Борогшуу нийгэм, Зомби компани..

Ж. НЯМСҮРЭН
Ж. Нямсүрэн

Ярилцлага хийж түмэнд түгээсэн news.mn сайтад талархаж байнаа.

Амжилт хүсье.

М.Энхсайхан


-Жил гаруйн дараа тантай ярилцаж суух таатай байна. Ингэхэд гэр зуураа л байна уу?

-Гэр зуур гэх үү дээ. Ямар ч байсан нарснаас наранд гарч ирсэн чинь дэлхий ертөнц орвонгоороо эргэлдчихэж. Хямралтай монголчууд нүүр тулж байна. Хэдий хүртэл үргэлжлэхийг таашгүй. 5-10 жилийн асуудал гэж уншлаа. Яах вэ, би яаж Монголдоо тус нэмэр болох вэ гээд элдэв судалгааны материал уншиж, өөрийгөө л зовоож явна.

-Таны хүссэнээр зөвхөн төслийн эдийн засаг тойрон ярилцъя. Яагаад гэвэл Монголын хөгжлийн гарц нь мөрөөдлийн биш төслийн эдийн засаг болчхоод байна л даа?

-Тэгье, тэгье.

-“Төслийн эдийн засаг” сэдэвт олон улсын хуралд тавьсан лекцийг тань сонссон. Та “Бялуугаа томруулъя” гэсэн байна лээ. Тэгээд бидэнд бялуугаа томруулах боломж байна уу. Цаг сайхан үед томруулж чадаагүй бялууг цар тахлын үед томруулна гэхээр итгэл төрөхгүй л байна, үнэндээ?

-Санамсаргүй байтал ийм нэртэй хуралд онцлох илтгэгчээр оролцох урилга ирсэн. Үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж үзье гээд хэд гурван санаа эвлүүлэх аядаж “Төсөл хэрэгжүүлж, бялуугаа томруулъя” гэсэн илтгэл тавьсан юм. Хүмүүс гайгүй л хүлээж авах шиг болсон. Гол санаа нь төслийн эдийн засгийг ойлгуулах юмсан гэж бодсон. Ямар ч том бодлого байлаа гээд хар аяндаа үйл хэрэг болно гэж байдаггүй. Бодлого төсөл боловсруулж байж хэрэгжинэ. Манай ДНБ-д төслийн эдийн засгийн хувь хэмжээ өсвөл эдийн засаг гэх бие организм улам л эрүүл болдог. Хүнээр төсөөлбөл хүч тамир муутайхан хүнээс эрүүл чийрэг хүн болох тухай юм. Төсөл боловсруулж хэрэгжүүлэхийг хүүхдэд хар багаас нь зааж сургах нь тухайн нийгэмд их үр дүнтэй гэдэг юм билээ. Нэгэн судлаач “Хэрвээ энэ дэлхийд хэзээ нэгэн цагт ядуурал уствал тэр нь төсөл хэрэгжүүлсний үр дүн байх болно” гэж хэлсэн байдаг. Сэтгэлд хүрэм сайхан хэлсэн байна лээ. Энэ тухай л цухас ярьсан.

-Монголд маш олон төсөл цаасан дээрээ, мөрөөдөл төдий үлддэг. Хайран мөнгө, цаг хугацаа, яриа хөөрөө болоод хоцордгийг та юу эс андах билээ?

-Миний бодоход юуг мөрөөдөл, юуг бодлого, юуг хөтөлбөр, юуг төсөл гэдгээ манайхан ялгаж салгаж ойлгохгүй явж ирсэн. Тиймдээ ч мөнгө, цаг хугацаа, хамаг хүчээ үр дүн муутай тарамдаж хаях явдал гардаг. Төсөлд тавигдах шаардлага олон байдаг. Санхүүгээ яаж босгох вэ, боловсон хүчний нөөц байгаа бил үү, технологи нь орчин үедээ таарч байгаа юу, тоног төхөөрөмжөө хаанаас авах вэ, банкууд төсөл санхүүжүүлэх нөхцөлүүд хангагдсан уу гээд үй түмэн асуудал бий. Тэр бүгдийг тооцоогүй бол төсөл хоосон мөрөөдөл болно. Гашуун ч гэсэн манайхан туршлага хуримтлуулж байгаа гэж бодож байна.

-Тэгвэл яг үүнийг л ажил хэрэг болгочихоосой, бүтчихээсэй гэх ямар төсөл байна?

-Том төслүүдийн тухайд хөрөнгө оруулагч, банкуудыг татах хэмжээний стандарт хангачихсан гэх төсөл харагдахгүй байгаа. Хөрөнгөө яаж босгохоо мэдэхгүй мөрөөдлүүд байгаа, байгаа. Жишээ нь, Богд уул тойруулаад төмөр зам барина гэнэ. УБТЗ-ын магистраль шугамд эхлэл, төгсгөл нь залгагдсан төмөр зам бизнес утгатай байж чадахгүй. Оросын тал ч энэ талаар дургүйцлээ илэрхийлсэн харагдсан. Тэгээд ч 10-20 км туннель ухна гэж байгаа бол бүр ч бүтэхгүй. Ер нь бол дэд бүтэц тээвэрлэлтийг нэмэх тийм шинэ, шинэ төслүүдийг бодож олж боловсруулах хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөдөр юу ч хийсэн түүнийгээ урагш, хойш хоёр том зах зээлд гаргах бололцоогүй хавчигдаж, эдийн засаг тэлж болох хязгаартаа тулчихаад байна.

-Дэд бүтэц тээвэрлэлтийг шийдэх шинэ төсөл гэснээс Ерөнхийлөгч “Транзит Монгол” болно гэлээ. Энэ төсөл бүтэх магадлал хэр өндөр бол?

-Миний мэдэхийн Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүх “Транзит Монгол” бодлогыг ойрмогхон хоёр том арга хэмжээнд зарласан. Нэг нь Владивостокт болдог Дорнын эдийн засгийн форум дээр, удаах нь НҮБ-ын индрээс Монгол “Транзит Монгол” болохыг зорьж байна гэсэн. Одоохондоо бодлого томъёологдлоо. Монголын хувьд эдийн засаг хэмээх бялуугаа томруулах хамгийн том бодлого гэж бодож байна. Хоёр том гүрний дунд, хоёр том зах зээлийн дунд орших Монголын хувьд том бололцоо байгаа. Транзит тээвэрт ямар бараа байх бол хэмээн бодвол байгалийн хий, газрын тос, уул уурхайн түүхий эдээс авхуулаад бүх төрлийн бүтээгдэхүүн байж болох юм. Томоос нь нэрлэвэл Орос дахь эрчим хүчний илүүдлийг тогтмол гүйдлийн шугамаар Хятадад хүргэж болмоор. Урд, хойд хөрш аль аль нь сонирхох боловуу. Улаанбаатар төмөр замыг хос болгочихвол жинхэнэ утгаар Монгол транзит орон болно. Автозамаа сайжруулж, хурд нэмбэл бас ч үгүй сайхан бололцоо байгаа. Оросоос Алтайн чиглэлээр хийн хоолойг Хятадын Шинжан чиглэлд тавихын тулд манай баруун нутгаар дайруулах нь илүү ашигтай гэсэн орос эрдэмтдийн судалгааг харж байлаа. Юутай ч бодлого байна. Санал санаачилга байна. Одоо том асуудал яаж бодлогыг төсөлд хөрвүүлэх вэ гэдэг явдал юм. Юуны өмнө хоёр талтайгаа сайтар бодлогоо зохицуулах, манай хууль тогтоомжуудыг “Транзит Монгол” бодлогод нийцүүлэх, дутууг хууль болгох ажлууд эхлээд хийгдэх ёстой байх. Үүнтэй зэрэгцээд олон төсөл боловсруулж, ашигтай төслүүдэд хөрөнгө мөнгө босгох хэрэгтэй болно. Энд ёстой төр, хувийн хэвшлийн өндөр хамтын ажиллагаа хэрэгтэй болно.

-УБТЗ-ыг хос замтай болгохыг Орос зөвшөөрөх болов уу даа. Орос зөвшөөрөхгүй бол монголчууд “Их санасан газар есөн шөнө хоосон хононо” гэгч болох биз?

-Яагаад оросууд зөвшөөрөхгүй гэж. Хятад хэмээх том зах зээлд дөт замаар хүрэх сонирхол тэдэнд байгаа. Хятадын үйлдвэрүүдэд түүхий эд хэрэгтэй. Ярьж ойлголцох асуудал шүү дээ. Ярвигтай нь эхлээд Монгол Орос, Монгол Хятад, Орос Хятад гэсэн хоёр талын яриа хөөрөө болж таараа. Удаад нь гурван талын уулзалт тохироо хийгдэх байх. Бодлогоо тохирчихвол төслүүд боловсруулах Орос, Хятадын компаниуд зөндөө байгаа. Харин надад монголчууд төсөл боловсруулах хоосон яриатай үлдэх вий гэсэн болгоомжлол байна шүү.

-Монголд хэрэгжиж чадаагүй төслүүд хэрэгжсэнээсээ их. Төсөл нурах гол шалтгааныг тодорхойлооч. Дотоодын энэ их улстөржилт нөлөөлж байна уу. Эсвэл хөрөнгө мөнгө, эдийн засгийн боломж бололцоотой холбоотой юу?

-Төсөл шинжлэх ухаан, бизнес, тухайн төслийн онцлогоос үүдэлтэй гурван хэсгээс бүрддэг. Миний ажиглалтаар бидний монголчууд шинжлэх ухаан талыг алгасч давхиад юу юугүй л бизнес яриад эхэлдэг. Том төсөл сэтгэл их хөдөлгөдөг учир түүндээ хөтлөгдөөд, жижигхэн мэт асуудлыг дараа шийдье гэсэн хандлагаар ажилладаг нь төслийг явуургүй болгочихдог гэмтэй. Шинжлэх ухааныг орхигдуулсан ямар ч төсөл сүйрнэ. Бодлогоо нэгдмэл болгож цэгцлээгүйгээс төсөл тойрч нам, иргэний нийгэм, орон нутагт улс төржих явдал гарна. Тэр нь төслийг шил мэт хагалж орхидог. Үүнийг улс төржилт гэхээсээ төрийн удирдлагын системийн доголдол гэж үзмээр санагдаад байгаа.

-Ерөнхийлөгч тэрбум мод тарихаа дэлхий нийтийн өмнө амалчихлаа. Энэ төсөл мөн үү. Эдийн засгийн үр дагавар нь юу байх бол. Олон нийт янз бүрээр хүлээж авч байгаа болохоор стратегич хүний хувьд танаас асууж байгаа юм шүү?

-Одоохондоо том амбицитай том бодлого зарлагдлаа гэж харж байна. Хойч үедээ эрүүл байгаль үлдээнэ гэсэн хүсэл эрмэлзлээ Ерөнхийлөгч хүчтэй илэрхийллээ. Хэрвээ урдын адил цөлжилттэй тэмцэнэ, мод тарина гэсэн бол нөгөө монголчууд чинь жижүүрийн үгээ л хэллээ гэх байсан биз. Бид ч тэгж хандах байсан байх. Гоё зорилгыг гоё том хэлж чадсан нь сайхан. Харин одоо ахиад бодлогыг хэрхэн төсөл болгож хөрвүүлэх үү гэх асуудал байна. Ер нь хөгжил өөд өөдөө шат шатаар дэвжих хэлбэртэй байдаг. Бодлого зарлаад таг болдог байснаасаа бодлогыг төсөлд хөрвүүлдэг шинэ шат Монголд ирж байгаа болов уу гэж бодож байна. Монголд төсөл боловсруулах мэргэшил эзэмшсэн гэрчилгээтэй 60-аад хүн байдаг гэсэн. Тэднийгээ дайчлахаас их ажил хамаарна.

-Цар тахал хүн төрөлхтний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн байна гэж та түрүүнд хэлсэн. Үнэхээр жижиг орнуудад хүндхэн цохилт болж байна. Монголын Засгийн газар энэ хүнд цохилтоос улс орноо, иргэдээ, эдийн засгаа хэр хамгаалж чадаж байна?

-Шинэ гамшиг байсан учир улс орон болгон ямар хариу үйлдэл хийхээ мэдэхгүй самгардсан. Бидний монголчууд ч адил. Муу мэдээ нь хэдэн хүний амь эрсэдсэнээр ковидыг үнэлдэг болчихлоо. Сайн мэдээ нь манай бүс нутгийн орнууд Латин Америк, Африктай харьцуулбал харьцангуй гайгүй гэж хэлж болно. Манай Засгийн газар эхэндээ хатуу хөл хорио тогтоож үзсэн. Ингэхийн тулд бэлэн мөнгө тараасан. Энэ нь хүмүүст эхний цохилт амсахад нь арай зөөлөвч болсон гэж Дэлхийн банкны судалгаанд дурдсан байна лээ. Удаах цохилтуудад өмнөх шигээ хариу үйлдэл хийх нь зөв биш гэсэн бололтой. Тэр нь ч зөв байсан байх. Дээрх судалгаанд хөл хорио хөгжиж байгаа орнуудад үр дүн муутай гэсэн байна лээ. Эрүүл мэндээ аврах уу, эдийн засгаа аврах уу гэдэг асуудлын өмнө бид байна. Хоёуланг нь авармаар байна л даа. Ингэхийн тулд эрүүл мэндээ хамгаалах тал дээр засаг төрд найдах биш иргэд илүү хариуцлагатай байх хэрэгтэй болж. Маскаа зүү, зайгаа барь. Сонирхолтой нь энэ хялбархан дүрмийг Японд иргэд нь хэнээр ч шахуулж шаардуулахгүй мөрддөг, Америкийн зарим мужид цэрэг цагдаагаар албадаж байна. Монголчуудын хэнэггүй зан заримдаа тус, заримдаа ус болох юм.

ХЯТАДАД ХҮНСНИЙ ХОМСДОЛ НҮҮРЛЭЖ МЭДЭХЭЭР БОЛСОН, МАНАЙД Ч ЯЛГААГҮЙ

-УИХ-ын намрын чуулганаар ковидын үеийн дараах эдийн засгийн сэргэлтийн бодлого хэлэлцэнэ гэлээ. Тэгэхээр хууль тогтоогчид маань ковид хэзээ мөдгүй дуусна гэж тооцож байх шиг. Гэтэл цар тахал хүн төрөлхтөнтэй зэрэгцэж оршино гээд байгаа шүү дээ?

-Судалгаагаар ковид мөнхөд хүн төрөлхтөнтэй байх юм гэнэ. Одоо хэрхэн яаж мутацилагдах нь таамаг төдий бөгөөд шинэ вирус гарч магадгүй гэнэ, улс орон болгонд вакцинжуулалт харилцан адилгүй байгаа, тиймээс хэн нь яаж эдийн засгаа сэргээх нь ихэд ойлгомж муутай тул ковидын дараах сэргэлтийн тухай ярих эртдэнэ гэж байсан. Би ийм мэргэжлийн дүгнэлттэй санал нэг байгаа.

-Засгийн газар цахилгаан, дулааны үнийг дааж, 10 их наядын зээл гаргаж, эдийн засгаа дэмжиж байна л даа. Микро төвшиндөө “гал унтраах” хэрэгсэл болсон байх. Гээд макро эдийн засагт илүү сөрөг үр дагавартай байж мэдэх юм?

-Ковидыг түр зуурын үзэгдэл, сайн цаг ирнээ гэж үзвэл таны асуултад дурдсан арга хэмжээнүүд зөв байлаа гэж хэлмээр. Яагаад гэхээр бид махаа муутгахгүй байхын тулд хөргөгчинд хийдэг. Яг л тийм хариу үйлдэл байсан. Ковидоос хойш хоёр жилийн дараа энэ вирус мөддөө устахгүй юм байна гэж үздэг болсон үед дурдсан арга хэмжээнүүдийг зөв байж гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл хэрэг дээрээ хөргөгчинд хийсэн мах удахаараа бас мууддаг. Шинэ оноос зах зээлийнх нь жам ёсоор үнэ нь тогтдог, хэрэглэгчид нь төлбөрөө өөрсдөө төлдөг болох нь ковидын дараах эрүүл эдийн засагт хэрэгтэй.

-Монголд хомсдол хэдийнэ нүүрлэлээ. Үүнээс болоод эдийн засагт маш том цохилт ирэх нь тодорхой болчихлоо. Мэдээж, энэ нь дан ганц манайд болж буй үзэгдэл биш байх. Бидэнд дараагийн хомсдол нь юу байх бол, бэлтгэлээ хэрхэн базаах ёстой вэ?

-Хүн гэдэг амьтан түмэн юм хэрэглээд сурчихаж. Түүнтэй харьцуулбал юм юм л дутагдах байх. Ихэвчлэн том орнуудаас хамаарна. Хятадад эрчим хүчний хямрал тохиоход бордооны үйлдвэрүүдэд хүчин чадал дутаж, бордооны үйлдвэрлэл багассан тухай, үүнээс улбаалаад хүнсний хомсдол бий болж магадгүй гээд бичээд байна лээ. Бараа таваарын хомсдолоос гадна ажиллах хүчний хомсдол нүүрлэхээр байгаа. Манайд ч мөн ялгаагүй. Ажил хийдэг хүн алга боллоо гэж байна. Яагаад гэдгийг зөвхөн цалин мөнгөөр тайлбарлахын аргагүй юм. Ковидоос улбаатай хийсэн ажлынхаа хөлсийг аваагүй, хэсэгчлэн авсан ажилчид ямар ч ажил хийх сонирхолгүй болж байгаа тухай, мөн Дэлхийн банкны судалгаанд дурдсан байсан шүү. Ковид хүний эрүүл мэнд, амь зуух орлогоос гадна хүний сэтгэхүйд хүртэл өөрчлөлт оруулж байгаа бололтой юм.

-Аливаа эрсдэлийг хохирол багатай давахад бодлого чухал уу, төсөл чухал уу?

-Би дээр хэлсэн. Цэгцтэй, системтэй бодлого байх ёстой. Бодлого дангаараа үйл хэрэг болчихгүй тул түүнийг төсөлд хөрвүүлдэг арга зүйд суралцах тийм цаг үе Монголд ирсэн байх гэж бодож байна. Ковид бидэнд сургамж өглөө. Эм, эмнэлгийн наад захын хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэж, гадаад зах зээлийн өрсөлдөөнөөс хамгаалах хэрэгтэй юм байна. Найман нэрийн барааны дэлгүүр гэдэг шиг Монголд зайлшгүй үйлдвэрлэж байх барааны жагсаалт гаргаж авмаар санагдсан. Эдийн засгийн уян хатан хувьсах чадварыг дээшлүүлэхийн тулд тээвэр, ложистикийг тусгайлан анхаармаар юм байна. Нэг үгээр хэлбэл хямралын жижиг цохилтуудыг даадаг, улам хэрсүүждэг борогшуу эдийн засаг бүхий нийгэм рүү зоримоор санагдаж байна.

-Борогшуу эдийн засгийн тухай та ярьж байна. Энэ ямар учиртай тодорхойлолт вэ?

-Ургаа мод бургастай харьцуулбал гоё харагдана. Асар хүчтэй салхи дэгдвэл мод хугарна, дахин сэргэхгүй, бургас бол тэсч үлдэнэ, буцаж сэргэнэ гээд бодохоор манай нийгэм ургаа мод шиг байх уу, бургас мэт байх уу гээд бодох хэрэгтэй болно. Цэвэр орчинд байсан организм жижигхэн вирус бактерид амархан үхдэг. Харин элдэв бактери дунд өссөн организм илүү тэсвэртэй байдаг. Үүнээс санаа аваад, ер нь жижигхэн хэмжээний цохилтыг манай нийгэм, эдийн засаг үе үе амсч байх нь харин ч алсдаа тустай. Ер нь борогшуу эдийн засаг, борогшуу нийгэм гэсэн нэр томъёог эргэлтэд оруулбал яасан юм бэ гэж бодсон юм. Энэ талаар мэргэжлийн тинктанкуудад гоё гоё хэлэлцүүлгүүд явагдаж байгаа. Би дуртайяа сонсдог юм.

-УИХ-аар ирэх жилийн төсвийн болон мөнгөний бодлогыг хэлэлцэх цаг ойртож байна. Хууль тогтоогчид яг энэ чиглэлд анхаараасай, бодлогодоо тусгаасай гэж ямар асуудлыг та зөвлөх бол?

-Хямрал удаан урт хугацааны үр дагавартай гэдгийг янз бүрийн судалгаа харуулсаар байна. Хямралын үед мөнгө хэвлэнэ гэж ярих хүн олноор гарч ирэх байх. Үүнтэй холбогдуулаад, бидний түүхэнд холбогдох нэгэн сонирхолтой фактыг нэгэн лекцээс сонссон юм. Хубилай хаан цаасан мөнгөн дэвсгэртийг анх санаачилсан гэх бөгөөд сүүлдээ цаасан мөнгө хэвлэсээр байгаад Юань гүрнийг мөхөөсөн гэж байна лээ шүү. Үүнийг мөнгө хэвлэнэ гэж бодож байгаа хүмүүст зориулж хэлж байгаа юм. Үүнийхээ оронд үр ашиггүй, алдагдал гаргадаг зомби компаниудаа өөрчлөн байгуулах хэрэгтэй юм. Тухайлбал, төрийн өмчийн компаниудын 70 хувь нь алдагдагдалтай ажилласан гэх бөгөөд тэднийг хямд зээлээр санхүүжүүлэх нь зомби компани, зомби банк бий болгодог, энэ нь инфляци, гипер инфляцийг өдөөдөг гэж анхааруулж байгаа. Үүнийг манай мэргэжлийнхэн, шийдвэр гаргагчид анхааралдаа авна биз ээ.

-Тантай уулзахдаа асууя гэж бодож явдаг байсан юм. Та Ерөнхий сайд байхдаа үнэ чөлөөлсөн. Чөлөөт эдийн засгийн “загалмайлсан эцэг” гэхэд буруудахгүй байх. Гэхдээ тэр үед цахилгаан, дулаан, шатахууны үнийг яагаад чөлөөлөөгүй юм бэ?

-Тэртээ 90-ээд онд Улаанбаатар хотод жидээ 300 гаруй удаа гэрэл цахилгаан тасалдаг байлаа. Техникийн шинэчлэл хийх хөрөнгөгүй хэцүү байсан. Өвөлжилт хаяанд тулсан, хот хөлдөхөөс болгоомжилж цахилгаан дулааны үнийг Ерөнхий сайд болонгуутаа чөлөөлсөн байдаг. Тэглээ гээд асуудал бүрэн шийдэгдээгүй. Япон улс тусламжийн гараа сунгаж, засвар хийж өгснөөр гэрэл цахилгаан тасрах гэдгийг монголчууд мартацгаасан юм шүү. Төдий л удалгүй дараа дараачийн Засгийн газрууд цахилгааны үнийг хянах сонирхолтой болсон. Үнэ бүрэн чөлөөлөгдөж чадаагүйгээс энэ салбарт хувийн хэвшлийнхэн орж ирсэнгүй, тэр үед манай хувийн хэвшлийнхэнд чадал чансаа байгаагүй ч байх. Эрчим хүч зөвхөн төрийн мэдэлд байх гэдэг хуучирсан ойлголтоосоо салж чадахгүй байгаа нь эрчим хүчний үнийг чөлөөлөөгүй, зах зээл энэ салбарт хөгжөөгүйтэй холбоотой. Цаашид гарах хүндрэлүүдээс зайлсхийе гэвэл гал унтраах маягаар биш, зах зээлд нь найдах нь алсын хараатай бодлого байх болно гэж бодож байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Төсөл хэрэгжүүлж Бялуугаа томруулья

Success is the ability to go from one failure to another with no loss of enthusiasm. – Winston Churchill.

Юуны өмнө “Төслийн эдийн засаг” сэдэвт олон улсын хуралд онцгойлох илтгэгчээр үг хэлэх урилга өгсөн явдалд хурал зохион байгуулагчдад гүнээ талархаж байна. Хэтэрхий том хариуцлага юм даа. Би энэ талаар ярих эрхтэй билүү гэж бодогдож байлаа.

Монгол улсад анх удаагаа УИХ мегатөсөл хариуцсан Засгийн газрын гишүүн, сайдын албыг бий болгож тэр албанд миний биеийг томилж байсан. Монголын түүхэнд цор ганц болсон явдлын амьд гэрч нь би өөрөө учир  энэ урилгаас татгалзах эрхгүй юм байна гэж зориг гарган үг хэлэх эрх чөлөөг эдлэе гэж бодсон юм.

Хэлэх үгээ юунаас эхлэх вэ  гэж бодсон. Яалт ч үгүй нүүр тулаад байгаа Монголын эдийн засгийн хямралт байдлаас эхлэх ёстой юм шиг байна.

Өнөөдөр бензин тасалдаж колонкууд дээр уртаас урт дараалал бий болж бизнес, эдийн засагт,  хүмүүсийн амьдралд сөргөөр нөлөөлж эхэлсэн цаг үед бид энд хуралдацгааж байна. Гадаа гудамжинд хямрал болж байхад бид энд Төслийн эдийн засаг ярьж суух хоёрын хооронд ямар учир холбогдлын холбоос байна вэ гэж асуух, шүүмжлэх хүн захаасаа олдоно. Бүр буруутгах хүмүүс ч их байгаа байх.

Бензиний дутагдал бий болж зүнэ хөөрөгдөх том асуудал бий болох юм байна гэдгийг наад зах нь 5 жилийн өмнөөс урдчилан харж болохоор байсан. Энд геополитик ямар ч хамаагүй гэж бодож байна. Орос орон хуучин зөвлөлтийн үед нээсэн газрын тосны ордуудаас бензин гаргаж авсаар байгаа ч нөөц нь дундарч, өртөг зардал нь нэмэгдсэн бөгөөд шинэ шинэ орд нээх, үйлдвэрлэлд бэлтгэх Оросын стратеги нь янз бүрийн шалтгаанаар бүтэлгүйтэж байгаа, бензин Оросын дотоод зах зээлд улам бүр хүрэлцэхээ байж байгаа талаар эртнээс ил тод ярьсаар ирсэн. Оросын хэвлэлийн мэдээг шүүрдвэл өнгөрсөн 10 жилд Орос орон 6 шинэ орд нээсэн гэх бөгөөд бүгд жижиг орд.  Тэр нь Оросын дотоод хэрэглээтэй нь харьцуулбал өчүүхэн юм. Өөртөө хүрэлцээгүй байгаа бензиныг бусдад илүүчлэх гэдэг бол хэцүү шүү дээ. Монголд бензины хомсдол үүссэнд Орос орныг буруутгахад үнэхээр хэцүү. Вакцины национализм шиг хараахан бензиний национализм бий болчихоогүй байгаа гэдэгт итгэлтэй байна.

Харин бид зах зээлээ диверсификаци хийх талаар цаг алдсан гэвэл үнэнд илүү нийцнэ. 5 жилийн өмнөөс урдчилан харж болох том асуудлыг харж чадсангүй. 5 жил  гэдэг бол нэг төсөл хэрэгжүүлж эхлэх цаг хугацаа байлаа.  Бидний стратеги  төлөвлөлт сул, түүнийгээ хэрэгжүүлэх төсөл боловсруулах чадамж дорой, ер нь стратеги төлөвлөлтгүй явж байгаа нь өөрөө бидэнд цохилт болон ирж байна. Энэ бол зөвхөн ганц жишээ. Эрчим хүч, тээврийн салбар гээд олон газарт стратегитай ажиллахгүй бол бензиний хямралтай ойролцоо түүнээс ч хүчтэй цохилтууд ирэхээр байгаа. Сүх далайтал үхэр амар гэдэг уламжлалт сэтгэлгээ орчин үед зохимжгүй хийгээд яагаад гудамжинд хямрал илт байхад бид энд Шангриллад “Төслийн эдийн засаг” ярихын хооронд шууд хүйн холбоо байгаа шүү гэж бодогдож байна.  Хожимдсон ч ирээдүйгээ бодохоор өнөөдөр чухал асуудал ярьж суугаа шүү.

Ковид ба “Шинэ хэвийн байдал”

Ковидын цар тахал дэлхийн эдийн засгийг, тэр тусмаа жижиг орнуудад хүндхэн цохилт болж байна. Ковид том жижиг бүх орнуудаас шалгалт авсан. Бүгд л шалгалтанд унаж байх шиг. Шалтгаан нь нэг сонгуулиас дараачийн сонгууль хүртэл хугацаагаар богинохон сэтгэдэг улс төрчид байгаа явдал шалгалтанд унах нөхцөл болж байх шиг байна. Том орнуудад цохилт даах санхүүгийн чадамж байгаа. Харин жижиг орнуудад тийм бололцоо үнэндээ байхгүй. Бидний хамтран бүтээсэн ардчилал, зах зээлийн тогтолцоонд засвар хэрэгтэй аж. Тиймдээ ч бидний монголчууд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулсан гэж бодож байна. 

Ковид болон хүн төрөлхтөн цаашдаа мөнхөд хамт байх нь бараг ойлгомжтой болж. Ганц ковид биш олон вирус хойно хойноосоо гарна гэж байна. Нэг вируст бүгдээрээ  цохиулж байгаа бол цаашдаа хоёр гурав  хавсарсан вирус айсуй гэсэн судалгаа байна. Дээр нь цаг агаарын өөрчлөлттэй холбоотой гамшиг, газар хөдлөлт, санхүүгийн хямрал зэрэг нь нэрмээс болохоор байна. Үүнтэй холбоотойгоор  жилийн дараа, 3 жилийн дараа, 5 жилийн дараа эдийн засаг хэрхэн өөрчлөгдөх талаар урдчилан таамаг гаргахад улам бүр хэцүү болж байна. Бий болсон нөхцөл байдал нийгэм эдийн засаг, бизнесийг тодорхой чиглэлтэй хөгжүүлэх замын зураг гаргахад шийдвэр гаргагчдад, компаний удирлагуудад тун хэцүү болж байна. Зах зээлийг ямарваа нэг хэмжээгээр урдчилан таамаглаж болдог байх үеийнх шиг эдийн засаг,  бизнесийг удирдах боломжгүй болж байгаа талаар судлаачид анхааруулж байна.

Бий болсон нөхцөл байдлыг “New Normal” буюу “Шинэ хэвийн байдал” гэж томьёолж байгаа.

Стратегиа шинэчлэх үү

Шинэ нормал нөхцөлд баримтлах стратегийг томьёолох оролдлогууд хийгдэж байна.

Ургаа мод хэр барагийн хүчтэй салхи шуургыг даана. Гэвч санаснаас илүү хүч үйлчлэхэд ургаа мод хугарч болно. Харамсалтай нь хугарсны дараа дахин сэргэх бололцоогүй болдог.  Бургас мод бас ямар ч хүчтэй салхийг даах бөгөөд харагдах байдлаараа ургаа модноос илүү биш ч санаснаас их хүч үйлчлэхэд бургас мод хугарахгүй, ямар ч гамшгийн дараа өөрөө босч сэргэж ирдэг. Ямарч цохилт амсдаггүй организм тэсвэр муутай байдаг. Үүний оронд жижиг хэмжээний цохилт амсаж түүнээсээ гарч чадах сурц бий болгох нь чухал. Бензины хямрал, ковидтой холбоотой алдаа оноог шинэ хэвийн  байдалд учирах үзэгдэл гэдгээр би хувьдаа хүлээж авч байна. Хамгийн гол нь шоконд өгөх хариу үйлдэл стратегитай байх явдал чухал юм.

Төр хэмээх ургаа модноос хувийн хэвшил мөчирлөх юмуу, аль эсвэл төрийн дэмжлэгтэй зах зээл хөрснөөс хувийн хэвшил бургас мэт ургацгаах юмуу гэж бодож болно. Ямар ч байсан Сонголт хийх цаг үе дээр Монгол маань байна. Стратегиа зөв томьёолбол аливаа асуудлыг харах өнцөг бүгд  өөрчлөгдөх нь гарцаагүй юм. Төр нь стратегитай бол аж ахуйн нэгжүүд, компаниуд, байгууллагууд, хувь хүмүүс “замын зураг”-тай болох нь гарцаагүй гэж бодож байна.

Төсөл ба  Бялуу

Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 10-12 тэрбум доллар дээр 10 жил гацаж байна. Монголын эдийн засгийг нэг том бялуу гэж үзвэл бидний дундаа хувааж иддэг бялуу маань 10 жил томорсонгүй. Энэ бол төсөл боловсруулж хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй байгаатай холбоотой юм. Төсөл боловсруулж хөрөнгө оруулалт татахгүйгээр бялуугаа томруулах бололцоогүй. Тиймээс өнөөдрийн хямрал дунд бидний хэлэлцэж байгаа асуудал чухал ач холбогдолтой.

Хүн төрөлхтний гайхамшигууд дандаа амжилттай хэрэгжсэн төслүүд л байдаг. Египтын пирамидаас авхуулаад сансар уудмыг эзэмдэх, Марс гариг дээр хөлөгөө газардуулах зэрэг нь бүгд төсөл бодож боловсруулж хэрэгжүүлсний үр дүн юм. Энэ дэлхийд хэзээ нэгэн цагт ядуурал устаж үгүй болбол тэр нь бас төсөл хэрэгжүүлсний үр дүн байх болно гэсэн  үг нэн чухал санагдаж байна.

 Монголд ч ялгаагүй аливаа амжилт бүхэн сайн бодож боловсруулсан, хэрэгжүүлсэн төслийн үр дүн юм.

Төсөл гэдгийг нийгмийн байгууллаас нь тусдаа салгаж авч үзвэл социализмын үед Монголд тухайлбал Эрдэнэт, Дарханы төмөрлөг, бусад цогцолбор, Хөтөлийн цемент, цахилгаан станцууд, Багануурын уурхай томоохон төслүүд гээд хэрэгжсэн байдаг. Бүгд улс төрийн мотивацитай төсөл байлаа. Хэрэгжүүлэгч байгууллага нь Улсын Төлөвлөгөөний комисс, түүний ар тал нь эрх баригч нам байдаг байв. 1990 оноос хойш  олон нам, зах зээлийн тогтолцоонд шилжсний дараа төрийн өмчийн том төсөл үндсэндээ хэрэгжээгүй. Харин хувийн хэвшлийн Монцемент, Мак, Ухаа Худаг, Цагаан суварга гээд том жижиг хэдэн арван төсөл хэрэгжсэн. Бүгд зах зээлийн мотивацитай байсан. Хүмүүс социализмын үед зах зээлд шилжснээс хойших үетэй харьцуулбал олон төсөл хэрэгжиж олон үйлдвэрүүд баригдсан гэж бодож магадгүй.  Тийм суртал нэвтрүүлэг ч сонсогдоно. Үнэндээ тэр үед нэг хүнд ногдох ДНБ 400 ам доллараас хэтэрдэггүй нэн ядуу орон байсан гэдгээ умартах хэрэггүй юм. Өнөөдөр нэг хүнд ногдох ДНБ социализмын үеэс 10 дахин өссөн байна. Хувийн хэвшлийн хэдэн зуун төсөл амжилттай хэрэгжсэн. Дээр нь Засгийн газраас бараг 500-аад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн буюу хэрэгжүүлж байна.  

Төрийн салаа мөчир болгон яам, агентлагууд өмчийн хэвшил үл харгалзан аливаа төсөлд нэг л бодлогоор ханддаг байж хэмээн том төслүүдэд урагшах зам нээгдэнэ. Ингэхийн тулд төслийг хэрэгжүүлэх “нэг цонх”-ны бодлогыг Японы МИТИ ч юмуу, Хятадын Хөгжил Шинэтгэлийн Хороо ч юмуу тэдгээртэй адилтгаж болох  хүчтэй боловсон хүчин бүхий эдийн засгийн элит байгууллага байгуулж Ерөнхий сайдын албанд хариуцуулбал нэгэн сайхан гарц шийдэл болох юм. Бусдаас суралцах сайхан шүү дээ.

Монголд Хэрэгжиж чадаагүй төслүүд хэрэгжснээсээ хавьгүй их бизээ. Хэрэгжүүлж чадсан төслөө чанга дуугаар магтан дуулдаг хэрнээ хэрэгжүүлж чадаагүй төслөө хэн ч ярихыг хүсдэггүйгээс энэ талаар хаа сайгүй мэдээлэл их хомс. Төслийн асуудлыг судалдаг бие даасан судалгааны институт үгүйлэгдэж байна.

Монгол уул уурхайн орон бөгөөд экспортынх нь 80-90  хувь нь эрдэс баялаг гэж үзвэл Монголын өнөөгийн эдийн засгийн 30-40-өөс доошгүй хувь нь төслийн эдийн засаг гэж хэлж болох юм.

Шинэ шинэ төслүүд олноор бий болж эдийн засгийг тэлэх шаардлагатай байна. Ингэхийн тулд төсөл боловсруулах чадамжийг бий болгоход төр, аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс анхаарах хэрэгтэй байна. Ингэхийн тулд хэдэн арван компаниуд төсөл боловсруулж төслийн менежерүүд бэлдэж, компаний эзэд ажлынхаа цагийн ихэнхийг төсөл боловсруулахад зарцуулах хэрэгтэй юм байна. Судалгаагаар Германы компаниудын 40 хүртэл хувь нь төсөл боловсруулж хэрэгжүүлэгч хэлбэртэй байдаг байна.

Азийн орнуудын түргэн хурдацтай хөгжилд дээрх хөгжлийн  загвар чухал үүрэг рольтой байсан гэж байна.

Төсөл боловсруулж сурцгаая

Төсөл боловсруулах арга зүйд суралцах асуудал зөвхөн төр, аж ахуйн нэгж, компаниудын асуудал биш юм. Төсөл боловсруулах арга зүйд хүүхдүүдийг оролцуулах, хүүхдийн   бага наснаас нь сургах  сургалтын хөтөлбөрт төсөл боловсруулах асуудлыг оруулах явдал чухал юм. Ямар ч асуудлыг төсөл маягаар хэрэгжүүлэх нь хүүхдэд тогтоц сайтай сургалтын сайн арга болно. Боловсролын хөтөлбөрт төсөл боловсруулах арга ухаан цаашдаа хэвийн норм, хэм хэмжигдэхүүн болох чиглэлээр боловсролын тогтолцоонд өөрчлөлт орох юм байна. Ялангуяа ардчилсан тогтолцоонд төслийг хэрэгжүүлдэг байхын тулд ирээдүйн иргэд болох хүүхдүүдээ төслийг ойлгодог болгоход бэлтгэх нь маш зөв алхам байх болно.

 Аж ахуйн нэгж, компаниудын ТУЗ, захирлуудын зөвлөл хямрал, эдийн засгийн тодорхойгүй байдалд төслүүд боловсруулах, боловсруулсан төслүүдээс өөрийн хөрөнгө чадамжинд тохирох төслүүдийг шилж сонгож анхаарал төвлөрүүлэх нь илүү үр дүнтэй байж мэдэхээр байна.

Төслийг боловсруулах, хэрэгжүүлэхэд иргэд, орон нутгийн оролцоог хангах явдал чухал. Энэ асуудал заавал ч үгүй бизнесийн төсөл байх албагүй.

Бүхэлдээ дэлхий ертөнцийн байдал асар их өөрчлөгдсөн бөгөөд тэрхүү өөрчлөлтөд тохирсон бодлого гаргаж цэгцлэх цаг айсуй. Эл хэрэгт төслийн эдийн засаг концепци, төсөл боловсруулах менежерүүд, манлайлагчдыг бэлтгэх явдал чухалчлагдаж байна.

Ковид бидэнд том сургамж болж байгаа. Жишээ нь цар тахал дэгдэж хил гааль хаалгаа барих нөхцөлд хамгийн наад захын эмнэлэгийн болон бусад үйлчилгээ, бараа таваарыг тухайн орон өөрсдөө үйлдвэрлэдэг байх явдал чухал юм. Хүний нэн тэргүүний хэрэгцээнийй үйлдвэр аж ахуйг төрөөс тусгайлсан дэмжлэгтэйгээр хувийн хэвшлийнхэн байгуулах тэднийг гадаад өрсөлдөөнөөс хамгаалах явдал чухал болж байна. Энд эм ариутгалын бодис эм эмнэлгийн хэрэгсэл, хүний наад захын хэрэгцээг өөрсдөө үйлдвэрлэдэг байх явдал хэрэгтэй гэдэг нь харагдаж байна.

 Эдийн засгийн тогтолцооны уян хатан чанарыг бий болгохын тулд ложистикт тусгайлан анхаарч төр, хувийн хэвшил хамтарч ажиллах нь зөв санагдаж байна.

 Дээрх чиглэлээр олон төсөл боловсрогдох шаардлагатай юм.

Төсөлд юуг анхаарах вэ      

Бизнесийн төслүүд дампуурах нь дэлхий даяар түгээмэл үзэгдэл ч түүнийг амжилттай болгоход сайн төслийн менежерүүд маш чухал үүрэг рольтой. Төслийг хүн хийдэг байгууллага хийдэггүй. Тийм ч учраас төслийн менежер бол бие даасан мэргэжлийн ажил гэдгийг ойлгох шаардлагатай.

Өнөөдрийн байдлаар 500 сая ам доллар хүртэл томоохон төслүүдийн 40-50 хувь нь, нэг тэрбум ам доллар хүртэлх мегатөслүүдийн 70 хүртэлх хувь нь  бүтэлгүйдэж байдаг. Манайд том жижиг олон төслүүд яригдсан боловч ихэнх нь бүтэлгүйдэж байгаа нь олон шалтгаантай. Тэр бүгдийг энд ярих бололцоогүй ч цөөхөн хэдэн шалтгааныг энд зориуд хэлье.

  • Төсөл мөн чанараараа төр, хувийн хэвшлийн байхаас өөр замгүй. Зөвхөн хувийн хөрөнгө оруулалттай төсөлт тэр тусмаа мегатөсөл ч төрийн оролцоотой байж гэмээн амжилтанд хүрэх бололцоотой. Иймээс Төр болон хувийн хэвшлийн хоорондын итгэлцэл хамтын ажиллагаа, зохицуулалт нэн чухал.
  • Төсөл мөн чанараараа олон түмний эрх ашгийг урт хугацаанд хамгаалахтай холбоотой байдаг тул ил тод байх, тунгалагийн зарчим тэргүүн зэргийн ач холбогдолтой.
  • Нарийн асуудлыг нь дараа шийдье гэдэг хандлага төслийг булшилна.
  • Төгс юм байхгүй ч Төслийг  эхнээсээс нь  эцсийг нь хүртэл бодсон, төлөвлөсөн байх ёстой юм. Суурь судалгаа бүрэн хангалттай байхаас гадна шинжлэх ухаанд тулгуурласан байх ёстой. Энэ асуудлаа дутуу дулимаг шийдсэн аливаа мегатөсөл дампуурах магадлалтай.
  • Төсөл хагарамтгай. Эсвэл амжилтанд хүрнэ. Эсвэл шил мэт хагарна.
  • Төслийг хүн хийдэг, байгууллага хийдэггүй. Төслийн менежер бэлдэж авах нь компаниудад маш чухал.
  • Төсөл томрох тусам олон оролцогчдын сонирхлыг тээдэг тул харилцан буулт хийснээр хэлцэл байгууллагдах бөгөөд хэлэлцэж тохирсон гэрээнд аз жаргалтай оролцогч гэж байдаггүйг анхаарах хэрэгтэй
  • Төслийг боловсруулах судалгаа хийх явцад төсөл ашиггүй зомби төсөл болохоор байвал “төслийг алах” уу цааш үргэлжлүүлж цаг хугацаа, хөрөнгө мөнгөө үрэх үү гэсэн сонголт хийх мөчтэй учирна.  Энэ бол компаний эздэд учрах эрсдэл бөгөөд тийм сонголтоос компанийн ирээдүй хамаарна.

Эцэст нь дүгнэлт болгож хэлэхэд

  1. Хөгжил бол амжилттай хэрэгжүүлсэн төслүүдийн нийлбэр, тэдгээрийн үржүүлэгч нөлөө юм.
  2. Хямралаас гарч Хөгжилд хүрье гэвэл олон олон төсөл боловсруулж хэрэгжүүлэх явдал чухал юм.
  3. Үүний тулд төсөл хийж сурах, олон арван төслийн менежерүүдийг бэлтгэж авах явдал чухал байна.

Ардчиллын харуй бүрий: Book

Шоронд 469 хонохдоо юуг эс эргэцүүлэх билээ дээ. Дэлхий дээр, бүс нутагт, эх оронд минь юу болоод байна вэ гэдгийг ухаж ойлгохын тулд олон ч номыг үзэж харсан. Хэлэлцүүлэг хийгээд хамт ярилцаж суух хүнгүй тул өөрөө өөртэйгээ удтал ярьсаар ирлээ.

Сайн муу хоёр зүйлийг ажиглав. Сайн тал нь монголчуудын сэтгэлгээ хэнээс ч хоцрох ёсгүй гэсэн мэт дэлхийд анхаарал татсан шилдэг номуудыг манайхан цаг алдалгүй орчуулан хэвлэдэг болж. Ном бол ертөнцийг харах цонх мөн гэж их сурталддаг байж билээ. Үнэхээр талархууштай. Муу тал нь энэ цонхоор ертөнцийг тольддог хүн нь хэд билээ, ер нь ном уншдаг хүний тоо хангалтгүй л байна уу даа, тиймдээ ч амьдрал дээр алдаа гаргах нь элбэгдүү юм шиг санагдаж билээ. Цаг хугацаа агуу багш тул сайн талруугаа засагдах нь дамжиггүй.

Жилийн өмнө ийм нэгэн нэртэй ном гарчээ. Зохиогч нь Энн Эпплбаум. Дэлхийн олон оронд ардчилал хүндхэн сорилтой тулгарч байгаа тухай юм. Бэлэн жор бичээгүй ч санаа авах зүйл ихтэй гэж олон хүмүүс магтаж байгаа.

Европт үе дамжсан хаант ёсыг халж аристократуудын засаглалыг ардчиллаар солих нь өрсөлдөөн бий болгож, мерит зарчим төрд хэрэгжинэ гэж үзэж байж. Хаана өрсөлдөөн үгүй болж, мерит зарчим үл хэрэгжинэ тэнд эрх мэдэл, албан тушаалд шунах үзэгдэл газар авч ардчилал харанхуй руу унах нөхцөл болж байна.

Мэдээллийн технологи тэгтлээ хөгжөөгүй үед ардчилал нийгмийн зөвшилцөл бий болгож чадаж байсан бол сошиал медиа хөгжсөн үед хүн бүр өөр өөрийн төөрөгдлөөр бие биеэ хардаж ардчиллыг доройтуулагчид болдог бололтой юм. Тэрч байтугай ардчилал дотоод хяналтаа алдах цагт хууль шүүх цагдаа прокурорыг өрсөлдөгчөө хүчээр дуугай болгох намнах улс төрийн сонирхол үүсдэг гэнэ шүү. Бидний туулж яваа зам шиг санагдав.

Олон газар зохиолчид, сэтгүүлчид, блог хөтлөгчид, жиргээчид, жүжигчид гэх мэт нийгмийн сэхээтэнлэг хэсэг амин хувиа хичээдэгүйсэн бол, өөрсдийнхөө үүрэг ролийг харанхуй масст даатгаж өөрийгөө худалдаггүйсэн бол ардчилал тэгтлээ хэврэгшихгүй байх байлаа гэж. Сонсголонтой л хэлж.

Бидний хийж чадах ажил бие биеэ сонс, ойлго, анхаарал халамж тавь. Таны өдөр тутмын хийх үйлдлээс ардчиллын хувь заяа шийдэгдэнэ гэнээ.

Анхаарч уншвал зохих ном хэмээн бичлээ. Болгоотугай.

М.Энхсайхан: Аав нь зөв юм хийж байснаа сайн мэддэг

Миний нөхөр хоригдоод 365 хонож байна.

Нөхрийг минь өнгөрсөн хугацаанд дэмжиж ирсэн нийт хүмүүст гүнээ талархаж байна. Энэ өдрийг тохиолдуулан миний нөхрийн жилийн өмнө шоронд бичсэн тэмдэглэлийг олон нийтэд хүргэж байгаа Ipen.mn сайтад талархал илэрхийлж байна.

Уг сайтаас түүний бичсэн нийтлэлийг авч өөрийнх нь блог дээр тавилаа.

Ч. Мөнхням

2020 оны хавар. Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө Х.Баттулгын хонгилоор тэр орсон.  Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөгчөө намнах зорилгоор Төрийн ордны зүүн жигүүрийн 3 давхраас хууль шүүхийнхэнд нөлөөлдөг байсныг Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх хүртэл зарласан. Х.Баттулга өөрийнхөө Тамгын газарт ажилладаг байсан өмгөөлөгч Б.Баасанцогтоор дамжуулан Монголын хууль, шүүхийг худалдан авч, хар ажлаа хийлгэдэг байжээ. Б.Баасанцогт нь А.Гансүхийн гарын хүн. 

 Өмгөөлөгч Б.Баасанцогтынд “дорридсон”, секс скандалын дуулианд нэр холбогдож, цахилгаан шатны бичлэгт дүрс нь гарсан, мөн өмгөөлөгчөөс өөрийнхөө дансаараа мөнгө шилжүүлж авсан нь илчлэгдсэн шүүгч бол З.Болдбаатар. Тэрбээр Х.Баттулгын захиалгаар Ерөнхий сайд асан М.Энхсайханд 4 жил 6 сар хорих ял оноосон юм. З.Болдбаатар нь өмгөөлөгч Б.Баасанцогтын “гэр бүлийн найз”. “Дорридож” байхдаа л тэд бусдад хэдэн жилийн ял оноох талаар дээрээс өгсөн даалгавраа хэлэлцдэг байсан бололтой.  Ингээд Ерөнхий сайд асан Мэндсайханы Энхсайханы жилийн өмнө  шоронгоос бичсэн тэмдэглэлийг уншигчдадаа дахин  хүргэж байна. 

2020.04.23

Шүүхийн шийдвэрээр хоригдохоор боллоо.Шийдвэр бичиг цаас болтлоо уддаг бололтой. Умгар нэгэн өрөөнд 8-9 хоригдлуутай бараг 10 цаг болов. Энэ хооронд тэдэнтэй танилцаж юу эсийг ярихав. Ганц нэгээс нь бусад нь 20-30 насны залуус. Сонсоод байхнээ тэд алджээ. Харамсалтай нь хохирогч нь гомдолгүй гээд байхад яллачихдаг бололтой. Хүмүүсийг эвлэрэлдье гэхээр нь хагаралдуулчихдаг хуулийн заалтууд байгаа бололтой дог. Харанхуй бүрий боллоо. 461 рүү авч явахаар боллоо. Бүсэлхийгээр гинжилж гарт хэлхээтэй даавуун бээлий углаж, гавлав. Тээр нэгэн жил Хойд Солонгос Хятадын хилийн хот руу оргон зугтаасан гэмт хэрэгтнүүдээ өөрсдөө авъя гэсээр байгаад авч явахдаа бүгдийнх нь гарыг төмөр утсаар сүлбээд авч явснаас дипломат будилаан үүсч байсан явдал санаанд буув. Тэрэнтэй харицуулбал Монгол маань хамаагүй ардчилсан юмаа. Журам юм чинь журмаараа л байг. Машинд суулгах зуур гадаа олон цагаар хүлээсэн эхнэр маань шүүхэд ирэхдээ өмссөн бажаанкийг маань пүүзээр сольж хармаа руу шүдний оо хийв. Түүнийг нь шалга гэсний дагуу цагдаа нэг үзсэн болоод хармаа руу шургуулав. 461-т биднийг авчрав. Шинэчлэгдсэн зүйл гэвэл хашааны хаалганаас шорон хүртэлх явган замын хоёр талаар өргөст төмөр тор татжээ. Эмнэлгийн үзлэгт оров. Даралт бага зэрэг өсчээ. Зүгээрээ л гэлээ. Нэгэн камерт оруулсан нь өмнөхөөсөөө ялгаатай нь хана туурга дээр бичсэн бичвэрүүдийг будаж янзалжээ. Даралт бууруулах эм өгөв. Өөрт байнга авч явдаг өвдөлт намдаах эмтэй цуг зооглож давсанд явлаа.

2020-04-24.

Охидууд маань цочролд орчихоогүй байгаа гэсэн бодолтой сэрэв. Хэд хоногийн өмнө аавыг чинь шоронд хийх гээд байгаа гэж палхийтэл нь хэлчихсэн юм. Өөрөөр яаж хэлэлтэй билээ. Эхлээд цочоод, дараа нь дуугаа хураагаад, шөнө дөлөөр интернетээс шорон гэж юу байдаг тухай үзээд ээждээ ярьсан байна лээ. Маргааш нь надаас яагаад гэж асуусан. Сайн муу хүн гэж байдаг юмаа. Тэд л тэмцэлдэж байгаа юм гэсэн товч хариу л өгсөн. Одоо ойлголт нь бүр сайн болоо байлгүй.

*********

Өчигдөр урьдчилан хорих байранд байхад англи хэл дээр 3 ном ирлээ. Хоёр номыг нь хоёр хоригдол гарын үсэг зуруулаад авчихдаг байгаа. Нас тогтсон хоёр хоригдолд орчуулбаас “Хүн ба Бурхад”, утгачилбал “Хараал хэлэхгүйгээр амьдралаа хэрхэн өөрчлөх ид шид “ гэсэн номоо өгөв. Нэгийг нь уншсан нөгөөг нь уншаагүй ном байв. Хэл усгүй ч номын гарчиг харчихаад ямар гоё ном бэ, заавал уншинаа, орчуулж уншсанаа танд явуулнаа гэв. Бусдад хэрэгтэй ном бол болж л байна гэж бодов.

Нэг хоригдол хашгирч байнаа. Тойргийн уртыг яаж олдог юм бэ? Юуг юутай харьцуулдаг юм бэ сда гээд тэвдээд байгаа бололтой. Хэн юу гэж хариулах нь надад сонин байлаа. Ихэнх нь энэ асуултад бүдэрч байгаа сонсогдоно. Гэтэл нэг хоригдол 2-ыг радиусаар нь үржүүл гэв. Сда радиус гэж юу юм бэ гэв. 3.14 гэснээр яриа өндөрлөв. Би эхлээд бүтэлгүй хариу сонсоод инээж байснаа зөв гаргалгаа олсонд нь битүүхэндээ баярлав.

Ура хоол өгч байна. Өчигдрөөс хойш юм идээгүй надад бөөн таашаал. Надад үлдсэн ном нь “The Stress Test” нэртэй. Өөр ном байхгүй тул уншиж эхлэв. Хорвоо эргэлдэхэд яагаад зарим хүмүүс гутарч, дуугаа хурааж чимээгүй живдэг, харин зарим хүмүүс улам хүчирхэг болдог тухай ном юм. Ницше гэдэг алдартны “Намайг алахаас бусад зовлон намайг хурцалдаг” гэсэн үгнээс эхлээд судалгаа хийжээ.

2020-04-25-26.

Хүйтэн камерт даарсхийн хоноглов. Бусдаар бол зүгээрээ. Эмч ирж даралт үзэв. Төмөр хаалганы нүхээр гараа гаргаж даралтаа хэмжүүллээ. Бусдаар бол зүгээрээ.

***

Хоригдлууд коронавирусээр төдөн хүн өвдсөн гээд тоо уралдуулж байнаа. Гадаад орчноос таслагдсан бидэнд мэдэх юм алга. Дэмий л санаа зовох юм. Хүйтэн орон дээр удаан сууж бичлээ. Нуруу хөших шинжтэй. Энэ зуур торны завсраар болжмор орж гарч байгаа харагдана. Тэднийг хооллочихоод хөнжил дотроо хэвтэхээс…….

****

Шоронд хагас бүтэн сайн өдрүүдээр хаалгыг нь харуулууд ч онгойлгох эрхгүйгээр блоколдог юм байна. Эмч төмөр хаалганы нүхээр даралт хэмжээд байсны учир тайлагдав. Жиндүүлээд нуруу гацаж магадгүй байна доороосоо зузаалах гудас байвал зүгээр байна гэсэн хүсэлт тавилаа. Төдий л удалгүй гудас авчирч төмөр хаалганы жижиг нүхээр өгч авалцав. Гэрээс уншиж амжихгүй яваад байсан 2 ном иржээ. Японы иргэн Акира Оно (монгол нэр нь Огонуус Цогту)-гийн бичсэн “Монгол хүн ба СОЁЛЫН ХУВЬСГАЛ”, “Төвдөд эргүүлсэн Япон сэлэм” номыг амтархан уншлаа. Японы гадаад бодлогод нөлөө үзүүлсэн, Японы судлаачид, улстөрчдийн анхааралд ихээхэн орсон судлаачийн бүтээл аж. Их Монгол улс байгуулж, дэлхийг эзэлж явсан монголчууд Юань гүрэн задарснаас хойш өөр хоорондоо нэгдэж үзээгүй явсаар хэрхэн коммунист Орос, коммунист Хятадын колончлолд орсон гунигт түүхийг баримттайгаар бичжээ. Болоод өнгөрсөн явдал гэж бодох хэрэггүй. Түүх их багаар давтагддаг жамтай. Өөрийгөө улстөрч гэж үздэг хүн бүрт энэ номыг уншихыг зөвлөж байна.

*****

Хагас бүтэн сайнд хөл хөдөлгөөнгүй учир чангааар 2 цаг орчим зохиолын дуу тавив.

Хоригдлуудад үзүүлж байгаа төрийн үйлчилгээ л юм уу даа. Ямарч байсан социализмын үеийн шорон биш. Гэхдээ энд диско сонсдог газар биш шүү залуусаа.

*****

“THE STRESS TEST” номоос -Австралид газар хөдөлжээ. Олон хүн хүний нэр мартах, барьсан тавьснаа санахгүй, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байсан” гэнэ. Айдас хүнийг ингэтэл нь стресст оруулдаг аж. Хувь хүний эрх, эрх чөлөө тухайн хүнд өгөгдсөн анхдагч өгөгдөхүүн. Тэр тусмаа монгол хүн Тэнгэрээс эрх чөлөөтэй төрдөг цор ганц үндэстэн. Түүнтэй нэгэн адил айдас бол тэр хүний өөрийнх нь өмч. Айдсаа бусдад эзэмшүүлбэл эрх чөлөөгөө алдахтай агаар нэгэн болой.

2020-04-28

Өнөөдөр өмгөөлөгч Пүрэвдулам, мөн Шинэбаяр нар ирэв. Пүрэвдуламыг орж, шилний цаанаас утсаар ярихыг зөвшөөрчээ. Шинээ гадаа үлдэж. Баригдаад 10 гаруй цаг болж байж ачигдсан юм. Тэр үед эхнэрийн маань дэргэд Дэнс бүсгүй маань зогсож харагдсан. Сэтгэлийн дэм өгсөн дайчин бүсгүйдээ баярлаж байгаа шүү.

Пүрэвдулам: Болж байгаа үйл явдал зөвхөн таны асуудал биш боллоо, Үндсэн хуулиар өөрийгөө өмгөөлөх эрх танд байдаг, эрхэнд чинь халдсан байнаа гэж байна. Өөр олон мэдээлэл хуваалцав. Монголчууд маань мэдэх мэдэхгүй асуудлаар хоорондоо талцан хуваагдаж, харь орны бодлогын золиос болж байна гэдэг бодол маань бэхэжлээ гэж хариу хэлэв.

****

Сэтгэл сэргэж камертаа ирээд хогоо шүүрдэе, шүүр хутгуур өгөөч гэсэн хүсэлт тавив. Хэсэг хугацааны дараа ишийг нь сугалж авч үлдсэн шүүр, хутгуур өглөө. Аюулгүйн талаасаа бодож ишийг нь авч үлдсэн байх. Шүүрний иш бариад би яав л гэж дээ. Өрөөгөө мөлхөж шүүрдлээ. Ноосорсон хог гардаг байна ш дээ.

2020-04-29.

Өглөө босоод өрөөндөө нойтон цэвэрлэгээ хийе, шалны алчуур, мод өгнө үү гэлээ. Гэтэл хажуу камерт хоригдож байгаа нэгэн залуу намайг өрөөндөө авчих, би өдөрт 3 цэвэрлэе гэнэ. Тийм бага уу гэтэл 6-7 цэвэрлэе, массаж хийж өгье , бухимдвал зодуулъя гэж инээдэм тарив. Залуус хараалын үг хэлэвч цайлган гэдэг нь мэдэгдээд байх юм. Шоронд байгаа нь харамсалтай юм.

2020-04-30.

Хэвтэж байтал төмөр хаалга тачигнав. Онлайн шүүхэд дуудаж байна гэлээ. Хэд хоногийн өмнө Эрдэнэбат өмгөөлөгч маань цагдан хорьсон шүүгчийн шийдвэрийг өөрчлүүлэхээр гомдол гаргасан, 24 цагийн дотор хэлэлцдэг гэж байсан нь санаанд орлоо. Тэрнээс хойш хэд хоночихож. Шүүх нь хуралдаад цагдан хорь гэсэн юм байлгүй гэж бодож байлаа. Гэтэл үгүй байж. Онлайн хурал гэдэгт нь орлоо, тавьсан гомдлыг олон хоног хоцруулж хэлэлцэж байгааг ойлгов. Шүүхийн танхимд хэн юу ярьж байгаа нь юу ч ойлгогдсонгүй бөөн шуугиантай, дуу нь тасалдсан орж гарсан юм л болж байх юм. Яллагдагч онлайнаар шүүхийн ажиллагаанд оролцсон гэсэн үзүүлэлт л хэрэгтэй байдаг бололтой юм. Надаас шүүгч санал, бодлоо хэлнэ үү гэв. Би “та хэдийн юу ярьсныг сонсож чадсангүй“ гээд Шүүхээр хэргийг шударга шийдье гэвэл прокурор, өмгөөлөгч, яллагдагч ижилхэн түвшинд баймаар байна. Шоронд яллагдагч нь суучихаад хэргийн материалаа ахин дахин нягтлах бололцоогүй, дээр нь бодлоо төвлөрүүлж чадахгүй байдал бий болж байна. Өмгөөлөгчийн маань саналыг авч хэлэлцэнэ үү гэсэн утгатай хүсэлт тавив. Шүүх зөвлөлдөхөөр юм боллоо. Төдий л удалгүй “Энхсайханы өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна” гэж шийдвэрлэв. Би ч хэвтэж байсан бол дээр байж дээ гэсэн шүү камертаа орж орон дээрээ хэвтлээ.

2020-05-01.

Майн 1-нийг шоронд угтдаг хувь тавилантай юм байна би гэдэг хүн. Майн 1-ний мэнд хүргэе гэж чанга хэллээ. Залуус тэр чинь юун өдөр билээ гэж асууцгааж байнаа. Шинэ үе томорсны шинж юмуу даа.

*****

Ерөнхий Прокурорын газраас нэгэн хэлтсийн дарга шалгалтаар ирж, товчхон уулзав. Ярианы өнгөөс нь харахад сошиалаар гарсан элдэв мэдээллээр явж байгаа юм байна. Түүнд дараахь саналуудыг сонордуулав.

  1. Хуулийн алдаа мадаг, буруу хэрэглээнээс шорон залуусаар дүүрэн байна. Анхаарна уу гэлээ.
  2. Шоронд хүний эрх чөлөөг хязгаарласан болохоос хүн байх эрхийг нь хязгаарлаагүй. Хүн хүн байхын тулд мэдээлэл авдаг байх ёстой. Үүний тулд ном, сонин, хэвлэлээр хангах хэрэгтэй байна гэв. Гэрээс нь оруулж байгаа биз дээ гэж асууж байна. Сонин хэвлэл авах чадалтай нэгэн байхад, чадал хүрэхгүй нэгэн байгаа. 461-р ангиас энэ ажлыг зохион байгуулдаг болгомоор байна гэлээ.
  3. Өчигдөр онлайн шүүх хурал гэгч хуралд оролцлоо. Шүүхийн танхимд юу болж байгаа нь сонсогдоогүй, яллагдагч хуралд байлцсан нэр хэмээдэг гэв. Техникийн алдаа байсан юм болов уу гэж асууж байна. Техникийн алдаа бишээ хүний хувь заяаг шийдддэг хурлыг ингэж хийдэг баймааргүй байна гэлээ. Прокурор анхааръя гэлээ.
  4. Таныг 10 цаг хөл дээр нь зогсоосон, залхаасан гэж УИХ дээр хүртэл яригдлаа гэж прокурор хэлэв. Шүүхийн доор подвалд цонхгүй жижиг өрөөнд 8-9 хоригдол байсан. Миний шийдвэр гарахгүй 10 цаг болсон доо. Надаас болоод баахан хоригдол олон цаг саатах шиг санагдаад тэднээс уучлалт гуйсан гэдгээ хэллээ. (Тэд бид шорон руугаа яараад ч яах юм билээ гэж байсан шүү) Прокурор хоол, унд өгсөн үү гэж асууж байна. Өгөөгүй гэлээ. (За энэ том асуудал биш л дээ) Хүн хэлмэгдүүлчих вий гэж санаа зовоод тэнд байсан цагдаа нар ажлаа сайн хийж байсан шүү гэсэн үг дайв.
  5. Прокурор эмч үзэж байгаа юу биеийн байдал ямар байна гэж асуусан. Бие сайн байгаа, өвдөж зовж байснаа тоочвол “цэцгийн баглаа” шиг болчихноо гэв. Анхааръя, санал хүсэлт байвал хэлээрэй гэснээр бидний ажил хэрэгч уулзалт өндөрлөвөө.

****

Хонгилоор явж байсан хоригдол “Ахаа зөвлөгөө өгөөч гээд шүүхэд шүүхэд гаргах” гомдлоо торон завсраар өгөв. Нэр чинь хэн билээ гээд асууж амжив. Өгсөн материалыг нь уншчихаад торны завсраар нэрийг нь дуудтал хариу өгч байна. Чангаар зөвлөгөө өгөв. Өөрөө өмгөөлөгч авчихсан, хуулийн зөвлөгөө авч ажиллаж байгаа мөртлөө шоронд бусдад хуулийн зөвлөгөө өгдөг өдөр байлаа.

2020-05-02.

Хагас сайн өдөр болжээ. Хөгжим эгшиглүүлж байна. 2 хоногийн дараа шүүх хурал болох гэж байдаг. АТГ -ын “зохиол”-ыг ахин дахин нягталж үзмээр, өөрийнхөө хэлэх үг, олон нийтэд хүргэх мэссэж дээр суумаар байдаг. Шоронд бодол санаа энд тэнд тэнээд байдаг. Миний байж байгаа царай гэж өөрийгөө хараасан ч энэ нь Монголын маань царай болчих вий гэж санаа зовов.

*****

Гэрээс сахлын машиныг дөхүүлжээ. Нэлээд удаж байж камертаа биш, нэгэн бяцхан даргын өрөөнд сахлаа хусах бололцоо олдлоо. Толинд харлаа. Цав цагаан сахал. Шүүх шударга ч бай, шударга бус ч бай Монголынх учир царай алдаж очоод яахав гэсэн бодолтойгоор сахлаа хусч орхив.

2020-04-26

Сайн уу Миний охидуудаа? Аав нь энд сайн байна. Хоол нь дажгүй. Хичээлээ сайн хийгээрэй. Өрөөндөө ганцаараа. Ээжийнх нь явуулсан ном, бүх зүйлийг авсан. Номнуудыг бүгдийг нь уншаад дуусгачихсан. Санаа зовох хэрэггүй ээ. Хичээлээ сайн хийнэ шүү. Аав нь зөв юм хийж байснаа сайн мэддэг. Буруу ойлгодог хүмүүс байж л байдаг. Том болохоороо бүүр сайн ойлгодог болох байхаа. Охидууддаа маш их хайртай шүү.

Цар тахлын үед буруу үзлүүд сэрж магадгүй, гэхдээ популизм, фашизмд орон зай байхгүй – Өдрийн Сонин

2020/03/31

Авч хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээгээ хоёр цонхоор харах учиртай.

  • Нэгдүгээрт, авч буй арга хэмжээнүүд цөмөөрөө хууль ёсных байна уу гэдэгт анхаарахХууль ёсны байж гэмээ нь гаргасан шийдвэрт нь хүн бүр итгэнэ. Хүн бүр тэр шийдвэрийн төлөө зүтгэнэ
  • Хоёрдугаарт,  Засгийн газрын шийдвэр хэдэн хүний амьдралыг сайжруулж, хэчнээн аж ахуйг хамгаалж байна вэ гэдэг шалгуураар харах шаардлагатай.
Screen Shot 2020-03-31 at 7.13.30 PM

Сэтгүүлч Ц.Баасансүрэнтэй хийсэн Ярилцлага

-Коронавирусийн цар тахлын дараа дэлхий яаж өөрчлөгдөх вэ гэсэн яриа хөөрөө, таамаг дүгнэлт ид хөвөрч байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Коронавирусийн дараа дэлхий өөрчлөгдөнө гэж яриад байгаа. Гэхдээ ертөнц бүтнээрээ эргэчихнэ гэж байхгүй. Гиперглобалчлал гэж ярьдаг даа. Биесээсээ хэт хамааралтай эдийн засгуудыг байгуулахаас зайлсхийх хандлагыг ингэж тодотгодог. Тийм хандлага гарч магадгүй. Арьсны үзэл, үндсэрхэг үзэл гарч болно. Улс орнууд хил хязгаараа хаагаад протекционизмийн дүр зураг анзаарагдаж мэднэ. Гэхдээ глобалчлал бодит процесс учраас дэлхий бие биетэйгээ худалдаа наймаа хийхгүйгээр аж төрж чадахгүй ертөнц хэвээр үлдэнэ.

-Популизм гэх мэт хэт туйлширсан хандлагууд идэвхижих эрсдэл бий юу?

-Энэ цаг үед чоно борооноор гэгчээр буруу үзлүүд сэрж магадгүй. Барууныхан хүртэл дайны өмнөх байдал гэж хэлээд байгаа нь бас шалтгаантай. 1929-1933 онд дэлхийн эдийн засаг хямарч, депресс болсон юм.

Тэр үед гол хөрөнгө оруулагчид байсан америкууд Европ, Германаас хөрөнгө оруулалтаа татсан түүхтэй. Хөрөнгө оруулалтаа татангуут Европ, Германы байдал муудаж таарна. Эдийн засаг муудсан тэр орчинд популизм хүчтэй босч ирсэн юм, дайны өмнө. Зүгээр нэг популизм төдийгөөр өнгөрөөгүй. Дараа нь фашизм болж хувираад дэлхийн дайн дэгдсэн. Дэлхийн дайны тэр гашуун туршлага эдийн засгийн хувьд хэрхэн өрнөсөн процессийг барууныхан ойлгож байгаа. Тийм учраас бүгд хаалгаа хаагаад суухгүй. Эдийн засгаа идэвхжүүлэх чиглэлд асар их мөнгө цутгах хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлсэн. Товчхондоо популизм, фашизмд орон зай байхгүй.

-Ерөнхийлөгч саявтар сонгуулийг хойшлуулах, удирдлагыг нэг гарт төвлөрүүлэх гэсэн агуулгатай уриалга гаргалаа. Засаглалд нөлөөлөх оролдлого, хэцүү цагт гаардаг популизмын илрэл гэх мэтээр шүүмжилж байна. Таны хувьд ямар байр суурьтай яваа бол?

-Ерөнхийлөгчийн уриалгыг сайн талаас нь харвал пандемик гэж айхавтар юм болж байна шүү гэж анхаарууллаа. Муу талаас нь харвал эрүүл мэнд, эдийн засгийн асуудал дээр дахиад улс төрийн асуудал нэмж толгой эргүүлээд байх хэрэггүй л дээ. Засаглал өөрчлөх, эрх мэдэл төвлөрүүлэх гэдэг дээр эрт дүгнэлт хийх хэцүү. Гэхдээ энэ бүх асуудлыг ардчилсан тогтолцоо л шийдэж чадна.

-Коронавирусийн эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл рүү оръё. Дайны байдал, эдийн засгийн хямрал гээд янз бүрээр л тодотгож байна…?

-Коронавирус дэлхийн хувьд эдийн засгийн бодит хямрал болж хувирна гэдэг дээр ихэнх эдийн засагч санал нийлчихлээ. Дайны байдал гэж тодотгоод яваа нь ч учиртай. Үзүүлж буй нөлөөллийн хувьд эрэлт болон нийлүүлэлт аль аль талдаа сөргөөр нөлөөлж байгаа. Байгалийн гамшиг шиг тодорхой орон нутаг, улс, бүсэд биш дэлхий нийтийг хамарлаа л даа. Байгалийн гамшиг тохиосон улсад тал бүрээс нь очиж туслаад асуудлыг шийдчихдэг. Гэтэл энэ тахлаас үүдсэн хямрал бүх улсыг хамарч байгаа учраас маш их хүндрэл үүсч байна. Үргэлжлэх хугацааны хувьд 18 сараас дээш гэсэн ойлголттойгоор бэлтгэл ажлуудаа хийж байна, улс орнууд.

-Коронавирусийн тархалт эхэлснээс хойш жил хагасын хугацаанд хямрал үргэлжилнэ гэсэн үг үү, эсвэл өнөөдрөөс тоолох ёстой хугацаа юу?

-Өнөөдрөөс гээд ойлгочих хэрэгтэй. Хятад эхнийхээ давлагааг даваад дуусч байна. Гэтэл одоо коронавирусийг буцаагаад импортлоод эхэллээ. Импортлохгүйн тулд хүний урсгалаа хааж байна. Хүний урсгал тасарчихаар эдийн засаг царцахаас аргагүй. Хүний урсгалаа хаагаад хэдий хүртэл тэсэх вэ гэдэг нь өөрөө том асуудал. Вирустэй дайтах дайн эхэлчихлээ. Дайны цагт бүгд хариу довтолж давшдаг. Дайн учраас дандаа ялах боломжгүй. Хямрал таван үе шаттай. Эхэлдэг, хариу арга хэмжээ авдаг, үер мэт хүчинд автдаг, фронт жигдэрдэг, эцэст нь эдийн засаг өсч эхэлдэг. Хямралын үеэр шийдвэр гаргагчдын төсөөлөөгүй ч байж болох үер шиг хүчтэй хүндрэл бэрхшээл орж ирдэг. Бүр үер гэсэн нэршил хүртэл бий. Жишээ нь, халдвар нийт олны дунд тараад эхэлбэл эрүүл мэндийн хүчин мөхөсдөнө. Эдийн засгийн чадал ч хэцүүднэ. Ийм хэцүү бүхний өөдөөс асар их хохиролтойгоор фронт болж жигдэрдэг. Эрх баригч, ард түмэн нэг бодлого дээр нэгдэж тэмцэх шаардлагатайгаа ойлгодог. Үүний дараа тэмцэлдэж байж хямралыг давдаг жамтай. Товчхондоо хямрал явдаг шат дарааллыг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, долоон арга хэмжээнд санаа амарч болохгүй.

-Та бид хоёрын яриа Засгийн газрын гаргасан шийдэл, арга хэмжээ рүү орчихлоо. Ерөнхий сайдын мэдэгдэлд дурдсан ажлууд цагаа мэдэрсэн шийдлүүд мөн үү?

-Манай Засгийн газар, холбогдох хүмүүс арга хэмжээ авч байна. Авч буй арга хэмжээнүүдийг нь сайшаан магтмаар байна. Тус бүрдээ чаддаг зүйлсээ хийх нь вирустэй хийж буй чухал тэмцэл. Гэхдээ хийж буй бүр арга хэмжээгээ хоёр цонхоор харах учиртай. Нэгдүгээрт, авч буй арга хэмжээнүүд цөмөөрөө хууль ёсных байна уу гэдэгт анхаарах ёстой. Жишээ нь, Ерөнхий сайд саявтар олон сайхан арга хэмжээ авна гэж мэдэгдлээ. Заримыг нь Засгийн газар дангаараа биш УИХ-тай хамтран шийдэхээр харагдаж байна лээ. Тэгэхээр Ерөнхий сайд ярьж байгаа асуудлуудаа УИХ руу бариад орох байх. Хууль ёсны байж гэмээ нь гаргасан шийдвэрт нь хүн бүр итгэнэ. Хүн бүр тэр шийдвэрийн төлөө зүтгэнэ. Түүнээс биш хэн нэг даргын мэдэгдлээс итгэл үүсэхгүй. Тэр утгаараа эдийн засагт авах арга хэмжээ хүн бүрийн итгэлийг хүлээж байж ажил цааш өрнөнө. Хоёр дахь цонх нь бас их чухал. Засгийн шийдвэр хэдэн хүний амьдралыг сайжруулж, хэчнээн хүний аж ахуйг хамгаалж байна вэ гэдэг шалгуураар харах шаардлага бий.

-Засгийн дэмжлэг бага хүрээг хамрах нь гэсэн шүүмжлэл бас дуулдаад байна?

-Хэрвээ таны асуусанчлан хамрах хүрээ хумигдмал харагдсан бол цаашид өчнөөн арга хэмжээ авах шаардлага Засгийн газрын өмнө байгаа гэсэн үг. Жишээ нь, 300 тэрбумыг ноолуурын бизнест хийнэ гээд ярьж байна. Хэвийн нөхцөлд бол ноолуурын хойноос хөөцөлдөх худалдан авагчид дэлхийд өчнөөн бий байх. Гэтэл өнөөдөр бүгд хэмнэлтийн горимд орчихсон, эрэлт бий юу гэдгээ тооцох хэрэгтэй. Дэлхийн эдийн засаг хямарна гэж байхад үнэтэй ноолуурт мөнгөө зараад явах хүний тоо хэд байх бол? Ноолуурын бизнесээ бодсон уу, эсвэл ноолуур гаргадаг малчдаа дэмжиж байгаа юу, хүндээ яг яаж хүрэх вэ гэх мэт тов тодорхой шалгуурууд байхгүй бол шийдвэрийн агуулга буруугаар эргэх эрсдэлтэй.

-Төсөв тодотгохгүй гэдэг дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Дэлхийн эдийн засаг хямарч байхад шаардлагагүй хөрөнгө оруулалтаас аль болох татгалзах шаардлага бий. Тэгэхийн тулд төсвийн тодотгол хэрэгтэй.

-Дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч байна вэ, жишээ нь төсөв дээр ямар бодлого барьж байгаа бол?

-Улс орнууд янз бүрийн арга хэмжээ авч эхэлсэн. Өвчинд яаж, ямар байдлаар нэрвэгдэж буйгаасаа хамаараад арга хэмжээнүүдийнх нь түвшин янз бүр байна. Гэхдээ нэг зүйл тов тодорхой байгаа. Нэгэнт дайны байдал үүссэн учраас бүх улс төсөвтөө тодотгол хийж, хэрэггүй хөрөнгө оруулалтуудаа чадах хэрээрээ багасгаж, өвчинтэйгөө тэмцэх ажилд асар их мөнгө зарцуулж яваа. Дээр нь эдийн засгаа дэмжих чиглэлд эрэлт, нийлүүлэлт хоёулантай нь ажиллаж байгаа. Дэлхийн зураг ийм байна. Бид ч гэсэн дэлхийтэй хөл нийлүүлэх хэрэгтэй.

-Дэлхийн улс орнуудыг анзаарах нь ээ гаргасан шийдвэрүүдээ тухай бүрд нь нийцүүлэн өөрчилж, шинэ шийдлүүд гаргаж хурдтай ажиллаж байгаа харагдах юм. Бид ч тэгж ажиллах шаардлагатай юу, эсвэл жижиг эдийн засаг учраас өөр арга тактик хэрэглэх ёстой юу?

-Хурд маш чухал. Эдийн засагчдын зүгээс “Цаг битгий алдаач” гэж шаардаад байсны гол зорилго нь тэндээ байгаа юм. Манай Засгийн газраас гаргасан шийдлүүдийн хувьд нэг зүйл нэмж хэлмээр байна. Би команд өгсөн, тиймээс биелэх ёстой гэж авторитар дэглэмээр хандвал алдаа болно. Учир нь ардчилсан, хууль ёсны механизм бол нийтээрээ фронт болж, итгэлээ нэгтгэж тэмцэлдэх юм. Дайн гэдэг бол ухардаг, давшдаг, алдаагаа засдаг процесс болохоос биш зургаа, долоон юм хэлчихээд санаа амарч, бие биедээ баяр хүргэдэг эд биш.

-Вирусийг анх хэн дэгдээсэн бэ гэдэг дээр АНУ, Хятадын удирдлага зөрчилдсөн үгс унагаад яваа анзаарагдах юм. Эхлэл үүсгэл нь хаанаас бол гэдэг асуултад эцсийн хариу гэж бий юү?

-Үл үзэгдэх вирустэй дэлхийн дайн болж байна. Хуучин сэтгэгдлээрээ буруутныг бие биенээсээ хайх нь гарцаагүй. Хэзээ нэгэн цагт вирусийг ялсан ялалтын түүх бичигдэнэ. Товчхондоо түүхийг ялсан улс нь бичнэ. Тэгэхээр вирусийн түүх яаж бичигдэх нь хэн ялахаас хамаарна. Нэг зүйл нэмээд хэлэхэд өнөөдөр дэлхий даяар вирустэй хийж буй тэмцлийг харахаар тодорхой хэдэн улс маш амжилттай байлдаж байна. Өмнөд Солонгос, Сингапур, Хонконг, Тайвань, Япон амжилттай байлдаж байгаа. Эд бүгд ардчилсан улсууд. Итали хүнд байдалд орсон нь үнэн. Европын холбоо бүх хүчээ тийшээ дайчилж эхэлсэн. Италид яагаад халдвар газар авав гэдэг ч цаанаа шалтгаантай. Аль ч улсын хувьд халдвар авагчид нь залуус байна. Нэгдүгээрт, залуус нийгмийн харилцаанд идэвхтэй ордог онцлогтой. Хоёрдугаарт, эдийн засгийн хямралд хамгийн түрүүнд цохиулдаг. Залууст ажил хайгаад гүйхээс аргагүй нөхцөл үүссэн гэсэн үг. Залуус халдвар авч аав, ээждээ очиж халдаагаад байна л даа. Италичууд манайхан шиг гэр бүлсэг хүмүүс. Аав, ээжтэйгээ маш ойр харилцаатай. Ийм учраас хөгшчүүл нь хүүхдүүдээсээ халдвар авч олноороо амь эрсдээд байгаа юм.

-Италиас гадна Америк бас хэцүүдэж байна шүү дээ…?

-Популист Ерөнхийлөгчтэйгөө цаг алдсан байж магадгүй. Гэхдээ би америкчуудыг энэ өвчнийг цаг алдахгүй ялна гэдэгт эргэлзэхгүй байна.

-Хөл хорио хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байна. Олон бизнес хаалгаа барьж байгаа. Байдлыг улам муутгахгүйн тулд ямар тактик баривал тахлын үеийн эдийн засгийг хохирол багатай давах бол?

– Хөл хорио тогтоож байгаа нь халдвар тархаахгүй гэдэг талаасаа сайн. Нөгөө талаас нь харвал эдийн засгийг царцааж байгаагаараа муу нөлөөтэй. Ийм зөрчилтэй, хүнд үед гадныхан өнөөдрийн хүрсэн түвшнээ эвдэж нураачихгүй, муутгачихгүйхэн шиг яаж хөргөгчинд хийгээд хадгалах вэ гэдэг бодлого хэрэгжүүлж байна. Эдийн засаг бол амьд организм. Тэр амьд организм өнөөхөндөө царцчихсан байгаа. Царцсан хэвээрээ удвал компаниуд нь сөхөрч таарна. Сөхөрсөн компаниуд нь зомби компани болж хувираад эргэж сэхэхээргүй унадаг. Тэгүүлэхгүйн тулд сайн цаг иртэл хадгалах бодлого явуулж байна л даа. Түүнийг би хөргөгчинд хийх гэж тодотгосон юм. Ажилчдыг нь тарааж бутраахгүйн тулд цалин орлогыг нь хамгаалахаас эхлээд тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээс аргагүй.

-Ерөнхий сайдын эдийн засгаа дэмжих шийдлүүдэд таван их наяд төгрөг ойрын хугацаанд шаардагдах нь гэж ойлгосон. Төсвийн орлого хэцүүхэн байгаа. Мөнгө хаанаас босгох юм бол гэсэн асуултыг эдийн засагчид тавиад эхэлчихлээ…?

-Өөрсдөд нь тооцоо, төлөвлөгөө бий байх.

-Хямд өртөгтэй зээл олдох боломж бидэнд бий юү?

-Тийм хялбар зээл амар олдохгүй. Хямд зардалтай бэлэн зээл өгөх улс орон байхгүй. Гэхдээ коронавирустэй тэмцэхийн тулд улс орон тус бүрдээ хар чадлаараа зүтгээд асуудлыг шийдэх боломжгүй хүнд байдалд дэлхий нийтээрээ орчихсон. Хүчирхэг гүрнүүд ч улсынхаа асуудлыг дангаараа шийдэж хүчрэхгүй байдал үүссэн. Тийм учраас улс орнууд бие биедээ тусалъя гэцгээж байна. Харилцан биендээ туслахын тулд дэлхийн томоохон төв банкууд хамаг хөрөнгөө дайчилъя, улс орнуудын пандемик бондыг худалдаж авъя гэж байгаа. Пандемик бондыг худалдаж авах хөтөлбөрт маш хурдан залгагдах хэрэгтэй.

-Пандемик бондыг худалдаж авах хөтөлбөрт хамрагдахын тулд яах ёстой вэ?

-Тэгэхийн тулд бид дотроо төлөвлөгөөтэй, хөрөнгө мөнгөө зөв дайчилсан байх хэрэгтэй. Саарал жагсаалтад ортлоо замбараагүйтсэн санхүүгийн асуудлаа шийдэхгүйгээр бусдаас тусламж авна гэдэг хялбар биш. Тийм тусламж үхэл хагацалтай тулсан үед л ирж магадгүй.

-Тэгэхээр эхлээд санхүүгийн сахилга батаа сайжруулах шаардлагатай нүүр тулах нь ээ?

-Тэгнэ. Өөрийнхөө мөнгийг зөв зарцуулах талд анхаараагүй байж хүнээс мөнгө авна гээд очих хэцүү шүү дээ.

ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ: ХҮНИЙ ЭРХИЙН БАЙДЛАА САЙЖРУУЛАХЫН ТУЛД ИЛҮҮ ИХИЙГ ХИЙХ ЁСТОЙ

… ДУР ЗОРГООР ХОРИХ …

М.Энхсайхан: Шүүх хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулгыг дуудах ёстой

…Олны танил Даваадоржийн Ганболд (1990-1992 онд Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан), Мэндсайханы Энхсайхан (1996-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан), Жаргалтулгын Эрдэнэбат (2016-2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан) зэрэг хүмүүс хоригдсон. 21 Шударга шүүхийн олон улсын хэм хэмжээнд нийцээгүй шүүх ажиллагааны улмаас 2020 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар тэднийг хорьсоор байв…

НҮБ-ЫН ЭЭЛЖИТ ДҮГНЭЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛЭЭС ИЛГЭЭХ МЭДЭЭЛЭЛ
ЭДХ-ИЙН АЖЛЫН ХЭСГИЙН 36 ДУГААР ХУРАЛДААН, 2020 ОНЫ 11 САР

Эмнести Интернэшнл нь хүн бүр эрхээ эдэлдэг дэлхийн
ертөнцийг бий болгохын төлөө 7 сая гаруй гишүүд,
дэмжигчдийг эгнээндээ нэгтгэсэн даян дэлхийн хөдөлгөөн юм.
Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал болон хүний эрхийн олон
улсын хэм хэмжээгээр хамгаалагдсан бүхий л эрхийг хүн бүрд
эдлүүлэх нь бидний эрхэм зорилго билээ.
Бид төр засгийн аливаа байгууллага, улс төрийн үзэл хандлага,
эдийн засгийн эрх ашиг болон шашны үзлээс бүрэн ангид,
хараат бус байгууллага бөгөөд гишүүд дэмжигчид хийгээд олон
нийтийн хандив, дэмжлэгээр санхүүждэг болно.


Эмнести Интернэшнл нь хүн бүр эрхээ эдэлдэг дэлхийн
ертөнцийг бий болгохын төлөө 7 сая гаруй гишүүд,
дэмжигчдийг эгнээндээ нэгтгэсэн даян дэлхийн хөдөлгөөн юм.


Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал болон хүний эрхийн олон
улсын хэм хэмжээгээр хамгаалагдсан бүхий л эрхийг хүн бүрд
эдлүүлэх нь бидний эрхэм зорилго билээ.


Бид төр засгийн аливаа байгууллага, улс төрийн үзэл хандлага,
эдийн засгийн эрх ашиг болон шашны үзлээс бүрэн ангид,
хараат бус байгууллага бөгөөд гишүүд дэмжигчид хийгээд олон
нийтийн хандив, дэмжлэгээр санхүүждэг болно.


©Эмнести Интернэшнл 2019


ТАНИЛЦУУЛГА


Энэ мэдээллийг 2020 оны 5 дугаар сард Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг
хэлэлцэх Ээлжит Дүгнэлт Хэлэлцүүлэг (ЭДХ)-т зориулан анхлан бэлтгэсэн. КОВИД-19 цар тахлын улмаас уг хэлэлцүүлэг 2020 оны 11 дүгээр сар хүртэл хойшлогдсон тул энэ мэдээллийг 2020 оны 7 дугаар сард шинэчиллээ. Үүнд Эмнести Интернэшнлээс цаазаар авах ял, эрүүдэн шүүх болон бусад зүй бус харьцаа, хүний эрхийн гэрээ конвенцийг соёрхон батлах асуудлаар өмнөх ЭДХ-ээс Монголд Улсад өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилтийг үнэлж, дүгнэлээ.


Мөн шүүхийн хараат бус байдалтай холбоотой хүний эрхийн тогтолцоог үнэлсэн.


Хүний эрхийн бодит байдалтай холбоотойгоор эрүүдэн шүүх болон бусад зүй бус
харьцаа, орон байртай байх эрх, эдийн засаг нийгэм соёлын эрх, хүний эрх хамгаалагч, дур зоргоор хорих тухайд санаа зовоох асуудал байгааг Эмнести Интернэшнл онцоллоо.


ӨМНӨХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙ ДАРААХЬ АРГА ХЭМЖЭЭ


Монгол улс 2015 онд НҮБ-ын гишүүн улс орнуудаас Ээлжит II Дүгнэлт Хэлэлцүүлгээс өгсөн 164 зөвлөмжөөс 150-ыг хүлээн авч 14-ийг нь татгалзсан.


ЦААЗААР АВАХ ЯЛ


Сүүлийн хэлэлцүүлгээс хойш Монгол улс 2015 оны 12 дугаар сард Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг батлах зэргээр хүний эрхийн нөхцөл байдлаа сайжруулах хэд хэдэн санаачилгыг эхлүүлсэн. 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга бүх гэмт хэрэгт цаазаар авах ялыг халсан. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 онд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг сэргээх оролдлого гаргасанд Эмнести Интернэшнл харамсаж байна.


ЭРҮҮДЭН ШҮҮХ БА БУСАД ЗҮЙ БУС ХАРЬЦАА


Засгийн газар эрүүдэн шүүх болон бусад зүй бус харьцахтай тэмцэх тухай
зөвлөмжүүдийг хүлээн авсан. Эдгээр зөвлөмжид эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой сургалтыг төрийн албан хаагч, шүүгч, хуульчдад явуулах, Эрүүгийн хуульдаа эрүүдэн шүүхийн талаарх тодорхойлолтыг нэмж, зэргээр үр нөлөө бүхий мөрдөн шалгах механизм бий болгох, эрүүдэн шүүх болон зүй бус харьцах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой арга хэмжээнүүдийг бэхжүүлэх, цагдаа болон, бусад төрийн албан хаагчийн үйлдсэн хүчирхийллийн бүх гэмт хэрэгт хараат бус, бүрэн гүйцэд мөрдөн шалгах ажиллагаа явуулахаа баталгаажуулах тухай багтсан байв. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга анх удаагаа Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенци (ЭШЭК)-д заасан тодорхойлолтыг өргөн хүрээнд тусгаж өгсөн ба эрүүдэн шүүх гэмт хэрэгт аливаа байдлаар хамтран оролцсон этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах тухай тусгаж өгсөн. Харамсалтай нь засгийн газар 2015 оны 2
дугаар сард Монгол улсад үүрэг болгосон эрүүдэн шүүх болон бусад зүй бус харьцсан хэрэгт нэн даруй, шударга мөрдөн шалгах ажиллагаа явуулах гомдлын механизм бий болгох, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн Нэмэлт Протокол (ЭШЭКНП)-ын 20-р зүйлд заасан механизмд хандах боломжоор хангах асуудлаар ажилласангүй.


Мөн Засгийн газар ЭШЭК-ийн 21, 22 дугаар зүйлд заасан хувь хүний мэдээллийг
хүлээн авах тухай Эрүүдэн Шүүхийн эсрэг Хорооны эрх хэмжээг хүлээн зөвшөөрч
байгаагаа мэдэгдэх тухай зөвлөмжийг хүлээн авахаас татгалзсанд Эмнести Интернэшнл харамсаж байна.


ХҮНИЙ ЭРХИЙН ГЭРЭЭГ СОЁРХОН БАТЛАХ

Бүх цагаач ажилчид, тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай олон улсын конвенц, 1951 оны Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай Конвенц, түүний 1967 он Протоколыг соёрхон батлах тухай зөвлөмжийг хүлээн авахаас татгалзсанд Эмнести Интернэшнл харамсаж байна.


ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦОО


ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ


2019 онд Монгол Улсын Их Хурлаас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль,
Прокурорын тухай хууль, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Эдгээр
нэмэлт нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаас бүрдсэн Үндэсний аюулгүй
байдлын зөвлөлд шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчид, ерөнхий прокурор, түүний
орлогчид, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг ажлаас чөлөөлөх зөвлөмж гаргах эрхийг олгож байна. Эдгээр нэмэлт өөрчлөлт нь шүүгчдийн шийдвэрүүдийг улс төржүүлэх эрсдэлд оруулж, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлж, хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх эрхэд аюул учруулж байна.


НҮБ-ын хүний эрх хамгаалагчийн асуудлаарх Тусгай Илтгэгч “эрх мэдлийн хувиарлалты улам дордуулах, шүүхийн хараат бус байдлыг ноцтойгоор алдагдуулах, эрх мэдлийн хянал тэнцлийг үгүйсгэсэн, авлигал, ял завшихтай тэмцэх шүүхийн чадавхий хязгаарлана” хэмээн энэ өөрчлөлтийн талаар зовинолоо илэрхийлсэн.


Энэ нэмэлт өөрчлөлтийн улмаас 2019 оны 6 дугаар сарын 26-нд 17 шүүгчид, ерөнхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байна. 2020 оны 6 дугаар сарын 24-нд болсон Парламентын сонгуулиас нэг сар орчмын өмнө 5-р сарын 20-нд Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчийг өөрчилжээ.


ХҮНИЙ ЭРХИЙН БОДИТ БАЙДАЛ


ЭРҮҮДЭН ШҮҮХ БА БУСАД ЗҮЙ БУС ХАРЬЦАА


Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд заасан хараат бус, чиглэсэн мөрдөн шалгах механизм дутагдаж байгаагаас саатуулагдсан хүмүүсийг эрүүдэн шүүж, зүй бус харьцсан хэргийг мэдээлэхгүй байх, ял завших явдал үргэлжилсээр, улам нэмэгдэж байна.


2017 оны 7 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүдэн шүүх болон эрүүдэн шүүж авсан мэдүүлгийг шүүх ажиллагаанд нотлох баримт болгож ашиглахыг илт хориглосон. Хэдий тийм боловч иргэний нийгмийн байгууллагуудын уриалга, нөлөөллийг үл харгалзан татан буулгасан Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах тусгай албыг дахин байгуулах тухай тусгаж өгөөгүй. Засгийн газар мөн эрүүдэн шүүх болон бусад зүй бус харьцсан хэргийн бүх хохирогч эрхээ бүрэн нөхөн сэргээлгэх, хохирлоо нөхөн төлүүлдэг байхыг баталгаажуулсангүй.


2015 оны 2-р сарын 12-нд Монгол улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт
протоколд нэгдэн орсон ч өнөөг хүртэл Урьдчилан Сэргийлэх Үндэсний Механизм (УСҮМ) байгуулах үүргээ биелүүлсэнгүй. Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нь Комисст УСҮМ байгуулах эрхийг олгож байгаа ч уг хуульд энэ механизм ба түүний гишүүдийг сонгох процесс хэт ерөнхий, тодорхой бус тусгагдсан байна. 2019 оны 9 дүгээр сарын байдлаар уг хуулийн төсөл парламентаар хэлэлцүүлэгдэхээр хүлээгдэж байлаа. Эрүүдэн шүүсэн хэргийг мөрдөн шалгах хараат бус алба, урьдчилан мэдэгдэлгүйгээр бүх төрлийн хорьж, саатуулах газарт нэвтрэх эрх бүхий
УСҮМ дутагдаж байгаа нь эрүүдэн шүүх болон бусад зүй бус харьцаа, ялангуяа мэдүүлэг авахын тулд эрүүдэн шүүх явдал гарсаар байхад нөлөөлж байна.


2019 оны 3 дугаар сарын 21-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд хэрэг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүсэн хэрэг гарсанд Засгийн газрын өмнөөс уучлал хүсч байгаагаа мэдэгдсэн.

Үүний дараа 3 дугаар сарын 29-нд засгийн газар УИХ-ын гишүүн асан, Ардчилсан
намын манлайлагчдын нэг С.Зоригийг алсан хэргээр 24-25 жилийн хорих ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэрэгтэй холбоотой видеог олон нийтэд дэлгэсэн.


Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх тухайд хууль сахиулах байгууллагын
ажилтнуудыг сургах алхам хэрэгжүүлснийг эс тооцвол эмнэлгийн мэргэжилтэн, сэтгэл зүйч, хоргодох байрны үйлчилгээ үзүүлэгч, асрамжийн газрын ажилтан, цэргийн бие бүрэлдэхүүн зэрэг бусад мэргэжилтнүүдийг сургах асуудал дутагдаж байна. Сүүлийн жилүүдэд эрүүдэн шүүх болон бусад зүй бус харьцаатай холбоотой тагнуулын газрын ажилтнууд, цэргийн бие бүрэлдэхүүн, цагдаагийн эсрэг хэд хэдэн гомдлууд гарсан. Гэвч эдгээр хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх ажиллагааны үр дүнгийн талаар олон нийтэд дэлгэсэн мэдээлэл байхгүй байна.


ОРОН БАЙРААР ХАНГАГДАХ ЭРХ


Агаарын болон хөрсний бохирдол, өвлийн улиралд бий болдог өтгөн утааг бууруулах зорилгоор 2017 онд Улаанбаатар хотын захиргаанаас хөдөө орон нутгаас шилжин ирэх шилжилт хөдөлгөөнийг хориглосон. Үүний уршигаар, дотоодын шилжин суурьшигчид хууль бусаар гэр хороололд нүүж ирцгээсэн. Гэр хороолол нь нийгмийн болон инженерийн дэд бүтэц зам, ус, ариун цэврийн байгууламж, халаалт зэрэгт бүрэн холбогдоогүй гэр, байшин бүхий газрыг хэлнэ. Гэр хороололд шилжин ирсэн энэ хүмүүс засаг захиргааны анхан шатны нэгж (хороо)-дээ бүртгүүлэх боломжгүйгээс нийгмийн үйлчилгээ хүртдэггүй.


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжээд
багагүй хугацаа өнгөрсөн ч холбогдох эрх зүй, бодлогууд хожимдож байна. Хот
байгуулалтын тухай хууль 2008 онд батлагдсан бол Хот, суурин газрыг дахин
хөгжүүлэх тухай хуулийг 2015 онд л баталжээ. Энэ хоёр хууль болон дагалдах
журмууд нь хүний эрхийн талаарх олон улсын хууль, хэм хэмжээтэй нийцэхгүй байна.


Тодорхой, шаардлага хангасан төрийн зохицуулалт, үр дүнтэй санал солилцох явц
байхгүй, хяналт тавиагүй нь дахин төлөвлөлтөд хамрагдаж буй иргэдийн эрхийг төрөл бүрээр зөрчих эрсдэл бий болгож, ялангуяа шаардлагад нийцсэн орон байртай байх эрх зөрчигдөхөд хүргэсэн гэж Эмнести Интернэшнлийн 2016 оныхоо судалгаанд онцолсон. Одоогийн хууль, эрх зүйн зохицуулалт нь хүний эрхийн талаарх олон улсын эрх зүй, хэм хэмжээний дагуу Монгол Улсын төрөөс иргэдийнхээ эрхийг хүндэтгэх, хамгаалах, хэрэгжүүлэх талаар хүлээсэн үүрэгтэй нийцэхгүй байгаа бөгөөд олон оршин суугчдын орон гэрийнх нь асуудал яаж шийдэгдэхийг мэдэхгүй хүлээх эрсдэлд оруулж байна.


Хүн амынхаа шаардлагад нийцсэн орон байраар хангагдах эрхийг хамгаалахын тулд Монгол Улсын Засгийн газар энэ эрхийг зөрчих аливаа үйлдлээс зайлсхийх, зогсоохоос гадна, уг эрхийг хашаа, байр түрээслүүлэгч, хувийн барилгын компани зэрэг гуравдагч этгээд зөрчихөөс хамгаалах ёстой. Гэвч Засгийн газар эдгээр асуудалд анхаарал хандуулсангүй.

Дахин төлөвлөлтийн талаарх шинэчлэгдсэн мэдээллээр хангагдахгүй, дахин
төлөвлөлтийн улмаас нүүлгэн шилжүүлэгдсэн хүмүүст зохих нөхөн олговор олгогдохгүй, нөлөөлөлд өртсөн хүмүүстэй бодитоор зөвлөлдөхгүй байгаагаас үүдэн оршин суугчид албадан нүүлгэгдэх эрсдэл дунд амьдарч байна.


Дахин төлөвлөх шийдвэр гарсан хуучны байранд амьдарч байсан П.Давааням болон хүнийг төсөл хэрэгжүүлэгч компани нь 2019 оны 4 дүгээр сарын эхээр хүчээр албадан нүүлгэснээс болж орон гэргүй болжээ. Ам бүл арвуулаа П.Даваанямынх одоо байр түрээслэн амьдарч байна.


Хөндөгдсөн эрхийг сэргээх талаар хууль, журам, бодлого нь ойлгомжгүй, дахин
төлөвлөлтөд өртөн хохирсон иргэдэд гомдол гаргах, маргаан шийдвэрлүүлэх сонголтыг тодорхой зааж өгөөгүй байна. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдсөн Зөрчлийн тухай хуулиар хувь хүн болон бизнесийн байгууллагын нэр хүндэд халдсан хэргээр торгууль ногдуулах нь ихэссэн байна. Дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд олон нийтийн сүлжээ ашиглан бодитоор зөвлөлдөх эрхээ эдлэж, мэдээлэл нийтлэж, солилцсоных нь төлөө төсөл хэрэгжүүлэгч хувийн компаниуд Зөрчлийн тухай хуулийг иргэдийн эсрэг ашиглаж байна.


Шаардлагад нийцсэн орон байраар хангагдах эрхийг хамгаалсан хүний эрхийн
идэвхтнүүдийг төсөл хэрэгжүүлэгч хувийн хэвшлийн компани Зөрчлийн тухай хуулиар шүүхэд өгөх эрсдэл байна. Хууль сахиулагчид, хувийн корпорацуудтай холбоотой хүмүүс бие махбодийн дайралт, дарамт шахалт үзүүлсээр байгаа гэж идэвхтнүүд мэдээлсээр байна. Дахин төлөвлөлтийн талаар оршин суугчиддаа мэдээлэл өгч, тэднийг төсөл хэрэгжүүлэгч компаний хууль бус бүх үйлдлийг эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлэхэд хүргэсэн, орон байртай байх эрхийн идэвхтнийг цагдаагийн газраас мэдүүлэг авах зорилгоор байнга дууддаг байна. Түүнийг Засгийн газрын зөвшөөрөлтэй үйл ажиллагааг тасалдуулсан хэрэгт буруутгажээ. Орон байртай байх эрхийн төлөөх кампанит ажлаас нь болж түүнийг төрийн албан хаагчийн ажлаас нь халсан аж.


ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ, СОЁЛЫН БУСАД ЭРХИЙН ХЯЗГААРЛАЛТ


Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт овоорон ажиллах уул уурхайн
компаниуд, тэдний ачааг тээвэрлэх машинуудын асар их шороо, тоос нь малын бэлчээрийг доройтуулж, хүн, малын эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлж байна. Цэвэр ус, газар, бэлчээр ашиглах, эзэмших болон уламжлалт өв соёл, амьжиргаанд нь сөрөг нөлөө үзүүлж байгаа уул уурхайн компаниудын үйл ажиллагаанаас эрх баригчид малчдыг хамгаалж чадсангүй. Уул уурхайн нэгэн компани иргэд амьдардаг суурьшлын бүсэд хорт хаягдал хаясны улмаар иргэд хордсон талаарх гомдол, мэдээллийг Эмнести Интернэшнл 2017 онд хүлээж авсан. Хортой хог, бохирдлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд ил болгуулахгүй байхаар уул уурхайн компаниуд Завхан аймгийн Дөрвөлжин сумын малчдыг айлган сүрдүүлж буй талаарх гомдлыг Эмнести Интернэшнл мөн хүлээж аваад байна.


ХАЛДЛАГА, АЙЛГАН СҮРДҮҮЛЭЛТ, ЗАНАЛХИЙЛЭЛД ӨРТӨЖ БУЙ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИД


Монголд байгаа хүний эрх хамгаалагчид олон түвшинд халдлагад өртөж байна.
Засгийн газрыг дэмжигчид тэднийг “таагүй этгээд”, “төвөг удагч”, “гадаадын гар хөл”,“хөгжлийг гацаагч” гэх зэргээр нэрлэж, хочилдог. Засгийн газар төрийн бус тоглогчдын зүгээс ирж буй халдлага, заналхийллээс хүний эрх хамгаалагчдыг хамгаалж чадсангүй.

Хүний эрх хамгаалагчид үйл ажиллагаагаа явуулахдаа шаардлагатай байгаа мэдээлэл, сүлжээ, арга хэрэгслийг авч чадахгүй элдэв хязгаарлалт, бэрхшээлүүдтэй тулгарч байна. Тоног төхөөрөмжийг нь эвдэж, нууц эх сурвалжаа илчлэхийг шаардсан тухай зарим сэтгүүлч мэдээлсэн.


Хүний эрх хамгаалагчдыг ялгаварлан гадуурхсан; дарамталсан; цагдаа болон бусдын зүгээс айлган сүрдүүлсэн; гутаан доромжилсон гэх мэдээллийг Эмнести Интернэшнл хүлээн авсан. Орон байртай байх эрхийн төлөөх идэвхтнүүд, сэтгүүлчид, байгаль орчны идэвхтнүүд, цахим орчинд үзэл бодлоороо манлайлагчид руу дугаараа нууцалсан утаснаас залган үйл ажиллагаагаа зогсоохыг шаардах зэргээр дарамталжээ. Байгаль орчны идэвхтнүүд, сэтгүүлчид цагдаа нар тэднийг айлган сүрдүүлж, заналхийлсэн тухай мэдээлсэн.


Халдлага үйлдэгчдийг барьж хариуцлага тооцох механизм, хүний эрх хамгаалагчдыг хамгаалах цогц хамгаалалт дутагдаж байгаа нь тэднийг дарамталсан, айлган сүрдүүлсэн хэрэгт ял завшуулж байна. Засгийн газар Хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.


Одоогийн хуулийн төсөл нь эрх зүйт ёсыг дордуулах, цаашид иргэний нийгмийн орон зайг хумих эрсдэлтэй байна. Тухайлбал Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд бүртгэл болон гадаадын санхүүжилтэд тавих хяналтыг илүү чангатгасан нөхцлийг оруулсан. Засгийн газар “мөнгө угаахтай тэмцэх, гадны санхүүжилтийг хязгаарлаж, гадаадын нөлөөллөөс зайлсхийхэд ТББ-ын тухай хуульд энэ нэмэлт өөрчлөлтийг оруулах хэрэгтэй байна” гэж тайлбарласан.


ДУР ЗОРГООР ХОРИХ


Монгол Улсад 6 дугаар сард болсон Парламентын сонгуулийн өмнө олон шалтгаанаар, үүний дотор эрх баригчдыг цахим болон цахим бус орчинд шүүмжилсэн мөн улс төрийн бусад шалтгаанаар баривчлагдан, хоригдсон хүмүүсийн тоо нэмэгджээ.


Олны танил Даваадоржийн Ганболд (1990-1992 онд Засгийн газрын Тэргүүн шада
сайдаар ажиллаж байсан), Мэндсайханы Энхсайхан (1996-1998 онд Монгол Улсын
Ерөнхий сайдаар ажиллаж байсан), Жаргалтулгын Эрдэнэбат (2016-2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан) зэрэг хүмүүс хоригдсон.21 Шударга шүүхийн олон улсын хэм хэмжээнд нийцээгүй шүүх ажиллагааны улмаас 2020 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар тэднийг хорьсоор байв.


Эмнести Интернэшнл Монгол улс дахь авлигал, хүний эрхийн нөхцөл байдлыг
шүүмжилснийхээ улмаас ТББ-ын тэргүүнүүд, хуульчид хоригдсон тухай мэдээллийг хүлээн авсан. Тус мэдээлэлд дурдсанаар тэднийг ямар нэг шүүх ажиллагаа явуулалгүйгээр хэдэн долоо хоног хорьсон байна.


ЗӨВЛӨМЖ


ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛЭЭС МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ
ХАНДАН УРИАЛЖ БАЙНА. ҮҮНД:


ӨМНӨХ ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ


 Бүх гэмт хэрэгт цаазаар авах ялыг халсан байдлаа үргэлжлүүлэн баталгаажуулах;
 Бүх цагаач ажилтан, тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай олон
улсын конвенц, 1951 оны Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай Конвенц, түүний
1967 оны Протоколыг соёрхон батлах;
 Шүүхийн хараат бус байдал, прокурорын бие даасан байдлыг баталгаажуулах
бодит арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх.


ЭРҮҮДЭН ШҮҮХ БА БУСАД ЗҮЙ БУС ХАРЬЦАА

 Мөрдөн байцаагч, эрүүдэн шүүгчдийн хооронд байгууллагын эсвэл албан
тушаалтны оролцоогүйгээр аливаа хууль сахиулагч оролцсон эрүүдэн шүүсэн,
зүй бус харьцсан бүх мэдүүлэг, гомдлыг хараат бус механизмаар яаралтай, үр
дүнтэй, шударгаар мөрдөн шалгаж, хариуцлага хүлээлгэхээ баталгаажуулах;
 Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг
доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт Протоколд заасанчлан
үр нөлөө бүхий Урьдчилан Сэргийлэх Үндэсний Механизм яаралтай байгуулах;
 Эрүүдэн шүүх болон бусад зүй бус харьцааны хохирогчид олон улсын хүний
эрхийн хэм хэмжээнд заасны дагуу шаардлагад нийцсэн, шударга нөхөн
олговор авах, нөхөн сэргээлгэх зэргээр хохирлоо барагдуулах эрхтэй байхыг
баталгаажуулах яаралтай арга хэмжээ авах;
 Шүүгч, прокурор, өмгөөлөгч, хууль сахиулагч, эмнэлгийн мэргэжилтэн,
сэтгэл зүйч, хамгаалах байранд үйлчилгээ үзүүлэгчид, асрамжийн газрын
ажилтнууд, цэргийнхэн болон бусад мэргэжилтнүүдэд Эрүүдэн шүүхийн эсрэг
конвенц болон эрүү шүүлтийг бүрэн хориглох тухай асуудлаар, мөн тэрчлэн
Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрмүүд, Аливаа хэлбэрээр
саатуулагдсан болон хоригдсон хүмүүсийг хамгаалах зарчмуудын цогц, Хууль
сахиулах албан тушаалтнуудын зан үйлийн тухай хууль, Нийгмийн хэв журам
сахиулах үүрэг бүхий албан тушаалтан галт зэвсэг болон хүч хэрэглэх үндсэн
зарчмууд, Хоригдлуудтай харьцах үндсэн зарчмуудын талаар сургалт явуулах.


ОРОН БАЙРААР ХАНГАГДАХ ЭРХ


 Газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтийн улмаас албадан нүүлгэхийг хориглох,
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль зэрэг одоогийн хууль
тогтоомжид албадан нүүлгэлтийн эсрэг хамгааллыг бэхжүүлэх болон НҮБын Хөгжилд суурилсан нүүлгэлт, шилжилт хөдөлгөөний үндсэн зарчим,
удирдамжид нийцүүлэх, баталгаажуулах;
 Орон байраар хангагдах эрхийн асуудлаар ажиллаж байгаа хүний эрх
хамгаалагчдыг айлган сүрдүүлэлт, дарамт шахалтаас хамгаалах.


ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ, СОЁЛЫН БУСАД ЭРХ


 Орон байраар хангагдах эрх болон эдийн засаг, нийгэм, соёлын бусад эрхийг
хамгаалсан олон улсын хүний эрхийн баримт бичиг, хэм хэмжээний талаар
төрийн албан хаагчдад сургалт явуулах;

ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ

 Хүний эрх хамгаалагчийг таниулсан, хамгаалсан хууль баталж, хэрэгжүүлэх,
хүний эрхийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаагаа хүний эрх
хамгаалагчид явуулж чадаж байгааг баталгаажуулах;
 Хүний эрх хамгаалагчдын эсрэг гарч буй айлган сүрдүүлэлт, дарамт шахалт,
халдлага, заналхийлэлд үр нөлөөтэйгээр анхаарал хандуулах, үүнд Хүний эрх
хамгаалагчийн эсрэг үйлдэгдсэн зөрчил, хүчирхийллийг нэг бүрчлэн, яаралтай,
хараат бусаар мөрдөн шалгах, гэм буруутай этгээдийг шударга шүүхээр шүүж,
хохирогчдын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг үр нөлөөтэйгээр барагдуулах;
 Тайван замаар эрхээ эдэлснийх нь төлөө эрүүгийн хэрэгт татах, бусад шүүхийн
болон захиргааны арга хэмжээ авахаас татгалзах, Зөрчлийн тухай хууль,
Эрүүгийн хуулийг хүний эрх хамгаалагчдын дуу хоолойг хорих, дарамтлах
зэргээр буруугаар хэрэглэхгүй байхыг баталгаажуулах;
 ТББ-ын тухай хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлт дэх иргэний нийгмийн
байгууллагуудын санхүүжилтийн талаарх нөхцөл нь олон улсын хүний эрхийн
үүрэг, амлалттай нь нийцсэн байх, иргэний нийгмийн байгууллагуудын
аюулгүй байдалд хор хөнөөл, үйл ажиллагаанд саад тотгор учруулах зэргээр
буруугаар хэрэглэгдэхгүй байхыг баталгаажуулах.


ДУР ЗОРГООР ХОРИХ


 Баривчлагдсан, хоригдсон хэнд ч баривчилсан шалтгаан, хэргийн талаар нэн
даруй мэдэгдэх, шүүгч буюу хуулийн дагуу шүүх эрх хэмжээ олгогдсон албан
тушаалтанд нэн даруй шилжүүлэн, шударга шүүхийн хэм хэмжээнд бүрэн
нийцсэн шүүхээр шийдвэрлэхийг баталгаажуулах;
 Эрх баригчдыг шүүмжлэх болон бусад хүний эрхийн асуудлаар ердөө тайван
замаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлснийхээ төлөө хоригдож
байгаа бүх хүнийг яаралтай, ямар ч болзолгүйгээр суллах.


ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ НЬ
ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨХ ДАЯН
ДЭЛХИЙН ХӨДӨЛГӨӨН.


НЭГ Л ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИГДВӨЛ
ЭНЭ НЬ БИД БҮГДЭД ХАМААТАЙ.

Ардын дайсны хойд дүрүүд

Хоморголон баривчлах ажиллагаа ширүүсэх нь үү дээ Гомбогүр минь. Эргэж төрсөн ардын дайсны хойд дүрүүдийг түүгээд эхлэв үү гэх мухар сүсэг, зөнөсөн мунхаг тархинд минь төрж нойр хулжив. Баривчлагдагч нар цөм 90 оны ардчиллын анхдагчид. Аль газрын онолоор тэднийг ардын дайсны сүнснүүд мөн гэж нотлов? Лав л манай шинжлэх ухаан тийм хэмжээнд хүрээгүй. Өөд бологчдын сүнс эргэж төрдөг гэх мухар сүжиг Монголд бий нь бий. Мухар сүсгээр ХХI зуунд хомроглоогүй нь лав. Шинэ дайчилгаанаас “10 жил”, “бүх хөрөнгийг хураана” гэх балчир насны (өдгөө мартагдсан) хирдхийм үгс аниагүй шарх хөндөв.

УИХ, ЗГ-ын тогтоолоор Оюутолгойн гэрээ хийлцсэн С.Баярцогтод 10 жилийн ял зааж хөрөнгийг хураах, гүний уурхайн санхүүжилтад хөрөнгө босголцсон Д.Ганболд, Б.Бямбасайхан хоёрт 4, Таван толгой ордоо харьд 100 жил зүгээр өгч, эх орноо хорлон сүйтгэхийг завдсан М.Энхсайханд 4,6, Н.Номтойбаярт 4, сая С.Баярыг 5 жил 5,5 тэрбумаар яллав. Дайснуудыг цаазаар авъя гээгүй ч буудахыг шаардагчид интернетээр дүүрэн. Тэднийг ялтнаар бус эсэргүүнээр гэсгээв. Ялтан эсэргүү хоёр өөр. Эсэргүү бол дайсан. Ялтан бол алдаж эндсэн хоригдол. Хамтрагч нараа хорлон сүйтгэгч гэж гүжирдэхээс сийхгүй гадны гар хөлийг Төрийн өндөрлөгт залах аваас буурай үндэстэн гарч чадахгүй шалбаагт унадаг. Боловсон боолчлолыг сөрвөл хэлмэгдэнэ. Энэ бол монголчуудынэдлээд ирсэн түүх. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг. Түүхээ унш. Ахмадаа, өвөө эмээ аав ээжээ сонс. Ерөнхийлөгч ба ҮАБЗ-ийн зангаа, жидүү яранд татуулаад хөдөлж чадахаа больсон гишүүдийн 950 саяын кнопоор АТГ, УЕП, УДШ-ийн шинэ удирдлага томилогдсоныг хүүхдүүд минь үтэр түргэн шалга. Засаглалаа хянах эрхийнхээ дагуу хуйлар. Бүр давалгаал. Ардчиллын ачаар хүн ам-сүрэг мал биш болсныг дураараа дургигчид мэдэж аваг. Зөвлөлтийн хуулиар Москвад буудуулсан 149 дээдсийнхээ араас сайнтай муутай хөөрхий нөхдөө бүү тонилго гэж Ерөнхийлөгчдөө сөхөрье. Үхсэн хойноо ясаа тоншуулахыг Та мэдэхгүй ч үр удам чинь шанална.

Анхны хэд нүдэнд орсон шороо болсонд ардчиллын үнэт зүйлсийг дэмждэг зохиолч харамснам. Алс холыг үүрд зориход төрсөн нутгаа байн байн эргэж хардаг шиг насны хугацал ирэхэд хойч үедээ “биесээ бүү хэлмэгдүүл” гэж захисаар нүд аньдаг болтой. Эсэргүү Элбэгдорж Энхсайхан Сайханбилэг Баяр Баярцогт Бат-Үүл Баабар Ганболд Бямбасайхан гээд өтөл би цээжилж дөнгөмөөргүй нэрс хөврөх янзтай. ХХ зууны базаахгүй жишгээр хожим тэднийг цагаатгалаач өвгөн миний нас наана нь төгсөх тул цагаатгалын баярт мэдээг мэдэхгүй дуусна. Тиймээс хэлмэгдүүлснээ цагаатгаж новшрохгүй зөв шүүгээрэй. Ардын дайсан японы тагнуул гэж хилс цаазлаад хөсрий ясыг нь цагаатгасан шившиг саяхных. 4,5,10-н жилээр ялалснаа, үйлдсэн нүглээр нь яруу тод нотло. Хилсдүүлэхээс зай барь. Зөвхөн энэ үүднээс л өвгөн би бичээд байна. Бурууг өмөөрөхгүй.

Ахын хөөрхөн дүү-монголчууд Энхсайхан Баабар Бат-Үүл Элбэгдорж нарыг 30 жил зүхлээ. С.Зориг амьд бол түүний зүрхэнд хараалын сум бүр ч олон тусаа. Зүхэл нь ой гутам. Хүзүүгүй тарвага, салга, хужаагийн бөгс долоогч гэх мэт магадлах ямар ч баримтгүй бузар шүлс. Жагсаж цуглаж өлсөж явсан хөвгүүдохидоо тэгж зүхэх ичгүүртэй. Сэжиг хүрэм хараалын давалгааг уухайлан түрэх гутамшиг. Тэд хүн алаагүй. Харин нэгийгээ алуулсан. Монголыг тэд яачихсан юм бэ? Бие даалгах, ардчилах, чөлөөт зах зээлд оруулах, иргэдээ эрх, өмчтэй болгох гэж мунгинаа биз дээ. Цоо шинэ замаар туршлагагүй бацаанууд бишгүй л алдсан байх. Коммунистууд залууст туслах бүү хэл зорьсон бүхнийг нь ил далд яаж хорлолоо. Гадна дотны гацаа шахаанд дээрэлхүүлж, лусаас заяасан боломжоо ашиглаж чадаагүй. Гэвч эх орноо хар. Ямар болж? Хоол, хувцас, сууц, хот, замаа шинж. Дэлгүүр, захын лангуугаа 80-90 оныхтой харьцуул.

Ч.Сайханбилэгийн буруутай буруугүйн тухай хоёр янз мэдээ уншив. Нэгдэх нь түүнийг шоронд хатаа, цаазал гэх үзэн ядалт хэдэн зуугаараа сайтуудад хахалджээ. Бүгд ижил-нотолгоо баримтгүй ой гутам хоосон зүхэл учир энд тоочих зай алга. Нөгөө нь П.Очирбатын ярилцлага. Тэр бээр “Дубайн гэрээ гэж ярьж, мэдээлэх нь буруу. Гэрээ, төлөвлөгөө гэх хоёр ойлголт чадамжийн хувьд огт өөр. Энэ бол гэрээ биш төлөвлөгөө. Үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн нэмэлт арга хэмжээ авъя л гэсэн. Хэрвээ тийм арга хэмжээ аваагүй бол байдал хэцүүдэх байсан. Дубайн төлөвлөгөө бол цаг хожсон, хүндрэлийг газар авахуулж гүнзгийрэхээс сэргийлсэн үйл ажиллагаа. Тийм хүнд үед олон улсын банк санхүүгийнхэн Монголын Засгийн газарт итгэл үзүүлсэн нь өөрөө маш том өгөөж. Тухайн үеийн Засгийн газар зөв юм хийсэн. Гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг баталж, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлсэн хүмүүсийг шоронд хийх бус харин шагнах хэрэгтэй. Энэ шийдвэрийн ачаар хоёрдугаар босоо амаа ашиглалтад орууллаа. Оюу толгойн үнэ цэнийн 80 хувь гүндээ бий. Тиймээс Дубайн төлөвлөгөө бол Оюу толгойг аварсан төлөвлөгөө. Тухайн үед Засгийн газар төлөвлөгөөний төсөл боловсруулж УИХ-аар батлуулах гэж явсан бол лав хагас жилийн ажил болох байсан. Өнөөхийг нь батлаа ч уу, үгүй ч үү. Дахин онцлоход Засгийн газар цаг хожиж эрсдэлийг өөр дээрээ авч Засгийн газар шиг ажиллаж чадсан. Би хувьдаа Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд шиг ажилласан гэж хэлнэ” гэжээ. Уул уурхайн инженер, салбараа насан турш удирдсан сайд, анхны Ерөнхийлөгчийнхөө сануулсныг дэлгэрэнгүй ишилсэндээ нүүрээ нуугч тролл-армийн нууц ноёдоос хүлцэл хүсье.

Эрдэнэтийн 49. Яасан илэрдэггүй хулгай вэ. Хууль хүчний бүх байгуулага өргөн фронтоор шалгаад байдаг. 4 жил ухлаа. Намзасаг аргаа барахдаа шалдаа бууж, шинэ хууль зохиогоод 51 саалийн үнээгээ 100 хүргэв. Уг нь эхлээд хулгайг нь нотолчихсон бол зарга үүсээгүй. Нотолж чаддаггүй. Нотлооч! Хулгай юу, гүтгэлэг үү? Эсвэл шахаачдын булаалт гэмээр юм уу. Шүүх Ю.Цэдэнбалын үеийнх шиг командлуулсангүй. Хуулиа бариад гэдийчихэв. Энэ нь бас ч гэж ардчилал. Ардчиллын үнэт зүйл үндсээрээ арчигдаагүй байна гэх горьдлого.

400 гаруй сая доллар өвсөнд хаясан зүү биш. Булавч бултайна даравч дардайна. Улсын сан хөмрөгт данслаагүй нэг ч төгрөг байх ёсгүй. Тийм их доллар хулгайд алдсан хохирогч өдий хүртэл гомдол нэхээгүй нь хулгай гарсан эсэхэд эргэлзээ төрүүлдэг. Олон жил бугласан хур шахааны өмхий гүзээг хувийн хэвшил хүү татна. Шахааны өмхий гүзээг хүүлэх сонирхол зөвхөн “Зэс” корпорацид байгаа юм бус, ерөөс хувийн хэвшлийн төрмөл мөн чанар. Тиймээс хувийн хэвшлийг Эрдэнэтээс үсгүй хусахаар тэрбумын шахаачид довтолжээ. Шоглоомтой нь “Зэс” корпорацийн хулгайг Ц.Нямдоржтон нотолж чадах байсан бол шинэ хууль зохиож балиартаагүй. 400 гаруй сая долларыг хулгайнх гэж хэдэн жил дэвхцэн бөөлж, дуулиан дэгдээснээ тогтоож чадаагүйн баталгаа-шинэ хууль зохиосонд оршино. “Зэс”-ийг хөмрөх ноцтой баримт хууль хяналтынхан олж Шүүхэд өгч туслаач. Шүүх засаглал цаана чинь 400 гаруй сая долларын луйврыг яллах баримтгүйдээ лантуудуулаад үхэж хэвтэнэ. Зүүгээр шивэхэд цус гардаг, сүхээр цохиход нулимс гардаггүй гэгч болсон. Бат-Үүл, Элбэгдорж нарыг ялла гэж яаруулаад байдаг.

М.Энхсайханы эсэргүү гэрээний нооргийг 5 жилийн өмнө УИХ-аар хэлэлцүүлж, урвасан хулгайг 76 гишүүн 76 талаас нь хөдлөшгүй илчлэхээс З.Энхболд яагаад бултуулав? Хорлон сүйтгэх гэрээг 76 тэнэг баталчих нь гэж айв уу? “Аварга ордоо харьд зүгээр өгөх, эх орноо хорлон сүйтгэх ажиллагаа” гэгчээ УИХ-аар хэлэлцвэл гүтгэснээ илэрнэ гээд Энхболд чуулганд оруулалгүй тас хорьсноор олны анхаарлыг сарьнуулсан юм биш үү. 76 дотор ганц Л.Эрдэнэчимэг суут гэж үү? Гарын үсэг зурсан 50 гишүүнээ зарлаач. Ярилцлага авъя. Хэдэн зуун хуудас гэрээг эмийн жор мэт тайлсан Эрдэнэчимэг Та нотолгоогоо батлаад түмэнд түгээж итгүүл. “Таван толгойг харьд 100 жил зүгээр өгсөн” гэх өгүүлбэр чинь нотолгоо бус зөвхөн “гарчиг”. Үүнийгээ итгэж үнэмштэл баримтаар батлаад өгөөч. Тантай хүч хавсарч хорлон сүйтгэгчийг даран сөнөөе.

Хувьчилсан өмчөө буцааж хураахаар сэлэм эргүүлсэн Ерөнхий сайдаа бид уухайлан алдаршуулав. Оюунлаг чадварлаг журамлаг хөдөлмөрч орнуудыг хөгжилд хүргэсэн ардчилал Монголд эдийн засгийн алуурчаар хочлогдож, гологдлоо. Чөлөөт зах зээлийг монголчууд гутааснаар орос ахын хувирашгүй үнэнч шавь гэдгээ үзүүллээ. Ашигт малтмалаар арвин Монголд мөнгөжсөн Хятадын хөрөнгө оруулалт цутгах дулаарал 30 жилийн өмнөөс нүүрлэв. Нүүрлэсэн завшааныг ашиглаж чадвал муу Монгол суга хөгжөөд сонгодог парламент, гурав дахь хөрш гээд орос ахынхаа дургүйг хүргэнэ. Мега төслүүд гацсан шалтаг ердөө энэ. Энхрий хайрт ганц дарангуйлагч намаасаа гадна олон намтай болтол шинэ намууд дотроосоо өтөж путинчүүдийг баясгав. Гучин жил дээр дороо орсон зодоонд аль ч нам 3 сая гаруй иргэнийхээ хань биш, зөвхөн эрх мэдэл мөнгөний төлөө тэмцсэнээ таниуллаа. Хүрсэн ганц үзүүлэлт-90 оны ардчилал хулгайч намуудаас болж ад болов. Намууд гэдэг монгол хүмүүс. Ингэхэд бид хэн бэ? Гурав дахь хөрш, хужаа руу нулимахаасаа өмнө өөр лүүгээ хараач.

Цаг цөвүүрэхээр хэлмэгдэл идэвхждэг. Хэлмэгдлийн нэг тал хэлмэгдэгч нөгөө тал хэлмэгдүүлэгч. Хэлмэгдэгч нараа бид хайхрахгүй явснаа олон жилийн хойно ардчиллын буянд цагаадахаар нь гэнэт их харамссан. Улирсан баларсанд уйлах өнгөц мэт сэрдлэг төрүүлэв. 9-р сарын 10-нд хэлмэгдэгчдийн өдрийг тэмдэглэж буйгаа хар. 50 юм уу 100 юм уу мянган хүний халуун амь. Сэтгэл гаргалгүй оромдсон дурсгалын хөшөөрхүү юм нь гомдмоор. Харин хэлмэгдүүлэгч нараа бид амьдад нь долигоноод үхэхээр нь хараадаг. Бид дийлсний талд орж дэлдийснээ элбэж барьдаг ноход-троллууд. Ямар шинж чанартай хүн нөхрөө хэлмэгдүүлдэг вэ? Мунхаг тэгээд харгис этгээд нөхрөө хэлмэгдүүлдэг. Атаа хорсол голлодог. Эрх мэдэлд хүрэх өрсөлдөөнд өөрөөс нь илүүрхсэн, дураараа дургихад нь ичээж гутаах зовхи нь өөдөө сэргэлэн нөхрөө зайлуулах, бүр намнахын төлөө увайгүй жигшүүрт үйлдлээр ч хамаагүй хорлодог. Нийтлэг шинж нь ийм.

Ч.Сайханбилэгийг гэм хийгээгүй л юм бол эх орондоо ирээд шалгуулаач гэж хэлэх зөв. Гэвч хилс хэрэгт гүжирдэж унагая гэж хатуу шийдсэн хүчирхэг бүлэглэл өөрийнхөө хүүхэлдэй-хуулийн байгууллагаар хэлмэгдүүлээд дараа нь олны тархи угаадаг орос технологи ашиглах нээлттэй. Болгоомжлохгүй бол гоомойдоно. Нам засаг хэлмэгдүүлснээ 50 жил нуусныг бид мэдээгүй эмгэнэл бий. Дахиад далдуур хэлмэгдүүлэхийг ор тас үгүйсгэх өнөөдрийн байж буйгаар эрсдэлтэй. Вакцинд илааширсан хижиг дахивал вирус нь илрэхгүй улам нууцлаг агаад маш дархлаатай сэргэдэг. Дахисан хэлмэгдэл ч тэгж сэдрэх нигуртай. Үнэнийг хараат бусаар тогтоодог шүүхтэй бол айлтгүй. Тийм шүүх прокурор байгаа юм уу?

Хүзүүгүй тарвагыг дүүжил, 6,7 тэрбум тонн нөөцтэй ордоо хятадад 100 жил зүгээр өгсөн хужаагийн эрлийзийг бууд, Дубайн гэрээ хийсэн урвагчийг шоронд хатаа, Эрдэнэтийн 49-ийг хулгайлсан луйварчдыг шонд өлгө гэх сэтгэгдэл өдөрт хэдэн зуугаараа интернетээр шаагина. Яасан олон хүн, яасан их үзэн ядалт вэ? Үзэн ядалтын давалгаа Монголыг бүрхжээ. Үзэн ядагчдын зөв гэлтэй. Яагаад гэвэл эх орноо харьд худалдсан, ард түмнээ хорлон сүйтгэхийг завдсан дайснуудыг АТГ, УЕП зарласан хойно зүхэж хараах бага хэрэг. Эх оронгүй болоод хорлон сүйтгэх терорт сүйрэх гэж буй ард олон яаж дуугүй байх юм. Хүлцэнгүй залбирч суугаад сөнөх үү. Улс даяар самуун дэгдэх бухимдал ассаныг троллуудын чинь хараалаас мэдлээ. Уншихын аргагүй. Ямар их уур хилэн бэ бурхан минь. Тэднийг хэн гэгч командлан дагуулна вэ?

Ардчилал, гурав дахь хөрш гэж сэвсэн монголчуудад ад нь хөдөлсөн хөрш баривчилгаанд мэдээж алга ташиж байгаа. Манайдаа ардчиллын лидер гэгдэх хэдийн маань толгойг мулт няслах хэлмэгдэл сэм гэтсээр. Ирсэн замаараа сурсан онолоо мандуулаад хуучин руугаа буцах аминд өлзийтэй болж байх шиг.Эх орон ард олноо хорлон сүйтгэхийг санаархагч нартай харьцуулахад төрсөн дүү, төрсөн эгчийнхээ хүүгээр өөрийгөө тагнуулаад Засгийн эрх хууль бусаар булаагч, тэрбум тэрбумаар хуссан жидүчид маань бурхны элч ажээ. Тэднийгээ дахин сонгов. Гашуун сухайтын төмөр замыг 10 жил гацааж 30 тэрбум долларын ашиг хаасан, 280 сая доллар шороонд булсан Х.Баттулгыг яллагдагчаар татагдсан ч гэлээ гэм буруутай нь шүүхээр шийдвэрлэгдээгүй гээд Ерөнхийлөгчөөр өргөмчилсөн юм чинь жидүчдээ дахин сонгоход юу нь соёлгүй гэж.

Төхөөрөх дайснууд бас нэг Ерөнхий сайд аснаар нэмэгдэв. Сэлэнгийн засаг даргаас чадварлаг агаад төлөв түвшин гэгдээд Сангийн сайд, Ерөнхий сайд хүртэл дэвшсэн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат гэх даруухан залууг сэлэм хурандаа “Чи муу гоожуур ахынхаа толгой дээгүүр аймшиггүй харайж яаж зориглов” гээд хэдэн цөөвөртэйгөө хамжиж унагаад ханасангүй, шоронд 6 жилээр шидэхэд Хэнтийн сонгогчид хөөрч бахархав. Хилсдүүлбэл “гоожуур” цагаадаж, хурандаагийн нүгэл нүдээрээ гарах хугацаа дөч бус дөрвөн жил болсон байх шүү. Бат-Ялалт гэх мэт тэмцэгч төлөг борлон бүдгэрч буй нь их хэлмэгдэлд буудуулсан хэдэн түмэн жижиг дундчууд тоонд оролгүй шороонд булагдаад өнгөрсөн яргалал санаанд буув.

Коммунист дарангуйллын өөдөөс эсэргүү үг анх зориглож уухайлсан жаалуудаас гадна дорой Монголд өрнөсөн хэврэг тэмцэл хэрхэн төгсөх нь бүрхэг-эрсдэлтэй үед босогчдын араас ил гарч нүүрээ харуулаагүй Н.Алтанхуяг, Х.Баттулга, З.Энхболд нар ардчиллын ховор ялалтын буянаар Төр Засаг жолоодож үзлээ. Нүүдэлчдийн коммунаас анх ардчилал соёолуулсан дүү нартаа мэхийдгийг минь зүхвэл зүх. Би бэлэн. Хараал хар толгойд эргэж тусна гэдэг оргүй худал мухар сүсэг боловч хүмүүжил шүү. Цэцэг мэт ариун залуусаа эвгүй өсөхөд хөгшид эмзэглэдэг тул үүнийг зөвлөе. Хорвоогоос тонилсон хойно ч та нарын нэр алдар өтгөсийн сүнсэнд хайран. Баруун зүүнгүй магтагдаж дуулиантсан нүүдэлч-нэгдэлчдийн ардчиллын зул бүдгэрэв. Бөхөөчихгүй юмсан монголчууд аа.

2020-07-23

                 Доржготов

Ц.ЦЭЛМЭГ: М.ЭНХСАЙХАНЫ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭСЭН ШИЙДВЭРТЭЙ САНАЛ НИЙЛЭХГҮЙ УЧИР ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХЭД ГОМДОЛ ГАРГАХ БОЛНО

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Монгол Улсын сайд асан М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гомдлоор хянан хэлэлцжээ. Давж заалдах шатны шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгчид оноосон ялыг хэвээр үлдээв. Тодруулбал, анхан шатны шүүхээс ногдуулсан 4.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханы өмгөөлөгч, доктор Ц.Цэлмэгтэй ярилцлаа.


-Таны үйлчлүүлэгч М.Энхсайханы давж заалдах шатны шүүх хурал болсон. Хурлын үр дүнгийн талаар тодруулахгүй юу?

-Энэ сарын 30-нд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.Энхсайханд холбогдох 40 хавтаст хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж хэвээр нь баталсан. Өмгөөлөгч бид энэ шийдвэртэй санал нийлэхгүй учир хяналтын шатны шүүхэд гомдол гаргах болно.

-Давж заалдахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, олон улсын гэрээ конвенцийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гээд долоон ч үндэслэл дурдсан байсан. Давж заалдах шатны шүүх гомдлын үндэслэлүүдийг хүлээж аваагүйгээ хэрхэн тайлбарласан бэ?

-Эхний үндэслэл нь Таван толгойн мега төслийг УИХ-д өргөн барьсан үйл явдал нь 2015 онд болсон учир тухайн үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэх ёстой гэж бид үзсэн. Учир нь албан тушаалын гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуульд үлэмж хэмжээний хохирол шаардаж байж гэмт хэрэг болдог байсныг 2015 оны Эрүүгийн хуулиар хохирол шаардахгүй үйлдэл хийснээр гэмт хэрэгт тооцдог болсон.Хэргийг гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хуулиар шийдвэрлэнэ гэж Эрүүгийн хуулийн 1.8-д заасан бөгөөд зөвхөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх байтал эрх зүйн байдлыг дордуулсан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хууль зөрчсөнийг давж заалдах шатны шүүх нүд анин өнгөрөөв. Өөрөөр хэлбэл, 2002 оны Эрүүгийн хуулийн 263, 264 дүгээр зүйлийн алинаар нь ч М.Энхсайханыг зүйлчилсэн үлэмж хэмжээний буюу 8,5 сая төгрөнөөс дээш хэмжээний хохирол учирсан тохиолдолд л гэмт хэрэг болно, гэтэл гэрээний төслийг УИХ-аар хэлэлцээгүй учир ямар ч хохирол учраагүй, гэмт хэрэг биш болчихоод байсан учир анхан шатны шүүх НҮБ-ийн Авлигын эсрэг конвенцийг баримталж байгаад 2015 оны хүндрүүлсэн Эрүүгийн хуулийг баримталж ял оноосныг зөвшөөрөхгүй байгаа. Хоёрт: Таван толгойн төслийг Монгол улсад ашиггүй, гадаадын хөрөнгө оруулагчдад давуу байдал олгосон гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь аливаа улсын нэн тэргүүний зорилт байдаг бөгөөд Таван толгойн нүүрсний орд газрыг ашиглах мега төслийг хөдөлгөхийн тулд харилцан ашигтай нөхцөл заах нь хэнд ч тодорхой.

Гэтэл прокурор, шүүхээс гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл олгосон гэрээний зүйл заалтуудыг түүж аваад яллах атлаа Монголын талд ашигтай тусгагдсан гэрээний заалтаас огт дурдсангүй.

-Тухайлбал?

-Олон жил маргалдаж одоог хүртэл тавьж чадаагүй байгаа Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг төслийн компанийн хөрөнгөөр барьж байгуулах, нүүрс боловсруулах үйлдвэр барих, 13 төрлийн татвар, хураамжийг Монголын талд төлөх зэрэг ашигтай гол гол заалтуудыг зориуд орхигдуулж яллалаа.Давуу байдал олгосон гэдгийг гэрээ хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн үеэс эхэлж тооцох ёстой доо, энгийн ухаанаар бодоход. Гэтэл байгуулагдаагүй гэрээний төслийг боловсруулсны төлөө ялтан болж байгаа нь цаашид мега төслийг хөдөлгөх албан тушаалтан Монголд олдохгүй болж магадгүй.

Гуравт: М.Энхсайханыг дур мэдэн хамтын зарчмаар шийдвэрлэх асуудлыг дангаар шийдвэрлэж албан тушаалаа урвуулсан гэж буруутгасан нь үндэслэлгүй.

Тэрээр дангаараа Таван толгойн гэрээний төслийг боловсруулаагүй бөгөөд ажлын дэд хэсэг гэж 15 хүн /Ерөнхий сайдын 2015 оны 28 дугаар захирамжаар байгуулагдсан/, үндсэн ажлын хэсгийн 10 хүн, Засгийн газрын нийт 17 гишүүн гээд олон арван хүний оролцоо, хүч хөдөлмөр шингэсэн үйл ажиллагааны үр дүнг ингэж харлуулж таамаглалаар хүнийг буруутгаж болохгүй.

Дөрөв: Таван толгойн мега төслийг өргөн барьсан асуудлыг нь прокуророос албан тушаалаа урвуулснаас гадна давхар хорлон сүйтгэх гэмт хэрэг гэж үзээд шүүхэд шилжүүлснийг шүүх нотлогдохгүй байна гэж прокурорт буцаасан. Буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар нэгэн зүйл заалтыг удирдлага болгоогүй нь тус хуулийн 1.6-д заасан “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчмын заалтыг зөрчиж байгаа юм. Зүй нь нотлогдохгүй л бол хэрэгсэхгүй болгох учиртай атал заавал яллана гэж байгаа юм шиг тусгаарлаж шийдвэрлэхээр заасныг буруу гэж давж заалдсан.

Тав. Хорлон сүйтгэх үйлдлийг тусгаарласныг зөвтгөх гээд ЭХХШтХ-н 34.18 дугаар зүйлд зааснаар “Хэргийг тусгаарлаж хэлэлцэх” гэсэн заалтыг барьсан юм болов уу гэж таамаглаад хартал тухайн зүйлд “…Шүүх зөвхөн эрүүгийн хэргийг тусгаарлах тухай улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн эрүүгийн хэргийг тусгаарлана” гэж заасан ба өмгөөлөгч, прокурор нарын хэн нь ч санал гаргаагүй.

Зургаа. Хамаарал бүхий этгээдээсээ автомашин худалдан авсан үйлдлийн тухайд гэмт хэргийн шинжтэй байж болох ч үнэлгээг зөв хийх ёстой. Уг автомашин 2013 онд улсын хилээр 13000 mile гүйлттэй орж ирснийг анх хүлээн авсан жолооч гэрчилдэг, гэтэл шинжээч нар 2019 оны байдлаар 120,000 mile гүйлттэй үед нь үнэлгээ хийх жишээтэй.Тэгээд хөөн хэлэлцэх хугацааны талаар манай нөгөө өмгөөлөгч нар нэлээд мэтгэлцсэн боловч давж заалдах шатны шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

-М.Энхсайхан давж заалдах шатны хуралд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасан байсан. Шүүх энэ хүсэлтийг яагаад хүлээж аваагүй юм бол?

-М.Энхсайхан өөрийн биеэр шүүх хуралд оролцох хүсэлт гаргасан. Гэхдээ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор цахимаар хуралд оролцож өөрийн санал, хүсэлтийг илэрхийлсэн.

-Шүүх хурал хуулийн хүрээнд явагдсан уу. Гэр бүлийнхэн нь оруулахгүй байна гэж ярьж байсан?

Шүүх хурал хэлбэрийн хувьд хуулийн хүрээнд явагдсан. Дээр өгүүлсэнчлэн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ар гэрийн хүмүүсийг нь шүүх хуралд оруулахгүй байгаа. Цахимаар оролцож санал хүсэлтээ илэрхийлэхэд техник гацсан, сонстохгүй байх зэрэг асуудал гараагүй.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭД

Давж заалдах гомдол гаргах нь:

 

Монгол Улсын иргэн Мэндсайханы Энхсайхан миний бие 2020 оны 6 дугаар сарын 4-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/430 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн авлаа. Тус шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 19.6 зүйлд заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Прокурорын үйлдлийг тусгаарлаж,  нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцааж, энэхүү буцаасан үйлдэлд, бас автомашин авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдууллаа.

Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа, буруу хууль, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэлээ гомдол хэлбэрээр гаргаж байна.

Юуны өмнө хэргийн бодит байдлыг тодорхойлохын тулд “Мега төсөл” хэмээх “Тусгай мэдлэг” шаардсан, эдийн засгийн шинжлэх ухаанд “Behavioral Economics” хэмээх “Зан төлөв, сэтгэл зүй, хүмүүсийн араншинтай холбоотой гэсэн утгатай” салбар ухааны онцлогийг хэлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мега төсөл гэдэг нь том 1 тэрбум ам.доллароос дээш хөрөнгө оруулалттай төслийг хэлдэг. Зөвхөн том гэдэг утгаасаа илүүтэй төвөгшил ихтэй, олны анхааралд өртдөг тул улстөржилт, хардлага сэрдлэг дагуулдаг, үнэн худал маргаанд өртөмтгий байдаг.

Монголчууд бидний хувьд шинэ ойлголт бөгөөд буруу зөв яриа нь зүй тогтолт, туулж гарах хөгжлийн нэгээхэн үе юм. Мега төсөл нь олон оролцогчтой, олон сонирхлыг уулзалдуулах хэрэгцээтэй болдог. Олон сонирхлыг нэгтгэх арга нь зөвхөн тухайн орны хууль тогтоомж, Олон улсын  гэрээ конвенц, Олон улсын  хэвшсэн стандарт, дүрэм, журмуудыг мөрдүүлэх явдал байдаг.

Мега төсөл нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг бөгөөд дэлхийн ямар ч хөрөнгө оруулагч түүнийг зөвхөн өөрийн хөрөнгөөр шийдвэрлэж чаддаггүй, эрсдлийг хуваарилахын тулд “төслийн санхүүжилт” буюу Олон улсын  банкуудаас хөрөнгө босгох шаардлагатай болдог.

Тавантолгой төслийн хувьд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын 1,5 тэрбумыг өөрийн хөрөнгө, 2,5 тэрбум ам.долларыг төслийн санхүүжилт гэж тооцсон. “Төслийн санхүүжилт” гэдэг нь Олон улсын банкууд хөрөнгө оруулагчдын эд хөрөнгийг барьцаалах бус, төслийн бэлтгэсэн баримт бичигт итгэж, хөрөнгө гаргаж зээл олгох асуудал юм.

Иймээс мега төслийн гэрээний төсөл нь тухайн улсын болон Олон улсын  хууль тогтоомжид нийцэж байх нь онцгой асуудал байдаг. Өөрөөр хэлбэл, мега төслийн бүх оролцогчид гадаад, дотоод гэлтгүй бүгд хэн нэгнээс “давуу байдлыг бий болгох”-ыг эрэлхийлдэггүй. Хэрвээ тийм зүйл тохиолдвол банкууд санхүүжилт гаргахгүй, аль эсвэл банк болон хөрөнгө оруулагч нар гаргасан хөрөнгийн хэмжээгээр “шатах” эрсдэлтэй гэдгээ мэддэг.

“Мега төсөл” их хэмжээний хөрөнгө оруулалтыг эхэлж гаргаад түүнийгээ олон жилийн дараа нөхөж авдаг. Тавантолгой төслийн хувьд хөрөнгө оруулагч нар оруулсан хөрөнгө оруулалтаа гэрээний төслөөр тогтоосон 30 жилийн эхний 12 жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхөхөөр тооцсон байлаа. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч олон жилийн том эрсдэлтэй хөрөнгө оруулалтад хэн нэгний албан тушаалд найдахгүй бөгөөд “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “ Бусдад давуу байдал бий болгох”-ыг огт эрэлхийлдэггүй.

Мега төсөл нь хэзээ ч нэг хүний бүтээл байдаггүй. Тавантолгой төслийн гэрээний төслийг бэлтгэсэн дэд ажлын хэсэг нь хөрөнгө оруулагч нартай 30 гаруй уулзалт хийж, 300 гаруй асуудлаар хэлэлцэж тогтоосон юм. Төсөл бэлтгэхэд миний бие ажлын хэсгийн ахлагчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан шиг “Дур мэдэн, хамтын зарчмаар шийдвэрлэх асуудлыг дангаар шийдвэрлэсэн”  нэгээхэн ч тохиолдол байхгүй, угаас боломж байхгүй.

Мега төсөл улстөржилт, хардлага сэрдлэг дагуулдаг, төслийг зөв буруу, ашигтай ашиггүй гэдэг маргаан, уур амьсгалаар “Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, “Бусдад давуу байдал бий болгосон” гэж дүгнэж болохгүй. Эрхзүйн талаасаа ч гэмт хэрэг үйлдэх зорилго, сэдэлт шалтгаан, нөхцөл “ ЭХХШтХ 37.1 дүгээр зүйлийн 2” байхгүй юм.

Мега төсөл Монголчуудын хувьд шинэлэг, Олон улсын эрхзүйд нэгэнт хэвшсэн ойлголтыг хэрхэн улстөр болгон буруу ярьдгийг 2 жишээгээр ойлгож болно. Тавантолгойн хувьд гадаадын ажиллах хүч түүний дотор Хятадаас ажиллах хүч оруулж, “тэдэнд” нэн тааламжтай нөхцөл өгөх гэж байсан гэж улстөржүүлдэг. Англи хэл дээрх “The most favored” гэдэг үг нь “нэн тааламжтай”  гэж орчуулагдах боловч энэ нь Монгол ажилчдад Монгол Улсын хууль тогтоомжоор ямар эрх хэмжээ тогтоосон байна, тийм эрх хэмжээг эдлүүлнэ гэсэн үг. Тухайлбал, ажлын 5 өдөр хөдөлмөрлөх бол тэдэнд мөн адил эрх эдлүүлнэ, түүнээс  илүү эрх эдлүүлэхгүй гэсэн эрх зүйн томьёолол юм.

Англи хэл дээрх “Waive sovereign immune” гэсэн ойлголт бий. Нэр томьёо нь Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцийг дагаж мөрдөнө гэсэн хуулийн ойлголт юм.  Мега төсөл дээр Арбитрын шүүхийг 3-дагч этгээдээр хөндлөнгөөс авах нь элбэг. Арбитрийн шүүхэд Монгол Улс нь оролцогч байна гэсэн хуулийн ойлголт юм. Үүнийг тусгаар тогтнол, эрх мэдлээсээ татгалзлаа гэж хоосон улстөржүүлсэн байдаг.

Тавантолгой төсөл дээр том хөрөнгө оруулагч татаж, мега төсөл болгох талаар Монголын төр засаг 2008 оноос оролдож, 2011 онд Олон улсын нээлттэй тендер зарласан байдаг. Уг тендерийн эрх зүйн үндэсийг бүрдүүлэх гэж Улсын Их Хурал, Засгийн газар 2008, 2010, 2011 онд хэд хэдэн тогтоол шийдвэр гаргасан байдаг.

Эхний оролдлого нь бүтэлгүй болсон бөгөөд түүнээс хойш 3 жилийн дараа тендерийн нөхцөл, үзэл баримтлалаа өөрчилж, засварлан 2014 онд Улсын Их Хурлын 34, Засгийн газрын 268 дугаар тогтоол гаргаж, дахин Олон улсын уралдаант шалгаруулалтыг Алтанхуягийн Засгийн газар зарласан юм.

Надад ял халдааж байгаа 2015 оны оролдлогын эрхзүйн үндэс нь 2014 оны Улсын Их Хурлын 34, Засгийн газрын 268 дугаар тогтоол бөгөөд тэр нь Тавантолгойн асуудлаар УИХ, ЗГ-ын гаргасан он, сар, өдрийн хувьд хамгийн сүүлийн шийдвэр байлаа. Энэхүү шийдвэрийг биелүүлэх гэж ажил хийснийхээ төлөө яллуулж байгаа нь яавч шударга биш юм. Намайг буруутгахдаа бүтэлгүй болсон 2011 оны оролдлогын эрхзүйн үндэс болж байсан шийдвэрүүдийг үндэслэж, цаг орон зай, бодит нөхцлүүдийг хольж, хутгах явдал байдаг.

Сүүлийн шийдвэр болох 2014 оны Улсын Их Хурлын 34, Засгийн газрын 268 дугаар тогтоолд миний гэм буруу байхгүй, тогтоол шийдвэрийг биелүүлэхийн төлөө ажилласан.

Прокурор болон анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулахад чухал ач холбогдолтой Мега төслийн талаар ойлголтгүй, анхан шатны шүүхийн тогтоол нь Монгол Улсын хууль тогтоомж, Олон улсын гэрээ, конвенц, пактыг зөрчсөн учир гомдол гаргаж байна.

Нэг: Анхан шатны шүүх буруу хууль, хуулийн заалтыг буруу хэрэглэсэн тухайд:

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д: “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан байдаг.

Миний хувьд автомашин худалдан авах үйлдлийг 2013 онд, Тавантолгойн гэрээний төсөл бэлтгэх үйлдлийг 2015 онд, эдгээрийг гэмт хэрэг гэж үзэх ахул тэр үед мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн Хуулийг хэрэглэх ёстой байлаа. Прокурор дээрх хуулийн заалтыг зөрчсөн. Анхан шатны шүүх үүнийг нь таслан зогсоож, засахын оронд 2017 оны Эрүүгийн хуулийг хэрэглэснийг зөвтгөх тайлбар хийжээ. Тэдгээр нь худал, үндэслэлгүй, мөн хууль зөрчсөн, дур зоргын явдал болсон байна. Тухайлбал, анхан шатны шүүх “шүүхээс зөв тайлбарлан хэрэглэхдээ”, “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн”, гэх мэт тайлбар нь хэргийн бодит байдалд үл нийцэх, хууль бус үйлдэл юм. (Анхан шатны шүүхийн тогтоол, 41-42хуудас)

Шүүх “Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” гэдэгт:

  1. Ялын төрөл нэмэгдсэн;
  2. Хэмжээ хөнгөрсөн;
  3. Хариуцлага эсхүл, шийтгэлээс чөлөөлөх шинэ нөхцөлүүдийг нэмсэн;
  4. Хөөн хэлэлцэх хугацааг багасгасан зэрэг байдлаар илэрдэг юм гэжээ. (Анхан шатны шүүхийн тогтоол 41 хуудас)

Дээрх нөхцөлүүд хангагдаагүй байхад шүүгдэгчийн “Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” гэдэг нь үнэнд нийцэхгүй. 2017 оны эрүүгийн хуульд орсон өөрчлөлтийг дурьдвал:

  1. Ялын төрөл нэмэгдээгүй.
  2. Нийтийн албанд томилогдох хугацаанаас хасах ял 2 жил хүртэл байсныг 5 жил хүртэл өсгөжээ.
  3. Торгох ялын хэмжээг 4000-14 000 нэгж байсныг 5000-27 000 нэгж болгож нэмэгдүүлсэн.
  4. Зорчих эрхийг хасах ялыг нэг сараас 3 жил байсныг нэг жилээс 5 жил болгож нэмсэн.
  5. Хорих ялыг нэг сараас 3 жил хүртэл байсныг нэг жилээс 5 жил болгон өсгөжээ.

Өөрөөр хэлбэл 2017 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”,  “Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн байгаа.

Анхан шатны шүүх яаж ч тайлбарласан бай, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хоёрдмол утгагүй заасан байна.

Эрүүгийн эрх зүйд “Эрүүгийн хуулийг үгчлэн дагаж мөрдөх нь түүнийг тайлбарласнаас үүдэн гарах хохирлоос хавьгүй бага” гэсэн баримтлал олон улсын стандартад практик болсон. Энэ нь Эрүүгийн хуулийн утга санааг гуйвуулан төсөөтэй хэрэглэхээс болгоомжлуулсан хэрэг бөгөөд энэ баримтлал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлд “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж шууд заасан байгаа нь Анхан шатны шүүх буруу хууль, хууль буруу хэрэглэснийг нотолж байна.

Тавантолгойн гэрээг гэмт хэрэг гээд прокурор Эрүүгийн хуулийн 22.1.1-ээр ял төлөвлөсөн. Гэтэл Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн “их хэмжээний хохирол” учруулсан гэдэг 22.1.2 заалтаар ял оногдуулсан нь хуулийн заалтыг буруу хэрэглэснийг харуулж байна.

Хоёр. Нэг үйлдэлд хоёр ял төлөвлөсөн тухайд:

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн Шударга ёсны зарчим гэсний 5-д “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж байна. Энэ заалт мөрдөгч, прокурор надад хэрэг үүсгэж Тавантолгойн гэрээний төсөл бэлтгэсэн үйлдэл дээр Эрүүгийн хуулийн 19.6 “Хорлон сүйтгэх”, Эрүүгийн хуулийн 22.1.1 “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж”, “бусдад давуу байдал бий болгосон” гэсэн 2 зүйлээр ялласан.

Анхан шатны шүүх прокурорын энэ алдааг засах ёстой атал Тавантолгойн гэрээний төслийг өргөн барьсан үйлдлийг гэмт хэрэг гэж буруутган ял оноосон хэрнээ, мөн хэргийг Эрүүгийн хуулийн 19.6 “Хорлон Сүйтгэх” гэдгээр дахин мөрдөн шалгуулахаар прокурорт буцааж, энэ асуудлаар яллагдагч хэвээр үлдээсэн нь шүүхийн шударга ёсны зарчмыг алдагдуулсан байна.

Гурав. Анхан шатны шүүхийн тогтоол хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа тухайд:

Хэргийн бодит байдлыг тодруулахын тулд улстөржсөн мэтгэлцээнээс дараахь 3 ойлголтыг анхаарч үзмээр байна.

  1. “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэж юу вэ?
  2. “Бусдад давуу байдал бий болгох” гэж юу вэ?
  3. “Их хэмжээний хохирол”-ыг яаж тооцох, нотлох вэ?

Анхан шатны шүүхийн хуралдаан дээр албан тушаалаа яаж урвуулан ашигласан, хэрхэн бусдад давуу байдал бий болгосон тухай нэг ч баримт, нотолгоо, энэ байдлыг тодруулах мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн эсэх талаар яригдаагүй. Зөвхөн төсөл зөв буруу, ашигтай ашиггүй гэх хувь хүн бүрийн мэдлэг боловсролын түвшнээс хамаарсан мэтгэлцээнээс Анхан шатны шүүх “Шүүгдэгч Энхсайхан” “дур мэдэн хамтын зарчмаар шийдвэрлэх асуудлыг дангаар шийдвэрлэж, тодорхой баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулж дуусган “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпораци”-ийн түншлэлтэй гэрээний төсөл боловсруулан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ” гэсэн (АШШТ, 39х) дүгнэлт хийсэнтэй санал нийлэхгүй.

Хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж, гэрээний төсөл бэлдэхийн тулд Ерөнхий сайдын захирамжаар Ажлын хэсэг, дэд ажлын хэсэг байгуулсан бөгөөд Ажлын хэсгийн ахлагчаар нь миний бие, Уул Уурхайн сайд, Сангийн сайд, зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Дэд ажлын хэсэгт бүх яам, газруудаас 15 хүн оролцсон.

Миний зүгээс дур мэдэн ”дангаар шийдсэн” нэг ч үйлдэл байхгүй, энэ талаар хэн ч яриагүй.

Анхан шатны шүүх “Бусдад давуу байдал бий болгосон” гэдгийг тогтоогоогүй, нотлоогүй улстөржсөн дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүхийн тогтоолд нэр дурьдсан гэрч, шинжээчид Я.Батсуурь, Д.Ганбат, П.Батсайхан, Л.Эрдэнэчимэг, С.Эрдэнэ, А.Батаа, А.Гансүх, К.Хавалболат, Б.Улаанхүү, Д.Сүхбаатар, Х.Жаргалсайхан, С.Төгсжаргал нарын мэдүүлэгт намайг “дур мэдэн, хамтын зарчмаар шийдвэрлэж” байсан тухай асуудал хөндөөгүй юм.

“Бусдад давуу байдал бий болгосон”

Анхан шатны шүүх “Бусдад давуу байдал бий болгосон” гэж  буруутгахдаа “Эдийн засгийн давуу байдал” гэж тодотгол хийсэн байх бөгөөд эдийн засгийн ямар давуу байдал бий болгосон талаар тодорхойгүй, энэ талаар шүүх хуралдаанд яригдаагүй, үйлдэл байхгүй, нотлох баримтгүйгээр намайг ялласан байна.

Нөгөөтэйгүүр “Бусдад эдийн засгийн  давуу байдал бий болгосон” гэж буруутгаж байгаа бол нөгөө талд нь эдийн засгийн давуу бус байдал бий болох ёстой бөгөөд тэр нь эдийн засгийн бодитой хохирол үүсгэх учиртай болж таарна. Энэ талаарх хэргийн байдлыг тодруулаагүй, баримт болон нотолгоо гаргаагүй. Тэр ч байтугай Прокурор, Анхан шатны шүүх энэ хэргээр хохирогч байхгүй хэмээн өөрсдөө гаргасан дүгнэлт, шийдвэртэйгээ бүрэн зөрчилдөж байна.

Дээрхээс товчхондоо Анхан шатны шүүх нь төсөл тойрсон улс төр, эдийн засгийн маргаанаас хууль зүйн үр дагавартай гэмт хэргийн гэж болох “Албан тушаалаа урвуулан ашиглах”, “Бусдад давуу байдал бий болгох” гэдгийг ялгаж салгаж чадсангүй.

Дөрөв. Онцгой ач холбогдол бүхий нотлох баримтыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй тухай

Тавантолгой цахилгаан станц төслийн нэгжид өнөөдрийг хүртэл явж байгаа автомашиныг 2013 оны зах зээлийн үнэлгээг АТГ гаргуулахдаа “Гэрэгэ эстимэйт” компанид автомашины гүйлтийг 160 000 гаруй км-ээр илүү буюу 2019 оны үзүүлэлтүүдээр бодуулсан нь 6 жилээр хуучруулсан машины үнийн тооцоолол байх бөгөөд тэр нь 75 сая төгрөг гэжээ. Зөрүү (130-75=55) 55 сая төгрөг гаргаж, намайг “Их хэмжээний хохирол” учруулсан гэж буруутгасан. Тооцооллын энэ алдааг хэргийн мөрдөн шалгах явцад засуулах, өмгөөлөгч байлцуулан дахин мэдүүлэг авах хүсэлт удаа дараа тавьсан боловч прокурор, АТГ миний болон өмгөөлөгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй.

Анхан шатны шүүх тогтоолдоо “Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Лексус 570 маркийн автомашины зах зээлийн үнэлгээг тухай үед 115 000 000 төгрөгөөс 125 000 000 төгрөгийн үнэлгээтэй байсан талаар нотлох баримт гаргаж өгснийг хууль ёсны гэж зөвшөөрсөн атлаа “шүүхээс үнэлэх боломжгүйгээс” (АШШТ, 40х) авч үзээгүй.

Анхан шатны шүүх энэ асуудлаар “Их хэмжээний хохирол” учруулсан гэмт хэрэг хийсэн гэж буруутгахдаа зөвхөн АТГ-ын томилсон шинжээчийн алдаатай тооцоолол бүхий үнэлгээний дүгнэлтийг нотлох баримт болгосонтой санал нийлэхгүй, өөр нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолдоо дурдаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн “1.3 дүгнэлтэд “онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэсэн заалтыг ямар ч хоёрдмол утгагүй зөрчсөн нь тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Тав. Шүүх эрх зүйн чадамжгүй баримтыг хэрэглэсэн тухай

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан, миний ахалж байсан Ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээний  үр дүн болсон гэрээний төслүүдийг Засгийн газарт өргөн барьсан бөгөөд Ерөнхий сайд Сайханбилэг түүнийг УИХ-ын даргын нэр дээр “Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогттоолын төслийг 2015 оны 4 дүгээр сарын 23-нд ЗГ-1/72 тоотоор өргөн барьсан билээ.

УИХ-ын дарга 101 тоот захирамж гаргаж нэр бүхий 10 гишүүдтэй ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нь 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлт нь УИХ болон УИХ-ын Байнгын хороодоор хэлэлцэгдэж ямарваа нэг хууль тогтоомж болоогүй, нийтээр мөрдөх, тэр тусмаа шүүхийн практикт хэрэглэгдэх учиргүй баримт бөгөөд энэ баримт намайг гэм буруутай гэж үзэх, нотлох баримт болгон шийтгэх тогтоолд (АШШТ, 29-35 тал) оруулсан болон энэхүү ажлын хэсгийн дүгнэлт, он, сар, өдрийг надад ял халдаах гол баримт бичиг болгосон нь хууль ёс, шүүхийн шударга ёсны зарчимд үл нийцнэ гэж үзэж байна.

УИХ нь хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч төрийн дээд байгууллага бөгөөд өөрөө олон намын өрсөлдөөнөөр байгууллагддаг, тийм ч учраас УИХ дээр хэлсэн үнэн, худал үгийнх нь төлөө гишүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар зохицуулалттай. Ажлын хэсэг бол УИХ-ыг төлөөлөхгүй, УИХ-аас гаргах тогтоол, шийдвэрийг гаргахад УИХ дахь улс төрийн нам, төлөөлөл, гишүүдэд хэлэлцүүлгийн сэдэв бэлтгэх үүрэгтэй.

УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлт зөвхөн УИХ-ын дотоод ажлын баримт бичиг болохоос нийтээр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг биш. Нэр бүхий 10 гишүүдийн Ажлын хэсгийн дүгнэлт нь хөрөнгө оруулалт босгох ЗГ-ын хүчин чармайлтыг улс төржүүлэн бүхэлд нь буруутгасан, нягталбал зохих, эргэлзээтэй дүгнэлтүүдтэй, үг хэллэгтэй, товчхондоо улс төрийн тунхаглалын шинжтэй юм.

Тус дүгнэлтийг боловсруулахад нэр бүхий 10 гишүүн оролцоогүй, гарын үсгээ зурсан гэдгийг гэрч Л.Эрдэнэчимэг мэдүүлэгтээ өгсөн нь хавтаст хэрэгт байгаа.

Зургаа. Хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо хууль зөрчсөн тухай

 

  1. Анхан шатны шүүх автомашин худалдан авсныг гэмт хэрэг гэж тооцохдоо “Үйлдэл нь 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн байна. Энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна” гэжээ. Прокурор 6 гаруй жилийн дараа энэ хэргээр яллагдагчаар татсан тогтоол үйлдсэн байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3-т “Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлийн гэмт хэрэг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрт шинээр тоолно” гэсэн байдаг.  Энэ заалтад “Санаатай дахин үйлдвэл” гэдэг нь Тавантолгойн гэрээний төсөл бэлтгэсэн хэрэгт хамаарч байгаа бөгөөд энэ миний “санаа” биш, МУ-ын УИХ, ЗГ-ын шийдвэр байсан. Миний ахалж байсан ажлын хэсэг УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоол, ЗГ-ын 2014 оны 268 дугаар тогтоолын хүрээнд ажилласан бөгөөд энэ нь миний “Санаатай” үйлдэл биш учир 2013 оны хэргийг гэмт хэрэг гэж үздэг юмаа гэхэд хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолсон нь шударга ёсны зарчимд харш юм.

  1. Анхан шатны шүүх Тавантолгойн гэрээний төсөл бэлтгэсэн үйлдлийг гэмт хэрэг гэж тооцохдоо “үйлдлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна” гэжээ.

Прокурорын яллах дүгнэлтээс харвал Ерөнхий сайд гэрээний төслийг УИХ-д өргөн барьсан нь “гэмт хэрэг үйлдэгдэж дууссан” хугацаа буюу 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг 5 жилээр тоолох ёстой байв. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 23-нд дууссан.

  1. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3-т “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд оруулан тооцно” гэдэг заалтыг үндэслэн УИХ-ын Ажлын хэсгийн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “дүгнэлт гарснаар таслан зогсоогдсон, төгссөн” гэж үзсэн.

УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлт нь УИХ-ын Байнгын хороод, УИХ-ын Чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэж нийтээр дагаж мөрдөх хууль, тогтоомж, шийдвэр болоогүй, улс төрийн баримт бичгийг шүүхийн практикт хэрэглэснийг буруу гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн тогтоосноор надад гэмт хэрэг гэж халдааж буй хоёр үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 6 дугаар сарын 22-нд дуусгавар болж байна.

 

Долоо. Анхан шатны шүүхийн тогтоол Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенци, пактыг зөрчиж байгаа тухай

Анхан Шатны шүүхийн тогтоол нь Монгол улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг ноцтой зөрчихөөс гадна гаргасан шийдвэр нь Монгол улсын нэгдэн орсон олон улсын конвенцийн заалтуудыг зөрчиж байна.

  1. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ял хэрэглэнэ” гэж байгаа.

Надад халдааж байгаа гэмт хэргүүдийн хувьд 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж байгаа нь хууль бус бөгөөд уг хуулиар ижил хэрэгт оногдуулах ял чангарсан, тухайлбал нийтийн албан тушаалд ажиллах эрхийг хасах ялын дээд хугацаа 2 жилээс 5 жил, хорих ялын дээд хугацаа 3 жилээс 5 жил болтол өсч, шүүхийн ”Дур зоргын хязгаар”-ыг нэмсэн байх бөгөөд надад прокурор эрх хасах, хорихоор 5 жилийн ял өгч Анхан шатны шүүх эрх хасахыг 4 жилээр, мөн 4 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь дээрх пактын заалтыг зөрчсөн байна.

 

  1. 2013 онд үйлдсэн гэх автомашины хэрэг дээр алдаатай тооцоолол хийсэн шинжээч, гэрчийг миний өмгөөлөгч оролцуулан дахин байцаах хүсэлтийг прокурор хийгээгүй, Анхан шатны шүүх зөвхөн нэг талын нотлох баримтыг буруутгах үндэслэл болгосон нь мөн дээрх Пактын 14 дүгээр зүйлийн 3-ын “е”-д заасан “Өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчийг байцаалгах буюу байцаалгуулах” гэсэн заалтад нийцээгүй, наад захын баталгааг хангаагүй үйлдэл болсон.

 

  1. Тавантолгойн төслийг зөв, буруу, ашигтай, ашиггүй гэх “тусгай мэдлэг” шаардсан, илт улс төржсөн гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн “дур мэдэн”, “дангаар шийдвэрлэсэн”, “Бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон” гэж нэг ч үйлдэлгүй, нотлох баримт, хэргийн бодит байдлыг тогтоохгүйгээр Анхан шатны шүүх буруутган ялласан нь Авилгын эсрэг НҮБ-ын конвенцийн 19 дүгээр зүйлд “давуу тал олгох зорилгоор”, “албан тушаалаа урвуулан ашиглах”, “үйлдлийг санаатайгаар үйлдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай”, “асуудлыг авч үзнэ” гэсэн заалттай нийцээгүй, Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 10 дугаар зүйлийн “Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

Найм. Бусад

 

  1. Анхан Шатны шүүхийн хуралдаанд оролцсон Иргэдийн төлөөлөгч (Б.Халиун) яллагдагчийг гэм буруугүй гэж үзснийг тэмдэглэж байна.

 

  1. Намайг хууль бусаар баривчлан саатуулсныг олон улсын хүний эрхийн “Эмнэсти Интернэшнл” байгууллага монгол, англи хэл дээр мэдэгдэл гаргасныг тэмдэглэж байна.

Дээрх эсэргүүцлээрээ Анхан шатны шүүхийн шийдвэр нь:

  1. Буруу хууль хэрэглэсэн;
  2. Хуулийг буруу хэрэглэсэн;
  3. Нотлох баримтыг эн тэнцүү авч үзээгүй, үгүйсгэсэн үндэслэл заагаагүй;
  4. Буруутай гэж үзсэн үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй;
  5. Шүүх эрх зүйн бус, улс төрийн баримтыг яллахдаа үндэслэл болгосон;
  6. Хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан;
  7. Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенци, Пактыг зөрчсөн

гэж үзэж байгаа тул Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье.

 

Давж заалдах шатны шүүхийн хуралдаа өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна.

 

Гомдол, эсэргүүцлээ 461-р хорих ангийн захиргаагаар дамжуулан хүргүүлж байна.

 

 

……………………………………М.Энхсайхан

 

2020.06.16

 

ХЭНД ЮУНЫ ТӨЛӨӨ ГЭЖ САНАЛ ӨГӨХ ВЭ?

Орос, Хятадын дунд “Ардчиллын баян бүрд” болон торойх Монгол орон минь ээлжит сонгуультайгаа  золгож байна.

Тэртээ 30 жилийн өмнөх анхны ардчилсан сонгуультай харьцуулбал их зүйл өөрчлөгджээ.

Дэндүү гэж хэлж болох эрх чөлөөнд дасал болчихоод ардчилал байж л байдаг зүйл гэж бодох шинэ үеийнхэн олонхи болсон байна.

Тэдний санал өгөхөөс өөрсдийнх нь болон бидний эрх чөлөөт амьдралын загвар өөрчлөгдөх цаг үе дээрээ ирсэн шиг байна.

Хорьдугаар зуун дарангуйлагчдын мандаж мөхсөн, хүн төрөлхтөнийг харанхуй нүхэнд унагасан зуун байлаа.

Хорьдугаар зуунд коммунистуудын  бусдын хөрөнгийг  хураахаас айсан европын дундаж давхрага фашист дарангуйллыг хүссэнээрээ ардчиллыг доройтуулсан байдаг.

Хорин нэгдүгээр зуунд хүмүүс аливаа дарангуйлал зөвхөн хувийн өмчид халдах биш , эрх чөлөөг устгаж, олон сая хүний амь насыг авч явдгийг мэдэж авсан.

Дарангуйлах үзэл дарангуйлагчтайгаа хамт үхдэггүйг ойлгохын дээдээр болсон. Цагийн эрхээр эмчлэгдэх энэ эмгэг зарим оронд байсаар л байна.

Монголд ч мөн адил. Тэр тусмаа “Том ах”-тай байх синдром арилаагүй л байна.

Төрийг ардчилахын тулд эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хувааж тэнцвэржүүлэх, харилцан хяналт тавьдгийг дэлхийгээрээ хүлээн зөвшөөрдөг.

Угтаа хууль тогтоогчид нь “Сонгогдох эрх мэдэл”, Засгийн газар, шүүх нь “ Томилогддог эрх мэдэл” юм.

“Томилогддог эрх мэдэл” нь “Сонгогддог эрх мэдэл”-ээс улс төрийг булааж, хууль ёсыг  гажуудуулж, баривчилгаа, хэлмэгдүүлэлт зохион байгуулж байгаа нь ардчиллыг завхруулж буй үйлдэл юмаа.

Ийм завхрал гарахад МАН, АН буруутай. Тэд сонгогчдод сонголт хийх бололцоо олгодоггүй бүгдээрээ л ардчилсан дүртэй ялгахад хэцүү.

Ардчилсан нийгэмд зүсэн зүйлийн үзэлд хүлцэнгүй ханддаг.

Гэхдээ эрх чөлөө, зах зээлд дайсагнах хэн нэгнийг төрд ойртуулахгүй байх анхны “шүүлтүүр” нь улс төрийн нам байж чадсан газарт  ардчилал найдвартай, хөгжил тогвортой байдаг.

Монголд МАН, АН төрийн босгыг дордуулсаар анхдагч “шүүлтүүр”-ийн үүрэг ролийг орхигдуулсаар иржээ.

Нэгэнт сонгогчдод өөрсдөд нь эрх чөлөө, зах зээл, өмчөө хамгаалах үүргийг ноогдуулж буй үед нэр дэвшигчдэд хэнд нь санал өгөх вэ? гэдэг улс төрийн сонголт хийх шаардлага байгаа нь мэдээж. Тэр тусмаа бүгд гоё ярина, амлалтаараа уралдана.

Сонголтоо зөв хийхийн тулд дараахь 4 шалгуурыг хэрэглэж үзэхийг санал болгосон байдаг. Хэрвээ эдгээр шалгуурыг даахгүй бол нэр дэвшигчид санал өгөхгүй байх нь үр хүүхдүүдийн чинь ирээдүйд өлзийтэй.

Шалгуурууд:

  1. Ардчилалд дургүй хандлагатай эсэх/Үндсэн хуулийг үл ойшоодог, өөрөөр засаглахыг хүсэмжилдэг, сонгуулийн дүнг үл зөвшөөрөх/
  2. Өрсөлдөгчийнхөө хууль ёсны эрхийг үл хүндэтгэх хандлагатай эсэх /Өрсөлдөгчөө дайсан гэж хардаг, гэмт хэрэгтэн , тагнуул гэж цоллодог/
  3. Иргэний эрх чөлөө, хэвлэн нийтлэхэрх чөлөөнд халддаг эсэх /Авторитар дэглэм, Орос Хятадыг үлгэрлэх өнгөтэй, хуулийн байгууллагыг улс төрд ашигладаг, сэтгүүлчдийг үл ойшоодог,/
  4. Хүчирхийлэх хандлагатай эсэх /Хүчирхийлэлд уриалдаг байгууллагыг дэмждэг эсэх, хүчирхийллийг буруушаахаас зугатаадаг, өмгөөлж хамгаалдаг /

Энэхүү шалгуурууд нь дарангуйлагч дэглэмийн зовлон бэрхшээлийг биеэрээ туулсан улс төр судлаачдын зөвлөгөө ажээ.

Сонгогч Та сонголтоо хийчихсэн байгаа гэсэн хэдий ч сонголт маань зөв эсэхэд энэ зөвлөгөөг хэрэглээд үзэхэд буруутахгүй.

Ардчилал Таны сонгох эрхийг чинь авчирсан. Харин ямар төртэй байх нь Таны сонголтын асуудал.

Эрх мэдлийг шүүрч аваад тэндээ бүгших санаархлыг эсэргүүцэн дуугарч чаддаг зоригтой улс төрч энэ цаг үед их л хэрэгтэй санагдаж байна.

Монгол эрх чөлөө, өмч хөрөнгө, зах зээлээ хамгаалан байж эдийн засгийн хямралыг зөөллөж, ардчиллын эрүүл мэндийг сайжруулан ирээдүйгээ бүтээнэ гэдэгт итгэж байна.

Таны сонголт мэргэн байх болтугай.

М.Энхсайхан

2020.06.22

Шоронгийн эмнэлэгт бичив.