Япон Үндэсний үзэл

 

549876-7755fa95c93694c39a8d8bd02b70ac62.jpg

Бостоны их сургуулийн профессор Лиа Гринфелдийн “ Капитализмын амин сүлд: үндэсний үзэл ба эдийн засгийн өсөлт” номын нэгээхэн чухал хэсэг болох Япон үндэсний үзлийн тухай хэсгийг нийтийн хүртээлд хүргэж байна. Цөөн хувиар ном болгон хэвлүүлсэн ч одоо олдоцгүй болжээ.  Мэдээллийн технологи хөгжсөн нь сайхан боломж буй болгож байгаад бахархаад баршгүй. Эх хувийг дараахь линкээр харна уу.

NationalismEconomicGrowth. 556 pages

Номыг монгол хэлнээ хөрвүүлэх гэдэг их ээдрээтэй хэцүү байсныг энд хэлмээр байна. Англи хэлийг зэгсэн сайн мэдэх хүмүүс  эх хувийг нь үзвэл уг номыг орчуулна гэдэг нь амаргүй гэдгийг эрхгүй зөвшөөрнө бизээ. Гэсэн хэдий ч өнөөгийн Монголчуудын сэтгэлгээнд салхи авчрах бүтээл мөн хэмээн муйхарласны эцэст уг номын нэгээхэн хэсгийг төгс биш ч гэлээ утга алдалгүй монголчилохыг нөхдүүд маань хичээсэн юм. Уншихад түвэгтэй мэт энэ номоос жинхэнэ сэхээтэн хүн олон гайхалтай зүйлийг олж харна гэдэгт итгэж байна.

Профессор Гринфелд номондоо: “чадварлаг ярьж, бичиж чаддаг байгалиас авьяаслаг төрсөн ихэнх хүмүүс, зохиолчид, тэр ч байтугай хуульчид, шашны зүтгэлтнүүд үнэндээ сэхээтэн биш байдаг” хэмээгээд “сэхээтэн гэдэг нь үндэсний эрх ашгийг зөн совингоороо мэдэрсэн хүмүүс” хэмээх санаа гаргасныг хэлсү.

Уг номыг хөрвүүлж Монголчуудад хүртээх эрхийг надад өгсөн “Harvard University Press”-д талархаж байна.

Япон үндэсний үзэл, 150 хуудас

Япон үндэсний үзлийн тухай хэсгийн орчуулгын анхдагч эхийг бэлтгэж өгсөн Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн багш П.Уранбилэг, Б.Гэрэлтуяа нарт болон ариутган шүүж редакторлосон доктор Ж.Батхуягт талархаж байна.

 

 

 

 

 

 

Суперцикл буцаж ирэх үү?

Screen Shot 2017-12-10 at 8.57.04 AM

Дэлхийн зах зээл дээр барааны үнэ тодорхой мөчлөг-циклтэйгээр өсч л байдаг буурч л байдаг нь зүй тогтол юм. Аж үйлдврийн хувьсгалаас хойш  хүмүүн төрөлхтөн  3 том мөчлөгийг ардаа орхижээ. Одоо бид 4 дэх мөчлөгийн уналтын цэг дээр байна. Нэг бүтэн цикл дунджаар 50-60 жил. Ингэж авч үзвэл өнөөгийн бидний үеийнхэн Өсөлтийн цикл үзэхгүй бололтойдог. Энэ талаар бөөн маргаан бий. Миний хувьд Суперцикл буцаж ирнэ гэсэн горьдлого тээхгүй байхыг бусдад зөвлөж байна. Учир нь ердийн циклийг суперцикл болгосон 2 том үйл явдал дахин давтагдахгүй. Нэгд 1991 онд социалист систем, Зөвлөлт Холбоот Улс  задарч, хоёрт 2001 онд БНХАУ ДХБ-д элсэж дэлхийн зах зээлийг тэлсэн нь суперциклийг нөхцөлдүүлсэн гэж үздэг. Ирээдүйд ач холбогдлоороо дээрхтэй дүйцэхүйц үйл явдал харагдахгүй байгаа нь суперцикл буцаж ирэх боловуу гэсэн горьдлогыг мухарлаж байна.

Түүхий эдийн үнийн циклд газрын тосны үнэ чухал үүрэгтэй. Газрын тосны үнэ өсвөл бусад нь өөдөө тэмүүлдэг. Газрын тосны үнэ унавал бусад нь дагаад урууддаг.

“Газрын тосны үнийн хувьд сүүлийн 30 жилийнхээ дундаж дээр ирлээ. Ёох одоо л зах зээл галзуурахаа больж байна энэ байдал удаан үргэлжлэх байх” хэмээн Бритиш петролиумын нэгэн эрхэм дуу алдаж үзүүлсэн слайдыг хавсаргав.

Screen Shot 2017-12-10 at 8.47.56 AM

 

 

4 дэх хувьсгал ба Төрийг урлахуй

Screen Shot 2017-12-08 at 6.57.13 AM.png

Либериализмын нөлөөн дор Төр гэдэг институци хаа сайгүй ихээхэн суларсан гэх бөгөөд Төр хэр байхаас эдийн засгийн хөгжил, хүмүүсийн амьдрал хамаарна. Барууныхан орчин үеийн Төрийг сэдсэн гэх бөгөөд төрийн мөн чанар 3 удаа өөрчлөгдсөн гэж үздэг. Дөрөв дэх хувьсгал Дорно зүгээс гарч эхэлсэн тухай,  Төрийг дахин шинэчлэх дэлхийн өрсөлдөөн болж байгаа тухай, Монгол төрийг урлах шаардлага байгаа тухай, Элит агентлаг эдийн засгийн хөгжлийг манлайлдаг тухай дараахь лекциэс харна уу.

statecraft.P+T

М.Болд банкны хүү их бага байдагт тайлбар өгөв. Bravo3

1803ec_DSC04603_x974

– Засаглал, хууль эрх зүйн орчин тогтвортой,
– эдийн засаг нь дан ганц салбараас хараат бус,
– макро эдийн засгийн менежмент нь бодлоготой,
– шүүхийн тогтолцоо хараат бус бөгөөд шуурхай,
– төр засаг, бизнес эрхлэгчид болон иргэд гэрээгээр
хүлээсэн үүргээ үг дуугүй биелүүлдэг,
– бүх шатанд эмх цэгц, дэг журамтай,
– төв банк нь бие даасан хараат бус бодлоготой,
– санхүүгийн дэд бүтэц бүрэлдсэн, арилжааны банкны
салбар нь давхардсан үргүй зардлаа танаж чадсан ….

Тийм орчинд мөнгө тогтдог, үрждэг.

Ийм орнуудад

-инфляци бага,
-ажил эрхлэлт сайн,
-үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжинө
-экспортын орлого, гадаадын хөрөнгө оруулалт өснө
-бодит сектор өөрөө мөнгө олж ирнэ,

улмаар банкны хүү буурна.

Хүү өндөр байгаа явдал нь бид дээрх гэрийн даалгавраа хийхгүй дандаа муу дүн авдаг гэсэн үг.

Антибиотикт тэсвэртэй бактери үржих нь дэлхийн дулаарлаас ноцтой асуудал

 

Шведийн Гадаад харилцааны яаман дээр “Антибиотикийн эсэргүүцэл тогтвортой хөгжлийн зорилтуудад том аюул занал бий болгож байна” сэдвээр семинар зохион байгуулагдав. (10/25/2017)

Семинар нь дэлхийн улс орнуудын төрийн өндөр албан тушаалтнуудын анхаарлыг уг сэдэвт хандуулах зорилготой аж.

  • Antimicrobial resistance асуудал нь зөвхөн хүний эрүүл мэндтэй холбоотой бус мал, амьтан, шувууны эрүүл ахуй, хүнсний үйлдвэрлэлтэй холбоотой асуудал болж байна.  Энэ утгаараа уг асуудал нь эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хот байгуулалт, байгаль орчны мэргэжлийн хүмүүсийн анхаарлын асуудал байх ёстой хэмээж байна.
  • Нянг эсэргүүцэх биетийг эсэргүүцэх чадвартай бактери нь зөвхөн эрүүл мэндэд заналхийлэх бус мөн эдийн засгийн бодит хохирол учруулна. 2050 он гэхэд учруулах хохирлын хэмжээ 100 триллион доллар болно гэж үнэлжээ. Хамгийн их хохирогч нь буурай хөгжилтэй орнууд байх болно гэж үзэж байна.

 

Picture1

  • Шинэ антибиотиk 1990 оноос хойш гараагүй бөгөөд антибиотик, бактерийн нэг нэгнээ давах гэсэн хөгжил дуусгавар болсон хэмээж байна.

Picture2

Picture3

  • Учирч байгаа бэрхшээлтэй асуудлаар Нэгдсэн бодлоготой ажиллах талаар олон улсын баримт бичиг гарсан боловч улс орнууд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгааг анхаарахыг уриалж байна.

Picture4

Англи хэл дээрх Бүрэн хэмжээний презентаци танилцуулгыг хавсаргав.

Antimicrobial Resistance and SDGs Prof Otto Cars

 

 

 

 

 

 

 

 

 

Төслийн санхүүжилт

 

Screen Shot 2017-12-06 at 7.41.30 PM

Ийм нэгэн нэртэй номыг монгол хэлнээ хөрвүүлж гаргасан хүмүүст талархаж байна.

Унших, ойлгох хүмүүс хуруу дарам цөөн байх гэж санаа зовох юм. Гэтэл үнэн хэрэгтээ төслийн санхүүжилтгүйгээр Монголын ирээдүйг, ялангуяа мегатөслийг зүүдлэх ч хэрэггүй юм.

Төслийн санхүүжилт гэдэг асуудлыг илүү ойлгож авах  сонирхлыг өдөөх үүднээс дараахь зүйлсийг хялбаршуулан хэлсү.

Санхүүжилтийн төрөл

Аливаа мегатөслийг санхүүжүүлэх үндсэн 3 төрөл байна.

  1. Public financing
    • Төслийн санхүүжилтийн эрсдэл, эцсийн хариуцлагыг Төр өөр дээрээ үүрнэ гэсэн үг юм. Эрдэнэт үйлдвэр, Цахилгаан станцууд гэх мэт бүтээн байгуулалтууд Төрийн санхүүжилтэд хамаарна. Сүүлийн үед Концессоор хийсэн болон хийх гэж байгаа бүх төсөлд Засгийн газар төсвөөсөө дараа төлнө гэж баталгаа өгч байгаа учир тэдгээр нь мөн л Төрийн санхүүжилтийн нэг хэлбэр юм. Төсөв хүндэрч, төлбөрийн чадавхи доройтоход Засгийн газрын баталгаа хөрөнгө оруулагчдад Итгэл төрүүлж чадахгүй болж Концессоор хийх төслүүд бүтэлгүйтдэг.
  2. Corporate financing
    • Төслийн санхүүжилтийн эрсдэл, эцсийн хариуцлагыг Компани өөр дээрээ үүрнэ гэсэн үг юм. Хувийн хэвшлийнхний хийсэн бүтээн байгуулалтууд, жишээ нь Ухаа худаг санхүүжилтийн энэ төрөлд хамаарна.
  3. Project financing
    • Төслийн санхүүжилтийн эрсдэл, эцсийн хариуцлагыг банк, санхүүгийн байгууллагууд өөрсдөө үүрнэ гэсэн үг юм. Энэ төрөлд хамаарах бүтээн байгуулалт Монголд байхгүй. Оюутолгой төслийн эхний үе шатыг санхүүжилтийн Corporate financing төрөлд, хоёрдахь үе шатыг нь санхүүжилтийн Project financing төрөлд хамааруулж болно.

Санхүүжилтийн төрлийг ангилж ойлгохгүйгээр урагшлах алхам хийж чадахгүй л болов уу. Номын мөр цагаан байг.

Африк ба Уул уурхайн засаглал

 

2011 оноос Африкийн Холбоо тус тивийн орнуудад Уул уурхайн засаглалыг тогтооход үзэл санаа болгох Тугийн баримт бичиг гэдгийг баталсан юм. Зарим орнууд тухайлбал, Нигер, Танзани гэх орнууд “Танзаний байгалийн нөөцийн Харти”, “Нигерийн байгалийн нөөцийн Харти” гэсэн нэртэй уул уурхайн салбарт хийх ажлын чигийг заасан баримт бичгүүдтэй болсон байна.

Монголд мөн энэ асуудал тулгамдаж байгаа бөгөөд Ажлын хэрэгцээнд бэлтгэж байсан материалуудыг нийтийн хүртээл болгож байна.

Манайхан Natural resource гэдгийг Байгалийн баялаг гээд хэлээд заншчихаж. Энэ бол буруу юм.

Байгалийн нөөц нь  чухамдаа баялаг болохын тулд хүний хөдөлмөр байгалийн нөөцөд шингэсэн байх ёстой аж. Ухаж, олборлож, зардал чирэгдэл гаргаж газрын гадарга дээр хүний хэрэглэх зүйл болсон бол түүнийг баялаг гэж хэлж болох юм. Хүний гар хүрээгүй онгон байгаа орд газар, илэрц нь хэзээ хүмүүнд хэрэгтэй болох нь үл мэдэгдэх байгалийн нөөц гэж ойлговол зохистой.

Нэр томьёог зөв хэрэглэхгүй байгаагаас ойлголтын будилаан гардаг. Тэр нь цаашлаад уул уурхайн засаглал тогтооход саад учруулдаг ажээ.

 

Байгалийн нөөцийн Харти- NRC Eng

Байгалийн нөөцийн Харти- NRC Mon

Суперцикл: Мега тоо ба Мегатөөрөгдөл

Миний өнөөдөр Та бүгдтэй санал бодлоо хуваалцах сэдвийг “Суперцикл: Мега тоо ба Мегатөөрөгдөл” гэж томьёолсон юм. Ийм сэдэв сонгосон нь  нийгмийн сэтгэлгээг  бүхэлд нь амьдралын хөрсөн дээр буулгахад энэ сэдэв тохиромжтой санагдсан юм.
Суперциклийн тухай 
Дэлхийн зах зээл дээр үе үе гол нэрийн барааны үнэ өсч, буурдаг мөчлөгт үзэгдэл болдог тухай бичиж ярьсаар удаж байгаа билээ. Хамгийн сүүлийн суперцикл нь барагцаалбал 2000-2010 оны хооронд болсон байна. Өмнөх нь үүнээс 20-оод жилийн өмнө 1970,1980 оны дундуур болжээ.  Түүнээс өмнөх цикл нь 1950-аад онд Дэлхийн хоёрдугаар дайны дараа Маршаллын төлөвлөгөөгөөр дайнд сүйрсэн Европын орнуудын эдийн засаг нь  босч ирэхтэй холбоотой болж байсан гэж бичиж байна. Нэг циклээс дараачийн цикл хүртэл 20-25 жил болж байгааг өнгөрсөн түүхээсээ харж болно. Ингэж бодвол бидний хувьд ойрын 10-15 жилд дахин суперцикл тохиох боловуу гэж хий хоосон найдах шаардлага үндсэндээ байхгүй. Бий болсон шинэ нөхцөлд Монголын эдийн засгийн өрсөлдөх чадварыг өсгөх талаар цоо шинээр сэтгэх шаардлага үүссэн гэж гэж хэлж болно.
Суперцикл ба байгалийн нөөц бүхий орнууд 
Суперцикл байгалийн нөөцтэй орнуудад санхүүгийн эх үүсвэрийг өөртөө “сорох” боломж олгодог. Ялангуяа 2000-2010 оны суперциклийн үед гол нэрийн барааны үнэ 2 илүү дахин өсчээ. Цикл дууслаа, боломжоо ашиглаж чадсан уу гэдэг асуулт тавьж байна. Чадаагүй бол яагаад? Ямар учир холбогдлоор алтан боломжоо алдсан тухай дээр  анхаарал төвлөрүүлж ярилцах хэрэгтэй юм.
1970,80-аад оны суперциклийн дараа байгалийн нөөцтэй орнууд Голланд өвчин (Dutch disease)-өөр өвдөж боломжоо алддаг тухай яриа байсан. Одоо ч мөн л ярьж байгаа. Гэвч энэ хангалттай тайлбар биш байж магадгүй. Оксфордын профессор Пол Коллирын  хэлж байгаа, олон улсын байгууллагуудын хүлээн зөвшөөрч байгаа санаа нь Байгалийн нөөц бүхий орнуудын өмнө тулгамдаж байгаа асуудал бол Засаглал юм. Зөв бодлогоор зөв засаглаж чадахгүй бол байгалийн нөөц тухайн орны хувьд өөрөө тогтвортой хөгжил болж чадахгүй юм.
Суперцикл ба Монгол 
Дэлхий дээр болсон сүүлийн хоёр суперцикл Монголд өөрийн ул мөрөө үлдээсэн юм. Эхний суперциклийн мөчлөг дээр Эрдэнэт үйлдвэр байгуулагдаж, дараачийн мөчлөг дээр Оюу Толгой ашиглалтад орсон юм.
Эрдэнэт үйлдвэрийн Монголын нийгэм, эдийн засгийн амьдралд үзүүлсэн эерэг нөлөөг өнөөдөр маргалдах хүмүүс үндсэндээ байхгүй. Орчин үеийн Монголыг Эрдэнэт үйлдвэргүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэхдээ би энэ тухай ярих гэсэн хэрэг биш юм. Эрдэнэт үйлдвэрийг Оюу Толгойтой төлж буй татвараар нь харьцуулж “хусмаа чамласан хүүхэд” шиг ааш зан зарим хүмүүс гаргаж байгаа нь эдийн засгийн түүхээ мэдэхгүйтэй, ойлгодоггүйтэй холбоотой юм.
Эрдэнэт үйлдвэр нь 1973 болон 1991 оны Монгол-Орос улсын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу орлогын албан татвараас бусад бүх төрлийн татвар, хураамжаас чөлөөлөгдөж ирсэн юм. Эрдэнэт үйлдвэр усны төлбөр, байгалийн баялаг ашигласны нөөцийн төлбөрийг 30 жил төлөөгүй. 2003 он хүрч байж гэрээ хэлэлцээрээ өөрчилж дээрх төлбөрийг Монгол улс авдаг болсон юм. Эрдэнэт үйлдвэртэй  харьцуулбал Оюу Толгой нь үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөсөө л нөөцийн төлбөрөө, бусад татвар, хураамжаа  төлж байгаа нь үнэн юм.
Нэг нь нөгөөгөөсөө илүү, дутуу гэж харьцуулалт хийж байгаа биш юм. Ер нь авах татвараараа том төслүүдийн өгөөжийг хэмжинэ гэвэл буруу гэдгийг л хэлмээр байна. Эрдэнэт байгалийн баялагийн нөөцийн татварыг 30 жил төлөөгүй. Гэхдээ Эрдэнэт үйлдвэр Монголын нүүр царайг өөрчилсөн “сайн” төсөл байлаа. Эрдэнэтийг дагаж Монголын эдийн засаг өссөн. Шинэ хүн төлөвшиж бий болсон. Түүнтэй нэгэн адил Оюу Толгой төслийн өгөөжийг зөвхөн татвараар харвал буруу болно. Оюу Толгой төслийг дагалдаж Монголын эдийн засаг тэлсэн, өссөн.
Өнгөрсөн богинохон хугацаанд Монголын эдийн засгийн хоёр оронтой тооны өсөлтийн амжилтын нууцыг Оюу Толгой төслөөс л хайх хэрэгтэй. Харамсалтай нь амжилттай хэрэгжиж байгаа төслөө амжилтгүй мэт андуурдаг нь зөвхөн Монголд болсон үзэгдэл биш юм билээ.
Эрдэнэт vs Оюу Толгой 
Сүүлийн 40-50 жилд тохиосон хоёр ч  Суперциклийн мөчлөгт Эрдэнэт, Оюу Толгой гэсэн зэсийн хоёр том үйлдвэрүүд Монголд бий болжээ. Өөр хооронд нь шууд харьцуулалт хийх хэцүү, бас шаардлагагүй. Эсрэг тэсрэг талууд ч бий, ижил төстэй чанарууд ч бий.
Эрдэнэт үйлдвэрийг барих эсэх асуудал зөвхөн улс төрийн мотивацитай байсан бол Оюу Толгойн үйлдвэрийг барих эсэх нь зөвхөн зах зээлийн мотивацитай байсан. Энэ бол зарчмын том ялгаа юм.
Социалист, капиталист систем өөд өөдөөсөө тулсан хүйтэн дайны ид үед зэсийн уурхайнуудаа нийгэмчилсэн Чилийн социалист ерөнхийлөгч Альенде 1973 онд цэргийн эргэлтээр унаж, Засгийн эрхийг генерал Пиночет гартаа авснаар Чили улсыг социалист болгохыг зорьж  дотносож явсан ЗХУ-ын удирдлага бодлоо өөрчилж Монголд Эрдэнэт хэмээх зэсийн үйлдвэр барих шийдэлд хүрч байсан юм. Эрдэнэт 1973 онд баригдаж эхлээд анхныхаа баяжмалыг 1976 онд гаргаж байсан. Эрдэнэтийн баяжмал “социалист” үнээр Зөвлөлтийн хайлуулах үйлдвэр рүү олон жил ачигдаж, үйлдвэр нь алдагдалтай явж ирсэн бөгөөд зөрүүг ахан дүүсийн тусламжаар нөхөж, монголчууд бид алга ташиж ирсэн ойрмогхон түүхээ мартаж болохгүй.
Оюу Толгой төсөл нь улс төрийн төсөл биш. Энэ төсөл бол цэвэр бизнесийн төсөл. Тиймээс бизнесийн ашгийг нэмэгдүүлэхийн төлөө яригдаж буй санал, санаачилгыг хоосон улс төржүүлэх шаардлага байхгүй.  Зах зээлийн мотивацитай аливаа төсөл Монголын хөгжлийн эрх ашигт нийцнэ.
Энэ 2 төслийн ижил төсөөтэй чанар нь хоёулаа Монголын нийгэм, эдийн засагт тухай тухайн цаг үедээ маш том нөлөө үзүүлсэн явдал, мөн цаашид ч үзүүлэх явдал юм.
Мегатөсөл, мегатоо ба мегатөөрөгдөл 
Том төсөл хэрэгжүүлж байгаа компаниуд том том тоо ярих дуртай. Магадгүй зах зээл дээрээс хөрөнгө мөнгө босгох, хувьцааныхаа үнийг өсгөхөд хэрэг болдог байж болох юм. Сая тонн нүүрс, сая тонн зэс,  сая сая тонн газрын тос, тэрбум тэрбум доллар гэж ярина. Түүнийг нь  байгалийн баялаг бүхий орны иргэд сонсчихоод  “бид ч найгүй их баян юм байна”  гэж буруу ойлгодог. Энэ бол буруу замаар будаа тээх бодлогын үндэс болдог. Засаг төрийн хариуцлагатай хүмүүс уул уурхайг хөгжүүлэх ямархуу ярвигтай асуудал болохыг ард иргэддээ тайлбарлан таниулахын оронд өөрсдөө “бид ч найгүй баян юм байна” гээд гадаадын хөрөнгө оруулагчаа шахах, мөнгөө гаргахгүй хэрнээ хувь эзэмшинэ гэх, өөрсдөө мөнгөгүй хэрнээ том том төсөл ярьж эхлэх зэргээр популист сэтгэлгээнд автвал улс орон нь гарцаагүй дампуурах зам руу хазайх нь ойлгомжтой юм.      Ирээдүйд өр үүсгэх өндөр хүүтэй бонд босгож түүнийгээ үрэн таран хийх явдал нь “бид ч найгүй их баян” гэдэг сэтгэлгээний үргэлжлэл юм.            Найгүй баян гээд өөрийгөө бодчихсон явж байгаа хувь хүмүүст хэр барагийн төслөөс ирж байгаа татвар, төлбөр, өгөөж бага харагддаг ба санасанд нь хүртэл мөнгө өгөхгүй байхаар нь Төрийн томчуудын халаасанд тэр мөнгө шингээд байна гэж сэжиглэх нь энүүхэнд. Найгүй баян гэж өөрийгөө бодсон иргэн Төрдөө үл итгэнэ.
ОТ-оос авсан 150 сая ам. долларын урдчилгаа, Чалко компаниас авсан 350 сая ам. долларын зээл цөм “ард түмний халаасанд” орсон. Гэвч ард түмэн алга болсон мөнгийг бусдын халааснаас хайдаг. Энэ бол алдаатай бодлогын төлбөр юм.
Иймээс өнгөрсөнөө хурдан ухаарч ирээдүйгээ түргэн засах хэрэгтэй байна.
Уул уурхай ба уламжлалт аж ахуй 
Уул уурхай, тэр тусмаа хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх асуудал тийм ч амархан асуудал бишээ. Сэтгэлгээний залхууралд автаж Монгол улс уул уурхайгүйгээр хөгжиж болдоггүй юм уу гэж асуух хүмүүс багагүй бий. Энэ талаар товч тайлбарлая. Мянга мянган  жилээр хэмжигдэх уламжлалт мал аж ахуй цаашид байсаар л байх болно. Мал аж ахуй байгалиас хараат. Байгаль өөрийн циклтэй. Өөрийн дотоод баланстай. Зуд болно, ган болно. Мөчлөгөө дагаад өсөж, өндийж байсан уламжлалт аж ахуй маань хүрсэн хөгжлийнхөө түвшингээс өмнөх төлөв рүү гээ унах энүүхэнд. Үүнийг Экстенсив аж ахуй гэдэг. Ийм аж ахуйтайгаа байгаад байя гэвэл болноо болно. Хоцрогдолд дархлагдана гэсэн үг юм. Харин уламжлалт аж ахуйгаа хөгжүүлье гэвэл уул уурхайгаа хөгжүүлэх хэрэгтэй. Уул уурхайн хөгжил эдийн засгийг тэлж, хүн ардын худалдан авах чадварыг өсгөж, тэр нь мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өсөх бололцоог бий болгоно. Үнэ өсвөл экстенсив аж ахуйг интенсив болгох хөшүүрэг ажиллана.  Манай уламжлалт мал аж ахуй, орчин цагийн хөдөө аж ахуй зөвхөн уул уурхайгаар дамжиж байж хөгжилд хүрнэ. Өөр сонголт бидэнд байхгүй.
Байгалийн нөөц ба Тогтвортой хөгжил 
Байгалийн баялагаас олох орлого бол хамгийн тогтворгүй орлого юм.
Нэгдүгээрт, шавхагдан дуусдаг тул,
хоёрдугаарт, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн нөлөөгөөр хэрэглээ нь улам бүр багасаж байгаа,
гуравдугаарт, суперцикл дагаж үнэ нь өсч, унаж байдаг.
Тогтворгүй орлогыг хэрхэн тогтвортой хөгжилд ашиглах вэ гэдэг том асуудал юм.  Нэлээд моод болж байгаа үзэгдэл Баялгийн сан байгуулах явдал юм. Уг санаа нь байгалийн баялгаас олж байгаа тогтворгүй орлогыг хуримтлал болгож, хүнд хэцүү цаг үедээ буюу суперцикл төгсгөл болоход авч хэрэглэдэг байх тухай юм. Нордикийн орнуудын хувьд энэ төрлийн сан байгуулж гадаад дотоодын ашигтай, найдвартай төсөлд хөрөнгө оруулах замаар сангийн үйл ажиллагааг урт хугацаанд хангаж байдаг. Харин өөрт нь хөгжих хөрөнгө мөнгө шаардагдаж байгаа буурай орнууд нь баялгийн сан байгуулж эх үүсвэрээ гадагш байрлуулах хэр зөв бол гэсэн асуудал бий. Энэ бол тусдаа ярих том сэдэв.
Бодлого болон Чадамж бий болгох асуудал 
Суперцикл дууслаа. Үнэ унаж байна. Ямар бодлого хэрэгтэй вэ гэсэн асуулт гарч байна. Ямар ч нөхцөлд ашиг өгөөд байх үнэ үгүй болж.Энэ нөхцөлд өндөр үнэд найдах биш, зардлаа бууруулж, үнээр биш хэмжээгээр өрсөлдөх стратеги чухал юм.
Монгол геологийн хувьд төдийлөн судлагдаагүй газар. Газрын хэвлийд ашигт малтмал байж л байгаа. Гэхдээ тэр нь газар доороо байгаад эдийн засгийн эргэлтэд орохгүй, хүн арддаа үйлчлэхгүй байгаа бол жинхэнэ утгаар бид  “алт сандайлсан гуйлгачин”. Газар доор байгаа ашигт малтмалыг газар дээр нь гаргахын тулд асар их зардал, хөрөнгө мөнгийг гаргадаг гэдгийг ойлгож авахгүйгээр уул уурхайг хөгжүүлэх тухай бодохын ч хэрэггүй санагдаж байна. Тийм хөрөнгө мөнгө Монголд байхгүй. Уул уурхайг хөгжүүлье, уул уурхайгаар дамжиж хөдөө аж ахуйгаа өөд татья, аж үйлдвэрээ босгоё, үйлчилгээний салбараа сайжруулья, эрүүл мэнд, боловсролыг дэлхийн жишигт хүргэе, бүхэлдээ улс орон хөгжье гэвэл гадаадын хөрөнгө оруулалт стратегийн ач холбогдолтой юм.
Өр үүсгэхгүй эрсдлээ өөрсдөө үүрч байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг зөв ойлгуулах өргөн ажлыг хийхгүйгээр бид урагш явахгүй.
Гадаадын хөрөнгө оруулалтын туслалцаатайгаар байгалийн нөөцөө зөв зохистой ашиглах асуудал гарцаагүй. Үүний тулд олон улсын банк санхүүгийн системийг ойлгох, татвар, нягтлан бодох бүртгэлийн олон улсын зарчимыг хүлээж авах, тэдгээрт нийцүүлэн томоохон төсөл боловсруулж сурах, төр хувийн хэвшлийн түншлэлийг түвэггүй зохион байгуулах чадамжийг бий болгох, дэлхийтэй бизнесийн нэг хэлээр ярьж чадах, дэлхийн зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдсөн  үндэсний компаниуд бий болгох хэрэгтэй байгаа юм.
Өнгөрсөн 2000-2010 оны суперциклийн завшааныг бүрэн ашиглаж чадаагүй туршлагадаа тулгуурлан дараачийн тийм боломжийг алдахгүй байхын тулд бодлого, чадамж бий болгох асуудал бол ойрын 5-10 жилийн эдийн засгийн бодлогын үндсэн чиглэл байх бизээ.