууриа хэлье. Эрүүгийн хуулийг ер нь их шүүмжилдэг л дээ. Энэ Эрүүгийн хуулийг хийхэд би байлцсан. Байлцсан ч гэлээ би шүүмжлэлтэй ханддаг. Саяхан Ц.Нямдорж Эрүүгийн хуулийг Ц.Элбэгдоржийн залуус барууны хуулийг хуулах маягаар хийсэн гэж хэлнэ лээ. Зарим нэг дэвшил байгаа ч хуулийн хувьд мэргэжлийн бус, Монголын нөхцөлд тохиромж муутай байсан. Жишээ нь аж ахуйн нэгжийг 48 зүйл ангиар эрүүгийн хэргийн субьект болгосон. Аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг эрүүгийн хэрэгт татаад дарамтална гэсэн үг. Бизнесүүдийг ангуучилдаг гэдэг шиг. Тухайн үед хуульчид нэгдэж Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын чуулганыг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хүртэл хийж байсан. Эсэргүүцлийг миний УИХ-ын гишүүний бланкан дээр бичиж өргөн барьсан юм. Тэгж эсэргүүцсэний дараа 20 гаруй зүйл болсон. 20 гаруй нь хасагдсан гэсэн үг. Энэ мэтээр яривал Эрүүгийн хууль муу хууль. Гэхдээ ямар ч хуулийг хэрэглэхдээ гуйвуулж завхруулж, өөрчлөн тайлбарлаж хэрэглэж болохгүй. Одоо хуулийн заалт руугаа оръё. Эрүүгийн хуулийн 19.6-д хорлон сүйтгэх ажиллагааг “Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах обьектийг сүйтгэх, гэмтээх, үйл ажиллагааг нь доголдуулах, хүн амьтан ургамлын гоц халдварт өвчин тараасан бол…” гэж томъёолсон байна. Өөрөөр хэлбэл сая хэлсэн дөрвөн төрлийн үйлдлийг хийсэн бол хорлон сүйтгэх үйл ажиллагаа болно. М.Энхсайхан гэж яамгүй сайдад тухайн үед Засгийн газар ямар эрх өгсөн, өгсөн эрхээ хэтрүүлсэн үү, урвуулсан уу гэдгийг тогтоогоогүй байж юун хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэж буруутгаж байгаа юм бэ. 1937 оны ангийн дайсан, хувьсгалын эсэргүү гэдэг шиг л сонсогдож байна. Дахиад хэлье, энэ бол мэргэжлийн хуульч, прокурор, мөрдөн байцаагчаар ажилласан хүний хувьд л байр сууриа илэрхийлж байна.
-Харь хамаагүй зүйлээр буруутгаж ял оноох гэж улайрч байгаа нь МАН-ын улстөрийн захиалгат үйл ажиллагаа гэж харж болох нь ээ?
-Ерөөсөө л тийм. Эрх баригчдын улстөрийн бохир үйл ажиллагаа гэж харж байна. Эрх баригч улстөрийн хүчнийхэнд тал зассан АТГ-ын үйл ажиллагаа гэж харагдаж байна. Гэхдээ харамсмаар нь юу гээч, Н.Энхбаярыг тэгж хэлмэгдэж байхад хэн ч юм хэлээгүй. Коммунистуудыг барилаа би коммунист биш учраас үлдлээ, үйлдвэрчнийхнийг барилаа би тэдний нэг биш болохоор үлдлээ, еврейчүүдийг барилаа би еврей биш учраас үлдлээ, сүүлдээ намайг барилаа, гэтэл хамгаалах хэн ч байсангүй гэсэн үг байдаг даа. Монгол яг л ийм юм болж байна. Нийгэм маань ийм бохир, гажуудсан зүйл рүү явж байна. Асуудлын гол гогцоо нь энд байгаа юм. Эмч хуульч хоёр нарийн мэргэжлийн төвшинд өндөр ур чадвартайгаар зарчмаа баримталж ажиллах ёстой. Түүнээс биш бохир улстөрийг дагаж, гар хөл нь болж явах ёсгүй. 1937 оны хэлмэгдүүлэлтийн гол шалтгаан нь энэ шүү дээ. Тэр хэлмэгдүүлэлтийг захиалсан хүмүүс төдийгүй гардан гүйцэтгэсэн хүмүүсийг ярихгүй дарсаар өнөөг хүрсэн. Сайндаа маахуур Дамба, мангас Дорж гээд хоёр гуравхан хүний нэр дуулддаг. Энэ нь өнөөгийн улстөрийн захиалгат хэлмэгдүүлэл, хуулийн завхарлын шалтгаан болж байна. Эзнийхээ даалгавраар хэлмэгдэл, завхарлыг хуулийн нэр барьж гардан гүйцэтгэж байгаа шүүгч, прокурор, мөрдөн байцаагчдын нэрсийг хэвлэл мэдээлийн хэрэгслээр цацаж, олон нийтэд зарлах ёстой. Ингэснээр тэд түүхийн өмнө, ирээдүй хойч үеийн өмнө, гэр бүл дотны хүмүүсийнхээ өмнө хариуцлага хүлээнэ гэдгээ ойлгож алдаа завхрал гаргахгүйгээр шударга ажиллана. Бас нэг харамсмаар зүйл нь сүүлийн жилүүдэд бохир улстөрийг дагаж хүн хэлмэгдүүлж ажилласан хууль шүүхийнхэн ажлаа хийсээр яваа. Мэргэжлийн зарчмаа дагаагүй, хүн хэлмэгдүүлж шийтгэснийхээ төлөө хууль, шүүхийн ажилтнууд хариуцлага хүлээдэггүй. Хариуцлага хүлээдэггүй тогтолцоо байсаар байгаа учраас хэлмэгдүүлэлт үргэлжлээд байна л даа.
-М.Энхсайхан гэж хүнийг өмгөөлж дуугарах болсон нь цэвэр хуульчийн мэргэжилтэй холбоотой, өөр шалтгаан байхгүй нь ээ?
-Би түрүүн хэлсэн шүү дээ, энэ бол цэвэр мэргэжлийн хандлага. Нэмж хэлэхэд би М.Энхсайханыг нэг зүйл дээр үнэлж харсан удаатай. Эрдэнэтийн 49 хувийн асуудал Засгийн газрын нууц хуралдаанаар орж ирсэн юм. Гэнэтийн асуудал байсан. Оросын эзэмшлийн хувийг Монголд авч ирж байгаа нь маш чухал ажил. Би тэр өнцгөөс нь харж дэмжсэн. Ерөнхий сайд “Одоо энэ залуус явж гэрээ хийгээд ирнэ. Ирснийх нь дараа асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулна” гэсэн. Яг тэгж хэлэхэд нь би хуульч хүний хувьд, ахмад хүний тухайд “Энэ бол УИХ-ын харьяалах асуудал шүү” гэж сануулж протоколд тэмдэглүүлсэн. М.Энхсайхан бас ийм байр суурь барьсан. Тухайн үед би М.Энхсайханыг ямар ч байсан хуулийг хүндэлдэг хүн юм байна гэж анзаарч байсан.
–Ч.Сайханбилэгийг олдохгүй байгаа гэх шалтгаанаар УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрийг гүйцэтгэсэн төдий хүмүүсийг яллах гээд байна л даа. Таны түрүүн дурдсан З.Баянсэлэнгийн асуудалтай төстэй өнцөг. Энэ тохиолдолд АТГ, прокурор, шүүх буруу ажилласан гэдэгтэй та санал нийлэх үү?
-Нэгдүгээрт тэр хүмүүс надад хандаагүй. Хоёрдугаарт би яллах дүгнэлтийг нь хараагүй. Тэгэхээр байр сууриа илэрхийлэх боломжгүй. Ер нь Оюу толгойн гэрээг би Монголд асар хохиролтой гэж үздэг. Дубайн гэрээ хохиролтой нь үнэн. Гэхдээ тэр гэрээг Ч.Сайханбилэг ганцаараа хийгээгүй. АН, МАН-ын Засгийн газрын үед хийсэн. Таван толгойн асуудал ч ялгаагүй. АН, МАН-ын хамтарсан Засгийн газрын үед яригдсан зүйл. Эцэст нь хэлэхэд би бүгдийг мэдэж, бүх зүйл дээр дүгнэлт хэлэх боломжгүй, үүрэг ч үгүй.
-Оюу толгойн гэрээг ашиггүй гэдэг байр суурь чинь улстөрийн өнцгөөс харсан дүгнэлт биш үү?
-Би эдийн засагчийнхаа тухайд ч, хуульчийнхаа хувьд ч ингэж хардаг. Монголын ард түмний хангалуун амьдрах боломжийг алдагдуулсан шийдвэр гэж боддог.
Сэтгүүлч Ц.БААСАНСҮРЭН