Хэн нь түрүүлж тамирдах вэ?

Хөрш орнуудынхаа нийгэм, эдийн засгийн байдлыг тоймлон зураглах явдал манай бодлого тодорхойлогчдод нэн чухал юм. Өмнөд хөрш Хятад улс  2013 оноос “Нэг бүс Нэг зам” нэртэй торгоны зам байгуулах  стратегийг гаргаж тэр нь  2017 онд  “Бүс, замын санаачилга” нэртэйгээр   дэлхийд зарлагдав. Ойрын жилүүд энэхүү стратеги хэр ирээдүйтэй болох нь тодрох бизээ.

Хойт хөрш Оросын хувьд Барууны хоригтой учраад дөрөвдэх жилтэйгээ золгох гэж байна. Нөхцөл байдал амаргүй байгаа бололтой юм.

Орос улсаас бүхэлдээ барууны гадаадын хөрөнгө оруулалт зугтааж байна. Рублийн ханш унаж, өргөн хэрэглээний барааны үнэ өсч, ажилгүйдэл, ядуурал өсч байна.

Оросын ДНБ Барууны хоригтой учирсан 2 жил дараалан буурчээ. 2017 онд бага зэргийн өсөлт гарсан хэдий ч тэр нь газрын тосны үнийн өсөлт, дотооддоо их хэмжээний зээл тараасантай холбоотой учир Орос орон улс төр, эдийн засгийн томоохон өөрчлөлт хийхээс нааш энэхүү өсөлт тогтвортой байж чадахгүй  гэж тайлбарлаж байна.

Оросын ДНБ:

Screen Shot 2018-01-08 at 10.11.42 AM

Орос орон Монголтой нэгэн адил эдийн засгаа төдийлөн солонгоруулж чадаагүй учир газрын тос, байгалийн хийн экспортоос ихээхэн хамааралтай хэвээр байна. Нийт экспортын 60 гаруй хувь нь газрын тос, байгалийн хийтэй холбоотой бүтээгдэхүүн эзэлж байна.

Оросын экспортод эзэлж байгаа бүтээгдэхүүн:

Screen Shot 2018-01-08 at 10.12.38 AM

Барууны хориг Оросын эдийн засгийг сулруулж байгааг Путин жил бүр хийдэг хэвлэлийн бага хурлынхаа үеэр хүлээн зөвшөөрсөн нь анхаарал татаж байна. 

Хориг арга хэмжээг янз бүрийн өнцгөөс зөв буруу гэж маргалдаж болох боловч олон улсын практикт улам бүр хэрэглэгдсээр байна.

АНУ 2017 онд Орос, Иран, Хойт Солонгосын эсрэг хориг тавих хууль гаргасан бөгөөд энэ бодлого дунд болон урт хугацаанд үргэлжлэхээр харагдаж байна.

Барууны хориг Оросын эсрэг бүхэлд нь биш зөвхөн санхүү, эрчим хүч, батлан хамгаалах салбар болон тодорхой хүмүүс рүү чиглэж байна. Оросууд мөн хариу хориг арга хэмжээ авч байгаа харагдана.

Барууны хориг  нь Европт ихээр яригдаж байгаа газрын тос болон хийн хоолойн олон төслүүдийг эргэлзээтэй байдалд оруулаад зогсохгүй  мөн Монголыг тойроод байгаа “Сила Сибири” гэх мэт хийн хоолойн төслийн хувь заяаг ч бүдгэрүүлээд байна уу даа гэж бодож болохоор байна.

Хориг, хариу хориг арга хэмжээнээс аль аль тал нь хохирол амсаж буй хэдий ч урт хугацаандаа “Хэн нь түрүүлж тамирдах вэ” гэдгээр асуудал өрнөж байна.

 

 

 

 

Торгоны зам ба Бээжингийн стратеги

 

Нэгэн зүйл.

Олон олон зууны тэртээгээс  Ази болон Европ тивийг холбосон  худалдаа наймааны зам бий болж тэр нь баруун тийш сунасаар   Газрын дундат тэнгис, зүүн тийш Солонгосын хойг, Япон хүрч байжээ. Уг замаар дамжин Өрнө болон Дорнын их соёл сүлэлдэж байлаа.

Янз бүрийн орны зүсэн зүйлийн үндэстэн, овог аймаг, хаадын тэмцэл дор энэхүү зам нь нэг биш удаа жим болон жижгэрч мөр нь бүдгэрч байсан бололтой юм.  Харин Их Монгол улсын тогтоосон Монголын энх амгалан (Pax Mongolica)-ийн үед энэхүү зам тогтвортой өргөжин хөгжсөн байдаг.

Түүхэнд домог болсон энэхүү замыг олон оронд “Торгоны зам” хэмээдэг. “Торгоны зам” хэмээх нэр (“Seidenstraße” and “Seidenstraßen” = “Silk Road) анх 1877 оноос яригдсан гэх бөгөөд зохиогч нь Фердинанд вон Рихтофен гэдэг Германы газар зүйч эрдэмтэн юм.

Screen Shot 2018-01-02 at 7.42.44 PM

“Торгоны зам” гэх нэршил Хэр зөв бэ гэдэг талаар одоо ч маргаан байдаг юм. Японы эрдэмтэн Хисау Мацуда энэ замаар голчлон “торго-морины наймаа”  явагдаж байсан хэмээгээд зөвхөн “Торгоны зам” гэж нэрийдэх нь алсдаа талын нүүдэлчдийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг ролийг мартагнуулж магадгүй гэжээ.

Screen Shot 2018-01-02 at 7.41.25 PM

Интернет дээр Торгоны замын өвөг дээдэс нь Талын зам байсан гэж бичсэн харагдав.

Нэгэн зүйл

Урд хөрш Хятад улс 2013 онд “Нэг бүс-Нэг зам” нэртэй том стратегийн зорилтоо тунхагласан юм.

Бээжингийн энэ стратегийг Глобальчлагдан буй дэлхийд олон бүс, олон зам байгаа, аль нэг улс орон түүнийг нэг бүс, нэг зам хэмээн ярих эрхгүй гэж шүүмжилж байлаа. Энэ нөхцөл байдлыг Хятад улс анхааралдаа авсан боловуу гэж бодогдож байна. Ямарч байсан Бээжингийн стратегийн өнөөгийн албан томьёолол нь “Бүс, замын санаачилга” нэртэй болсон байдаг.

Өнгөрөгч 2017 онд Бээжин дээрх асуудлаар олон улсын том хурлыг зохион байгуулсан төдийгүй Барууны орнуудын хүүхдүүдэд орондоо орж унтахаас нь өмнө аав ээж нь ярьж өгөх үлгэрийг хүртэл зохиосон байдаг. Утга нь энэхүү стратеги нь зөвхөн Хятадынх биш энэ бол бүх дэлхийд хамаатай гэсэн санааг агуулж буй. http://www.youtube.com/watch?v=wBd3_XOAfjc

Бээжингийн стратеги нь дотроо хуурай замын торгоны зам бүхий эдийн засгийн бүс, далайн тээврийн торгоны зам гэсэн 2 хэсгээс бүрдэж буй.

Screen Shot 2018-01-02 at 6.24.15 PM

Screen Shot 2018-01-02 at 6.32.50 PM

Бээжингийн энэхүү стратеги нь Хятад улсад бий болоод байгаа хэт үйлдвэрлэлд 500 сая хүнтэй Европын зах зээлийг нээх гэсэн дотоод нөхцөл шалтгаантай гэж судлаачид үзэх явдал байна.

2017 онд АНУ болон Европын Холбоо аль аль нь Хятад улсад “зах зээлийн статус” олгосонгүй.

Хэдийгээр Хятад улс Дэлхийн Худалдааны байгууллагад 2001 онд элсээд удаж байгаа ч, хэдийгээр Хятад улс 15 жилийн дараа 2016 оны сүүлээр “зах зээлийн статус”-ыг автоматаар авах ёстой байсан хэмээж байгаа ч  ийм явдал болсонгүй.

Зөрчил аажим хурцадах байдалтай байна.

2018 он гарсаар Япон улс Бээжингийн стратегийг дэмжихийг хувийн хэвшлийн компаниудад уриалах төдийгөөр үйлдлээ хязгаарлаж байгаа харагдана.

Бээжингийн стратеги дотор Хятад, Монгол, Оросын эдийн засгийн корридор байгуулах асуудал багтаж байгаа.

Одоохондоо энэ бол улс төр төдий. Бизнес талаасаа үр ашигтай төсөл гаргах тун хэцүү. Энэ асуудлаар Орос, Хятадын сонирхол тэр болгон нийцэхгүй байгааг талууд ойлгож байгаа. Тэгээд ч 3 сая хүн амтай Монгол улс,  Сибирь болон Алс Дорнотод 6,5 сая хүнтэй Орос улс нийлээд 10 сая хүрэхгүй байгаа нь бизнес  талаасаа хөрөнгө оруулагчдын сонирхол татах нь юу л бол гэж бодож болохоор байна.

Бээжингийн стратеги нь дотроо бүс, зам гэсэн хоёр хэсэгтэйг хэлсэн. Одоохондоо яаж ч бодсон далайн тээвэр төмөр зам, авто замын тээврээс олон дахин давуу байдалтай байгаа. Далайн тээвэр үнэ өртөг бага, хил гаалийн олон дахин шалгалтанд өртөөд байхгүй, хурдтай байна. Иймээс банк, санхүүгийн байгууллагууд бүс санаачилгыг бус, зам санаачилгыг илүүтэй санхүүжүүлэх боловуу гэж бодож болохоор байна.

Хөрш орнуудынхаа стратегийг өөрийн мэт хөөрцөглөж өрөнд унаж (Орост) ирсэн түүхээ давтахгүй байх нь чухал мэт санагдав.

Бээжингийн стратеги капитализмын газар зүйг өөрчилж чадах эсэхийг харах л үлдлээ.

 

 

Монгол 1911-1924

 

Screen Shot 2017-12-19 at 11.27.31 AM

2017 онд хэвлэгдсэн Данийн судлаач Christel Braae-ийн  “Among Herders of Inner Mongolia” номын “Монгол дахь Скандинавийн судлаачид” хэсгийг Та бүгдэд толилууж байна.

Энэхүү номыг гүйлгэж харах зуур дараахь зүйлсийг тэмдэглэснээ хүргэе.

“…1644 оноос Монгол нь Манжийн эзэнт гүрний нэг хэсэг байсан бөгөөд Бээжингээс гар хүрч чадахгүй хэсгээ Гадаад Монгол гэж байв

Манж гүрэн унаж түүнээс хойш 2 сарын дараа Өргөөнд байгаа ноёд хутагтууд Тусгаар Монголыг зарлаж хаан ширээнд , Түвд гаралтай амьд бурхан, 5 настайдаа Чингис хааны оюун санааны залгамжлагч гэгдэж байсан  8 дугаар Богд Жавзандамба хутагтыг залав

…1917 оны большевик хувьсгалд сэтгэл дундуур монгол ноёдууд хятадын тусламж эрэлхийлж байв. Гэвч Хятадууд монголыг эзэрхийлэх санаанаасаа үл татгалзан 1919 онд цэрэг илгээж Хутагтыг хаан ширээнээс нь зайлуулах алхам хийлээ. Төдий л удалгүй хятад цэргүүд дотоод шалтгааны улмаас нутаг буцсан байдаг. Энэ нь засаглалын вакуум бий болгож цагаан оросын Барон Унгерны цэргүүд хэдэн мянган дэмжигч монголчууд, түвдүүд, япончуудтай нийлэн үлдсэн хятад цэргүүдийг Өргөөнөөс хөөн гаргажээ.

…Алан хядлага жил үргэлжилж Большевикүүд 1921 онд Өргөөнд ирж Хутагтыг хаан ширээнд буцаан тавьсан бөгөөд тэрбээр 1924 онд насан эцэслэх хүртлээ Монгол төрийн тэргүүн байв.

…1911 оны хувьсгалын дараа монголчууд ар болон өвөр монголыг нэг улс дор багтаахыг хүссэн боловч Большевикүүд тус болсонгүй.

1924 онд Монгол бие даасан тусгаар улс гэдгээ тунхаглалаа. Үүнтэй зэрэгцэн Тану Тува бие даасан улс гэдгээ мөн зарлав. Бодит байдал дээр тэдгээр нь Зөвлөлт Холбоот Улсын дагуул улс байсан юм.”

 

Among Herders of Inner Mongolia-Christel Braae

Бүүм: Ашигт малтмалын хууль ба 250

1997 онд эдийн засгийн ямархуу хүндрэл бэрхшээлийн дунд яагаад гаалийн татвар тэглэж байсан тухай товчхон бичсэн билээ. Эдийн засгийн гол стратеги зорилт нь гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол руу татах явдал байлаа. Монголын газар зүйн байршил, дэд бүтцийн сул хөгжил нь  ялангуяа барууны хөрөнгө оруулагчдын хувьд Монголыг дэлхийгээс дэндүү хол харагдуулдаг нэг ёсны бурхан тэнгэрээс бий болгосон “гаалийн татвар” байлаа. Ийм нөхцөлд төр засаг, хүмүүний тогтоодог субьектив чанартай импортын татвар эдийн засгийн стратеги зорилтод нийцэхгүй гэж үзсэн тухай өгүүлсэн билээ.

Өнгөрсөн 20 жилийн эдийн засгийн хөгжлийн түүхэнд бас нэг томоохон нөлөө үзүүлсэн үйл явдал бол Монгол улс зах зээлд шилжсэнээс хойш анх удаагаа шинэ Ашигт малтмалын хуультай (АМХ-1997) болсон явдал байлаа. Тухайн үед тэрхүү хуулийг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Монгол улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах чадлаараа  дэлхийн эхний 10-т багтах эрх зүйн орчин бүрдүүллээ” гэж шагшиж байсан санагдана.  Тэр нь бидэнд сурталчилгаа болсон нь дамжиггүй.

Бид хуулиа гаргачихаад сайнаар ярьвал өөрсдийгөө эмхэлж, муугаар ярьвал өөрсдийгөө хэмлэж байх зуур дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнийн өсөлтийн цикл ирж, тэр нь бүр суперцикл болж (2000-2012) , манай эдийн засагт Бүүм авчирсан юм. Бүхэлдээ өнгөрсөн 20 жилд монголчуудад аз тохиосон байдаг. Суперциклийг бид бүрэн ашиглаж чадсан эсэх нь маргааны сэдэв ч монголчууд томоор харвал алдаагүй. Энэ талаар хожмоо дурсая.

Геологи хайгууль бол асар үнэтэй төдийгүй өндөр технологи, мэдлэг шаардсан ажил. Бидэнд тэр бүгд нь байсангүй. Монгол бол геологийн хувьд одоо ч нээгдээгүй орон. Газар доорхи нөөцийг нь үнэлгээнд оруулбал нэг ам дөрвөлжин нутаг дорхи байгалийн нөөц нь 1 ам. доллар хүрэхгүй байна. Нэг үгээр хэлбэл геологи хайгуульд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй хэвээр байна.

Социализмын үед Оросууд нэлээд геологийн хайгууль хийсэн байдаг. Тэр ч байтугай Оросын геологи хайгуулийн анги манай хилээс дотогш 100 км-т чөлөөтэй нэвтрэх эрхтэй байлаа. Тэгээд ч хамаг мэдээлэл Оросын архивт байлаа. Алдаг оног хуулбарууд нь манайд үлдэж байсан байх. Гэтэл улс орон алсын хараатай хөгжихийн тулд геологийн салбар нь бусдаас наад зах нь 20 жилийн өмнө явах шаардлагатай байв.

1997 оны АМХ-ийн гол зорилго нь урт хугацаандаа бусдын хөрөнгө, хүчээр өөрийн нутагт хайгууль хийлгэж улс орныхоо байгалийн нөөцийн талаар тогтвортой хөгжлийг төлөвлөж болохуйц геологийн нэгдсэн мэдээлэлтэй болж авах, богино дунд хугацаандаа эдийн засгаа өөд татах явдал байсан юм.

1997 оны АМХ-ийн бий болгосон эрх зүйн орчинд Оюу Толгойн орд нээгдэж тэр нь мегатөсөл болон хэрэгжиж бодитойгоор манай эдийн засагт хувь нэмрээ оруулж байна. Оюу Толгой төслийн зарим үзүүлэлтүүдийг сайтаас нь чирээд ирлээ.

Screen Shot 2017-12-22 at 10.15.45 AMScreen Shot 2017-12-22 at 10.17.04 AMScreen Shot 2017-12-22 at 10.16.13 AMScreen Shot 2017-12-22 at 10.16.44 AM

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сайны хажуугаар саар юм их бий. Үр дүн багатай маргалдах сэдэв маш их байгаа.

АМХ батлагдснаас хойших 20 жилд уг хуульд нийтдээ 250 өөрчлөлт орсон гэсэн мэдээлэл саяханаас олж харлаа. Ийм олон өөрчлөлт хийгдсэн нь үнэн бол АМХ гаргаж байсан үеийн анхны стратеги баримтлал алдагдсан байж таараа.  Тэгсэн ч болов уу. Яагаад гэхээр суперциклийн сөрөг нөлөөн дор хаа сайгүй популист санаанууд газар авч тэр нь хуулийн өөрчлөлт болж байсан хэрэг л дээ. Тэр хэмжээгээрээ Монголоос гадаадын хөрөнгө оруулалт зайлж байсан.

635b9395-26b3-4069-b7e1-a70dcc08156a

 

  • Суперцикл төгсгөл болоод удаагүй байна. Эргэж ирэх эсэх нь тодорхойгүй байна.
  • Монголд руу чиглэсэн хөрөнгө оруулалт татраад бидний байдлыг хүндрүүлж байна.
  • Өөрийгөө байгалийн нөөцөөр баян хэмээн тансаглан зээл авч, бонд гаргасаар өрөнд унасан байна.

Байдлаас гарахын тул ОУВС-аас  тусламж авч явааг сайн муу гэж цэцэрхэж болох боловч буруу нь бидний монголчуудынх билээ.

Өнгөрсөн үеэ зөв задлан шинжилж ирээдүйн бодлогоо алхам алхамаар чамбайруулах цаг үе дээр ирээд байна.

Энэ хэрэгт тус болох боловуу хэмээн дээрхийг тэрлэв.

 

 

 

 

 

Замын Түгжрэлийн Татвар (Швед)

Шведийн нийслэл Стокгольм хот нь 1.0 сая орчим хүн амтай, Скандинавын орнууд дотроо хамгийн их хүн амтай хот юм.

Шведийн Засгийн газраас хотын төвийн замын түгжрэлийг бууруулах зорилгоор тал бүрийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байдаг.

Сонирхол татахуйц нэгэн арга хэмжээний талаарх мэдээллийг нийтийн хүртээл болгоё.

  • Замын түгжрэлийн татвар /Congestion charge/ 

Замын түгжрэлийн татвар Стокгольм хотод 2006 онд анх танилцуулагдаж, 7 сар туршиж, олон нийтийн санал хураалтын дүнд дийлэнх олонх нь үргэлжлүүлэх санал өгснөөр 2007 оны 8-р сараас хэрэгжиж эхэлсэн байна.

Энэхүү хураамжийг Стокгольм хотын төв хэсэгт ажлын өдрүүдэд цагийн хязгаартайгаар /6.30-18.30/ их ачаалалтай үе буюу ажил эхлэх, тарах үед татвар өндөр байхаар хотын төврүү орох гарах үед ногдуулж байна.

Түгжрэлийн татвар ногдуулж байгаа бүс, татварыг автомат тоног төхөөрөмжөөр ногдуулж буй цэгүүд, хичнээн хэмжээний татвар ногдуулж байгааг дараахь зургаас харна уу.

Screen Shot 2017-12-21 at 10.17.15 AM

Түгжрэлийн татвараас орсон орлогыг нийтийн зам тээврийн хөгжилд зарцуулдаг байна. Түгжрэлийн татвараас олж буй орлогыг дараахь хүснэгтээс харна уу.

Screen Shot 2017-12-21 at 10.50.13 AM

Шведэд Замын түгжрэлийн татвар ногдуулснаар хотын төвийн замын хөдөлгөөн 22 хувь /өдөрт 100000 зорчигч/, нүүрс хүчлийн хий 14 хувь /жилд 25000 тонн/-иар тус тус буурсан тооцоотой байна.

Бяцхан Дүгнэлт

Хотын төвийн түгжрэлийг багасгах гол арга зам нь түгжрэлийн татвар ногдуулах байж болохоор харагдаж байна.

Татварт дуртай хүмүүс гэж мэдээж байхгүй. Гэхдээ зорьсон газраа хүрэх бусад боломжит хувилбаруудыг (нийтийн тээврийн хэрэгсэл, дугуй гэх мэт) сонгох бололцоог зорчигчдод бий болгосноор, тэдний сэтгэхүйн хандлагыг өөрчилснөөр  хотын хөгжил тогтвортой болох эсэх нь хамаарна.

Дээрх арга хэмжээ нь агаарын бохирдол, дуу чимээ, стресс зэргээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг бууруулдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна.

 

Монгол иргэншлийн эрэлд

Миний бие Түвдийн тооллын 2137 (2011) онд Кайлас ууланд гороолсон аяллын тэмдэглэлээ нийтлүүлж байсан юм.

Глобальчлагдан буй ертөнцөд улс үндэстэн бүр өөрийн гэсэн соёл иргэншлээ углуургаар нь таньж өөрийн таних тэмдэг болгох, соёл иргэншлээ хадгалан  хамгаалах зовлонд унаж байгаа билээ. Энэ асуудал өнөөгийн монголчуудад мөн л хамаатай. Барууныхан монгол, түвдийг нэгэн иргэншилд хамаатуулан авч үздэг.

“Монгол иргэншил”-ээ хайсаар байгаа хүмүүст энэхүү тэмдэглэлээ зориулья.

Screen Shot 2017-12-20 at 11.35.05 AM

Потала хийдийг Далай лам 1645 онд бариулжээ

Кайлас ууланд хүрэхийн тулд дэлхийн хамгийн өндөрт байрлах Лхас оров. Лхас гэдэг нь “бурхадын газар” гэсэн утгатай. Далайн түвшнөөс 3500 метрийн өндөрт байдаг. Нисэх буудлын гүйх зурвас нь 4000м. Агаар сийрэг тул онгоц хурдтай бууна, мөн хөөрөхийн тулд уртаас урт зурвас хэрэг болно. Сийрэг агаартай тул Ус 85 градуст буцална. Ус буцалгаж нэг удаагийн хоол идэх арга байхгүй, түүхийрэнэ. Буцахдаа онгоцонд халуун цай захиалж “халуун цай” гэж юу байдгыг мэдэрч билээ.

Screen Shot 2017-12-20 at 11.32.40 AM

Кайлас ууланд очихын тулд бүх хүмүүс Лхас хотод Хилийн цэргийн газраас зөвшөөрөл авах ёстой ажээ. Надад туслах ёстой өвөр монгол хэлмэрч маань “би хятадын иргэн надад зөвшөөрөл хэрэггүй” гэв. Гэвч замд хилийн цэргийн эхний шалгах цэг дээр нөгөө хэлмэрч маань зөвшөөрөлгүй тулд үлдэж хоцорч билээ. Хоёр хоног зөвшөөрөл хүлээх зуур хэд хэдэн том дурсгалт газруудаар орж амжив. Түүний нэг нь Потала хийд. Уг хийд нь бүх далай лам нарын ажиллаж, амьдарч байсан ордон аж. 5 дугаар Далай лам 1645 онд энэ хийдийг бариулжээ. Барилгын ажил 3 жилиййн дотор дууссан боловч дотоод засал нь 45 жил хийгдсэн. 1000 өрөөтэй. 1959 онд 14 дүгээр далай лам Энэтхэг рүү дүрвэхээс өмнө хийд байсан бол одоо музей болсон. Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн. Эвдрэлд оруулахгүйн тулд Өдөрт 1500 хүнээс илүү үзэгч оруулах хориотой богиносгосон цагаар ажилладаг гэнэ.Дотроо үе үеийн далай ламд зориулсан алтан суваргуудтэй. Суваргууд нь алт, мөнгө, зэс, эрдэнийн чулуугаар хийгдсэн. Жишээ нь нэг том суварга босгоход 2 тонн алт, очир алмас, эрдэнийн чулуу үй олноор орсныг үзэж билээ. Потала хийдийг АНУ-ын USA Today сонин, Америкийн телевизын Good Morning America шоу 2006 онд Ертөнцийн 7 гайхамшигийн жагсаалтад оруулжээ.14 дүгээр Далай ламыг төлөөлүүлсэн хувцас бүхий сүг бүхий өрөөтэй. Хийдийн үүдийг Цаст уулын цагаан барс манаж буй.

Screen Shot 2017-12-20 at 11.33.04 AM

Түвдүүдийн сүм, хийдийг барих газрыг сонгодог аргыг харуулсан нэгэн нууцмал зургийг хөшигний ард байхыг олж зургийг нь авч билээ. Хийдүүдийн газрын байршил өөр хоорондоо уялдаатай, тэнгэр, газартайгаа нягт барилдлагаатай бололтой шүү. Монголчууд Тэнгэр эцэг, Дэлхий ээж гэдэг. Түвдэд ч ялгаа алга. Харин нь ч хот байгуулалалтын зарчим нь байгаль дэлхий, хүмүүний хоорондын шүтэлцээг бодолцсон шиг санагдав.

Монголд уснаасаа хол, хад чулуун дунд оршин байдаг нэгэн сум санаанд орлоо. Би шөнө дунд очоод хоноглоод өглөө нь босоод гайхаж “Яаж яваад ийм газар сум бий болчихдог байнаа” гэж дуу алдснаа санаж байна. Хариулт нь маш энгийн байж билээ. Сум байгуулах үүрэг даалгавар авсан тэр үеийн дарга морин дээрээ нойрмоглож яваад Төрийн тамгыг тэнд унагаасан гэнээ. Тамга энд уначихлаа. Сум байгуул гэсэн бололтой юм. Нэрийг нь хэлээд яах вэ ямарч буруугүй монголчуудаа гомдоочихно.

Screen Shot 2017-12-20 at 11.33.21 AM

Сүлд гэдэг нь эртний монголчуудын Зүлдэ гэдэг үгнээс улбаатай

Кайлас уул руу явах Хилийн цэргийн зөвшөөрөл хүлээсэн 2 хоног бидэнд сайнаар эргэв. Өндөр газарт шууд очиход толгой хүндэрч өвдөнө. Ялангуяа эрэгтэй хүүхэд их мэдрэмтгий тул хэвтэрт орох явдал бий. Савтай Хүчилтөрөгчийг бага багаар хэрэглэж биеэ дасгадаг. Энэ зуур Жоканг хийдээр орлоо.Энэ хийдийг Соронзон Гомбо хаан 639 онд байгуулжээ. Түвдэд бүддийн шашныг нэвтрүүлсэн, түвд үсэг зохоисон ач буянтай хаан аж.  Хийд тэр чигээрээ бүддийн шашны түүх байлаа. Үе үеийн хувилгаадуудын шуумал дүртэй. Бараг 800-аад байдаг гэсэн. Ихэнх нь нийтэд хаалттай юм. Монголын их хаадуудтай холбоо тогтоож байсан Пагва лам болон, Чингис, Өгөөдэй хаантай холбоо тогтоож байсан лам нарын шуумал дүрийг олоод хэрэндээ сэмхэн зургийг нь авч билээ. Маргааш өглөө нь авсан зургуудаа шалгаж байтал дээрх зургууд маань гэрэл зургийн аппаратад байсангүй. Ахин дахин шалгав. Яах ч аргагүй 3 зураг авсан гэдэг нь авсан зургуудын “тоолол”-д тэмдэглэгджээ. Гэвч зураг нь алга. Бүр ядаж хоосон харанхуй кадр ч алга. Зөвхөн зургийн тоололд 3 кадр сох дутлаа. Харамсахын дээдээр харамсч гайхахын дээдээр гайхав. Монголын их хаадын түүхтэй холбоотой лам нарын зургийг авч чадсангүй. Болдоггүй ч байж магад.

Хийдийн орой дээр Хар туг бий. Дорнод аймагт Тугийн сүм гэж байсан юм. Тэр сүмд ажил хийж явсан нэгэн ахмад надад тугийн сүмийн талаар дуртатгалаа гар бичмэлээр ирүүлж билээ. Би түүнийг нь чухалчлан үзэж товхимол болгон хэвлүүлээд хүргүүлэхдээ цөөн хэдийг өөртөө үлдээсэн юм.Тэрхүү ахмадын хэлснээр Сүлд гэдэг нь эртний монголчуудын Зүлдэ гэдэг үгнээс улбаатай гэнэ. Зүлдэ гэдэг нь хонины толгой, зүрх, уушиг, багалзуурын хэлхээг хэлдэг байж. Амь орших, сүнс орших хэсэг гэж үзэж байсан бололтой. Чингисийн хар сүлд тэрхүү сүмд байж байгаад урагш Өвөр Монгол руу алдагдаад хожим нь Бээжин рүү явсан гэдэг. Өвөр Монголчууд хожим нь Бээжингээс нэхэл дагал болоход мөн л цааш Хятадын баруун тийш сураг нь гараад алдарсан гэдэг.Юутай ч өнөөдөр Улсын музейд хадгалагдан байгаа Сүлдтэй хэлбэр, дизайны хувьд ижилхэн Сүлдийг Жоканг сүмийн оройд заларсан байхыг харав.

 

Азийн хүн амын 85 хувь нь Түвдийн өндөрлөгийн усны эргэлтээс хамааралтай

Түвд. Энэ үгийг сонсонгуут хүмүүсийн нүдэнд Далай лам харагддаг байх. Тэглээ гээд буруу юм юу байхэв. Гэвч Түвдийг жаахан өөр өнцөгөөр харах гэж оролдьё. Газар зүйн хувьд Түвдийн өндөрлөг онцгой чухал ач холбогдолтой юм. 2,5 сая хавтгай дөрвөлжин км энэхүү нутгийг “дэлхийн дээвэр” гэдэг юм билээ. Тэнд Хятадын цөмийн болон пуужингийн томоохон баазууд байдаг. Бүдүүлэг надад дээвэр дээрээс буудахад амар байх гэж бодогдов.

Screen Shot 2017-12-20 at 11.33.43 AM

Дэлхийг хүмүүс хоёр туйлтай гэж боддог. Өмнөд туйл -Антарктид, хойт туйл -Хойт мөсөн далай. Өмнөд болоод хойт туйлын мөс хайлвал юу болохыг төсөөлөхөд бэрх. Энэ талаар Холивуд гуай нүдэнд харагдтал кино хийж буй. Тэгвэл Түвдийн өндөрлөг бол дэлхийн гуравдахь туйл юм. Тэнд хэдэн арван мянган мөсөн гол, мөнх цас, мөс бий. Түвдийн өндөрлөг бол дэлхийн усны цамхаг юм. Тэндээс дэлхийн 10 том гол мөрөн эх авдаг. Судалгаагаар Азийн хүн амын 85 хувь нь Түвдийн өндөрлөгийн усны эргэлтээс хамааралтай юм.

Түвдийн өндөрлөгт тариа будаа ургахгүй. Тиймээс Түвдчүүдийн 40 хувь нь морь, хонь, сарлагаа маллаж нүүдэлчин амьдралтай хэвээр байгаа. Нүүдэлчдийн иргэншилд олон нийтлэг зүйл байдагыг тэндээс харж болно. Өөрийгөө танихын тулд бусдыг тэр дотор Түвдийг сонирхож үзвэл сонин санагдсан шүү.

Манай тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны улс нь Түвд

Лхас. 500 мянган хүн амтай. 70 хувь нь түвдүүд, бусад нь хан болон бусад үндэстэн. Хот нь зам, барилга, гүүр, хот зохион байгуулалтын хувьд цэвэрхэн, орчин үеийн санагдсан.

Хот дотор сэтэртэй хонь явж байх нь энүүхэнд. Лхасаас Кайлас уул хүртэл 1000 гаруй км. Машин хөлслөв. Цаг давчуу тул их л хурдтай довтолгох юм бодож билээ. Гэвч замд гарсан хойноо хурдлах бололцоогүйг ойлгож билээ. Зам дээр үе үе шалгах цэгүүд тааралдана. Нэг цэгээс нөгөө цэг хүртэл тодорхой цаг зарцуулсан байхыг шаарддаг нь сайхан санагдав. Жолооч маань хурдттай явж явж дараачийн цэгт ойртохоор цагаа хүлээгээд зогсчихдог байлаа. Цагаасаа өмнө очвол торгуультай юм.

Зам зуур хулангийн сүрэг тааралдана. “Их Монгол элс” маань яаж яваад энд нүүгээд ирчихвээ гэж бодогдох үе байв. Лхасаас баруун тийш явах тусам хөгжил алслагдаж байгааг мэдэрнэ. Намайг аялж явахад засмал зам бүрэн баригдаж дуусаагүй байлаа. Уулын зам учир ус зайлуулах суваг нь замын хоёр талаар онгорхой нүх мэт. Нойрмоглож яваад нүх рүү унасан пад падтай таарч явлаа. Түвдийн өндөрлөгт давхиж явахдаа “яаж яваад бидний монголчууд Түвдтэй амин холбоотой болсон юм болоо” гэсэн бодол толгойноос гарахгүй байж билээ.

1911 онд 8 дугаар Богд тэргүүтэй монголчууд Монголыг тусгаар улс хэмээн зарлахад манай тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны улс нь Түвд байж билээ. Үүнийг дипломатын ухаанд “Kin syndrome” буюу “Садан төрлийн синдром” гэдэг юм байна лээ.

Кайлас уул хүмүүн төрөлхтөнд ямарваа нэгэн аюулыг анхааруулсан байгалийн пирамид юм

Кайлас. Санскрит хэлээр Болор тунгалаг гэсэн үг. Түүний өндрийн хэмжээ далайн түвшнээс 6666 метр. Кайлас уулнаас Хойт туйл хүртэл 6666м. Кайлас уулнаас хойт туйл руу дамнуулж шугам татвал тэрхүү шугам дээр Мексикийн пирамид байдаг гэнэ. “6” муу тоо. “66” их муу тоо. “666” маш муу тоо. “6666” үүнээс илүү муу гэж байхгүй хэмээнэ. Хүний биет шүглэсэн чөтгөрийг 6 гэсэн тоогоор төлөөлүүлдэг явдал орон оронд байдаг байна. Кайлас уул хүмүүн төрөлхтөнд ямарваа нэгэн аюулыг анхааруулсан байгалийн пирамид юм. Энерги дэргэд нь мэдрэгдэнэ.

Кайлас Уулын яг оройд гарч үзсэн хүн байхгүй бололтой юм. 2001 онд Хятадын Засгийн газар Испанийн уулчдад дээр нь гарах зөвшөөрөл өгсөн боловч олон түмний дургүйцэлтэй тулгарч ер нь энэ уулын дээр гарахыг нэг мөсөн хоригложээ. Уулыг гадуур, дотуур гороолдог. Ихэнх хүмүүс гадуур нь гороолдог. Нэлээд гэгээрвэл дотуур гороолох бололцоотой болдог байхаа. Гороолох замын урт 53 км. Өгсөж уруудах графикийг хавсаргав. Ихэнх хүмүүс замдаа хоноглодог. Нэлээд бэлтгэл сайтай хүмүүс 15 цагт гороолж чадна гэжээ. Бид 19 цаг царцуулсан. Бэлтгэл сайнгүй байсных бизээ.

Том бэрхшээл бол Өндрийн өвчин. Өндөрт хүчилтөрөгч бага байдаг гэж хүмүүс боддог. Уул нь агаарт хүчилтөрөгчийн агуулга 21 хувь байдаг ба энэ агуулга дэлхийн гадаргаас барагцаалбал 21 км дээш өөрчлөгдөхгүй л дээ. Гэхдээ өндөрт даралт бага байдаг тул биднийг амьсгалж байхад хүчилтөрөгч цусанд бага орж, харин нүүрстөрөгчийн дан исэл илүүтэй цусанд орсноос хордож өндрийн өвчин тусдаг. Үүнийг бид хүчилтөрөгч өндөр ууланд бага байдаг хэмээн ярина. Гороо хийх хүмүүст энэ мэдрэмж заавал учирна. Ер нь өндрийн өвчин жирийн хүний хувьд 2500 метрээс эхэлдэг гэнэ билээ.

Өндрийн өвчнөөс гадна биеийн бэлтгэл бас хэрэгтэй байхаа. Гороолох явцад 5700 метрийн өндөрт гарах хэрэг болно. Энергийн зарцуулалт өндөр. 4000 метрээс дээш өндөрт 100 метр алхах нь энергийн хувьд тал дээр 4 км алхсантай тэнцэнэ.

Түвдүүдийн 90 хувь нь бүддийн шашинтай, 10 хувь нь БӨӨН шүтлэгтэй

Дэлхийн том гурван шашин үүссэн цаг үеийг хэрвээ буруу санаагүй бол хэльюү. Бүддийн шашин манай эриний өмнөх 6 дугаар зуунд бий болсон гэдэг. Гаутама Бүддаг үндэслэгч хэмээнэ. Түүнээс даруй 500-600 жилийн дараа Христийн шашин бий болж. Ертөнцийн эзэн Исүс тэр үед цовдлуулсан бололтой юм. Он цагийн дэлхийн тоолол Христос заларсантай холбоотой билээ. Христийн шашнаас хойш 500-600 жилийн дараа Исламын шашин бий болж. Зөнч гэгээн Мухамед ертөнцөд заларсан гэнэ. Өнөөгийн ертөнцийг энэ гурван том шашингүйгээр төсөөлөхийн аргагүй.

Тэгвэл тэднээс хавьгүй урт настай нэгэн шашин байдаг аж. Түүний нэр БӨӨН шашин. Үүсэл гаралыг хөөвөл 18000 жил гэнэ. Үндэслэгч нь Тонба Шинраб.

Түүний сэрэг дүр монголчуудад танил байж магад. Тонба нь олон олон бүдда бурханаас хавьгүй өмнө байсан бурхан болж таарна. Түвдүүд нэг л шашинтай гэж бид боддог. Үгүй юм билээ. Түвдүүдийн 90 хувь нь бүддийн шашинтай, 10 хувь нь БӨӨН шүтлэгтэй. Түвд хоёр шашинтай гэх яриа байна. БӨӨН шашныг Бүддийн шашнаас өөр гэж үздэг явдал бий. Жаахан гүйнзгийрүүлээд харвал Энэтхэгт үүссэн бүддийн шашин Гималайн нуруун дээгүүр давж ирэх бололцоогүй тул Персээр дамжин Түвдэд манай эриний 6-7 дугаар зуунд орж ирээд БӨӨН шашныг баахан шахсан бололтой юм. Тэр үед Ландрам хааны үед Түвдийн эзэнт гүрэн задралд оржээ. Монголд “ландрам” гэдэг хараал үг бий. Задарсан, бутарсан, бүтэлгүй зүйлийг ландрам гэж манай настайчууд одоо ч хараана даа.

Бөөн шашин гэж харьцангуй саяхнаас л ярьж байгаа даа. Шашин ч юмуу, Бөө Тэнгэр сүсэг ч юм уу аяандаа шинжлэх ухаанд тодрох биз. Бөөн суврагууд одоо ч Афганистан, Иранд байдаг гэсэн. Бөөн шашныг 1990 он хүрч байж бүддийн шашны нэг хэсэг гэж үзэх аядаж байгаа юм. Зөв үү, буруу юу бүү мэдээ.

Юутай ч манай оюун санааны төөрөгдлийг засахад хэрэгтэй судалмаар эд байсан гэдгийг л хэлэх байна.

Бөөн сүсэгтэн Кайлас уулсыг 9 хас “дээр дээрээсээ давхаралдан бий болгосон” гэж үздэг. Гороолохдоо цагийн зүүний эсрэг. Өөрөөр хэлбэл дэлхийн эргэлтийн дагуу юм. Кайлас уулыг хоёр талаас нь эсрэг эсрэг урсгалаар яг л хүний гений мушгираа шиг гороолох нь огторгуйн энергийг хүний дотор бий болгож, ингэснээрээ огторгуйд ч хүмүүн өөрийн ашиг тусаа илгээж байгаа хэрэг билээ.

Тангуд улстай дайтсныг олон хүмүүс Түвдүүдтэй тулалдаж байсан гэж бодсон байна

Түвдийг орчин цагийн монголчууд 1945 онд хийгдсэн “Цогт тайж” киногоор төсөөлдөг. Кино бол кино. Уран сайхны хэтрүүлэгтэй. Түүхийн гуйвуулгатай ч гэж хэлж болно. Гэхдээ мэр сэр алдаг оног мэдээ байнаа байна.

Бүддийн шашин дотроо олон чиглэлтэй. Одоо цагт Гэлэгва буюу Шар малгайтнууд давамгайлж буй. Манайхан бүддийн шашныг “шарын шашин” гэж нэрийдэнэ. Шашин муухай гэсэн коммунизмын үзэл суртлын хордлого тайлагдаж дуусаагүй тул шар муухай, улаан сайхан гэж бодоод байдаг байж магад. Түвд, Монгол, Бутан гээд олон оронд тархсан бүддийн шашны урсгалыг барууны эрдэмтэд хэрхэн авч үздэг тухай зургийг хавсаргав. Нянма, Кагью, Сахьяа, Жонон нь “улаан малгайтнууд”.

Гүн ухааныхаа хувьд 80 хувь нь адилхан. Нэр томьёо, тайлбарлах аргаараа нэлээд зөрдөг бололтой юм. Тиймээс шар малгайтан болон улаан малгайтан (заримдаа хар малгайтан гэдэг) бүгд л бүддийн шашинтан болой. Монгол бүддизм бас ч үгүй ялгаатай гэж боддог. Ямар ялгаатай вэ гэдэг талаар хожим нэг бичих бололцоо олдох бизээ.

1206 он гэхэд Түвдүүд анхнаасаа монголчуудад дагаар орсон тул Чингис хаан Түвд рүү довтлоогүй гэнэ. Тангуд улстай дайтсныг олон хүмүүс түвдүүдтэй тулалдаж байсан гэж бодсон шиг байгаа юм. Энэ талаар барууны болон бусад түвд судлаачид санал нэгдээд байгаа юм байна. Чингис хааны ач, Өгөөдэй хааны хоёрдахь хүү, Гүюг хааны дүү Годан ноён 1240 онд Доорд Дархан тэргүүтэй гурван түмэн цэрэг Түвдэд илгээж довтолсон тухай түүхэнд бичигджээ. Өөртөө дагаар нэгэнт орсон Түвдэд яагаад довтлох хэрэг гарав гэдэг талаар түүхчид хариу олоогүй байна. 14 дүгээр зуун хүртэл Түвдүүд Их Монгол улсын харьяанд байж байгаад Хубилай хааны Юань гүрэнд хамаарч дараа нь задрах үед Түвд монголчуудаас тусгаар болсон гэнэ.

Хүний хүнээр түүхээ бичүүлээд байвал хол явахгүй нь ойлгомжтой

Хантингтон дэлхийн өнөө цагийн зөрчлийг иргэншил хоорондын мөргөлдөөн хэмээдэг билээ. Гол гол томоохон иргэншлүүдийг тодорхойлсон газрын зураг ч зураад амжсан.

Screen Shot 2017-12-20 at 11.34.01 AM

Тэрхүү зураг дээр бүддизм нэрийн дор Монгол, Түвд нэг иргэншилд хамаардаг. Тохиолдлын биш байхаа. Энэ талаар манайхан өөрсдөө судалгаа хийх учиртай юм. Хүний хүнээр түүхээ бичүүлээд байвал хол явахгүй нь ойлгомжтой. Би хувьдаа “Монгол иргэншил” гэж бий хэмээн ярьж буй. Тэр иргэншилд түвдүүд мөн хамаарна. Түвдүүд Их Монгол улсын нэг хэсэг байсан бөгөөд 14 дүгээр зуун хүрч Хубилай хааны Юань гүрэн задрахад биеэ даасан. Түвдэд бүддийн шашны урсгалууд өөр хоорондоо үзэлцэхэд Ойрд Монголын Гүш хаан улаан малгайтнуудыг дарж байж.

Монгол, Түвд “бүддизм” нэртэй нэг иргэншилд хамрагдах үндэс нь эртнээс бизээ. 15 дугаар зуунд Вьетнамд монголын морьтнууд хүрч байсан ба тэр үед вьетнамчууд монголчуудыг “Бүддийн дээрэмчид” гэж нэрлэн түүхэн бичлэгтээ үлдээсэн гэнэ.Кайлас уулыг гороолох гэсэн биш, түүхийн ээдрээтэй баахан асуудлыг хөндлөө. Шинээр асуудлыг харах өнцөг өгөх гэж бодсон юмаа. Гэвч үүнийг ФБ-ээр хийх ёсгүй л байх л даа. Сүмбэр уулыг гороолох явцад хэсэг түвд хүмүүс бөөгнөрөн амс хийхийг хараад дөхөж очиж билээ. Тэд арвай гурилаар замбага зуураад надад сарвайлаа. Данхнаасаа хар цай хийж өгөв. Би эртний монголчуудтайгаа л уулзалдах шиг болсон.

Screen Shot 2017-12-20 at 11.34.11 AM

Түвд дотоод бясалгал руугаа гүнзгий нэвтэрчээ. Монголчууд бид гадаад талруугаа, материаллаг зүйл рүү илүү нэвтэрч дээ янз нь. Хэн нь зөв гэдгийг хэлэхийн аргагүй. Сэтгэлээ захирдаг, эд юмсанд шуналгүй байвал Монгол иргэншлийн шинж улам тодрох юм шиг санагдсан шүү. Түвд хүний нүдэнд ядарсан зовсон шинж тэмдэгийг олж хараагүй. Харинч тэд нэг л жаргалтай. Материаллаг зүйлд хэт умбавал бид жаргалыг бас олж чадахгүй байх. Ямар ч байсан бид Монгол иргэншлийн нүүдэлчин хүмүүс.

Улаанбаатарт буулаа. Нэг өдөр Германы Элчин Сайдын Яамнаас утасдаж байна. “Таныг Кайлас ууланд явсан гэж сонслоо. Багын бүх гишүүдтэй чинь нэг орой сууж зоог барья гэлээ. Том орны элчин сайд хүсч байхад яаж татгалзах билээ дээ. Товлосон өдөр багаараа очлоо. Тэнд Германы элчин сайдаас гадна Франц, Энэтхэгийн элчин сайд мөн олон хүмүүс иржээ. Замын сонингоо ярьж өглөө. Соёл иргэншлийг углуургаар нь ойлгодог хүмүүстэй хөөрөлдөх сайхан байж билээ.Үүгээр Кайлас ууланд гороолсон тэмдэглэлээ төгсгөе.Сонирхсон бүх хүмүүст баярлалаа.

 

 

 

 

“Садан төрлийн синдром”

 

Screen Shot 2017-12-20 at 11.06.31 AM

Kin syndrome

1911 онд Монгол тусгаар тогтнолоо зарлахад түүнийг нь хамгийн анхлан зөвшөөрсөн орон нь Түвд байж билээ. Соёл иргэншлийн шинж тэмдэгээрээ ижилсэж буй орнуудын энхүү үйлдлийг “садан төрлийн синдром” гэж нэрлэх явдал бий.

Монгол Түвдийн харилцааны асуудал өнөөгийн монголчуудын тун бага мэддэг сэдэв гэдэгтэй олон хүмүүс санал нийлэх байхаа.

1913 оны Монгол Түвдийн найрамдлын гэрээ.

Амин сүнсгүй Үндсэн хууль

 

183750-26042016-1461635353-2076614603-tsogtgerel

БАЯНЖАРГАЛЫН ЦОГТГЭРЭЛ

 

Screen Shot 2017-12-19 at 9.42.30 AM

Screen Shot 2017-12-19 at 9.41.44 AM

 

ҮНДСЭН ХУУЛИЙН ТҮГЭЭМЭЛ БА ҮНДЭСНИЙ ОНЦЛОГТ ЗОХИЦУУЛАЛТ

Дэлхийн улс бүхэн өөр өөрийн хөгжлийн арга замыг хайж даяаршилд өөрсдийн өнгө төрхтэйгээр зохицохыг чармайж байгаа юм. Ийм хөгжлийн суурь тулгуураа улс үндэснийхээ онцлог, аж ахуй амьдралын хэв маяг, соёл, хүн ардынхаа ёс заншил, шүтлэг хөгжлийн түвшин, түүхэн уламжлал зэрэгтэй холбох хандлага давамгай байна.

Миний бие та бүхэнд толилуулах илтгэлдээ үндсэн хуулиар үндэстэн төрөө бэхжүүлэх үүднээс зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай суурь зарчмууд болоод харилцаануудын талаар өгүүлж, манай улсын үндсэн хуулинд огт тусгалаа олоогүй эсхүл хангалттай зохицуулж амжаагүй, шийдлээ хүлээж буй асуудлуудад чиглүүлж, зарим ойлголтуудыг тодруулахыг хичээлээ. Дэлхийн улс бүрийн Үндсэн хуулинд ордог төрийн байгууламж, хүний эрх, шүүх засаглал, Үндсэн хуулийн хяналт зэрэг суурь зарчмууд байдаг. Мөн Үндэсний уриа, тэмүүлэл, билэгдэл, шүтлэг бишрэл, сүлд, далбаа, засаглалын онцлог, байгалийн баялаг, газар, өмчийн харилцаа, мөнгө, зээл, төсөв, гэр бүл зэргээ өөрийн онцлогт нийцүүлэн хуульчилсан үндэсний онцлогтой зохицуулалтууд байна.  Манай Үндсэн хуулинд чухамдаа ийм үндэсний зохицуулалт, амин сүнс дутагдаж байгаа юм.

Нэг. 1992 оны Үндсэн хуулийн 26 жилд нийгэм, эдийн засаг, хүмүүсийн амьжиргаа, байгал орчны тэнцвэртэй, зохист хөгжлийг хангаж чадсангүй. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллаа баталгаажуулж чадах эдийн засгийн баталгаа бүрдсэнгүй.

Нийгэмд хамгийн олон ажлын байр бий болгож, жижиг дунд үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг цогцоор хөгжүүлэх чадвартай, монголын үндэсний онцлог харьцангуй давуу талыг шингээсэн хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрүүд, эдийн засгийн бодит секторуудын хөгжил туйлын хангалтгүй байгаа юм.

Боловсрол, эрүүл мэндийн салбарууд хүн амын өсөлт, нягтрал, нийгмийн хөгжлөө гүйцэхгүй байгаа бөгөөд үндэсний хэмжээний урлаг, соёлын цогцолборууд, музей үзмэрийн газрууд баригдсангүй.

Олон арван жилийн өмнө төлөвлөж байсан цахилгаан станц, төмөрлөг, зэс хайлуулах, газрын тос боловсруулах үйлдвэрүүд, төмөр зам, чөлөөт бүсийн бүтээн байгуулалтууд царцаад байна.

Энэ бүхэн нь үндсэн хуулинд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтворгүй болгодог 20, 25.5, 25.6, 27.6, 29.1, 30.1, 39.2 зэрэг заалтуудаас үүдэж байгаа нь тодорхой бөгөөд Засгийн газар 15 удаа солигдож, бүтэц, бүрэлдэхүүн, боловсон хүчин, бодлогын хувьд тогтворгүй явж ирсэний шууд үр дагавар юм. Үндсэн хууль нийгмээ хөгжүүлэх баримт бичиг болж чадаагүй бөгөөд Хөгжүүлэгч төрийг бүтээх чадваргүй байгаа юм. Хөгжүүлж чадахгүй төрд Нураах шид хурдаг тухай АНУ-ын Калифорнын их сургуулийн эрдэмтэн Чалмер Жонсон, Польшийн Пол Баран, Шведийн Гуннар Мурдал, Кембриджийн солонгос доктор Чанг Ха Жүүн нарын Хөгжүүлэгч төрийн онол, практикийн судалгаанууд байдаг.

Хоёр. Манайд үйл явц, өрнөлийг дотооддоо болон хөрш орнууд, бүс нутаг, дэлхийн хэмжээнд судалдаг, харьцуулж, дүгнэлт хийдэг, бодлого стратеги гаргадаг судалгааны болон гүйцэтгэх хөгжлийн хөтөч байгууллага байхгүй, цөөн бүр судлаач байвч тэдний ажлыг анхаардаг, сонсдог, ажил хэрэг болгодог чадамж Монгол төрд алга бөгөөд 2 жил хүрэхгүй настай засагт тийм боломж байхгүй юм.

Азид хурдтай хөгжлөөрөө гайхагдаж ирсэн орнуудын судалгаа, бодлого стратегийг Хөгжлийн хөтөч байгууллагууд нь гаргаж, түүнийгээ тогтвортой мөрдүүлж ирсэн байна. Үүнийг дараахь Business government and leadership consensus

  • Japan MITI
  • Singapore      Ministry of Trade
  • Korea Economic Planning Board, Ministry of Finance and the Economy
  • Taiwan Council of Economic Planning and Development and Industrial Structure Bureau in the Ministry of Economic Affairs
  • Malaysia Economic Planning Unit in the Prime Minister’s cabinet

жишгээс харж болно.

Хөгжлийн хөтөч байгууллагуудын бодлого нь тогтвортой байхын тулд чадварлаг, боловсон хүчин, албан хаагчид маш чухал байсан бөгөөд сургалт, мэргэшүүлэлт, дадлагжуулалтыг тогтмол хийж хөгжүүлж, насан туршид нь зүтгүүлж байж үр шимийг нь хүртдэг байна.

Харин манайд сонгуулийг ардчилсан аргаар явуулахын чухлыг мэдэрч байснаас бус аль муухайгаа дэлгэлцэж, айл хотоороо талцан хэрэлдсээр, эцэстээ оюунлаг хэсэг нь хоёр фронтод хуваагдаж, 25 жил тамираа бартал тэмцэлдэхыг хэн ч мэдээгүй.

Гурав. ЭДИЙН ЗАСАГ

Монгол улсын үндсэн хуулинд УИХ нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого боловсруулж, Засгийн газар хэрэгжүүлэх тухай маш ерөнхий 3-4 заалтаар эдийн засгийн үүргийг тодорхойлсон байдаг.  Гэтэл олон орны үндсэн хуулиар тухайн улсынхаа санхүү, төсөв, хөрөнгө оруулалт, эдийн засгийн суурь салбаруудаа хэрхэн хөгжүүлэх, монополыг хянах, Төв банкуудын үүрэг, гадаад зээл, зүй ёсны нийтийн баялаг болох байгалийн баялагийн удирдлага, гадаад худалдаа, тусгай сангуудын зохион байгуулалт зэргийг хуульчилсан байдаг.   БНСУ, бүлэг IX. Эдийн засгийн бүлгийн 119-р зүйл

  1. Орлогыг зохистой хувиарлах, зах зээлийн давуу эрхээс болон эдийн засгийн хүчтэй давуу байдал бий болохоос урьдчилан сэргийлэх, Үндэсний эдийн засгийг тогтвортой, тэнцвэртэй өсөлтөөр хангах зорилгоор төрийн зохицуулалт хийнэ.

123-р зүйлийн  1. Хөдөө аж ахуй, загасчилалыг дэмжин хамгаалахын тулд,  аж ахуй эрхлэх, загасчилах иргэдэд дэмжлэг үзүүлэн, уг салбарт цогц хөгжлийн бодлого хэрэгжүүлнэ.

125-р зүйл.  Төр нь гадаад худалдааг дэмжин зохицуулалт хийнэ.

Герман:      104-115-р зүйл :   Санхүү, төсөв, татвар, эдийн засгийн монопол, автомашины татвар, зээл, төсвийн хяналт

Финлянд: Төсөв, зээл
Ботсван улс:       Бүлэг 8:      Нэгдсэн сан
Сингапур:                                Хөгжлийн сан, Төсөв
Өмнөд Африк:   
25-р зүйл:   Нийтийн болон үндэсний эрх ашгийн үүднээс хувийн газар, байгалийн баялгийг нөхөн олговортойгоор хураан авч болно.
Венесуел:          
301-р зүйл:  Төр хувийн хэвшил болон үндэсний эрх ашгийн үүднээс гадаад худалдааг төр хяналтандаа байлгана. Нефть болон стратегийн үйлдвэрлэл төрийн хянал танд байна.
Гондурас:          
328-р зүйл:  Улсын нийгэм эдийн засгийн урт, дунд хугацааны төлөвлөлтийг батална. Энэ төлөвлөлтийн хэрэгжилтийг чадварлаг төрөөр хангана
БНХАУ:                7-р зүйл:      Улсын өмч нь бүх ард түмний өмчлөл дахь социалист үндсэний эдийн засгийн хөдөлгөгч хүч юм. 14-р зүйл:     Улсаас хуримтал, хэрэглээний зохист харилцааг нийтийн, хувийн болон улсын эрх ашгийг өсөн нэмэгдэж буй үйлдвэр лэлтэй уялдуулан нийт ард түмний ахуйн болон соёлын  амьдралыг дээшлүүлнэ
Иран улс 
6. Хэрэглээ, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ, хувиарлалт зэрэг эдийн засагтай холбоотой үрэлгэн  байдлыг хориглох; 8. Улс орны эдийн засгийн байдалд гадаадын эдийн засаг давамгайлахаас урьдчилан сэргийлэх;  44-р бүлэг: Исламын Бүгд Найрамдах Иран улсын ЭЗ нь: Чанартай төлөвлөлт бүхий “Төр, хамтрал болон хувийн хэвшил” гэсэн  баганат системд түшиглэнэ. Төрийн өмчийн мэдэлд: Томоохон хэмжээний анхдагч үйлдвэрлэл, гадаад худалдаа, томоохон ашигт малтмал, банк, даатгал, эрчим хүч үйлдвэрлэл, далан бүхий том хэмжээний усалгааны сүлжээ, радио телевиз, шуудан, цахилгаан холбооны үйлчилгээ, агаарын, усан замын болон авто тээвэр, авто зам, төмөр зам зэрэг багтах ба эдгээр нь бүх нийтийн өмч бөгөөд төр удирдана.
Хувийн сектор нь: хөдөө аж ахуй, мал аж ахуй, аж үйлдвэр, худалдаа үйлчилгээ гэх мэт улс орны эдийн засгийг болон хоршооллын секторыг хангах үйл ажиллагаа юм.
Тайван улс 13 бүлэг. Эдийн засаг

Дөрөв. Газар ба байгалийн баялгийн удирдлага, зохицуулалт.

Мөнхийн маргааны сэдэв, хэрүүлийн алим болсон газар, түүний хэвлий дэх баялагийн менежментийг ухаалгаар зохицуулж чадсанаар гадаад, дотоодын шуналыг хязгаарлаж, авилга, хууль бусын үүдийг хааж, ёс бусаар хөрөнгөжих зэрэг хортой хандлагуудыг арилгаж, баян хоосны ялгааг багасгаж, харьцангуй чинээлэг олонхийн давхаргыг бий болгох боломжтой нь Скандинав, Бенелюксийн орнууд болон шинэ тутам хөгжиж буй орнуудаас харж болно.

Дэлхийн түүхийг харвал, дайн байлдаан, тэмцэл, маргаан байдаг. Маргааны объект нь мөнхөд газар, байгалийн баялаг байсан, байх ч болно.

Үндэсний хөрөнгөтнүүд баялгийн нөөцийг хяналтандаа авахын тулд хэнийг ч худалдан авахад бэлэн байдаг бол, үндэстэн дамжсан корпорациуд хүнтэй нь, компанитай нь болохгүй бол төрийг нь ч худалдан авдаг.

Төр нь болохгүй бол улсыг нь самарна.  Хуваан захирна.

Нийтийн баялгийн тухай, нийтийн өмчийн тухай ойлголт

Өмчгүй төр бол өлгөөтэй чийдэн мэт юм. Төр баян бол иргэд аюулгүй, эрсдэлгүй байна. Иргэд баян бол улс баян. Харин иргэн баян бол төрөө худалдаж авна. Ирланд, Норвеги, Канад, Бразил, Индонези, Малайз, Сингапур, Хятад, ОХУ гээд олон улс оронд чухамдаа байгалийн баялагт суурилсан томоохон компаниуд төрийн өмчит байдаг байна.

Энэ нь нэгд хүний хөдөлмөр, зүтгэлээр бий болоогүй тухайн улсын нийт ард түмний төдийгүй хойч үеийнхний өмч, амьдралын баталгаа гэж үздэг. Хоёрт улс төрийн болоод үндэсний тусгаар тогтнолд аюултай гэж үздэг учир хэсэг бүлэгт асар их хөрөнгийн төвлөрөл үүсэхээс сэргийлдэг. Гуравт үндэсний баялгийн тэгш хуваарилал, баян хоосны туйлшралыг багасгах, нийгмийн тэгш байдлыг хадгалах зорилгыг агуулдаг.

Төрийн өмчит компани нийгэмд хүртээмжтэй байдлаараа харьцуулашгүй ашиг тустай гэж үздэг. Манай жишээн дээр гэхэд Эрдэнэт үйлдвэр Монголын олон зуун компаниудтай хамтран ажиллаж, хөл дээр нь босгож, тэтгэж, тэжээж, улс төрийн лидерүүд, намуудыг, удирдлагынхаа нутаг усныхныг, монголын спорт, соёл, урлагийнханыг, Эрдэнэт хотыг олон арван жил тэжээж явна.  Хэрвээ Эрдэнэт хэн нэгний хувийн өмч болсон бол тэр л гэр бүлийг тэжээж,  улс төрийг худалдан авахад илүүтэй хөрөнгө зарцуулж, улсад төлдөг татвар нь багасч, ажилчдынх нь тоо цөөрч, гэр бүлд нь хамаагүй Эрдэнэт хот болон бусад тэжээдэг аж ахуй, байгууллагуудын крантыг хаах нь дамжиггүй юм.

Ирландын 1947 оны үндсэн хуулийн 10-р зүйл

  1. Олон нийтийн материаллаг нөөцийн эзэмшил ба хяналтын эрхийг хувь хүн болон бусад нийгмийн давхаргынхан нийтлэг эрх ашгийнхаа төлөө тэгшээр эдэлнэ.
  2. тухайлбал, Чөлөөт зах зээлийн өрсөлдөөн нь уг бизнесийг тэргүүлэгчдийн ашиг сонирхолд нийцүүлэх, чухал бараа түүхий эдийг хэдхэн хувь хүний хяналтад шийдэх ёсгүй. БНСУ 120-р зүйлийн 2. Газар, байгалийн баялгийг төр хамгаалж, тэнцвэртэй хөгжил, хувиарлалтын төлөвлөгөө гаргана.

ОХУ  Газар байгалийн бусад баялаг нь тухайн нутаг дэвсгэр дэх амьдрал ахуйн суурь болохынхоо хувьд ОХУ-ын арчлал, хамгаалалтанд байна. Газ, нефть зэрэг стратегийн бүтээгдэхүүнээ гадаад, дотоод зах зээлийг маш нарийн төлөвлөлттэйгээр удирддаг.

Израйл 1958 (2013 шинэчилсэн найруулга)  Гол хууль: израйлийн газар нутаг (1960)

  1. Өмчлөх эрх шилжүүлэхийг хориглох Израйлын газар өмчлөгч, израйлын төрийн газрыг эзэмшигч, хөгжлийн төрийн байгууллага болох- керен кейемет ле израйл нь газрын өмчлөл, эзэмшлээ зарахаар болон бусад зорилгоор шилжүүлэхийг хориглоно.
  2. тодорхойлолт Уг хуулинд, “газар” гэдэг нь, газар нутаг, барилга байшин гэх мэт газар дээр байгуулагдсан бүхий л зүйлийг хэлнэ.

Тайван улсын үндсэн хуулийн 143.2 Эдийн засгийн талаарАшигт малтмалын орд газар, байгалийн нөөц баялаг бүхий газар нь хувь хүний эзэмшилд байсан ч төр нь ард иргэдийн сайн сайхны төлөө, эдийн засагт хувь нэмэр оруулахын тулд, өөрийн өмчлөлд байлгана.
3. Хэрэв газрын үнэ цэнэ нь, төрийн капитал болсон хөдөлмөр ажил эрхлэлтийн нөлөөтэйгөөр өссөн бол энэхүү өсөлтөөс орлогын татвар оногдуулж, ард нийтийн ашиг болгоно.
Газар ба байгалийн баялгаа хэрхэн ашиглахаа үндсэн хуулиар зохицуулж эс чадаваас авилга, тэгш бус байдал, далд эдийн засаг, шударга бус байдал, гадны шуналын бай, эрх мэдлийн тэмцэл, баян ядуугийн ялгаа, байгаль орчны доройтол, лицензийн наймаагаар дамжсан гадны нөлөөлөл, хууль хяналтын байгууллагууд авилгад идэгдэх, мөнгөний өмнө хүчин мөхөсдөх, валютын гадагш урсгал \ казино, оффшор, хар тамхи, хууль бус наймаа улам цэцэглэж, аажмаар үндэсний тусгаар тогтнолд заналхийлнэ.

Ашигт малтмал дахь хувийн өмчлөл. Асар том ордтой гээд олон зуун сая, тэрбумаар доллар ярьсан залуус их болж, лиценз зарна гээд л явааг бид бүгд мэднэ. Нүүрсний, алтны, төмрийн бүх ордын мэдээлэл урд хөршид тоотой газар цугларч, бодлого гарч байгаа. Өөрсдөө хэрэглэж, өөр орон руу онгоцоор зөөхөөс бусад бүх тохиолдолд  авах эсэх, зогсоохыг хүртэл худалдан авагч шийднэ. Төрийн маш өндөр төлөвлөлт, зохион байгуулалттай, зохицуулалттай зах зээлтэй манай хувийн компаниуд эн тэнцүү харилцах ямар ч боломжгүй юм. Хөрөнгө оруулалт, дэд бүтэц, зах зээл борлуулалт, үнэ, өртөг бүгдэд тэгш харилцаа үүсэхгүй. Том мөнгөний хаялага өрх гэр бүл, нэг компанид ашигтай мэт харагдавч, эдийн засгийн утгаараа нийгэмд хамгийн хохиролтойгоор хэрэгжинэ.

Бид хувь хүмүүсийн эзэмших, ашиглах эрхэд байгалийн баялаг олгосоноор нийгмээ эдийн засгийн хувьд асар ихээр хохироож, далд эдийн засаг, дагалдах олон сөрөг үр дагаврыг бий болгож, байгал орчноо сүйтгээд зогсохгүй орд эзэмшигч иргэдээ эрсдэлд оруулж байгааг анхаарч нийтийн баялагт хандах харилцааг үндсэн хуулиар зохицуулах асуудал дээр цаг алдаж болохгүй юм.

Чадварлаг хүмүүс, хувийн компанийн менежментийг төрийн өмчит компаниудад нэвтрүүлэх нь зарчмын хувьд тэс өөр бөгөөд дэмжүүстэй хандлага юм.   Эм Си Эс, МАК, Дорнын говь менежмент хийж чадаж байна. Харин ордуудын ашиглах эрх, борлуулалтын орлого нийтийн сайн сайхны тусын тулд л зориулагдах учиртай.

Чухам ийм учраас хүн амаар цөөн, эрдэс баялаг арвинтай Ирланд, Финлянд зэрэг дэлхийн хамгийн чинээлэг иргэдтэй улс орнууд байгалийн баялагийг үндсэн хуулиараа зохицуулсан байдаг байна. Канадын МкГилл их сургуулийн дэргэдэх зохицуулалттай аж үйлдвэрийн судалгааны төвийн “Байгалийн нөөцийн үндсэн хуулийн зохицуулалт”, Үндсэн хууль ба байгалийн нөөцийн хамгаалалт Жамес Рэй, Күэнс их сургуулийн “Үндсэн хууль ба байгалийн баялгийн орлого” зэрэг судалгааны материал хангалтай байгаа билээ.

Тав. Манайд ардын хянан шалгах хороо шиг хяналтын тогтолцоо үгүй болоод удаж байна. Үндсэн хуулийн бүтцийн хяналтын хараат бус байгууллагагүйгээс аудитын ерөнхий газар бол ялсан намын бодлогын хяналтын нэгж болж хувирдаг.  Хөрөнгө мөнгө зүй бусаар зарцуулах, ашиглах, шамшигдуулахаас урьдчилан сэргийлэх, хянаж, зааварлах, алдааг засаж залруулах үе шаттай хяналтын, давхар хяналтын тогтолцоо үгүйгээс төрийн байгууллага, төрийн өмчит компаниудад намын хамгаалалтын дор хяналтгүй идэж, уух, хөрөнгө завших явдал хавтгайрч эцэст нь цагдаа, АТГ, прокурорын байгууллагатай халз тулан дээлээ нөмрөх эсвэл олсноо хуваах сонин жигтэй харилцаа бий болоод байна.  Үр дүнд нь төртэй холбоотой болгоны нэр хүнд навс унаж, хувьчлахын дон тусгаж байгаа нь хам шинж мөн.

ИРЛАНД     33-р зүйл:  Хянан шалгагч, ерөнхий аудитор

БНСУ             Үндсэн хуулийн 97-р зүйл: Аудит, хяналт шалгалтын зөвлөл

Ботсван        114-р зүйл: Ерөнхий хянагч

Финлянд       90-р зүйл, 91-Финляндын банк, 92-Төрийн өмч

Сингапур      Ерөнхий аудитор

Тайвань        1947  бүлэг IX, 91-р зүйл: хяналт

Гондурас       368-371

 

Зургаа. Өрх гэр бүл – Төр улсын амин эрдэнэ

Олон үндэстнээс бүрдсэн цоохор иргэншилтэй улсад үндэсний эрх ашиг ярих боломжгүй байдаг учир “Хүний эрх” гэсэн үзэл санааг номлодог. Харин нэгдмэл үндэстэн хүний эрхэд түшиглэвэл нийгмээ задалж, цоохор болгодог. Хүний хийгээд улс, нийгмийн хөгжил нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс, тэдний дундаас төрөх хүүхэд дээр сууриладаг. Иймд байгалаасаа өрх гэр бүл анхдагч, Төр улсын амин эрдэнэ юм.

Бүрэн эрхт хүүхэд эхээс төрдөг ч

Бүгдээрээ тэгш чадвартай байдаггүй

“Айл”-ын нэүрит засагт адилхан захирагдавч

Авъяас нь ижилхэн болж хөгждөггүй

Авъяасанд нь тохирсон эрхийг

Айл дотор нь бүрэн эдлүүлтүгэй

Хаа явахыг иргүний ертөнц тэнгэр мэддүгэй

Хазгай явбаас “айл” хариуцтугай

Айл хариуцахгүй иргүнд үнэ байхгүй

Анд хариуцахгүй бол нөхөр байхгүй

Төр нь хариуцахгүй бол түүнд улс байхгүй

Засаг нь хариуцахгүй бол төрд үнэн байхгүй  гэх зэргээр Хөх Монголыг төрөөр бадраах “Алтан дээд үнэний аялгууд”  дурьдсан нь Монголчууд эрт дээр үеээсээ хүн ба улсын иргэн хоёрыг ялгаатай үзэж, хүмүүсээ иргэншүүлэх ажлыг гал, отог, аймагт нь хариуцуулж байсны тод жишээ юм.

Казакстан Гэрлэлт ба гэр бүл, эх эцэг байх эрх,  хүүхэд ахуй нас төрийн хамгаалалтанд байна.” Азербайжен  Family and State (Art 17) гэсэн бүлэгтэй,  Узбекстан   14-р бүлэг           

Эцэг эх нь хүүхдүүдээ насанд хүртэл нь, хүүхдүүд ахмад настай эцэг эхээ асарна.

Ирландын Үндсэн хуулийн 41-р зүйл “1. 1. Төрөлхийн анхдагч, нийгмийн үндсэн бүлэг-нэгжийг гэр бүл гэх бөгөөд  ёс суртахуун талаасаа,  ямар ч аргаар булаагдашгүй,  бүх эерэг хуулиас дээгүүр тавигдах эрх юм.  2.1. Тухайлбал, эмэгтэй хүн өөрийн гэр бүлдээ зориулсан амьдралаараа улс эх орондоо дэмжлэг болоход бидний сайн сайханд хүрэх нийтлэг  зорилго биелнэ” гэж тус тусын үндсэн хуулинд заасан байна.

Долоо. Сонгууль

Сонгууль бол өөрчлөлт, шинэчлэлт. Харин хөгжил дэвшил байх баталгаа байхгүй.  Өөрчлөлт, шинэчлэл урагшилдаг байхад ухардаг бас байна. Ийм учраас сонгуулийн циклийг холдуулж, тоог цөөрүүлэхэд анхаарах замаар болж, бүтэж байгаагаа аль болох удаан тогтвортой хадгалах, болохгүйг солих нөхцлийг бүрдүүлсэн байдлаар хуульчилахад анхаарах хэрэгтэйг бусад орны жишгээс харж болно. Хаант засгууд мөнхөд хадгалдаг бол хязгааргүй ардчилал мөнхөд бужигнаж, дээр дороо орж байдаг гэдгийг харгалзан хэмжээгүй эрхт Хаант, хязгааргүй ардчилал хоёрын жигнэсэн дундаж бол сайн засаглалд хүргэх зохист хувилбар гэж хандах нь зүйтэй болов уу.

  • Ерөнхийлөгч, Парламентаа 4  жилээр сонгодог орнууд:

Молдав, Исланд, Нигери, Румын, Босни-герцеговина, Бразил, Гана, Эквадор, Гватемали, Доминикан, Гондурас, Коста-рика, Гвиней-биссау, Кирибати, Монгол

Эдгээр орноос зөвхөн Монгол, Кирибати арал хоёр л можаритар сонгуулиар парламент, ерөнхийлөгчөө 4 жил тутам сонгосон байдаг ба дээр дурьдсан ихэнх орнууд нь олон намын тогтолцоотой, намын засаглалтай байна.

  • Ерөнхийлөгчөө 7 жилээр сонгодог орнууд:

Франц, Турк, Иемен, Узбекстан, Казакстан, Таджикстан, Ирланд харин Чили, Сингапур, Финлянд, Австри зэрэг орнууд 6 жилээр сонгодог байна.

 

Олон орны үндсэн хуулийг харьцуулан судалж, дүгнэлт, ажиглалт хийсний эцэст үндсэн хуулиа өөрчлөх шалтгаан хангалттай байна гэж үзэж, үр дүнтэй өөрчлөлт хийхийн тулд хүрч, болох үр дүнд суурилсан дараахь зорилгыг удирдлагаа болгох  шаардлага гарч байна.

Нэг.    Намчирхлыг саармагжуулах

  • Сонгуулийг цөөлж, сонгуулийн цикл \орчил\, мөчлөгийг холдуулах, зөрүүлэх
  • ОНӨУЁ-ны байгууллагын сонгуульд УТН оролцдоггүй болох

Хоёр. Засгийн газар тогтвортой ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэх

  • Парламентийн бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох
  • Засгийн газрын бүтцийг хуульчлах

Гурав.Эдийн засгийн бүлэг бий болгох

  • Хөгжлийн хөтөч байгууллагыг үндсэн хуулиар бий болгох \ТЭЗХ, ҮХЯ, ҮХГ, ҮХШХ, ЭЗХЯ, ҮХГ\
  • Үндсэн хуулинд эдийн засгийн бүлэг бий болгох \төсөв, том хөрөнгө оруулалт, төв банк, гадаадын зээл, газар, байгалийн баялаг\

Дөрөв. Төрийн албаны мэргэшсэн, чадварлаг, тогтвортой тогтолцоо бүрдүүлэх

  • Үндэсний боловсон хүчний нэгдмэл тогтолцоо бий болгох
  • Төрийн албаны зөвлөлийн даргыг Их Хурилдайгаас /бүх шатны ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдэх/ томилох

Тав.    Хяналт шалгалтын үндсэн хуулийн институт байгуулах

  • Хараат бус хяналт шалгалтын институтыг намын оролцоогүй, үндэсний Их хурилдайгаас /бүх шатны ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдэх/ байгуулах

Зургаа. Гэр бүлийн бүлэг бий болгож, иргэний үүргийн хэсэг нэмэлт өөрчлөлт оруулах

  • Байгаль, дэлхийгээ хамгаалах
  • Хөдөлмөрлөх, өрх гэрээ тэтгэх
  • Өрхийн тэргүүний өрх гэрийн өмнө үүрэг хүлээх, өрхийн гишүүдийн өрх гэртээ болоод нийгмийн өмнө хүлээх үүргүүдийг хуульчилна.

Олон нийтэд нэг биш удаа ярьж хэлэлцүүлж ирсэн байр сууриудад түшиглэн дээрхийг толилууллаа.

Анхааралдаа авч болгооно уу.

Презентацийг дараахь линкээр үзнэ үү

Tsogtgerel. ҮХ

 

 

 

 

Гаалийн татвар – 0

 

Screen Shot 2017-12-18 at 8.57.12 AM

Бараг 20 жилийн өмнөх үйл явдлыг асуужээ. Товчхон хариулья гэж бодлоо. Учир нь ийм шийдвэр гаргаж байсан суурь шалтгаан одоо ч хэвээр байгаа тул цаашдаа бодлогоо чамбайруулахад хэрэг болох буйзаа.

1997 он. Монголын хүн ам 2 сая дахь иргэнээ өлгийдөн авч байлаа. Бүхэлдээ монголын нийгэм хуучин социалист эдийн засгийн хэв загвар, сэтгэлгээнээсээ бүрэн ангижирч чадаагүй, дэлхийд Монгол нээгдээгүй, монголчуудад дэлхий хол байв. Юмны үнэ жилдээ 50-60 хувиар өсөж байв. Гадаадын хөрөнгө оруулалт гэх юм байсангүй. Нэг хүнд ногдох гадаадын хөрөнгө оруулалт 10 доллар хүрдэггүй байв.  Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унаж байв. Ийм л нөхцөлд өөр хоорондоо уялдаатай угсраа олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь импортын татварыг тэглэх явдал байлаа. Санаа нь урт болон богино хугацааны асуудлаа шийдэх гэсэн хэрэг байв.

Урт хугацааны бодлогын стратеги чиглэл бол Гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол руу татах явдал байв. Монгол улс газар зүйн байрлалынхаа хувьд Орос, Хятад том гүрний дунд байршсан, тэдгээр нь ДХБ-д ороогүй (Монгол 1997 онд гишүүн болсон, Хятад 2001 онд, Орос 2005 онд), протекционист бодлого нь хэвээр байв. Дээр нь монголын дэд бүтцийн хөгжил  сул дорой байсан нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад бэрхшээл болж байв. Өөрөөр хэлбэл, Монголын газар зүйн  байрлал, хөрш орнуудын нөхцөл байдал монголын хувьд  өөрөө “импортын татвар” болсон байлаа. Газар зүйн байрлал, бодит нөхцөл байдал эдийн засгийн утгаараа өөрөө “импортын татвар” болчихоод байхад төр, засгаас нэмж нэрмээс болсон импортын татварыг тогтоох нь стратеги зорилтод нийцэхгүй гэж үзсэн юм. Тийм ч учраас импортын татварыг тэглэх шийд гарч билээ.

Харамсайлтай нь энэхүү стратеги дээрээ бид тогтвортой байж чадаагүй. Төдий л удалгүй импортын 5 хувийн татварыг тогтоож билээ.

20 жилийн дараа 2017 оны байдлаар Монгол улс хөрөнгө оруулахад хамгийн эрсдэлтэй орны тоонд хэвээр байна. Шалтгаан нь дэд бүтэц хөгжөөгүй, алслагдсан гэх бөгөөд тэр нь хөрөнгө оруулагчийн хувьд Монгол улс зардал чирэгдэлтэй л байна гэсэн үг юм. Ялангуяа барууны хөрөнгө оруулагчдын хувьд монголын импортын татвар нэмэлт зардал болж хувирч байж мэднэ. Тиймдээ ч тэдний хувьд Монгол бус Хятадад хөрөнгө оруулалт хийх нь арай өртөг хямд байгаа байхаа.

Импортын татварыг тэглэж, хэрэгжүүлсэн богинохон хугацаанд Монголын эдийн засаг идэвхжиж, зах зээл бараагаар дүүрч, хамгийн гол нь жилийн 50-60 хувийн өсөлттэй үнэ ханшны өсөлт 6-7 хувьтай болж буурсан байдаг.

Энэ бол эхний амжилт байлаа…………

 

Эко vs Органик

 

thumb_COLOURBOX24263344

Эко болон органик бүтээгдэхүүн их л үнэтэй харагдах юм. Ямар ялгаатай вэ?

Эко нь байгаль дэлхийд хамгийн бага хохиролтой буюу байгаль дэлхийд ээлтэй аргаар ургуулсан болон хийсэн бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл Экологид аюулгүй бүтээгдэхүүн.

Органик нь ямар ч химийн бордоо, пестицид оролцуулаагүй ориг буюу байгалийн өөрийнх нь бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл Хүний биед хоргүй бүтээгдэхүүн.

Монголчуудын хэрэглэж буй үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний дийлэнх нь дээрх төрлүүдэд хамаарахаар харагдаж байна.

Монголд чухалчлагдах асуудал бол эко, органик бүтээгдэхүүнд чанарын баталгаа, гэрчилгээ олгодог болох, институт тогтолцоо бүрдүүлэх явдал болов уу.

Эко, органик бол Монголын хөдөө аж ахуйн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх Төрийн бодлогын нэг чухал чиглэл байхаар харагдаж байна.